Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн ерөнхий газартай хамтран “365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” арга хэмжээг зохион байгууллаа.
Арга хэмжээг нээж НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Ихбаяр үг хэлэв. Тэрбээр хүүхэд, өсвөр үеийнхнийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд төр, сургууль, гэр бүл, олон нийтийн хамтын оролцоо хамгийн чухал болохыг онцолсон юм.
Мөн НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр үе тэнгийн дээрэлхэлт нь зөвхөн хүүхдийн асуудал биш бөгөөд эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгчдийн анхаарал, оролцоо шаарддаг асуудал гэдгийг хэллээ.
ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны дарга, цагдаагийн дэд хурандаа А.Амарбат болон цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан нар үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой сүүлийн үеийн нөхцөл байдал, энэ төрлийн хэрэгт холбогдсон тохиолдолд хүлээх хуулийн хариуцлага, цаашдын сөрөг үр дагаврын талаар сурагчдад мэдээлэл өгсөн байна.
Үүний дараа реппер Big Gee буюу Т.Мөнх-Эрдэнэ “Хамтдаа байя” уран бүтээлээ хүргэж, сурагчдыг нэгнээ хайрлаж, хүндэтгэн, хэл амаар доромжилж, дээрэлхэхгүй байхыг уриалав.
Тус арга хэмжээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 400 гаруй сурагч, багш, нийгмийн ажилтнууд оролцсон бөгөөд “365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны хүрээнд 120 мянга гаруй хүүхдэд эрх зүйн мэдлэг олгох сургалт зохион байгуулж, 2800 цэгт хяналт шалгалт хийжээ. Үүний үр дүнд он гарсаар хүүхэдтэй холбоотой гэмт хэрэг 27 хувиар буурсан үзүүлэлттэй байна.








