Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг манай дугаарын ковер зочноор уригдлаа. Өнөөгийн эрх баригчид дунд, ялангуяа эмэгтэй улстөрчдийн дотроос түүн шиг цэгцтэй, тодорхой, басхүү амжилттай манлайлал үзүүлж яваа улстөрч ховор. Түүний аливаад шуурч шуугидаггүй, хий гаргадаггүй, цэх чанар гадаад харилцааны сайдын алба хоёр хоорондоо зохицох гэж...

Ингээд 20 жилийн өмнө ярилцаж байсан хоёр ахин ярилцлагын ширээний ард сууцгаалаа.

-Таныг үйл ажиллагаагаараа нийгэмд маш сайн “уншигдаж” байгаа сайд гэж хардаг. 

-Баярлалаа.

-Харин намтар түүхийн хувьд бараг “уншигдаагүй” улстөрч юм байна. Тиймээс яриагаа хувийн асуултуудаар эхэлье. Та Баянхонгорын гаралтай гэж явж байна уу. Үнэхээр тэнд төрж өссөн үү. Уучлаарай, хүмүүс эцэг эхийнхээ нутгаар зүгээр л овоглодог байдал түгээмэл болохоор би ийм өнгөөр асууж байна л даа?

-Би хувийн амьдралаа төдийлөн ярих дургүй. Миний амьдрал хэнд хамаатай юм бэ гэж боддог юм л даа. Харин танд анх удаа ярих гэж байна. Би Баянхонгор аймагт төрсөн. Манай аав Баянхонгор аймгийн Галуут сумын хүн л дээ. Ээж маань Говь-Алтайнх. Аав, ээж хоёр маань оюутан байхдаа учирч гэр бүл болцгоосон. Тэгээд сургуулиа төгсөөд Баянхонгор аймагт ирж амьдарсан юм. Удалгүй би төрсөн. Манай аав тухайн үедээ Баянхонгорын барилга трест гэдэг аймаг дундын том аж ахуйн нэгжид ерөнхий нягтлан бодогч, ээж Баянхонгор аймгийн Боловсролын газрын ерөнхий нягтлан байсан. Социализмын үед хүний нөөцийн бодлого их мундаг байж дээ. 1978 онд анх чанарын бригад гэж байгуулагдахад аав маань одоогийнхоор бол ISO стандарт барилгын салбарт нэвтрүүлж, энэ салбарын бүртгэлийг боловсронгуй болгосон хүн юм. Тэр нь тэргүүн туршлагаар шалгарч, хожмын алдарт сэтгүүлч Ц.Балдорж очиж сурвалжлан “Арын албаны Батмөнх” гэсэн нийтлэл бичиж байжээ. Аав маань тэр жилдээ улсын шилдэг нягтлан бодогчоор шалгарч байлаа. 1980 оны эхээр Хөтөлийн цемент шохойн үйлдвэр байгуулагдахад аавыг санхүү эрхэлсэн захирал буюу ерөнхий нягтлангаар шууд томилсон байдаг. “Орон нутагт ажиллахгүй гэвэл Сангийн яаманд ажилла” гэсэн юм билээ. Дээд газраас “Гэлэгжамцын Батмөнхийн туршлагыг орон даяар нэвтрүүл” гэсэн шийдвэр гарч, барилгын салбарт бүхэлд нь нэвтрүүлсэн бахдам сайхан түүхийн эзэн юм аа, миний аав. 

Би Баянхонгорт төрөөд, аймгийн Нэгдүгээр арван жилийн сургуульд орсон хүүхэд. Дээр хэлсэнчлэн, аав маань Хөтөлд ажиллахаар томилогдож, намайг нэгдүгээр ангиа төгссөн зун манайх тийшээ нүүсэн юм. Хөтөл их сайхан цэвэрхэн суурин байв. Городок гэж оросуудын бүхэл бүтэн хороололтой. Манайх очингуутаа шинэ байранд орсон. Аав, ээж хоёр маань тухайн үед 29 настай залуу хос. Ээжийг ажилд орохоор очиход намын үүрийн дарга нь хүлээж аваад, орон сууцны конторын даргаар томилсон. Хөтөлд арван найман аймгаас илгээлтийн эзэд ирнэ. Ээж тэдэнд байр хуваарилдаг. Яваандаа манай хоёр Хөтөлийнхний хувьд ээж ааваас нь өөрцгүй шахуу болсон доо. Миний бага нас оросуудын дунд өнгөрсөн юм. Биднийг очиход Хөтөлд ажилладаг монголчууд цөөн, оросууд нь дийлэнх байв. Алдартай цементийн үйлдвэр нь мянга гаруй хүнтэй, үе үеийн дарга нар нь манай гэрээр дамжин амьдарч байгаад орон байранд ордог байлаа. Тосгон даяараа нэг айл шиг амь нэгтэй амьдардаг байв даа. Тэдний маань залуу насаа зориулж босгосон бүтээн байгуулалт одоо тэр хэвээрээ л байж байгаа. 

-Яг л социализмын үеийн монголын амьдрал нүдэнд харагдаж байна. Та аравдугаар ангиа төгсөөд шууд л гадаад харилцааны мэргэжил сонгосон уу?

-Тийм. Дарханд очиж конкурс өгч, оноогоороо нэгдүгээрт  ороод МУИС-ийн Олон улсын харилцааны ангийн хуваарь авсан юм. Тухайн үед манай тэнхим байгуулагдаад удаагүй байв. Олон улсын харилцаа гэдэг гоё, шинэ мэргэжил байна гэж аав маань зөвлөсөн . Манай аав шинэ юмыг их судалдаг, холбоотой мэдээллийг нь нэг мэдэхэд л олоод цуглуулчихдаг хүн байлаа. Олон улсын харилцааны ангид өндөр оноотой хүүхдүүд орж ирсэн, англи хэлний анги хамгийн олон хүүхэдтэй. Хот, хөдөөгийн гээд хоёр групптэй. Хотынхон нь багаасаа англи хэл үзчихсэн, гадаадад амьдарсан дипломатчидын хүүхдүүд цөөнгүй. Би уул нь гадаадад сурах мөрөөдөлтэй байсан юм. Гэвч тэр үе бол гадаадад явах нь байтугай харин ч оюутнуудаа нааш нь татаж авчирч байсан үе. Ингээд монголдоо сургуульд орсон хэрэг.  

-Гадаадад суралцаж байсан оюутнууд ерээд оны эхээр бараг бүгд ирцгээж байсан даа. 

-Яг тэр үе юм. Миний хүүхэд нас, оюутан ахуй үе адал явдал бараг байхгүй, хичээл-гэр гэсэн нэг л жимээр хөвөрсөн. Манай аав, ээж хоёр хоёулаа ерөнхий нягтлангийн ажилтай болохоор гэрийн бараа харахгүй. Өглөө сэрэхэд явчихсан, байхгүй л байна. Орой унтахад бас байхгүй. Би хоёр дүүгээ хараад л долоон настайгаасаа хойш яг айлын эзэгтэй шиг амьдарсан байдаг. Айлын хүүхдүүдээс хамаагүй ондоо. Гэхдээ дугуйлан, секцэнд явна л даа. Ерөнхийд нь авч үзвэл би багаасаа ээжийнхээ орлогч шиг хэмнэлээр өссөн. Гэрийн ажилд сайн. Манай ээж өөрөө маш аж ахуйч, гэрийн ажилд гаргууд, асар нямбай хүн байсан. Арвич хямгач, юмханаар юм хийдэг. Нөхрөө гэрийн дотоод ажилд хүргэдэггүй. Манай аав ёстой л гэртээ ирж иднэ, унтана, өөр ажил байхгүй. Өдөр шөнөгүй л ажлаа хийж байдаг хүн байдагсан. Гэртээ ирсэн ч зангиагаа тайлахгүй юм бичээд суух энүүхэнд, бүх юмаа төлөвлөж ажилладаг мундаг хүн байсан л даа. Бас урлагийн нарийн мэдрэмжтэй. Зурна, дуулна, шүлэг уншина. Уран уншина. Цанаар гулгана. Амьдралын их идэвхтэй, өөдрөг хүн. Манай ээж бол гялалзуур, эршүүд. Ядаж байхад Доржсүрэн гээд эрэгтэй нэртэй. Найзууд нь “Манай Доржсүрэн эрэгтэй хүн байсан бол цэргийн генерал болох хүн” гэж ярьдаг байлаа. Шулуун шударга үгтэй, ширүүн, чанга араншинтай, хүүхдүүдээ ч чанга өсгөсөн. Аав бол уян зөөлөн, бараг дуугардаггүй, цохиод авсан ч дуугардаггүй, уур уцааргүй хүн. Хаа нэг дуугарахдаа жинтэй дуугарна. Манай яруу найрагч Аюур эд нар  “Батмөнх ах маш ухаантай хүн байсан шүү” гэж дурсдаг. Бид нар аавын харцнаас нь л бүгдийг ойлгоно. Их алиа, ганц нэг үгээр бүгдийг ойлгуулдаг. Би айлын том хүүхэд болохоор багаасаа л “Өөрийнхөө бүх юмыг өөрөө шийднэ” гэсэн бодлоготой өсчихсөн.

-Өөр мэргэжил сонгох тухай ямар нэг мөрөөдөл байгаагүй юу?

-Би химийн хичээлдээ их сайн байлаа. Хоёрдугаар ангиасаа долоодугаар анги хүртлээ орос сургуульд сурсан. Оросууд буцсаны дараа монгол сургуулиа төгссөн. Орос сургуульд байхдаа химийн хичээлдээ хамгийн сайн нь байсан. Математикийн хичээлдээ бас сайн. Одон орон судлаач болно гэдэг. Хүүхдийн мөрөөдөл юм даа. Ээж аав болохоор намайг хэлний авьяастай гээд “Зах зээлд ороод ажил амьдрал их өөрчлөгдөх юм байна. Хэлтэй бол хөлтэй гэдэг юм. Миний охин орос хэлтэй юм чинь одоо англи хэл сур” гэж зөвлөсөн. Энд би нэг хүний талаар заавал яримаар санагдаж байна. Гадаад яаманд С.Хүрэлбаатар гэж хүн байлаа. Азийн газрын дарга, японд насаараа элчин сайд хийсэн. Аавын сайн найз л даа, арван жилийн нэг анги, Баянхонгорын хүн. Эхнэр нь Гандиймаа эгч, бас Баянхонгорынх. Тэд маань зуны амралтаараа монголд ирэхээрээ манай аав, ээж хоёртой хамт амардаг байв. Амарбаясгалант хийд рүү дөрвүүлээ жимсэнд явдаг. Хэдэн зун дараалж ирээд ярьж хөөрөхийн зууртаа Хүрлээ ах “Дипломат алба их сайхан” гэж билээ. Тэгээд аав маань намайг дипломатч болгох санал гаргасан хэрэг. Их сургуульд орохоор аавтайгаа Дарханаас ирээд Хүрлээ ахынд хамт очсон юм. Тэгэхэд ах “Ёстой чухал мэргэжил эзэмших гэж байгаа юм байна.Олон улсын харилцааны сургуульд манай яамны олон сайн дипломатч хичээл зааж байгаа. Сайн сураарай” гэж захисан. Дараа нь хоёрдугаар курсийн зуны амралтаар Дархан руу буцах гэж байхад “Таван хүүхэд аваад япон руу зуны зусланд явж чадах уу” гэхээр нь “Би хүүхэд сайн маллаж чадна аа” гэж хариулсан чинь “Маллахаар жаахан хүүхэд биш. Ахлах ангийн хүүхдүүд шүү. Авч явж чадна гэвэл яаман дээр ирээд шалгалт өг” гэв. Ингээд хэлний мэдлэгээ шалгуулаад явж байсан. Зориуд хариуцлагажуулж, намайг сорьж яаман дээр шалгасан байх гэж боддог юм. 

Хүүхдүүдтэй 21 хоног японд тэгж яваад Гадаад яамтай холбоотой болсон. Түүнээс хойш хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулалттай газар ажиллаад байнга гадагшаа явдаг боллоо. Орос хэлтэй болохоор хойшоо их явна. Манай аавын удмынхан гурав, дөрвөн үеэрээ өртөөний улаач хүмүүс байсан юм билээ. Ургийн овог авах болоход аав “Өртөөчин” гэдэг овог авсан. Аавын маань удмынхан хэдэн үеэрээ цөөхөн хүүхэдтэй улс байж. Нэг юм уу, хоёр хүүхэд л төрдөг байсан гэдэг. Манай аав өөрөө айлын хэнз хүүхэд, ганц ах нь өөрөөс нь арван гурав ах. Авга ах маань одоо нас нэлээд өндөр, Баянхонгор аймагтаа энх тунх сууж байна. Аав ингэж ургийн овог аваад, мөн ийм нэртэй компани байгуулж, янз бүрийн бизнес хийж эхэлсэн. “Алтан гадас” одон хүртэхэд нь ерөнхийлөгч Н.Багабанди гуай үйлдвэртэй нь очиж танилцаж байж билээ. Би аавыгаа баярлуулах гэж компанийнх нь үүдэнд өртөөчин гэдэг үгээр зохиомжилсон баримал тавимаар санагдаад Н.Орхон ахын дүү Н.Оргил гэдэг барималчаар гартаа гэрэгэ барьсан, хөтөлгөө морьтой улаа нэхэн давхиж яваа хүний зэс хөшөө хийлгэсэн. Их том хөшөө бий. Хоёр мориных нь доор сар шиг хэлбэртэй их том урт суурьтай тийм баримал хийж аавдаа дурсгахад маш их баярлаж байсан. Тэр гэрэгэтэй зохиомж нь надад маш их таалагдсан юм. Гэрэгэ гэдэг зүйл миний амьдралд энэчлэн нэг бус тохиолдсон нь их сонин санагддаг. 

Ерээд онд Олон улсын харилцааны сургуулийн оюутнууд диплом хамгаалдаггүй, мэргэжлийн хичээлүүдээрээ шалгалт өгч төгсдөг байсан. Би гэтэл диплом хамгаална гэж бодоод “Монгол, англи эртний захидлын харьцуулсан судалгаа” гэсэн сэдэв сонгосон юм. Монголын эртний дипломат албыг илтгэх гадаадын улс оронд явуулж байсан албан захидлууд байдаг, Гүюг хааны захидлаас авахуулаад. Тэрийг орчин үеийн англи хэлний албан захидалтай харьцуулан судална гээд сэдвээ сонготол судалгааны материал хомс юм. Архив, номын сангуудаар судаллаа, олигтой юм болдоггүй ээ. Ингээд явж байсан чинь улсын шалгалт нь түрүүлээд боллоо. Ангийнхнаа дэмжих гээд очсон чинь тэнхимийн эрхлэгч маань загнав. Диплом хамгаалахын тулд МУИС-ийн захирлаас зөвшөөрөл олж тушаал гаргуулах ёстой юм байжээ. Тэгээд “Диплом хамгаалах юм байхгүй, одоо шууд шалгалтандаа ор” гэж шаардахаар нь яах ч аргагүй явж ороод 100 оноо авч билээ. Шоконд ороод айсандаа толгой сайн ажилласан юм шиг байгаа юм. Одоо бодохоор, яагаад тийм сэдэв сонгосон юм бол, дөнгөж хориодхон настай хүүхэд юугаа ч бодож сонгосон юм гэж гайхдаг. Ямар ч байсан цаагуураа сэжим нь дипломат алба руу хөтлөөд, тавилан маань ийшээ л яваад байж гэж боддог юм. 

-Сургуулиа төгсөөд та шууд хувийн хэвшилд ажилласан байх?

-Тийм. Манайх гэр бүлийн компанитай байсан. Нөгөө талаар манай сургуулийг жилдээ төгсдөг 200 гаруй хүүхдээс Гадаад харилцааны яаманд гурваас дөрөв нь л ордог байв. Яаманд ажилд орох боломж надад бараг байхгүй. Хөдөөний, бас арын хаалгагүй. Манайхыг төгсөөд мэргэжлээрээ ажилладаг хүн ер нь ч цөөхөн. Манай төгсөлтийнхөн бүгд л нэг нэг компани байгуулаад, англи хэлтэй хүүхдүүд аваад янз бүрийн юм хийж байсан. Аав маань тэр үед Дарханд бизнес хийж байлаа. Би тэгэхэд аавтайгаа хэлэлцээ хийсэн юм. “Хотод амьдраад бизнес хиймээр байна, би хийж  чадна” гэж. Яагаад гэхээр би орчуулга хийж аавтай хамт Сингапур, Хятад, Солонгос, Орос явдаг байсан. Өөрийнхөө хэмжээнд бизнесийн ойлголттой, сайн муугийн зах зухаас үзчихсэн байв. Тэр үед компаниуд бүгд нялзрай, ганзагын наймаанаас компанийн түвшин рүү шилжих гэж цөөхөн нь үзэж байлаа.  Ямар ч эрх зүйн орчин байхгүй, өөр өөрийнхөөрөө л ажлаа хийж байсан. Түүхий эд материал нь урдаас орж ирдэг ганцхан “хаалгатай”.

-Аавтайгаа хэлэлцээ хийсэн гэдгээ тайлбарлахгүй юу. Сонирхолтой юм...

“Хэвлэлийн салбарт компани байгуулъя” гэхэд манай аав “Тэг тэг. Та хоёр гэр бүлээрээ ажилла” гэсэн. Манай хүн их ажилсаг. Бид танилцаж оюутны байранд гэр бүл болоод удаагүй байлаа. Компани байгуулсан түүх маань их сонин. Аав маань надад их итгэдэг болохоор “Бид хоёр зээл аваад юм хийе” гэхэд зөвшөөрсөн. Нэг, хоёрдугаар курсийн оюутанд 10-20 мянган доллар өгөөд л “Очоод тоног төхөөрөмжийг нь хямдруулаад бүх юмаа аваад ир” гээд гадагшаа ганцааранг маань явуулж байсан хүн шүү дээ. Аав өөрөө маш нямбай, тооцоотой хүн. 

-Аав тань тухайн үед хэвлэлийн бизнест орчихсон, амжилттай ч ажиллаж байсан гэдэг. Та хоёрыг компани байгуулахад хөрөнгө мөнгөөр тусалсан байх... 

-Яг ч тийм биш. Хөдөөний хүүхдүүд хавар гэрээс нь ноолуур ирэхээр их баяждаг юм. Манай нөхөр хангай нутгийн, мал сайтай айлын хүүхэд. Гуравдугаар курсийн хавар ноолуур ирээд бид хоёр 500 гаруй мянган төгрөгтэй болдог юм. Оюутны байрныхаа шүүгээнд хадгалаад, яахаа мэдэхгүй байж байтал ахынх нь найз “Надад зээлчих. Эргүүлж байгаад өгье” гээд авлаа. Дараа нь эргүүлж авах гэж араас нь бараг гурван жил хөөцөлдсөн. Гэрт нь очоод нэхэхээр урд төмпөнтэй талх тавиад “Мөнгө байхгүй” гээд суучихна. Сүүлдээ авч чадахаа байгаад оронд нь хоёр муу компьютер авлаа. Тэр нь нөгөө мөнгөнийх нь хаана ч хүрэхгүй. Хэвлэх үйлдвэр байгуулахад компьютер хэрэгтэй гээд л авч байгаа юм. Залуучуудын соёлын төвд нэг өрөө түрээслээд, банкнаас зээл авлаа. Аав маань бид хоёрт тусалж, зааж зөвлөсөн л дөө. Ингээд 1996 онд их сургуулиа төгсөх жилээ Улаанбаатарт компаниа байгуулав. “Чи захирал нь болох юм чинь нэрээ өг” гэхээр нь аавынхаа нэрийн мөнх гэдгийг аваад “Мөнхийн үсэг” гэдэг нэр бодож оллоо. Ер нь компаниудынхаа нэрийг бүгдийг нь би өгсөн байдаг юм. “Аз хур” гэхчлэн. “Мөнхийн үсэг” гэсэн чинь аав их дуртай хүлээж авсан. Тэгээд бид хоёр шинээр жижиг машин авч, яваандаа компани маань өргөжөөд, энд авсан ажлаа дийлэхгүй болохоор нь Дархан явуулж хийлгэдэг боллоо. Яваандаа тоног төхөөрөмж маань ч томорч, бизнес маань ерөнхийдөө жигдэрсэн дээ. Тэр хооронд бид тусдаа гарч, хурим хийж, хүүхэд гаргаад, хувийн амьдралаа ч төвхнүүлсэн. 

-Танай нөхрийн үндсэн мэргэжил юу вэ. Аль аймгийн хүн юм бол? 

-Ойн инженер. Уг нь төгсөөд мэргэжлээрээ ажиллах сонирхолтой байсан юм. Энэ бизнест ороод өөрөө хэвлэлийн инженер болоод зогсохгүй, дүүгээ бас хэвлэлийн инженер болгосон. Удирдлагын академид бас сурсан. Угаасаа төрөлхийн менежер хүн л дээ. Өвөрхангай аймгийн Бүрд сумын хүн, надаас нэг ангиар ах юм. Намайг анх оюутны байрны хаалгаар орж ирэхэд л харсан гэдэг. Нэгдүгээр курст байхдаа мухар олгойгоо авахуулах болоод эмнэлэгт хэвтэж байтал ангийн найз маань намайг эргэхээр ирэхдээ Ганбааг дагуулаад ирдэг юм. Манай хүн нүүр тулангуутаа “Чи ямар жилтэй вэ?” гэж асууснаа “Үхэр” гэж хариулмагц “Аан” гээд буцаад явчихаж билээ. Танилцаад удалгүй үерхэж, нэг л мэдэхэд салахаа байчихсан байсан. Тэгэхэд манайх Дарханд байлаа. Үерхээд бараг жил болсны дараа амралтаар мань хүнийг дагуулаад гэртээ очсон юм. Ээж хаалга тайлж өгтөл манай хүн юу юугүй “Сайн байна уу, ээж ээ?” гэж авдаг юм. Ээж маань гайхаад, нүд нь орой дээрээ гарч билээ. Аав, ээж хоёр маань манай хүнд жигтэйхэн сайн, “Миний муу дүрлэгэр хүү” л гэдэг байлаа.       

Бид бие биенийхээ дутууг бүх талаараа нөхдөг хоёр. Тухайлбал, манай хүн хөдөөний хүүхэд, төв газрын, орос сургуульд сурсан охинтой суусан. Надад болохоор хөдөөний хүнтэй амьдарна гэдэг нь цоо шинэ мэдрэмж байлаа.

-Бие биенийхээ хот, хөдөөгийн соёлын ялгааны зөрүүг нөхнө, уусаж нийлнэ гэдэг зарим гэр бүлд бол нэлээд урт удаан хугацааны үйл явц байдаг... 

-Надад бол хөдөөний ахуй амьдрал, өв соёлоо хадгалж байгаа тэр байдал, хөдөөний хүмүүсийн найрлаж байгаа, малаа хариулж байгаа, тэр хүмүүсийн хоорондын харилцаа ер бусын санагддаг байв. Үнэхээр гоё. Би гэхдээ орос сургууль соёлоор явлаа гээд хөдөөнөөс тэгтлээ хөндийрчихсөн хүн биш л дээ. Дүү бид гурвыг ч гэсэн бага байхад аав, ээж маань зун буурай ээж рүү Баянхонгор явуулчихдаг байсан. Хөдөө манай буурай ээж ганцаараа хэдэн сарлагийн үнээтэй, цөөвтөр хоньтой байдаг байлаа. Тэгэхээр хөдөө надад тийм ч хол биш. Гэр бүл зохиож анхны хүүхдээ төрүүлээд бид хоёр нэг настай байхад нь л хөдөө явуулсан. Гурван хүүхдээ гурвууланг нь тэгж өсгөсөн, хөдөөгийн амьдралд хар багаас нь сургасан. Хотод төрсөн мөртлөө хөдөөний хүүхдүүд байхгүй юу. Хүмүүс гайхаад байдаг юм. Морь унана, хонь мал хариулна, үнээ саана, аргал түлш түүнэ, унага татна, хөдөөний хүүхэд юу хийдэг тэр бүгдийг огт зовлонгүй хийнэ. Хар нялхаасаа сурсан ажил нь. Нөхрийн маань хоёр ах, эмэгтэй дүү нар хөдөө мал малладаг улс байна. Тэднийхэн дээрээ зусна. Манай нөхрийн талынхан мал сайтай. Бүрд сум бол айрагны орон. Тэр ахуй нь бид хоёрт их таардаг. Ийм боломж байгаад би  баярладаг юм. Хүүхдээ хөдөө явуулъя гэхээр ах дүүгүй айл зөндөө байна.   

-Таны нөхөр бөхийн спортыг залуугаасаа сонирхдог байсан уу?

Тийм. Хүүхэд байхаасаа л барилддаг байсан. Үнэхээр бүх талаараа бөх хүн. Оюутан байхдаа оюутнуудын жүдогийн тэмцээнд ордог байлаа. “Аав нь багаас нь “Миний хүү дарга болно, бөх болно” гэж ерөөсөөр байгаад бөх ч болсон, дарга ч болсон доо” гэж хадам ээж маань ярьдаг юм. Ээжийнх нь талд барилддаг, бяртай чадалтай хүмүүс олон байсан юм гэнэ лээ. Одоо манай хоёр хүү ч барилддаг. Манайх хоёр хүү, нэг охинтой айл. 

-Таныг дуу хөгжимд маш дуртай, уран зураг зурдаг, урлагт онцгой сонирхолтой хүн гэдгийг мэднэ. Танай удамд урлагийн хүмүүс байсан уу?

-Урлагаар яг дагнаад, дуулж хуурдаад явсан хүн байгаагүй. Манай аав харин 1969 онд Ю.Цэдэнбал даргын урилгаар аймгуудаас авьяастай хүүхдүүдийг Улаанбаатарт авчрахад Баянхонгороос ирж шүлэг уншиж байсан гэдэг. Алдарт нэвтрүүлэгч Ж.Батбаяр гуайтай Галуут сумын найман жилийн сургуульд нэг ангид хамт сурч байж л дээ. Сургууль төгсөж хотод ирээд хоёулаа хамт телевизийн хөтлөгчид шалгуулж, Ж.Батбаяр ах тэнцээд манай аав хүүхэд шиг царайтай гээд тэнцээгүй юм гэнэ лээ. Багшийн дээд сургуулийн утга зохиолын ангид орох гэсэн боловч бүтээгүй, МУИС-ийн нягтлангийн ангид орсон юм билээ. Их гоё дуулдаг хүн байсан. Манай ээжийн аав болохоор Говь-Алтай аймгийн Цээл сумын уугуул, уртын дуучин хүн байв. Нутгийнхаа бүх найрыг эхлүүлдэг, нарийхан цээл хоолойтой, зуун уртын дуу мэддэг, эх баригч, бага эмч хүн байсан гэдэг. 13 хүүхдээ бүгдийг нь өөрөө эх барьж авсан. Хүүхдүүдээ ажилсаг өсгөж, нэгийг нь мал дээр, нөгөөг нь сургуульд, гэж ээлжилдэг байж. Ээжийн дээд талын эгч сургуульд яваад, манай ээж мал дээр үлдэх ёстой болжээ. Тэгтэл эгч нь гэрээ санаад сургуульд явах дургүй, уйлсаар байгаад үлдэж, ээжийн аз таарч оронд нь сургуульд явсан байна. Олон тэмээтэй айл байсан болохоор ээж маань орсон буур, тэнгэрийн дуунаас их айдаг. Мэдээ орсон цагаасаа хойш л сургуульд явна гэдэг байсан юм гэнэ лээ. Сургуульд яваад мундаг сурсан. Манай ээжийн талаас төрсөн хүүхдүүд дунд дуулж хуурддаг хүн бараг байхгүй. Харин тэднээс гарсан хүүхдүүд бараг бүгдээрээ дуулдаг юм. Одоо манай үеэлүүд цуглахаар дуулахгүй хүн гэж байхгүй. Нагац нар маань ч их дуулж хуурддаг. Манай хүү бол бараг дуучин хүн шиг дуулна шүү дээ. Уртын дуу сонирхож дуулаад байдаг юм. Тэгэхээр удам, ген гэж юм үнэхээр нөлөөлдөг юм байна гэж боддог. 

-Танай том хүү оюутан уу?

-Том хүү маань их сургуулиа төгсчихсөн. Одоо 26 настай, аавтайгаа бизнес хийж байгаа. Эхнэр аваад, намайг тун удахгүй эмээ болгох гэж байгаа шүү дээ. 

-“Мөнхийн үсэг”-ийг шинэхэн байхад залуухан захирал тантай ярилцаж байсан. Одоо яах аргагүй энэ салбартаа монголдоо тэргүүлэгч компани болжээ?

-Би долоон жил компани дээрээ очоогүй. Ингэж хэлэхээр зарим хүн “Чи чинь ямар аймаар дүрдээ итгээ вэ” гэж шоолдог юм. Би төрийн ажил хийгээд бараг долоон жил болж байна. Нэгэнт хөндийрчихсөн гэх үү дээ. Тэнд хүмүүс ажлаа хийгээд л явж байгаа. Би хувь хүнийхээ хувьд ч, компанийн захирал байхдаа ч яг хэдэн хувийн орлого олж, хэдэн хувийн ашигтай ажиллав гэж хөөцөлддөггүй байсан. Олон хүн ажиллуулаад, шинэ юм гаргаад, мянга мянгаар нь ном хэвлээд явах нь л маш сонирхолтой ажил. Ундаассан хүнд уух юм дөхүүлж байгаа юм шиг нь маш гоё.   

-Танай хэвлэсэн хамгийн анхны ном ямар ном байсан бэ?

-“Болор цом”-ын эздийн номыг анх хийж байсан. Т.Очирхүү, Б.Лхагвасүрэн, П.Бадарч гуай, бас Пүрэвжавын Пүрэвсүрэн гуайн номыг хэвлэж байлаа. П.Пүрэвжав гуай манай аавын найз байв. Нийгэм зах зээлд шилжээд зохиолчид мөнгөгүй, нэлээн ядарсан үед тэр агуу зохиолчид дэмий л Зохиолчдын хороогоо хараад, хийх ажилгүй гэртээ сууж, сэтгэл нь гундуу байсан. Тэр үед манай аав тэднийг Эрдэнэт, Дархан руу авч явж яруу найргийн тэмцээн зохиож байсан юм. Зохиолчдын магнай тэнийж, маш их баярлаж билээ.

-Байгуулсан компани тань одоо ч зохиолчидтой дотно харилцаатай, тэдний хүрээлдэг газар шүү дээ?

-Тийм. Зохиолчдод их хүндэтгэлтэй хандана. Болж л өгвөл ивээн тэтгэнэ. Номыг нь ядаж тал үнээр нь хийж өгнө. Тэр зохиолчдын баярлаж байхыг харах шиг гайхамшигтай юм байхгүй. Орос, Энэтхэг гээд гаднын улсуудын хэвлэсэн ном нимгэн бор цаасан дээр доторхоо хийгээд, хавтас нь гоё байх нь түгээмэл. Монголчууд бол өөр, бүр цаанаасаа нэг тийм тансаг хэрэглээтэй. Хэчнээн ядарсан зохиолч байсан ч сүүлчийн мөнгөө шавхаад материалын аль үнэтэй, чаминыг сонгож номоо хэвлүүлдэг. Хямдхан цаас байна гэхээр тоохгүй, тэр хямд цаас бараг борлогдохгүй. Хүнээс дутахгүй гоё л юм хийнэ гэдэг. Бүтээлээ хараад маш их баярладаг. Тэр нь зарим хүний насаараа хийсэн ганц бүтээл нь ч байна. Заримынх нь амьжиргааны эх үүсвэр байна. Тэрийг харах маш сайхан.  

-Номын цагаан буян гэж монголчууд хэлдэг. Ном, хэвлэлийн бизнес эрхэлдэг хүмүүс энэ ойлголтыг их нандигнах юм билээ? 

-Хэвлэх үйлдвэрийн нэг гоё юм юу гээч, ямар ч ажил хийдэг хүн байсан, шинэ хэвлэж байгаа ном гарчиглаад зогсож байдаг, амарч байхдаа бүгдээрээ ном уншаад сууж байдаг. Ямар ч хүн орж ирсэн, хэвлэлийн үйлдвэрт ажил хийхээр ном бичигт өөрийн эрхгүй дуртай болдог юм. Номын цагаан буян гэдэг үнэхээр үнэн бодитой зүйл. Ном хэвлэдэг газрын энерги өөр байдаг. Маш гоё энерги. Тэнд байгаа хүмүүс харааж ерөөгөөд, учир зүггүй муу муухай амьдраад байдаггүй. Цаашилбал, компанийн соёл гэж маш чухал зүйл байна. “Мөнхийн үсэг” компанийн соёл бол анхнаас нь аав, ээж хоёрын маань үндсийг нь тавьсан соёл юм. Манай аав ажлыг их, бага гэхгүй яс төлөвлөдөг, цаг нарийн баримталдаг, маш нямбай. Ер нь тооцоо судалгаагүй бол юу ч хийхгүй. Нягтлан учраас бүх юмыг нягтална. Шинжлэх ухаанд итгэнэ. Хүнтэй хэрэлдэж муудалцаж, дарамталж ажил хийлгэдэг хүн биш. Хүнд урам өгнө, боломж олгоно. Үнэхээр болохгүй, хэрэг тарьсан хүн байлаа гэхэд тэр хүнийг халаад хөөгөөд явуулахыг нь би үзээгүй. Өөрт нь ойлгуулахыг урьтал болгоно. Буруугаа ойлгоод  ичээд байж чадахгүй, өөрөө яваад өгөх нь байна. Энэ арга барил нь надад бас байх шиг байдаг. 

Манай соёл ерөнхийдөө зөөлөн, өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Түүнийгээ дагаад аль ч түвшний хүмүүсийн хандлага, төрх нь өөрөө тогтчихдог. Мэдээж, компани компанийн соёл өөр. Захирал нь эрч хүчтэй, хурдтай байхаар хүмүүс нь ч тийм байдаг. Зарим нь ууртай, диктатуртай, тийм орчинд хүний нөөц нь тогтворгүй, нэгэндээ итгэдэггүй, хүйтэн хөндий уур амьсгал бүрддэг. Хүмүүс нь их хямралтай ажилладаг. Тийм газар осол аваар их гарна. Явж явж удирдлагын хүмүүжил, ёс суртахуун тэр компанийн соёлыг бүтээдэг. Залуучууд ажилд ороод дөрөв, таван жилийн дараа тэр соёлд нь уусчихсан байдаг. Амьдрал нь өөрчлөгдөж, үзэл бодол нь төлөвшинө. Манай нөхөр өөрөө хүчирхэг, хурдтай, зоримог шийдвэр гаргахаас гадна Бурханы шашны ном, Буддын гүн ухаан судалдаг хүн болохоор бүх юм зөв байх ёстой, зөв үзэлтэй бол зам дардан байна гэдэг философиор сургасаар байгаад хамт олны маань уур амьсгал нэг тийм эерэг шинжтэй болсон юм. 

-“Мөнхийн үсэг” компаниас нэг сонирхолтой уралдаан зарлаж байхыг би үзсэн юм. Хүүхдүүдэд Монголын эртний сургаалын зохиолуудыг уншуулж уралдуулаад, их өндөр дүнтэй шагнал олгож байсан нь өвөрмөц сонин санагдаж байлаа.  

-Ирээдүйд улс орноо авч явах залуучууд зөв байя гэвэл бид дэлхийгээс нэг их сүрхий юм хайгаад байх хэрэггүй. Бидний өв соёл, түүх, уламжлал, монгол хүний ухаанд байдаг юм өөрөө хосгүй. Муу ёрлоод, муу юм хийгээд байвал муу явна гэдгийг л аль эрт таньчихсан ард түмэн. Бид боловсролын системээ сайжруулах гэж олон жил оролдож байна. Нарийн үзвэл бидний хайсан маш олон юм бидэнд өөрсдөд маань бий. Бидэн шиг агуу түүхтэй, өв соёлтой улсад, уудлаад үзэх юм бол дэлхийд гайхуулах юм далай баян. Компани маань одоогоос арав гаруй жилийн өмнө “Зөв монгол хүн” гэж хөтөлбөр дэвшүүлж байсан. Улмаар Монголын эртний сургаалын зохиолуудыг дунд сургуулийн ахлах ангийнханд уншуулаад эсээ бичүүлж, илтгэл тавиулах уралдаан зарласан юм. Хүүхдүүдэд “Цаасан шувууны үлгэр” зэргийг уншуулаад “Чи амьдралыг юу гэж боддог, зөв хүн гэдгийг хэрхэн ойлгож байна вэ” гэхээр бид нараас ухаантай юм бичдэг. Тэр тэмцээнд орон нутгийн хүүхдүүд дандаа түрүүлдэг юм. Хөдөөний сургуулийн хүүхдүүдийн монгол хэл маш сайн, оюун санаа, юмыг уншаад ойлгох чадвар гайхалтай. Энэ уралдааныг орон даяар зарлаж байсан. Шагналын сан нь өндөр. Одоо уламжлал болоод долоо, найм дахь жилдээ явж байна. Монгол хүний эрхэмлэж байх ёстой зүйл юу юу вэ гэдгийг тодорхойлоод, ирээдүйн хойчийнхонд зориулсан хүмүүжлийн ач холбогдолтой ийм ажил нэлээд хийдэг байлаа. Харамсалтай нь, би энэ ажлаас одоо хөндийрчээ.  

-Ер нь компанийнхаа ажлаас та бүрэн хөндийрсөн үү? 

-Би нэг ажил хийлээ бол түүндээ л зүрх сэтгэлээ бүрэн зориулдаг. Хүн хаана ч явсан өөрийн гэсэн зарчмаа хэлбэрэлтгүй баримталдаг, байгаа газраа тэр зарчмаа тогтоодог, үүгээрээ бусдад үлгэрлэдэг байх ёстой. Явахад ард зарчим үлдэж байвал миний тэнд ажилласны хэрэг гарна гэж боддог. Эмх цэгцтэй, аливааг заагладаг байхыг би бүх зүйл дээр хичээдэг. Тийм учраас компанитай холилдоод л, мэдээллийг нь сонсоод л, эсвэл тэдэнд янз бүрийн байдлаар нөлөөлөөд л, тусалж байгаа нь тэр гэж хутгалдаад байдаггүй. Бүгдийг нь “Та нар өөрсдөө хий” л гэдэг. Зарчим, зааг тодорхой байхад хэн ч нэгнээсээ чаргууцалдахгүй, бүгд хаа хаанаа ажлаа авч яваад сурчихдаг юм. Нэг жижиг жишээ хэлье. Манай яам маш их юм хэвлүүлдэг газар. Харин би байгуулсан компаниараа нэг хуудас юм хэвлүүлж үзээгүй. Өөр компанид өгдөг.   

-Та Монгол Улсын хэд дэх Гадаад харилцааны сайд вэ?

-Би 40 дэх сайд. Эмэгтэй гэвэл гурав дахь нь. Н.Туяа, С.Оюун нарын эмэгтэй сайд нар ажиллаж байсан. Манай яам 112 жилийн түүхтэй. Тэрний бараг 18 жилд нь М.Дүгэрсүрэн гуай ажилласан байдаг. Сонирхолтой нь, би Баянхонгорын харьяат зургаа дахь сайд юм билээ. Өөр аймгаас ийм олон Гадаад харилцааны сайд гарсан түүх байдаггүй. Их сонин. Баянхонгор, тэр  дундаа манай Галуут сумаас хэд хэдэн сайд гарсан байдаг. Бас нэг баримт сонирхуулахад, Монголын анхны эмэгтэй элчин сайд Дамдины Балжинням Баянхонгорын хүн байсан. 

-Гадаад харилцаа чухал салбар. Манайд эрэгтэй сайд нар давамгайлж, дипломат албаны удирдах түвшинг эрчүүдийн тоглоомын талбар гэсэн ойлголт тогтчихсон явж ирсэн. Энэ салбарыг хайрладаг, мэддэг хүмүүс “Гадаад яам бол улс төрийн томилгоотой хүмүүсээр дүүрсэн, яг жинхэнэ дипломат гал голомт нь хуучин шинжээсээ гажсан” гэж их ярьдаг юм байна. Гадаад яаманд яаж ажилладаг юм бол гэмээр хүнтэй ер нь тааралдаж байв уу?

-Яг үнэнийг хэлэхэд бид их алдаа гаргасан. Зах зээлд шилжээд 33 жил унаж босоод, улс төрийн тэнцвэрээ одоо ч бүрэн олоогүй, дөнгөж төлөвшиж байгаа үндэстэн. Азийн орнууд, зарим Европын орнуудаас хуучин манайхтай адилхан байж байгаад яг бид нар шиг чөлөөт ардчиллыг сонгоод явж байгаа орнуудтай харьцуулахаар бидэнд давуу талууд байдаг. Сул талууд ч бий. Унаж босоод, төлөвшиж амжаагүй үедээ бид алдаа их гаргажээ. Тогтворгүй байдал нь ялангуяа гадаад харилцааны салбарт их нөлөөлсөн. Дотоодын үйл ажиллагаа явуулдаг яамд шигээ ханддаг. Цаана нь дэлхийн улс орнууд, олон улсын байгууллага байгаа гэдгийг нь харахгүйгээр, дотоод яамдын томилгоо шиг томилгоо хийдэг. Улстөрчид өөрийнхөө баг, өөрийг нь дэмжсэн хүмүүсээ авчраад байршуулчихдаг. Энд байгаа үндсэн хүмүүст итгэдэггүй. Түүхийг нь харахаар манай яам иймэрхүү бодлогын алдаанд өртсөн үе ихтэй байдаг. Зарим ухаантай сайд мэдээж, холио солио хийгээгүй. Гадаад харилцаанд мэргэжлийн хүмүүсийг халж солиход үр дагавар нь маш хэцүү. Оронд нь орлуулах хүн олж ирэх бэрх. Хоёроос гурван гадаад хэлийг маш өндөр түвшинд эзэмшсэн, олон улсын гэрээ, эрх зүйгээр мэргэшсэн нарийн мэргэжлийн хүмүүс олдохгүй. Боловсон хүчний хувьд хязгаарлагдмал нөөцтэй учраас тэгж өм цөм сольж болдоггүй юм. Зарим сайдын үед өөр яамнаас, өөрийнхөө эргэн тойрны хүмүүсийг чухал ажил дээр авчирч тавьснаас үүдэж удтал хямарсан явдал байдаг. Томилгоонууд нь дандаа муу томилгоо. Энд энэ хүмүүс насаараа өөрийгөө бэлдээд л ажиллаад байдаг. Доод тал нь дөрвөн жил ажиллаж байж гадаад томилгоонд явах гээд хүлээж байхад урдуур нь хаа хамаагүй, гадаад хэлгүй хүмүүс ороод ирж байгаа юм. Тэр хүн дахиад л дөрвөн жил хүлээнэ. Хайран найман жил биз дээ. Үнэхээр харамсалтай. Ийм хүнд нөхцөл байдлуудыг манай яам туулаагүй биш туулсаан.

Гэхдээ ямар ч байсан Гадаад яам язгуур үндсээ хадгалчихсан. Гол дипломатчид ямар ч намын үед тэсээд үлдсэн байдаг. Одоо харьцуулаад харахад бусад яамдаас хамгийн тогтвортой яам манайх. Үнэхээр чадвартай хүмүүс тэтгэвэртээ гартлаа ажиллаад, дараагийн үе халааг нь аваад явдаг. Одоо Гадаад яам хуучны бараг социализмын бүтцээрээ ажиллаж байгаа ганц яам. Маш цөөхөн дипломатчийн хүчээр энэ их ажлыг хийж байгаа. Сүүлийн 3-4 жилд харилцаа их идэвхжиж байна. Гэтэл нөөц маань ажилдаа хүрэлцэхгүй байгаа. Эдийн засагтаа л тааруулж байна. Элчин сайдын  яамдуудын орон тоо маш жижигхэн. Зарим газар хоёрхон хүн байна. Хоёр хөршид арай олон. Энэ бүтэц, зохион байгуулалт өргөжих шаардлагатай. Ямар ч улс орон хөгжье гэвэл гадаад харилцаагаа л идэвхтэй хөгжүүлж байж хөгждөг. Гадаад харилцаагаа идэвхтэй хөгжүүлье гэвэл Гадаад харилцааны яамыг бэхжүүлж, дипломатчидаа чадавхжуулах шаардлагатай. Энэ хүмүүс тусгай онцлог чадвартай, гурваас дөрвөн гадаад орны хэл эзэмшсэн, тангаргаа өргөчихсөн, маш их мэдээллийн нууцыг хадгалж байдаг, ил нүдэнд харагдахгүй өч төчнөөн ажил хийж байдаг, хариуцлага ясанд нь шингэсэн хүмүүс. 

-Та өөрөө хэнийг ч дагуулж ирээгүй юу?

-Би хэнийг ч дагуулж ирээгүй. Би баггүй. Намайг зарим нь, нэг хүн нүүрийг нь, нэг хүн хумсыг нь янзлаад л байж байдаг, бүхэл бүтэн баг ажилладаг гэж санаан зоргоор ярьж явдаг. Тийм юм гэж яаж байх вэ дээ.  

Тайзан дээр бага ярьдаг улстөрчийн хувьд ярилцлагын эхэнд танд тийм асуулт тавьсан юм. Улстөрчдийг бид гадна дотногүй имэрч, тэмтрэх ёстой. Тэр үүргийг нь сэтгүүлч бид хүлээдэг. 

Би ойлгодог. Тийм ч учраас өнөөдөр анх удаа маш дэлгэрэнгүй ярьж байна. Таны асуулт болгонд би хариулна. Үнэндээ камерийн өмнө ажлаа хийж харагддаг, микрофонд ажлаа тайлагнадаг тиймэрхүү төрх төлөвт би дургүй хүн. Зүгээр л ажлаа сайн хийх ёстой. 

-Би танай намд хэд хэдэн зүйл дээр шүүмжлэлтэй ханддаг. Гадаад харилцааны салбар, тагнуул, батлан хамгаалах, цагдаа руу манай улс төр ёстой дураараа гар дүрдэг.  Ялангуяа гадаад харилцааны салбар руу улс төрийн карьер нь дууссан улстөрчдийг элчин сайд хэмээх өндөр эрэмбээр шагнаж “шахдаг”. Энэ жишгийг МАХН байхаасаа л танай нам нутагшуулсан. Гадаад яамны язгуурын хуучин шинж алдагдсан гэх шүүмжлэл өрнөхөд МАН-ын энэ алдаа нөлөө үзүүлсэн шүү дээ. Гадаад улсад суух элчин сайд гэдэг бол тэр улсад Монгол улсыг төлөөлж ажиллах хүн. Сонгуульд өрсөлдөөд ч ялах боломжгүй болсон улстөрч элчин сайдаар шагнагдаад явдаг байж болохгүй биз дээ?

-Би хувь хүнийхээ хувьд өөртэй чинь санал нэг байна. Яагаад гэвэл  би бол сүүлийн үеийн төлөөлөл. Манай нам бол том нам, олон жилийн түүхтэй. Олон жил намд мөр зэрэгцэн явж байгаад хүний ёсоор салж чаддаггүй, шууд зарчмаа бариад явуулж ч, явж ч чаддаггүй харилцааны нэг тийм зовлон манай өмнөх үеийнхэнд байсан. Эрх зүйн орчин ч бүрдээгүй. Намын амьдралд хууль журмаар зохицуулж болдоггүй зөндөө харилцаа байдаг. Дээрээс нь улс төрийн алба хашиж байсан хүмүүсээ үдээд явуулж чаддаггүй. Монгол хүний нэг чанар хатгаад “Цаг чинь боллоо, яв даа” гэж хэлж чаддаггүй. Нэг ийм найрсаг байдал нь бүх салбарт манай намынхны өв, бүр соёл болчихоод байгаад байна. Одоо “5 Ш” ажиллагаа гээд ерөнхий сайдын дэвшүүлсэн санаачлагын дагуу ажил хийгдэж байгаа. Үндсэндээ бүх яам руу чиглэл өгөөд “Танай яаманд тэтгэврийн насандаа байгаа хүнийг ажлаас нь чөлөөл” гэсэн шаардлага ирж байгаа. Тэтгэврээ авч байгаа хэрнээ арын хаалгаар ажилд ороод, зөвлөх гээд байж байдаг. Эсвэл ийм тийм дарга байсан, чадвартай хүн гэдэг ч юм уу зүүсгэл яваад байдаг. Ийм хүмүүсээ чөлөөл гэдэг шийдвэрийг гаргасан нь байдлыг  жаахан цэгцэлсэн. 

Одоо ч гэсэн надад 60-70 насны хүнийг “Чадвартай, тэндээ эндээ авчих” гэдэг шахалтууд ирдэг. Би өөрөө Дипломат албаны дүрэм, Төрийн албаны тухай хуулийг яг л баримталж ажиллах ёстой гэдэг шаардлага тавиад, тэрийгээ яс барьж яваа болохоор хүлээж авдаггүй. Тэгэхээр дайсан ихэснэ. “Амьдрал мэдэхгүй байна, намын үүрэг даалгавар хүлээж авахгүй байна” гэх мэт яриа гаргана. Энэ бүхнийг бид нар өөрсдөө л цэгцлэхгүй юм бол хэн, хэзээ хийх юм бэ. Тийм хүмүүс өөрсдөө ойлгох ёстой. Би тов тодорхой тайлбарлаад “Үнэхээр боломж алга, ийм журам дүрэм байна” гэж ярилцаад гаргадаг. 

Дипломат албанд элчин сайд нарын томилгоо бол өөр. Дэлхий нийтийн жишиг ч гэсэн элчин сайд нарын томилгооны 20-30 хувь нь улс төрийн албан тушаалтан байдаг. Том улстөрч явуулдаг ч юм уу. Тухайн улсынхаа харилцаа, нөхцөл байдлыг нарийн сайн мэддэг, системийг нь ойлгодог, улс төрд мэдрэмжтэй, төлөвшсөн насных байх зэрэг бодлогоор томилдог жишиг түгээмэл байна. Ялангуяа манай хоёр хөршид дандаа 60-аас дээш насны хүмүүс удирдах ажил хийж байгаа. Тэр утгаар нь улстөрчдийг явуулахаар цаад улс илүү хүлээж авдаг. Олон жил харьцчихсан туршлага дээр тулгуурлаад тийм томилгоо хийгдэх нь асуудал биш. Гэхдээ элчин сайдын өөрийнх нь ажлын хандлага, хариуцлага, мэдлэг чадвар зэрэг хувь хүний чадвар их нөлөөлдөг. Бусад орныг харахаар ихэвчлэн манайд ирж байгаа нь олон улсын байгууллагын тэргүүнээр ажиллаж байсан хүмүүс, ер нь л дандаа мэргэжлийн дипломатчид байдаг. Би энэ жишиг рүү оруулъя гэж сүүлийн гурван жилийн дотоод, гадаад томилгоон дээр үндсэн дипломатчидаа томилно гэдэг хатуу байр суурь барьж байгаа. Гэхдээ энэ маань зарим хүнд таалагдахгүй нь мэдээж. Ер нь томилгоонууд зөв яваад, хэл амгүй, зарчмаараа ажиллахаар энэ салбар өөрөө их тайван байдаг. Юм зохих ёсныхоо дагуу яваад хэвшчихээр хүмүүс ч тайвшраад, урдах ажлаа сайн хийж үнэлэгдэнэ гэж бодож ажилладаг. Бүх зарчим ингэж учир зүй дээрээ тогтох хэрэгтэй. Учир зүйг хэвшүүлэхийн тулд миний байр суурь маш хатуу байгаа. Энд зориуд хэлэхэд манай төрийн тэргүүн, УИХ-ын дарга, ерөнхий сайд гурав бол Гадаад яамыг маш сайн дэмжиж байгаа шүү.    

-Гадаад яамны сайдаас элчин сайд томилдог эрх мэдэл салж алга болоод олон жил болсон гэж хардаг. Яг та өөрөө томилж чадсан сайд байгаа юу, хэд байгаа вэ?

-Намайг сайд болсноос хойш 34 элчин сайд томилогдоод байна. Үүнээс 3-4 нь улс төрийн томилгоо байсан. Ерөнхийлөгч, Их хурлын дарга, ерөнхий сайд нар Гадаад харилцааны сайдын оруулж байгаа саналыг 100 хувь дэмжиж ажиллаж байгаа. Би үндэслэлээ сайн гаргаад, зарчмын хувьд энэ хүмүүс явах болсон, ийм шалгуур хангасан гээд саналаа өгдөг.

-Худалдааны төлөөлөгч гэж хүмүүс байна. Улс эх орондоо юу хийсэн нь мэдэгдэхгүй нөхөд л томилогдсон байдаг. Юу ч хийхгүй, нэг л их өвөг дээдсийн нэр барьсан хэдэн гэр бүлийнхэн гадаадад ингэж эрхэлж ирсэн. Тэд ЭСЯ-ны хашаанд дугуй унах, хүүхдүүдээ сургуульд сургахаас өөр юм хийдэггүй. Тийм дэл сул орон тоо одоо байхгүй биз дээ?

-Одоо байхгүй. Бүх юм цахимжиж байна. Бүх юм ил тод болж байна. Гадаад харилцааны яамны үйл ажиллагаа нээлттэй болж байна. Элчин сайдын яамдыг нээлттэй, ил тод бай гэдэг шаардлагыг би тавьдаг. Дэлхий дахин саяын цар тахлаас хойш илүү прагматик болж хувирсан нь ажиглагдаж байгаа. Товч тодорхой, илүү хурдтай, бас илүү уян хатан болж байна. Прагматик ажиллахын тулд, дээрээс нь бид нарын тавьж байгаа нэг шаардлага бол Элчин сайдын яаманд дөрвөөс тавуулаа ажиллаж байлаа гэхэд нэг нь нөгөөгийнхөө ажил үүргийг орлох чадвартай байх ёстой гэдэг шаардлага. Гэтэл ийм чадваргүй, хамгийн гол нь гадаад хэлний мэдлэггүй хүн очих явдал түгээмэл байсан. Адилхан цалин авч байгаа мөртлөө нэг нь нөгөөгийнхөө хөдөлмөрийг мөлжөөд сууж байдаг. Гэтэл чадвартай нь асар их ачаалалтай, мэдрэлийн ядаргаанд ортлоо ажилладаг. Олон жил бугшсан энэ байдлыг олон талаас нь шахан арилгаж байна. Би хэлний мэдлэггүй нэг ч хүн томилдоггүй. Элчин сайдын яаманд гадаад хэлний  мэдлэгийн шаардлага хангаагүй хүн явуулахгүй. Энэ бол хатуу зарчим. Улс төрийн томилгоо байлаа ч, хэнбугай нь ч байлаа гэсэн заавал хэлний шалгалт өгдөг болсон. Хэлний мэдлэггүй хүн томилогдлоо гэхэд очоод өөрөө зовдог. Дипломат албаны шалгалт өгөөгүй хүмүүс бас их байдаг байсан. Тэр даргын хүүхэд, тэр улстөрчийн дүү, тэрний хамаатан гэдэг гуйлгын хүмүүс. Шалгалт авах гэхээр уначихна гээд байгаад байдаг, тэгсэн мөртлөө 6-7 жил тэнд шигдчихсэн. Гэтэл олон улсын харилцаагаар суралцсан өдий төдий залуучууд энд байна. Шалгалт авна гэхээр ам бардам ороод ирдэг. Сүүлийн жилүүдэд ийм хүүхдүүдийг түлхүү авч байгаа. Тэд биеэ даагаад явчихна.

-Гадаад харилцааны салбарын ойрх үеийн алдаа оноог ярих болоход цар тахлын үе шууд санаанд буудаг. Хэдийгээр тухайн ид үедээ олон нийтийн шүүмжлэлийг ихээр хүлээж байсан ч үр дүнг нь бүхлээр нь харвал тэр үнэлгээ арай өөр болж хувирдаг юм. 

-Цар тахлын үед бид гадаадаас 47 мянган иргэнээ татаж авсан. Бусад оронтой харьцуулахад манай дипломат алба үнэхээр чадварлаг ажиллаж, монголчуудын овсгоо самбааг олон улсад харуулж чадсан юм шүү. Бид таван тэрбум төгрөгийг Олон улсын шилжих хөдөлгөөний байгууллагаас босгож иргэдээ татаж авсан. Гэтэл зарим орон иргэдээ хилийн гадна орхиод, эх орон руу нь оруулаагүйг бид бэлхнээ мэднэ. Манай бодлого үнэхээр хүнлэг байсан. Энэ ажлыг гардаж хийсэн дипломатчид хэдэн сараар нойр хоолгүй зүтгэж, зарим нь мэдрэлийн ядаргаанд орсон. Хүмүүстэйгээ нэг бүрчлэн хөөцөлдөөд л, онгоцонд ар араас нь суулгаад л. Шууд нислэг бараг байхгүй үе шүү дээ. Нэг иргэнээ ч нэг гэхгүй авчрахын төлөө зүтгэж байлаа. Зарим хэцүү оронд манай дипломатчид үнэхээр ядарсан. Цар тахал тэдэнд маань их юм сургаж, иргэдтэй ч маш их ойртуулсан. Вакцин байна. Дэлхий даяар вакцины эрэлд гарч их бага, баян ядуугүй уралдаад, олдож л байвал нэг хоёр гэхгүй шүүрээд авч байсан үе. Тэгвэл бид маш шуурхай зохион байгуулалт хийж, тун богино хугацаанд хэд хэдэн төрлийн вакцинаар иргэдээ бүрэн хангасан. Алийг нь хийлгэх вэ л гэж байснаас биш вакцинаар дутахын зовлонг монголчууд бид үзээгүй нь баримт юм шүү. Татан авалт, вакцины аль аль нь манай дипломат албаны ажлын амжилт байсан. Тухайн үед Гадаад харилцааны сайдын хувьд би тэднийхээ гүйцэтгэж байгаа ажлыг хараад үнэхээр сэтгэл хөдөлж байсан, цаашид ч ямагт бахархаж явах болно.      

-Сүүлийн жилүүдэд хамгийн амжилттай явж байгаа салбарыг гадаад харилцаа гэдэгт эргэлзэх юм алга. Өндөр түвшний олон айлчлал хийгдлээ. Төрийн хоёр институт дээр хувааж харвал У.Хүрэлсүх ерөнхийлөгчийн гадаад харилцааны бодлого амжилттай явагдаж байна гэж үздэг. Мэдээж, Гадаад харилцааны яаман дээр бүх ачаалал байгаа нь ойлгомжтой?

-Айлчлалын хувьд гадныхныг уриад ч ирдэггүй үе байсан. Бид нар очьё гээд гуйдаг, тэр бүр авдаггүй үе ч байлаа. Айлчлал хийнэ гэдэг нь бидний олон жилийн хөдөлмөр, яриа хэлэлцээний үр дүн, тэр улстай ажиллаж байгаа харилцааны хамгийн оргил ажил нь. Бид цаг ямагт л “Гэрээ хэлцэл хийе, ийм ийм салбарт хамтаръя” гээд тал тал тийшээ л ажиллаад байдаг. Энэ ажлын хамгийн эцсийн үр дүн гэсэн үг. Айлчлалын бэлтгэлийг хангах гэж маш их уддаг. Улс төрийн зөвлөлдөх уулзалтууд, гадаад яамд хоорондын уулзалтууд, газрын дарга нарын, дэд сайд, сайдын түвшний уулзалтууд гэх мэт жижгээсээ том хүртэлх механизмууд урт удаан хугацаанд ажиллаж хоёр талын хоёулангийнх нь ашиг сонирхол нэгдсэнээр сая айлчлал болно.

Бид өмнө нь жилд дунджаар 2-3 өндөр дээд хэмжээний айлчлал хийдэг байсан. Айлчлал огт хийгээгүй үе ч бий. Тэгвэл сүүлийн хоёр жилд айлчлал 10, сүүлдээ бараг 20 гарсан. Энэ харилцаагаар бид асуудал шийдэж байна, санамж бичиг, гэрээ байгуулж байна. Айлчлал хийж харилцааны түвшнээ ахиулж байна гэдэг нь өөрөө харилцаанд асар том амжилт юм. Тэр хооронд итгэлцэл төрж байна, тоогдож байна, нэр хүнд сайжирч байна гэдэг нь үнэлэмж. Төрийн гурван өндөрлөгийн өндөр дээд хэмжээний айлчлалын төлөвлөгөө, бодлого, стратегийг Гадаад харилцааны яам боловсруулдаг. Бид аль оронтой ямар харилцаа хөгжүүлэх вэ, дэлхийн хандлага хаашаа явж байна, Монголд хэнийг авчрах вэ гэдэг төлөвлөгөөгөө гаргаад гурван даргад танилцуулна. Төрийн гурван институтийн чиг үүрэг нь гурвуулаа өөр. Тэгээд гурван даргатай тохироод дээд хэмжээний айлчлалын төлөвлөгөөг Засгийн газар хэлэлцээд, дараа нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлж батлуулдаг дараалалтай. Эдгээр айлчлалуудын бэлтгэлийг хангах гэж Гадаад яам тасралтгүй ажилладаг. 

Өнгөрсөн жил бид маш амжилттай айлчлалуудыг зохион байгуулсан. Ромын Папыг ирнэ гэдэгт үнэндээ эргэлзэж байлаа. Пап өндөр настай, нэлээд хол зам туулж ирнэ, манай нийгэм хэрхэн яаж хүлээж авах вэ гэх мэт цөөнгүй эрсдлүүд байлаа. Гэтэл манайхан маш их мэдээлэлтэй, дэлхийн бусад улсуудтай соёлын ялгаагүй орон гэдгээ харуулж чадсан, үнэхээр гайхалтай хүлээж авсан. Ромын Папыг сөргөөр харсан хүн ер нь байсан уу? Цаагуураа бас язгуурын, дэлхийн хэмжээний асуудал манай иргэдэд сонирхолтой байсан болов уу. Ийм үйл явдлыг нэг бүрчлэн сонирхож байдаг ард түмэнтэй орон хэд ч байдаг юм. Энэ нь өөрөө манай улсын нэр хүндийг дээшлүүлж байгаа гэж хэлж болно. 

-Гадаад харилцаа, тэр дундаа гуравдагч хөршийн бодлого идэвхтэй хэрэгжиж, зугуухан амжилт олсоор байгаагийн гадаад хүчин зүйл нь юу вэ?  

-Гаднынхан яагаад манай улсыг хурдацтай анхаарч, харилцаа идэвхжээд байна вэ гэхээр бид улс төрийн хувьд төлөвшиж байгаа залуу ардчилалтай, их зоримог ард түмэн учраас тэр. Дэлхийн хоёр том тоглогчийн дунд, далайд гарцгүй жижиг үндэстэн ч гэсэн агуу түүхтэй орон. Нөгөө талдаа бол асар сонирхолтой орон. Хоёрдугаарт, бид өөрсдийгөө огт голдоггүй. Дандаа тоглогч байхыг мэрийдэг. Гуравт нь, бидний гаргасан гуравдагч хөршийн бодлого тэр хүмүүст маш том сэтгэгдэл төрүүлдэг. Өөрсдийг нь бодит хөрш биш байтал хөршөө гэж үзэж ойр дотно харилцах гээд байна гэдэг эрмэлзэл гуравдагч хөрш орнуудад гойд нөлөөлдөг. 

Хоёр хөрш, гуравдагч хөршийнхөө тэнцвэрийг сайн барьж чадаж байна гэдгийг, харилцаагаараа бидний энэ үеийг бараг 100 жилийн өмнө туулчихсан орнууд хараад мэдэж байгаа нь эргэлзээгүй. Тэд ковидоос хойш, дайн болсноос хойш НҮБ-ын тогтоолууд, Оросын эсрэг гарч байгаа тогтоолууд дээр татгалзаж байгаа байр суурь гээд бүгдийг харж байгаа. Мөн олон улсын  байгууллагуудын гарган тавьж буй байр суурь, манайд өгч байгаа хариун дээр энхийг эрхэмлэсэн, нээлттэй гадаад бодлогын хүрээнд бүгдэд нь тайлбарлах хэрэг гарч байна. Бид нар яагаад Украинд тусламж үзүүлж байгаа юм гэдгээ ОХУ-д тайлбарлана. ОХУ-тай яагаад сайн харилцаатай байх ёстойгоо гуравдагч хөрш орнууддаа тайлбарлана. БНХАУ-тай ямар харилцаатай гэдгээ тайлбарлаад, өөрийнхөө зовлон жаргал, хүсч байгаа зүйлээ нээлтэй ярьж чадаж байгаа. 

Дээрээс нь бидний энхийг сахиулахад хувь нэмэр оруулж байгаа, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудал дээр “Улаанбаатарын яриа хэлэлцээ” зэрэг санаачлагууд гаргаад, олон улсаас хүмүүс урьж авчирч яриа хэлэлцээрийн талбар болж чадаж байгаа маань их чухал. Бид ингээд олон улсын том арга хэмжээнүүдийг хийж байхад манайх шиг өөр орон айгаад чадахгүй, бүтэхгүй, гэрээ хэлцэл, янз бүрийн механизмд нэгдээд тэр байдлаасаа ангижрах гарц гаргалгаа олчихож чадахгүй байгаа явдал цөөнгүй байдаг. Дэлхийн геополитикийн олон асуудал, өрнөж буй үйл явдлуудыг бид зүгээр ангайгаад хараад сууж байж болохгүй. Өөртөө давуу тал үүсгэх боломжуудаа тултал ашиглах, харилцаагаа аль болох бүх улсад ойртуулах, тэдэнтэй харилцан ашигтай байх тийм байдал руу бид шилжиж байна. Урьдынх шиг тувт “Бидэнд туслаач ээ” гэдэг биш, “Харилцан ашигтай байя” гэдэг зарчимд шилжиж байна. Тэрийгээ бид маш сайн илэрхийлээд явж байх ёстой. Эдгээр нь манай хөршүүдэд их таалагддаг. Алинтай нь ч гүнзгий зөрчилдөөд байгаа юм байхгүй. Маш олон айлчлал, яриа хэлэлцээ хийж байна. Араас нь өөрсдөө идэвхтэй ажиллах ёстой. Засгийн газрын бүтцэд байгаа бүх яам ажиллах ёстой.  

-Францын ерөнхийлөгч Э.Макроны айлчлалын дараа олон нийтийн дунд идэвхтэй хэлэлцэгдэж байгаа сэдэв бол уран. Гэтэл сүүлийн үед цахим орчноор энэ төслийг гацаанд орсон гэлцээд эхэллээ. Цахим орчинд дэвхцдэг “эх орончид” маань гадаадын хөрөнгө оруулалт, хамтарсан төслүүд гэхээр л бүгдийг хар аяндаа эсэргүүцдэг?

-Дэлгэцний ард байгаа хүмүүс нарийн учрыг нь мэдэхгүй. Харин  тайлбарлавал хэнд ч ойлгомжтой зүйл. Зохион байгуулалттай улс төр явуулж улс орноороо тоглодог байдлаа одоо манайхан болих хэрэгтэй. Манай нийгмийн сүлжээний хэт замбараагүй хэрэглээ эргээд нийгмээ самарч байна.  Улстөрчид өөрсдөд нь ашигтай болохоор бие биенийхээ эсрэг хэрэглэх гэж замбараагүй байлгаад байгаа ч юм шиг надад санагддаг. Олон нийтийн нийгмийн сүлжээний хууль эрх зүйн зохицуулалтгүй орон дэлхий дээр их цөөхөн, бараг үлдээгүй байх. Үүнд үндэсний аюулгүй байдлын асуудлыг ч холбож ойлгох хэрэгтэй. Ураны төсөл дээр сая Сангийн яам, “Эрдэнэс Тавантолгой” ХХК, Засгийн газар маш сайн ажилласан. Францчууд өөрийнхөө эрх ашгийг бодоод хүчтэй шахах нь мэдээж, харин манайх илүү давуулж шахсан. Ийм л тоглолт болсон. Казахстан улс Францтай хийсэн ураны гэрээндээ их сэтгэл хангалуун байдаг. Тэгвэл бид хамаагүй илүү ашигтай тохироо хийлээ. Монголчууд бидний төсөөлж байснаас өөр юм байна, хэлэлцээр хийгээд сурчихсан, тооцоо судалгаагаа сайн хийж байна гэх сэтгэгдэл Францын талд төрсөн гэдэгт би итгэлтэй байна.   

-Манай ерөнхийлөгч нараас гадаад харилцааны хөгжилд хамгийн сайн өв үлдээсэн нь хэн бэ гэж асуувал та хариулах уу?

-Би Ц.Элбэгдорж гуайг үнэхээр мэдрэмжтэй, гадаад харилцааг их өөр түвшинд гаргасан ерөнхийлөгч гэж үнэлдэг. Тэр үед хэрэгжиж чадаагүй ч гэсэн гуравдагч хөршийн бодлогоос эхлээд олон ажлыг нь дурдаж болно. Ардчилсан намынхны том өв бол яалт ч үгүй гуравдагч хөршийн бодлого. Гадаад харилцаан дээр нээлттэй байя гэдэг эрмэлзлэлийг бодитоор хэрэгжүүлэх тал дээр Ц.Элбэгдорж ерөнхийлөгч их зүйл хийсэн. АСЕМ-ийг зориг гарган зохион байгуулж байлаа.  

-Ромын Пап бол дэлхийн хамгийн содон хүмүүсийн нэг. Сонин намтар түүхтэй ч хүн. Үдэж өгөх тэр үед танд тусгайлан ямар нэгэн юм хэлсэн үү ?

-Ямар гоё асуулт вэ. Би одоогийн У.Хүрэлсүх ерөнхийлөгчийг гадаад харилцаанд маш их анхаарал тавьж ажиллаж байгаад үнэхээр талархдаг. Ажиглаж байхад манай ерөнхийлөгч гаднын хүмүүстэй харьцахдаа биеэ, сэтгэлээ маш сайн бэлдэхээс гадна айлчлалыг онцгой анхаарал тавьж, бүр ширхэгчилж бэлддэг. Ерөнхийлөгчийн бусад дарга нараас ялгардаг онцлог нь юу гээч? Зочдыг урья, урьж авчраад томоохон асуудлуудыг шийдье гэдэг нь юм. “Бид агуу түүхтэй том үндэстэн байсан. Гаднынханд маш сайхан сэтгэгдэл төрүүлэх ёстой. Тэгж байж тэд монголын талаар өөр сэтгэгдэлтэй болж буцна” гэдэг хүн. Тэр сэтгэл, зүтгэл нь хүмүүст их таалагддаг. У.Хүрэлсүх ерөнхийлөгч Ромын Папыг ирэхэд онцгой сэтгэгдэл төрүүлсэн юм билээ. Зочдыг би угтаж, мөн үдэж онгоцонд суулгадаг. Нисэх буудлын зам дагуу түүнийг дэмждэг маш олон хүн эгнэчихсэн байсан. Хамт явж байгаад гарыг маань хоёр гараараа атгаснаа “Тэр хүмүүс намайг хүндэтгэж байна. Би тэдэн рүү очьё” гэж очоод бүгдэд нь “Баяртай” гэж хэлчихээд ирсэн. Тэгээд “Би монголыг мэдээд байсан юм. Монголд ирэхийн тулд бүтэн жил бэлдсэн. Монголын төлөө би маш их юм уншсан. Миний бодож төсөөлсөн яг мөн байна, нэг ч зүйл зөрсөнгүй. Агуу хүмүүсийн үр сад үнэхээр агуу байдаг юм байна. Надад үнэнхүү сайхан, онцгой сонин сэтгэгдэл төрлөө. Танай ерөнхийлөгч надад маш их таалагдлаа. Би энэ хүнийг хэзээ ч мартахгүй” гэж хэлсэн. “Монголд ирсэндээ маш их баярлаж байна” гэж дахин дахин хэлсэн дээ. Нутаг буцах замдаа онгоцон дотор “Би монголыг маш сайн мэддэг учир очиж үзнэ гэсэн мөрөөдлөө биелүүллээ” гэж ярилцлага өгсөн байсан. Очоод гадаа талбай дээрээ монголын тухай ямар гоё үг хэлсэн бэ.

Э.Макроны хувьд японоос ирээд хагас өдрийн их богино айлчлал хийсэн. Насаар ч залуу юм, маш эрч хүчтэй, хурдтай хүн юм билээ. Хүндэтгэлийн хүлээн авалт дээр залуу насных нь дурсамжийг сөхөж, эхнэртээ дурлаад дуулж байсан дууг нь манай дуучин францаар дуулсан. Мундаг эхнэртэй, хоол хүнснээс эхлээд бүх зүйл дээр өөртөө их анхаардаг хүн байна билээ. Тэгээд явахдаа “Би бүр хэлэх үг олдохгүй байна. Үнэхээр баярлалаа. Намайг ингэж хүлээж авна гэж бодоогүй. Танай төрийн ёслол ямар гоё юм бэ. Танай ерөнхийлөгч, ерөнхий сайдтай уулзахад маш гүнзгий сэтгэгдэл төрлөө. Ирээдүй нь гэрэлтсэн, эрчимтэй хүмүүс байна гэж санагдлаа. Тийм болохоор би энэ ажлыг үнэхээр чухалд үзэж байна. Танай ерөнхийлөгчийг би төрийн айлчлалд урьж байна. Очингуутаа хугацааг нь тохирно” гэсэн. Бид Франц руу айлчлал хийнэ гэж олон жил ярьсан улс. Ерөөсөө хариу өгдөггүй байсан. Э.Макроныг очсоноос хойш долоо хоногийн дараа хугацаагаа тохирсон доо. Энэ айлчлалын дараа Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт манайд болох байв. Европын комиссын хурал давхцах учраас Францын сайд “Очихгүй” гэдэг хариу өгсөн байсан юм. Э.Макроныг би нисэх буудал дээр гаргаж өгөхдөө “Та үнэхээр сэтгэл тань хөдөлж байгаа бол Гадаад хэргийн сайдаа эмэгтэй сайд нарын уулзалтад явуулж өгөөч. Манайд их чухал байна” гэхэд “Тэгье” гээд маргааш нь сайдаас нь нот бичгээр “Очъё” гэсэн хариу ирсэн.  

-Эмэгтэй сайд нарын уулзалт тун ховор, хэзээ ч болж байгаагүй үйл явдал болсон.

-Хамгийн гайхалтай нь миний мөрөөдөл биелсэн. Сайд нар, олон улсын байгууллагуудад урилга илгээхэд “Монголд яалаа гэж очих вэ дээ. Орос Хятадын дунд байдаг жижигхэн улс. Гадаад хэргийн сайд нар завгүй. Энэ олон эмэгтэй сайдыг нэг дор цуглуулна гэдэг бүтэхгүй ажил” гэж байсан хүмүүс хүртэл ирсэн. Тэгэхэд би эн тэргүүнд Европоос Герман, Франц, Африкаас ӨАБНУ, Зүүн өмнөд Азиас Индонез, за мөн Австрали, Канадын сайд нарыг ирүүлэх зорилт тавьсан. Ихэнх нь ирсэн дээ. Үнэхээрийн сайхан уулзалт болсон. Энэ уулзалт ажил хэрэг болсноос хойш Монгол улсын Гадаад харилцааны сайдыг энд тэнд очиход урьдахаас илүү өөр ханддаг, бүх Гадаад хэргийн сайд нарын уулзалтанд урьдаг болсон юм. Тухайлбал, дараа сард нь Индонез улсад болсон АСЕАН-ы чуулга уулзалтад очиход тэнд цугласан 30 сайд бүгд Улаанбаатарын уулзалтыг ярьж байв. Эрэгтэй сайд нар хүртэл “Бид очих байсан юм” гэцгээж байсан. Эрэгтэй сайдууд эмэгтэй сайдуудаа их дэмждэг л дээ. Ер нь энэ дэлхий их том юм шиг хэрнээ Гадаад хэргийн сайд гэвэл хоёр зуугаад л байна. Энд тэндхийн хурал, уулзалтад хамт орсоор байгаад ихэнх нь бие биенээ таньдаг болчихсон. Нэгэнт танилцсан хүмүүс дахин танилцаад байхгүй, уулзахаараа шууд ажлаа л ярина. Ингэсээр хүн хоорондын сайхан харилцаа тогтчихдог. Ийм харилцаа хэдийн чинээ сайн байна, ажил тэр хэрээр урагштай байдаг юм. Сайдууд дундаа эмэгтэй 38 сайд байна. Бид хоорондоо дундынхаа шугамаар харилцана, хаана явж байгаагаас өгсүүлээд мэдээллээ байнга солилцоно, ажил төрлөө амжуулна аа.  

-Манай шашныхан 10 дугаар Богдоо тодрууллаа. Үүнээс үүдэн урд хөрштэй харилцах харилцаанд ямар нэг зөрчил үүссэн гэх яриа гарсныг та мэдэж байгаа байх. Айлын тал манай асуудалд тийм таагүй хандлага үнэхээр гаргасан уу? 

-Улс орон бүрд үндэсний язгуур эрх ашиг бий. Хятад улс Төвдийн асуудалд их эмзэг ханддаг. Тийм учраас Далай ламын нөлөөллийг манай шашинд их байдаг гэж үздэг улс. Гэхдээ өнөөдөр хоёр хөрштэйгөө бидний харилцаа, ойлголцол урьд өмнө байгаагүй өндөр түвшинд очсон онцлог цаг үед бид амьдарч байна. Хятадтай байгуулсан Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд манай хоёр орон бүхий л салбарт харилцааны хамгийн өндөр түвшинд хүрсэн. Олон талаараа бид нар хоорондын ямар ч асуудалгүй ажиллаж байна. X Богдтой холбон хүмүүсийн ярьж байгаа шиг тийм зүйл огт байхгүй. Шашны хувьд бид X Богдоо тодруулсан нь маш чухал. Бид бие даасан, тусгаар тогтносон улс. Өөрийн гэсэн шашны тэргүүнтэй байх хүсэл шашин сүсэгтэй хүн бүрийн сэтгэлд бий. Тэр утгаараа ч, өмнөх IX Богдын гэрээсэлж үлдээснээр ч шашны тэргүүнээр монгол хүн тодорно гэдэг нь тодорхой байсан. Тийм бошготой ч юм билээ. Монгол хүн X Богдоор тодорсон нь хамгийн чухал. Би өөрийгөө буддист гэж гаднынханд хэлдэг, Бурханы шашны үзэл сургаал, гүн ухааныг тодорхой хэмжээнд сонирхдог. Манайх гэр бүлээрээ нэлээн сүсэгтэй айл. Манай нөхөр гэхэд л гүнзгий буддист хүн. Хүн шашинтай байх ёстой, аль шашин нь хамаагүй, аль ч шашныг шүтэж болно, сүсэг бишрэлтэй байх нь хүнд өөрт нь ёс суртахууны хувьд их тустай гэж би боддог. Хүн ерөөсөө шашинтай байж байж ёс суртахуунтай байна, зөв байна, тийм байхын нөлөө тусгал бусдад хэрхэвч эергээр хүрнэ гэж үздэг. Хүмүүс нэгнийгээ шашин шүтдэг гэхээр учир зүггүй залбирч мөргөсөн, гүрэм дором болсон хүн л гэж ойлгодог, нэг ёсондоо мухар сүсэгтэй хольж хутгах гээд байдаг. Шашин гэхээр л нэг тийм базаахгүй зүйл гэж боддог хүн олон. Тэгвэл тэр огт буруу, шашин бол хүнийг ёс суртахуунд зааж чиглүүлдэг, тийш нь хөтөлдөг арга ухаан, зам мөр л юм. 

Одоо X Богд нэгэнт тодорчихсон учраас бид монголынхоо шашныг биеэ даасан, уламжлалт дэг жаягаар нь хөгжүүлээд явах ёстой гэж боддог. Гэхдээ мэдээллийн энэ онцгой эрин үед тохирсон шинэ менежмэнтээр. Тэгж байж хүмүүсийн оюун санаа, сүсэг бишрэлийг зөвөөр хөгжүүлнэ. Богдыг өсч, эрийн цээнд хүрэх хүртэлх хугацаанд төр, шашны байгууллагууд ийм шинэ бодлого гаргаж хэрэгжүүлэхийг нөхцөл байдал маань өөрөө шаардаж байна. Аравдугаар Богдыг монгол орон, монголчуудын сайн сайхны төлөө чин сэтгэлтэй монгол хүн, шашны зүтгэлтэн болгож өсгөн хүмүүжүүлэхийн төлөө бид бүгдээрээ ажиллах ёстой. Таны асуултад дахин хариулахад, Богдыг тодруулсан явдалд хятадын талаас дургүйцлээ илэрхийлсэн, харилцаанд зөрчил үүссэн зүйл огт байхгүй.     


-Манайтай харилцаа муудсан, муудаагүй гэхээс илүүтэйгээр дэлхийн эдийн засгийн байдлаас болоод цаад оронд нь нөхцөл байдал дордох зэрэг янз бүрийн хүчин зүйлээс болж Элчин сайдын яамдууд хаагддаг. Манай орны хувьд энэ байдал ямар байдаг вэ, мөн ойрын үед гадаад орнуудад шинээр ЭСЯ нээх үү? 

-Элчин сайдын яамаа хаана гэдэг бол яг үнэндээ маш бүдүүлэг асуудал. Яагаад гэвэл үүнийг байгуулахын тулд маш их цаг хугацаа, хөдөлмөр зарцуулдаг. Тэр оронд дипломат төлөөлөгчийн газар нээхийн тулд маш шаргуу хэлэлцэнэ, өндөр түвшинд ярина, тохирно, төсөв мөнгөө суулгана. Тэр оронтой харилцах харилцаагаа чухалчилж үзсэн учраас байгуулж байгаа шүү дээ. Тэгвэл төлөөлөгчийн газраа хаахад дипломат ёсонд үнэхээр ойлгомжгүй байдал үүсдэг. Жишээлбэл, манай улс маш их ажил өрнүүлж, хөрөнгө зардал гаргаж байж хоёр ч оронд байгуулсан Элчин сайдын яамаа эдийн засгийн хямралын улмаас хаасан. Улс төрийн нөлөө ч бас байсан нь нууц биш. Тэгвэл айлын тал “Яагаад хаачихаж байгаа юм бэ. Та нар бидэнтэй юун дээр тохирохгүй байгаа юм. Бид нар та нарыг яаж гомдоосон юм бэ?” гэдэг. Харилцаагаа л бууруулж байна, муутгаж байна гэж үздэг. Хариуд нь хэчнээн тайлбар хийгээд нэмэргүй, эвгүй байдал л үүсдэг. Харамсалтай нь, бидэнд ийм явдал тохиолдож байсан. Хоёр ЭСЯ-ыг хааж байсан юм. Нэгийг нь харин энэ жил буцаан нээх гэж байна. 

Цаг үе, нөхцөл байдлаа нухацтай харгалзан үзэж, цаашдын харилцаагаа үргэлжлүүлье гэвэл бидэнд хэд хэдэн чиглэл байгаа юм. Бид Төв Азитай ажиллаагүй 30 жил хаячихсан. Хуучин ЗХУ-ын харьяанд байсан улсууд бол ерээд онд тусгаар тогтномогцоо гадаад орнуудтай шинээр дипломат харилцаа тогтоож эхэлсэн. Тийм улсуудтайгаа бид ижилхэн хөгжлийн замаар яваа мөртлөө бие биеэ мартчихсан байдаг. Харилцаагүй бараг гучин жил болчихсон байна. Гэтэл жижиг, хөгжиж байгаа орнууд хоорондоо ярих юм маш их байдаг. Хамтарч ажиллах чиглэл ч гэсэн бишгүй их. Яг энэ утгаар миний хувьд Төв Азийн орнуудыг нэлээн чухалд үзэж байгаа. Ерөнхийлөгч бас маш сайн дэмжсэн. Одоо Узбекистанд Элчин сайдын яам байгуулж байна. Узбекистанд айлчлалаар очиход асар их боломж харагдсан. Узбекууд өөрсдөө ч гэсэн “Бид том орнуудтай учраа олох гэж, янз бүрийн асуудал шийдэх гэж олон жил яваад гавьтай үр дүнд хүрсэнгүй. Гэтэл Монгол гэдэг улс байдаг, бид яагаад нэг нэгнээ мартчихсан юм бэ. Бидэнд харилцан ашигтай хамтран ажиллах өчнөөн боломж байсан юм байна шүү дээ” гэсэн. Узбекистан бүс нутагтаа их нөлөөтэй, хурдан хөгжиж байгаа, гадаад харилцаандаа асар их ач холбогдол өгч байгаа. Төрийн нарийн бичгийн дарга маань ЭСЯ-ны байраа судлаад ирсэн.  Тэднийх харилцан манайд хойтон жил байгуулах байх. Үүний хажуугаар бид агаарын харилцааны, автозамын зэрэг хэд хэдэн хэлэлцээр байгуулахаар ярьж тохиролцсон. Энэ маш чухал. Төв Ази руу, цаашлаад Булангийн орнууд руу гарах гарц болно.  Зүүн өмнөд Азид бид Тайландаас өөр Элчин сайдын яам байхгүй. Индонезид нээж байгаад хаачихсан юм. Индонез бол АСЕАН-ын төв, маш том эдийн засагтай орон. Индонезийн Гадаад хэргийн сайд өнгөрсөн жил манай улсад ирээд “Яагаад та нар бидэнтэй харилцаа тогтоохгүй байна?” гэж гайхсан. “Бид нарт ярих юм их байгаа шүү” гэдэг. Тиймээс бид энэ жил Индонезид ЭСЯ-аа сэргээн байгуулах гэж байна. Хаасан хоёрын нэг нь Бразил юм. Бразилын Гадаад хэргийн сайдтай уулзахад  “Танайх ЭСЯ-аа буцаагаад нээгээч” гэж хүссэн. Энэ мэтчилэн дипломат төлөөлөгчийн газрын тоог нэмэх, нэмэхгүй тухайд бол хөнжлийнхөө хэрээр л хөлөө жийж байна. Юу юугүй ар араас нь нээгээд байж болохгүй, маш нарийн тооцоо судалгаатайгаар нээж байгаа. Тэндээ бас хүний нөөцөө бэлдэнэ. Дараагийн төлөвлөгөө бол Испани. Мөн Латин Америкийн орнуудтай бид хамтарч ажиллах ёстой.  

-Маш сайхан мэдээллүүд байна. Та надад үнэхээр цаг гаргалаа. Ингээд яриагаа өндөрлөе дөө. Та олон сайхан дээл өмсдөг. Дээлийнхээ торгыг хаанаас авдаг вэ. Дээлээ ямар урлаачаар оёулдаг вэ. Өмнө нь та ингэж их дээл өмсдөг байсан уу, эсвэл албан ажлын  онцлогоос шалтгаалж байна уу?

-Өмнө нь цагаан сар, наадмаар л дээл өмсдөг байсан. Дээлэнд дуртай, дээл өөрөө өвөрмөц, монгол хүнд их гоё зохидог хувцас. Зөв сайхан өмсөхөд дээл шиг сайхан хувцас хаа байна. Би энгийн, элдэв маяггүй дээлэнд дуртай. Үнэтэй цайтай торго биш, зүгээр жирийн торго сонгодог. Яг тухайн хүндээ зориулаад ганцхан ширхэг хийсэн гар хийцийн эд эдлэл үргэлж үнэ цэнтэй байдаг даа. Гадаадад явахад хүмүүс намайг хараад их хурдан цээжилдэг юм. Нэгд, азийнхан дунд халимаг үстэй эмэгтэй их ховор байдаг. Хоёрт, дээлийг тэд аягүй өвөрмөц даашинз гэж хардаг байхгүй юу. Гадаад найзууд маань “Монголд очвол заавал ийм даашинз авна” гэж ярьдаг юм. (инээв)   

-Та англи хэлээ МУИС-д ороод л анх сурсан уу? 

-Тийм. Харин орос хэлийг хүүхэд байхдаа сурсан. Сайд нь байж би чинь яамандаа хамгийн цөөхөн хэлтэй хүн нь дээ.  

-Та гадаадад их явдаг хүн. Заримдаа олон хоногоор ч явдаг байх. Харьж ирэхдээ монголынхоо гэсэн юуг хамгийн их санаж ирдэг вэ?  

-Өнгөрсөн жил гадагшаа маш их явсан. Онгоцоор нисээд л, цагийн зөрүүнд ороод л. Олон цөөн  хоног нь хамаагүй, ерөөсөө яваад ирэхээрээ яагаад ч юм, юуны түрүүнд “Алтайн магтаал” сонсмоор болдог юм. Монгол дуу хөгжим хэзээнээсээ их сонсдог хүн л дээ. Монгол хоолоо их санасан байдаг. Зүгээр л гоё будаатай цай уумаар, эсвэл шар будаатай шөл идмээр болдог. Ер нь бол хилийн чанадад хаана ч явж, юу ч үзсэн манай монголын юм болгон үнэ цэнтэй санагддаг, хосгүй үнэ цэнтэй гэдэг нь улам бүр тодордог юм. Бид өөрсдөө л дутуу үнэлдэг болохоос биш манай түүх соёл, ёс уламжлал, зан заншил монголын гэсэн бүхэн тэр чигээрээ гайхамшиг юм шүү дээ. Үнэхээр хосгүй.  

-Та МАН-ын эмэгтэй улстөрчдөөс хол яваа харагддаг. Тэд дарга нараа өмчлөөд бүччихсэн, дандаа эрэгтэй лидер дагаж гарч ирсэн намтартай байдаг нь сонин санагддаг юм. Та тэдэнтэй харилцааны ямар “хэлээр” ярьдаг юм бэ. Яаж харилцааны тэнцвэрээ барьдаг вэ. Би тантай гучин жилийн өмнө уулзаж байсан, мэдэх хүний хувьд асууж байна. Зарим мэдэхгүй хүний хувьд бол гаднаасаа та сэрүүн, хүйтэн гэмээр харагддаг байх. Хүнтэй нэг их ойртдоггүй, тэр бүр олон нийтийн арга хэмжээнд харагддаггүй гэх мэт. Таны энэ биеэ авч яваа соёл хүмүүст сонирхолтой санагддаг байх?

-Ойлгомжгүй л байх. (инээв) Би биеэ даасан л хүн юм шиг байгаа юм. Хүнтэй хэт ойртдоггүй, хэт их хөндийрдөггүй. Хүнтэй муудъя гэж боддоггүй, хүнд төвөг уддаггүй. Хүнтэй тааламжгүй харьцсанаас, харьцахгүй байхыг илүүд үздэг. Хоёрт, би гол зорилгодоо төвлөрөөд л ажлаа хийгээд явдаг. Би бөх хүний гэргий, гурван хүүхдийн ээж. Ажиллах цагтаа ажиллаад, ар гэртээ зарцуулах ёстой цагаа зарцуулах ёстой гэдгийг их залуугаасаа ойлгосон. Гэр бүлийн маань тогтсон зарчим ч надаас бүх талаар шалтгаалдаг. Манай нөхрийн амьдрал, хүүхдүүдийн хүмүүжил, хадам ээж аав, ах дүү нар гээд бүх хүний хариуцлагыг би өөр дээрээ үүрээд, гол цэг нь болчихсон юм шиг байгаа юм, багаасаа. 

-Багаасаа нөхөрлөлд цаг гаргадаггүй байдлаар төлөвшчихсөн юм уу?

-Нөхөрлөх хүн байлгүй яахав. Гэхдээ тийм их ойр байгаад л, хүмүүс шиг үй зайгүй байдаггүй. Одоо бодохоор нөхөртэйгөө л их найзалсан юм байх даа гэж боддог. 

-Та хоёр их залуудаа учирсан байх ?

-Тийм ээ, хүүхдээрээ л учирсан. 

ЖИЧ | Тус ярилцлага Interview сэтгүүлийн (дугаар 029) "Women's Spring" дугаарт нийтлэгдсэн билээ. 

 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав