-“Ярилцъя” буланд маань уригдаж байгаа анхны дэд сайд та болж байна. Таныг өнөөгийн дэд сайд нар дотроос хүмүүс хамгийн их сонирхож байгаа. Хаанаас гараад ирсэн, юун залуу вэ гэцгээгээд л. “Маарамба гэнээ, отчийн сургууль төгссөн гэнээ. МАХН-ын хүн юм уу, МАН-ын хүн юм уу гээд л. Тэгэхээр хоёулаа яриагаа танилцахаас эхлэх үү ?
-За, тэгье ээ. Улс төрийн угшил гэж ярих юм бол яах аргагүй Ардчилсан нам л даа. Миний намтар гэвэл их товчхон. Дээр үед 23-р тусгай дунд сургууль гэж байсан даа, тэнд би сурч байсан. Тэгээд тэндээсээ Мамбадацан руу шилжиж суралцсан. “Оточ Манрамба” гэж сургууль бий, Д.Нацагдорж багшийн. Төгсөөд, нэг жил Гандангийн Мамбадацанд ажилласан. Хоовоо гэж настай өвгөн байсан. Та таних байхаа бараг л. Тэр хөгшин манай багш байгаа юм. Багшийнхаа дацанд нэг жил оточ зурхайчаар ажиллаад дараа нь тэрийгээ төгсчихөөд, “Оточ Манрамба” сургуульдаа нэг жил багшилсан. Тэгж байтал тухайн үед Японы Засгийн газрын тэтгэлгийн шалгалт явагдсан. Жилд нэг удаа тийм шалгалт явагддаг байсан юм. Одоо ч гэсэн тийм шалгалт авдаг. Тэр шалгалтыг өгөөд Токиогийн их сургуульд тэнцээд явлаа. Тэндээ нийт найман жил сурсан.
-Японд их удаан сурсан юм байна. Бараг л хоёр дахь эх орон тань болоо биз?
-Тийм, Токиод их олон жил болсон. Анх очоод хоёр жил судлаачаар сураад, дараа нь хоёр жил магистрт сураад, тэгээд дараа нь докторын програмд дөрвөн жил, ингээд нийтдээ найман жил сурсан. Уг нь бол очоод судлаачаар 1 жил сурчихаад доктор луу ордог байхгүй юу. Тухайн үед миний нас хүрдэггүй. Японы хууль их чанга. Заавал 24 нас хүрч байж докторт ордог хатуу заалттай учраас тэрийгээ хүлээгээд магистрт хоёр жил, судлаачаар нэг жил нийтдээ гурван жил хүлээсэн байдаг юм. Гэхдээ би бас зүгээр суугаагүй. Тэр жилүүддээ зөндөө судалгаа хийсэн. Миний оюутан цагийн ү бүтээлтэй, сайхан үеүд яах аргагүй Токиод өнгөрсөн. Найман жил бол урт хугацаа. Тухайн үедээ нэлээн японжсон байсан. Ямартаа л монголдоо ирээд хүмүүстэй уулзахаар “Чи одоо яагаад бөхөлзөөд байгаа юм бэ” гэж шоолуулдаг болчихсон байсан. Тэгээд японд доктороо дуусгаж ирээд залгуулаад хоёр жил Харвардад очиж багшилсан. Ингэж явсаар эх орондоо 2008 онд ирсэн дээ. Ирээд Анагаах ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажил хийнгээ хажуугаар нь хувиараа лаборатори ажиллуулж, судалгаагаа үгэлжлүүлж ажилласан . Ийм л түүхтэй хүн.
-Ерөнхийдөө элэгний чиглэлийн эмч гэж сонсон. Элэгний Амарсанаа гэж зарим нь таныг нэрлэдэг юм билээ?
-Тийм, элэгний төв лаборатори гэдгийг монголд анх байгуулж байсан.
-Яг таны мэргэжил юу юм бэ?
-Миний мэргэжил эмч.
-Эмч нараас асуухаар элэгний л хүн гэдэг юм. Эмч нарыг мэргэшлээр нь нэрлэдэг уламжлал байдаг. Зүрхний Б.Болдсайхан, Дурангийн Н.Даваадорж ч гэдэг юмуу. Энэ бас сайхан бахархал юм шиг санагддаг юм?
-Тийм ээ, тэгэлгүй яахав. Миний яг мэргэжил гэвэл эмч, мэргэшил гэх юм бол олон. Жишээ нь, хавдар судлал, вирус судлал, элэг судлал, дотор судлал гээд маш олон чиглэл рүү орж ажилласан. Уламжлалт анагаах ухааны чиглэлээр бас их олон ажлууд хийж байсан. Молекул биологи их хийж байсан. Био технологиор бас асар олон юм хийж байсан.
-Одоо та хэдтэй вэ, эрэгтэй хүн юм чинь насаа нуухгүй биз дээ?
-Би 37 настай.
-Залуу насандаа их олон юм амжуулж. байгаа юм байна. Хараад байхад манай Анагаах ухааны салбар ихэвчлэн европын анагаах ухаан дээр суурилж хөгжсөн. Бид бол бас өөрсдийн шашинтай, өөрсдийн анагаах ухаантай ард түмэн. Тэрийгээ бид гадны нөлөөн дор алдаж их олон жил явчихсан. Тийм болохоор уламжлалт анагаах ухаан маань хөгжөөгүй. Энэ нөхцөл байдлаас болоод нийтийн ухамсарт анагаах ухааны энэ хоёр урсгал бие биенээ үгүйсгэсэн байдалтай явж ирсэн. Энэ хоёр хоршсон зүй зохистой нийцэл гэж байдаг юм уу. Амьдрал дээр хараад байхад тан уугаад сэдэрчихлээ, хоёр эмчилгээ хоорондоо нийцсэнгүй гэх асуудал их явах юм.
-Энэ дээр жинхэнэ нөгөө мяндсан ухаан гэдгийг л гаргах ёстой юм даа. Би өөрөө уламжлалтын эмч байсан хүний хувьд уламжлалт анагаах ухааны суурьтай. Тэгээд анх Японд очиж байхад их зөрчил байдаг байсан. Чи ламын сургууль төгссөн, уламжлалтаар сурсан. Нарийн юм мэдэхгүй энэ тэр гэчих гээд л. Янз янзын юм зөндөө гарч ирнэ шүү дээ. Молекул биологийн нарийн судалгаа хийхэд дандаа хулгана зэрэг амьтад дээр туршилт хийх шаардлага гардаг. Гэтэл би чинь бурхны шашны суурьтай хүн. Иймэрхүү ажлууд хийж болохгүй. Тэрнээсээ болж багшдаа загнуулаад сургуулиасаа хөөгдөх шахаж байсан түүх ч бий. Чи ер нь туршилт хийхгүй бол энд байж яадаг юм гэж загнуулдаг байлаа. Одоо эргээд аль алийг нь үзчихээд, дүгнэлт хийхэд бол архаг өвчиндөө уламжлалт анагаах ухаан сайн юм байна. Хурц янз янзын юманд европ анагаах ухаан нь сайн юм байна. Олон жилийн судалгааны явцад ийм дүгнэлт хийгдэж байна. Гэхдээ энэ бол миний хувь хүний дүгнэлт. Ер нь бол өвчин болгон янз янз л даа. Жишээлбэл, ийм өвчинд уламжлалт анагаах ухаан нь илүү юм байна, ийм өвчинд европ нь илүү юм байна гэдгийг болдог бол хар цагаанаар нь ялгаад тавьчихмаар байгаа юм. Яг ялгахад зовлон ихтэй. Нотолгоон дээр суурилах шаардлагатай. Гэтэл манай уламжлалт анагаах ухаан яг энэ гээд нотлоод тавьчихсан эрдэм шинжилгээний өгүүллэг багатай. Зөвхөн практик дээр нотлогдож явдаг ийм анагаах ухаан юм шүү дээ.
-Саяхан би нэг гайхамшигтай зүйтэй учирлаа. Булганы нэг багш элэгний хорт хавдраар өвчилсөн. Эмнэлэг найдваргүй гэжээ. Ялангуяа хавдрын эмнэлэг зарм өвчтөнд бас нэг тийм хариу өгдөг шүү дээ. Өвчний өмнө анагаах ухаан өөрөө хүчин мөхөсддөг. Ингээд манай тэр багш тийм хариу аваад явсан. Тэр үед Эрдэнэтэд нэг увидастай хүн байна гэж сураг дуулсан байгаа юм. аргаа бараад тийшээ очсон. Эцсийнхээ горьдлогоор л явсан хэрэг шүү дээ. Хоёр жилийн дараа эргэж ирээд шинжилгээ өгтөл бүх хавдар зогсож, хатаж эдгэсэн байж. Энэ бол гайхамшиг биш гэж үү?
-Батсайхан гэж хүн байх.
-Тийм гэсэн. Та нэрийг нь яаж мэддэг юм бэ. Би тэр хүнийг олж уншичидтайгаа уулзуулдаг юм билүү гээд хайгаад байгаа юм. Ер нь бол элэгний хорт хавдар манайд түгээмэл өвчин болсон. Хавдрын эмнэлэг ч заримыг нь эдгээж байгаа. Үнэхээр манайх элэгний хорт хавдраа аль аль анагаах ухаандаа шийдээд байгаа гэж ойлгож болох уу?
-Ерөнхийдөө элэгний хорт хавдрыг монгол шийдчихлээ гэж хэлэхэд хэцүү. Би өөрөө Эрдэнэт явж тэр Батсайхан гэдэг хүний ажиллуулж байгаа эмнэлэг дээр очиж үзсэн. Тэнд дандаа л хүнд оноштой, хүндэрчихсэн, эцсийн шатандаа орсон гэдэг дээ тийм улсууд байж байх юм. Тэгээд яг өөрсдийнх нь яриаг сонсохоор сонин сонин зүйл гарч ирж байгаа юм. Уг нь бол их хэмжээний өвчин намдаах тариа хийгддэг өвчин шүү дээ. Гэтэл тэр улсуудад бол өвчин намдаах тариа хийхгүй байлгаад байна. Тэгэхлээр тэнд бас нэг увидас байна аа даа. Дандаа хорт хавдартай улсууд байж байгаа юм. Гэтэл морфин хэрэглэхгүй байна гэж байгаа юм. Тэгэхлээр тэр өвчнийг мартуулах ямар нэг увидас тэр хүнд байна. Тэр хүнд өвчтнийг зовиурлуулахгүй байх чадвар байна. Тодорхой хэмжээгээр энэ нөхцөл байдлууд дээр дүгнэлт хийгээд, тодорхой хэмжээгээр хүлээн зөвшөөрөөд үнэхээр тийм увидас байдаг юм бол манай хавдрын эмнэлгийн хөнгөвчлөх эмчилгээнийхэн бас сурах юм байна. Хүний сэтгэлд тайлагдашгүй юмнууд бас олон байна. Сэтгэлийн тэнхээ ч гэдэг юмуу, зүрх сэтгэлд нь өвчинтэй тэмцэх тайлагдашгүй нууц чадвар бас байна. Тэр нууцыг энэ хүн тодорхой хэмжээгээр дэмжиж чадаж байна. Тэрийг нь хүлээн зөвшөөрөөд тодорхой юмыг сурах шаардлагатай юм уу гэж би бодсон. Гэхдээ ер нь бол уламжлалт анагаах ухаанд маш олон нууц увидасууд байдаг. Тэр нууц увидсыг бүгдийг нь бас хэрэглэж чадаж байгаа юу гэвэл үгүй. Бид нар тэр уламжлалт анагаах ухааны нууцаас 10 хувийг нь ч хэрэглэж чаддаг юмуу, үгүй юм уу гэж би дотроо боддог. Яагаад гэвэл ном үзээд л байхаар маш олон төрлийн тарни, нууц увидсууд байгаад байдаг. Гэвч амьдрал дээр хэрэглэх нь цөөхөн. Бараг хэрэглэдэггүй. Судлах л ёстой.
-Ер нь бид өөрийн уламжлалт анагаах ухаанаа цааш нь яаж авч явах юм. Амьдрал дээр гайхамшгууд бас тохиолдоод байна. Цөөхөн ч гэсэн. Гагцхүү үүнд яаж хандах ёстой юм бол. Та Эрүүл мэндийн яамны Дэд Сайд хүн. Тэгэхээр энэ асуудлыг жаахан болгоомжтой байр суурьнаас ярьж байх шиг байна л даа. Гэхдээ таны үндсэн угшил, өөрийг тань өнөөдөрт хүргэсэн эрдэм боловсролын суурь тэндээс эхтэй.
-Яг энэ сэдэв бол барагдахгүй сэдэв. Задлаад л яриад байвал бидний цаг хүрэлцэхгүй шүү дээ.
-Нөгөө талаас манай хэрэглэгчид ярьдаг. Манай уламжлалтынхан эмийн ургамлаа өөрсдөө явж түүгээд, яг тэр эртний жороор нь, жамаар нь хийдэггүй. Урдаас оруулж ирнэ, эвдэх бяцлах, боловсруулах ажлуудаа техникээр хийдэг гэж. Өөрөөр хэлбэл жамын аргачлалуудыг нь алгасаад , хялбарчилчихсан, орчин үежүүлчихсэн гэж. Ийм шүүмжлэл хэрэглэгчдийн дунд их байдаг юм байна лээ. Та сонсч байсан уу?
-Би тэрийг сонсож байсан. Надад бас бодогдох юм байдаг юм. Яг сүүлийн үед хийж байгаа эмнүүд дандаа үйлдвэрээр ордог болчихсон. Энэ үнэн. Яг нэг хүний нямбай гараар явахаа больчихсон байгаа. Наад зах нь эмийн ургамлын хатаалтан дээрээ ч стандартаа хадгалж чаддаг эсэх нь эргэлзээ төрүүлэх болсон нь үнэн. Тэрэн дээр их сэтгэл эмзэглэдэг юм. Бас уламжлалт анагаах ухааныг бол хамаагүй хайрцаглаж, стандартчилж болохгүй. Яагаад гэвэл дээр үеийн маарамба нар яадаг байсан бэ гэхээр нэг хүний судсыг барьж үзчихээд өвчнийг нь мэдэнгүүтээ суурь эмийг нь өгөөд, дээр нь бас нэмж ганц хоёр өөр ургамлаар хийсэн эм нэмээд яг тэр хүнд нь тааруулж эм тангаа өгдөг байсан. Тэр бол жинхэнэ уламжлалт анагаах ухаан. Гэтэл одоо юу хийж байна вэ гэхээр нйитээр нь л нэг тогтсон юмыг өгөөд байна. Уламжлалаараа бол тэгдэггүй. Яг тэр хүндээ тааруулж өгдөг байсан. Тэр хүнд тохирсон анагаах ухааныг олж эмээ өгдөг байсан. Технологи нь алдагдсан гэдэгтэй би санал нийлнэ. Одоо бол Европын анагаах ухаан нэг юмыг маш сайн ойлгосон байна. Хүн болгон адилгүй юм байна гэдгийг. Жишээлбэл, амокцилин гэдэг эмийг 100 хүнд өгөхөд 30-д нь үр дүн гарч байна, 30-д нь үр дүн гарахгүй байна. 30-д бол дунд зэрэг үйлчилж байна. Тэгэхээр зэрэг Европын анагаах ухаан за, энэ бол зөвхөн амокцилиндээ биш юм байна. Тэр хүн болгон тэрийг яаж хүлээж авах нь ялгаатай юм байна гэдгийг ойлгож аваад, одоо тэр хувь хүнд тохирсон анагаах ухаан гэдгийг хөгжүүлэх гээд оролдож байна. Гэхдээ хувь хүнд тохирсон анагаах ухааныг хөгжүүлнэ гэдэг бол асар их үнэтэй, зардал өндөртэй ажил. Яагаад гэвэл тэр хүний генетикийг судална. Тэр генетикийг судалсны үр дүнд асар олон эмний судалгааг гаргаж ирээд, за энэ хүнд энэ эм нь илүү тохиромжтой юм байна гэдгийг гаргаж ирдэг байхгүй юу. Тэгэхээр хоёр хүний генетикийг гаргаж ирээд, энэ хоёр хүн чинь үүгээрээ ялгаатай юм байна, тийм учраас энэ хүнд энэ нь илүү тохиромжтой, энэ хүнд тохирохгүй гэдгийг тогтооно гэсэн үг. Европын анагаах ухаан магадгүй ирэх 20 жилийг зөвхөн үүнд зарцуулах гэж байна. Гэтэл уламжлалт анагаах ухаан 2000 жилийн өмнөөс хэрэгжүүлээд, амьдралдаа дасгаад, хэрэглээд эхэлчихсэн, сурчихсан. Европын анагаах ухаан дөнгөж эхлэх гэж байна, асар их зардалтайгаар энэ ажлыг хийх гэж байна. Манай маарамба нар дээр үед тухайн хүний байдлыг хараад л, шинж тэмдгийг нь хараад л за, энэ хүнд энэ эмийг ингэж өөрчлөөд, ингэж өгнө өө гээд жорыг нь тааруулчихдаг байсан байна шүү дээ. Гэтэл 2000 жилийн дараа Европын анагаах ухаан уламжлалт анагаах ухааны хийчихсэн юм руу орох гээд асар их зардал гаргаад явж байна.
-Манайд уламжлалт анагаах ухааны эмнэлгүүд харьцангуй цөөхөн байдаг. Цөөхөн ч гэсэн тэр эмнэлгүүд байнга үйлчлүүлэгчтэй байж чаддаг уу?
-Ер нь бол уламжлалт анагаах ухаан байнга үйлчлүүлэгчидтэй байгаа. Байх ч болно. Байсаар ч ирсэн. Явдгаараа л явна. Төрийн дэмжлэг бол байдаггүй. Гэхдээ энэ дээр нэг юмыг бас ойлгох хэрэгтэй л дээ. Уламжлалт анагаах ухааныг яг юунд хэрэглэх юм гэдгийг бас зөв ойлгох хэрэгтэй. Жишээ нь, хүний олгой хагарчихсан байхад уламжлалт анагаах ухааны эмч би наадахыг чинь эмчилнэ гэж дайрч болохгүй биз дээ. Би эмчилнэ гэж дайрсаар байгаад үхүүлчих юм бол тэр гэмт хэрэг шүү дээ. Гэтэл эсрэгээрээ уламжлалт анагаах ухаанаар зүгээр нэг төөнөөд эдгэчих юмыг европын анагаах ухаан аймаар хүчтэй эмнүүдийг өгч тэр хүндээ бүр гаж нөлөө үзүүлж, элэг бөөрийг нь гэмтээх юм бол тэр бас л гэмт хэрэг. Тэгэхлээр яг энэ өвчин дээр уламжлалт нь илүү зохимжтой юм гэдгийг ялгаж салгадаг болчих юм бол манай анагаах ухаан жинхэнэ утгаараа хөгжих гээд байна.
-Эмчийн тань хувьд нэг зүйл асууя. Би Хятадад их олон жил эмчлүүлж байгаа, монголдоо ч хааяа хувийн эмнэлгүүдээр хэвтдэг. Манай эмнэлгүүд тариад л байх юм, ерөөсөө учиргүй л тариад байдаг. Эм уулгаад л байдаг. Өдөржин л хатгадаг. Судсыг бол ер нь балладаг. Гэтэл хятадууд өвчтнийг өвдүүлэхгүй эмчилж байна. Энэ олон булчинд хийдэг тариа, энэ их ходоод балласан эмнүүдээс тэд татгалзаж байна. Эмчлэх арга барил гэдэг зүйл ер нь хэр шинэчлэгдэж байгаа юм бэ?
-Арга барилыг бид аль болох л өөрчлөх гэж оролдож чармайж байна. Энэ асуудлыг чинь манай Ерөнхий сайд хүртэл босгож тавьсан шүү дээ. Сонссон уу, үгүй юу. Манай монголчууд юм л бол тариа дусал хийлгэх гэж дайрдаг болчихож, энэ сэтгэлгээнээсээ гармаар байна. Зайлшгүй хэрэгтэй нэг л оновчтой эмийг нь өгдөг болъё. Тэрнээс нэг хүнийг олон төрлийн тариа дуслаар бөмбөгдөхөө больмоор байна гэж Ерөнхий сайд хүртэл хэлсэн. Гэхдээ энэ гажиг манай монголчуудын сэтгэлгээнд бүр орчихсон байна. Эмнэлэгт хэвтэж дусал хийлгэж байж л нэг эмчилгээ хийлгэсэн болдог. Тэгэхгүй бол зүгээр нэг эм өгчих юм бол эмчийг нь та эмчилгээ хийсэнгүй гэж бараг л загнаж байна шүү дээ.
-Эмчилгээ нь ерөөсөө дуусдаггүй. Өвчтнийхөө хаалгыг хааж явуулдаггүй, эдгээхгүй юм. Явуулаад л байдаг. Нэг бодлын эцэс төгсгөлгүй хэцүү салбар юм шиг байгаа юм.
-Хүнд салбар шүү дээ.
-Би таныг ажлаа түргэн тусламжийн салбараас эхэлж байгаа тухай уншсан. Түргэн тусламжийн машин өвчтөн аваад явж байхдаа бензин нь дуусчихаж байна. Ийм юм байж болдог юмуу гэж таниас онцолж асуумаар байна. Бид бол хэвлэл мэдээллийн ажилтнууд. Бид нийгмийн сайн сайхны төлөө явж байгаа хүмүүс. Бид иргэний хохирсон эрхийн төлөө ямар ч сайд дарга нар гуайтай тэмцэж байдаг ажилтай улс. Та нар бол хүний эрүүл мэндийн төлөө тэмцдэг хүмүүс.
-Тэгэлгүй яахав. Мэдээж түргэн тусламжийн машины бензин үйлчилгээ үзүүж явах замдаа дуусна гэдэг байж болшгүй асуудал. Тийм юм болсон бол харамсалтай байна.
-Тэгээд арай гэж эмнэлгээ бараадаад ирэхээр өвчтөнөө урдаас нь загнаж гүйгээд байдаг. Одоо эмнэлгүүд бүгд эзэнгүй байна. Тантай уулзахын өмнө ойрхон байгаа Сонгдо эмнэлэгээр орж үзлээ. Нэгдүгээр эмнэлэг, гуравдугаар эмнэлэг гээд явлаа. Хувийн эмнэлэгүүд яахав их л мөнгө үнэртэх юм. Гэхдээ тэдний компьютерийн оношлогоо гэхэд хэдэн сарын дараалалтай байна. Иргэдтэй инээмсэглэж харьцаж байна. Улсын эмнэлгүүд болохоор хүнд суртал ихтэй. Асрагч, үүдний лавлах, цахилгаан шатны хүн нь хүртэл харилцахад төвөгтэй. Ерөөсөө бүгдээрээ дарга болсон байна. Эмнэлгүүдийн дарга нар гэж бөөн биеэ тоосон, идэж уудаг, авилга авдаг нөхдүүд болцгоосон. Эмч нар нь өвчтөндөө дарга. Уг нь тэд дарга биш шүү дээ. Хэн тэднийг дарга болгочихов оо?
-Тэр байж болохгүй л дээ. Яаж ч бодсон. Намайг анх ажил авч байх үед манай Нийслэл 30 машинтай байсан юм. Би бас зориуд хоёр удаа дуудлаганд явж үзсэн юм. Магадгүй монголын түүхэнд дуудлаганд явж үзэж байсан сайд надаас өөр байхгүй байх. Нэг нь Дарь-Эхийн тийшээ гэр хороолол руу явсан. Нөгөөдөх нь Толгойт руу явсан дуудлага байсан. Хүүхдийн дуудлага байсан. Нэгэнд нь цаг 30 минутын дараа очсон. Нөгөөдөхөд нь 45 минутын дараа очсон. Ер нь бол 20 минутанд багтаана гэсэн байдаг. Гэхдээ Олон улсын дундаж нь 5-8 минут шүү дээ. Бодит байдал дээр манайд бол иймэрхүү л байдалтай байгаад байдаг. Тэгээд нийслэлийн хэмжээнд 30 машин шинээр өгсөн. Сая өвөл. Тэр 30 машин нэмэгдээд одоо 60 машин үйлчилгээнд явж байгаа. Одоо ахиж дуудлаганд явж үзээд нөгөө нэг цаг 30 минут, нөгөө 45 минут маань хэд болж богиносов гэдгийг бас явж үзнэ гэж бодож байгаа. Өвлийн хүйтэнд явж үзэхэд бас хүнрэлтэй юмнуд их байсан. Тоноглолгүй пургонд л явдаг юм байна лээ л дээ. Надад тэр дуудлагаар явж үзээд хамгийн гол сэтгэлд үлдсэн юм юу вэ гэхээр үнэхээр манай түргэн тусламжийн салбар бол ерөөсөө хөрөнгө оруулалтын дутагдалд орчихсон юм байна. Дорвитой хөрөнгө оруулалт хийх болчихсон юм байна л гэж бодсон. Нар, сар харагдсан, салхи сийгэсэн пургон л байгаа юм. Тэрэн дотор бензин нь үнэртэнэ. Ямар ч тоноглол байхгүй. Зүгээр л нэг төмөр шал. Донсолгоон дундуур тэр ууланд байгаа Дарь-Эхийн овоо руу мацаад л явж байгаа юм. Тэр дотор өвчтэй хүн битгий хэл эрүүл би хүртэл бараг өвчин тусахаар л байлаа. Ний нуугүй хэлэхэд. Яг тэр түргэн тусламжинд явж байх үед би бас манай салбарынхан байгаа хэмжээндээ л зүтгэж байгаа юм байна, сэтгэлээрээ л зүтгэж байна гэж бодсон. Яагаад гэвэл ганц жолооч, ганц эрэгтэй эмч явж байгаа юм. Гэтэл тэр өвчтнүүдийг чинь машин руу зөөхөөс эхлээд зөндөө ачаалал байгаа шүү дээ. Зам нь хаагдчихсан байхад зөөгөөд л явж байгаа байхгүй юу. Хөрөнгө оруулалт үнэхээр хэрэгтэй. Би Австрийн нөхдүүдэд санал тавьсан. Танайх манай түргэн тусламжид хөрөнгө оруулалт хийгээч гэж. Нөгөөдүүл маань хариу өгөөгүй л байна. Хэрэв амжилттай болох юм бол нийслэлийн түргэн тусламжийн үйлчилгээнд хөрөнгө оруулалт хийе гэж бодож байна.
-Түргэн тусламж дуудахад эмч нь аймаар ууртай орж ирдэг. Мэдлэг чадвар нь бас асуудалтай. Ер нь манай эмнэлэг өвчтнийхөө өмнө дандаа уурладаг. Та нар анхаарлаа энэ ёс зүйн асуудал руу хандуулаач. 103, хүүхдийн түргэн утсаа авахгүй. Аваад л урдас загнадаг. Ёс зүйн кодтой болгох хэрэгтэй шүү дээ.
-Энэ дээр манай Азийн хөгжлийн банкныхан их соргогоор ажилласан байдаг юм. Би танд дараа нь үзүүлнэ ээ. Азийн хөгжлийн банкныхан манай өрхийн эмнэлгүүдэд судалгаа хийгээд, төсөл хэрэгжүүлээд эцсийн үр дүнд нь 15 зарчим гэдэг юмыг гаргасан. Телевизээр бас нэлээн гаргасан даа. Та ажигласан байж магадгүй. Тэр 15 зарчим ерөнхийдөө л ёс зүйн асуудал байгаа байхгүй юу. Өвчтнийг ороод ирэнгүүт нь сайхан мэндэлж бай. Өөрийгөө танилцуулж бай. Өвчтөндөө зөв тайлбар хий. Танд ямар онош байна, танд ямар эмчилгээ, шинжилгээ хэрэгтэйг нь ойлгомжтой тайлбарлаж байх. Эмчилгээг нь зааж өгөөд, дараа хэзээ ирэхийг нь зааж өгөөд хамгийн сүүлд нь хурдан эдгээрэй гээд явуулж бай гээд 15 зарчим бэлдээд өгчихсөн байхгүй юу. Би өрхийн эмнэлэг, Нийслэлийн эрүүл мэндийн газар дээр очиж уулзахаараа нөгөө 15 зарчмаа хэр зэрэг баримталдагийг нь асуудаг. Тэр зүгээр л маш энгийн зүйлс мөртлөө өдөр тутмынхаа үйл ажиллагаанд хэвшүүлчих л юм бол манай салбарын нэр хүндийг маш томоор өсгөх тийм л 15 зарчим байхгүй юу. Их энгийн юм шиг мөртлөө маш том зүйл.
-Одоо 103 дуудах, хүүхдийн түргэн дуудахдаа иргэд өөрөө түгшээд байдаг болчихсон. Урдаас загнадаг болохоор. Эмнэлэгт хэвтэж байхад эмч нар нь зандарсаар, эсвэл хөмсөг зангидаад л орж ирдэг. Ажилтнууд нь эмч ирлээ, эмч ирлээ гэж өвчтнүүдээ айлгадаг. Даралтыг нь ихэсгэдэг. Өглөө шал дэмий бөөнөөрөө орж ирдэг. Энэ хуучин стандартуудыг яаж өөрчлөх вэ?
-Энийг бид нар өөрчлөх гээд оролдоод л байна.
-Хуучин дарга нарыг бүгдийг нь сольж шинэ, зөв, залуу хүмүүст боломж олгох хэрэгтэй шүү дээ. Нэгжүүд дээр ч өөрчлөлт хэрэгтэй. Тасгийн дарга нарыг ч, өрхийн эмнэлгийн дарга нарыг ч өөрчлөх хэрэгтэй шүү дээ.
-Ганцхан дарга нартаа ч асуудал нь байгаа юм биш. Ерөнхийдөө манай нийгмийн л үндсэн зан суртахуун ийм л байгаа шүү дээ. Ганцхан эмч, сувилагч нар гэлтгүй зүгээр гудамжинд явж байхдаа л бид нар чинь өчүүхэн юмнаас болж нэгнийгээ аашилдаг, зандардаг. Үүний нэг тусгал нь тэр эрүүл мэндийн салбарт харагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг бүх нийгмээрээ л өөрчлөлтүүдээ хиймээр байгаа юм. Манай салбар гэхэд би бүр бодоод байгаа юм. Нэг жишиг эмнэлэг бий болоод, өрсөлдөөн үүсчих юм бол энэ яваандаа засагдана гэж. Та бас ажигласан байна. Хувийн эмнэлгийн үйлчилгээ, улсын эмнэлгийн үйлчилгээ тэнгэр газар шиг байгаа. Хувийн эмнэлэг хичнээн мөнгөний төлөө гэж байгаа ч гэсэн орж ирж байгаа хүнээ аятайхан хүндлээд харьцчихдаг л байна шүү дээ.
-Хэдий тийм ч мөнгийг нь аваад дусал хийж байгаад л худлаа гаргадаг жишиг хувийн эмнэлгүүдээр хавтгай шүү дээ.
-Харилцааны соёл тал дээр бол шал өөр шүү дээ. Энэ чинь яагаад байна вэ гэхээр манай улсын эмнэлэгт өрсөлдөөн байхгүй учраас эд наашаа ирэхгүй яадаг юм гэдэг байр сууринаас хандаад байдаг. Хэрэв тэр нь байхгүй, хувийн эмнэлэгтэй өрсөлдүүлээд тавьчих юм бол сүүлдээ өвчтнөө олж авахын тулд, олж авахгүй бол нөгөө эмнэлэг нь дампуурна гэдэг сэтгэл зүйгээр хандах юм бол нөгөө юм чинь яваандаа арилна. Эсвэл ийм сэтгэл зүйгээр хандаж болж байгаа юм. Миний авч байгаа цалин чинь энэ улсуудын өгсөн татвараар дамжаад орж ирж байгаа, эд нарын өгсөн мөнгө юм шүү гэдэг сэтгэлгээ тогтох ёстой. Одоо бол дээрээс нь зүгээр улс мөнгө өгдөг учраас яагаад ч юм тэр өвчтөн өгч байгаа гэж ерөөсөө ч ойлгохгүй. Дээрээс улс бурхан шиг л мөнгө өгөөд байна гэж ойлгож байна. За, энэ орж ирж байгаа хүний цалингийнх нь арван хэдэн хувь нь Нийгмийн даатгалд шимтгэл болоод тэр мөнгө нь тойроод улсын төсвөөр орж ирээд намайг цалинжуулж байгаа юм шүү. Энэ хүн намайг цалинжуулж байна гэдгийг шууд ойлгохгүй байгаа байхгүй юу. Өвчтөн цахим карттайгаа ород ирэхэд орлого нь, өвчтнийх нь бүх мэдээлэл байж байдаг. Тэр системд шилжих хэрэгтэй. Тэгэхгүй бол тэр хүний мөнгө тэр эмчийн нүдэнд харагдахгүй байгаа учраас бөхөлзөх сонирхол ч алга, хүндлэх сонирхол ч алга, үйлчлэе гэсэн үйлчилгээний сэтгэл зүй ч алга. Тэгэхээр даатгалынхаа хуулиар энийг бас цэгцлээд явчих болоцоо байгаа.
-Хоёрдугаарт, бас нэг ийм юм байгаа юм биш үү. 15 цагаас хойш өөрсдөө дандаа хувийн эмнэлэгтэй тэр лүүгээ явчихдаг. Эмнэлэггүй нь хувийн цагтай. Төлбөртэй үздэг. Тэр лүүгээ яараад 15 цагаас өмнө өвчтнүүдтэй аягүй хилэнтэй харьцдаг. Энэ бол хүмүүн биш явдал шүү дээ. Хэрэв тийм л юм бол тэр эмч нар өөрийн хувийн эмнэлэг дээрээ ажиллах хэрэгтэй. Саяхан арьсны эмнэлэгт очиж үзсэн. Хөл толгой алга. Эмч нь шинжилгээ хийхгүйгээр л дураараа эм бэлдмэл бичиж өгөөд л гаргачихаж байна. Японд бол нарийн шинжилгээгээр дүгнэлтээ гаргадаг. Гэтэл тэр арьсны эмч нар бохь зажлаад л, шүдээ ухаад л. Зан чанар нь гэж авах юм байхгүй. Аймаар ихэмсэг. Ийм юм харахаар тэвчих аргаүй байдалд орж байна шүү дээ.
-Манай Засгийн газар наадах дээр чинь харин хатуу бодлоготой байгаа. Бид ашиг сонирхлын зөрчлийн асуудлаар үнэлгээ хийж байгаа. Эмнэлэг болгоны эмч нар дээр давхар ямар эмнэлэг ажиллуулж байна вэ гэдэг судалгаа хийж байгаа. Судалгааны үр дүн тун удахгүй гарна. Зарим хэсэг нь гарчихсан байна лээ. Энийг гаргаж ирсний дараа тэр давхар ажиллаж байгаа эмч нарыг бид зогсооно. Энэ асуудал дээр өөрчлөлт гарна. Бүрэн итгэлтэй байж болно.
-Нэг юмыг их гайхдаг юм. Амьдрал дээр илүү авъяастай, илүү чадалтай мэргэжилдээ чин шударга ханддаг, зарчмаараа яваа нь юу ч байгуулж чадахгүй, юу ч үүсгэж чадахгүй үлддэг. Гүйцэтгэгч хэвээрээ, мөрөөдөлтэйгөө үлдээд л дуусдаг. Аргатай зальтай, чадваргүй атлаа менежменттэй нөхдүүд дээшээ л яваад байдаг. Жишээ нь, дурангийн Н.Даваадорж гэж алдартай эмч байна. Гуравдугаар эмнэлэгт байж байгаад, дараа нь “Ачтан”-д ажилласан. Одоо Сонгдо-д ирчихсэн байна билээ. Зүрхний Б.Болдсайхан бас Сонгдо-д ирчихсэн. Хавдрын Төмөрбаатар байна. Мэдрэлийн Өлзийбаяр эмч бас л хувьд ажиллаж байдаг. Алдартай Оюун эмч бас л хувийн эмнэлэгтээ ажиллаж байна. Яагаад энэ алдартай чадалтай эмч нараа дуудаж ирээд хүчийг нь ашиглаж, улсад нь зүтгүүлж болдоггүй юм бэ. Би таныг залуу хүн болохоор бүр том том эргэлтүүдийг хийгээсэй гэж хүсч байна.
-Манайд өрсөлдөөнтэй цалингийн систем нь алга байна л даа. Манай чадалтай эмч нар өөрсдөө хувиараа гарах юм уу, эсвэл өндөр цалинтай газар луу явахаас өөр аргагүй болчихоод байна шүү дээ. Улсын эмнэлэгт яахав дээ. Сайндаа л 500, 600 мянган төгрөгийн цалинтай. Тийм учраас тэр чадалтай эмч нар гараад хувийн эмнэлэг байгуулж байна. Нэг бол өндөр цалинтай хувийн эмнэлэгт ажилд орж байна. Тэдний төлөөлөл чинь саяны таны нэрлэсэн эмч нар шүү дээ. Н.Даваадорж байна. Б.Болдсайхан эмч чинь Сонгдогийн захирал болчихсон. Perfect-ийн Оюун эмч гээд бүгд гараад явцгаасан.
-Хууль зүйн яамны мэдрэлийн тасагт аягүй мундаг залуучууд ажиллаж байсан одоо хаашаа бутраад явчихсан юм бүү мэд. Эмч хүн бусдад өс санана гэж байдаг уу. Энэ бол бас л сонин сэдэв. Шүүмжлүүлж байсан гээд таагүй харьцах тохиолдол гарч байсан болохоор асуж байгаа юм?
-Байхгүй байхаа. Арай ч тийм юм байхгүй байлгүй дээ. Байх үндэс ч байхгүй шүү дээ. Жишээлбэл өвчтөн ороод ирэхэд би үзэл суртлаар нь ялгах ч юм уу, нам хүчнээр нь гадурхах тийм юм надад байдаггүй. Би АН-ын хүн, энэ нөхөр чинь Ардын намын хүн ороод ирлээ гэх ч юмуу. Тийм нэг ялгаж салгах юм миний хувьд байдаггүй. Гэхдээ аль аймагт билээ, Увсад билүү дээ. Нэг тохиолдол гарсан гэсэн. Нэг өөр намын нөхрийг эмчлэхгүй байсаар байгаад үхүүлчихсэн. Тийм учраас би эмч нарт яриа хийхдээ эмч хүн бол улс төрөөс ангид явна шүү гэж их хэлдэг.
-Анагаах ухаан бол үргэлж шинэчлэгдэж байх ёстой салбар. Янз бүрийн дүүргийн эмнэлгүүд. Хот тойрсон хуучин эмнэлэгүүдийн дарга нар нь асар их удчихсан улсууд. Байдаг ачаалалдаа дасчихсан. Байгаа мэдээлэлдээ ханачихсан. Энэ хүмүүстэй яаж ажиллах гэж байна?
-Бид нарын саяын сонгон шалгаруулалт хийсэн нь үүнтэй л холбоотой юм шүү дээ. Илүү чадварлаг, илүү салбараа гэсэн сэтгэлтэй, боовсрол мэдлэг өндөртэй хүнийг тавья гэж л сонгон шалгаруулалтыг хийсэн. Үүний үр дүнд үнэхээр чадвартай, зүрх сэтгэлтэй улсууд нь л гараасай гэж би хувьдаа бодож байна. Түүнээс биш хуучин улсууд нь гараад ирвэл утгагүй л санагдаж байна.
-Жаахан улс төрийн юм ороод шалгаруулалт удаад, тэнд жаахан “но” ороод байна гэсэн хардлага сэтгүүлчдийн дунд байна. Шалгаруулах комиссынхон ч бас дарамтад өртсөн сураг байна.
-Байна, байна.
-Ийм зүйлд та шинэ хүний хувьд хаалт болж чадахгүй байна уу?
-Энэ маш их улс төр ордог эд байна шүү, бас тэгж байгаад. Зовлонтой санагдаж байна яг үнэнийг хэлэхэд.
-Хэдэн эмнэлэг одоо даргагүй байна аа?
-Одоогийн байдлаар дөрвөн тушаал л гарсан байна.
-Гадаадад олон жил амьдарсан, гадаадад мэдлэг боловсрол эзэмшсэн залуу сайдын хувьд манай эрүүл мэндийн салбарын гадаад харилцааг шинэ шатанд гаргах ямар мөрөөдөл байна вэ. Түрүүчээсээ шавыг нь тавьсан зүйлүүд байна уу?
-Би боддог юм. Энэ салбарыг өөрчлөхийн тулд эмчийнхээ сургалтаасаа эхлэх ёстой гэж. Ерөнхийдөө манай эмч нар шүүмжлэл авах дургүй л дээ. Жаахан мэдлэг, чадвараа нэмэгдүүлмээр байна аа гэхээр ерөнхийдөө их дургүй хүлээж авдаг. Эмч бид нар өөрчлөгдөхийн тулд өнөөгийнхөө байдлыг хүлээн зөвшөөрөх ёстой. Одоо энэ яриаг маань манай эмч нар шүүмжилнэ үү, хамаа алга. Би өөрийнхөө бодлыг хэлнэ гэж бодож байна. Тийм учраас зарим юмыг хүлээн зөвшөөрөөд бид нар яг ийм төвшинд байгаа юм байна гэж мэдчихээд, цаашаа яаж явах вэ гэдгээ тодорхойлохгүй бол өөрсдөө бид нар хөөсөн дотор байгаад байна. Бид нар болж байна, чадаж байна, бүгдийг болгоод байна гэж бодоод байна. Гэтэл жинхэнэ амьдрал бол өөр байна. Бид нар болоод бүтээд байсан бол өвчтнүүд гадагшаа явах уу, явахгүй шүү дээ. Тэгэхээр бид болохгүй юм байна гэдгээ хүлээн зөвшөөрмөөр байгаа юм. Тийм учраас би хаанаас эхлэх вэ гэдгийг бодож байна. Юуны өмнө энэ эмч болох статус, эмч болох тэр босгыг өөрчилье. Яагаад гэвэл сүүлийн үед хувийнх ч бай, улсын ч бай бүх анагаах ухааны сургуулиуд элсэлтээ нэмэгдүүлсэн. Манайхны найман хүүхэдтэй ч юмуу, долоон хүүхэдтэй айл байлаа гэхэд нэг хүүхдээ эмч болгочихъё гэсэн автомат хүсэл сонирхолтой байдаг. Тэрэн дээр нь тоглолт хийгээд байгаа байхгүй юу. Тэр хүсэл дээр нь тоглолт хийгээд элсэлт аваад байна. Монгол улс энэ 2 сая 700 зуун мянган хүндээ тохирсон л эмчтэй байя. Тэр нь чадварлаг байя. Түүнээс эмч болъё гэсэн болгонд нь тэр боломжийг нь олгоод байх хэрэггүй. Шаардлагагүй. Хүчээр шахуу, одоо нөгөө дарж байж сахил хүртээнэ гэгчээр гэр бүлдээ ганц эмчтэй болох гэж байгаа нь гээд тэр улсуудыг заавал аваад байх шаардлагагүй. Эмчид тохирох хүн байна, тохирохгүй хүн байна. Тохирохгүй хүнийг заавал эмч болгож яах гээд байгаа юм. Жишээлбэл, өдөр тутмынхаа амьдралд дандаа алдаа гаргадаг хүн байдаг шүү дээ. Жаахан юм хийхээрээ бүтэлгүйтдэг, жаахан юм хийхээрээ алдаа гаргаад байдаг. Нэг талх зүсэхээрээ гараа зүсчихдэг ч юм уу тийм хүн байдаг. Тийм улсуудыг бид нар мэс заслын эмч болгож яах юм бэ. Яг л адилхан тэр алдаа чинь амьдрал дээр эргээд гараад л ирнэ ш дээ. Тийм учраас би одоо юунаас эхлэх гээд байгаа вэ гэхээр энэ эмчийн шалгалтыг өөрчилье гэж бодож байгаа юм. Энэ Анагаахын сургуулиудад яаж ч хүсэлт тавиад нэмэргүй юм байна. Тэд нар бол элсэлтээ авсаар л байна. Тийм учраас манай яамны хийж чадах цорын ганц зүйл бол эмчийнхээ лицензийн шалгалтыг чангатгах.
-Найман жилийн дараа эмчийн эрхийг нь өгөхдөө яам өгдөг юм уу?
-Зургаан жилийн дараа юу.
-Зургаан жилийн дараа дипломоо авахгүй гардаг биз дээ?
-Дипломоо авна шүү дээ. Аваад эмчийн лицензийн шалгалт ахиж өгдөг байхгүй юу. Тэр шалгалтыг бид нар өөрчилнө гэж бодож байгаа юм. Өнөөг хүртэл эмч болохдоо манайхан иймэрхүү нимгэн цагаан номыг уншиж цээжлээд л орчиход болчихдог байсан. Та үзэх үү, энэ байж байна л даа. (үзүүлэв) Энэ ном мянга хэдэн зуун асуулттай тестийн л ном. Ердөө л энэ. Энүүгээр л монгол эмч нар эмч болчихоод байна.
-Ерөнхий мэргэжил, өрхийн анагаах ухааны чиглэлийн шалгалтын тестүүд гэж байна шүү дээ. Арай ч биш юм аа?
-Би танд сонирхолтой юм үзүүлье. Энэ жишээлбэл Америкийн эмчийн лицензийн шалгалтууд байж байна. Америкийн эмчийн лицензийн шалгалт гурван үе шаттай. Энэ нэгдүгээр үе шат. Энэ хоёр, энэ гуравдугаар үе шат. Хоёрдугаар үе шат нь бас давхар гардангийн шалгалттай. ( арван боть ном байв) Нийттээ бараг дөрвөн үе шатанд орж байж эмч болдог. Эмчийн лиценз авдаг. Гэтэл бид нар энэ нимгэн цагаан номоор л эмч болгоод байна. Энэ зөв үү. Энэ дотор мянгахан асуулт байна. Үүнийг цээжилчихэд л хүн эмч болчихоод байна шүү дээ. Ийм эмч нар гараад чанартай эмч нар болно гэж бодож болж байна уу. Мэдлэггүй эмч яаж хүнийг зөв эмчлэх юм бэ. Тийм учраас би энэ мянган асуулттай номыг нь энэ жил шинэчлээд 5000 мянган тесттэй болгож байгаа юм. Дээрээс нь гардангийн шалгалттай болгож байгаа юм. Гардан үнэхээр хийж чадаж байна уу, хүнтэй зөв мэндэлж чадаж байна уу, зөв тэмтэрч чадаж байна уу, зөв тогшиж чадаж байна уу. Хамгийн сүүлд нь зөв үдэж гаргаж чадаж байна уу, ёс зүй байна уу, үгүй юу гэдгээр нь шалгалт аваад хоёр үе шаттай болгож байгаа юм. Эмчийн шалгалтыг. Яваандаа гурван үе шаттай болгоно. Яваандаа олон улсын жишиг рүү очно. Гэхдээ энэ жилдээ шалгалтын асуултын тоог нэмэгдүүлээд, хоёр үе шаттай болгоод, гардантай болгоод дараа нь эмчийн лицензээ сунгахад нь бид нар бас ёс зүйн шалгалт авна. Ёс зүйн алдаа гаргасных нь лицензийг нь хаадаг, зогсоодог болно. Ийм байж байж бид нар цаашаа явна шүү дээ. Тийм учраас бид нар энэ жилээс нэлээн хатуу болгож байгаа. Манай оюутнууд дургүй байгаа, гэхдээ яая гэхэв. Одоо энэ гэхэд японы эмчийн шалгат авдаг номууд байж байна. Зүгээ л харьцуулах ч утгагүй байгаа биз дээ.
-Яаманд эмч нартай холбоотой ёс зүйн мэдээлэл авдаг утас гэж байна уу?
-Байгаа.
-Тийм утас бол үнэндээ хэрэггүй зүйл шүү дээ. Хүн хувийн өс хонзон санаад худлаа мэдээлэл өгдөг. Яг нөгөө социализмын үеийн матаас, дарамт, гүтгэлэг, гүжирдлэг цэцэглэх юмыг энэ утсаар хийчихээд байгаа байхгүй юу. Үнэхээр хатуу гомдолтой хүн бол яваад л тэмцэх ёстой шүү дээ. Энэ утас бол аюултай. Хүний хувь заяанд хортойгоор яаж ч ашиглаж болно. Гааль, мэргэжлийн хяалтын салбарын ажилтнуудыг бол өшөө авах гээд утсаар худлаа мэдээлэл өгдөг, гүтгэдэг үзэгдэл газар авсан. Түрүү та дурьдсан. Эмч хүнд улс төр хэрэггүй гэж. Манайд улс төр дагаж явж байгаад л гавъяат эмч болчихдог. Улс төр дагаж явж байгаад л гавъяат дуучин болдог. Ийм гажиг үзэгдлүүд зөндөө байна. Эмч нарыг энэ аймаар юм руу алдчихгүй байхын тулд юу хийж байна. Хамгийн гол нь л цалингийн хөшүүрэг биз дээ ?
-Тэгэлгүй яахав. Цалингийн хөшүүрэг.
-Одоо манай эмч нар хэд авдаг юм бэ?
-Ерөнхийдөө 500 хавьцаа л авч байгаа шүү дээ, дунджаар. Тэгээд жижүүрийн нэмэгдэл гээд жаахан юм нэмэгдэнэ.
-Та бурхны шашинтай хүн болохоор их зөөлөн хүн юм шиг байна. Эмч нартайгаа ер нь уулзалт хийсэн үү?
-Зөндөө уулзсан. Бүх эмнэлгээр явсан.
-Тэд нар өөрсдөд нь байдаг зовлонгоо ярих уу. Цалингаа ярих уу?
-Уулзахаар цалин ярина, тогтолцоо ярина.
-Сургууль төгсөхөөр нь залуу эмч нарыг хөдөө томилолтоор ажиллуулдаг байсан. Одоо бол хүний эрх талаасаа бэрхшээлүүд гардаг байх. Хөдөө ажил амьдралд нухлагдаж явсан түүх бүх том эмч нарын намтарт байдаг. Тийм намтартай эмч нарын үе ер нь дуусч байгаа юу?
-Байгаа, байгаа. Харин ч бид нар сүүлийн үед хөдөө явуулаад, төгсөнгүүт нь хоёр жил сумын юм уу, өрхийн эмнэлэг рүү явуулж ажиллуулж байгаа.
-Гэхдээ ер нь л дургүй биз дээ. Бүгдээрээ л хотод үлдчих тэмүүлэлтэй байдаг шиг?
-Гэхдээ яг үнэнийг хэлэхэд дөнгөж төгссөн хүн зөндөө сурах эрмэлзэлтэй байдаг. Энэ үедээ ямар ч сурах орчингүй газар очоод хохирдог. Уг нь бол төгсөөд мэргэжлээ бататгаад улам чадваржаад дээшээ явах ёстой байтал суман дээр очоод, заах сурах багш муутай байвал тэр бас хэцүү. Үнэхээр тэр суман дээр нь заах чадвар өндөртэй багшлах чадвартай эмч нар байх юм бол тэр улсууд чадваржаад л явна. Сайхан юм сурчихаад, бие даах чадвар нь нэмэгдчихээд хүрээд ирнэ шүү дээ. Тэгж чадвал тэд нарын хувьд баяртай байх ёстой. Хэрэв тэгж чадахгүй бол суманд хаягдмал, хөөрхий амьтан ганцааранг нь хаячихсан, бүх юм толгой дээр нь ямар ч зааж сургасан юм байхгүй, нөгөө л нэг хэдэн жил сурсан мэдлэгээ толгой дотроо эргэлдүүлж байгаад ирнэ. Ийм байдлаар тэр хүн нэг жил явлаа, хоёр жил явлаа. Зэврээд сүүлдээ бүр сонирхолгүй болоод сонин болчихно. Тэгэхээр тэр хүмүүсийг байнгын мэргэжлийг нь дээшлүүлж байдаг тэр тогтолцоог нь маш сайн боловсруулах хэрэгтэй. Хичнээн сум дээр очсон ч гэсэн жилдээ хоёр сар ч юм уу,нарийн мэгэжлийн газар жаахан боловсролоо дээшлүүлчихээд тэгээд эргээд суман дээрээ ирж очдог. Тиймэрхүү байнгийн давтан сургалттай л байхгүй бол залуу улсуудын хүсэл мөрөөдөл бас өөр шүү дээ.
-Дэлхийн зах зээл дээр эмийн бизнес, анагаах ухааны бизнес гэж аягүй том бизнес байдаг. Аймшигтай бохир, тэр хэмжээгээрээ том бизнес. Монголд ч гэсэн энэ бизнес ороод ирлээ. Сая тамхины хууль гарлаа. Парламент доторх нөхдүүд тамхины бизнестэйгээ унагах гэж л хийсэн юм шиг байгаа юм. Гэхдээ бид нарт хэрэгтэй хориг. Нөгөө талдаа “Монос”-ын реклам сурталчилгаа хэт бүх юмаар дүүрч, эзэн бүсгүй нь кабелийн ч хамаагүй суваг л байвал ярьж, “Монос”-ын оруулж ирсэн ямар нэгэн бэлдмэл, зүгээр нэг амин дэмүүдийн сурталчилгаа ихэссэн. Өвчнөө сайн таньж чадаагүй байгаа, мэдээлэл дутуу масс дээр эд нар амжилттай тоглож байна. Ийм асуудлуудад яам хатуу чанга байж чаддаг уу. Эмийн бизнест та нар сайн хяналт тавьж чадах уу?
-Өөрийн чинь ярьж байгаа яг зөв. Хоёрдугаарт, бид нар нэг том хуулийн цоорхойтой юм. Манай эмийн сурталчилгааны хуулин дээр жорын эмийг сурталчлахыг хориод, жорын бус эм буюу био бэлдмэлийг сурталчлахыг чөлөөтэй тавьчихсан. Тэгсэн юу болсон бэ гэхээр жинхэнэ өвчнийг эдгээдэг сайн эм маань хаа хамаагүй био бэлдмэлийн сүрэнд дарагдаад ямар ч нэр хүндгүй болчихсон. Гэтэл нөгөө үйлчилдэг ч юмуу, үгүй ч юм уу био бэлдмэлүүд нь бүгдийг эдгээдэг юм шиг сурталчлагдаад, бүр зарим нь сүлжээнд ороод, сүлжээ нь бүр эмч нартайгаа холилдоод мафи болчихсон байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо би яах гэж байгаа вэ гэхээр энэ био бэлдмэлийн сурталчилгааны хуулийг хаая, энэ хуулийн цоорхойг нөхөе. Энийг УИХ руу оруулъя. Эмийг ч гэсэн рекламдахаа болъё гэдгийг л оруулах гэж байна. Тэгэхгүй бол жишээ нь, зүрхний маш сайн эм байлаа гэхэд ямар ч рекламгүй. Яагаад гэвэл жорын эм учраас хуулиараа хориотой. Хэн ч рекламдахгүй байгаа. Элэгний нарийн вирусны эм байлаа гэхэд энийг хэн ч рекламдаж чадахгүй. Яагаад гэвэл хуулиараа хориотой. Гэтэл хаа байсан юу ч хамаагүй бэлдмэл маягийн юмнууд л бүгдийг эмчилдэг, элгийг ч эмчилнэ, зүрхийг ч эмчилнэ, бүгдийг эмчилнэ гээд явж байна. Энэ бүхэн манай анагаах ухаан, эмч нарын маань нэрийг давхар уначихаад байгаа байхгүй юу. Бүр хэрээс хэтэрлээ шүү дээ.
-Дэлхийн анагаах ухаанд хамгийн сүүлд гарсан супер ололт, баяртай мэдээ юу байна. 10 жилийн өмнө Германчууд чихрийн шижинг эмчилнэ л гэж байсан. Одоо болтол ДОХ-ын эсрэг эм нээгдээгүй байна. Хүн төрөлхтөн байнга мөрөөдөлдөө хөтлөгдөж явдаг юм байна. Нэг л юм гаргаад ирэх байх гээд л хүлээсээр байдаг. Тийм болохоор залуу сайдтай уузаж байгаа юм чинь шинэ гоё мэдээгээр яриагаа өндөлөмөөр байна?
-Хамгийн гайхалтай мэдээг дуулгая. Миний хувьд элэгний С вирусын шинэ эмнүүд гарч ирж байгаа мэдээ үнэхээр гайхалтай мэдээ байлаа.
-Хаанах хийв ээ?
-Судалгааны үр дүн маш сайн байгаа. Тун удахгүй зах зээл рүү орно. Урьд өмнө нь бид нар элэгний С вирусыг устгах гэж яадаг байв. Нэг хүчтэй тариагаар л бөмбөгдөөд байлаа. Тэр нь 40-50 хувийн л үр дүн үзүүлдэг. Тийм байлаа шүү дээ.
-Интерферон гэдэг тариа биз дээ?
- Тийм. Тэгвэл удахгүй уудаг эмээр л 90 хэдэн хувьтай устгадаг болох гэж байна.
-Хаанахын эрдэмтэд хийв?
-Америкийн эрдэмтэд л дээ.
-Их гоё мэдээ байна.
-Энэ бол миний хувьд маш том, маш сайхан мэдээ байгаа. Ард иргэд маань үүнийг тэсэн ядан хүлээж байгаа. Яагаад гэвэл манай монголын хүн амын 15-17 хувь нь С вирусын халдвартай байдаг.
-Таны аав Ч.Жазаг гэж түүхийн ухааны эрдэмтэн хүн байдаг юм билээ. Танай гэр бүлд танаас өөр эмч хүн бий юу. Таны анагаах ухааныг сонгосон тань хэн нэгэнтэй холбоотой юу?
-Манай өвөө лам хүн байсан юм. Тэгээд намайг эхлээд лам болгоно, тэр дундаа маарамба болгоно гэдэг. Тэгээд л өвөөгийнхөө сураалиар явсаар маарамба болоод цаашаагаа бүр дурлаад нарийвчлаад явчихсан.
-Нэг асуулт байна. Энэ яаманд улс төржилт байна уу. Яагаад гэвэл МАХН-ын сайдтай, АН-ын дэд сайдтай, Төрийн нарийн нь МАХН-ынх. Дотроо эвээ олх гэж хэцүү байдаг гэнэ лээ гэсэн яриа сонсодож байсан?
-Ний нуугүй хэлэхэд эхлээд жаахан улс төржилт байсан. Сүүлдээ ойлголцсон. Одоо бол сайд бид хоёрын зорилго нэг, түүнийхээ төлөө л зүтгээд явж байна. Явж явж ард түмний эрүүл мэндийн тусламж үйлчилгээг л сайжруулчихъя л гэсэн сэтгэл биднийг нэгтгэнэ шүү дээ. Тийм учраас бид хоёрын зорилго нэг, энэ жижигхэн улс төрөөс болж хагаралдах шаардлагагүй гэж бодож байна. Том зорилгоо бариад тэр жижиг юмнуудыг хаяад энэ дөрвөн жил зүтгэх ёстой л гэж бодож байгаа.
Ж.Амарсанаа нь 1991-1996 онд “Оточ Манрамба” дээд сургуульд анагаах ухааны бакалавр.
1998-2000 онд Токиогийн Их Сургуулийн дотрын тэнхимд судлаач.
2000-2002 онд Токиогийн Их Сургуульд магистр.
2002-2006 онд Токиогийн Их Сургуулийн Анагаах ухааны сургуулийн дотрын тэнхимд Анагаах Ухааны доктор,PhD.
2006-2008 онд АНУ-ын Харвардын Их Сургуулийн Анагаахын сургуулийн докторын дараах программд ажиллаж, багшилсан. Англи,япон, орос, төвд хэлтэй. Манай Анагаах Ухааны салбарын чадварлаг залуусын нэг юм.