Миний хөтөлдөг “Ярилцъя” буланд манай улсын салбар салбарын нэр алдар­тай бүхий л эрхэм уригдан орж, санаа сэтгэ­лийн гүнээ уудалж явжээ. Би олон жил сэтгүүлчийн хүнд хүчир хөдөлмөр эрхлэхдээ машин угаагч жаалхүү, шо­ронд эрхээ хасуулан гуниж суугаа хоригдол, улсын Ерөнхий­лөгч нар, төрийн зүтгэлтнүүд, алдар суугаа бүтээсэн урлагийн элитүүд, бизнесийн одод, тамирчид, малчид гээд үнэхээр тоо томш­гүй олон эрхэмтэй ярил­цаж сонины алтан хоймор тэдний ер­төнцийг залж явав.

Өнөөдөр би ярилцах хүсэлтийг байнга тавьж, арван хэдэн жил “гуйсан” зочноосоо ярилцлага авч байгаа болохоор миний хувьд онцгой өдөр болж байна. Б.Наранхүү бол манай хэвлэлийнхнийг олон жил араасаа “гүйлгэсэн”, ний­тийн өмнө хэзээ ч сэтгэл зүрхээ нээж байгаагүй, бусад шиг юм л бол тайлбар өгөн гомдоллож үзээгүй, тэгэхээс тэгэх гэсэн шиг нууцлаг байхынхаа хэрээр үргэлжид сонирхол татаж байдаг өвөрмөц эрхэм билээ . Тийм болохоор л хэвлэл мэдээл­лийн ертөнц түүнийг элд­сээр, харилцахгүй болохоор нь зарим нь гүжир гүтгэлгээр “нүдсээр” л байв. Ийм сонир­холтой хүнийг нэг удаагийн “дайралт”-аар нээчихнэ гэдэгтээ би итгэлгүй байна. Гэх­дээ уншигч та бүхэн түү­ний ертөнцийн зах зухаар ч болов аялаад үз дээ. Дулаахан, нөмөрлөг, төв халхын түшигтэй эрсийн үнэр бол харин нэвт шувт ханхална шүү.

-Сэтгүүлчид таныг маш олон жил гаднаас тань бичлээ. Дотроо “оруулдаг­гүй” боло­хоор өөр арга байх­гүй. Үр дүнд нь та өөрөө ч танихгүй нэг Наранхүүгийн тухай л элдэв домог уншиж байдаг болсон байх?

-Тийм ээ. Тэр үнэн. Гэвч яая гэ­хэв дээ, энэ асуудал ганц­хан на­дад ч тохиолддог зүйл биш шүү дээ. Би бол бизнесийн салбарт ажиллаж ирсэн хүн. Урлаг, улс төр зэрэг бусад салбарынхан шиг хүний нүдний өмнө амьдрах, хэвлэл мэдээллээр байнга байр сууриа илэрхийлэх шаардлагагүй. Өөрөө ч хувь хүнийхээ хувьд хэт илэн далангүй, хэт нээлттэй хүн биш болохоор чимээгүй, амар тайван амьдрах дуртай гэх үү дээ.     

-Таны амьдралын нэгэн ши­нэ үе эхэлж байна. Энэ со­нир­хол­той үед тань ярил­цаж бай­гаа­даа олзуурхахгүй байх арга алга. Цоо шинэ үе эхэлж байна гэдэгтэй санал нэг байна уу?

-Хувийн түүхэнд маань үнэ­хээр нэгэн шинэ үе эхэлж байгаа байж магадгүй. 

-Ерөнхийдөө бизнесээс улс төр рүү орох амархан. Ха­­­­рин хувийн шийдвэрээ гар­гах л хэ­цүү гэж бодож бай­на. Улс төр рүү яагаад гэ­нэт алхчихав аа. Энэ шийд­вэ­рийн­хээ тухай ярьж өгөөч?

-Мэдээж бодож байж гар­гасан шийдвэр. Хамгийн эн­гийн үгээр хэлэхэд би хувийн амьдралаа босголоо. Компа­ниа, хамтран зүтгэж ирсэн ажилчдаа,тэдний ар талд байдаг гэр бүлийг нь зохих төвшинд авч явж ирлээ. Олон жил хөдөлмөрлөлөө. Улс төр рүү хэзээ нэгэн цагт орно доо гэж энэ замыг туулаагүй. Одоо бол үнэ­хээр энэ улс ор­ныхоо төлөө хөл­тэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж зүтгэх цаг ирээд байна. Миний найзууд надад хэлдэг юм. Нараа чиний нөгөө мөрөөдөөд байдаг юм­нуу­дыг чинь одоо л хийж ма­гад­гүй цаг ирсэн шиг байна. Чи хүчин зүт­гээч, чиний оролцоо хэрэгтэй. Чиний яриад байдаг зүйл үнэн шүү. Тэ­рий­гээ мө­рөө­дөл хэвээр нь үлдээх гээ­гүй л юм бол одоо улсдаа зүтгэ гэж. Улс орны маань хөг­жил ураг­шилж л байна. Сүү­лийн хо­рин хэ­дэн жил хувийн хэвш­­лийн­хэн ч, төрийн албан хаа­г­­чид ч бүгд чад­лаараа зүт­гэсэн. Хэн нь ч зүгээр гэдсээ илээд хэв­тээгүй. Тийм бо­лохоор өөрийн эрхгүй энэ ард түм­нээ хайрлах сэтгэл төрдөг. Одоо бид хөгжлийн­ыхөө хурдыг түр­гэс­гэх, бушуухан бусдын жи­шигт хүрэх хэрэгтэй байна. Энэ үйл хэр­гийн төлөө зүтгэе л гэж шийдлээ дээ. Үнэхээр ард түм­ний бодит амьд­­рал бас хэцүү бай­на. Болох­гүй юмнууд бай­на. Болохгүй юм бай­гаа нь чухал биш. Өөдөлж дээ­шилж л таарна. Хамгийн гол нь асар их хөгжиж дэвших, сайхан амьд­рах боломж бидний өмнө бай­на. Тэр сайхан амьдрал руу, тэр бусдаас дутахгүй хүчирхэг ирээдүй рүү улс орныхоо бодло­гыг залахад оролцъё л гэж би хувь хүнийхээ хувьд  бодож шийдвэрээ гаргасан. 

-Таныг МАН-аас нэр дэв­ших байх гэж ажиглагчид таа­­­маг­лаж байсан. Мон­голын улс төрийн амьд­ралыг то­дор­хойлдог хоёр том хүчин бай­на л даа. Энэ хоёр хүчин Мон­гол орны хувь заяаг сайн муу хэлүүлэн сүүлийн 20 гаруй жил үүрч ирсэн. Тэгэ­хээр аль нэгэнд нь элсэх тодорхой. АН-тай таны түүх яаж хол­богд­дог юм бэ. Үнэ­хээр гэнэ­тийн, со­нир­холтой шийдвэр санагд­сан шүү?

-Анх би хөдөөнөөс Монгол улсын их сургуулийн гүнзгий­рүүл­сэн сургалттай ангид орж ирж бай­лаа. Тэгж ирэхдээ Р.Гончиг­дорж багшийн гэрт нь ирж байсан. Хувь заяаны со­нин учрал шүү. Би үр­гэлж бэл­гэшээж явдаг. Цаг үе нь ч үнэ­хээр сонирхолтой үе байсан. Нэгдүгээр курсийн оюутан болчи­хоод явж байх тэр үед манайд ардчилал ид өрнөж байсан. Бид нар их сургуулийн цонхоор тал­бай руу хараад л, бүгд л гайхан алмайрч, хэчнээн хүүхэд бай­сан ч дотроо ирж яваа шинэхэн цаг үеийн тэр дуудлагыг догдлон хүлээж авч байсан. Тэр үед чинь бидний огт үзэж хараагүй хэчнээн олон юм болж байв. Өлсгөлөн гэдэг юм анх болж бүгд тэрийг ха­раад л. Хоорон­доо элдвийг ярил­цаад л. Урьд өмнө дуулаа ч үгүй тэр цоо шинэ үзэгд­лүүд­тэй тэгж нүүр учирч байсан. 

-Үнэхээр нийгмээрээ л догд­лолтой, түгшүүртэй, нэг тийм сонин байсан л даа. Р.Гончиг­дорж гуайнд анх ирэх болсон нь ямар учир­тай юм бэ?

-Гүнзгийрүүлсэн сургалт­тай ангид шалгалт өгөөч гэсэн урилга Их сургуулиас ирсэн юм. Тэгээд л ирж шалгалт өгөх гээд Дундговиос гарсан. Шал­галтын өмнө бэлтгэл хийх гээд багшийндаа ирж байсан нь тэр. Тэр цаг үе л зүрх сэтгэлийг минь ардчиллын давалгаатай холбосон. Ахмадууд, дунд үеийн­хэнд болгоомжлол, айдас байсан л байх. Бидэн шиг хүүхдүүдэд бол ямар нэгэн сайн сайхан зүйл рүү дуудсан нэг тийм тэмүүлэл л дүүрээд байдаг байсан. Тэр сэтгэл зүй­гээрээ бүгд л татагдсан. Удал­гүй  тэгээд бизнес рүү орцгоо­сон. Ямарч зоригтой байсан юм. Хөд­лөх­гүй л бол амьдрал хүндрээд ир­сэн шүү дээ, ер нь. Би одоо л анх удаа ярилцлага өгч байгаа болохоор намайг хүмүүс ямар замаар явсан, яаж хатуу бэрхийг туулж өөрийн амжилтаа босгос­ныг мэддэггүй л дээ. Таамаг төдий, энэ нөхөр ер нь ямар хүн юм бол гэсэн бүдэг бадаг төсөө­лөлтэй л байдаг байх. Нэг хэсэг нь чөтгөр л гэх юм, нэг хэсэг нь бурхан л гэх юм ямар хүн юм болоо мэдээд ирээч гэж олон жилийн өмнө нэг том дарга хүнд даалгавар өгч байсан юм гэнэ лээ. (инээв)  

-АН-ыг сонгосон сонгол­тын­хаа талаар жаахан тод­руулж болох уу?

-Ардчиллыг үнэхээр сон­гох­гүй байхын аргагүй шүү дээ. Ардчил­лын буянаар л бид биз­нестэй бол­сон. Өнөөдөр бид улс орноо хөг­­жихгүй байна, хөгжлийн бод­ло­го нь удаан явж байна гэж яриад байгаа ч Монгол Улс хөгжиж бай­гаа. Бидний зүүдэлж байсан зүүд ирчихсэн, тэр цаг үе л дээ. Энэ бү­хэн ардчилалтай холбоо­той. Өнөөгийн шинэ нийгмийн хөгжил хорин хоёр жилийн өмнө зассан ардчилал гэдэг буурин дээр л бий болсон зүйл шүү дээ. Би хувь хүнийхээ хувьд  сон­голтоо хэнийг ч оролцуу­лахгүйгээр хийх ёс­той л гэж боддог. Хэн нэгний нө­лөөнд ав­таж биш, ямар нэгэн жи­жигхэн эрх ашгийг бодож биш. Ямар ч цагт байсан би ийм л сон­голт хийх байсан. Бие даагаад ялсан бай­сан ч АН цөөнх байвал орно л гэж би бодож байсан. 

-Таны хамгийн том бахар­хал юу вэ?

-Би ардчилсан Монгол орны иргэн гэдгээрээ бахарх­даг. Ийм сайхан Монгол орны дотроос Дундговь гэх гайхам­шигт нутгийг олж төрсөндөө бахархдаг. 

-Өөрийг тань математикт гаргуун хүүхэд байсан гэдэг. Математик гэдэг юмыг үгээр хэлбэл таныхаар юу вэ?

-Тоо бол эрэл хайгуул юм. Ер нь нуугдаж байгаа юмыг олох гээд л явж байгаа хүмүүс шүү дээ. Тэр зөв хариуг олох гэдэг өөрөө амьд­ралын утга учрыг олсонтой дүйх таа­шаа­лыг өгдөг. Ерөөсөө бүх юмны үндэс зөв тооцоо шүү дээ. Би математикт үнэхээр дуртай байсан юм. Математикт яагаад дурласнаа ч мэддэггүй. 

-Яг барьж аваад бодоод суу­хаар математик сонир­холтой юу?

-Сонирхолтой. Тоогоор дийл­нэ гэж л боддог байлаа. Тухайн үед чинь тоонд сайн хүүхэд л сайн хүн байлаа шүү  дээ. Илүү нь, хам­гийн тасархай нь гэсэн үнэлгээг л зүүж явна. (инээв) 

-Таныг Батсүхийн Наран­хүү гэдэг. Батсүх гуай ямар­хуу хүн байсан бол?

-Манай аав их сайхан хүн бай­сан. Одоогоос 10-аад жи­лийн өм­нө өөд болсон доо. Эгэл­гүй сай­хан, зөөлхөн, хүний хайр татмаар хүн байсан. Ма­най найз нар ми­ний аавд их хүн­дэтгэлтэй, хайртай байж билээ.  

-Аавдаа ер нь зэмлүүлж байсан уу?

-Ер нь манайх хүүхэд цөө­хөн дөө. Би айлын ганц хүү. Манай ээж бол аавыг бодвол чанга хүн. Би хүү­­хэд байх­даа нэг л юм ойл­годог байсан. Зүгээр сууж ерөөсөө бо­лох­гүй юм байна даа л гэж. Зүгээр сууж байгаад ээжийг ороод ирэ­хээр л ямар нэгэн юм барьж аваад хий­гээд унадагсан. Тэр үеэс л ерөө­сөө хүн амьдралдаа зүгээр байж л болохгүй гэж ойлгосон. Миний аав бол хүн сайхан жаргах хэ­рэгтэй, амрах хэрэгтэй, амга­лан тай­ван байх хэрэгтэй. Хүн хөрөн­гөнийхөө хэрээр зовдог юм шүү гэж хэлдэг байсан.

-Амжилтын тань зах зухыг аав нь харсан биз дээ?

-Мэдэрсэн. Миний аав на­дад итгэдэг байсан. Миний хүү юм хийх хүн дээ гэнэ. Аав нь хүү­дээ итгэх шиг сайхан зүйл байх­гүй байх гэж би бодож байна. Миний аав моринд дуртай хүн байсан. Шар­гыг маань соёолондоо түрүү­лээд ирэхэд төрийнхөө наадамд хүү­гийн­хээ азаргыг түрүүлээд ирэхийг харах ямар сайхан юм бэ гээд нүд­нээс нь нулимс мэл­мэрч байсан. Би наадам болгонд тэрийг боддог, морь харах болгонд аавын­хаа тэр агшныг санадаг. Монгол хүн чинь морио харж баяр­ладаг юм байна шүү гэж олон түрүү авсныхаа дараа ойл­гож байсан.  

-Анх Улаанбаатарыг үзсэн тухайгаа санадаг уу?

-Би цэцэрлэгт байхдаа хоёр юмыг их гайхдаг байсан. Энэ олон бичгийг яаж тайлж уншдаг юм бол доо гэж гайхна. Улаанбаатарт тэр олон авто­бусыг яаж зөв олж суу­гаад гэрээ олж очдог юм бол доо гэж бас гайхан бодно. Би хотод их ирдэг байсан л даа. Манай ээжийн аав ээж хотод байсан. Тэгээд эмээ өвөөдөө туслана гэж их ирдэг. Намайг ирнэ гээд бөөн юм болно. Тусдаа нэг аяга­тай. Бөөн эрх ямба болсон хүн эмээ өвөөдөө эрхэлж бай­гаад буцна даа. Хотод ирэхээр их сайхан байдаг байсан. Тэр үед мөхөөл­дөс их авч иднэ ээ. Хамгийн амт­тай юм зайрмаг л санагд­дагсан.  

-Хүүхэд байхаас бий болсон үндсэн мөрөөдөл тань юу вэ?

-Тасархай байна даа, дийл­нэ дээ л гэж боддог байсан. Би өөрийгөө тоонд сайн гэдгийг ту­хайн үедээ мэдэрдэг байсан л даа. 

-Ангидаа бол лидер нь?

-4, 5, 6, 7, 8 дугаар ангидаа айм­гийн тооны аварга болж байлаа. 

-Танай эгчийг бас тоон­доо их сайн байсан гэж хү­мүүс ярьдаг юм байна лээ?

-Манай эгч 10 дугаар ангиа алтан медальтай төгсч байсан. Нэг ч улирлаар сайн авахгүй төгсч байсан. Тэр үедээ Новоси­бирс­кийн Цахилгаан техникийн их сургуулийн Удирдлагын автомат­чилсан систем гээд номер нэг ху­ваарийг аваад явж байсан. Да­раа нь Хавайн Номхон далайн их сур­гуульд суралцсан. Би аравду­гаар ангиа төгсөөд конкурс ч өгч үзээ­гүй шүү дээ. Их сургуульд урил­гаар орж байсан. Одоо манай ан­гийн­хан 14-үүлээ доктор, профес­сор.

-Ангийхантайгаа хол­боо­той байдаг уу?

-Холбоотой. Зун ирээд уулзац­гаана. Чи Төрийн ажил энэ тэр гэхгүй мөн ч жаргаж байна аа л гэдэг юм. Би болохоор нөгөөдүү­лээ дэндүү тасархай доктор профес­сорууд л гэж бахархаж явдаг юм. 

-Бизнес бол мэргэжил үү?

-Мэдэхгүй. Сонин шүү дээ. Бо­ловсрол гэж яг юуг хэлээд байгаа юм бэ дээ. Бид нарын хувьд 20 жил нийгмийн төлөө зүтгээд тодорхой сургуульд сууснаас илүү л болов­сорсон гэж ойлгодог юм шүү дээ. 

-Газар газраас ирсэн шигш­мэл хүүхдүүд МУИС-д урил­гаар хөл тавьж байж. Харин таныг яагаад дуус­галгүй орхисон юм бол гэж гайхдаг?

-Бид нар 15 настайдаа бараг их сургуулийн оюутан шиг бол­чихсон байлаа шүү дээ. 300 төгрөгийн тэтгэлэг авна. Оюутны байранд үнэгүй, хамгийн сайн багш нар хичээл заана. Манай ангийн хүүхдүүд үнэхээр сайн байсан. Нэгдү­гээр курст байхдаа л тав­дугаар курсийн оюутнуудтай үзээд дийлдэг байсан. Тэгээд оюутан боллоо. 17 настай гэдэг чинь бараг гуравдугаар курст орсон байсан. Тэгж яваад их сур­гууль дотор нэг охиныг олж харсан. Булганы охин л доо. 

-Анхны дурлал. Гоё юм аа?

-Би түрүүлж хараад дурла­сан, үгүй би түрүүлж хараад дурласан гэж хоёулаа мар­гадаг юм. Тэгээд бодоход хоёулаа л бие биедээ хайртай болсон юм шиг байгаа юм.

-Таны гэргий бол манай Бул­ганы алдартай хүний охин?

-Тийм шүү. Хадмууд маань үнэхээр сайхан хүмүүс байдаг. 

-Би олон жилийн өм­нөөс өөрийг тань мэддэг. Нэг зүйл мартагддаггүй юм. Хүнд хүн байхад зөв гэсэн нэг л үзэл байдаг юм аа. Тэр нь хүн чанар юм гэж хэлж бай­сан. Гэвч гаднаас тань бол янз бүрээр л зурж байна?

-Тийм ээ, олон жил зу­руулж байна. 

-Тэгэхээр түрүүний асуул­тад хариулсангүй. Яагаад сургуулиа  хаясан юм бэ?

-17 настай гэхэд гуравду­гаар курсийн оюутан шиг болчихсон бай­сан гэж хэлсэн дээ. Аав ээжээ­сээ нуугаад Булган руу айлд хүр­гэн ороод л. (инээв) Манай ан­гийн­хан байгаа хэдэн төгрө­гөөрөө юм цуглуулж өгөөд л явж байсан юм. Миний хань сайхан хүн л дээ. Ингээд би 17 настай хүнтэй суу­сан. Нэгдүгээр курсийн оюутан Чимгээ жирэмсэн болсон. Гэтэл төрөлхийн зүрх нь цоорхой гэдэг нь мэдэгдээд, эмч нар төрж болох­гүй гээд бөөн зовлон биднийг нөмөрсөн. Манай Чимгээ зориг­той л доо. Юм­наас айгаад няцаад байх­гүй. Би байсан бол больё гээд гүйж байх байсан байх. Гэтэл Чимгээ хүний эхнэр болсон л юм чинь хүүхэд гаргаж өгөх ёстой, би төрж чадна, үхсэн ч хамаагүй төрнө гээд зүтгэсэн. Тэгээд тухайн үед зүрхийг нь эмчлүүлэхгүй бол болохгүй гээд гадаад руу асуул­гатал 50 гаруй мянган доллар гэсэн. Тэр чинь юу вэ, зүүдний мөнгө шүү дээ. Аймаар мөнгө байхгүй юу. Тэгээд бизнес хийх ёстой юм байна. Хүн миний өмнөөс үхэж чадна гэж байхад сургуулиа хаяад явах бол надад юу ч биш шүү дээ. Харин ч би азтай. Зөв сонголт хийж, давж гарч чадсан. Зах зээлд шилжиж бай­сан, автобусны мөнгөгүй байсан үе ч бий. Хуушуур авч идэж чадахгүй, ам руугаа хуушуур хийж байгаа хүн сайхан хараг­даж байсан үе ч бий. Түрээсийн мөн­гөө төлж чадахгүй, муухай царай­лаад явж байсан үе ч бий. Би бизнес рүү орсондоо үргэлж баярлаж явдаг. 

-Тийм ээ, заавал хавтас, дип­лом  авснаараа боловс­рол­той хүн гэж үнэлэг­дэх­гүй гэж үү?

-Ер нь хүн өөртөө үнэнч амьд­рах хэрэгтэй. Үнэхээр сур­гууль боловсрол олоод тэрүү­гээрээ цаашаа явна гэж байгаа бол түүгээрээ явах хэрэг­тэй. Хэрвээ цаашаа ажил­лах хэрэгтэй гэвэл сонголт хийгээд явах хэрэгтэй. Би найз нөхдөө инээлгэдэг юм. Билл Гейтс бид хоёр чинь адилхан боловсролтой шүү дээ гэж. Тэгэх­дээ гол нь үнэн байх хэрэгтэй л дээ. Зүгээр нэг сургуулийн дип­лом худалдаж аваад халааслаад явах уу. Тэгж дипломтой гэж хэлүүлэх үү. Яагаад сургууль төгсөөгүй гэдгээ ил хэлж болохгүй гэж. Яагаад нуух ёстой юм бэ. Анх­наасаа улс төрд орж байж хуураад явбал, дараа нь эх орноо хуурна гэсэн л үг шүү дээ. Анх­наасаа худлаа ярьчихаад дараа нь эх орныхоо төлөө, ард түм­нийхээ төлөө юм хийнэ гэвэл хэн ч итгэхгүй шүү дээ. 

-Таныг айлын ганц хүү боло­хоор зовж ядарч үзээгүй байх гэж хардаг л даа. Гэвч таны амьдралд хүнд үеүд байжээ?

-Аавыгаа алдах л хүнд бай­сан. Бусад юмыг бол давна шүү дээ.  

-Сүүлийн 10 жил Наранхүү гэдэг хүнийг хэвлэлээр бич­сэн. 98 хувь нь сөргөөр. Ийм үед та юу боддог вэ. Яагаад нэг ч удаа гарч ирж тайлбар өгч байгаагүй вэ?

-Гоё шүү дээ. Муу хэлүүлчихээр сайхан болоод л явчихдаг юм. (инээв) 

-Танай гурав дахь хүү дутуу төрөөд та эмнэлгийн гадаа сар болж байсныг тань мэдэх юм. Тэр үед нууц амрагаа төрүүлээд эмнэлэг сахиж байна гээд бичиж байсан. Ийм үеийг яаж давдаг вэ?

-Манай найз нар бид со­ниноор үнэнийг чинь хэлээд өгье гэдэг. Би тэгээд хэлдэг. Та нар ойлгож байхад би цааш нь хэнд ойлгуулах юм бэ гэж. 

-Амжилтын найзууд гэж байдаг л даа. Хүн хүчтэй явахад, амжилттай явахад, мөнгөтэй явахад найз нар байдаг. Бас тавилангаар учирсан найз нөхөд ч байдаг. Нөхөрлөл Наранхүүгийн хувьд яг юу вэ?

-Нөхөрлөл дээр ерөнхийдөө өөр бодолтой байдаг юм л даа. Хүмүүс хүн ядрахаар найз нөхөд алга болчихдог, сайн явахаар цугладаг гэж хэлдэг. Би энэний эсрэг бодолтой байдаг. Миний амьдралыг харахаар намайг ядрахаар харин хүмүүс ирээд, сайн явахаар би өөрөө татаж чангаахгүй бол тойроод яваа юм шиг тийм л хандлагатай байдаг шүү дээ. Одоо улс төрд өөр юм оруулж ирчихээд байгаа юм л даа. Мөнхийн нөхөрлөл байдаг­гүй, мөнхийн эрх ашиг байдаг гэж. Уг нь мөнхийн нөхөрлөл байж байж, мөнхийн эрх ашиг байх ёстой юм. Бүх юмыг өнөөдөр өөрөөр хий­гээд байх юм даа. 

-Сэтгэлийн тамир, энерги нийлэхгүй хүмүүс байдаг шүү дээ. Тийм хүмүүсээс та зугтаж чаддаг уу?

-Би нэг их зугтая гэж боддоггүй шүү дээ. Ер нь би хүнд нэг их буруу өгдөггүй. Ээж аав хоёр нь ингээд л бүтээчихсэн байгаа юм чинь яах юм гэж л боддог. 

-Та бурхан шашин шүтдэг үү?

-Тийм. Буддын шашнаа шүт­дэг. 

-Шашин яг үнэхээр хүнд тусалдаг юм уу?

-Тусалдаг. Бурханы шашны ганцхан юм байгаа. Хүнийг гэгээ­рүүлэх л  туйлын зорилго нь. Хүн ер нь тэвчээртэй байх хэрэгтэй. Хүн тэвчээртэй байх юм бол юу ч хүрэхгүй гэж сургасан байдаг. Би олон жил муу хэлүүлээд л явсан, тэвчээртэй байсан. 

-Стратегийн ордууд эргэл­тэд ороод эхэллээ. Бид нар мэдлэгт суурилсан эдийн засаг, уул уурхай дээр суу­рил­сан хөгжлийн бодлого гэ­дэг юмыг яриад байгаа. Гэх­дээ хөрөнгө оруулагчид бол баялгийг аваад л явдаг хү­мүүс. Та өнгөрсөн дөрвөн жилд хоёр том улс төрийн хүчний хийсэн эдгээр төс­лийг хэр амжилттай явж дуус­на гэж боддог вэ. Сайн гэ­рээ болсон гэж хэлж чадах уу?

-Би хөгжлийг бол өөрөөр ойл­годог юм.  Хөгжлийн суурь дэвсгэр нь итгэл дээр л суурилах хэрэгтэй л дээ. Өнөөдөр тэр итгэл нь байхгүй яваад байна. Би найз нөхдөдөө хэлэх дуртай. Чингис хаан агуу есөн өрлөг жанжинтай байсны хүчинд л дэлхийг байлдан дагуулсан болохоос биш “Оюу­толгой”-той, “Тавантолгой”-той бай­сан­даа биш л дээ. Тэр бол итгэлцэл дээр суурилсан хүч байсан. Ийм итгэл дээр суурилсан хүч байх юм бол “Оюутолгой”-гүй байсан ч Монгол хөгжинө. Тэр гэрээ алдаатай байна уу, алдаа­гүй байна уу гэдэг миний хувьд жижигхэн зүйл. Бид яах ёстой вэ гэвэл итгэлтэй баг төрийг удирдаж авч явах нь л чухал. Тэр нь ил тод, түүнийх нь хэрээр ард түмэн нь итгэдэг. Тийм л баг гарч ирэх юм бол юуг ч засч болно шүү дээ. Итгэлийг бий болгох дээр хүмүүс нэг их анхаарахгүй байх шиг байна. Тэрийг хийх хэрэгтэй. Ерөөсөө амьдралын хамгийн гоё юм итгэл шүү дээ. Яг өнөөдөр дотроо эв нэгдэлгүй, итгэлгүй байна. Ард түмэн нь төрдөө итгэлгүй, төр нь ард түмэндээ итгэхгүй. Ийм үед ямар ч гоё, ямар ч зөв юм явсан буруу болгож болно.  

-”Оюутолгой” бол зургаан жил гацаанд байсан төсөл шүү дээ?

-Тэгэхээр хэн хэндээ итгэдэг итгэл нь байхгүй учраас маргал­даад л зөв юмыг хар болгоод, хар юмыг гэгээтэй болгоод л яваад байна. Сүүлдээ улстөрчид нь ч ойлгохоо байчихсан, толгой нь эргэчихсэн. Сэтгүүлчид нь ч аль нь зөв, аль нь худлаа яриад байгааг ойлгохоо байчихсан. Ард түмэн нь ч хэн нь худлаа, хэн нь үнэн яриад байгаад итгэхээ байчихсан. Ийм итгэлгүй орчин байна шүү дээ. 

-Таны хувьд хүний амьд­ралын утга учир юу юм бэ?

-Ерөөсөө л үр хүүхэд. Хүүхэд л аз жаргалтай байх юм бол ээж аавын харцанд аз жаргал асдаг шүү дээ. Хүүхэд гунигтай бол ээж аав гунигтай. Тэгэхээр Монголын хойч үеийг л аз жаргалтай амьд­руулахын төлөө зүтгэх хэрэгтэй. 

-Танаас сонгогчид олон л юм асуух байх. Банкнуудыг дам­­пууруулсан гээд л бичдэг. Танд одоо өр гэж байна уу?

-Өртэй гэж бичиж байгаа нь гурав дөрвөн хүний л сонирхол шүү дээ. Ард түмэн бүгд л мэдэж байгаа. Хэрвээ өртэй бол УИХ-д дэвшүүлэхгүй. Авсан юмыг өгөх ёстой. Энэ бол шударга зарчим. Би “Анод”-оос зээл авсан л бол өгөх ёстой. 

-Та жаахандаа сансар суд­лал гэх мэт ер бусын зүйл мөрөөддөг байсан уу?

-Монголчууд бид чинь жирийн хүмүүс биш шүү дээ. Морь уна­чихаад л дэлхийг эзэлнэ гэж бодож чадаж байсан улс. Тэгэхээр сансарт тэмүүлэх нь наад захын асуудал биз.  

-Ээждээ хамгийн сүүлд хэ­зээ зэмлүүлсэн бэ?

-Мэдэхгүй. Манай ээж намайг миний бурхан хүү л гэдэг юм шүү дээ. Тэр хэмжээнд нь байх юмсан, ээжийгээ баярлуулах юм сан даа л гэж боддог. Хэдэн дүү нараа, тэгээд хавь ойрынхныгоо чадвал баярлуулах юм сан гэж бодох юм.

-Таныхаар дуусдаггүй бая­лаг юу вэ?

-Хүний сэтгэл их баян байгаа­сай л гэж би боддог юм. Намайг есдүгээр ангид их сургуулийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид ороход монгол хэлний Буян­тогтох гэж их сайхан багш байсан л даа. Тооны хүүхдүүд монгол хэлэнд дургүй. Тэгэхэд бидэнд төгсөхөд чинь дуртай болгоно оо гээд “Сэтгэл гэдэг бол түмэн хэр­гийн үндэс, сайн муугийн орох гарах орон” гэж хэлж байсан юм.  

-Та дайсантай юу?

-Мэдэхгүй. Дайсан гээд бай­­хаар юм надад байхгүй шүү дээ. 

-Говийнхон их азтай хүмүүс гэж би боддог. Хэдэн үеэ­рээ л хамгийн сайхан хү­мүүс гэж хүндлэгддэг. Хаа­наас нь ч харсан манай Дундговийн хүн байна даа гэж таньдаг ямар шинж та­най нут­гийн­ханд байдаг вэ?

-Манай говийнхон чинь сай­хан уужуу хүмүүс шүү дээ. Манай хөгшчүүл бол их ухаалаг, алсын ха­раатай, юманд нэг их тэгж сандарч гүйгээд байхгүй. Ирээд цохиод авахад хүүе сайн уу гэх л хүмүүс шүү дээ. Нэг их юманд тэгж цочрох­гүй дээ. Хямраад байхгүй, сайн хэл­­лээ гээд учиргүй баярлаж гүйгээд байхгүй. 

-Таны хүндэлдэг улс төр­чид ямар хүмүүс байгаа вэ. Та улс төрд ямар хүмүүсийг байгаасай гэж боддог вэ?

-Би улс төрд үнэн юм ярьдаг хүн байгаасай гэж боддог. Би үерхэл нөхөрлөл дээр ганцхан юмыг баримталдаг юм. “Эр хүн хэлсэн амандаа хүрчихвэл асуу­дал үүсэх­гүй. Нүүр нүүрээ хараад ярьсан яриаг ярианд тооцно шүү” гэж хүмүүст хэлдэг. Тийм учраас миний нөхөрлөл олон жил хадга­лагддаг. Өөр болоод л, хувираад өөрч­лөгдөөд байдаг найз нөхөд ховор доо. 

-Улс төрийг бид нар бохир гэж ярьдаг. Гэхдээ парла­мент мэргэших ёстой. Сон­гогчид бол бөх байна уу, дуучин байна уу сонголтоо хийдэг. Та өөрийгөө тэнд орж ирээд хэн байна гэж бодож байна?

-Парламент мэргэших хэрэг­тэй. Тэгвэл мэргэшүүлнэ гэвэл пар­ламентын гишүүнийг 50 жилээр сонгочихгүй яасан юм бэ. Тэгэхээр шинэ юм орж ирэх шаардлага бас байна аа даа. Тийм учраас л анхнаасаа хуулиа хийх­дээ бодож хийсэн байх.

-Таны амьдралын хамгийн үнэтэй зүйл юу вэ?

-Миний гурван хүү, миний гэр бүл. Би илүү илэн далангүй л хэлж байгаа байх. Үнэндээ бүр нарийн юм бол энэ хорвоо дээр үр хүүх­дээс үнэтэй юм байхгүй шүү дээ. 

-Та нэг сониныг шүүхэд өг­сөн байсан. Үнэхээр тэв­чээр барагдсан уу?

-Тэр арай дэндүү гомдмоор юм болсон. Би чинь бас хүний аав хүн шүү дээ. Хэзээ нэгэн цагт хүүхдүүд маань хүнтэй сууна. Айлаас бэр гуйна. Ийм юмыг зүгээр өнгөрөөж арай болохгүй биз дээ.  

-Тэр муухай хэрэгт ороо­цолдсон хүн тантай нэр нэгтэй хүн байсан юм байна лээ?

-Тийм. Тэр хүн ч гэсэн надаас ууч­лалт гуйсан л даа. Өөрөө ч сонин хэвлэлээр “МОН УРАН”-ы Наранхүү биш шүү гэдгийг хэл­сэн. Тэр хүн миний өмнөөс санаа зовоод би шүү, Наранхүү биш шүү гэдгээ хэлсэн. Тэр ч гэсэн бас сэтгэл нь өвдсөн бай­гаа биз дээ. Энэ бол арай даварна даварна гэхэд дэндсэн гүтгэлэг байсан. 

-Ж.Наранцацралт агсантай ойр байсныг тань мэдэх юм. Дэндүү харамсалтай явдал болсон?

-Монголын хувьд ч, манай нут­­гийнхны хувьд ч дэндүү том гарз. Үнэхээр сайхан хүн байсан даа.  

-Та гэр бүлтэй нь ойр уу?

-Би хүүтэй нь ойр. Намайг дэмжээд л явж байгаа. Ер нь тэгээд хэцүү шүү дээ. Амьдрал бол тааш­гүй. Ер нь бол их болгоомжтой байх ёстой юм байна гэж боддог. Монголчууд ч гэсэн өнөөдөр болгоомжтой болох хэрэгтэй. Хов живнээс хол, хэрүүл тэмцлээс хол. Би хэвлэл мэдээллийнхэнд ч гэсэн шүүмж­лэл­тэй ханддаг л даа. Хэн нэг­нийг хамаагүй биччихээд хэвлэн нийтлэх эрх чөлөө гэж яриад суудаг. Яг үнэндээ Монголд тэр эрх нь байхгүй шүү дээ. Хэвлэн нийтлэх эрх хэдхэн хүний л гарт байгаа шүү дээ. Тэд нар л бүх хийх юмаа хийж байна. Хүн нэр төрөө хамгаалахаар хэвлэн нийтлэх эрх чөлөөг боогдуулж байна гээд байх уу. Ухаантай хүн хэлсэн байдаг юм. Үнэнийг гуй­вуулсан худал гэж. Хэв­лэн нийт­лэх эрх чөлөө хэрэг­тэй. Яг үнэ­хээр та нар өөрсдөө олж авбал хэрэгтэй зүйл байхгүй юу. Гэтэл зарим нь муу муухайгаа нуу­хын тулд тэр эрхийг чинь ашиг­лаад байгаа байхгүй юу. Энэнээс л хол байх хэрэгтэй. 

-Та гомдомхой юм аа?

-Зүгээр л тайлбарласан юм. Амьдралын гоё нь уучлах шүү дээ. 

-Уучиллаа гээд тэгээд юу ирдэг юм бэ?

-Өөрөө л их тайвширдаг юм даа.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав