Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Парис-2024” Зуны олимп, паралимпын наадамд амжилттай оролцсон шигшээ багийн багш, тамирчдад төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Энэ оны олимпын анхы, цорын ганц мөнгөн медалийг жүдо бөхийн төрөлд хүртсэн Б.Баасанхүүд Монгол Улсын Гавьяат тамирчин цол олгож, гурван өрөө байр мөнгөн шагналаар шагнав.
Харин паралимпын анхны эмэгтэй аварга У.Сүрэнжавт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, “Сүхбаатарын одон”-гоор шагнасан юм. Засгийн газраас түүнд дөрвөн өрөө байх, мөнгөн шагналыг гардуулав.
Ийнхүү паралимпын бөөрөнцөг түлхэлтийн F40ангилалд өрсөлдөж мөнгөн медаль хүртсэн Ц.Баттулгад Монгол Улсын Гавьяат тамирчин цол олгож, гурван өрөө байр, мөнгөн шагналын хамт олголоо. Тийнхүү тус наадмын мөнгөн медальт МУГТ Г.Болор-Эрдэнэ, Хөдөлмөрийн баатар, МУГТ Э.Сондомпилжээ нарыг “Сүхбаатарын одон”-гоор шагнаж, тус тус гурван өрөө байр, мөнгөн шагналаар шагналаа.
Үүнээс гадна паратаеквондогийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ОХМ Н.Эрдэнэчимэг, Д.Батнасан, Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн холбоо, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Махариши нарт Гавьяат дасгалжуулагч цол, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулга, Гавьяат тамирчин, жүдо бөхийн дасгалжуулагч М.Бундмаа, паралимпын холбооны ерөнхийлөгч АҮ-ийн Гавьяат ажилтан Д.Нямхүү, хөнгөн атлетикийн мастеруудын дэлхийн аварга, Гавьяат тамирчин Ц.Раднаа нарыг “Сүхбаатарын одон”-гоор тус тус шагнажээ.
Харин Төрийн дээд “Алтан гадас” одонг Үндэсний шигшээ баг, паралимпын усанд сэлэлтийн тамирчин Хүрэлийн Номуунд хүртээлээ.