1.

Одоогоос есөн жилийн өмнөх хавар юм. (2012 он) Нэгэн хагас сайны өглөө эрт нисдэг тэргээр түймрийн голомт руу сурвалжлаганд явах “даалгавар” аван нисэх буудлын зүг жирийлгэв. Давхиулсаар очтол түймрийн голомтод ажиллах Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар, дэд сайд Ч.Жаргалсайхан, Ойн газрынхан, хэвлэлийнхэн бүгд явахад бэлэн зогсцгоож байлаа. Гамшгийн бүс рүү нисэхэд ерөнхийдөө бүгд бэлэн болсон нь энэ. Харин би хоцорч очоод, төд удалгүй сууж аваад мянган бээрийн өндрөөр дүүлэн нисэх гэж байгаа “Царцаа ногоон”-оо гаднаас нь баахан чамлангуй ширтэж байв. Олоон жилийн өмнө нэг иймэрхүү “Царцаа ногоон” онгоцоор аймгийн төвөөс сум руугаа нисч байсан минь дурсагдаж, хүрэх газраа хүртэл мөн ч хэцүүднэ дээ гэсэн бодол толгойд эргэлдээд байлаа.

Булганы төвөөс Дашинчилэн хүрэх хоёрхон зорчигчтой “Царцаа ногоон” шороо босгон түжигнэж, баахан савлаж байснаа өндрөө аван хөөрмөгц юу юугүй дотроос нэг юм оргин нүд эрээлжилж, уйлж хайлан сүйд болж байсан минь санагдана. Тэр өдөр1986 оны цагаан сарын битүүний өдөр байж билээ. Ядаж байхад онгоцонд суухынхаа өмнө манай нутгийн аварга тууварчин Дансран гуай татаж байсан гаанстай тамхиа сандрахдаа цогтой нь түрийлчихсэн. Түрийн дотор нь юу болж байгаа бол гэсэн зовнил сэтгэл зовоож, мөн ч бэрхтэй замыг туулж билээ. Хүүхэд насны явдал суудал цагийн аясанд улам л өнгө будагтайгаа тодрон тодорсоор байх ажээ.     

Ийнхүү хэсэгхэн зуур өнгөрсөн зууны гэрэлт өдрүүд рүү дурсамжийн цэнхэр салхиар хөлөглөн очиж аваад онгоцондоо суулаа. Миний сууж байсан “Царцаа ногоон” шиг бөнжигнөж салгалж бөөн юм ч болсонгүй хүчээ авах гэж хэсэг хугацааны турш дүнгэнэж байснаа хөөрөв. Бид Булган аймгийн хамгийн хойд сум болох Тэшигийн зүг нисч байлаа. Атираат мянган уулсын дээгүүр, мөөг шиг ганц нэг цагаан гэр, уулсыг ороон хөвөрсөн урт урт замуудын дээгүүр, нов ногоон хөвчийн дээгүүр нисч явав. Бидний сууж яваа онгоц 2008 оны шинэхэн эд гэнэ ээ.

Монголын ой хөвч, сүрлэг сайхан уулс, амирлангуйгаар цэлийн орших их тал, газрын судас шиг жирэлзэн урсах буурал замууд, цэнхэртэн мяралзах гол мөрөн үнэхээр бахдаж ханахгүй гайхамшиг аж. Өндрөөс эх орныхоо, эх нутгийнхаа гоо сайхныг мэлрэн харж, бас зүгээр явахгүй хажуудаа сууж явсан ойн газрын хүүхнээс “ Танай Дундговьд ийм уулс, ийм хөвч бий юү” гэж тавласан шиг жаргалтай амьтан явав. Гэвч энэ хором төд удалгүй хийсэн одох нь тэр.

Гоо сайхан хөвчийн голоос саарал утаа олгойдож байлаа. Цаашлах тусам энд тэндгүй утаа сагаж, улаан гал дүрэлзэн шатаж эхлэв. Онгоцны дороос халуу төөнөж, хиншүү, утааны гашуун үнэр дүүрч айдаст автав. Хайран сайхан ой хөвч яайрин болжээ. Халаглах, харамсах аль алин утгаа алдан хэлэх үг олдохгүй байдалд бас ордог юм билээ.

Уулсын хормойд ассан түймрүүдтэй улаан гараараа хүмүүс нүдэлдэвч, уулын тагт, оргил, хөвчийн оройд асч буй энэ галыг хүний хүч яахин дийлэх билээ. Нэг ч гал унтраагч очих бололцоогүй ойн өндөрлөг гүн газар ямар шидэл нь очиж түймэр асаадгийг ойлгох арга алга. Сайд Д.Цогтбаатар саравчтай малгайнхаа дор духаа атируулан шархирч, ойн газрын ажилтан хатагтай нулимс гүйлгэнэсэн нүдээр харуусан ширтэж бидний хэдэн нөхөр дуугаа хураан таг болцгоов.

Түймэр бол хүний болгоомжгүй, хариуцлагагүйн гайгаар үүддэг гамшиг юм. Нэгэнт баригдаж хүчрэгдэхгүйгээр дүрэлзэн ассан түймрийн өмнө хүн мал, ан амьтангүй хүчин мөхөсддөг. Эрсэддэг.

Яг тэр өдрүүдэд буюу 2012 оны тавдугаар сарын 25-ны байдлаар улсын хэмжээнд 135 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ. Тэдгээр түймрийг унтраахаар ОБЕГ-аас 186 хүн, орон нутгаас 437 хүн, нийт 614 хүн, 38 техник хэрэгсэл ажиллаж байна гэж мэдээлэгдэж байсныг санаж байна.

Монгол-Оросын  хил дагуух бүс нутгаар ой, хээрийн түймэр олон удаа гарч, зарим тохиолдолд  хил дамнасан том түймэр болон өргөжин тэлж, хоёр улсын хил орчмын байгалийн экологи-эдийн засагт үлэмж хэмжээний хохирол үзүүлж байгааг мэргэжилтнүүд олон жил анхааруулсаар байгаа ч байгаль орчны чиглэлд бодлого мөнгө хоёроо үргэлж харамлаж байдаг төрийн чихэнд нэг л сайн хүрч өгөхгүй байгаа юм...

Есөн жилийн өмнө сэтгүүлч би ийнхүү бичиж байжээ. Байгал орчноо хамгаалах үзэл санаа бол бидний зүрхэнд суудалтай үзэл санаа. Үе үеийн сэтгүүлчид бүгд л бичиж тэмцэж ирсэн. Гэвч энэ салбарыг жинхэнэ эздэд нь огт өгсөнгүй. Мэргэжлийн бодлогыг нь мэргэжилтнүүдээс нь улс төрийн тавиулууд булаан одсоор удлаа. Одоо бол бүр сульдааж байна.

2.

Монгол Улсын Сэлэнгэ, Булган, Хөвсгөл  аймаг, ОХУ-ын Буриадын БНУ-тай  1248 км, Хөвсгөл, Завхан, Увс  аймаг  Тувагийн БНУ-тай 587 км, Дорнод, Хэнтий аймаг ОХУ-н Өвөр Байгалийн хязгаартай 355 км, нийт урт 2190 км  ой, хээр бүхий бүс нутгаар тус тус хиллэж байдаг юм. Олон жилийн түймрийн мэдээлэлд үндэслэн дээрх бүс нутгуудийн 100 мянган га ойн талбайд тохиолдох түймрийн давтамжийг шатамхайн зэрэглэлээр үнэлж үзвэл, Хөвсгөл-Завханы нутгаар 0.5-3.2 болж багаас их зэрэгт, Булган, Сэлэнгийн ойн бүс нутгаар 5.1-7.6-д хүрч өндрөөс онцгой өндөр зэрэгт, Хэнтийн бүс нутгаар 0.6-10.1 хүрч дундаас онцгой өндөр зэрэгт,  Дорнодын Онон голын ай сав бүс нутгийн ойн түймрийн давтамж 2.1-3.6 болж шатамхай байдлын их зэрэглэлийн ангилалд тус тус шилжсэн нь тогтоогдсон байдаг.

Эндээс үзвэл, Монгол орны ОХУ-тай хиллэж буй хилийн дагуух бүс нутгуудийн ойн шатамхайн зэрэглэл эрс өндөрсөж байгаа нь Оросын талаас орж ирдэг ой, хээрийн түймрийн хэлбэр, эрчим, хурд, шинж төрхөөс шууд хамаарч байгааг мэргэжилтнүүд хэлдэг. Одоо ч бид бэлэн биш. Хамаг тархи цар тахалтай тэмцэх зүг ажиллаж байна. Ажиллаад ч алдаа оноо гарсаар, арга эвээ олоогүй хэвээр л байна.  

Есөн жилийн өмнөх тэр өдрүүдэд Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд нэг, Булган аймгийн Сэлэнгэ суманд нэг, Сэлэнгэ аймгийн Түшиг суманд хоёр, Алтанбулаг суманд нэг, Дорнод аймгаар нэг гээд нийт зургаан ойн түймэр ОХУ-аас орж ирээд байсан үе. Энэ бүх гай барцдаас болж манай улсад жилд дунджаар, улсын нийт ойн сангийн 13,4 хувь хүртэлх ойн талбай түймэрт нэрвэгдэж байна гэсэн тооцоо гарч байсан юм даг.

Томорсон, эрч хүчээ авсан түймрийн улаан галын өөдөөс бид яаж ч чадахгүйгээр хүчин мөхөсдөж, нутгийн гүн рүүгээ алдаж улс орны хэмжээг хамарсан байгалийн гамшигтай учрах болоод олон жилийн нүүрийг үзэж байна.

Тухайлбал, 2008 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт гарсан ойн түймэрт Онцгой байдлын газрын 15 сайхан залуу алтан амиа  алдсаныг мартаагүй байх. Дорнод аймгийн Баяндун сумын нутагт хээрийн түймэрт дөрвөн  залуу амиа алдаж байв. Хэдий болтол бид ингэж эрсэдсээр байх вэ. Жишээ нь, тухайн үеийн сайд надад ярьж байсан. Монголын ойн бүсэд ойролцоо тооцоогоор 30-аад сая шоо метр мод хэвтчихсэн унанги байдалтай байгаа. 30-аад сая шоо метр мод гэдэг бол зах зээлийн үнэлгээгээр нь аваад үзвэл 30 тэрбум долларын хөрөнгө хэвтэж байна гэсэн үг. 30 тэрбум доллар гэдэг бол таван Оюутолгойг барьчих хэмжээний баялаг. Ийм баялаг Монголд эзэнгүй хэвтэж байна. Энийг авч цэвэрлэх том төсөл боловсруулж ажиллах ёстой байна. Энийг бид арчилж цэвэрлэхгүй бол түймрийн эрсдэл бол байнга байсаар л байх болно” гэж. Сайд шиг сайдтай байсан үе л дээ.

Сайдын ярианд хөндөгдсөн бүх санаа чухал байсан. Ойг нөхөрлөлүүдэд хариуцуулж өгсөн нь амжилт олсон төсөл байжээ. Ийм хамгаалалтад орсон ой гал түймэрт өртөхгүй байна. Хамгийн харамсалтай нь тусгай хамгаалалт, дархан бүс гэх мэт дэмий юм хийж манай төр ойг хүний хамгаалалтаас, хүний сэтгэлээс холдуулаад байна. Төр хамгийн муу менежер байдгийн нэг том жишээ бол энэ юм.

3.

Ноднин яг өдийд буюу 3 дугаар сарын 20-ноос Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагч, гэрээт эргүүлүүд нийслэлийн ногоон бүсэд Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн Цагдаагийн албаны бүрэлдэхүүн хамтран өдөр бүр эргүүлээр ажиллаж эхэлж байсан.

Жишээ нь, иргэддээ хандан дараах зөвлөмжийг хүргэж байв.

Хуурайшилтын үед:

Өнжмөл өвс, хог шатаахгүй,

Гагнуур хийхгүй,

Ил задгай гал түлэхгүй,

Ногоон бүсэд аялал зугаалга хийхгүй,

Ойн дагалт баялаг түүж бэлтгэхгүй байх нь таныг болон бусдыг түймрийн эрсдэлээс хамгаална...шүү гэж.

 Мөн тамхины ишээ бүрэн гүйцэд унтрааж, шашны аливаа зан үйл хийхдээ ил гал гаргахгүй, арц хүж, зул, лаа зэргийг асааж орхихгүй байх, цахилгааны утасны бүрэн бүтэн байдлыг мэргэжлийн байгууллагаар шалгуулж, аюулгүй байдлаа хангах, халуун үнс, нурмыг ил задгай асгахгүй, тусгайлан бэлдсэн таглаатай төмөр сав болон нүхэнд хийх, гэр, малын хашаа, саравч, өтөг бууцны эргэн тойронд хамгаалалтын шороон зурвас татах, хүүхдийг чүдэнз, асаагуур, бусад гал гаргах эд зүйлтэй явуулахгүй байх, түймрийн эрсдэл, аюулыг тайлбарлаж ойлгуулах, өөрийн хашаа, ойр орчмын нийтийн эзэмшил газарт түймэр гаргах эрсдэлтэй эд зүйл байвал түүж хаях, түймэр гарсан тохиолдолд иргэний үүргээ биелүүлж гал унтраахад дэмжлэг үзүүлэхийг иргэддээ уриалж байлаа. У.Хүрэлсүх цэргийн хүн болохоор онцгой байдлын салбар луу хүчтэй анхаарал хаяж байсан. Иймэрхүү ажлуудыг тэр анхаарлын гадна орхигдуулж байгаагүй.

Тэгвэл өнөөдөр яаж байна. Түймэр дэгдвэл манай сайдмаа Н.Уртнасан энд тэнд хошуугаа унжуулан эрхэлж, би тэгээгүй, миний зөв, бүгд гүтгэлэг гээд пансан палаажтай гүйж явдаг шигээ аргаар тэмцэх үү.

 

4.

Улаан гал дүрэлзэн, утаа уугисан хөвчийг орхин нисч тийнхүү буцаж билээ. Буцаж явахад өглөө хотоос гарахад бодогдож байсан өнгө өнгийн гэрэлт дурсамжууд бүгд алга болсон байсан. Өдөөн хатгаж, бие биенээ “явуулах” ч бүр байхгүй. Гагцхүү тэнгэр бурханд залбиран гуйж, байгаль дэлхийг хураа хайрлаач хэмээн гуйж явсансан. Уйлан хайлан шатаж, улаан галд эрсдэн унаж буй ойг минь авраач гэж шившиж явсан.

 Эх нутгаа шатаж байхыг харах дэндүү хүнд юм билээ. Жил бүрийн 3 дугаар сарын 21-ний өдрийг дэлхийн Ойн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Би ч энэ өдөрт зориулан энэхүү зурвасаа тэрлэж сууна.  

Харин энэ онд 03 дугаар сарын 19-ний өдөр улс даяар ажиллаж амьдарч байгаа ойн мэргэжилтнүүд өөрийн мэргэжлийн салбараа нурж, дампуурч байгааг харж өнгөрүүлэх болчихоод байна.

Яагаад вэ.

Нэгдүгээрт, ойн салбарын асуудал нь зүгээр нэг мод суулгах төдийхөн биш юм.

/Монгол орны ойн сан 18,7 сая га, нийт нутаг дэвсгэрийн 11,9 хувийг эзэлдэг, Ойн сангийн ойгоор бүрхэгдсэн талбай 12,4 сая га буюу нутаг дэвсгэрийн 7,96 хувийг эзэлдэг/.

Монгол орны байгаль орчны цөм салбар болох ойн салбар нь 12,4 сая га талбайтай, 732 их наяд төгрөгийн экологи, эдийн засгийн үнэлгээтэй ой гэх байгалийн баялгийн эрдэм шинжилгээ, судалгаа, ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлт /ойн түймэр, өвчин, хөнөөлт шавж, хэмжилт судалгаа, ашиглалт, арчилгаа, нөхөн сэргээлт/-ийг хамран ажилладаг. Мөн дээр нь эрчимтэй цөлжиж буй бүс нутгийг ойжуулах, нөхөн сэргээх асуудал, нэмээд суурин газрыг ногооруулах, цэцэрлэгжүүлэх, мод тарих асуудал ч энэ салбарт хамааралтай.

Эдгээр гол болоод дэд гэмээр салбаруудыг цогцоор нь бодлого төлөвлөлтөөр хангах ёстой БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Э.Сансарбаяр нь мэргэжлийн биш, төрийн албаны хууль зөрчин томилогдсон үүрэг гүйцэтгэгч. Ойн салбарт бол анхлан суралцагч. Салбарын лидерүүдийн өмнө ичих ч үгүй зогсоод ойн тухай ярихад нүүр нь ширлэчихсэн харагддаг гэцгээх юм билээ. Амнаас нь унасан тоогоо зөв эвлүүлчихэж чадахгүй байж ойн талбайг жилд 310,0 га-аар нэмэгдүүлэх юм гэнэ. Цаадуул нь ичээд,  ёстой “нохойн баас” гэж хэлэн толгой сэгсэрч байх юм.  

БОАЖЯ-ны харьяа Ойн судалгаа хөгжлийн төв УТҮГ-ын (энэ нь эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага) даргаар сүүлийн 5 жилд тэс хөндлөн “татварын байцаагч” самарч самарч явсан. Ашгүй явлаа гэж салбарынхан нь цухас баярласан. Гэтэл төд удалгүй Н.Уртнасан сайд нь тэс хөндлөн эрүүл мэндийн салбараас нэг цүнх баригчийг томилчихсон. Чингэхдээ бүр Төрийн албаны хууль зөрчин томилуулсан шүү.

Ойн судалгаа хөгжлийн төв УТҮГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Цагаанхүү нь одоо энэ салбарын хөгжлийг тодорхойлно гэнэ.

Энэ талаар “Түүнээс өмнө ч ойн тухай 100 жил ярьсан юм. Одоо дараагийн албандаа мордох хүртэл нь монголын ойн салбар ахин нэг хүүхэд саатуулмааргүй байна. Манай салбар хүүхэд саатуулах газар биш шүү дээ “ гэж салбарын хүмүүс сэтгүүлч надад захиа бичицгээж байна. Угтаа энэ байгууллага нь мэддэг хүндээ бол эрдэм шинжилгээ, судалгааны төв юм л даа. Тийм болохоор л тэдний хувьд мэргэжлийн нэр хүнд, мэргэжлийн идеал дээрээ гишгүүлсэн юм шиг мэдрэмж төрөөд байгаа юм. Үүнийг бодлого тодорхойлогчид ойлгох хэрэгтэй. Энэ бол нэг сайдад тачаадсан тэмцэл биш юм. Тэгж ойлговол дэндүү гунигтай явдал болно. Боловсон хүчний нөөцгүй болчихсон юм шиг, мэргэжлийн салбаруудыг тавиулуудаар самруулж байгаагаа өмөөрсөн, улам л буруу тийш даялсан харалган бодлогоо хаацайлсан хэрэг болно.

Жинхэнэ ойчид ямар хүмүүс байдаг вэ гэхээр, цүнх дүүрэн багажаа үүрээд ургасан, унасан, хатсан, шатсан ойгоо хэмждэг, бас тоосны ширхэг төдий ширхэг үрнээс бүхэл бүтэн амьд ертөнцийг ургуулчихдаг хүмүүс байдаг юм.  Өвдсөн өвчилсөн модоо эмчилчихдэг, огтолж тайраад оронд нь ургуулчихдаг, элсэн цөлд ногоон ертөнцийн гайхамшгийг үзүүлдэг, эгэл даруу, ойд дурлагчид байдаг юм.

Монгол орны ой Сибирийн их тайгын үргэлжлэл, өмнөд төгсгөл, Төв Азийн хээр, цөлийн эхлэл болсон онцгой байршилд оршдог. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд ямар үнэ цэнтэй бүс болохыг нь дэлхийн эрдэмтэд гайхан сонирхох юм. Харин монголын төр энэ салбараа  үнэгүйдүүлэх юм. Монгол эрдэмтэдийг гадны судлаачид овог нэрээр нь тоочих юм, монгол засаг харин танихгүй юм даа. Энэ бүх шаналанг хөндөхөөр өс хонзон өвөрлөсөн,атаархсан, гүтгэсэн болчих юм.

Жишээ нь, ойн нөөц, дагалт баялаг ашигласны төлбөр /самар элбэг жилд/-өөс улсын төсөвт 30,0 тэрбум төгрөг төвлөрдөг. Харин зарцуулдаг нь 3,0 тэрбум. Угаасаа хүрэлцдэггүй улсын төсвийн 10 тэрбум төгрөгийг хасаж танасаар гуравны нэгээр нь гурав дахин их ажил хий гэдэг. Олон улсын төсөл хөтөлбөр хэрэгждэг ч, дарга даамлууд л найруулга хийнэ. Жинхэнэ ойн мэргэжилтэн хэзээ хойно төслийн тайлангийн хуралд уригдахаа их юманд бодох болж дээ. Ойрхоны жишээ, Н.Уртнасан сайд нь айлын хашааны жорлонгийн шороог “моджуулж” хүчрэхгүй байгаа юм гэнэ, НҮБ-д санал тавих юм. Бүхэл бүтэн Нэгдсэн Үндэсний байгууллага шүү дээ, арай ч дээ. Ард нь 12,0 сая га газрын асуудал байхад айлын хашаа “моджуулах” тухай ярих.

Ой нь үнэ цэнтэй, ойчид нь даруу ноомой юм даа. Юутай ч та бүхэндээ Ойн баярын мэнд хүргэе.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав