Бүгд Найрамдах Энэтхэг Улсын нийслэл Шинэ Дели хотноо энэ сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй 10 дахь удаагийн “Райзина-яриа хэлэлцээ”-нд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
"Ард иргэд, Энх тайван, Эх дэлхий” сэдвийн хүрээнд болж буй энэхүү яриа хэлэлцээнд 125 орны Засгийн газрын гишүүн, төр, засгийн тэргүүн асан, бизнес, технологийн манлайлагчид, олон улс, аюулгүй байдал, стратеги судлаач, эрдэмтний 4.000 орчим төлөөлөл оролцож байна.
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг энэхүү яриа хэлэлцээний хүрээнд Энэтхэг, Швед, Филиппин, Испани, Перу зэрэг улсын Гадаад харилцааны яамны удирдах албан тушаалтнуудтай уулзаж, хоёр талын харилцааны асуудлаар санал солилцов.
БНЭУ-ын Засгийн газар, “Ажиглалт, судалгааны сан” хамтран 2016 оноос зохион байгуулдаг “Райзина-яриа хэлэлцээ” нь олон улсын нөхцөл байдал, аюулгүй байдлын асуудлаар өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлдэг яриа хэлэлцээний тавцан юм. Манай улс энэхүү яриа хэлэлцээнд Гадаад харилцааны яамны удирдах албан тушаалтны түвшинд тогтмол оролцож ирсэн болно.