Мэргэжлийн Сүмо Ёкозүнагийн Зөвлөх Хороо
2025 оны 1-р сарын 27-ны 19:22 цаг
Мэргэжлийн Сүмогийн Ёкозүнагийн Зөвлөх Хороо Хацү башёд хоёр дахь удаагаа түрүүлсэн Озэки Тохошорюү-г Ёкозүна цолонд өргөмжлөхийг санал болгож, энэ сарын 29-нд Японы Сүмогийн Холбооны тусгай зөвлөлөөр хэлэлцсэний дараа сүүлийн гурван жил хагасын хугацаанд анх удаа шинэ Ёкозүна мэндлэхээр боллоо.
Озэки Тохошорюү нь 2024 оны 11-р сарын Кюүшю башёд түрүүлж чадаагүй ч 13 даваа, 2 унаатай амжилттай барилдаж, Хацү башёд 12 даваа, 3 унаатай тэнцсэн гурван бөхийн хооронд болсон аваргын төлөөх барилдаанд ялж, хоёр дахь удаагаа түрүүлсэн юм.
Японы Сүмогийн Холбоо энэ сарын 27-ны өдөр буюу өнөөдөр Тохошорюү-г Ёкозүна цолонд өргөмжлөх асуудлыг Токио хотын Рёгокү Кокүгикан ордонд болсон Ёкозүнагийн Зөвлөх Хороонд танилцуулжээ.
Үүний дагуу уг хороо Тохошорюү-гийн Ёкозүна цолны жудгийг (品格) болон хүч чадлыг хэлэлцэж, бүх гишүүдийн санал нэгтэйгээр түүнийг Ёкозүна цолонд өргөмжлөхийг зөвшөөрсөн байна.
Ёкозүнагийн Зөвлөх Хорооны дарга Ямаүчи Масаюки: “Амжилтын үзүүлэлтийг харвал 12 даваа, 3 унаатай боловч, гурвалсан тойргийн барилдааны үеэр нийт 17 барилдаан хийсэн нь хүнд сорилт байлаа. Ийм нөхцөлд ялалт байгуулж чадсан нь маш өндөр үнэлэгдэх ёстой. Сүүлчийн гурван барилдаанд дараалан хүчээ дайчлан ялалт байгуулсан үндсэн хүч болон сэтгэл зүйг нь өндрөөр үнэлж байна” хэмээн түүнийг санал болгосон шалтгаанаа тайлбарлажээ.
Мөн тэрээр: “Энэ башёд жёүрё зиндааны бөхчүүдтэй хийсэн гурван барилдаанд ялагдсан ч, тэдгээр барилдаануудад урагш давшиж идэвхтэй барилдсан бөгөөд хүчээр ялагдаагүй. Түүнд цаашид өсөх, хөгжин дэвших асар их боломж байгаа тул урт хугацаанд Ёкозүна цолтойгоо барилдах чадвар байна” гэж ирээдүйн хүлээлтээ илэрхийлжээ.
Сүмогийн Холбоо энэ сарын 29-нд Харү башёд зориулсан зэрэглэл тогтоох хурал болон тусгай зөвлөл хуралдуулж, Тохошорюү-г Ёкозүна цолонд өргөмжлөхийг албан ёсоор батлах бөгөөд ёслолын элч төлөөлөгчид түүнийд очиж, цол өргөмжлөхийг мэдэгдэх ажээ.
Ёкозүнагийн өргөмжлөл нь Рэйва 3 оны (2021 он) Нагоя башёгийн дараа Тэрүнофүжи-г Ёкозүна болгосноос хойш гурван жил хагасын дараа болж байгаа юм.
Хацү башёгийн үеэр 73 дахь Ёкозүна Тэрүнофүжи зодог тайлж, энэ оны гуравдугаар сард болох Харү башёд Ёкозүнагүй башё болох нөхцөл үүссэн ч Тохошорюү-г Ёкозүна өргөмжилснөөр энэ байдлаас зайлсхийх боломжтой болжээ.
ТОХОШОРЮҮ: “ОРГИЛЫН ДЭЭГҮҮРХ ОРГИЛД ХҮРЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА”
Озэки Тохошорюү Ёкозүнагийн Зөвлөх Хорооны шийдвэрийг хүлээн авч, Татэкацү дэвжээнээ сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
Тэрээр: “Маш их баяртай байна. Цаашдаа ч бэлтгэлээ сайжруулж, оргилын дээгүүрх оргилд хүрэхийг зорих болно” хэмээжээ.
Түүнд Ёкозүна цолонд өргөмжлөхийг санал болгосныг дуулгахад тэрээр инээмсэглэн:
“Үнэхээр гайхаж байна. Илүү их хичээх хэрэгтэй гэж бодогдлоо” хэмээн сэтгэлээ илэрхийлжээ.
Тэрээр үргэлжлүүлэн: “Би сүмо бөхийн замналаа эхэлсэн цагаасаа хойш оргилыг зорьж ирсэн. Цаашдаа ч тууштай бэлтгэл хийж, оргилын дээгүүрх оргилд хүрэхийн төлөө хичээх болно. Хариуцлага маш өндөр тул бусдаас хоёр, гурав дахин их чармайлт гаргаж, энэ цолыг хадгалж үлдэхийг хүсэж байна” хэмээн шийдвэрээ хэлжээ.
Мөн тэрээр зорьж буй Ёкозүнагийн дүр төрхийнхөө тухайд: “Хэн нэгнийг дуурайх биш, өөрийн гэсэн өвөрмөц байдлыг харуулахыг хүсэж байна” гэж тэмүүллээ илэрхийлсэн байна.
Эх сурвалж: NHK News