Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам дэлхийн нэрт үнэт эдлэлийн цуглуулагч, “Albion Art Jewelry Institute”-ийн үүсгэн байгуулагч Казүми Арикава, Японы орчин үеийн урлагийн төлөөлөгч Торү Күранүки нарыг хүлээн авч уулзлаа.
Тэд Монголд ирээд Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейг үзэж, Монголын соёлын үнэт өв, дурсгалууд ялангуяа Өндөр гэгээн Занабазарын мутрын хийцийн бүтээлүүдийг сонирхон өндөр сэтгэгдэлтэй байгаагаа илэрхийлэв. Тэд цаашид Занабазарын бүтээлийг олон улсад сурталчлах, Японд үзэсгэлэн гаргах, өндөр чанартай каталоги хэвлүүлэх зэрэг хамтын ажиллагааны саналуудыг дэвшүүлэв.
Казүми Арикава Монголын соёлын өвийг олон улсад сурталчлахад хамтран ажиллахаа илэрхийлэхийн зэрэгцээ олон улсын туршлагыг Монголын хууль эрх зүйн орчинд нэвтрүүлэхийн чухлыг онцоллоо. Тэрээр үнэт эдлэл, урлагийн цуглуулгыг зөвхөн гоёл чимэглэл бус нийгмийн оюун санаанд нөлөөлөх хөрөнгө оруулалт гэж үздэгээ илэрхийлэв.
Уулзалтын үеэр сайд Ч.Ундрам Монголын соёл, урлагийн үнэт өвийг дэлхийд түгээх, хоёр улсын соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх үйл хэрэгт бүх талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.
Уран бүтээлч Торү Күранүкигийн тухай дурдвал:
Өдгөө 77 настай Торү Күранүки нь Японы орчин үеийн урлагийн уран бүтээлч, “Кёозан-Ха” урлагийн үзэл санааны хөдөлгөөнийг үндэслэгч бөгөөд чулуугаар “зурах” өвөрмөц арга барилаараа танигдсан. Тэрээр бүтээлийнхээ үзэл санааг чулуугаар илэрхийлж, чулууны бүтэц, өнгөний нийлэмжийг уран бүтээлдээ тусгадгаараа онцлог уран бүтээлч юм.
Түүний хувьд чулуу бол зүгээр нэг материал бус өөрийн онцлог шинж чанартай, “амьд холбогч” элемент гэж үздэг. Чулууны хэлбэр, өнгө, бүтцийг даган урлан бүтээдэг тул бүтээл бүр нь дахин давтагдашгүй байдаг.
Күранүки Монголд ирэхдээ мөн чулууны талаар монголчуудын уламжлалт ёс заншлыг хүндэтгэн судалж, бөөгийн зан үйлийн утга учрыг ойлгож, түүнийгээ бүтээлдээ тусгахыг зорьсон гэдгээ онцолсон.
Түүний “Хязгааргүй чулуун цуурай” үзэсгэлэн 2025 оны 9 дүгээр сарын 20-ноос 10 дугаар сарын 04-ний өдрүүдэд Чингис хаан Үндэсний музейд олны хүртээл болж байгаа билээ.