Цагдаагийн “Сүлд чуулга”-ын дуучин, сургагч ахлагч Э.Сүнжидмаатай ярилцлаа. Ээжтэйгээ хамт дуу аялж өссөн энгийн нэгэн дуучны ярилцлагыг хүлээн авна уу.

-Удахгүй шинэ уран бүтээлээрээ ард түмэнтэйгээ уулзах гэж байна. Ийм зоригтой алхам хийхэд хэн хамгийн их нөлөөлсөн бэ? 

-Тийм ээ. Уран бүтээлч хүнийхээ хувьд улиралдаа ядаж ганц шинэ дуу хийхийг зорьдог. Төлөвлөсөн уран бүтээлүүдээ он гарахаас өмнө амжуулъя гээд л явж байна. Уг нь өөрийн анхны бие даасан тоглолтоо арваннэгдүгээр сарын 16-нд хийх төлөвлөгөөтэй байсан ч хувийн ажил их байсан учраас амжсангүй ээ. Амжуулж чадсангүй. \Инээв\  Бид нарын сонсож өссөн дуучин Р.Дэлгэрмаа, Х.Болормаа эгч нарын маань үг их түлхэц болсон л доо. Саяхан таарахад “Чи их сайхан дуулдаг охин шүү. Шинэ уран бүтээл хийгээрэй” гэж хэлсэн. Энэ үг надад их хүч өгсөн юм. Үнэхээр л би зогсонги байдалтай байгаа ч юм шиг байсан. Тиймээс хайрын тухай, чөлөөт сэдэвтэй хоёр дуу дараалан гаргахаар шийдсэн. Мэдээж албан хаагчидтайгаа хамт дуулаад, тоглолтдоо оролцоод явдаг. Гэхдээ өөрийн нэг шинэ хэв маяг, дүр төрхийг гаргаж ирье гэж бодсон. 

Одоо хоёр шинэ дуу, клип дараалан гаргахаар ажиллаж байгаа. Энэ жил огт шинэ уран бүтээл хийгээгүй юм л даа. 

-Анх урлагт хөлж тавьж байсан үеэсээ хуваалцвал?

-2009 онд СУИС-ийг Ардын багш А.Долгор гэдэг хүний удирдлага дор дуурийн дуулаач мэргэжлээр улаан дипломтой төгссөн. Сургуулиа төгсөх үед цагдаагийн “Сүлд чуулга”-ын дуучнаар ажиллах урилга ирсэн. Ингээд л өнөөдрийг хүртэл явж байна даа. Би угтаа бол дуурийн дуучин шүү дээ. Гэхдээ их сонин тохиолдлоор энэ байгууллагатай амьдрал, хувь заяагаа нэгтгэсэн юм. Илүү бэлгэшээсэн гэж ч хэлж болно. Өмнө нь татан буугдчихсан байсан Цагдаагийн “Сүлд чуулга” яг намайг төгсөх жил дахин шинээр нээгдсэн. Арван дуучинтай л эхэлж байлаа. Тухайн үед би дөнгөж шинэ төгсөгч, байгууллага маань ч дахин шинээр нээгдсэн. Аль алиных нь тохироо таарсан гэх үү дээ. Одоо бол зонхилон нийтийн дуу л их дуулж байна даа.

-Та сая бие даасан тоглолт хийхээр зорьсон гэлээ....

-Тийм ээ. Дөрвөн жилийн өмнө өөрийн төрсөн нутагтаа бие даасан тоглолтоо хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байсан. Амьдралд зовлон, жаргал ээлжилдгийн эрхээр ээжийгээ алдаад ямар нэгэн уран бүтээл хийе гэхээр хүч орохгүй байгаад л байсан. Нэг л зориглож өгөхгүй гэх юм уу даа. Энэ жил хийе гэхээр амьдрал ахуйн асуудлууд гээд бас л болж өгөөгүй юм. Тэгээд л оны дараа хийхээр шийдлээ. Дараа жил миний нас ч яг гоё тэгшхэн насан дээрээ очиж байгаа. Урлаг талд бол манай ээж маш их зөвлөгөө өгдөг байсан. Одоо бол ярилцах хүн байхгүй учраас өөрөө л дотроо боддог. Бодсоноо биелүүлэхээр зорьж байна даа.

-Таныг дуучин болох шийдвэрийг гаргахад юу хамгийн их нөлөөлсөн бэ?

-Би Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн. Манай ээж бол Архангай аймгийн Хашаат сумын хүн л дээ. Их сайхан дуулдаг хүн байсан юм аа. Ер нь бол манай ээжийн талынхан удам дамжсан сайхан дуулж, хуурддаг хүмүүс байсан гэдэг. Тэр хүмүүсийн авьяас билгээс багахан ч гэсэн авч төрсөн өөртөө баярладаг. Хүүхдүүд дунд, ахлах ангидаа ороод л мэргэжлээ сонгодог шүү дээ. Миний хувьд дөрвөн настайдаа дуучин болно гэж шийдсэн. Тухайн үед ээж маань надад хуучны сайхан, сайхан дуунуудыг зааж өгч дуулуулдаг байлаа. Ер нь бол ээжтэйгээ хамт дуу аялж өссөн хүүхэд л дээ. Сая хэлсэнчлэн би дуурийн дуучнаар төгссөн хүн. Гэхдээ яагаад ч юм бэ энэ чиглэлээр бараг ажиллаагүй. Манай ард түмэн чинь өөрсдөө их дууч, хуурч хүмүүс. Нийтээрээ зохиолын дуунд их хайртай. Миний уран бүтээлийн 70 орчим хувь нь массд зориулагдсан. Үлдсэн хувь нь эстрад, поп тал руугаа гэж хэлж болно.

-Дуучин байхын хамгийн сайхан тал нь юу вэ?

-Энэ чинь өөрөө их буянтай мэргэжил байгаа юм. Дуучин хүн чинь дандаа сайхан газарт очиж ая дуугаа өргөдөг. Үргэлж л болж, бүтэж байгаа  зүйлийг дуулдаг шүү дээ.  Ерөөл хэлж байгаа юм шиг л. Ийм сайхан зам руу хөтөлж, оруулж өгсөн ээждээ маш их баярлаж явдаг.

-Бэрхшээлтэй тал нь.....

-Мэдээж байгаа. Ганцхан би дуулах дуртай явна гэдэг бол худлаа. Төрийн албан хаагчид бол цалингаас цалингийн хооронд л байдаг. Өөр ямар нэгэн нэмэлт орлого байхгүй. Тэгэхээр цалингаа хуримтлуулж байгаад уран бүтээлээ хийхээс өөр сонголтгүй болно. Гэтэл бидэнд бас хувийн амьдрал гэж бий. Ингээд л мөнгө, санхүүгийн тал дээр бэрхшээлтэй байдаг. Дотроо бодсон, төсөөлсөн, уран бүтээлээ хийе гэхээр үнэхээр энэ дээр л гацчихдаг юм. Тухайн уран бүтээлч өөрөө л үүнийг  зохицуулах ёстой. Ямар нэгэн компани, продакшнтай гэрээ хийвэл энэ нэг давуу тал болно.

-Таны сэтгэлээс гардаггүй дуунаасаа хуваалцвал?

-Миний ээжийн зааж өгсөн нэг дуу байдаг юм л даа. Ээж минь өөд болоод дөрвөн жил болж байна. Ээжийн тухай дуу надад байхгүй юм билээ. Ээждээ зориулж дуу хийнэ гэж боддог. Намайг нялх байхад л ээж минь ”Газрын жигүүр” киноны “Чулууны дуу”-г их аялдаг байсан юм. Энэ дуу яагаад ч юм бэ миний оюун бодол, сонсгол хоёроос салж өгдөггүй. Арван жилийн өмнө би зүгээр л нэг удаа дуулсан юм. Одоогоос сарын өмнө дүрсжүүлээд тавьсан чинь хүмүүсийн сэтгэлд их хүрсэн байна билээ. Яагаад ч юм цаанаасаа аав, ээжийн минь ач ивээл нь надад ирсэн юм болов уу гэж бодсон. Маш сайхан сэтгэгдлүүд надад их ирсэн ээ. Урам ч их авсан даа. 

-Цагдаагийн “Сүлд чуулга”-ын  үйл ажиллагааны гол зорилго нь юу вэ?

-Алба хаагчдыг соён гэгээрүүлэх, урлаг уран сайхнаар үйлчлэх юм даа. Алба хаагчид, иргэн хоёрын хоорондын гүүр болно. Ийм л чиг үүрэгтэй. Хэдийгээр бид дуучид боловч цадаагийн байгууллагад харьяалагддаг учраас цолтой. Миний хувьд  сургагч ахлагч гэдэг цолтой. Энэ жил ахлагчийг хариуцсан мэргэжилтэн болсон. Ахлагч бүрэлдэхүүний дуу хоолой болох үүрэгтэй цол л доо. Хажуугаар нь бид сонгуулийн харуул хамгаалалтад гардаг. Талбай дээр жагсаал цуглаан болоход иргэдийг хамгаалах чиг үүргийг ч  мөн давхар хүлээнэ. Бид чинь ялгаагүй л мөрдөс зүүсэн алба хаагчид шүү дээ. Дуучин, бүжигчин байна уу хамаа байхгүй. Цагдаа хүнийхээ үүргийг л гүйцэтгэнэ.

-Баг хамт олныхоо тухай яриач?

-Маш авьяаслаг хүмүүс дээ. Бүжигчид маань гэхэд бүгд мэргэжлийн түвшний хүмүүс бий. Манайд хоор дуучин гэж байхгүй. Бүгд өөр өөрсдийн гэсэн өнгө аястай гоцлол дуучид байдаг.

-Цагдаагийн “Сүлд чуулга” бол өөрийн гэсэн дотоод зохион байгуулалт, дэг журамтай байгууллага. Хувийн уран бүтээл, байгууллагын ажил хоёроо яаж зохицуулдаг вэ?


-Сурчихсан. Анх энэ байгууллагад өөрийн хүслээр ороод ажилласан хүн нь “би” өөрөө шүү дээ. Мэдээж чадна гэж бодсон болохоор өнөөдрийг хүрсэн байх. Энэ бол төвөгшөөх асуудал биш л дээ. Би дуулах л дуртай. Тиймээс би дүрэмттэйгээ ч дуулдаг. Хувь уран бүтээлчийнхээ хувьд ч дуулдаг. Ийм шалтгаанаар аль нэгийг нь цалгардуулах зүйл гардаггүй. Би өөрийн дурласан зүйлээ л хийж байгаа юм чинь.

 
Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
А.Даваадулам

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав