МАН-ын шинэ Бага хурлын 310 гишүүний 50 хувь нь бизнесийн төлөөлөл, 22 нь төрийн өмчит компанийн захирал болон тэдний орлогчид, 46 нь УИХ-ын гишүүн, бусад нь бөх, дуучин, хөгжмийн зохиолч, телевизийн хөтлөгч, даргын туслах,зөвлөх гэсэн эрээвэр хураавруудаас бүрдсэн нь араасаа шүүмжлэл дагуулж байна.  Тэгэхээр МАХН энэ удаа толгойдоо ардын нэрээр чимсэн шинэ малгай духдуулсан ч олигархиудаар Бага хурлаа бүрдүүллээ гэсэн  шүүмжлэлээс зугтаж чадахгүй болжээ. 

Бага хуралд орж ирэх хүслээ зарчмын дагуу илэрхийлсэн төлөөлөгч ингэхэд  хэд байв. Судалж үзэхэд 310-аас ердөө 60-аадхан хүн л шударгаар, ямар нэг лидерийн блокт хайрцаглагдалгүйгээр өөрийгөө намын Бага хурлын гишүүн байж болох хүн гэж үзжээ. Уг нь энэ бол хамгийн эрүүл үзэгдэл. Гэвч харамсалтай нь бодлогын бус тэдгээр төлөөлөгчдөөс УБТЗ-ын орлогч дарга Л.Халтар гэж хүн л нийслэлээс орж ирэх ёстой 84 хүний хамгийн сүүлчийн квотод хөл тавьж чадаж. Асар зохион байгуулалттай чигжиж хийсэн стратегийн өмнөөс зүгээр л өөрийгөө санал болгоод орж ирнэ гэдэг өөрөө зөв үзэгдэл. Энэ утгаараа “Удирдах зөвлөл”-д УИХ-ын гишүүн  Р.Раш, Ц.Цэнгэл нарын нэр заалнаас дэвшсэн нь  ч гэсэн цаанаасаа хийгдэж  буй зохион байгуулалттай ажиллагааг төлөөлөгчдийн өмнө татаж ирж харуулснаас гадна хувь улстөрчиддөө ч эерэг оноо авчирсан явдал гэж дүгнэж болно. Харин манай улс төрд өөрийгөө хүндэтгэсэн энэ мэт алхмууд хийгдэх нь ховорджээ.  Ховордсон учраас “Би намын даргаар ажиллавал, ийм ийм шинэчлэлийн бодлогуудыг хэрэгжүүлж чадна” гэж ил тод мэдэгдсэнийх нь төлөө л  юу ч үгүй болтол нь хэвлэлээр  балбах, гутаах, доромжлох ажиллагаа явуулж намнадаг байдал цэцэглэсэн . Өнөөдрийн Ардчилсан нам дотор яг ийм машинууд З.Энхболд, Л.Гантөмөр нарын эсрэг ажиллаж эхэлснийг бид бэлхэнээ харж байна.  

Улс төрийг хамгийн хоцрогдсон, хамгийн муу үр дагавартай аргачлалаар хэдий болтол хийсээр байх вэ гэдэг асуулт манай өнөөдрийн улс төрд хурцаар тавигдаж байна.  МАХН-ын XXVI их хурал мөн л хамгийн хортой, хамгийн их уршиг дагуулах технологиор явагдлаа. Хэдийгээр намын дарга нь шинэ улс төрийг санал болгодог ч энэ удаа арга буюу хамгийн аюултай бүлэглэлүүдийн дэмжлэгийг авч, хамгийн бүдүүлэг дүрмээр тоглож байж “жинхлэв”. Улс төрд хайрцагласан бодлого тулгаж орж ирж тоглодог ийм жишиг Н.Энхбаярын үед гаажтай хөгжсөн. Ийм дээрэнгүй, толгой дээгүүр нь гишгэлсэн бодлого  цаашдын явууртаа бол бусдын зүрхэнд гомдол, үзэн ядалт, эсэргүүцлийг л шивээ шиг шивж үлдээдэг муу мөртэй байдаг. Н.Энхбаярт дургүйчүүдийн нэг хэсэг ингэж л төрж байсан. 

Оросын нэрт сэтгүүлч Евгений Киселев нэгэн номынхоо өмнөтгөлд “ Энэ ном бол Путингүйгээр төсөөлж боломгүй мэт санагдах бидний оршин байгаа цаг үеийн тухай ном юм. Гэтэл бид түүнийг хэн болохыг мэдэхгүйгээр амьдарч л байсан. Бүр муугүй амьдарч байсан гээч. Олон юм бүтээсэн, бахархмаар зүйл ч олон байгаа. Бидний зарим маань Путины үед засаг төрийг харахгүйгээр үл барам түүнийг хөндөлсөөд амьдарч л байна. Маргааш Путингүйгээр амьдрах л болно. Ленингүйгээр, Сталингүйгээр, Хрущевгүйгээр, Брежневгүйгээр, Горбачевгүйгээр эцсийн дүнд Ельцингүйгээр ч гэсэн амьдраад ирсэн. Ийм учраас би энэ номоо Путингүйгээр гэж нэрлэхээр шийдлээ” гэж бичжээ. 

Н.Энхбаярын гэх бүхэл бүтэн аравнаар хэмжигдэх үе монголын түүхэнд үлдсэн. Түүнийг хамгийн нялуунаар тэвэрч байсан хэсгийнхэн нь өнөөдөр нам төрийг жолоодох болов. Одоо тэд Энхбаяргүйгээр явж байна. Цаашдаа ч явна. Хожим зарим нь мөн л С.Батболдгүйгээр  цаашаа алхацгаана. Харин тэр цагт монголын элгэнд улстөрийн хаялагатай сэв бага суусан байгаасай. Өнөөдөр С.Батболдын хийхээр чиглэн алхаж буй эдийн засагт суурилсан улс төр цэвэр дүрмээр л явж чадвал ямар ч шарх соривны тухай яриа мэдээж байхгүй.  Орчин цагийн хамгийн том улс төр   эргэлтгүйгээр “Эдийн засаг-бизнес” болж хувирсан энэ нөхцөлд саяын их хурал дээрээ ашигласан шиг буруу автортой, муу уршигтай дүрмээр ахиж тоглохгүй байх нь түүнд өлзийтэй. 

Үнэн хэрэгтээ МАХН-ын XXVI их хурлыг зарчимтай улс төрөөр чимиж өгсөн лидер яах аргагүй Ө.Энхтүвшин байлаа. Хэрэв тогтсон дүрмээрээ тоглосоор дууссан бол өнөөдрийн С.Батболдын амжилт хэтэрхий үнэгүй болох байв. Улстөрчийн уналт босолт хийгээд мандал бадралынх нь нас яагаа ч үгүй яваа Ө.Энхтүвшингийн хийсэн энэ алхам дэндүү цэвэрхэн, дэндүү чигч, бас дэндүү гоё байлаа.         

Гараа ч түлэхгүй гал атгах чадварыг  Н.Энхбаяр, С.Баяр нар шиг өрсөлдөгчидтэй хамт нэгэн үед амьдарч, шатаж, шархдаж, шахуулж явсан Ө.Энхтүвшин эзэмшихгүй бол хэн эзэмшсэн байх юм. Түүнээс өөр хэн ч ингэж баглаад боомилчихсон бодлогын өмнөөс гөжихгүй. Бусдад нь ингэж гөжих гээд ч зорилго нь байлаа ч зориг нь байхгүй. Бас зохих ч үгүй. 

Зан чанар, зарчим хоёр дээр суурилсан энэхүү алхам нь Ө.Энхтүвшингийн рейтингийг өндөрт өргөлөө. Өнөөдөр түүний хийсэн алхам, хэлсэн үг хоёр хит болж байна. Мөрөн дээрээ өчүүхэн ч шороо пур хийлгэлгүй сууж үлдсэн түүний зүг гартаа дөл атгах урам зориг тээсэн залуус дэмжлэгийн харцаар ширтэж байна. Зарчимтай улс төрийг хүсэмжилж буй залуу үеийнхэнд зангаргаа ингэж харуулахаас өөр яах юм. МАХН-ын хамгийн сүүлчийн их хурал дээр МАН-ын хамгийн анхны индэр дээр тэр ийн тод гялалзаж чадлаа. 

Том улстөрчийн цахиурнаас бутарсан энэхүү оч тунгалаг улс төрийн зүг гэрэл татуулаасай. Ийм жишээ олширч, ийм жишиг тогтож чадсан цагт л монголын улс төр бараан заваанаараа дуудуулахаа болино. Бараан завааны “бай”-г унагах биш улам босгож тавиад байгаагийн сүүлийн жишээ МАН-ын  Бага хурал боллоо. Улс төр дагаж амь зуух хүсэл тээсэн залуусыг бүлэглэлүүд нь хэсэг бусгаар нь намын Бага хуралдаа оруулж  ирсэн явдал ажиглагчдын зүгээс өнгөрсөн их хурлын нэгэнт хаагдсан хөшгийг эргэж сөхүүлэхэд хүргэж байна. Нэгэнт “Эдийн засаг & Улс төр” гэсэн хос морь сонгосон энэ үед бизнесийн салбарынхныг тэгтлээ адлахгүй гэсэн байр суурийг намын удирдлага баримталж байгаа нь Бага хурлынх нь бүтцээс илхэнээ харагдана. Энэ үүднээсээ бол баялаг бүтээгчид бодлого боловсруулах тавцан руу алхацгааж эхэлснийг үзэгдлийнх нь хувьд хорьж цагдах, харааж зүхэх нь утгагүй. Тэд бол олон жил хувийн секторт зүтгэж, түүнийхээ хэрээр улсдаа татвар төлж, төрийн урагшгүй бодлого шийдвэрүүдийн уршгийг бор зүрхэндээ тултал амсаж ирсэн салбарынхан. Харин эдэнд тавих хэмжүүр нь намын байранд өгсөн хандив мэтээр хэмжигдэж байгаа бол С.Батболдын дөнгөж саяхан тааруулж өмссөн гутлын уланд бохир шавар наалдаж эхэлсэн л гэсэн үг. 

Зарим эх сурвалж Бага хуралд намын байранд нэг тэрбум төгрөгийн хандив өгсөн бизнесмен орж ирсэн тухай мэдээлж байна.  Зарим нь Бага хуралд орж ирсэн гишүүн болгоныг 30 сая төгрөгийн босго давж байж орж ирсэн талаар шуугиж  байна. Мэдээж саяхан л зурагтаар хоол хийдэг нэвтрүүлэг хөтөлж гарахаас хэтэрч яваагүй хүүхэд шууд 30 сая төгрөг төлөөд орж ирлээ гэхэд итгэх аргагүй. Тэгэхээр хэн нэгэн босс нь л багтаа багтааж орж ирж байна гэж ажиглагчдын тайлбарлаж байгааг үгүйсгэхэд бэрх.  Жишээ нь, “Анхны хайр” гэдэг дуу дуулдаг  уран сайханч бүсгүй 30 саяыг төлөн байж Бага хуралд орж ирж яах юм.

Ариун ариун гэхэд
Ардын нам шиг 
Ариухан нь хаана байна… г
эж дуулуулахгүй нь л лавтай. Аль нэг бүлэглэл нь л квотоо хадгалж, кнопоо болгох зорилготой авч ирж байна гэсэн үг. Тэнд байгаа Архангайн төлөө энд нэг дуучин юу хийх юм бэ. Энэ мэт бөх, телевизийн хөтлөгч, дуучдыг тойрсон марзан шогууд Бага хурлыг баалж байна. Улс төрийг уран сайханжуулж, улам баллах жимийг энэ Бага хурал бүдүүрүүлж байж ч мэдэх юм. Урлаг, уран сайхныхан улс төр рүү хошуурах нь нэгэнт дүүрсэн хэрэг болжээ. Харин сэтгүүл зүйн нөхдүүд улс төр рүү олноороо ийнхүү шургалан орж буй нь улс төрд цаадуулаасаа илүү хор уршгийг тарих нь дамжиггүй. Түрүүчээсээ л орсон газар, очсон байгууллагаа зэсэн хошуугаар сүлбэж өгч байгаа “гарууд”-ын тухай домог  чих улайтал дэгдэж эхэлснийг улстөрчид нь өөрсдөө ч гайхан шагширч  байна.

Сэтгүүлч хүний оршин байх сонгодог хил хязгаар нь нам бус байх. Энэ бол бичигдээгүй хууль. Гэвч манай фронтоос арван хэдээрээ МАН-ын Бага хурал гэгч рүү яваад орчихлоо. Өрсөлдөөд ялж байж оройд нь гардаг хүнд хүчир салбарт хүч нь мөхөсдөж, амьдрах арга замаа шинээр эрэлхийлэх нь нэг хэрэг. Хийдгээ хийгээд Н.Сарангэрэл шиг дараагийн зам харгуйг сонгон “гарч” явах нь өөр хэрэг. Гэвч одоо салбараа л хөлдөө чирэв дээ гэх үг нэгэнт оройтсон биз ээ. 
Цахилсан бүхэн Цахиагийн Элбэгдорж шиг оройд нь очиж гялалзахгүй. Зүглэсэн бүхэн Т.Ганди шиг тэсч, З.Алтай шиг арзагануулж явахад аз мэдэх хүний нутаг руу  хөл тавьлаа, тэд маань. 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав