Энэ удаагийн манай VIPerson зочин Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал, хатагтай Батсүхийн Саранчимэг. Манай хотынхны хамгийн их очих дуртай газар бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэн. Таван жилийн өмнө шар шороон дунд хүрз бариад зогсож байсан энэ хатагтай их ажлын ард гарчээ. Одоо түүний хөлс хүчээ шингээсэн Цэцэрлэгт хүрээлэн хүмүүсийн хөлд дарагддаг, аз жаргалын цэцэрлэг болсон. Тийм ээ, үнэхээр аз жаргалын цэцэрлэг…


Хэдхэн жилийн өмнө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн шавыг тавиад шороон дунд зогсож байсан. Өнөөдөр манай хотын хүүхэд хөгшидгүй очиж бужигнадаг, өдрийг өнгөрөөх дуртай газар нь болжээ. Таван жилийн хөдөлмөр гэдэг бол бас л том хөдөлмөр. Хоёулаа яриагаа эндээс эхлэх үү?

Тийм шүү. Таван жилийн өмнө анх ажлаа авч байхад улаан шороо эргэлдсэн л газар байсан. 2010 онд байгууллага маань 27 хүн, 27 бээлий, таван хүрзтэй шарилж дүүрэн дэд бүтэц гэх зүйлгүй эхэлж байв. Тэр үед олон хүмүүс энэ бүтэхгүй төсөл, ээлжит үлгэр домог гэж шүүмжилж байсан л даа. Үнэндээ шийдвэр гаргалцсан зарим удирдлагууд маань ч өөрсдөө итгэл үнэмшил муутай байсан юм. (инээв)

Сэтгэл, зүтгэл байвал сайхан хамт олон,  гар нийлсэн баг хэрхэн ажил хийж болдогийг бид харуулж чадлаа гэж боддог. Ажилчид маань жилийн 4 улиралд өглөө эртлэн гарч эрч хүчтэйгээр ажилдаа гарч байрлах оффисгүй ч захиргааны хэд нь хотын захиргаанд сууж өдрийн хэд хүрээлэн рүүгээ автобусдаж, цэцэрлэгчид нь гадаа шахуу хувцсаа сольж ажилдаа чин сэтгэлээсэ хандаж 5 жилийг үджээ. 

Харин өнгөрсөн жил төсөв задлуулж байж өөрийн гэсэн оффистой болсон нь эрс тэс уур амьсгалтай манай нөхцөлд гадаа ажилладаг ажилчид маань орж ирээд бүлээцээд гарах ажлын байртай болсон нь бидэнд маш том ахиц дэвшил болсон.

Цэцэрлэгт хүрээлэн гэж чухам яг юу юм бэ? Тийм их хэрэгтэй зүйл үү? Ингэхэд танайх хэдэн модтой болов.

Онолын хувьд бол цэцэрлэгт хүрээлэн гэдэг нь ногоон байгууламж нь 70-с доошгүй хувь бүхий байгууламжийг нэрлэдэг. Дэлхийд ерөнхийдөө хүний гараар бүтсэн болон унаган байгалиа хамгаалан үлдсэн 2 төрлийн хүрээлэн байдаг.

Цэцэрлэгт хүрээлэн хэрэгтэй байлгүй яахав дээ. Тийм биш бол өдий болтол ажиллахгүй байсан ш дээ. (инээв) Хүн ер нь хотжиж хөгжихийн хэрээр унаган байгалиасаа холдож төрөлх чанараа гээж эхэлдэг юм шиг байгаа юм. Тэр үедээ байгальтай ойр байж амарч тайвшрах газар хэрэгтэй болдог. Харин хот төлөвлөлт талаасаа бол их хотын төвд уушиг болсон газар зайлшгүй хэрэгтэй байдаг. Ер нь бүтээн байгуулалт гэхээр байшин барилга л яриад байдаг. Уг нь жинхэнэ бүтээн байгуулалт гэдэг бол ногоон байгууламж тэр дундаа мод тарих үйл хэрэг юм. Манай хүрээлэнд өнөөдөр 22 төрлийн 110 мянга гаруй мод 93 хувийн ургалттай байгаа.

Сайхан үг байна. Мод өөрөө арчилгааны хувьд яг л нялх хүүхэд шиг нямбай ажиллагаа шаарддаг юм шиг санагддаг.

Өвөл зунгүй л арчилна шүү дээ. Мод тарьж ургуулна гэдэг нь яг л хүүхэд өсгөхтэй адилхан, байнгын арчилгаа шаарддаг. Нэг өдрийн хурц наранд л мод үхэж, зүлэг шарлана шүү дээ. Ялангуяа манайх шиг эрс тэс уур амьсгалтай оронд.

Хамгийн ойрын жишээ татахад Бээжингийн өвөл манай өвлийн  дэргэд юу байдаг билээ. Тэгэхэд л моднуудаа хөөрхөн “хувцаслачихсан” байгаа харагддаг. Танайх бас модоо тэгж “хувцасладаг” уу?

Тэгэлгүй яахав. Хүн шиг л хувцасладаг. (инээв) Аль болох олон улсын жишигт нийцсэн арга аргачлалаар ажиллахыг хичээдэг дээ.

Үнэндээ манайд цэцэрлэгт хүрээлэн байхгүй, ганцхан хүүхдийн парк л байсан. Тэгвэл одоо Үндэсний цэцэрлэгт хүрээлэн маань хөлд дарагдсан газар болж эхэлж байна. Гурван жилийн дараа гэхэд бүр л өргөн амьдралтай газар  болно гэдэг тодорхой. Гэхдээ ийм цэцэрлэгт хүрээлэнтэй харьцах соёл бидний ахуй амьдралд бага. Нээгдэнгүүт л үүргийн хүмүүс ирээд худалдаа хийгээд эхэлчихсэн, зах шиг болж байна гэх шүүмжлэл гарч байсан. Энэ жил жаахан хумих гэж оролдсон юм шиг байна. Тэгэхээр энэ иргэдтэй хэрхэн яаж ойлголцож ажиллаж байна вэ?

Аливаа асуудлыг зарим нэг нь дэндүү зоосны нүхээр харах хандлага ихэслээ. Эдийн засаг доройтож иргэдийн амьдрал хүнд байгаа хэдий ч бид бас нэг үнэт зүйлтэй байх хэрэгтэй юм. Хууль бус худалдаа эрхлэгчидтэй бид анх нээсэн өдрөөсөө л тэмцэж холбогдох газруудтай хамтран олон арга хэмжээ авч ирсэн. Ер нь хүн бүр л хариуцсан ажлаа гүйцэд хийх хэрэгтэй гэж бодогддог болсон. Бид шийдвэрлэх эрхтэй газруудад нь удаа дараа хүсэлт тавьж байгаа өдрөөс өдөрт багасч байна.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нийт хэдэн га талбайтай вэ?

Энэ төсөл нийтдээ 975 га талбайг хамрах юм. Одоогоор бүтээн байгуулалт 183 га-д явагдаж байна.

Хэрвээ төлөвлөлтийн дагуу хийгдвэл цэцэрлэгт хүрээлэнд нэмж юу юу хийгдэх вэ? Өнгөрсөн таван жилд юу хийж, чухам ямар хэмжээний ажлын ард гарчихаад зогсож байна даа?

Аливаа ажил төлөвлөлтийн дагуу л явах ёстой. Улаанбаатар хотод анхны гэх тодотголтой хэд хэдэн бүтээн байгуулалтыг цэцэрлэгт хүрээлэндээ бид хийсэн. Жишээ нь, хамгийн анхны хамгийн урт гүйлтийн болон дугуйн зам, спортын талбайнууд байна. Нэг дор тоглох боломж бүрдэж байна. Мөн хотдоо хамгийн том радиустай усан оргилуур, газрын усан оргилуур, ногоон байгууламжууд, хамгийн анхны усжуулалтын автоматжуулсан систем гээд олон зүйлийг бид хийлээ. Үнэндээ анх ажил авахад дэд бүтэц ч үгүй, гэрэл үгүй л байсан шүү дээ. Тэр үеэ бодвол бид өөрийн гэсэн дэд бүтэцтэй, худагтай, усжуулалтын системтэй боллоо. Яг энэ ногоон байгууламжийн зураг төсөлдөө 183 га-гийн ерөнхий төлөвлөгөө гаргаад бүх ажлууд төлөвлөлтийн дагуу явагдаж байна.

Та гадаадад олон жил амьдарсан хүн болохоор эх орондоо нэг гоё цэцэрлэгт хүрээлэн хийх юмсан гэж бодож байсан байх. Хүн болгон л гадны гайхамшигтай бүхнийг харж, бяцхан атаархаж явдаг шүү дээ. Тэрнээс болж ч энэ төслийг барьж авсан байж болох юм.

Би инженер мэргэжилтэй хүн. Гадаадад цөөнгүй жил суралцаж, ажиллаж амьдарлаа. Энд тэнд явж байхдаа Монголоо, Улаанбаатараа ийм болгох юмсан гэсэн мөрөөдөл, бас таны хэлсэн шиг цагаахан атаархал тээж явдаг байсан нь нууц биш. Хүн болгон л тийм байдаг байх. Тэгээд эх орондоо ирээд, хувь заяаны эрхээр энэ том бүтэн байгуулалтын  төсөлд ажиллах боломж олдсон. Цэцэрлэгт хүрээлэн босгох ажлыг Г.Мөнхбаяр дарга надад даалгасан. Сараа чи энэ ажлыг босгоноо, чамд итгэж байна гэж хэлж байсан өдөр саяхан юм шиг л санагдаж байна. Тухайн үеийн хотын удирдлагуудад талархаж явдаг юм. Ганцхан бид ч биш хотын иргэд талархаж явдаг гэдэгт эргэлзэхгүй байна.

Энэ сайхан газрыг хайрлах тал дээр хэрэглэгчид маань алдаж байх шиг. Ууж байсан ундааныхаа савыг шидэх, зажилж явсан бохио хаях юу ч биш бололтой?

Нэг үеэ бодвол иргэд маань бас ч гэж гайгүй болж байна. Энэ бол татвар төлөгчдийн мөнгөөр босож буй та бидний хүрээлэн шүү дээ. Тэгэхээр нэг нэгэндээ зөв шаардлага тавьж, үр хүүхдүүддээ зөв үлгэрлэл үзүүлдэг, бие биенээ хүндэтгэж харьцдаг, хотоо хайрладаг, хотын соёлыг нэвтрүүлэх хэрэгтэй болмоор байна.

Ер нь хотын соёл гэхээр хот хөдөөгийн ялгаа яриад байдаг. Энэ бол буруу ойлголт, харин нийтээрээ хамтран амьдрах дэг журам юм.

Та говийн бүсгүй. Дундговийн Бага газрын чулууг очиж үзээгүй байж байгаад сая очиж үзлээ л дээ. Тэр сонин хад асгатай, хуурай уур амьсгалтай газар та 500 суулгац суулгажээ.Тэгээд 499 суулгац нь ургаад нэг мод ургаж өгөхгүй байснаа энэ жил 500 дахь мод болж ургасан гээд үзүүлэхээр чинь их гайхаж хүлээж авсан. Тэндээс буцахдаа яагаад ч юм сэтгэл зовж, яана даа гэж бодогдоод байсан. Говь бол халуун газар. Тэр газар их хийж байгуулсан ногоон байгууламж, худаг  бүх юм нүдэнд харагдаад. Энэ төгөл бол их том итгэлийн асуудал байх. Юу  бодож тэнд тийм ажил хийсэн юм бэ?

Бага газрын чулуу бол үнэхээр өвөрмөц газар. Тэнд очоод явж байхад энд модтой байвал сайханаа гэх бодол дандаа төрдөг байсан. Тэр хүсэл мөрөөдлөөсөө болоод өнгөрсөн жил Дэлгэрцогт сумын иргэдтэй уулзаж, энд мод таривал та нар хайрлаж хамгаалаад явж чадах уу гэж асуусан. Тэд маань маш их баяртай хүлээн авч чаднаа гэж хэлсэн. Тэгээд л үүнийг хийе, худгийг нь гаргаад өгье гэж зориг шулуудсан хэрэг.

Эзэнтэй юм бүхэн арчлагдаад, хайрлагдаад хамгаалагдаад явдаг шүү дээ.

Инженерүүдийг өөрийн чадавхитай хүмүүс байдаг гэж би боддог. Инженерүүд бол гараараа юм хийдэг, бүтээн байгуулдаг хүмүүс байдаг. Танаас энэ чанар нэвт шувт харагдаж байна. Хэдэн жилийн өмнө таны дүүтэй ярилцаж байсан юм. Таны тухай сонин түүх ярьж байж билээ. Манай эгч онцоос өөр дүн ерөөсөө авч үзээгүй хүүхэд байсан гэж. Тухайн үед IT-ийн инженер гэх мэргэжлийг хүмүүс тэр бүр мэдэхгүй, мөн сонгодоггүй байсан. Тийм үед эгч сонголт хийж байсан гэж тэр дурссан нь санагдлаа.

Тийм шүү. Сургуулиа төгсөхдөө сурлагаараа нэгд жагсаж байлаа. Мэргэжлээ сонгоход аавынхаа зөвлөмжийг дагасан. Одоо бодоход их алсын хараатай хүн байж дээ гэж бодогддог юм.

Социализмын үед таны хүүхэд нас өнгөрсөн. Ингэхэд Батсүхийнх гэж ямар айл байв. Бага насны талаарх дурсамжуудаас ярьж өгөөч. Таныг харахаар ямар ч хор шар харагддаггүй. Гэтэл онцоос өөр дүн авдаггүй байсаар 10 жилээ төгссөн гэхээр тийм ч энгийн охин байгаагүй юм шиг?

Хүн мундаг боловсролтой, мөнгөтэй байх нь тийм чухал биш. Хамгийн гол нь хүн өөрөө зөв төлөвшилтэй, зөв хүн байх нь л чухал гэж эцэг эх минь сургасан. Батсүхийнх гэж гурван охинтой, ганц хүүтэй айлын ууган нь болж би төрсөн. Багадаа их шартай, шатар тоглох дуртай хүүхэд байсан.

Би тэгнэ, ингэнэ, тэрэнд хүрнэ, ийм болно гэж бодсон л бол хүрч байж санаа амардаг хүүхэд байлаа. Мундаг л байх ёстой гэсэн нэг үзэл өөртөө суулгачихсан. (инээв) Үүнийгээ би зөв хор шар байж гэж  боддог. Зөв юмны төлөө зорилгоо тавьчихаад, түүнийхээ төлөө эцсээ хүртэл явна гэдэг зантай.

Таны доод талын дүү тань Б.Наранхүү гишүүн билүү? Дүү нарынхаа тухай танилцуулаач

Тийм, Наранхүү маань хоёр дох хүүхэд. Наранхүүгийн доод талын дүү маань Австрийн Инсбург хотод эм зүйн чиглэлээр нарийн мэргэжлээр суралцаж, доктор хамгаалсан хүн бий. О.Содбилэг гишүүний ээж манай дүү хоёр эм зүйгээр доктор хамгаалсан юм билээ. Түүний дараагийн дүү Наранхүүгийн компанид ажиллаж байгаад одоо Австралийн их сургуульд сурахаар явах гэж байна. 

Таны дүү Б.Наранхүү бас улсын олимпиадад сайн оролцдог байсан гэл үү. Улсын олимпиадад оролцохоор Улаанбаатарт ирэхдээ одоогийн УИХ-ын гишүүн Р.Гончигдорж гуайнд ирж байсан гэж дурсаж байсныг санаж байна ? 

Наранхүү улсын олимпиадуудын маш сайн оролцогч байж, аймгийн жил бүрийн математикийн аварга болдог байсан ч физикээр илүү сайн байсан. МУИС-ын математикийн анхны лицейд элсэлт авахад 15 настайдаа тэнцэж, элсэж байсан хүүхдүүдийн нэг юм.

Таны дүү хэлэхдээ манай аав бидэнд чанга ч дуугардаггүй хүн байсан. Чанга дуугарсан эрэгтэй хүний дууг манай эгч, дүү нар үзээгүй байх гэж ярьж байсан?

Аав маань үнэхээр тийм хүн байсан. Биднийг ээж аав хоёр маань маш их хайрлаж өсгөсөн. Манай нөхөр Мөнхөө анх хүргэн болж ирээд манайд байж байхдаа намайг үнсээд л эрхлүүлээд байна. Аав маань тэрийг нь хараад миний охиныг яасан их үнсдэг юм бэ гэж хэлж бөөн инээд болж байж билээ. Бараг нөхрөөс минь харамлаж байгаа юм шиг. (Инээв) Харин өвөө маань лам хүн байсан. Лам байсан тухай тэр үед ярих хэлэх бүх юм нь хориотой байсан. Өвөө эмээтэйгээ илүү ойр эрхэлж өссөн дөө.

Танай гэр бүлийн хүний тухай асуумаар байна. Та хоёр Орост сурч байхдаа танилцсан уу ?

Оюутан болсон хойноо буюу хоёрдугаар курст орсон жилээ бид хоёр үерхэж, гэр бүл болсон. Одоо хоёр сайхан хүүгийн ээж аав болцгоосон байна. Саяхан хамтдаа амьдарсан 25 жилийн өдрөө бид тэмдэглэн өнгөрүүлсэн.

Мэдээж бүх он жилүүдийн турш дардан сайхан байгаагүй. Бэрхшээл тулгарч л байсан. Гэхдээ тэдгээрийг хамтдаа туулсаар өдий хүрчээ. Өнөөдрийн миний сайн сайхан яваа нь миний ханьтай салшгүй холбоотой. Миний амьдралын туршид сайхан бүхнийг мэдрүүлсэн ханьдаа баярлаж явдаг. Хоёр хүүгээ бид сайн хүн, зөв хүн болгохын төлөө л явж байна даа.

Анх тантай уулзахад та НИХТ-д нэр дэвшиж байсан. Тэр үеийн Сараа өнөөдрийн Сараа хоёр их өөрчлөгдсөн. Олон жил гадаадад амьдарч байгаад гэнэт эргэж ирсэн.  Эргэж ирэх шийдвэр угаасаа хүчтэй шийдвэр байдаг. Энэ шийдвэрийг яагаад гаргасан юм бэ?

Чинийхээр би хэрхэн өөрчлөгдсөн бэ. Тэр үеийн би яг ямар байсан бол. (инээв)

Ер нь  бол ярихдаа их акценттай байсан. Монголынхоо амьдралын талаар бага төсөөлөлтэй байх шиг санагдаж байж билээ?

Орост зургаан жил, Америкт долоон жил  шахам амьдарчээ. Өндөр хөгжилтэй орнуудад чинь хүмүүс ажлаа хийснээрээ цалингаа авдаг, бас өөрөө сурах хөгжих зорилгыг өвөртөлж байдаг болохоор их ачаалалтай он жилүүд байдаг. Гэхдээ хууль ёс, дүрэм журам нь тодорхой, нийгэм нь олон зуун жилээр төлөвшчихсөн байдаг учраас ерөнхий амьдралын хэв маяг нь тайван уур амьсгалтай. Тийм орчинд хүний бодох зүйл ч арай өөр байдаг.

Анх ирээд урам хугарах, бухимдах зүйлс их байсан. Тэгээд өөрийн эх орон болохоор аяндаа тэр зүйлс алга болж өөрчлөлтийг хийе бүтээе гэсэн хүсэл эрмэлзэл илүү их болсон.  

Та НИТХ-ын гишүүн. НИТХ-ийн төлөөлөгчдийн гаргаж байгаа шийдвэр янз бүрийн хэл ам дагуулах явдал гардаг. НИТХ-аас энэ найман  жилд юу олж авав ?

Энэ жилүүдэд төр засаг иргэдийнхээ аз жаргалын төлөө экологийн тэнцвэртэй эрүүл орчинг бүрдүүлж өгөх үүрэгтэй ч түүнийгээ мартаад удаж байгааг ажиглалаа. Тиймээс үүний төлөө нэгэн дуу хоолой болж цаашдаа улам илүү ажиллах ёстойг маш сайн ойлгосон.

Сүүлийн үед улс төрч гэхээр л олонхи нь муухай хүмүүс, ерөөсөө энэ нам бол буруу газар муу муухайн үүр гэж ярьдаг болжээ. Уулын мод урттай богинотой гэдэгдээ. Уг нь тэд улс орныхоо төлөө тодорхой хэмжээнд өөрсдийгөө зольж байгаа хүмүүс. Зарим нэг талдаа нийгмийн бүхий л түвшинд итгэлцэл гэдэг зүйл хэт доод түвшинд очсон мэт санагддаг болсон.

Улс төрчид бид өөрсдөө л хойч үедээ зөв үлгэрлэж, ярихаасаа илүүтэйгээр үйл хэргээрээ харуулдаг байх учиртай. Иргэд маань ч үгэнд биш үйлдэлд итгэж гэж байх хэрэгтэй.

Та МАН-ын гишүүн. Танай нам өнгөрсөн гурван сонгууль дараалан том ялагдал хүлээлээ. Гурван жил алдаагаа нөхөж ажиллаж чадсан болов уу. Цахим ертөнцийг ажиглаж байхад рейтинг нь эрх баригчидтайгаа адилхан л уналттай харагдаж байна.

Ялагдал гэдэг бол дараагийн ялалтын эхлэл гэдэг үг бий. Нэг боломж хаагдаж байхад дахиад нөгөө боломж нээгдэж л байдаг. Тэр утгаараа манай намд том сургамж, том ахиц дэвшлийн эхлэл болсон гэж ойлгодог. Өнгөрсөн гурван жилд МАН бурууд ташуур, шаардлагатай цаг үед улс орны эв нэгдлийг сахиж ажиллаж чадсан. Бодлогын хувьд зөв л ажиллаж байгаа.

Мэдээж алдаа оноо бий. Гэхдээ бид нам гэхээсээ илүү  Монгол Улсынхаа хөгжлийн төлөө нэгдэж, ойлголцож чаддаг, чадалтай хүнийг нийтээрээ хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй байна. Өнөөдөр талцаж хуваагдахаасаа илүү улс орноо бодсон, жаахан том эрх ашгаа харсан алсын хараа л зайлшгүй дутагдаж байна.

Ам нээвэл уушиг нээ гэдэг. Таны дүү болохоор Ардчилсан намын гишүүн. Та түүний асуудлуудад хэр оролцдог вэ. Эгчийн хувьд хэлж ярих юм байдаг уу ?

Чи дээр надад “та хоёр хоёулаа математикч хүмүүс. Бас хоёулаа шатар тоглодог. Тийм болохоор хоёр өөр нам сонгосон уран нүүдэл хийжээ дээ”  гэж асууж байсан.

Шатар гэдэг бол хоёр хүн нэг талд нь гарчихаад тоглодог биш хоёр хүн өөрөө өөрийнхөө бодолтоор л тоглодог. Шийдэл нь ч нүүдэл нь ч өөр өөрийнх нь байдаг.

Ер нь хүний шашин шүтэх, улс төрийн сонголт нь хүнд үндсэн хуулиараа олгогдсон дархан эрх байдаг. Бид бие биенийхээ ажилд огт оролцдоггүй. Хувь хувьсгалаа ялгаж сурсан хүмүүс.   

Сая Илюмжинов долоо хоногийн сонинуудаас сонгож манайд ярилцлага өгсөн. Дэлхийн шатрын холбооны Ерөнхийлөгч манай Viperson зочноор орсны дараа шатар яримаар санагдаад гоё байна. Ер нь Дундговийн хүүхдүүд математикаар хэзээнээсээ л тасархай байсан. Шатраар тасархай байсан.

Үнэн. Математик шатраар манайхан сайн явдаг юм. Саяхан математикийн Таня багштайгаа уулзсан юм. Таня багш маань биднийг шатарчин тоочин болгоход их тус болсон. Багш нар маань мундаг байхгүй юу.

Шатар тоглодог хүүхдүүд математикч байх нь элбэг юм аа?

Хүнийг хүн болгоход хүний орчин их нөлөөлдөг юм байна л даа. Тэрэнтэй адилхан би өөрөө шатар суръя гээгүй. Манай хажуу айлын хүүхэд, хажуу айл дандаа шатар тоглодог айл байсан. Дээр нь багш маань мундаг шатарчин хүн байлаа. Бид нар тэгээд л маш их шатар тоглодог байлаа. Дараа нь Оросод очиж тоглоод мастер авч байлаа. Бидэнд тэр орчин л нөлөөлсөн гэж боддог. Одоо би хүүхдээ шатар тоглож сургаж байгаа. Миний хүү чинь сая олон улсын сургуулиудын дундах тэмцээнд алт авч аав ээжийгээ баярлуулсан.  Наранхүүгийн том хүү гэхэд л Улаанбаатар хотдоо хэдэн удаа математикийн улсын аварга болж байсан. Ингээд бодохоор нутаг ус маань үнэхээр өөр газар юм шиг санагддаг.

Хүсэл мөрөөдлийн тань тухай асуултаар ярилцлагаа өндөрлөе. Цаашид юунд зорьж байна вэ?

Надад их олон мөрөөдөл бий. Мөрөөдлөө бодит ажил болгохын төлөө амьдарч байна гэж боддог. Үүний нэг хэсэг нь үндэсний цэцэрлэгт хүрээлэн. Дахиж олон цэцэрлэгт хүрээлэнг бий болгоно, түүнчлэн экологийн тэнцвэртэй үр хүүхдүүддээ ээлтэй эрүүл орчинг бүрдүүлэхийн төлөө зорин ажиллаж байна. Ер нь “бид амьдарч байгаа дэлхийгээ өвөг дээдсээсээ өвлөж аваагүй харин хойч үеээсээ зээлсэн” гэдэг үгийг санаж явах хэрэгтэй юм.

Тийм байж. Тантай ярилцах сайхан байлаа. Цэцэрлэгт хүрээлэнгийн тань ирээдүй үнэхээр тод харагдаж байна. Улам эрч хүчтэй ажиллаарай.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав