Шүүхийн тухай хуулийн дагуу хоёр жил тутам зохион байгуулдаг бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн ээлжит III чуулган Төрийн ордонд эхэллээ.
Энэ удаагийн чуулганаар хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журамд нэмэлт өөрчлөлт оруулах, шүүх эрх мэдлийн хүрээнд дагаж мөрдөх хууль тогтоомж, шүүхийн тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааг боловсронгуй болгох, шүүгчийн эрх ашгийг хамгаалах, сахилга, хариуцлагыг сайжруулах талаар илтгэл сонсож, хэлэлцэх юм.
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх чуулганыг нээж үг хэлэхдээ, Монгол төрийн шүүгч хүн өнгөний сүр, мөнгөний сүүдэрт бөхийх ёсгүй. Улс төр, бизнесийн явцуу ашиг сонирхолд үйлчлэн, улс орныхоо язгуур эрх ашгаас хэзээ ч урваж болохгүйг санууллаа.
Тэрээр "Шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй байх нь шүүхэд итгэх иргэдийн итгэлд чухал үр нөлөөтэй бөгөөд та бүхний анхаарах бас нэг чухал зүйл бол шүүхийн нээлттэй, ил тод, түргэн шуурхай байдал юм.
Ялангуяа олны анхаарал татсан, нийгмийг цочроосон хэргийн талаар бодит мэдээллийг хуулийн хүрээнд шуурхай өгч, иргэдийн эргэлзээг богино хугацаанд тайлж байх хэрэгтэй.
Шүүх хавтаст хэрэгтэй биш, хүнтэй ажилладаг гэдгийг санаж, шүүх эрх мэдлийн ажлын үр дүнг хэмжих гол хэмжүүр бол шүүхийн шийдвэрийн үндэслэл, түүнийг зөв тайлбарлан хүргэх юм гэдгийг ямагт санаж ажиллах учиртай.
Иргэд шударга шүүхээр шүүлгэх, хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх Үндсэн хуулийн заалтын хэрэгжилт, хууль хэрэглээний нэгдмэл байдал ч үүнээс шууд хамаарна" гэв.
Мөн шүүх эрх мэдлийн шинэтгэлийн үйл явцыг анхааралтай ажиглаж, бодлогын түвшинд ямагт дэмжсээр ирснээ онцолж, цаашид ч улам бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.
Ээлжит III чуулганд Монгол Улсын бүх шүүгч буюу 518 шүүгч оролцож байгаа бөгөөд Шүүхийн Ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүдийг сонгоно. Ерөнхий зөвлөлд Анхан шатны шүүхээс найм, Давж заалдах шатны шүүхээс зургаа, Хяналтын шатны шүүхээс нэг, нийт 15 шүүгч нэрээ дэвшүүлжээ.