Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн нийт 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлжээ.
Үүнээс Чингэлтэй дүүргийн 3815, Баянгол дүүргийн 1185 өрхийг хийн халаалтын системд бүрэн холбосон байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва хийн хангамжийн үйл ажиллагаатай танилцаж, шинэ хэрэглээнд шилжсэн өрхүүдийн ашиглалт, аюулгүй байдлыг хангах чиглэл өглөө.
Хийн хэрэглээнд шилжсэн 5000 өрх шинэ системдээ бүрэн дасаж, үр дүнг үнэлсний дараа дараагийн шатны өргөтгөлийн ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Төслийн хүрээнд олон улсын стандарт шаардлага хангасан хийн найрлага тодорхойлох лабораторийн төхөөрөмжийг нэвтрүүлсэн бөгөөд Монгол Улсад анх удаа бүх төрлийн хийн найрлагыг нарийвчлан шинжлэх боломж бүрджээ.
Өрхүүдэд “Haier”, “Hisense” компанийн үйлдвэрлэсэн, олон улсын NFPA стандартын шаардлага хангасан, аюулгүй ажиллагааны хамгаалалттай хийн зуух суурилуулж байна.
Одоогоор хийн түлш борлуулах 25 цэг ажиллаж байгаа бөгөөд 2026 оны эхний хагасын байдлаар 11,365 баллон эргэлтэд оруулж, 308.4 тонн хийн түлш борлуулжээ. Харин 2025 оны арванхоёрдугаар сараас хойш нийт 2080 тонн шингэрүүлсэн нефтийн хий импортолсон байна.








