"Ярилцъя" булангийн маань энэ удаагийн зочин Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ёндонгийн Отгонбаяр. Боловсролын сайдтай боловсролын бус сэдвээр ярих гэж төлөвлөсөн ч нэг л мэдэхэд хальтарч орчихоод байв. Ингээд түүний ярианд анхаарлыг тань хандуулъя.

-Ё.Отгонбаяр сайдыг монголын олон нийт сайн "мэднэ". Сайн мэдэхдээ бас харьцангуй мэднэ. Нэг талаасаа бол өндөр боловсрол олж чадсан шинэ монголчуудын төлөөлөл. Улстөрд бас чамгүй олон жил явж байгаа. Энэ ай савдаа шинэ хүн биш. Ингэхэд надад одоогоор Булганы гаралтай хүн юм гэнэ лээ гэдгээс өөр хувийн тань тухай мэдээлэл алга. Эндээс эхэлж л жаахан судлах сонирхол байна?

-За, тэг ээ тэг. Манай ээж бол Булган аймгийн Хангал сумын уугуул. Хуучнаар бол Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошууны харъяат хүн дээ. Аав маань бол Цэцэн хан аймгийн Боржигон цэцэн вангийн хошууны харъяат хүн. Аав ээж маань ийм л гарал угсаатай улс байгаа юм. Миний аав бол хуульч мэргэжилтэй хүн байсан. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд Дорноговь аймгийн Алтанширээд сум нэгдлийн дарга хийж байгаад тэтгэвэртээ суусан. Ээж маань бол багш хүн. Монгол хэл уран зохиолын багш мэргэжилтэй. Нийслэлийн 18 дугаар сургуулийн хичээлийн эрхлэгч хийж байгаад сүүлд олон жил Арьс ширний нэгдэлд зааварлагч хийсэн. Би өөрөө бол Улаанбаатар хотод төрсөн. Дээр үед 120 мянгат гэж байлаа ш дээ. Одоо ч гэсэн байж л байгаа. Тэнд л өссөн хүүхэд дээ.

 

-Сэхээтний гэр бүлд ?

-Тийм ээ, тийм. Дундаж сэхээтний гэр бүлд гэх үү дээ. Багш, хуульч нарын байгуулсан гэр бүлд.

-Яагаад дундаж гэж ?

-Үгүй, одоо дарга сайдын хүүхэд биш юм даа. Ээж маань монгол хэлний багш. Аав маань хууль тогтоомжийн эмхэтгэл сэтгүүл, арбитрын шүүх зэрэг байгууллагад ажиллаж байгаад сүүлд нь сум нэгдлийн дарга болоод явсан л хүн. Тийм болохоор би өөрийгөө дундаж сэхээтний хүүхэд л гэж тооцдог юм ш дээ.

-Таны ахыг сайн мэднэ. УИХ-ын гишүүн байсан Ё.Баярсайхан гэж. Та нар эцэг эхээс хэдүүлээ вэ?

-Бид дөрвүүлээ. Хамгийн том ах маань Баярсайхан. Хойно Орост сургууль төгсч ирээд Эрдэнэт хотын захиргааны нийгмийн хамгааллын хэлтэст ажиллаж байсан. Дараа нь Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт шилжиж, ерөнхий эдийн засагч хүртэл нь ажиллаж байгаад, 2000 оны сонгуулиар Эрдэнэт хотоос УИХ-ын гишүүн болж сонгогдсон. Одоо Эрдэнэт үйлдвэрийн нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захирлын алба хашдаг. Удаахь ах маань Батсайхан гэж хүн бий. Төмөр замын дээд сургууль төгсч ирээд Сайншанд өртөөнд замчин, Айраг өртөөнд сумчин, Замын-Үүд өртөөнд диспетчер гээд бүх л шат дамжлагаар ажилласан. Сүүлд Төмөр замын инженер, Төмөр замын ашиглалт эрхэлсэн орлогч дарга хүртэл хийж явсан. Одоо Өмнөговийн төмөр замын төсөл дээр ажиллаж байгаа. Эгч маань Отгон гэж ШУТИС-д компьютерийн багшаар ажиллаж байсан. Одоо Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яаманд ажилладаг. Тэгээд би.

-Айлын отгон хүүхэд болохоор Отгонбаяр гэж нэрлэж л дээ?

-Тийм.

-Бүгдээрээ гадаадад төгссөн юм уу?

-Тэгсэн. Бүгдээрээ Москвад төгссөн. Том ах Баярсайхан маань Ждановын нэрэмжит Москвагийн Удирдлагын дээд сургууль гэж байдаг. Тэр сургуулийг төгссөн. Батсайхан ах маань Москвагийн Тээврийн инженер, эдийн засгийн дээд сургуулийг төгссөн. Эгч маань Москвагийн Эдийн засаг, статистикийн дээд сургуулийг төгссөн. Би Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийг төгссөн.

-Мундаг юм аа. Бүгдээрээ онц сурлагатнууд байсан байх нь?

-Ямар ч л байсан сургуульд орохдоо хэн нэгний дэмжлэгээр ороогүй. Энийг бол харин баталгаатай хэлнэ шүү. (инээв)

-Тэр үед бол дандаа шалгарсан, үнэхээр сурлага сайтай хүүхдүүд гадаадын хувиар авдаг байсан л даа?

-Яахав ээ, бид дөрвөөс гурав нь дунд сургуулиа алтан медальтай төгссөн. Баярсайхан ах маань идэрчүүдийн шатрын аварга байсан. Батсайхан ах маань бас алтан медальтай төгссөн.

-Гурав дахь нь та юу?

-Би алтан медальтай төгссөн. Орос хэлний олон улсын олимпиадын аварга болж байлаа. Үндэсний олимпиадын аварга. Физикийн олимпиадын аварга байсан. Ерөнхийдөө, нэг их хичээл номоо бол хаяж байгаагүй хүүхдүүд байсан юм уу даа.

-Та гаднаасаа бол даруу хүн харагддаг. Гэхдээ шартай хүүхэд байсан байх нь?

-Яагаад шартай гэж.

-Үргэлж тэргүүнд нь явсан. Тэмцэгч, манлайлагч хүүхдүүдийн нөгөө талд их хортой шартай чанар хамт явж байдаг л даа?

-Хортой шартай ч юу байхав дээ. Эцэг ах маань бидний багаас л хүний муутай өөрийгөө битгий жиш гэдэг байсан юм. Сайн гэж харж байгаа хүнтэйгээ үргэлж өөрийгөө жиш. Тэгээд би энэ хүнээс дутуу байна шүү гэж үргэлж өөртөө сануулж сур. Хэрвээ би энэ хүнээс илүү байна гэж бодоод байх юм бол чи хэзээ ч өсөхгүй. Хэзээ ч сайн хүн болж чадахгүй гэж хэлдэг байсан юм л даа. Өөрөөр хэлбэл эцэг эхийн маань номлол гэх үү дээ.

-Хөвгүүд голдуу гэр бүлд өсчээ. Хөвгүүдэд сурлагаас гадна хүлээн зөвшөөрөгддөг өөр нэг ойлголт байдаг шүү дээ. Та хэр атаман байсан бэ?

-Өө, байхгүй байхгүй.

-Танай комбинат хавийг их ширүүн газар байсан гэдэг. Зодолдож чаддаггүй байсан юм уу ?

-Ах нартай байсан болоод ч тэр юм уу. Намайг оролдоод байх хүүхэд ч байдаггүй байсан байх. Хоёрдугаарт, би багаасаа бас телевизийн нэвтрүүлэгч энэ тэр хийгээд явчихсан. Тийм болохоор 120 мянгатын атаман ах нар маань "Өө, наадахь чинь манай нөгөө нэвтрүүлэгч пацаан байна. Наадахыгаа битгий оролд" энэ тэр гэдэг байсан. Тийм болохоор атамануудын ивээлд л байсан байх. (инээв) Гэхдээ нийлж дарвиж үзээгүй ээ. Тэд нарыг дагаж би явж чадахгүй л дээ.

-Монгол сургууль төгссөн байдаг байх аа?

-Тийм. Би долоон настай сургуульд орсон юм. Аав маань намайг орос сургуульд оруулна гэсэн бодолтойгоор эхлээд долоотой байхад монгол сургуулийн нэгдүгээр ангид суулгасан. Нэг төгсгөөд л орос сургууль руу оруулна гээд. Хагас жилийн дүн гарахад миний нэр журнал дээр байгаагүй. Багш маань Батнямсүрэн гэж их сайн багш байсан. Одоо бурхан болчихсон л доо. Аавыг эцэг эхийн хуралд очиход нь таны хүү их дажгүй хүүхэд байна шүү дээ. Энэ чигээр нь сургуульд нь оруулчихвал яасан юм гэж зөвлөсөн гэсэн. Тэгээд л аав тэр чигээр нь монгол сургуульд сургахаар шийдсэн гэдэг. Орос сургуульд сураагүй ч гэсэн би орос хэлэнд сайн байсан. Сайн багш нарын л ач. Тунгалаг гэж орос хэлний багш байсан. Өөрөө эрлийз хүн байсан л даа. Маш сайн багш. Бас Клава гэж якут багш байсан. Таиса Васильевна гэж орос багш нэг хэсэг заасан. Монгол сургуульд бэлтгэгдсэн хүүхэд гэхэд би орос хэлний олон улсын олимпиадад түрүүлж байсан. Үнэхээр сайн багш нартай байсан байгаа биз дээ. Физик дээр бас л мундаг багш нартай байсны ач. Анги даасан багш маань математикийн багш Дорж гэж хүн байсан. Та мэдэж магадгүй. Хотын боловсролын газрын даргаар олон жил ажилласан хүн байдаг. Тэр багш маань бидэнтэй үнэхээр тулж ажилладаг, хүүхдүүдээ хөгжүүлэхийн төлөө уйгагүй зүтгэдэг байсан.

-Танай сургууль хэддүгээр сургууль юм бэ?

-52 дугаар дунд сургууль.

-Алдартай хүмүүсийн сурч төгссөн сургуулийн нэр хүнд бусдаас арай өөр төвшинд яригддаг бичигдээгүй хууль бий. Танайхаас төрсөн олны танил ямар хүмүүс байна?

-Манай анги бол үнэхээр сайн анги байсан юм ш дээ. Орос хэлний олон улсын олимпиадын аварга гэхэд хоёр байдаг юм. Нэг нь би, нөгөө нь Энхээ гээд. Нэг ангиас шүү. Улсын олимпиадын аварга гурав. Тоон дээр бол ерөнхийдөө эхний гуравт ордог хүүхэд нэлээн олон байсан. Тэр үед чинь улаан шугам гэж нэг юм гарлаа даа.

-Тийм?

-Улаан шугамаар таслахад халаасны 15 баллаар тасалж байсан. Тэгэхэд манай анги 14,8-аар орж байсан. Үнэхээр сурлага сайн анги байсан байгаа биз. Яг манай төгсөлтөөс аваад үзэх юм бол одоо аварга Б.Бат-Эрдэнийн гэргий Болормаа байна. Орос хэлний олимпиадын аварга болсон Энхээ байна, бас Цэцэгмаа гээд охин байсан. Манай төгсөлтөөс энэ гурван охин волейболын улсын шигшээд явдаг байсан. Спортоор ч гэсэн гайгүй төгсөлт байсан байгаа биз дээ.

-Тэр үед чинь МГУ л хамгийн супер сургууль гэж тооцогддог. Үнэхээр тасархай хүүхдүүд нь явдаг байсан. Харин МГИМО моодонд орж амжаагүй байсан юм биш үү. Та МГИМО-г яагаад сонгосон юм бэ?

-Тэр үед Гадаад яам боловсон хүчнээ их нарийн шилж сонгодог байсан юм. Дөнгөж төгсөлт эхлээд конкурс эхлээгүй байхад тавдугаар сарын алдад манай сургууль дээр Гадаад явдлын яамнаас хүмүүс ирж, хүүхдүүдийн хувийн хэрэг шүүж үзэж хоёр хүүхдийн хувийн хэргийг аваад явсан. Нэг нь миний хувийн хэрэг байсан байдаг. Тэр үед бол би мэдээгүй. Би өөрөө бол онолын физикээр сурна гэж бодож конкурсээ өгсөн. Одоогийн ШУТИС дээр очиж конкурсээ өгч байлаа. Нийт 60 балл авах ёстойгоос 58-ыг авч, зургадугаар байрт зогсч байсан. Марзан юм ярихад тэр жил онолын физикийн анги ирээгүй байдаг юм. Хүсч байгаа мэргэжил байхгүй болохоор ахтайгаа л зөвлөхөөс өөр аргагүй болж байгаа юм. Ах маань, чи ерөөсөө хотын аж ахуйн инженер эдийн засаг авчих. Манай сургуульд очдог юм гэж байна. За за тэгье. Ахынхаа сургуульд очье гээд шийдчихлээ. Гэхдээ наад анги чинь хүйс зааж ирдэг юм шүү. Хэрвээ тэгээд байвал чи АСУ инженер аваарай гэж бас зөвлөсөн. Тэгээд орлоо. Анхны сонголтоо хэллээ. Урдаас хэлж байна. Энэ хуваарь хүйс зааж ирсэн ш дээ гэж. Гэтэл тэндээс комиссын дарга нь хэлж байна. Хэн гэдэг хүүхэд вэ гээд. Ёндонгийн Отгонбаяр гэж байнаа л гэж байна. Өг, өг гэж байна. Ингээд авчихлаа. Гарч ирээд хувийн хэргээ бүртгүүлэх гээд очтол, өө чиний хувийн хэрэг байхгүй ээ. Өчигдөр Гадаад яам аваад явчихсан. Очиж уулз гэсэн. Тэгээд Гадаад явдлын яаман дээр очлоо. Чимиддорж гээд нэг өндөр хүн байсан юм. Польш хэлтэй. Тэр хүн боловсон хүчний дарга нь байсан. Тэр хүн намайг хүлээж авч уулзлаа. За, чи Москвагийн олон улсын харилцааны дээд сургуульд явах уу гэж байна. За би асууя аа гээд л гарлаа. Ахиад л ахаасаа асуулаа. Өө, наадахь чинь их сайн сургууль ш дээ. Миний дүү ор л гэж байна. Би оръё л гэлээ. Тэгтэл чи орос хэл сайтай юм билээ. Чамайг орос хэлний бэлтгэлд явуулахгүй. Цэрэгт явуулна л гэж байна. Би за бас асууя аа л гээд гарлаа. Ахаасаа асуулаа. Өө, чи төгсч ирээд цэрэгт явах гэж байснаас одоо явсан нь дээр ш дээ. Яв яв л гэж байна. За л гэлээ.

-Хүүе, та бас цэрэгт явсан хэрэг үү?

-Би цэрэгт явсан. 10 төгсөөд л цэрэгт явсан. Наймдугаар сарын таванд карантилагдах гэж байсан юм. Гэтэл Дорж генерал нас бараад биднийг 30-нд карантилсан л даа. Манай ангийнхан нэг хэсэг намайг бүр алдчихсан гэсэн. Осолгүй л конкурст орсон. Осолгүй дээгүүр балл аваад мэргэжлээ сонгоод гарч байсан. Тэгээд л ор мөргүй алга болсон гээд. Хайж байснаа аргагүйн эрхэнд бүгдээрээ сургууль соёлоо хөөгөөд тарцгаасан. Тэгж байтал өвөл шинэ жил дөхүүлээд би чөлөөгөөр гэртээ ирсэн. 120 мянгатдаа цэрэг хувцастай яваад эхлэнгүүт ангийнхан олсон. Чи яах нь энэ вэ. Сургууль соёлоо яачихав гээд л. (инээв) Цэрэг болчихсон юу хийж яваа юм бэ гээд л. Зарим нь ч тагнуулын сургуульд орсон гэнэ гэж ч цуурч үзсэн.

-Сонин түүх байна. За, ингээд Москвад гайхамшигт оюутан нас сайн байна уу гээд хөл тавьсан руу оръё?

-Тэгээд цэргээс халагдлаа. Би чинь хоёр конкурс өгсөн юм ш дээ. Биднийг цэрэгт татаж аваачингуутаа одоо энэ цэргийн сургуульд явдаг хүүхдүүдтэй хамт нэг жилийн цэргийн бэлтгэлд хийчихсэн байхгүй юу. Тэд нар маань конкурс өгөлгүй цэргийн албаа хаагаад конкурс өгдөг журамтай. Бид нар болохоор конкурс өгчихөөд цэрэгт очсон. Одоо энэ УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, би, Худалдаа хөгжлийн банкны захирал байсан С.Мөнхбат, одоо энэ MCS-ийн ерөнхийлөгч Ж.Од, бас Амархүү гээд Японд амьдарч байгаа нэг залуу бий. Ингээд бид тав цэрэгт татагдаад оччихсон. Жил цэргийн алба хаачихаад халагдах гэж байтал бид тавыг ахиад конкурст оруулчихдаг байна ш дээ. Тэгээд хоёр конкурс өгч байж энэ сургуульд орсон юм шүү. Конкурстээ орчихоод, цэргээс халагдчихаад, гэрээрээ хэд хонож байгаад л сургуульдаа явсан.

-Цэрэг бол таны хүсч байсан алба биш биз дээ?

-Би дээд сургуульд орно л гэж бодож байсан. Гэхдээ яая гэхэв дээ. Тэр үеийн дүрэм журам тийм байсан юм чинь. Явах сургуулиа авчихаад албаа хаасан болохоор нэг талаар сэтгэл зовоод байх асуудалгүй л байсан.

-Уг нь улаан шугамд багтаагүй хөвгүүд л цэрэгт явдаг байсан. Хажуугаар нь бас ийм журам байсан юм байна. Гэвч цэрэг танд юу өгсөн бэ?

-Нэлээн тэвчээр өгсөн юм шиг байгаа юм. Хатуу үг сонсч сургасан юм шиг байгаа юм. Бие бялдрын хувьд гэвэл би чинь жаахан бие жижигхэнтэй маруухан нөхөр байсан юм ш дээ. Тийм болохоор бие бялдар жаахан хөгжсөн, хатуужсан байж магадгүй юм. Хамгийн гол нь бие дааж амьдрах анхны сургуулийг тэнд хийж авсан. Яг аав ээжийн өврөөс үсэрч гараад л шууд цэргийн хуаранд амьдарнаа гэдэг тийм амар биш. Гэхдээ хойно очоод ажралгүй амьдраад явчих тэвчээрийг цэргээс авсан байсан. Одоо залуучууд цэрэгт явах нь багасчээ.

-Бүр дургүй болчихсон шүү дээ?

-Олон жилээр цэрэгт явах нь хүний амьдралд жаахан садаатай байж магадгүй. Харин нэг жил бол явах хэрэгтэй. Цэрэг бол эр хүнд байх ёстой чанаруудыг их суулгаж өгдөг алба юм билээ. Харин улаан шугамын тухайд нэг юм хэлмээр байна. Боловсролын салбарыг тэргүүлж ажиллаж байгаа хүний хувьд. Би өөрөө амьдралдаа хэд хэдэн туршилтад ороод үзчихсэн гэж боддог. Нэгдүгээр туршилт нь биднийг гуравдугаар ангид байхад тусгайлсан сургалт гэж нэг юм гаргасан юм. Тэгээд дараа нь 10 анги төгсөхөд улаан шугам гэдэг юм гаргаад нэг хэрчсэн юм. Өөрийн биеэр энэ мэт туршилтуудаар орсон учраас би боловсролын салбарт аль болохоор хамаа намаагүй туршилтыг хийж болохгүй салбар юм байна. Заавал уламжлалаа хадгалж явах ёстой. Сайжруулах асуудлаа бол аль болох зөв хийж байх ёстой юм байна. Тэгэхгүй юм бол сайд солигдох болгоны тоогоор нэг нэг туршилт оруулж ирээд байвал энэ хэдэн хүүхэд хэцүүднэ шүү дээ. Надтай нэг ширээнд суудаг байсан охин яг тэр 14,8-аар таслагдаад л уйлж байсныг би мартдаггүй. Тэгэхэд Яармагийн сургуулиуд 10 оноогоор тасалж байсан шүү дээ. Тэгэхээр хүүхэд хохирогч болж үлдэж байсан олон туршилтыг хийж байжээ.

-Хүний сурах гэсэн хүсэл эрмэлзэл дээр гишгэсэн муухай шугам гээд шинэ нийгмийн шуурганаар хуу татаж буулгасан. Энэ жил ажиглаж үзлээ. Онц сурдаг хүүхдүүд бол их ууртай байсан. Математик дээр гэхэд үнэхээр сурлага муутай, ганц ч тоо бодож чадахгүй хүүхдүүд зүгээр орж ирж буудаад л өндөр оноо авчихаж байна шүү дээ гэж. Бүр „бингодох" гээд нэрлэчихсэн байсан. Тэгэхээр тестийн энэ хэлбэр бас жаахан согогтой байгаа биз. Тэр улаан шугам харин ч шударга шугам байсан юм биш байгаа гэж хүүхдүүд их эргэлзэж байсан?

-Энэ боловсролын үнэлгээний тогтолцоо гэдэг юман дээр бид эргэж харах ёстой болчихоод байгаа юм. Жишээлбэл, ерөнхий шалгалтыг тестээр авч байгаа энэ аргачлалыг би нэг их буруутгадаггүй. Хоёр хүн хоорондоо харилцахаар заавал ёс бус харилцаа үүсэх магадлал бий болоод байгаа учраас хүнийг ерөөсөө тесттэй шууд харьцуулаад тэрэн дээр нь үнэлгээг нь өгч байгаа хэрэг. Өөрийн чинь хэлж байгаа дутагдал байгааг үгүйсгэхгүй. Тэр бингоддог нөхдүүд орж ирээд өндөр оноо аваад явчих боломж бүрэн хаагдахгүй байгаа. Гэхдээ хүн гэдэг субьект дунд нь ороод ирэхээр шударга үнэллээ, шударга бус үнэллээ гээд олон бэрхшээл гараад ирэх магадлал бүр өндөр. Социализмын үед харьцангуй шударга байсан. Хээл хахууль гэж байсангүй. Конкурсээ өгөөд л оноогоо аваад л сургуульд явж байсан. Тэр бол нэг бодлын их шударга гэж би боддог. Одоо бол мөнгөөр л хэмжчих гээд байдаг болсон байна шүү дээ. Шалгалт байтугай, сургууль дотроо мөнгөөр хэмжчих гээд. Ийм шударга бус байдал гарч ирээд байгаа юм.

-Та тэгээд ямар нэгэн шинэ туршилтын тухай юу ч бодохгүй байна уу?

-Боловсролын үнэлгээний төвийн удирдлагыг сая сольсон. Мэргэжлийн хяналтын байгууллагуудын шалтгалт ороод янз бүрийн дутагдал байгааг илрүүлсэн. Тийм учраас бид удирдлагыг нь өөрчилсөн. Шинээр томилогдсон удирдлагад нь тодорхой үүрэг даалгавар өгсөн. Үндсэндээ хоёр л юм байгаа юм. Нэг нь, энэ тестийн систем дотор зохион байгуулалттай үйл ажиллагаа шургалах үүд хаалгыг нь хаах ёстой. Хоёрт, бид оюутнуудыг сурлагын дүнгээр нь үнэлж Сургалтын төрийн сангийн тэтгэлгийг нь олгодог болгох тухай ярьж байна. Тэгэхээр тэр тогтолцоог хийхэд үнэлгээний тогтолцоо маш чухал. Тэгэхгүй зүгээр сургуулийн дүнгээр нь үнэлнэ гэх юм бол бас их учир дутагдалтай юм болно гэж би хувьдаа үзэж байгаа.

-Өнгөрсөн хаврын шалгалтын үеэр англи хэлний шалгалтын тест нь алдаатай байсан гэх шүүмжлэл нэлээд хэл ам таталсан. Энэ юу байсан бэ?

-Шалгалтын тестүүдийг шалгаж үзсэн. Тэнд айхтар ноцтой юм байхгүй байна гэсэн дүгнэлт гарсан байгаа.

-Энэ талаар түр орхиё. МГИМО гэж ямар сургууль таныг угтаж байв. Тэнд хэр олон монголчууд байсан бэ?

-Намайг очиход 80-аад монгол оюутантай байсан.

-Тийм олон уу?

-Олон байсан. Бид нар чинь яагаад ч юм Москваг диваажин шиг төсөөлдөг байлаа ш дээ.

-Улаан Москва гээд л?

-Улаан Москва, алтан Москва гээд л. Бараг л гудамжаар нь хивс дэвсчихсэн байдаг ухааны л төсөөлөлтөй байсан. Тэгээд очоод амьдралын хатуу үнэнтэй тулж байгаа юм даа. Дотуур байрнаас л эхэлнэ. Хаалганы нь түгжээ мултраад уначихсан ч байх шиг, ор нь эвдэрхий. Ингээд л бие даасан амьдралын замд хөл тавьсан. Надад нэг таалагддаг юм нь. Багш нар нь их гоё хүмүүс байсан. Оюутнуудтайгаа харилцахдаа ямар ч тийм ихэрхүү зан байхгүй. Заавал дүнгээр нь хөөцөлдүүлэх сонирхол байхгүй. Жинхэнэ мэдлэгийг өгөх гэж ажилладаг байсан. Тийм учраас би сургуульдаа бол үнэхээр сэтгэл ханамжтай байдаг. Тэр үед нэг яриа байдаг байсан. Дунд суръя гэвэл тэгэсхийгээд яваад байхад болчихдог. Онц суръя гэвэл ухаад байхад дуусдаггүй юм аа гэсэн. Би бол улаан дипломтой төгссөн. Манай ах намайг сургуульд явж байхад нэг үг хэлсэн юм аа. За, миний дүү төгсөөд ирчихсэн хойноо би ямар их цаг дэмий гарздаа вэ гэж амаа барьдаг юм шүү. Чи аль болох ихийг л сурахын төлөө яваарай гэж. Би бол өөрийгөө их л дайчилсан, их л юм сурсан гэсэн бодолтой хүн төгсч ирсэн. Ажил дээр гарсан хойноо мөн л ямар их цагийг дэмий бараа вэ гэж амаа барьсан.

-Гадаад явдлын яаманд ирсэн үү?

-Тэгсэн. Гуравдугаар хэлтсийн мэргэжилтэн гээд атташе цол шууд аваад л ажилласан. Яахав, улаан дипломтой төгссөн гээд. Ц.Мөнх-Оргил бид хоёрт тийм цол шууд өгч байсан.

-Ц.Мөнх-Оргил гишүүн та хоёр эртний дотно улсууд байх нь?

-Тийм ээ. Бүр цэргээс эхэлсэн. Бид хоёр шууд атташе цол аваад бусад нь нэг жил туслах ажилтнаар ажиллаж байж дараа нь дипломат ажилтнууд болж байсан. Тэгээд 1991 оны намар хүртэл Гадаад яамандаа ажиллаад Энэтхэгт томилогдоод явсан. Энэтхэг улсад таван жил ажиллаад ирсэн дээ.

-Тэгээд?

-1996 онд буцаж ирээд чиглэлээ жаахан солиод олон улсын байгууллагаар ажилласан. НҮБ-д ерөнхий ассамблейн нэгдүгээр хороонд ажиллаж байсан. 1997 онд ерөнхийдөө хувийн хэвшил рүү гарч ажилласан. 2000 он хүртэл хувийн хэвшилд ажилласан юм байна.

-МАХН-тай та яаж яваад холбогдчихсон юм бэ. Ах тань намын гишүүн болохоор уу?

-Үгүй ээ. Би бүр 1987 оны намын гишүүн шүү.

-Тийм үү?

-Оюутан байхдаа элссэн.

-Сонин л юм. Ц.Мөнх-Оргил бүр 2000 онд л элссэн байдаг?

-Ц.Мөнх-Оргил оюутан байхад элсээгүй юм. Дараа нь тэгээд биднийг ажил дээр гараад удаагүй байхад Ардчилсан хөдөлгөөн эхэлсэн. Ерэн оны намар шиг санах юм. Ерөөсөө дипломат ажилтнуудыг нам бус болгочихсон юм. Тэгээд би түдгэлзчихсэн.

-Тэр үед залуучууд шинэ үзэл санаа, шинэ нам, шинэ сонголт руу л хошуурч байсан биз дээ. Яагаад Хувьсгалт намд элссэн юм бэ. Онц сурлагатан болохоор тань шууд татаад авчихсан юм уу?

-Үгүй. Намайг чи намд элс гэж хэн ч чирч, түлхээгүй. Өөрөө л оюутан байхдаа элссэн. Би өөрөө Монголын түүхийг их сонирхдог юм. МАХН-д бол алдаатай оноотой янз бүрийн зүйл бол бий. Одоо ч байгаа. Гэхдээ миний итгэл үнэмшлээр бол энэ улсын ноён нуруу, тусгаар тогтнолыг нь авч явж байгаа нам гэж үзэж би элсч орсон. Тийм учраас би энэ намаас гараагүй. 2001 онд намын гишүүнчлэлээ буцаагаад сэргээсэн. 2001 онд би Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөхөөр томилогдсон юм. Энэ бол улс төрийн албан тушаал л даа. Намын гишүүн байж болдог.

-Ц.Мөнх-Оргилд хаягласан ч танай үеийн хэсэг залууст зориулаад Баабар захидал бичиж, тэр нь их шуугиан тарьж байсан. Үнэхээр ч нээрээ ийм сайн боловсролтой, шинэ тархитай залуучууд яахаараа бараг коммунизмын сүүлчийн голомт гэж үзэгддэг ийм намтай хувь заяагаа холбодог байнаа гэж тэр үеийн хүмүүс гайхаж байсан. Танд улс төрийн энэ замналдаа харамсч явсан үе байдаг уу?

-Би харамсдаггүй. Ер нь бол ерэн оны Хувьсгалт намд миний хувьд шүүмжлэлтэй хандах юм байсныг нуухгүй. Яагаад гэвэл ерэн оны эхээр би ч гэсэн өөрөө ГЯЯ-ны намын хорооны тэргүүлэгч гишүүн энэ тэр гэсэн албан тушаалтай байсан уу гэвэл байсан. Би нэг юм хэлье. Ерэн оны энэ өөрчлөлтийг ардчилсан үзэлтэй цөөн нөхөд хийчихсэн гэсэн туйлшруу хандлага бас байх юм аа. Би их тод санаж байна. Гуравдугаар сарын 8-нд өлсгөлөн болоод дараа нь Улс төрийн товчоо огцорсон доо. Улс төрийн товчоо огцрохын өмнө Улаанбаатар хотын бүх намын байгууллагын хурал болсон ш дээ. Тэгээд энэ хурлууд дээр одоо намд өөрчлөлт хийхгүй бол болохоо байсан байна. Улс төрийн товчоо огцрох ёстой гэж намын гишүүд нь хэлсэн юм ш дээ. ГЯЯ дээр Адъяа гэдэг хүн Төв хорооноос ирээд бид нар хуралдаж байсныг жишээ нь санаж байна. Би ч босоод, өөрчлөгдвөл яасан юм гэсэн үг хэлж л байсан

-Гэхдээ зарим залуучууд талбай дээр өлсөж, жагсаж тэмцсэн шүү дээ?

-Тэр талбай дээр хэвтсэн хүмүүс бол барууны элчин сайдын яамдуудын өмгөөлөлд байсан. Хэрвээ хэрэг буруугаар эргэсэн бол эсэргүү үг хэлсэн намын гишүүд л түрүүлээд явах байсан юм шүү дээ. Тийм болохоор энэ өөрчлөлтийг дангаараа хийчихсэн юм шиг, бусад нь эрсдэл хийгээгүй юм шиг хэтэрхий туйлширч болохгүй. Өөрчлөлтийг бол бүгдээрээ л цуг авчирсан.МАХН-ыг коммунист гэж хочлох дуртай. Би жишээлбэл, коммунист нам байгаагүй гэж үздэг. Манайхан түүхээ их түргэн мартах юм. МАХН гэдэг нэрийг бол 1925 онд авсан. Үүний өмнө хэд хэдэн үйл явдал болсон шүү дээ. 1924 оны тавдугаар сард байх аа. Зөвлөлт-Хятадын гэрээ байгуулагдсан. Энэ гэрээгээр Монголыг Хятадын бүрэлдэхүүн хэсэг гэж хүлээн зөвшөөрсөн. Түүний дараа 1924 оны намар Улсын анхдугаар их хурал болсон. Тэгээд 1925 онд Монголын ардын намын нэрийг өөрчилж Монгол ардын хувьсгалт нам болгоод анх удаагаа намын мөрийн хөтөлбөрт коммунизмын тухай үг орж ирсэн шүү дээ. Эргэцүүлж бодоход оросууд та нарыг хятадуудад зарчихаад байхад яагаад бид нар коммунистууд болж байгаа юм бэ гэдэг асуулт гарнаа даа. Тэгээд яагаад тухайн үеийн нийгэм нь түүнийг хүлээн зөвшөөрөөд энэ бол дагаж явах хүчин мөн гээд дагаад явсан юм бэ. Би бол дотроо юу гэж боддог юм бэ гэхээр нэгэнт Монгол Улсын тусгаар тогтнол эргэлзээтэй байдалд оржээ. Ийм үед бол Зөвлөлт улсаас тулган хүлээлгэж байгаа үзэл баримтлалыг хүлээж авахгүй бол Шинжааны хувь заяа, Төвдийн хувь заяа Монгол дээр давтагдах нь ээ гэсэн ойлголт тухайн үеийн намын удирдлагуудад байсан юм байна гэж харагддаг. Тийм учраас тулгаж байгаа үзэл суртлыг нь ч хүлээж авъя. Эзэн Богдоо дахиж тодруулахаа ч болъё. Богд хаан 1924 оны тавдугаар сард нас барсан байх. Хаант улсаа өөрчилье. Бүгд найрамдах улс болъё. Яг энэ ЗХУ-ын хэлж байгаа бүх замаар нь замнаад явъя гэсэн, ийм л бодлого гарсан болов уу гэж боддог. Тийм болохоор тодорхой хэмжээнд өөрсдийгөө зольж байж энэ улсын тусгаар тогтнолыг авч үлдсэн л улс төрийн хүчин гэж үздэг ш дээ.

-Одоо тэгээд л хоёулаа 1937 оны Монголыг, Сталинч бодлогын туршилтын гол фронт болж байсан үеийн түүх энэ тэрийн тухай яриад явчихвал та бид хоёрын яриа бүр өөр тийшээ хазайгаад явчих болов уу?

-Магадгүй.

-Бүр нэн шинэ үеийн МАХН-ын өнгө болж яваа залуусын нэг та байх. Гэхдээ яг адилхан гарч ирсэн залуучуудаас яагаад таныг жаахан ялгаатай харах гээд байдаг вэ. Хийж байгаа PR-иараа хоцроод л, жаахан сондгойдуу байх шиг харагддаг. Сонгож түшсэн фракцтай тань холбоотой юу?

-Гадаад харилцаагаар мэргэшсэн хүмүүсийн нэг онцлог байдаг юм аа. Ажлынхаа үр дүнг түрүүлж хардаг болохоос дунд нь тэр ажлыг яаж харуулах вэ гэдгийг их бага анхаардаг. Ер нь бол дипломат хүний ажил чинь их зовлонтой л доо. Хийж байгаад л үр дүн нь өөр хүн дээр хадагддаг. Гимлайн анхны авиралтыг зохион байгуулах ажлыг бүгдийг нь хийгээд л авирч гарсан уулчин нь л баатар болдог ш дээ. Би өөрөө авирахгүй. Гэхдээ бүх ар талыг нь зохион байгуулж ажиллах жишээний. Тэгээд ч нэг их хэвлэлээр түрүүлж гараад л, би би гээд цээжээ дэлдээд байх нь зохимжтой төрх биш байх. Хувь хүний өөрийн маань үзэл баримтлалд нийцэхгүй. Үеийн залуусаасаа нэг их өөр болж харагдаад байгаа гэж би бол огт боддоггүй. Жишээлбэл одоо С.Батболд ч байна, Ц.Мөнх-Оргил ч байна, сүүлд УИХ-ын гишүүн болж орж ирсэн Д.Зоригт ч байна. Бид нар бүгдээрээ нэг сургуулийнхан. Яаж явж байгаад, ямар хувь заяаны эрхээр ч юм, бүгдээрээ улс төрд орчихсон. Ардчилсан намд ч манай сургуулийнхан байж л байгаа. П.Цагаан байна. Сүхбаатар байна. Манай намыг хуучин нам энэ тэр гэж их шүүмжилдэг. Гэхдээ та бод доо. Ерээд оноос хойш хэдэн удаа үеэ сольсон бэ.

-Уучлаарай, тэгээд явж явж нэрэн дотроо байгаа хувьсгалт гэдэг үгээ ч аваад хаячихаж чадахгүй л байгаа болохоор та бид хоёрын яриа утгагүй л болоод байна шүү дээ. Нээрээ та нар ийм гоё залуучууд байж ядахдаа энэ ажлыг яагаад хийчихэж чаддаггүй юм бэ?

-Намын нэрийг асуудал дээр үү?

-Тийм ?

-Яахав дээ. Нэр хаяг ямар байх нь ч нэг их ач холбогдолтой зүйл мөн юм уу даа. Та JVC гэдэг электрон барааны брэнд мэднэ ш дээ. Japan viсtorу company гэж байгаа байх аа. JVC гэдгээр нь Хятадад асар олон хүн худалдаж авч байгаа. Солонгост аягүй олон хүн худалдаж авч байгаа. Хэрвээ хятад хүн энэ нь Японы ялалтын компани гэсэн нэртэй юм шүү гэж мэдэх юм бол хэр дуртай авах бол. Тэрэнтэй адилхан МАХН-ын хувьсгалт гэдэг тодотголыг хувьсгал хийх зорилготой аймаар нөхдүүд л энэ намд ороод байна гэж ойлгодоггүй байх л даа. JVC гэдэг шиг хүлээж авдаг болов уу.

-Ц.Мөнх-оргил ч бай, Сү.Батболд ч бай, та ч бай тун саяхан МАХН-ын том туг явсан Н.Энхбаярын бүлэглэлийн залуучууд. Тэр хүний хувьд өндөр боловсролтой, чадалтай шинэ залуучуудаар намын тархийг цэнэглэх бодлого байсан байх л даа. Тэр бодлогод татагдаж та нөхдийг бас эгнээгээрээ ирсэн гэж ойлгодог. Энэ харьцаа одоо яг ямар төвшинд байдаг вэ?

-Ер нь бол Н.Энхбаяр дарга тухайн үед намын дарга байхдаа залуучуудыг нам руу татаж оруулах бодлого барьж ажиллаж байсан гэдэг бол үнэн. Үүнийг дагаад орж ирсэн хүмүүсийн нэг би мөн үү гэвэл мөн. Энэ утгаараа хувь хүний хувьд бол би энэ хүнтэй хэзээ ч хүндэтгэлтэй харилцдаг. Ямар нэгэн сэв бидний дунд байхгүй. Би намын олон дарга нартай ажиллаж байсан. Н.Энхбаяр дарга, С.Баяр дарга гээд. Бүгдтэй нь ажил хэргийн, журмын сайхан харилцаатай байдаг. Улс төрийн чиг бодлогын хувьд намынхаа үндсэн бодлого чиглэлийг л баримтална. Энэ бол хатуу итгэл үнэмшил юм. Энд хувь хүний харилцаа гэж онцгой зүйл байх ёсгүй. Фракцлах тухай ярьж байх шиг байна. Би намын ерөнхий нарийн бичгийн даргыг бас хэдэн жил хийсэн л дээ. Хэрвээ би нэг их фракц хөөж явдаг хүн байсан бол аль хэдийн ерөнхий нарийн бичгийн даргыг булгиад л аваад хаячихна биз дээ. Харин ч энэ нам доторхи олон урсгалын харьцааг зөв тохируулж явж байсан учраас ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг зохих журмаар нь хийгээд ирсэн болов уу.

-Боловсрол тань дэлхийн жишгийнх, зан чанар тань дипломатчийн эелдэг зөөлөн агаартай болохоор л байгаад байсан байх л даа. Гэхдээ бас ороо бусгаа үе байсан шүү?

-Та ухаандаа ер нь бөөрөнхий нөхөр бол тогтдог албан тушаал гэж хэлэх гэж байнаа даа. (инээв) Бас тийм биш ээ. Хурц үедээ хурц байх шаардлага гардаг л албан тушаал. Гэхдээ тэрэн дотор бүлэглэлүүдийг зохицуулж чадна гэдгийн цаана гол нь намын чиг шугамаа зөв авч гарах л асуудал байдаг. Намайг ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхад нам дотор их л бужигнаантай үе таарсан шүү дээ. Жигүүр гарч ирээд л. Хөдөлгөөнүүд гарч ирээд л.

-Түрүүчээсээ намын нөхдүүд холбогдсон авилгын хэрэг гарч ирээд л?

-МАХН бол хэзээ ч тэгж дотроо бужигнадаг нам биш байсан. Би танд тэр үед гарсан онигоог ярьж өгөх үү. Ардчилсан нам чинь тэр үед нэг их батлах тараагаад эхэлсэн дээ. Гишүүдээ батлахжуулаа биз дээ.

-Тэгсэн. Гэхдээ бас нөгөө талд "Манай нам бол 160 мянган гишүүнтэй АХ нам шүү" гэж өндөр дуугаар сурталчлаад огшоогоод байсан тал бий ?

-За тэгээ ч биз. Тэгээд "Нам шинэчлэгдэх гэж юу гэсэн үг вэ гэсэн чинь МАХН АН шиг болж, АН МАХН шиг болохыг хэлнээ" гэдэг онигоо гарсан байсан. Үнэхээр нам дотор ардчилсан уур амьсгал хүчтэй түрж эхэлсэн жилүүдэд намын ажил хийсэн шүү.

-Өөрөөс тань нэг зүйлийг л асууна даа гэж бодоод явдаг байсан юм. Сэтгүүл зүйд өөрийн ой санамж гэж байдаг. Жишээ нь, Д.Одбаярыг бол онгоц гэсэн сэдэв байнга л дагах байх. Ц.Мөнх-Оргилыг бол долоон сарын 1 мөнхөд ороох биз. Түүнтэй адил тань дээр Гаалийн Баатарыг шүүлгэж байхад намаас хийж өгсөн 100 саяын бичигний асуудал байдаг. Тэр баримт бол шударга, үнэхээр яалт ч үгүй гаргаад өгчихсөн л бичиг. Гэхдээ үүнээс болж танд тодорхой эрсдэл ирж байсан уу. Энэ асуултад хариулж болох уу.

-Би хариулахаас татгалзаад сүйд болоод байх юм алга. Уг нь болсон процесс нь бол их л хялбархан юм байгаа юм ш дээ. Нэг хүн хэрэгт орооцолдоод, тэр хүнийг хууль хяналтын байгууллагууд нь мөрдөөд, шүүхэд хэрэг нь шилжээд, Монгол Улсын шүүх намын албан тушаалтанд хандаж "Энэ хүн намдаа хэдэн төгрөгийн хандив өгсөн юм бэ. Тэрийг тодорхойлж өг" гэсэн. Тэр хүн бол намд их олон жил явсан. Их олон удаа хандив өгсөн хүн байдаг. Тэгээд бүгд нийлээд л 100 орчим сая төгрөг болсон юм билээ. Ер нь бол энэ Улсад шүүхээс дээш эрхтэй аливаа нэгэн албан тушаалтан юм уу, байгууллага, улс төрийн хүчин байх ёсгүй гэж би хувьдаа үздэг. Тийм учраас би шүүхээс тавьсан шаардлагын дагуу тэр бичгийг гаргаж өгсөн.

-Гэхдээ танаас өөр генсек байсан бол гаргаж өгөхгүй байсан байх аа?

-Яагаад?

-Намаа бодоод л, нэр хүндээ бодоод л, ирж болох элдэв дарамтаас болоод гаргаж өгөхгүй гүрийх л байсан байх?

-Мэдэхгүй юм даа. Надад ч гэсэн зурахад хэцүү л байсан шүү дээ.

-Хэцүү л дээ?

-Хэцүү шүү дээ. Араасаа ямар гээчийн зовлонтой сэдэв дагуулах бол доо гэж би бодож л байсан. Хэцүү байлаа гээд хууль зөрчиж болохгүй л дээ. Тийм болохоор хуулийн дагуу л ажилласан. Сүүлд нь бол над руу янз бүрийн дайралт явсныг би зүгээр улс төрийн тоглоом л гэж бодсон. Тэр нь Отгонбаярт сайн муудаа ч биш. МАХН-ын нэр хүндийг муутгах гэсэн улс төрийн шоглоом л явсан.

-МГИМО-гийнхон гэсэн фракц үүслээ. Өнөөдрийн улс төрийн толгойд МГИМО-гийн баг л хаанчилж байна даа гэсэн хөөрхөн, гэрэл гэгээтэй цэнхэр шувуу цаагуур чинь нисээд эхэлчихсэн байх шиг байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Тийм фракц байхгүй ээ. Бид нар зүгээр л найз нөхдүүд. Хэн нэгнийгээ албан тушаалтай явахад ч нөхөд байна. Зүгээр иргэн явж байсан ч найз нөхдөөрөө байна. Бага залуугаасаа нөхөрлөсөн улсууд шүү дээ. Бидний дундаас фракцлаад нийлмэл эрх ашиг гаргаж ирээд бие биедээ юм уу, хэн нэгэнд тулгадаг тийм харилцаа ерөөсөө байхгүй.

-Фракцлах хэрэгтэй юм биш үү. Цаагуур чинь бүр жаахан жаалууд үе сольё, энэ тэр гэж шүгэлдэж гүйгээд байгаа юм биш үү. Ах нарын үе дууссан, хоцрогдсон бакалавруудыг халъя, энэ тэр гээд л?

-Би энэ дээр бол жаахан өөр юм хэлнээ. Манай МАХН-ын хувьд үе солих процесс их тийм аядуу, урсаж явдаг. Нэг их дотор нь хагалаад байх шаардлага байдаггүй. Одоо намын дээд удирдлага гээд ярих юм бол тавиад оны С.Баяр намын даргаар байж байна. Тэгсэн мөртөө жараад оны У.Хүрэлсүх ерөнхий нарийн бичгийн дарга байна. Намын удирдах зөвлөлд байгаа лидерүүдээ аваад үзэх юм бол Д.Дэмбэрэл гуай гээд нэлээн өндөр настай хүн байж байхад, Ц.Нямдорж гээд тавиад оны хүн байж л байна. Ё.Отгонбаяр гээд жараад оны хүн байж л байна. С.Батболд гээд ерөнхий сайд жараад оны хүн байж л байна. Далаад оноос Д.Зоригт гээд шинэ сайд тодроод гараад ирж л байна. Энэ бол аливаа байгууллагын дотор байж байгаа эрүүл процесс гэж би бодож байна. Түүнээс биш тавиад оныхон гэж хэсэг нөхөд нийлж сууж баахан дарж дарж байгаад, тэд нарыг нь авч шидэж жараад оныхон гараад л, дараа нь бид нар өөрсдөө шидэгдэж далаад оныхон гардаг процесс байх юм бол байгууллага эрүүл биш болно биз дээ. Өөрөө улс төрд удаан амьдрахыг хүсч байгаа бол араасаа олон залуусыг л чирч гаргах ёстой гэж би үздэг. Миний хувийн итгэл үнэмшил л дээ. Тийм болохоор би залуучуудын дунд явахыг их эрмэлздэг. Өөрийгөө ч залуу хүн л гэж тооцож явдаг ш дээ.

-Танай нам гэхдээ залуучуудын байгууллагагүй болчих шиг боллоо?

-За яахав залуучуудын байгууллагын тодорхой зарим хүмүүс хэрэгт орооцолдсон. Тэр нь байгууллагынхаа нэр хүндэд жаахан сөргөөр нөлөөлсөн үү гэвэл үнэн. Гэхдээ залуучуудгүй нам болчихлоо гэж ерөөсөө хэлж болохгүй. Манай намын гишүүдийн бараг 60-аад хувь нь 35-аас доош насны залуучууд байгаа байх. Тэр залуучуудад хүсэл эрмэлзэлийг нь өгөх, тэр хүсэл эрмэлзэл дээр нь энэ нийгмийг шинэчлэх процессыг хөгжүүлэх, түүнд хувь нэмрээ оруулахыг л хүсдэг юм ш дээ.

-Дипломатчид ч аюултай улс даа. Ялдам инээмсэглэж байгаад юу л хийх гээд байна даа гэсэн болгоомжлолоо түр хойш нь тавьчих, хэрэггүй ээ л гэж та хэлэх гээд байна уу?

-Тэгээгүй ээ. Би ил задгай л ярьдаг хүн. Дипломат албанаас хөндийрөөд олон жил болж байна шүү дээ.

-Язгуурын нэг нямбай чамбай, айхтар шинж ажиглагддаг юм аа. Сөргөлдөгчид биш атлаа их аюултай улсууд?

-Монголын дипломатчид гэж их зовлонтой хүмүүс байдаг юм шүү дээ. Дандаа их гүрнүүдийн эрх ашгийн огтолцол дээр ажилладаг. Та ажигладаг бол таны МГИМО-гийн гэж ангилаад байгаа тэр улсууд илүү үг нэг их хэлдэггүй нөхдүүд байгаа биз. Ц.Мөнх-Оргилоос сул үг унана гэж ховор доо. Бидний нөгөө илүү хэлж байгаа үг маань улс орны эрх ашигт сөргөөр нөлөөлчих магадлалтай учраас ингэж усыг нь шахаж сургадаг байхгүй юу. (инээв)

-Шинэ Ерөнхий сайд албаа хүлээж аваад хамгийн эхэлж боловсролын салбарт "айлчиллаа". Илтгэл тавилаа. Энэ бол шинэ Ерөнхий сайдын хоёр дахь илтгэл. Нэлээд үсрэнгүй, Монголынхоо бор хөрснөөс жаахан хол юм ярьчихав уу гэж анзаарсан. Та энэ талаар арай өөр байр суурьтай байгаа байх?

-Ерөнхий сайд Их Хурлын чуулган дээр хэлсэн анхны үгэндээ монгол хүн боловсролтой байх ёстой. Тэр боловсрол нь дэлхийд өрсөлдөх чанартай байх ёстой гэж тэмдэглэн хэлснийг санаж байгаа байх. Манай салбарынхан энэ үгийг нь сонсоод энэ Ерөнхий сайд боловсролд түлхүү анхаарал хандуулах хүн юм байнаа гэсэн ойлголтыг авсан. Хамгийн анхны ирж ажилласан салбар нь боловсролын салбар байсан нь үүнийг нотолсон. Монголын бор хөрснөөс жаахан хөндийдүү юм биш үү гэж таны шүүмжилж байгааг би тэр Канад технологи, Кембрижийн боловсрол энэ тэр гэдэгтэй холбож хэллээ гэж ойлгож байна. Кембрижийн боловсролын стандартад орчихсон сургууль Монголд хоёр байна. Монгол багш нар зааж байна. Захирлууд нь монгол улсууд байна. Нэг сургууль нь Кембрижийнхээ гэрчилгээг хүүхдүүдэд өгөөд эхэлчихсэн. Арван хэдэн хүүхэд авсан шүү дээ. Тэгэхээр энэ бол бүр нэг тийм хүрч болохгүй ноён оргил юм уу гэхээр биш юм. Бид дэлхийн жишиг гэж их ярьдаг. Тэгэхээр дэлхийн стандартын эталон гэж үнэлэгдэж байгаа энэ жишгийг аваад, тэрэнд хүрэхийн төлөө ажиллая. Мэдээж энэ амар ажил биш. Нэг жилд ч хийчих ажил биш. Гэхдээ бид эхлэхгүй бол хэн эхлэх юм бэ?

-Боловсролын салбарын тухай яривал дахиад их урт яриа болох байх. Дараагийн удаа танаас энэ талаар ярилцлага авъя. Ингээд энэ удаагийн ярилцлага өндөрлөх үү?

-Боловсролын талаар ярих зүйл ч их байгаа шүү. Дараагийн удаа ярилцъя даа.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав