Interview сэтгүүлийн эрхэмсэг уншигчдадаа намрыг үдэж, өвлийг угтан буй яг энэ гоё үед шинэхэн дугаараа өргөн барьж байгаадаа баяртай байна. Жавар тачигнасан өвлийн сунайсан урт өдрүүдэд уншигч тантай өөрийн гэсэн амьдралынхаа түүхийг өөрийнхөөрөө бичээд явж байгаа ТҮК-ын ажилтан энгийн нэгэн эмэгтэй, олимпын тавцанд эх орныхоо нэрийг мандуулсан тамирчид, улс төрийн лидерүүд гээд олон сонирхолтой хүмүүсийг уулзуулахаар сонгон ярилцлаа.

Манай дугаарын ковер зочин энэ цагийн улстөрчид дотроос өвөрмөц зан араншин, хурд, эрч хүчээрээ онцгой ялгардаг, шүүмжлэл магтаалаар зэрэг зэрэг хучуулж явдаг хамгийн дуулиантай улстөрч болох Хотын дарга Хишгээгийн Нямбаатар.
Энэ ярилцлагыг уншиж байхдаа та яг над шиг эрчимлэг, нэг тийм өндөлзсөн, жирэлзсэн агаарт автах биз. Өөрийн эрхгүй тэр хэмнэлд нь ороод явчихдаг сонин хүн. Бас заримдаа ярилцлагаа зогсоож байгаад тас тас инээмээр хөгжилтэй хүн.

Манай хуудсыг эргүүлэн суугаа уншигч та “Тохижилт үйлчилгээний ажилтан” Ө.Оюун-Эрдэнэ, “Парис-2024” паралимпын наадмын хөнгөн атлетикийн төрөлд мөнгөн медаль хүртсэн, шүдний их эмч Ц.Баттулга, таеквондогийн эмэгтэй төрөлд алтан медаль хүртсэн У.Сүрэнжав, “Парис-2024” олимпын наадмын жүдо бөхийн төрөлд мөнгөн медаль хүртсэн Б.Баасанхүү, усанд сэлэлтийн төрөлд дэлхийн олон орны тамирчдаас 18-р байр эзэлсэн залуу тамирчин Б.Энххүслэн нарын ертөнцөөр аялах болно оо.

Өдөр бүр үүрийн таван жингээр босон бидний алхдаг гудамж талбайг чин сэтгэлээсээ цэвэрлэдэг олон мянган Тохижилт үйлчилгээний ажилтнуудын төлөөлөл болсон Ө.Оюун-Эрдэнэ бол энгийн хэрнээ өвөрмөц, гайхамшигтай ертөнцтэй эмэгтэй юм. Мөн дэлхийн тавцанд эх орныхоо тугийг мандуулсан тамирчдын тэсвэр хатуужил, дотоод ертөнц, үзэл бодлыг энэ удаагийн дугаартаа багцлан шингээлээ. Тэд бол дэлхийн хүмүүс билээ.

Сэтгүүл зүйн олон гайхамшигтай төрлүүд дотроос ярилцлагын төрөл бол хамгийн эхэнд жагсах даацтай том төрөл төдийгүй уншигчдыг богино хугацаанд тэр хүний ертөнцөөр аялуулдаг, мөн маш хурдан уншигддаг, мэдээллийн арвин багтаамжтай, үнэ цэнтэй төрөл юм. Бид энэ төрөл дээр мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэж байгаадаа баяртай байдаг.

Манай редакцын хувьд үнэн зөв, бодитой, мэргэжлийн түвшинд бэлтгэсэн агуулгыг уншигчдадаа хүргэхийг нэг номерт тавин ажилладаг. Тийм ч учраас та бүхэн манай сэтгүүлээс дутуу дулимаг зүйлийг олж уншихгүй гэдэгт итгэж болно. Сошиал орчны хэрүүл, хов живээс ангид үнэн бодит мэдээллийг эрхэмлэдэг уншигч тантай Interveiw сэтгүүл үргэлж хамт байх болно. Үүний төлөө бид хичээн ажиллаж байгаа шүү.

Биднийг дэмждэг уншигч бүхэндээ баярлалаа.

Ерөнхий эрхлэгч Бадамдоржийн Ганчимэг

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав