Жованни Боккачогийн “Декамерон” болоод Раблэгийн “Гаргантюа ба Пантагрюэль” номуудыг хүн төрөлхтний уран зохиолд анхлан бүрэлдсэн туужийн бичлэгээс нь гадна нэгтгэдэг өөр нэг зүйл бол ид шид, зөгнөлийн тухай хүүрнэл, сэтгэлгээний чөлөөт бичлэгийн онцлог. Гэхдээ Раблэгийн бүтээл өмнөхөө бодвол ёс суртахууны хэмжээг эрээ цээргүй зөрчсөн учраас хориотой номын тоонд үргэлж багтсаар ирсэн. Гэвч “Декамерон”-д ч бас эрээ цээрийн хоригийг сэт татсан зүггүйтэл байдаг боловч ид шид, уран зөгнөлийн хөнгөн егөөдлөөр тэдгээрийн сүүрдийг томруулалгүй дарж орхидог. Зөгнөлт зохиолын цаашдын хувьд заяанд нөлөөлсөн уг номуудын нэгийг маш гашуун хувь заяа дагалддаг байжээ. Тэр нь галд шатаах ёстой уран зохиолын бүтээлийг “Раблэ” хэмээн дүйцүүлж, хорсон жигшиж нэрлэдэг байсан явдал юм. Гэтэл гэм зэмгүй дэггүйтлээсээ болоод уран зохиолын галд өртөх хувьтай бүтээлүүдийг тэргүүлж, галын тахил болсон номуудын нийтлэг нэршлийг төлөөлөх болсон эл золгүй шидээвэр өдгөө уран зохиолын зөгнөлт бүтээлүүдийн анхдагч соруудын нэгээр зүй ёсоор нэрлэгддэг. 

1933 оны тавдугаар сарын 10-ны өдөр нацистууд Берлиний төв талбайд өөрсдийнх нь үзэл сурталд таарахгүй гэж үзсэн олон номыг галдан шатаасан түүхтэй. Тэд Л.Толстой, Г.Гейне, М.Пруст, Э.М.Ремарк, Томас Манн, Херберт Уэллс зэрэг зохиолчдын олон зуун номыг галдсан. Уг ажиллагааг тухайн үеийн Ардын боловсрол, суртал ухуулгын сайд П.Й.Геббельс удирдсан гэдэг. Харин тэр үед Г.Гейне “Ном шатаасан хүмүүс хэзээ нэгэн цагт хүнийг шатаадаг болно” хэмээж байв. Өдгөө харин Германчууд тус өдрийг эсрэгээр нь буюу номын баярын өдөр болгон тэмдэглэдэг. Үүнээс гадна анх Жойсын “Үлисс” хэвлэгдэж дуулиан тарихад Католик шашны тэргүүнүүд тус бүтээлийг шатаах шийдвэр гаргажээ. Манайд ч ном судрыг галдан шатаасан түүх олон. 2007 онд гэхэд л “Улс төрийн хэлмэгдэгсдийн намтрын товчоон” хэмээх гурван боть номыг портер машины тэвш дүүргэн ачиж, хотоос гарган шатаасан хэрэг гарч байв. 

Магадгүй зэлүүд талд, эсвээс уулын мухрын дүнзэн байшинд гал өрдөх юмгүй бээрч суугаа нэгэн ном шатааж дулаацан үхлийн савраас нэгэнтээ зайлж болох. Харин үүнээс өөрөөр номыг шатаах нь хүн төрөлхтний аль ч түүхэнд тухайн орны үндэсний аюулгүй байдалд халдаж, соёлыг нь устгах гэсэн бодлоготой ямагт холбогдож ирсэн. Үзэл санаагүй, өөрсдийн хэл соёлгүй, түүхгүй оронд ямар ч тусгаар байдал үгүй болно. 

Харин Америкийн зохиолч, уран зөгнөлт зохиолын гарамгай төлөөлөгчдийн нэг Рэй Брэдбёри “Френхайтын 451” хэм зохиолдоо энэ талаарх үзэл баримтлалыг илүү нарийн, уран сайхны аргаар шинжилж, хүн төрөлхтний өнөөгийн зарим үйл ажиллагаа ирээдүйд ямар хор хөнөөл учруулж болохыг сануулдаг. 

Зарим талаараа тус романы сэдвийг оролцуулалгүйгээр үйл явдлын өрнөл, хэлбэрийг нь Йоргос Лантимос “The Lobster” кинондоо ашигласан санагддаг. Нэг ёсондоо бол киноны найруулгын арга барилыг нь Брэрбёри зааж өгсөн гэсэн үг. Кинонд соёлт иргэншилд амьдрахын тулд өөртэйгөө ямар нэгэн талаар ижил дур сонирхолтой хосыг олсон байх ёстой. Ингэхийн тулд тусгай зочид буудалж байрлаж, дүрмийг дагана. Заасан хугацаанд хосоо олохгүй аваас өөрийн сонгосон амьтны дүрд хувирах шаардлагатай. Харин гол дүрийн залуу буудлаас зугтаж, тэдний, ерөөс энэ засаглалын эсрэг аж төрдөг хэсэг бүлэг, ойд нуугдан аж төрдөг хүмүүсийг олно. Тэр нь яг л Брэдбёригийн романд гардаг номын нууц бүлгэмтэй ихээхэн төстэй мэдрэмжийг төрүүлнэ. 

Яг одоо та хэн нэгэн хүн “Энэ номыг шатаа” гэж хэлээд эсэргүүцэхгүй байхын аргагүй санал тавибал яах вэ? Мэдээж хэн ч номыг шатаачхаж дөнгөнө. Орчин үед бол тухайн номууд гар утас, таблет, ширээн дээрх жижиг оврын нөтбүүкт суурилаастай учир тийм ч хэцүү даалгавар биш байх болов уу. Гэтэл Брэдбёригийн үзсэнээр ном бол мэдлэг боловсрол, оюун билгийг хадгалах аварга том агуулах байсан. Өдгөө үүнд технологийн заналхийлэл тулгарчхаад байна. Уг аюул заналд дасан зохицож чадах, эсвээс түүнд сэтгэлгээний чадвараа устгуулж болох эрсдэл нүүрлэх үед хэрхэх вэ? Хариултыг нь 1950 оны хавар Лос-Анжелес дахь Их сургуулийн номын сангийн хонгилд Брэдбёри бичгийн машин дээрээ товшиж гарчээ. 

Түгшүүр шингэсэн хуудсууд

Дэлхийн хоёрдугаар дайны хар утаа хүн төрөлхтнийг нөмөрсөн хэвээр, ажуухан замхрах боловч бүрэн арилаагүй байсаар... Эцэс болсон дайнаас ердөө тавхан жилийн дараа Брэдбёри тус романыг бичиж эхлэх үед улс төрийн хэлмэгдүүлэлт, утга, уран зохиолын цензурыг гааруулсан АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын үйл ажиллагаа ид цэцэглэж байлаа. Тиймийн учир романы гол дүр болох Монтэгийн эргэлзээнээс зохиолчийн айдас үзэгддэг. Романы хуудсууд тэр чигтээ түгшүүрээр дүүрэн байх шиг санагдах нь бий. Мильредын огцом ааш, олзоо дарж аваад морфин шахан унтуулж орхиодог Ангуучын зугаа, Фаберийн дүрлийсэн харц гээд цааш хөвөрнө. 

“Шатаах бол таашаал”. Ирээдүйд гал унтраах бус гал тавьж, хүмүүсийн гэртээ нууцалсан номыг олж шатаадаг галын алба бий болжээ. Монтэг гэх гол дүрийн залуу тус албанд ажилладаг. Тэр “451” гэх дугаарын дуулга өмсөнө. Энэ бол хотын хамгийн шилдэг галын алба, тэр ч өөрөө сайн мэргэжилтнүүдийн нэг. Тэд зөвхөн ном шатаах ба өдөр бүрийн тусгай хуваарийн дагуу ажлаа гүйцэтгэнэ. Мягмар гарагт Хэрман Мэллвилийн нүсэр романуудыг галдсан бол пүрэв гарагт Фолкнерыг шатаадаг. 

Гэтэл Монтэг нэгэн өдөр ажлаа тарах замдаа Кларисс Маклеллан хэмээх охинтой танилцсанаар энэ бүхэн өөрчлөгдөж эхэлнэ. Охин түүнд эрт үед галын албаныхан галдан шатаадаг бус харин дүрэлзэн асах их галыг унтраадаг тухай өгүүлэхэд Монтэг байшин барилга хэзээ ч галд өртдөггүй байсан хэмээн итгэлтэй хэлдэг. Гэвч Монтэгийг эргэлзээнд хөтөлсөн нэг асуулт бий. Охин түүн рүү гайхсан нүдээр ширтээд “Та аз жаргалтай хүн мөн үү?” хэмээнэ. 

Асуултын талаар бодох тусам Монтэгт түгшүүр бий болж эхэлдэг.Тиймээс дүрийн сэтгэлзүйг оршин буй нөхцөл байдлаас нь өөр зүгт чиглүүлснийг анзаарах, магад таамаглал дэвшүүлж болох юм. 

“...Тэр нүүрэн дээрх инээмсэглэл нь хэрхэн хальс адил хууран унахыг, удтал ассан гоёмсог лаа хайлан урсаж унтрахын адил үгүй болохыг мэдрэв. Таг харанхуй. Монтэг аж жаргалгүй байлаа. “Би аз жаргалгүй” гэж тэр өөртөө хэлэв. Энэ бол чин үнэн бөгөөд хүлээн зөвшөөрөх учиртай юмсанж. Тэр аз жаргалыг яг л баг адил өмсөөд явж байтал охин түүнийг нь хуу татан аваад зүлгэн дээгүүр гүйн оджээ”. (“Фаренхайтын 451 хэм” 22-р тал, орч: Д.Дашмөнх)

Ийнхүү Монтэг анх удаа үнэнтэй нүүр тулав. Түүнийгээ хүлээн зөвшөөрсөн боловч түгшүүр харин арилсангүй. Дүрийн зөрчил нь үйл явдал, бодит ахуй дахь сөргөлдөөнөөс бус Клариссын үгээс үүдэн Монтэгийн ухамсар дотор бий болж байна. Энэ нь цэвэр сэтгэлзүйн шинжтэй. Харин бэлгэдлийн хувьд гэвээс технологийн хөгжил хэт давамгайлах ертөнцийн талаарх зохиолчийн төсөөлөл, айдсын биежсэн дүр Монтэг байлаа. Тэр байшингууд шатахгүй гэдэгт, ном шатаах нь хамгийн зөв, таашаал төрүүлэх ажил мөн гэж итгэжээ. Гэвч бодит ахуй, технологиос гадуур нийгэм нь амьд мэдрэмж, яруу найрагчийн зөв совинг биднээс шаарддаг. Харин Монтэгийн аж төрж буй газар бол хувь хүнийг “тусгаар” оршихуйд хүлсэн тийм ертөнц. 

Гол нь бидэнд заяагдсан байгалиас хамаарах мэдрэмж, зөв совингийн шинжтэй эргэлзээ, асуултууд, биеэр бус оюун бодол, сэтгэл зүрхний үйлдэл, мэдрэмжүүд гэнэт сөнөх эсвээс түүнийг сөнөөх аваас энэ бүхэн жинхэнэ түгшүүртэй төсөөлөл биз дээ. Их хотуудад болж буй тоо томшгүй үйл ойлголцол, сэтгэл сэртхийлгэм аллагын үйлдлүүдийг бид одоогийн нийгэмд өдөр бүр хэдэн арваар нь хүлээн авах боллоо. Тэдний дийлэнх нь баримттай. Эдгээр баримт бол Брэдбёригийн романдаа боловсруулсан тогтолцооны өөрчлөлтийн талаарх хамгийн айдас түгшүүр шингэсэн “үнэн” тайлбар. Хамгийн гол нь зурагт зохиолын дүрүүдэд “Юуг хэрхэн бодож, аливаа юмсын талаар ямар дүгнэлт гаргах ёстой вэ” гэдгийг хэлж өгнө. Хэлсэн бүгд нь зөв. Азаар гол дүрийн сониуч зан, бүтээлч чадвар, эргэлзээнд хүлэгдсэн эр зориг нь тэр бүхнээс чөлөөлдөг.

Жорж Оруэллийн “Мянга есөн зуун наян дөрөв” романы гол дүр болох Смит эргэлзээг нь “үнэнд” хувиргасан Брайнтай уулздаг. Зорилго нь тэгж амь орно. Монтэг ч мөн үүний адилаар зорилготой болгох нэгнийг буюу профессор Фаберыг олдог. Ялгаатай нь Фабер сөрөг дүр бус. Харин Оруэллийн бүтээсэн Брайнтай ойролцоо, магад түүний алтер эго гэмээр дүр бий нь галын албаны захирагч Битти. Тэр ч бас оюун санааны эмчлэгч бөгөөд Монтэгийн далд мөн чанарыг, нийгмийн эсрэг хийсэн буруу алхам, уулзсан хүмүүс, нуусан номуудыг нь анхнаасаа мэдэж байх буюу үйлдлээр ил болгож харуулахыг хүснэ. Иймдээ ч эрт мартагдсан сонгодог зохиолчдын номоос эш татан яриа өдөж, өөрийн олон талын мэдлэгийг гайхуулахын зэрэгцээ, хамгийн гол нь тэдгээрээ зах замбаараагүй араас нь урсгаж, үүндээ бах тав нь ханаж буйгаас гадна огт буруу үг амнаасаа унагасан мэт байдал эс үзүүлэх нь Монтэгт ч том цохилт болно. Гэхдээ тэр яагаад ч юм ном уншаагүй болов уу гэх төсөөлөгддөг. Харин ном хадгалдаг, ажилдаа тустай эшлэлийг зүгээр цээжилдэг байсан байж болох шиг сэтгэлдэл төрдөг.  Битти яриа дууссаны хойно чухал дуудлага авч, галын албаныхан хөдлөх бөгөөд шатаах ёстой, номууд нуусан байшин нь Монтэгийн гэр болж таардаг. Тэр гартаа галаар шүршдэг буу барьчихсан гэрийнхээ үүдэнд зогсож байв. Ажлаа амжилттай дуусгасан боловч хэдийн бурууг үйлдсэн, баривчлагдах болсноо мэднэ, гэвч Биттигийн ажил хараахан дуусаагүй. Романы үйл явдал энэ цэг дээрээс хэдэн хуудас дөтөлсний хойно Битти хэрхэн өөрийг нь урхиндаа оруулсныг, галан буугаар шүршүүлж үхэхээ хүртэл мэдэж байсан нь илэрхий болно. Яг л кино зураглал мэт үйл явдлын эдгээр дүрслэлүүд дотор дүрийн сэтгэлзүй, зан чанарын хувирал, түүнийг даган өөрчлөгдөх хүний үйл хөдлөлийг нарийн илэрхийлсэн нь уг романы яалт ч үгүй нэгэн онцгой чанар билээ. 

Яагаад чухал гэж?

Зохиолд гарах зүйрлэлүүд нь өнөөгийн хүмүүсийн нийгмийн амьдралын олон талыг гэрэлтсэн тунгалаг шилээр нэвт тольдох мэт өгүүлсэнд хамгийн гол учир оршино. Энд ном бол зөвхөн хүний оюун санаа, зөн мэдрэмж, үүх түүхийг хадгалж байдаг, тэр нь хэзээ нэг цагт хүмүүст хэрэг болно хэмээхээс гадна давхар санаа ч бий. Тэр нь галын албаны дарга Биттигийн ярианд гардаг. Энэ бол номыг бүтээсний, эсвэл хэн нэгэн зохиолч бичсэний дараа цензурт өртөх, редакторууд үг хасаж, лавшруулан өгүүлбэр өгүүлбэрээр нь танан багасгах, уншигчид ч мөн өөрт таалагдсан дүрийг хэрхэн боловсруулах талаар сэтгэгдлээ илэрхийлж, магад өөрийн хүслээр гүйцүүлдүүлэх тухай захидал зохиолчид хаяглах зэрэг олон янзын үр дагаврууд. Тэдгээр нь эцэстээ номыг ном биш, түүнийг унших ямар ч хэрэгцээгүй болгож хувиргадаг гэх зохиолчийн санаа. Брэдбёри энэ талаар хожим “Миний зохиолын толгойг тасдаж, хурууг нь цавчиж, амьсгалыг нь боохгүй байхыг хүсье. Дохих эсвэл сэгсрэхэд толгой минь, даллах эсвэл зангидахад гар минь, хашхирах эсвэл шивнэхэд уушги минь надад хэрэгтэй” хэмээн өгүүлсэн байдаг. 

Мөн зохиолын гол дүр Монтэг эхнэрээ найзуудтай нь сууж байхад шүлэг уншихад тэдний нэг уйлж эхэлдэг шүү дээ. Эндээс бид тухайн зохиол, шүлэгт агуулагдах ямар нэг өгүүлэмж, баригдашгүй нууцсын аль нь чухам эмэгтэйн сэтгэлийг догдлуулж, хөндүүрлүүлснийг мэдэхгүй. Гэхдээ хүний зан чанар янз бүр. Тиймээс оюуныг ажиллуулагч механизмын нэг боолт үгүй болоход л цаг хугацааны асар их хүч нөмөрнө. Тэр хүч дурсамжуудыг баллуурдаж, мэдрэмжийг үгүй хийж дөнгөнө. Тэгвэл хүн гэгч бусад амьтнаас ялгарах хамгийн чухал зүйл юу болж таарах вэ? 

Бредбёри өөрийн хүсэлд нийцсэн зохиолыг л хэвлэн түгээх зарчимтай редакторууд, уншигчдыг хүртэл егөөдсөн илэрхийлэл нь Монтэгийн дүрийн оюун санаа аажмаар сэргэх үйл явцаар илрэн гардаг. Тэгээд хүчээр бүхнийг үгүйсгэсэн ертөнцөд цор ганц эрүүл мэдрэмжийг өдөөгч хүчин зүйл огтоос үгүй бол цаг хугацааны нүсэр хүч, үүрдийн харанхуйд гацсан хөөрхийлөл ивэхээ ч мартаагүй юм. Монтэг нэгэнтээ номуудаа хамгаалж өөрийгөө шатаасан эмгэний царайг дотроо санан санан бэдрээгүй, урагшлаагүй бол, Клариссыг дурсаж, Фаберын зөв гэдэгт огтхон ч итгээгүй ахул, номд сонирхол татах юу ч үгүйд бат хорогдсон бол хожим хэрхэн Милдредийг хүртэл өрөвдөж, анх танилцсанаа гэнэт дурсан санах билээ. Тэгэхээр энэ ном олон талын давхар агуулга, үзэл санааны үр таригч модноос гадна хүний бусад хөдөлгөөнд оршихуйгаар ялгарч чадах мэдрэмж, эргэн дурсах хүчний талаар өгүүлжээ.

Өдгөө хүмүүс хэдэн мянган бээрийн алсаас цахимаар хүссэн үедээ холбоо тогтоож, ярилцаж нэг ёсондоо дэлгэцийн ханаар дамжуулан хоорондоо харилцаж байна. Хүссэн үедээ төр засаг хэн нэгнийг Кларисс шиг хорьж дөнгөнө. Атомын бөмбөг, салхинаас хурдан механик тийрэлтүүд, тээврийн хэрэгсэл, бүр хиймэл нар гээд тоочвол урт цуваа хөвөрнө. Дуунаас хурдан бөмбөг хаяхад дайн ахархан хугацаанд аль нэг талын ялалтаар өндөрлөнө, хэвлэл мэдээлэл, дижитал хэвлэлийн заль мэх бусдыг хялбархан хуурч дөнгөнө. Роман төгсгөл рүүгээ ойртох тусам энэ бүгдийг, зохиолч өнөөгийн нийгмийн олон бараан талыг сануулга болгон бичсэнийг уншигчид харах болно. Харин цахим хяналтын тал дээр тэр ганцаараа байсангүй. Учир нь Оруэлл ч үүнийг олж харсан. 

Бидэнд ном хэрэгтэй. Тэнд бичигдсэн түүхүүд, амьд дүрүүд, тэдгээрийн оюун санаа, мэдрэмжүүд, амьдрал ахуй, бэлгэ тэмдэг, байгаль, ан амьтад хэрэгтэй. Ерөөс заримдаа бидэнд “БИД” л хэрэггүй шиг мэдрэмж төрнө. Ямартаа ч хүүхэддээ, бусдад, магад ирээдүйнхээ өмнөх ширээн дээр аль нэг номыг сонгож тавь гэх аваас тус номын хавтсан дээр “Фаренхайтын 451 хэм” хэмээн бичсэн байх болно. 


Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
О.Нинж
Н.Түвшинбат
О.Нинж
А.Даваадулам
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав