Сэтгүүлийн зураг авалтын үеэр The New York Times-ийн хамт олонд яг л тийм боломж олдсон байна. Алдартай цувралыг шимтэн үздэг тус сонины сэтгүүлч, ажилчид дараах асуултуудыг асууж заримд нь хариулт авчээ.

Морийн Дауд 
[Нью-Йорк Таймс 
сонины тоймч]: 

 

-"Game of Thrones"-ийн дүрүүдээс аль нь Трамптай хамгийн төстэй вэ? Дэн Вайс [Game of Thrones цувралын найруулагч] "Дональд Трамптай хамгийн адилхан дүр бол Ходор. Яагаад гэвэл тэр өөрийнхөө нэрийг л байнга хэлж байдаг" гэж байсан. 
Мартин: /инээв орч./ Хөгжилтэй юм. Сонгуулийн сурталчилгааных нь үеэр л би Трампыг Жофритой адилхан юм байна аа гэж бодож байлаа. Сэтгэл зүйн боловсролын хувьд ижил түвшнийх гэх юм уу даа. Жофри хүн болгонд л өөрийгөө хаан гэдгийг сануулж байдаг. Тэгээд хаан болсноор юуг ч хийж болно оо гэж боддог. Бидний амьдарч байгаа ертөнц Вэстерос шиг хэмжээгүй эрхт хаант засаглал биш харин үндсэн хуульт ардчилсан засаглал шүү дээ. Гэтэл Трамп энийг ерөөсөө ойлгохгүй байх шиг байгаа юм. Ерөнхийлөгч болчихоор л юу ч хийж болохоор боллоо гэж бодоод байх шиг. Тийм болохоор Жофри бол Трамп юм даа. 
-Дауд: Өнөөгийн геополитикт Game of Thrones-оос үлгэр жишээ авах юм юу байдаг бол?
-Мартин: Энэ асуултыг алгасъя. 
-Дауд: Улаан үстэй хүмүүс ямар их гардаг юм бэ?
-Мартин: Би улаан үстэй хүмүүст дуртай. Улаан үстэй хүүхэнтэй гэрлэсэн. Миний амьдралд ч улаан үстэй хүмүүс олон байсан. Тэглээ гээд би шар, хар, бор үстэй хүмүүст дургүй гэсэн үг биш. Тэр байтугай халзан хүүхнүүд ч таалагддаг. Гэхдээ би улаан үстэй хүмүүст дуртай. 

Фарад Манжү 
[Бизнес Дэй 
сэтгүүлийн 
Урлагийн тоймч]: 

 

-Дэлхийн уур амьсгал яагаад өөрчлөгдөж байгаа тухай ойлголтыг Game of Thrones-оос харж болно гэж зарим ажиглагч нар хэлээд байдаг. Энэ тухай таны бодол? 
Мартин: Энэ их санамсаргүй юм болчихсон. Би Game of Thrones-ийг 1991 онд бичиж эхэлсэн. Тэр үед уур амьсгалын өөрчлөлтийн тухай тийм их яриад байдаггүй байсан. Гэхдээ өргөн агуулгаараа уур амьсгалд улс төр яаж нөлөөлж байгаа тухай харьцуулалт байдаг байж болох юм. Яагаад гэхээр Вэстеросын хүмүүс ямар нэг байдлаар эрх мэдэл, хэргэм зэрэг, эд баялгийн төлөө л тэмцэлдэж байна шүү дээ. Тийм ч учраас "Өвөл айсуй" гэдэг дохиог тоох ч завгүй байгаа юм. Гэтэл "урт өвөл" ирэхэд өөрсдийнх нь үхэн хатан тэмцээд байгаа эд баялаг, тэр байтугай амьдарч байгаа ертөнц нь мөхөж болохыг анзаарах сөхөөгүй байна гэсэн үг. Бид нар өнөөдөр хувийнхаа тэмцлийг дор бүрнээ хийж байх зуур манай гаригт юу болоод байгааг анзаарч чаддаггүй гэдэгтэй адил. Тэр тэмцлүүд нь мэдээж хүний эрх, улс төрийн тогтвортой байдал, гадаад бодлого, нийгмийн хариуцлага гээд чухал зүйлс мөн л дөө. Гэтэл эдгээр зүйлсийн төлөө тэмцэж байхдаа бид ямар их эрчим хүч зарцуулж байна вэ, тэгснээрээ уур амьсгалын өөрчлөлтөд хувь нэмрээ ямар сайн оруулж байгаа билээ? Эрдэмтдийн 99.9 хувь нь надтай санал нэгдэх байх. Галав юүлээд газар дэлхий усан доор орчихвол бид нар ажилгүйдэлтэй тэмцэж чадах уу? Тэгэхээр дараагийн сонгуульд ялалт байгуулахыг хүсч байгаа ямар ч улс төрч хамгийн түрүүнд уур амьсгалын өөрчлөлтийн тухай ярих хэрэгтэй гэж бодож байна. Харамсалтай нь  тэгдэг улс төрч цөөхөн. Бид нар Үндэсний хөлбөмбөгийн тамирчид төрийн дуулал эгшиглэхэд босох ёстой эсэх тухай маргалдахдаа уур амьсгалын төлөө дуугардгаасаа илүү мэтгэлцэж, илүү их эрчим хүч үрж байгаа гэдэгт итгэлтэй байна. 

Жонатан 
Галинский 
[Редакцийн төлөвлөлт хариуцсан дарга]: 

 

-Өнөөгийн удирдагч нар Вэстеросын удирдагч нараас юу суралцаж болох вэ?
Мартин: Ямар ч удирдагч Вэстерост болж байгаа үйл явдлаас сургамж авч болно гэж боддог. Зохиолд "Хаан бол шударга ёсыг сахиулагч. Үгүй юм бол хаан байгаад яах юм бэ?" гэсэн өгүүлбэр байдаг. Өнөөдөр хаан гэж байхгүй л дээ. Бид нар ерөнхийлөгч, парламентын гишүүдээ сонгодог. Гэхдээ л утга санаа нь адилхан. Ард түмэндээ үйлчилж, тэр албан тушаалд очихоос өмнө ямар байсан түүнээс илүү сайхан болгож өгөх л ёстой биз дээ? Гэтэл тэгж чадаж байгаа билүү? Ард түмэнд үйлчлэх ёстой болохоос өөрийгөө болон өөрийнхөө ивээн тэтгэгч нарыг баяжуулах ёсгүй биз дээ. 

Карл Хулсэ 
[Вашингтон дахь редакцийн ахлах сурвалжлагч]: 

 

-Энэ хачин жигтэй, цус асгаруулсан, ээдрээтэй ертөнцийг бүтээхдээ та ийм их алдар нэрд хүрнэ гэж бодож байсан уу? 
Мартин: Мэдээж тэгж бодоогүй. Яахав зохиол минь олонд танигдаасай гэж хүсэж л байсан. Бүх зохиолч л тэгж хүсдэг байлгүй. Ном бичээд хүн худалдаж аваад уншиж л байвал ядарсан зохиолч байрны зээлээ ч төлнө. Дараагийн номоо ч хэвлүүлэх мөнгөтэй болно биз дээ? Тэгэхээр мэдээж олонд танигдана гэж найдсаны үндсэн дээр л бичнэ. Энэ тал дээр би өөрийгөө их азтайд тооцдог. Би 1971 онд анхны зохиолоо хэвлүүлснээсээ эхлээд л уналт сэргэлттэй он жилүүдийг туулж гарсан. Шагнал хүртсэн, нэрд гарсан зохииолууд ч надад бий. Гэхдээ Game of Thrones-тэй харьцуулахад юу ч биш байсан. Бүр дэлгэцийн бүтээл болохоосоо ч өмнө миний хүлээлтийг хэд дахин давсан. Тэгээд телевизийн цуврал болсноосоо хойш бүр л галзууруулж эхэлсэн. Зүгээр ч нэг амжилттай цуврал байгаад зогсохгүй, дэлхийн хамгийн амжилттай цуврал болсон шүү дээ. Тэгэхээр хэн ч ингэж төсөөлөөгүй. Би ч мөн адил. 

Корал Дэйвэнпорт
 [Вашингтон дахь редакцийн Эрчим хүч, байгаль орчны сурвалжлагч]: 

 

-Таны унших дуртай ном, үзэх дуртай цуврал? 
Мартин: Өө тэнгэр минь гэж... Хуучны, орчин үеийн, бүр ирээдүйд гарах гээд зөндөө байна даа. Дуртай номноосоо эхэлье. Мэдээж "Бөгжний эзэн". Миний хамгийн хайртай зохиолч нарын нэг, шинжлэх ухааны зөгнөлт зохиолын мастер Жэк Вансын зохиол, миний уншиж өссөн олон уран зөгнөлт, фантаазуудыг бичсэн Роберт А.Хайнлайны номууд. Санта Фед амьдарч ахуйдаа надад багшилж байсан Рожер Зэлазнигийн "Гэрлийн эзэн", "Гэрлийн ба харанхуйн амьтад" гээд олон гайхамшигтай зохиолууд байна. Гэхдээ би шинжлэх ухааны уран зөгнөлөөс өөр зөндөө ном уншдаг. Бернард Корнуэлийн түүхийн зохиолууд, мөн "Агуу Гэтсби"-гээс авахуулаад нууцлаг романууд, триллэрүүдэд дуртай. Одоогоор Ли Чайлдын зохиол Жэк Ричерийн цувралуудыг уншиж байгаа. Би Стивен Кингийн зохиолуудыг хагас зуун дамнан уншиж байна. Манай үеийн хамгийн агуу зохиолчдын нэг. Дуртай номнуудаа уншихад цаг хүрэхгүй л байна шүү. Харин дэлгэцийн бүтээлийн хувьд гэвэл манай үеийнхэн бол анхдагч нь. Би зурагт үзэж өссөн, одоогоороо ч үзсээр байна. Өнөө бид телевизийн алтан үед амьдарч байна. Game of Thrones-тэй Эмми шагналд өрсөлддөг "Саул руу залгасан нь дээр", түүний өмнө гарсан, зураг авалтыг нь энд Албюкеркид хийсэн Breaking Bad байна. HBO-ийн гаргасан "Софранос", "Дюс" гээд гоё цувралууд байна. Би бас инээдмийн цувралуудад дуртай. Одоогийн байдлаар миний хамгийн дуртай инээдмийн цуврал бол The Big Bang Theory. Зарим цувралыг бүр дөнгөж үзэж эхэлж байтал зураг авалт нь дуусчихсан байдаг. Тийм хурдтай ар араасаа гарч ирж байна. Телевизийн бүтээл үзэх дуртай хүнд бол амьдрахад сайхан л цаг юм даа. 
Дэйвэнпорт: Өөрийгөө түүх сайн мэддэг гэж үздэг үү? 
Мартин: Тийм шүү. Ялангуяа эртний болоод дундад зууны түүхийн тухай нэлээн сайн мэдлэгтэй гэж боддог. 
Дэйвэнпорт: Game of Thrones-ийн дүрүүдийг жинхэнэ түүхэн хүмүүсээс сэдэвлэсэн тохиолдол хэр олон байгаа вэ?
Мартин: Байлгүй яахав. Английн Йоркууд, Ланкастеруудын хоорондын дайн. Сарнайн дайн ч гэж ярьдаг. Тэр үйл явдлаас санаа авсан нь ойлгомжтой харагддаг байх. Би Зуун жилийн дайн, Загалмайтны аян дайнуудын тухай их уншсан. Дундад зууны түүх, тэр тусмаа Англи, Францын түүх их сонирхолтой. Орос, Испани, Скандинавын дундад зууны түүхийг судлахыг хүсдэг. Эртний Грек, Ром, Агуу Александрын байлдан дагуулалтын түүхийг ч бас бишрэн уншдаг. 

Изабел Вилкинсон 
[Нью-Йорк Таймс Стайл сэтгүүлийн Вэбсайтын эрхлэгч]: 

 

-Малгайнуудаа хаанаас авдаг вэ? 
Мартин: Янз бүрийн газраас л. Би ийм Грек усан цэргийн малгай их өмсдөг. Гэхдээ өөр зөндөө малгай байгаа. Далбагар сийрсэн малгай, бүрх малгайнууд, хуучны ковбой малгайнууд байгаа ч хол замд авч явахад төвөгтэй байдаг болохоор зөвхөн хотод л өмсдөг. 
Вилкинсон: Сахлаа янзалдаг уу? 
Мартин: Долоо хоногт нэг удаа сахлаа тайруулж янзлуулдаг. Толгойн дээрх үснээс минь хурдан ургана шүү дээ. Байн байн янзлуулахгүй бол өвгөн зурхайч шиг л харагдана даа /инээв/.
 

Марина Франко 
[Нью-Йорк Таймс испани хэлээрх сэтгүүлийн редактор]: 

 

-Өөр ямар зохиолоо дэлгэцийн бүтээл болгохыг хүсдэг вэ? 
Мартин: За, сүүлийн 30 хэдэн жил редакторлаж ажиллаж байгаа Wild Cards цуврал зохиол маань телевизийн бүтээл болох гээд байж байна. Ойрын нэг хоёр жилдээ нээлтээ хийх болов уу. Надад зуу шахам өгүүллэг, тав зургаан роман байна. Зарим нь дажгүй кино болох байх шүү. Зарим нь ч дэмий байх. Миний "Fevre Dream" гэдэг түүхэн аймшгийн зохиол байгаа. Түүгээр кино хийвэл гоё болно доо. Иргэний дайнаас өмнөх үед өрнөх цус сорогчийн түүх байгаа юм. Game of Thrones-оос өмнөх хамгийн танигдсан ном маань энэ байх. Үнэндээ бол хамгийн сайн бүтээлүүдийн маань нэг. 
 

Крэйг Сайдэл 
[Цалин урамшууллын хэлтсийн дэд дарга]: 

-Зохиолд үхдэг дүрүүдээс нэгийг нь үхүүлэхгүйгээр цааш үргэлжлүүлэх болбол хэнийг үхүүлэхгүй байх вэ? 
Мартин: Алгасъя. 
 

Эла Ланис 
[Зөвлөх]:

-Вэстерос юм уу Эссосын хаана нь амьдрах байсан бэ? 
Мартин: Чөлөөт хот Браавост амьдрах байсан байх аа. Амьдрахад их догь газар юм шиг санагддаг. 
Ланис: Ямар үйл явдлыг зохиосондоо хамгийн их харамсдаг вэ? 
Мартин: За, алгасъя аа. 
 

Дэбра Холмс 
[Хэвлэмэл бүтээгдэхүүн борлуулах төвийн ажилтан]: 

Шоуны үзэгчид Жоанна Ланистерын амьдрал, түүний Тайвинтай болон хүүхдүүдтэйгээ харилцах харилцааны талаар илүү ихийг мэдэх боломжтой юу?
Мартин: Номоо л уншихаас өөр аргагүй дээ. 
Холмс: Тирионыг харж чадсан болов уу? Хүүгээ төрүүлээд хайрласан болов уу? Эсвэл цочирдсон болов уу? 
Мартин: Номоо унш.  
 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав