“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Нисэхийн спорт сургалтын цогцолбор 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс “Sky” Sport complex гэсэн албан ёсны нэршил, шинэ логотойгоор үйл ажиллагаа явуулахаар боллоо.
Энэ тухай “ИНҮТ” ТӨХХК-ийн 2026 оны спортын аварга шалгаруулах тэмцээний нээлт дээр Гүйцэтгэх захирал Э.Энхзориг албан ёсоор мэдэгдээд байгууллагынхаа спортын дэд бүтцийг хөгжүүлэх, шинэ брэнд нэршил, соёлыг төлөвшүүлэх ажлын хүрээнд спорт цогцолборыг “Sky” Sport complex хэмээн нэрлэсэн нь өндөр зорилго, өргөн боломж, хөгжлийн шинэ түвшнийг илэрхийлж, хамт олны эрч хүч, тэмүүллийг бэлгэдсэн төдийгүй “Sky” Sport complex нь зөвхөн тэмцээн уралдаан зохион байгуулах орон зай бус хамт олны эв нэгдэл, идэвх санаачлага, эрүүл амьдралын хэв хаягийг дэмжих чухал төв болон хөгжинө гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн юм.
Тус спорт цогцолборыг шинэ нэршил, логотой болгох ажлыг Хамтын ажиллагааны газрын удирдлага санаачлан хэрэгжүүлсэн бөгөөд Хэвлэх үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Г.Мөнхтүвшин олимпийн таван өнгийг шингээж, дүүлэн нисэх хөлөг лугаа амжилт гаргах гэсэн бэлэгдлээр “Sky” Sport complex-ийн логог бүтээсэн байна.
“Sky” Sport complex нь дотроо спорт заал, усан бассейн, ширээний теннис, дартс, иог, фитнесс, гадна талбайдаа газрын теннис, сагсан бөмбөг, волейболын талбайгаар үйл ажиллагаа явуулдаг. Энэ өдрүүдэд “Sky” Sport complexт “ИНҮТ” ТӨХХК-ийн 2026 оны спортын аварга шалгаруулах тэмцээн 6 төрлөөр үргэлжилж байна.












