Аав, ээж хоёр минь малаа хотлуулчихаад орж ирэв. “Энэ өвөл ч цас их унах бололтой шүү, саравчны арын хунгарыг ээ! Нимгэн хэсгээр нь жим гаргахгүй бол аргал авчрахад төвөгтэй болжээ” гэж ээж ярина. Аав тэгэхэд над руу харж инээмсэглэснээ “Энэ гэрт хоёр том эр хүн байхад өглөө сэрэхээс чинь өмнө толийтол цэвэрлээд тавьчихалгүй яахав, тийм ээ” гэв.

Харин эгч “Өглөө бүр л урд шөнө гаргасан мөрийг минь юу ч үгүй болгочихдог. Цас ороод л байна, та хоёр цэвэрлээд л байна. Хэзээ өвөл дуусна даа” гээд аав, ээж хоёр өөд ээлжлэн асуусан харцаар ширтлээ. Тэр үед ээж “Юухан байхав дээ, нэг л мэдэхэд цас ханзарч, цаг уясаад ирнэ” гэснээ өвөртөлж ирсэн түлээний үлдэгдэл бууцыг дээлийн хормойгоо сэгсэрч аргалын авдранд унагаад гадагш гарав. Гутлынх нь уланд цас чахрах чимээ тодхон дуулдахуй ээж гэрийн хаахна явааг төвөггүй мэдэж болохоор билээ. Төдөлгүй хаалга нээгдмэц хоолны төмөр тогоог, өнгөрсөн жил өөрийн урласан эрхий хурууны хар ноосон бээлийгээр жийрэглэн барьсаар орж ирээд зуухны таг сөхөж тавиад дотор нь ус хийв. Тэгтэл аав “Өө, ус хийгээд яахав. За нэгэнт хийчихсэн юм чинь халсных нь хойно юүлээд авчих. Тэгээд хэдүүлээ сайхан мах шараад идчих үү дээ” гэв. Ээж харин аав руу нууцхан нүд ирмэснээ “Бал аа, чи мухлаг руугаа яваад ирээч” гэчхээд зуухны ам руу аргал шидлэв.

Аав мухлаг яваад удаж, удаж хоёр дөрвөлжин цаасан хайрцагтай, мөн урт нарийн уутанд хийж амсарыг нь би лав тайлж дөнгөхөөргүй болтол уяж бөхөлсөн зүйлс оруулж ирэв. Тэгснээ “За миний хөгшин, хоёулаа хүүхдүүддээ гацуурыг нь засаж өгөх үү дээ” гэлээ. Ээж авдран дээрх юмнуудаа зайчилж байгаад гурван талт толины өмнө гацуурын жижигхэн модыг угсарна. Авдар дээр сууринд нь байрлуулахад үзүүр нь унь хүрээд л дуусчихдаг жижигхэн гацуур. Мөчир дээгүүр нь ээж цагаан хөвөн нарийхан тасалж байрлуулаад цас уначихсан мэт болгоно. Би ч тэсэлгүй “Ээж ээ, гаднаас цас авч ирээд тавьчихъя л даа” гэхэд эгч хажуунаас “Ээ, чи тэнэг юм уу даа. Жинхэнэ цас чинь дулаахан гэрт дороо хайлчихна шүү дээ” хэмээхэд аав, ээж минь “Энэ хоёрыг ээ” гээд чихээ хойноо гартал инээдэг сэн. Гацуурын чимэглэлүүд надад хачин гоё санагддаг байлаа. Хан боргоцой, өвлийн өвгөний таяг, цасан ширхгүүд, жижигхэн хөвөн янзага, хөөсөнцөрөөр хийж, өнгийн гялгар туузаар бүрсэн бэлэгнүүд, шидэт бөмбөлгөнүүд гээд Орос ардын үлгэрийн номонд гардаг бүхэн тэнд байх шиг болно. Тэр чимэглэлүүдийн цөөнгүй хэд нь миний гараар орж эд бад болсон доо. 

Ээж чимэглэлүүдийг өлгөж, дээгүүр нь цагаан, ногоон хоёр өнгийн саагаар ээлжлэн ороогоод бяцхан гацуурынхаа дэргэд өвлийн өвгөн, цасан охины хамт байх шаазан баримлыг авчирч тавив. Дотуур нь оруулсан гэрлийн утсыг унь дамжуулан хавчуулж явсаар зурагтын унтраалгасаас салаалуулсан утастай холбож залгаад ажил дуусав. Эгч бид хоёр ээжийн барьсан “ёолк”-ноос нүдээ үл салгана. Тэгэх хооронд аав хэдийн махаа шараад амжжээ. Тийнхүү дараа нь халуун цайнаас тогоондоо хийж, өглөө хайрсан гамбирыг цайнд халааж байгаад шарсан махтайгаа хамт зооглохоор болов. “Өнөөдөр арай л оройтчихлоо, ингээд аргалчих уу хөгшөөн” гэж ээж рүү харан инээмсэглэснээ “Алив, миний хүү. Хоёулаа гарц мотороо асаачихаад ирье” гээд том цагаан чийдэн гарт бариуллаа. Ээж харин “Чийдэн нь хайрна шүү, бээлийгээ” өмсөөрэй гэнэ. 

Аав амбаарынхаа үүдийг онгойлгоод цэнхэр өнгийн “Yamaha” моторыг ганцхан татаад л асаачихав. Тооноор гэрэл цэлсхийн тусах нь аав, ээж хоёрын минь халуун дулаан хайр л тийнхүү гэрэлтэж гялбалзаад өвлийн түнэр харанхуй шөнөөр өргөө цагаан гэрийг гийгүүлэх шиг санагдана. 

Гэртээ орвол ээж, эгч хоёр “ёолк”-ныхоо гэрлийг асаачихаад баясгалантай нь аргагүй угтана. Хүнхэлдэй уулын энгэр дэх малчны хотонд шинэ жилийн баярын сураг ингэж айлчилдаг байлаа. Шарсан махаа идсэний дараа аав дахиад л мухлаг явж зайрмаг авчирна. Ээж, аав хоёр өвөл болохоор хотоос цаасан хайрцаг дүүрэн зайрмаг авчирч мухлагтаа хийчихдэг байж билээ. Эгч бид хоёр зайрмаг идэхийг хүсвэл аавыг л “панаалддаг сан”. 

Энэ бол 2000 оны өвөл байв. Цэцэрлэгт байсан эгч бид хоёр хагас бүтэн сайны амралтаар гэртээ ирчихсэн байлаа. Удахгүй болох сургуулийн сүлд модны наадмаар өвлийн өвгөнөөс бэлэг авах хүүхдүүдийн тоонд орсон учир аав, ээж хоёр биднийг эрхлүүлэн гэрт нь авчирч гацуур засаж өгсөн нь тэр юм. Авдар дээрх хэзээд цаг эсвээс аавын дүүгийн Москва хот орохдоо авчирсан шаазан хос хун л тавиатай байна. Харин шинэ оны сураг дуулдах төдийд бяцхан ногоон гацуур тэнд ургана. 

Шинэ оны дурсамж ингэж гацуурын модоор дамжин сэтгэлд буудаг. Эрээн авдар дээрх элдэв янзын гоёмсог гэрлээр чимэглэгдсэн бяцхан гацуур дотор минь амилах нь гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг үргэлж санагдуулна. Өвлийн улирал айлчлахаар цагаан сарын баярыг л хоног тоолон хүлээдэг байсан хүү анх удаа авдар дээр минь ассан гацуурын модыг хараад шинэ жилийн баярыг ч хүсэн хүлээдэг болов. Нэр нь хүртэл шинэ он. Бүх зүйл өөрчлөгдөж, цасны гэрэлт ширхэг, алс өндөрт гялтганах хүйтэн оддын амьсгал шиг тийм тунгалагаар буй бүхэн гийж байгаа нь мэдрэгдэнэ. 

Сүлд модны наадмаар эгч цасан охин болж би арван хоёр жилийн анхан суудалд заларсан “Эрдэний зүйлээр бөөлжөөд байдаг, Эрүү цагаан хулгана жил” болсон билээ. Ээж минь тайз руу гарахаас өмнө цаг үргэлж л хүүгийнхээ толгойд зүүсэн хулганы дүртэй багийг янзалж, үс гэзгийг самнаж, хувцас хунарыг гөвж, үрчлээсийг нь тэнийлгэж өгнө. Аав харин үзэгчдийн танхимд, гарах хаалганд ойрхон зогсчихсон харж байгаа болов уу гэж би дотроо бодно. “Хүүгээ л харчихвал болно доо, бусдыг нь ямар ойлгох биш” гэдэг сэн. Тоглолт өндөрлөж, эгч бид хоёр өвлийн өвөөгийн бэлэгтэй болчихсон, аав эгчийг хөтөлж, би ээжид дүүрүүлээд дөрвүүлээ Батноровын суурингийн замаар час чахруулан ахынх руу хөөр, баяртай нь аргагүй алхав. 

Дараа нь бид мориндоо мордож, шинэ оноос урьтан малчны хотондоо очихоор сумын төвөөс хөдлөв. Дулаахан үйл явдлын дараах жавар үргэсэн өвлийн тогтуун үдэж байлаа. Үнэгэн лоовуузны гал улаан сор янгинам хүйтнийг хөөгөөд явуулчихсан юм шиг санагдаж байв. Би аавын урдхан талд, харин ээж, эгч хоёр сүүлдэсхийн дагана. Цасны дуу морин туурайгаар хөг орж, уулын энгэрт байх гэрийн минь доторх авдар дээр зассан гацуурын гэрэл дотор минь аль хэдийнэ асчихсан байж билээ. 


Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав