Бүгд Баатарыг таньдаг байлаа. Одоо харин бүгд танихгүй болсон. Бүгд л Баатартай ойртох гэж гэж гүйдэг байлаа. Одоо бол бүгд л холдох гэж хичээх болжээ.
Гаалийн Баатар гэж хэмжээлшгүй эрхт хаан байлаа. Гайхалтай нь одоо ерийн нэг хулгайч болжээ. Ид шидийн юм шиг агаар мандалд нисч явсан амьдрал алга урвуулах шиг ийн хөрвөв.
Саарал ордны жирийн нэг аппаратын ажилтан явсан энэ эрийн амьдралд нээрээ юу гээч нь болоод өнгөрөв өө.
Говь-Алтай аймагт малчны гэр бүлд төрж өссөн. Хуучнаар ЗХУ-ын Одесс хотод их сургууль дүүргэж, эдийн засагч мэргэжил эзэмшсэн. Төгсч ирээд “Төлөвлөгөөний комисс” –т ажилласан. Эргээд хойшоо Нийгмийн ухааны академид явж суралцаад 1991 онд эрдмийн зэрэг хамгаалаад ирсэн. Ирээд Үндэсний хөгжлийн яаманд ажиллаж байгаад УИХ дахь цөөнхийн бүлэгт шилжин ажилласан. Түүний намтар ердөө л энэ. Онцын содон хөдөлгөөн, элдэв үсрэлт сэлт байхгүй ерийн л нэг тохитой намтар. Мөрийн хүний жирийн амьдрал. Магадгүй түүний амьдралын хамгийн сайхан мөчүүд эдгээр он жилүүд нь байж мэдэх юм. Энгийн нэгэн төрийн албан хаагчийн илүү дутуугүй даруухан амьдралд нэг л өдөр эргэлт гарч жирийн Баатар жигүүртэй болов. Энэ бол 2000 он билээ. МАХН-ын дангаар төр барин даналзах алтан үеийн эхлэл. Ёслолын буудлага, найр наадам, хэмжээ хязгааргүй эрх мэдлийн дуун ийнхүү цуурайтаж, эгэл жирийн олон арван Баатарт ид шидийн малгай өмсгөн хувь заяаны шоглоом руу хайр найргүй татан оруулсан билээ. Ингэж хувь заяаны эргүүлэг рүү өөрийн мэдэлгүй өнхөрсөн олон арван Баатар МАХН-д бий. Тэд бол Төрийн ч Баатар биш. Түмний ч Баатар биш. Зөвхөн МАХН-ын Баатарууд юм. Тийм ч учраас өнөөдөр ганцхан Гаалийн Баатарын тухай ярих нь хэтэрхий хөнгөн, гэнэн асуудалд тооцогдох биз ээ. Гаалийн Баатар баривчлагдсан явдал өнөөдөр намынх нь ч, хүнийх нь ч тарыг таниулж байна. Баатарыг тал талаас нь дарамтлан шахаж, гарах гарцгүй болтол нь хууль бус үйлдэл рүү түлхэж байсан улсууд өнөөдөр жигтэйхэн жийрхэцгээж “Би Баатар гэж хүнийг бараг мэдэхгүй. Ер нь уулзаж учирч яваагүй” гэж ирээд яаран сандран мэдэгдэл хийцгээж байгааг хувь заяаны бас нэгэн эмгэнэлтэй шоглоом гэхээс өөрөөр яахин тайлбарлах билээ.
Шадарлаж яваад шаварт унагасан шадар сайд Улаан хүртэл шарваж урвахын гайхамшгийг үзүүлэв. Олон хүн гайхав. Баригдаж хоригдоод явсан Баатарын араас хэн юу хэлэх нь вэ гэж олон нийт анхааран чих тавьсан. Монголчууд унаж яваад морио, ханилж яваад нөхрөө гэдэг. Улаан сайдын сонины сурвалчлагчид хэлсэн хэдхэн өгүүлбэр олон хоног ам дамжин яригдлаа. Яасан сэрүүн, ямар хөгийн тайлбар вэ. Баатар гэдэг хүнийг бараг танихгүй гэсэн түүний үг хүмүүсийн сэтгэл зүрхний чиндад орших мөс чанарын нэгэн эмзэг утсыг өөрийн эрхгүй чичигнүүлэн доргиох нь тэр. Цагийн сайханд тэрэгчиндээ аягачиндаа хүртэл байр сав өгүүлж, Баатар хэмээх тэр зөөлөн будлиу эрийг санааныхаа зоргоор удирдаж байсан гэгддэг энэ ноёнтон аль амаараа тэгж сийхгүй сэнгэнүүлж чаддаг байна аа.
Тийм ээ. Энэ бол мөнөөх л хувь заяаны шоглоом юм.
Шадар сайдын шадар туслах Б.Өвгөнхүү бас л шорон оронд орохдоо тулаад, баригдаж нэг суллагдаж нэг явна. Цагтаа УИХ-ын даргын зөвлөх, УИХ-ын гишүүн хүртэл хийж явсан энэ эр бас л нэг хүнд “үгүй” гэж хэлж чаддаггүй энд тэнд зарагдаж, элдэв юманд хавчуулагдаж явдаг сонин кадр. Хүнийхээ хувьд ч тийм их халтай, балтай “амьтан” биш. Жирийн л нэг од муутай ч гэмээр сулхан, зөөлхөн хүн. Л.Энэбиш хүртэл түүнийг нөмөр түшигтээ авч явсан удаатай. Харин Л.Энэбиштэй ойртсон хүн дандаа сайн явдаг бол Ч.Улаантай учирсан хүн дандаа унаж, сүйрч байдгийг гайхмаар. Зөвлөх Б.Өвгөнхүүгээ баригдаад явахад араас нь ганц удаа яав ийв гээгүй хэмээн шадар сайдын орчмынхон эдүгээ гайхан шивэр авир хийцгээж байна. Арай бас “Би Өвгөнхүү гэдэг хүнтэй ганц хоёр л удаа уулзаж байсан” гэх юм биш биз дээ хэмээн тэд сайдыгаа сэм чимхэж сууна.
Хүнд хүлээх хариуцлага гэж нэг чухал юм байдаг. Хамгийн эхнийх нь хүн ёсны, хүн чанарын хариуцлага.
Өнөөдөр Баатарын тухай амтай болгон шагшиж байна. Гаалийн Баатар…гаалийн Баатар л гэнэ. Хачирхалтай нь Баатарын нөхдөөс хүн чанарын хариуцлага, Баатарын намаас улс төрийн хариуцлага нэхэж байгаа хүн алга.
Баатартай бүгд найз байлаа. Тэдний зарим нь өнөөдөр Баатарын өгсөн байранд амьдарч, Баатарын томилсон албан тушаалыг хашиж, Баатарын ачаар баян цатгалан аж төрцгөөж яваа. Гэвч бүгд түүнийг мартжээ. Баатарыг барж идээд, барьж өгчээ тэд.
Жирийн Баатарт жигүүр ургуулсан МАХН хууль ёсны өмнө ямар хариуцлага хүлээх вэ.Энэ бол өнөөдрийн асуулт юм.
Жирийн Баатарыг барих нэг хэрэг. Магадгүй хамгийн энгийн хэрэг. Харин жинхэнэ эздийг нь барих амаргүй хэрэг. Магадгүй хамгийн адармаатай хэрэг . Гэхдээ энд тэндгүй дэлдэх болсон шударга ёсны харанга, гадаа гудамжинд багтаж ядан түрхэрэлдэж буй чинэрсэн олны дургүйцэл жирийн Баатар луу биш, жинхэнэ эзэд рүү нь чиглэлээ биш үү…