Энэтхэгийн Пуна хотноо дөрөвдүгээр сарын 14-23-ны өдрүүдээр шатрын гранпри цуврал тэмцээний тав дахь гараа явагдаж байна.
Эл тэмцээнд дэлхийн чансааны шилдэг 100-д эрэмбэтэй 10 шатарчин цэц сорьж буй юм. Тэдний нэг нь ФИДЕ Гранд Свисс тэмцээний дөрөвдүгээр байрт шалгарч уг тэмцээнд оролцох эрхээ авсан Их мастер Б.Мөнгөнтуул.
Тэрбээр Гүржийн Саломе Мелиаг буулгаж авснаар эхний өргийн дараах байдлаар тэмцээнийг манлайлж буй дөрвөн тамирчны нэг боллоо.
Их мастер Б.Мөнгөнтуул дараагийн тойрогт Хятадын Их мастер 22 настай Чжу Цзиньэртэй цэц сорино.
Гранпри цомын эзнийг зургаан цуврал тэмцээний дүнгээр тодруулна. Ингэхдээ нэг тамирчин гуравт нь оролцох эрхтэй.
Пунагийн гранпри бол Б.Мөнгөнтуулын цэц сорьж буй гурав дахь гараа юм. Тэрбээр хоёрдугаар сард явагдсан Монакогийн гранпри тэмцээнээс хүрэл медаль хүртсэн билээ.
У.Чинзориг