Борхес их утга зохиолын тухайд “Мянга нэгэн шөнийн үлгэр”-ийн талаар ярихдаа үлгэрийн ёс зүй нь адгуусан амьтдыг хүншүүлж эмгэнэлтэй болоод инээдэмтэй нөхцөлд оруулсны дотроос хоорондоо ярилцахад л гол үйл явдал оршиж байдаг хэмээн өгүүлжээ. Ерөөс аливаа урлагийн бүтээлүүд нэг бол эмнгэнэлтэй эсвээс “Гаргантюа ба Пантагрюэль” маягийн наргианаас бүтдэг байсан олон сонгодог жишээ бий. Тэдний дээд зорилгод тэмүүлэх санаанд ургуулсан бэлгэдэл дүрүүд ч мөн амьдралын хийсвэрлэлээс эрс өөр байлаа. “Опал” бол яг тийм хүслээс үүдсэн дүр.

“Орфей” театрын ээлжит бүтээл болох уг жүжгийг Америкийн зохиолч Жон Патрикийн “Everybody loves Opal” жүжгээс сэдэвлэн бүтээж, найруулагчаар М.Батболд ажиллажээ. Саяхныг хүртэл тус жүжиг Америкийн “The Barn” театрын тайзнаа тоглогдсон ба зарим улс оронд “Dear Pamela” нэрээр олны хүртээл болсоор байгаа юм.

II.

Жүжиг эхлэхэд театрын хүн, жүжгийн зохиолч гарч ирнэ. Тэрээр үзэгчидтэй хөтлөгчийн үүднээс ярилцаж, жүжиг тавих гэж буйгаа зарлах хийгээд чухам тэрхэн мөчид жүжиг хэдийнэ эхэлснийг зарим нь анзаараагүй ч байж мэднэ. Театр доторх театр. Жүжгийг найруулан тавьж буй уг театрын хүн зохиолоо гээснээс болоод өөрөө жүжигт оролцож, тун удалгүй бүтээл нь өөрөөс нь хамааралгүйгээр өрнөх болохыг таамаглах боломжгүй жир бус өгүүлэмжтэй төгсгөл рүү биднийг хөтлөнө.

Тэрээр жүжгийн үндсэн нэрийг “Энэ чавганцыг яаж цааш нь харуулдаг юм билээ” гэдэг болохыг дурдаад инээдмийн жүжигт тохиромжгүй болохоор нь сольсон гэдгийг онцлоно. Үүнээс гадна олон хэлц үг, хүндхэн хэллэг, цэвэр гадаадын шог яриатай учраас орчуулахад хэцүү байсан ч өөрт нь энэ тал дээр томоохон туршлага бий гэдгийг уриалан сануулна. Тэгэхээр нэг ёсондоо найруулагч өөрөө жүжгийн нэг хэсэг болж байна. Цаашлаад зохиолоо гээсэн тэр үеэс жүжигтээ оролцож, найруулан тавьж буй бүтээлийнхээ дүр болоод хувирчихна. М.Батболд найруулагч өмнөх жүжгүүддээ үзэгчдийг оролцуулж тайзны нэг хэсэг болгон зохиомжилдог арга барил нь энэ удаад ч төвөггүй мэдрэгдэх боловч цоо шинэ зүйл нэмж баяжуулсан нь ийнхүү анзаарагдана. Сонгодог жүжигт бол театр, түүн дээр гарч буй үйл явдал, гэрэлтүүлэг, хөгжмийн хэмнэл нь ямагт үзэгчдээсээ өндөрт байдаг. Харин пост-драм, абсурд театрын арга барилаар бүтээлүүдээ тодотгож ирсэн М.Батболд үзэгчдийн олж хараагүй илүү хурц содон илэрхийлэл, үргэлж тэдгээрт болоод хүнд ойр дөт байх замыг сонгодог нь “Опал” жүжгээс ч тодорхой харагдана. Тиймдээ ч үзэгч, урлаг хоёрын аль алинд нь ойр байгаа юм.

III.

Театрын хүн

Жүжгийг найруулан тавьж буй зохиолч буюу театрын хүний дүр “Опал”-д чухал үүрэгтэй. Тэр хүн үйл явдлын өрнөл, цааш үргэлжлэх хугацаа, гол дүрүүдийн хэлэх үг, хорон төлөвлөгөөг сайн мэднэ. Театрыг бүхэлд нь гаднаас удирдаж мөн чадах ажээ. Магадгүй энэ талаараа цаг хугацааны дүр байж ч болохоор.

Театрын хүний дүрийг жүжигчин Э.Чинзориг бүтээсэн байна. Кино болгонд шахам гардаг мөнгөтэй, баян захирлын дүрээр үзэгчид хэдийнэ мэдэх болсон түүний театрын тайзнаа бүтээж буй анхны дүр. Жирийтэл өрсөн улаан сандалд эгнэн суугаа үзэгчдэд өөрийн гаргаж буй дүрээ чухам л уяж, сандруу, бүтэл муутай, заримдаа эрс шулуун, тоочимж маягийн харилцан яриагаар өөртэйгөө болоод үзэгчидтэй харьцах уг дүр “Опал” жүжгийн амин судсын нэг байлаа.

Заримдаа зөвхөн түүний бүтээсэн театрын жүжигт явж орохоос гадна найруулч нь уг дүрээс гадуур хэн нэгэн байх боломжгүй мэт мэдрэмжид үзэгчдээ хүлж байв.

Жүжиг эхлэхээс төгсгөл хүртэл Э.Чинзориг дүрийнхээ гүйцэтгэлийг бүрэн дүүрэн гаргаж, заримдаа мангууран зогсох деталь хэсгүүдийг ч орхигдуулалгүйгээр сайтар хувирч чадсаныг зориуд онцлон магтууштай.

Опал

Опалын дүрийг жүжигчин О.Энхтуул бүтээжээ. Тэрээр Германд 15 жил аж төрсөн бөгөөд театрын тайзнаа гаралгүй 13 жил болсон тухайгаа хэвлэлийн хурлын үеэр өгүүлж байв. Түүний бүтээсэн Опал бол ядуусын хороололд байх өмхөрсөн хэдэн модон багана дээр тогтох оромжинд амьдран суудаг хараа муутай, найз нөхөдгүй ч хүнлэг сэтгэлээр дүүрэн, цаг ямагт баярлан хөөрч явдаг нэгэн билээ. Гэвч тэр үнэхээр Өрнөдийн аль нэг хотын ядуусын хороололд суугаа хүнлэг эмгэн үү, эсвээс театрын зохиолчийн бодож олсон ямар нэгэн үхэшгүй мөнхийн бэлгэдэлт санааны үр шим үү гэдэг нь тун эргэлзээтэй.

Опал өөрийг нь цааш харуулахаар төлөвлөсөн этгээдүүдийг гэртээ сайхан сэтгэлийн үүднээс хүлээн авч, өдөр өнгөрөхийн хэрээр зан чанар, сэтгэлзүйд нь нөлөөлснөөр оршихуйдаа уусган нэгтгэж байдаг.

Жүжгийн сүүлчийн үзэгдэлд түүний итгэлт цагдаа болох Янки найзуудынх нь хорон төлөвлөгөөг зарим сэжүүрээр сануулахыг оролдсон ч Опал үргэлж эсэргүүцнэ. Тэрхүү Опалын эсэргүүцэл буюу бусдыг хүнлэг, өөрийнх нь дотны найз хэвээр үлдээхийг чухалчихсан мөн чанар ч жүжиг эхлэх үед алуурчны сэтгэлзүйгээр хооллож байсан Сол Бозо, Глория нарт хэрхэн нөлөөлснийг үзэгчид гуравдугаар үзэгдлээс олж хардаг.

Мөнхүү хүзүү нь эв хавгүйгээр хөшсөн нэгнийг гараараа хэд нухлаад л эдгээчихээс гадна жүжгийн төгсгөлд зохиолч буюу театрын хүн бус Опал өөрөө тайзыг жижигрүүлсэн хувилбарт хүрч, том харааны шилээр тэднийг тольдох агаад цасан ширхэг мэт цаас тайзны голоос унана. Тэрээр амьдрал цааш хэрхэн үргэлжлэхийг найруулагч мэдэхээс гадна, бүх зүйл эцэстээ өөрт нь хамаагүй болсныг зарлана. Энэ л үед Опалын найзууд, театрын хүн ч гүн бодлогоширолд автдаг. Ингэснээр Опал хүн мөн үү, эсвээс дээр өгүүлсэн шиг зохиолчийн бодож олсноор ямар нэгэн үхэшгүй мөнхийн бэлгэдэл болсон бурханлиг дүр үү эсвээс тэр ерөөс гуйлгачин эмгэнд хувилсан бурхан уу гэх эргэлзээ бий болно. Хариулт нь мэдээж үзэгчдийн сэтгэлд, жүжгийг хэрхэн хүлээж авсан тэр л оюун бодлынх нь гүнд үлдэнэ.

Даатгалын эмч

Жүжигчин Ц.Төмөрбаатар даатгалын эмчийн дүрийг бүтээх ба жүжгийн хоёрдугаар үзэгдлийн нэг л хэсэгт тогложээ. Аливаа бүтээлд гарах дүр хэмжээ болоод цаг хугацаанаас ямагт хамааралгүй оршиж байдаг хэмээх нь бий. Даатгалын эмч бол  тийм л дүр. Жүжгийн нэгээхэн хэсэгт, цөөн хэдэн минутанд үзэгдэх боловч Ц.Төмөрбаатар уг дүрийг хүзүүний өвчтэй хөгшин хүний алиалагч маягийн үсэрч цовхочсон хөнгөн хөдөлгөөн, хоолойны бүдэг сааралдуу өнгө, заримдаа хяхтнасан авиа гаргах шиг ярианы өгүүлэмжтэй хослуулан чадварлагаар бүтээжээ.

Үл ялиг урагш бөгтийсөн, том улаан хамартай түүний хөдөлгөөн чухам л алиалагчаас гадна Виктор Хюгогийн зохиолд дүрслэгдэх “Инээмтгий хүн”-ийг санагдуулж байлаа. Энэхүү даатгалын эмчийн дүр, Опалтай өрнүүлж буй ярианаас гадна үйл хөдлөл нь ч тэр чигтээ сарказмын гоёмсог илэрхийлэл, найруулагчийн чадварлаг урлал байсныг дурдах нь зүйтэй.

Чухам л  Опалтай хийсэн түүний гэрээ, уг тоглолт нь жүжгийн хамгийн хөнгөн хийгээд наргиантай үзэгдэл ба хөдөлгөөний ёжлолт өнгө аясаар сарказмыг урлан гаргасан юм.

Гол гурвал

Химичийн дүрээр эхэндээ хуурах ч басхүү чамгүй инженер болох Брэдийн дүрд Т.Сэргэлэн тогложээ. Харин Сол Бозогийн дүрд Н.Онон, Глориягийн дүрийг жүжигчин Т.Ариунчимэг нар бүтээсэн юм.

Эдгээр дүрүүд бол Опалын найз нөхөд, басхүү түүнийг алах хорон төлөвлөгөөг хэрэгжүүлэгсэд. Гэвч хошин элэглэлийн үйл явдлыг хурц өрнөлүүдтэй холбон нэгтгэсэн уг жүжгийн туршид дүрүүдийн зөрчил тэмцэл тодхон харагдана. Харин иймэрхүү уламжлалт аяст сэтгэлзүйн зөрчлүүдийг нэмснээр уг жүжиг өмнө нь бидний үзэж дасаагүй цоо шинэ зүйлийг дотроо агуулж байгаа юм.

Энэ нь Сол Бозо, Брэд, Глория гэх гурван дүрийн үйл явдлыг өргөжүүлж буй үзэгдэл бүр дэх харилцан ярианд гарах хоорондын зөрчил, эвлэрэл зэрэгт агуулагдана.

Брэдэд тоглосон Т.Сэргэлэн дүрийнхээ эрс шийдэмгий зан чанарыг хошин наргиа, ёжилсон хурц үг хэллэгээр ч илэрхийлэхдээ огцом хөдөлгөөн, хөгжилтэй болоод хорон санаандаа нухацтай автсан эрийн дүрийн аль алинд нь алхам бүртээ сайтар хувирч байсан билээ. Заримдаа тайзны нэг өнцгөөс нөгөөд хүрч, үзэгчдийн дундуур чанга чанга ярин алхаж байхдаа Опалыг хороох төлөвлөгөөндөө автаж гүйцсэн залуугийн цоргисон харцаар үзэгчдийг нэвт сүлбэж байв.

Бозогийн дүрийг бүтээсэн Н.Ононы хувьд ч ялгаагүй адил. Ерөөс бидний өмнө харж дадсан хошин шогийн тоглолтуудаас эрс өөр дүр төрх, жүжиглэлтийг М.Батболд найруулагчтай ажилласан, түүнийг жүжигт тоглосон уран бүтээлчдээс бид харж байна. Бозо бол Опалыг хороох санааг анхлан сэдэж, хамгийн эхний бүтэлгүй төлөвлөгөө боловсруулсан нэгэн. Гэвч жүжгийн дараагийн үзэгдлээс эрэгтэй Опалд хувирчихсан явна. Гэнэтэд дарангуйлагч, гэвч хормын дараах агшинд л бүтэлгүй санаандаа автан баясаж хөхрөх, уцаараа байж ядан дарах, тэвчиж хүлээсэн болгон нь нуран унахад ноомой хүүгийн хүлцэнгүй харцаар ширтэн зогсох хүний зан төлвийн олон шинжийн ямар нэгэн ухаалаг, хүчилсэн жүжиглэлтгүйгээр яг таг харуулсан гэдэг бат итгэлтэй байнам.

Жүжгийн гол дүрүүдийн нэг бол Глория. Түүнийг дүрийг бүтээсэн Т.Ариунчимэг жүжигчинтэй анх С.Бямба найруулагчийн “Хэвтрийн хүн”-ээр, дараа нь “Гэм зэм” жүжгийн хоёрдугаар улирлын тавилт дээр мөрдөгч Порфирий Петровичийн дүрээр танилцсан билээ.

Глория бол шулуухан хэлэхэд, биеэ үнэлэгч. Гэхдээ М.Батболдын өмнө найруулсан “Гэм зэм”-ийн Сонятай харьцуулахаар “ариун биеэ үнэлэгч”-ийн бэлгэдэлт дүр биш  л дээ. Харин ч эсрэгээрээ мэт санагдана. Гэвч дүрийн өсөлт нь мөнөөхөн хайр сэтгэлийн хүчнээс үүдэлтэйгээр түүний доторх эмэгтэй хүний нинжин, өрөвч цайлган, адармаат хувь тавиланг алгуурхнаар цогцлоож өгнө. Т.Ариунчимэг жүжигчин харин Глориягийн дүрд бүрэн дүүрэн уусаж, хэтэрхий гүнзгий орсонгүй. Тэр үзэгчдэд дүрийн шаналалт баяр баясгаланг зөвхөн үзүүлж байгааг нь нөхөөстэй бамбарууштай хийж буй бяцхан хэсгээс л илт харагдана. Энэ тун зөв гэдгийг хэлэх хэрэгтэй. Учир нь театрын онолч Брехт жүжигчин хүн дүрдээ бүрэн хувирхаас татгалзаж түүнийг үзэгчдэд харуулах л үүрэгтэй тухай цохон тэмдэглэсэн байдаг шүү дээ.

Цагдаа

Жүжигт гарах дунд эргэм насны цагдаа Янкигийн дүрд жүжигчин Д.Баттөмөр тогложээ. Тэрээр сүүлийн жилүүдэд тайз, дэлгэцийн уран бүтээлд төдийлөн дүр бүтээгүй бөгөөд “Опал”-д тоглосон нь бас л шинэхэн эргэн ирэлт болж хувирлаа.

Байсхийгээд л гар буугаа дээш өргөн “Би Сицил хүн” хэмээн хэлэх түүний дүр бол өдгөө бидний дунд үй түмээрээ буй хамтын нийгэм дэх хүмүүсийн төрөлх зан чанарыг ёгтлон үзүүлсэн хэлбэр мөн.

Опалын хамгийн сайн найз, итгэлт нөхөр болох эл цагдаа их хэмжээний мөнгөний сураг сонсоод эмгэнийг шуудхан тонилгож, шатаахаар эргэлт буцалтгүй шийдэж буй үнэн дүр жүжгийн төгсгөлд ил болно.

Хахир хатуу, заримдаа хэт няхуур, бодол болсоор түүндээ түүртэж, эргэлзэн тээнэгэлзэх авч бусдынхаа хорон төлөвлөгөөг шиншилж мэдсэн цагдаа гэнэтэд жаахан хүүхдийн томоогүй дүрсгүйтлээр үйл хөдлөлөө хоромхон зуур сольж буй нь үзэгчдийг баясгаж дөнгөнө. Заримдаа жүжгийн гол агуулга, утга санаанаас зориуд зайлсхийсэн уг дүрийн тэкстүүд өөртөө ёгтлолоос гадна жүжгийн төгсгөлийн хувиргалд л хамаатай үйлдлүүдийг давхар агуулж байлаа.

VI.

Опал хогийн цэгээс идэх, уух, өмсөх, хэрэгтэй хэрэггүй эд хогшил түүдэг ч тэрээр гуйланчилж явсангүй. Түүнээс гадна өөрийг нь хороох төлөвлөгөө боловсруулж, цагдаагийнхнаас нуугдаж гэрт нь бүгсэн гурван этгээдээс юу ч нэхдэггүй. Үүнтэй адил уг жүжиг ч бас үзэгчдээс ямар нэгэн ухаарал гуйдаггүй. Тэгээд ч хүн бүрт адилхан мэдрэмж төрүүлэх эцсийн ганц боломжит хариуг ч үлдээхгүй. Жүжгийг хэрхэн мэдэрч, дүрүүд болоод тайзыг бүхэлд нь хөдөлгөөнд оруулж буй санаануудаас чухам алинд нь итгэхийг театрт хөл тавьсан хүн бүр өөрийнхөөрөө тунгаан бодох эрх чөлөөг олгоно.Заримдаа ярилцаж буй хүнийхээ урд талаас нь харж, зөрчил агуулсан текстүүд дээр хөгжим, анивчих гэрлийн нөлөөгөөр дахин зогсоц хийн кино кадр солигдох шиг агшинд ар талаас нь харах найруулагчийн олон шинэлэг шийдэл, уран тавилтуудыг уг жүжгээс харах болно.

Хэн нэгний дотоод шаналанг бусдад тулгах, Опалыг цөхрөн туйлдуулах, өнгө, дуу, хэлбэр, агуулгаас ч цаана орших далдын хэлхээсийн тухай ч найруулагч ямар нэг хөнгөн алхам хийгээгүй нь тун гоёмсог шийдэл юм шүү.

Тэгээд ч урлаг зөвхөн түүнд хүрэлцээтэй түвшин, ойлгогддог хүрээгээр л хязгаарлагддаг зүйл биш. Хэн ч хүртэж, таашааж болох зүйл. Гэтэл хэн нэгэнд хүчээр тулгалгагүй, мэдрэх эрхийг нь чөлөөтэй тавьж өгсөнөөрөө л “Опал” бусад жүжгээс эрс ялгарна. Гол нь урлагийг тодорхой хүрээн дэх нөхцөлд оруулан таашаадаг далдын ямар нэгэн зөн совинлог төсөөлөл, эсвээс зэрэгцээ ертөнцийн хуулбар байх ёстой гэж санадаг хэм хэмжүүрийг л өөрийн бодлоос арчих хэрэгтэй болов уу. Үнэндээ урлаг ч тэр, энэ амьдрал ч тэр биднээс заримдаа юу ч нэхдэггүй шүү дээ.

Эцэст нь хэлэхэд, Опалын гэрт зочилно гэвээс хөшиг нь үргэлж нээлттэй. Харин миний хувьд өнөөдөр мэдэрсэн бүхэн минь хангалттай.


Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав