Манчестрийн Их сургуульд эдийн засгийн ухааны магистр, Колумбийн их сургуулийн боловсролын эдийн засгийн доктор, профессор Б.Отгонтөгстэй санхүүгийн эрсдэл, тойргийн эздийн засгийн тухай ярилцлаа.

-Олон хүний хувьд хадгаламж нилээн асуудал болдог. Хувь хүн хадгаламжтай болохын тулд ямар сахилга баттай байх ёстой вэ?Хадгаламжтай болсноор ирээдүйд эрсдлээс өөрийгөө хамгаалах боломжтой юу гэсэн асуултаар ярилцлагаа эхлэх үү?

-Хадгаламж хэрхэн хуримтлуулж байна? Хэн нээж байна? Яавал хуримтлал үүсдэг тухай асуудал бол эдийн засгийн ухааны нэг тулгуур судалгаа юм.Хадгаламжийн хэмжээ их  байвал тухайн эдийн засагт хөрөнгө оруулалтын түвшин их байдаг.Өрхүүдээс цуглуулсан хадгаламжаа банк болон санхүүгийн байгууллагууд чинь зээл хүссэн бизнесийн байгууллагуудад дамжуулж өгнө.Тэр хөрөнгө оруулалтаар илүү сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Эргээд тэр бүтээгдэхүүнийг нь өрхүүд худалдаж авах тойргоор эдийн засаг өсдөг учиртай.Хадгаламжтай болоход нөлөөлөх нэгдүгээр хүчин зүйл мэдээж орлого. Орлого их байвал хүмүүс хадгаламж их үүсгэдэг. Хоёрдугаарт хувь хүний эрсдэлд хандах хандлага.Эдийн засаг, байгаль, эрүүл мэндийн одоо болон ирээдүйд тохиож магадгүй олон эрсдэл дунд амьдарч байгаа хүмүүсийн хувьд эрсдэлд хандах хандлага нь гурван төрөлд хуваагддаг. Нэгдүгээрт, алив эрсдлээс болгоомжилж, зайлсхийхийг хичээдэг хүмүүс хүнд өвчин тусвал үр хүүхэддээ дараа бололгүй, бага сага  мөнгөтэй байя гээд хадгаламж хийгээд байдаг. Хоёрдугаарт эрсдэлд их дуртай сонин хүмүүс байна. Хүн амын багахан хувь эзэлдэг ч гэсэн мөрийтэй тоглоом тоглох, эрсдэлтэй спортоор хичээллэх ч юм уу тийм хүмүүс. Гуравдугаарт 50:50 хувь буюу эрсдэлд дургүй, болгоомжилдог мөртлөө эрсдэл хийчихдэг, натурал хандлагатай хүмүүс. Эрсдлээс зайлсхийдэг, эрсдэлд дургүй хүмүүс их байх тусам хадгаламж бас их үүсдэг. Хадгаламжтай болох хамгийн гол шалтгаан бол зээлийн хүүгийн түвшин их байх тусам хүмүүс бага ч гэсэн хадгаламж нээж, мөнгөө өсгөөд авъя гэдэг. Зээлийн хүү бага байвал хэн ч хадгаламж нээхийг хүсэхгүй ш дээ. Бонд болон компаниудын хувьцааг худалдаж авах нь банкны хүүгээс өндөр байдгаас гадна эрсдэл нь ч бага учраас боломжийн байдаг. Санхүүгийн сахилга бат, өрх гэрийн хүмүүжил ээж аав нь, гэр бүлийхэн нь санхүүгийн сахилга баттай байж орлогынхоо таван хувийг тогтмол хадгалдаг хүмүүс орлого нь бага, зээлийн хүү бага зэргээс хамааралгүй хуримтлалтай болсон байдаг.

Япон гэхэд 1998 оны зүүн өмнөд Азийн санхүүгийн хямралаас болж зээлийн хүүгийн түвшин маш бага, бараг тэг хувийн хүүтэй, мөнгөө хадгалуулбал заримдаа торгууль төлөхөөр бараг өсгөхгүй банкинд мөнгөө хадгалуулж байснаас үнэт цаасны зах зээл дээр хувьцаа авбал өсөхөөр байхад хүртэл япончууд банкинд хадгаламж нээлгэсээр байсан. Дундаж япон айл 200 мянга орчим долларын хадгаламжтай байсан тухай тооцоо бий. Монголд бол тийм байх боломжгүй. Монголд татварын дараах орлого нь бага учраас хадгаламж сайн хийхгүй байна. Манай хадгаламжийн хүүгийн түвшин бусад улстай харьцуулахад их өндөр байхад хийгээд л байх ёстой биз дээ. Нөгөө талаас ирээдүйд юу болохыг хэн ч мэдэхгүй учраас эрсдлээ бодоод хадгаламжтай л байх ёстой. 

-Яавал хятадууд шиг гурваас таван данстай болох вэ? гэдэг ч юмуу ямар аргаар өнөөгийн бидэнд тохирсон хадгаламжтай болж болохоор байна? 

-Хүн болгон хадгаламжтай болъё гэж бодохоос хадгаламж хэрэггүй гэх нь ховор. Эрсдэлд дуртай хүмүүс тийм их биш, ихэнх нь эрсдэлд дургүй л байдаг. Ялангуяа эмэгтэйчүүд эрсдэлд их дургүй. Хадгаламжийг хүйсээр нь аваад үзэхээр эмэгтэйчүүд нь их  байдаг. Ихэвчлэн залуу өрх, гэр бүлүүд дөрвөөс таван данстай байх хэрэгтэй. Тэд цалингаа юунд, хэдэн төгрөг зарцуулахаа тохироод, байрны мөнгө, гар утас, бензиний мөнгө гэх мэт зайлшгүй хэрэгцээндээ хэрэглэе. Ипотекийн зээлтэй айл байлаа гэхэд, зээлэндээ энийг ингээд төлнө гээд төлөвлөж болно. Гурав дахь дансыг болохоор шаардлагатай зардлаас гадна хүлээгдэж байгаа болон хүлээгдээгүй зардалд тухайлбал, эмнэлэгт хүн эргэх, төрсөн өдөрт зориулагдахаар хийнэ. Дөрөвдүгээр дансыг залуу хүмүүс аялах, зугаалах гэсэн хүсэл нь давамгайлдаг учраас түүндээ зориулах мөнгөө хийх ёстой. Хадгаламжийг эвтэйхэн аргаар өрхийн түвшинд, хувь хүний түвшинд хоорондоо ярилцаад хийж болох ажил юм. Иргэдийн хадгаламжийг татаж авах гол аргууд гэвэл, хүүхдэдээ хадгаламж хийнэ үү, хүүхдийнхээ боловсролд хадгаламж хийгээчээ гээд төрөнгүүт нь нэг сартай байхаас нь эхлээд сард 50 000  төгрөг хийгээд байвал хүүхэд чинь 18 нас хүрээд их, дээд сургуульд орох болонгуут энэ мөнгө ийм болно гээд иймэрхүү график гаргасан байдаг. Хүн өөрөөсөө илүү үр хүүхдээ боддог философиор нь мөнгө хийлгэж хадгаламж үүсгэдэг. Хадгаламжийг маш их урамшуулдаг нийгэм байна.Жишээлбэл Хятад, Солонгос, Япон, Вьетнамд их хадгаламжтай байвал түүний тухай санхүүгийн хувьд сахилга баттай, мундаг ажилтай, сайн хадгалдаг хүн байна шүү дээ гэх мэт үнэлгээтэй. Гэтэл ганц бие явж байгаад хүнтэй суух гэсэн чинь хадгаламж нээлгээгүй, хадгаламжийн дэвтэр ч үгүй байвал, арай бэлэн биш байна гэж үздэг цаг үе ирсэн. Нийгмийн дарамт, нийгмийн хүлээлт байна. Ажилд ороод эхний 2 жилд хадгаламж болохыг өдөөдөг, идэвхжүүлдэг нийгэм юм. Гэтэл манай нийгэмд тийм юм байхгүй. Хүний хадгаламжийг асуух буруу гэж үзэн хэрэгт дурлан хүний мөнгийг асуугаад байна ч гэдэг.

-Хадгаламжтай байх нь улс орны эдийн засгийг өргөжүүлэхэд нөлөөлнө, хувь хүний санхүүд нөлөөлнө, баталгаатай болно гээд олон эерэг талтай хадгаламжийн хүү буюу зээлийн хүү өндөр гэж ярьж байгаа энэ үед өнөөдөр хадгаламж хийхэд баталгаатай ч юм шиг, гэтэл банкны салбар гэдэг бол хамгийн эрсдэл ихтэй эмзэг салбар гэж үздэг. Цаашдаа манай банк санхүүгийн байдлыг харахад хэр итгэлтэй байна, танд ямар дүгнэлт ажиглагддаг вэ?

-Хадгаламж нээлгэх гээд явахдаа хадгаламжийн мөнгийг татан төвлөрүүлсэн арилжааны төв нь дампуурчихвий, хэцүү байдалд орчих вий гэсэн айдас байх ёсгүй. Төрөөс хадгаламж эзэмшигчдийн мөнгийг батлан даадаг сайхан хууль гаргасан учраас тодорхой хэмжээний хадгаламжтай хүмүүс бол их хохирохгүй л дээ. Арилжааны банкны буруу үйл ажиллагаанаас эсвэл нэг хүний буруу шийдвэрээс болоод хоёр, гурван сая хүн хохирох эрсдлийг хуулиар буруулаад, баталгаажуулсан байгаа.

Арилжааны банкууд өсөлтийн хувьд ойртож ирсэн. Үйлчилгээний хувьд mobile хүртээмжтэй болж, хүмүүст ойртсон учраас 0.5 хувийн хүүгийн ялгааг иргэд өөрснөө сонголт хийж болно. Эдийн засгийн онолоор хүүгийн түвшин өндөр байх тусам эрсдэл өндөр байдаг.Банкны хүүгийн түвшин дундаж, бага байх тусам эрсдэл нь бага байна гэсэн үг.Хадгаламжийн хүүгийн түвшин их өндрөөр амлаж байгаа банкууд түүнээсээ ашиг олж байж өөрийнхөө зардлыг хасаад, хадгаламжийнхүүг эзэмшигчдэдээ өгнө, тийм өндөр ашигтай сарын 10 хувийн ашигтай бизнес их ховор. Дэлхийд ховор учраас сарын арав, хорин хувийн хүү амлавал эрсдэлтэй. Манай арилжааны банкуудын хадгаламжийн хүү нь дэлхийн дунджаас хамаагүй их өндөр байгаа. 

Дундаж япон айл 200 мянга орчим долларын хадгаламжтай байсан тухай тооцоо бий. 

-Манай арилжааны банкууд, ББСБ-д хадгаламжийн хүү тийм өндөр гээд реклам сурталчилгаа их явуулдаг? Энэ буруу бодлого юм биш үү?

-Татан төвлөрүүлсэн хөрөнгөнийхөө хэмжээг ихэсгэх гэсэн менежмент бодлогын асуудал. Манайхан хүүгээрээ өрсөлдөж авч байгаа байх л даа. Гэхдээ урт хугацаанд тогтвортой банк ажиллуулна гэвэл үргэлж өндөр хадгаламжийн хүү амлаад, бусад банктай өрсөлдөх боломжгүй. Тиймээс яваандаа буурна. Банк бус санхүүгийн байгууллагууд, ялангуяа хүмүүсийн итгэдэг, нэр хүндтэй дуучин, жүжигчид тоглоод, би тэр банк бус хадгаламжийн газар очсон чинь ийм орлого олсон шүү, гадаадад аялна аа гэх юм уу тийм явдал болсон.Үүнийг нь сайн судлалгүй, итгээд мөнгөө хийгээд дараа нь хадгаламжаа авч чадаагүй. Яагаад тэр ББСБ-ууд дампуурсан гэхээр өндөр хүүтэй хадгаламж авчихаад буцаад өгөх боломжгүй, ашигтай бизнес хийж чадахгүй. Магадгүй хүмүүсээс их хурдан, их олон хүнээс хадгаламж аваад дараагийн хүний хадгаламжаар эхний хүнийхийг төлж, үнэмшүүлж байгаад их мөнгө авч байгаад дампуурлаа зарлая гэдэг зүйл байсан байж магадгүй.Гэхдээ тэр олон банк бус санхүүгийн байгууллагууд бүгд тэгж төлөвлөөгүй байгаа. Өндөр ашигтай эвтэйхэн ажиллая л гэж бодсон байгаа.
Арилжааны банк, ББСБ биш даатгалын зах зээл, үнэт цаасны зах зээл рүү хөрөнгө оруулдаг болчихвол зүгээр. Жишээлбэл, саяхан “Монос”, “Сүү” компаниуд хувьцаагаа гаргасан. Энэ хувьцаануудаас аваад, хувьцааны өөрчлөлтийг харж байх ёстой. Овоо өсөөд байна. Дараа жилийн хувьцаа эзэмшигчдийн хурал дээр ноогдол ашгаа олдог болъёо гээд, энэ нь урсгал голдиролд ороод явчихвал зайлшгүй арилжааны банкинд хөрөнгөө хийхээ болино. Бид нарын хадгаламжийг өөрчлөх гол том тохиолдол бол даатгалын зах зээл юм. Эрүүл мэндийн даатгалыг бид нар улсын байгууллагад төлдөг. Гэвч эрүүл мэндийн даатгалаар эмнэлэгт очоод үзүүлэх гэхээр үйлчилгээ муу байдаг. Бид нар ингээд төлсний хэрэг гарч байна уу, эрүүл мэндийн даатгалын улсын компани байхаас гадна эрүүл мэндийн даатгалын хувийн том компаниуд гарч ирвэл даатгалын үйлчилгээ сайжирна. Эрүүл мэндийн асуудал гарвал, жишээ нь цусны, шээсний, дааврын шинжилгээ өгөхөд даатгалаас минь тодорхой хувийг гаргадаг, өөрөөсөө тодорхой хувийг нь гарган давхар хамтран төлөлцдөг байх нь ойлгомжтой. Та ийм үйлчилгээ авбал тэдэн хувийг нь, ийм хагалгаанд орвол бид нар төдөн хувийг төлнө шүү гээд тоглоомын дүрэм нь тодорхой байвал хүмүүс мөнгөө энэ даатгал руу оруулаад эхэлнэ. Даатгалын зах зээл хөгжөөд явна. Даатгал гэдэг чинь 100 хүнээс даатгалын мөнгө хүлээж авсан ч  100 хүн бүгдээрээ нэг зэрэг өвдөхгүй. Тийм магадлал ч багатай. Өвдөх нь тодорхой 20 хувь  юм уу, жишээлбэл элэгний өвчнөөр хэдэн хүн өвчилж байна гээд даатгал нь бодчихдог. Тэр 20 хувийн учирсан хохирлыг 80 хувь нь төлж байгаа. Үлдсэнээр нь ашгаа олоод өргөжөөд явдаг том бизнес байна.

-Дэлхий нийтээр тойргийн эдийн засгийн тухай их ярих болж.Тэгээд хэрэглээ багасгах зүй зохистой хэрэглэж хэмнээд дахин хэрэглэх тухай ярихаар зарим их сургуулийн багш нар  үүнийг улс орны хөгжилд сөргөөр нөлөөлнө гэж үзэж байна. Хэрэглээ, худалдан авалт багасвал эдийн засаг муудна гэсэн. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Эдийн засгийн онолын гол асуудал энэ. Байгаа нөөцөө үр ашигтай хуваарилан, нэг ширээг ганц удаа ашиглах биш хоёр, гурван удаа ашиглавал үр өгөөж нь өснө. Хүн хэрвээ бага хэрэглээтэй бол эдийн засаг өсөхгүй байна гэдэг. Эрэлт багасвал нийлүүлэлтэнд сөрөг учир борлуулалт багасаад, эдийн засаг өсөхгүй болох нь ээ гэж болгоомжилсон байж магадгүй. Эдийн засагт бол нөөцүүдийг аль болох үр дүнтэй ашиглаж, хуваарилах ёстой. Нэг удаа хэрэглэсэн гялгар уутыг хоёр удаа хэрэглэхэд эдийн засаг хамгийн сайн ажиллаж байна гэсэн үг. Ингэвэл эдийн засгийн онолтой  бүрэн нийцнэ. Эрэлтийг буруулсан юм байхгүй. Хязгаартай нөөцийг гялгар уутанд оруулахгүй нь байна. Харин өөр юманд оруулах нь. Хязгаартай мөнгөө хиймэл оюун ухаан хөгжүүлэх, эсвэл хүнийг эрүүл байлгах, эсвэл цусны даралтыг эмгүй бууруулах ажилд зарцуулж болно. Энгийнээр бол 100 төгрөгний гялгар уутыг 10 удаа 1000 төгрөгөөр худалдаж авч хэрэглэхийн оронд нэг гялгар уутыг 100 төгрөгөөр аваад дахин хэрэглээд байвал цаана нь үлдсэн 900 төгрөгөө өөр зүйлд зарцуулах боломжтой юм. Анагаах ухаан, хүүхдийн боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн замыг сайжруулахад зориулах нь.
Эдийн засаг гэдэг чинь хязгаартай байгаа нөөцийг хязгааргүй эрэлт хэрэгцээнд хэрхэн зөв зохицуулах тухай асуудал юм.

-Таньд баярлалаа.

-Ажилд нь амжилт хүсье.

Ярилцсан | М.Бүжинлхам

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
О.Нинж

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав