Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Вытопилыг хүлээн авч уулзан, хоёр орны соёл, спорт, аялал жуулчлалын салбар хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
ССАЖЗЯ-ны мэдээлснээр, уулзалтаар 2025 онд талуудын байгуулсан спортын салбарт хамтран ажиллах тухай санамж бичгийн хэрэгжилтийг хангах хүрээнд монголд хоккейн спортыг хөгжүүлэх чиглэлээр хамтарч ажиллах саналыг сайд Ч.Ундрам илэрхийлэв.
Элчин сайд Ян Вытопил нь хоккейн спортыг хөгжүүлэх тус саналыг дэмжээд, Монголын байт харвааны тамирчдын ур чадварыг ахиулах чиглэлээр хамтарч ажиллах саналыг илэрхийллээ.
Талууд Монгол, Чехийн дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Чехийн үндэсний музейд дэлгэсэн “Чингис хаан” үзэсгэлэн амжилттай болсныг цохон тэмдэглээд 2027 онд тус музейд Монголоос олдсон үлэг гүрвэлийн олдворуудын үзэсгэлэн гаргахаар төлөвлөж, үүнтэй холбоотой бэлтгэл ажлын талаар санал солилцлоо.
Мөн Чехийн үндэсний музейд 2027 оны зургаадугаар сард нээлтээ хийх үлэг гүрвэлийн үзэсгэлэнд зориулсан баримтат кино бүтээхээр төлөвлөж буйгаа онцлоод, уг үзэсгэлэн олон мянган үзэгчийг татаж, Монголыг сурталчилсан томоохон үйл ажиллагаа болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.







