Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хоттой холбоотой зарим асуудлыг хэлэлцэж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва өвөлжилтийн бэлтгэл болон бусад ажлын талаар мэдээлэл өглөө.
Нийслэл өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байгаа бөгөөд одоогийн байдлаар хэрэгжилт 57 хувьтай байна.
Энэ зун нийслэлд 111 км шинэ зам барьж, 31 км авто замын засвар, арчлалтын ажлыг хийж байгаа бөгөөд хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө газар шорооны ажлуудыг дуусгахаар ажиллаж байна. Мөн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 280 мянган тонн хагас коксон түлш, 180 мянган тонн сайжруулсан түлш нөөцлөхөөр бэлтгэж байна.
Боловсролын салбарт сургууль, цэцэрлэгийн засварын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгаж, шинэ хичээлийн жилийг бэлтгэлтэй угтахаар төлөвлөжээ. Түүнчлэн хотхоны бага сургууль байгуулах, сурагчдын автобусны тоог нэмэгдүүлэх ажлыг хэрэгжүүлж байна.
Эрүүл мэндийн салбарт 23 засвар, шинэчлэлийн ажил хийж, зургаан барилга байгууламж шинээр барьж байгаа бөгөөд “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амаржих газруудыг хүүхдийн төрөлжсөн эмнэлэг болгон хөгжүүлэхээр төлөвлөж байна.
Мөн наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ны хооронд хичээлийн шинэ жил болон COP17 олон улсын хурлын үеийн хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор автомашины дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийхээр мэдээллээ.
Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар “Сэлбэ” орон сууцжуулах төслийг хэлэлцэж, тус бүсийг “Сэлбэ ухаалаг хот” хэлбэрээр хөгжүүлэх чиглэл өглөө.
“Сэлбэ ухаалаг хот”-д ухаалаг дэд бүтэц, дижитал үйлчилгээ, технологийн туршилтын “сэндбокс” орчин болон эдийн засгийн тусгай бүс байгуулахаар төлөвлөж байна. Ингэснээр бизнес эрхлэх таатай орчин бүрдэж, цаашид гэр хорооллыг ухаалаг хотын загвараар хөгжүүлэх суурь болно.








