Өнөөдөр Дэлхийн Хүүхдийн Өдөр. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1959 онд Хүүхдийн эрхийн тунхаглал, 1989 онд Хүүхдийн эрхийн тухай конвенцийг тус тус баталснаар 1990 оноос эхлэн жил бүрийн 11 сарын 20-ны өдрийг Дэлхийн хүүхдийн өдөр болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай.

Тиймээс уншигч та бүхэнд хүүхэддээ уншуулахад тохиромжтой арван зурагт номыг санал болгож байна. 

МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООН

Өв соёл, уламжлалаа хүүхэд залууст таниулах хэрэгтэй гэж бид үргэлж ярьдаг хэр нь одоогийн залууст хэрхэн хүргэх арга замаа төдийлөн тодорхойлж чаддаггүй. Тиймээс утга агуулга болоод үг хэллэгийг нь илүү хялбар дөхөм болгохоос гадна бүрэн зурагжуулж Монсудар хэвлэлийн газрын Жангар редакцаас хэвлэн хүргэсэн билээ.

“Монголын нууц товчоон”-д хүүхэд залууст үр өгөөжтэй олон сургамж, зан чанар, үйл явдлын хэлхээс байдаг тул тэр бүгдийг үнэт зүйл хэмээн үзэж, хэсэг тус бүрд шигтгэсэн юм. Мөн энэ номыг эрхлэн гаргахдаа юун түрүүнд XIII зууны үеийн уг түүхээс одоогийн хүүхэд залууст чухам юу нь сонин, өгөөжтэй болохыг тус номыг зохиогчид нарийн тунгаажээ. 

Дайн байлдаан хүний амьд байх үгүйг шийдэж байсан үе ч гэлээ Чингис хаан хэмээх хувь хүний ямар зан чанар, арга ухаан дэлхийн талыг эзлэхэд хүргэснийг чухалчлан авч үзэхийг зорьжээ. Иймд түүх өв соёлтой танилцуулах, улмаар эх хувилбарыг унших хүсэл эрмэлзэл төрүүлэхээс гадна сургамжтай, монгол хүн гэж хэн болохыг ойлгуулахуйц бүтээл болсон юм.

ДИЙЛДЭШГҮЙ ХҮН ТӨРӨЛХТӨН

“Спиенс. Хүн төрөлхтний товч түүх” хэмээх номоороо дэлхийн олон мянган уншигчдыг байлдан дагуулсан Юваль Харари залуу уншигчдад зориулан уг номыг бичжээ. Хүн төрөлхтөн юунд ч үл дийлдэнэ. Яагаад тэр вэ? Үүний тухай илүү их мэдэхийг хүсвэл үүх, түүх болгоныг гайхамшигт зургуудаар баяжуулсан тус бүтээлийг унших хэрэгтэй.

Хүн ухамсарынхаа тусламжтайгаар юу ч хийж, бүтээж чадсан байлаа гагцхүү амар амгаланг л олохгүй. Өөрсдөд нь байдаг супер хүчийг ашиглан сүн, сахиус, орон зайн төсөөллөөр ямар ч зүйлийн хил хязгаарыг нэвтлэн шунгах гайхалтай хүч дийлдэшгүй хүн төрөлхтөнд бий.

БАДДИ ЮУ ХИЙЖ ЯВАА БОЛ?

Уншигч таны хамгийн хайртай, дотны амьтан гэнэт алга болчихвол яах вэ? Түүнийгээ маш ихээр санаж, магадгүй хаана, юу хийж явааг нь төсөөлөн бодож ч мэдэх юм. Зарим үед хэрхэн өлсөж, даарч байгаа бол гэж бодохоос ч зүрхшээх нь бий. Харин тийм үед Баддигаа алдсан нэгэн охины түүх танд туслах болно.

Номоор дамжуулан хүнд урам зориг өгч, ганцаардалд хүртэл хань болох нь бий. Гэхдээ түүнийг ямар аргаар илэрхийлж, бусдад зөв, эерэгээр ойлгуулах вэ гэдэг чухал. Харин эл номд алга болсон нохойгоо хэрхэн, юу хийж явааг төсөөлөн, түүгээр дамжуулан хамтдаа байх үеийн дурсамжийг ахин бүтээж, юунд дуртай, ямар нохой байсныг нь уншигчдад давхар таниулж өгч байна.

Нөгөө талаас дүрийн хөгжүүлэлт дээр уран сайхны хэтрүүлгэ бий болгож Бадди хэмээх нохойг хүнчилж, олон дүрд хувиргасан нь уншихад зугаатай байхаас гадна дүрийн агуулгыг олон талаас баяжуулж өгчээ.

Энэхүү бүтээлийг зураач, зохиолч Б.Энх-Оюун өөрийн хайртай нохой Баддид зориулан бүтээсэн агаад “Гэрэн” хүүхдийн номын редакциас эрхлэн хэвлүүлжээ.

ГЭГЭЭГИЙН ЗУНЫ АМРАЛТ

Амралтаа чи хаачих вэ? Урин хавар нэгэнтээ айлчилж зуны амралт дөхөх болоход сурагчдын бие биеэсээ хамгийн их асуудаг асуулт энэ байлаа. Одоо ч магад хэвээрээ биз. Хүүхдүүд лекц, дугуйланд явж, зарим нь гэр бүлээрээ аялалд гарч, хэсэг нь хичээл номдоо үргэлжлүүлэн шамдаж, үлдсэн нь аав, ээжийнхээ ахуйд туслах байдлаар зуны амралт өнгөрнө. Тэр бүхэн хүүхдүүдэд амьдралын салшгүй дурсамж, ямар нэгэн утга учрыг бэлэглэж байдаг. Харин "Оюут" сургуулийн 5-ын "А" ангийн сурагч Нанжидын Гэгээ зуны амралт эхлэх бүр гэр бүлийнхээ хамт аялалд гардаг тухайгаа зурагт ном болгон бичжээ. Уг зурагт ном нь “Гэгээгийн зуны амралт” нэртэй агаад хүүхдийн номын зураач Э.Гантулга нэгэн гэр бүлийн хөгжөөнтэй, баялаг зуны амралтыг Гэгээ охины зохиосноор зурагт буулган уншигчдад хүргэсэн байна.

Гол нь тус зурагт ном, гэр бүлээрээ аялахын сайхныг нь хүүхэд багачууд гэлтгүй, томчуудад ч тэр хүүхдүүдээ аваад ядаж нэг зуны амралтаараа эх орныхоо сайхныг тольдож, аялалд гарах сэдлийг өгөх онцлогтой бүтээл билээ.

МОНГОЛ ХҮН ЦУВРАЛ

Бид гадаадын сод хүмүүсийн бүтээл туурвил, тэдний гавьяаг шимтэн дуулах номуудыг уншиж, амьдралдаа жишээлэн авч, намтар, эрдэм боловсрол, амьдралын туршлагаас нь суралцахыг эрмэлздэг. Тэгвэл монголчууд бид ч өөрсдийн гэсэн сод хүмүүстэй. Тэдний нөр их хөдөлмөр, соён гэгээрлийн ажил, авьяас билгийг ирээдүйн хүүхэд залуустаа үнэн зөвөөр нь танин мэдүүлэхэд энэхүү цувралын үнэ цэн оршиж буй билээ. 

Уг цувралын эхний гурван ном их зохиолч Д.Нацагдорж, уртын дуучин Н.Норовбанзад, уулчин Б.Гангаамаа нарын тухай өгүүлэх бол шинээр гарсан дөрөв дэх номд Монголын орчин үеийн шинжлэх ухааны суурийг тавьсан нэрт газар зүйч О.Намнандоржийн тухай өгүүлсэн байна. 

Бид бахархах түүхтэй, бахархам түүхийн эзэдтэй ард түмэн. Харин тэдгээрийн үйл хэрэг, туулсан амьдралын замнал, үлдээсэн эрдмийн их өвөөс нь үргэлж суралцаж, танин мэдэх нь нэн чухал. "Монгол хүн" цувралын үр өгөөж, агуулга, үнэ цэн нь таны хүүхдийг ч мөн соёл боловсрол, эрдэм мэдлэгийн замд хөтлөх болов уу.

ХАНС КРИСТИАН АНДЭРСЭН ТҮҮНИЙ ГАЙХАМШИГТ АМЬДРАЛ

“Нэпко кидс” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан онцлох зурагт номуудын нэг бол дэлхийн дахинаа бяцхан уншигчдын мэдэх Ханс Кристиан Андэрсэн болоод түүнийг гайхамшигт амьдралын сэтгэлгээний өвөрмөц аргаар бүтээн туурвисан эл ном билээ.  

Ханс Андэрсэн Копенгагэн хот орох сүйх тэргэнд нэгэн бяцхан охинтой танилцаж өөрийн амьдралын түүхээ үлгэр болгон ярьж өгдөг. Мэдээж түүний сэтгэл хөдөлгөм түүхийг Маяа Кастэчилийн дулаан өнгөтэй, цаанаасаа л гэрэлтээд байх шиг зургууд гайхалтайгаар амилуулж өгнө. 

Тэгээд ч Андэрсэн төгсгөлд нь үлгэр ярьж өгөхийг гуйсан охинд дахин нэг тус болж сүйх тэргийг агаарт хөөргөх шидэт үг хэлдэг. Чухамдаа энэ нь үнэхээр ид шид үү, номын агуулгыг өвөрмөц байдлаар ойлгуулах гэсэн зохиолчийн санаа юу гэдэгт тус бүтээлийг уншиж байж л илүү сайн хариулт олж авах биз ээ. 

ӨНЧИН ЦАГААН БОТГО

Харин энэ ном бол орчин цагийн үлгэр. Монголын хүүхдийн уран зохиолд нэгэн шинэ тууж төрсөн нь Д.Оюунчимэгийн “Өнчин цагаан ботго” юм. Түүний хүүхдэд зориулсан шинэ тууж нь танил бус өгүүлэмж, нэгэнтээ шуудхан л ид шидээр тодорхойлоход дэндүү өнгөц гэмээр бэлгэдэл зүйн давхар хэлэмжтэй.  

Эмээтэйгээ өссөн Бүүвэй хүү ээжийгээ мэдэхгүй бөгөөд аав нь төдийлөн анхаарал тавихгүй. Эмээгээсээ хойш хатуу ширүүн хойд эхийн гараар орж, эх нь аргамжаандаа тэлчлэн ботголох үедээ эндсэн залуу ингэний Сариг цагаан ботготой найзлах болов. 

Энэ нь зарим нөхцөлд өөр олон ч үлгэр болоод монголын хүүрнэл зохиолоос үзэж болох танил өгүүлмж. Харин зохиолч Д.Оюунчимэг өгүүлэмжийг цааш урнаар хөгжүүлж, баялаг төсөөлөл, түүнээс олж болох сургамжийг хослуулсан шинэлэг бичлэгийн хэлбэрээр агуулгыг нь доторлон урлажээ. 

ЭЭЖИЙН ЭЗГҮЙД

Ээжийнхээ эзгүйд аавтайгаа хамт цагийг өнгөрөөж буй охины тухай өгүүлэх уг зурагт номын текст нь шад хэлбэрээр бичигдсэнээрээ онцлогтой. Мөнхүү зохиогч, зураач Б.Бүртэ-Үжин хүмүүсийн тэр болгон анзаарч хардаггүй, амьдралын чухал үнэт зүйлсийн нэгийг нээн гаргахыг зорьсон байна. 

Энэ нь аав, охин хоёрын хайр юм.  Тэд хамтдаа зураг зурж, тоглоом тоглож, охиныхоо дуусашгүй олон асуултанд хариулна. Заримдаа хүндхэн асуудлыг хамтдаа шийдэж, үлгэр уншин, охин нь ээжийнхээ шаахайг ч ханатлаа өмсөөд авна. Гол нь завгүй амьдрал дунд олдох, магадгүй амралтын өдрөөр л ирдэг охины хамгийн жаргалтай өдрийг дүрслэн харуулжээ. Зурагт ном хоёрхон дүртэйгээс гадна яг л хүүхдэд үлдэх нандин дурсамж, тэндээс урган гарах хайрыг том томруунаар дүрсэлж чадсан шиг сэтгэгдэнэ.

ТАХИЙН ГЭРТ ЗОЧИЛСОН НЬ

Хүүхдийн номын “Жангар” редакцаас уншигч хүүхэд багачууддаа зориулан зэрлэг байгальд устаж үгүй болсон ч сайхан сэтгэлт хүмүүсийн уйгагүй хичээл зүтгэлийн ачаар төрөлх монгол нутагтаа эргэн идээшсэн тахь хэмээх амьтны талаарх зурагт номын эрхлэн гаргажээ. Уг номоос хүүхдүүд амьтдыг таньж мэдэх, хайрлан хамгаалах урам зориг, сэдлийг авах юм. 

Тахь бол монгол орны ховор амьтдын нэг. Тиймээс ч тэдгээрийн тоо толгой олшрох, дэлхий нийтэд болон үр хүүхэддээ таниулах, өөрсдийн зүгээс хайрлах хамгаалахад тус ном хувь нэмрээ оруулах юм. Номын зохиолчоор яруу найрагч Ц.Дэлгэрмаа, зураачаар Э.Базаррагчаа нар ажиллажээ. Тэд тус зурагт номыг бүтээхийн тулд Хустайн нуруунд очиж судалгаа хүртэл хийсэн байна. 

ЦЭГ

Сүүлийн жилүүдэд хүүхдийн зурагт ном монголд эрчимтэй хөгжих болсон. Энэ дотоодын болон орчуулгын номуудын хувьд эн тэнцүүхэн харагддаг. Зурагт ном бол зүгээр зурагтай цаас төдий биш билээ. Түүний дотор хүүхдийн оюун сэтгэхүйг хөгжүүлэх, төсөөлөн бодох чадварыг нэмэгдүүлэх асар өргөн агуулга эсвээс тэрхүү үнэт чанарыг энгийн санаагаар илэрхийлсэн ер бусын гайхалтай ертөнц байдаг.

Тиймдээ ч “Нахиа” хэвлэлийн газраас энэ удаад дөрвөөс найман насныханд зориулан Х.Рэйнолдсын алдарт "Цэг" хэмээх зурагт номыг хэвлэн гаргахаар зэхэж байна. “Зүгээр л оролдоод үз, тэгээд юу болохыг харцгаая” гэх уриатай тус ном бол агуу томын эхлэл нь өчүүхэн цэг байдаг гэх утга илэрхийлнэ. 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав