I.
Монгол хэлт уран зохиолд улс төрийн роман гэж үгүй. Харин улс төрийн түүхийг хүүрнэсэн бүтээлүүд бол цөөнгүй. Егөөдөж, ёжилсон талаас нь үзье гэвэл бүр л хоосон цагаан цаастай нүүр тулах болно. Энэ нь зөвхөн “сайн бүтээл” гэх тодотголын хувьд юм шүү. Онол шүүмжлэлийн толь бичгээс үзсэн ч тэр “Улс төрийн шүлэг”, “Улс төрийн шог зохиол” гэхээс бус “роман” хэмээсэн томьёо алга. Харин түүхэн романууд бол цөөнгүй. Жишээ нь С.Удвалын “Их хувь заяа” гэхэд л Хатанбаатар Магсаржавыг, Ж.Пүрэвийн “Хөгжмийн эгшиг” романд Дилав хутагтыг түүхэн бие хүний дүрээр сонгон авч чөлөөт өрнөлттэй, түүхэн хэрэг, үйл явдлыг цаг хугацааны хана хэрэмд тулган зогсоолгүйгээр хүүрнэсэн байдаг. Зарим нэг талаар түүхэн хэрэг явдал бүхий зохиол бүтээлийг улс төрийн романтай хольж хутгадаг учраас ийн тодруулав. Гол нь өгүүлэх гэж буй зохиолд гарч буй хүмүүс нь түүхэн бие хүмүүс буюу баримтат дүр бөгөөд тэдний үйл ажиллагаа, хүсэл зорилгыг уран сайханжуулж, он цагийн хувьд дэс дараалалд бүтээж, түүхэн цаг хугацаагаар хязгаарласан байна. Энэ бол Б.Номинчимэдийн “Цагаан бороо” роман юм.
Уг нь бүтээл нь XIII зууны үеийн Монголын их хаадын байлдан дагуулалтын үеийг өгүүлэх “Монголын нууц товчоон”-оос эхтэй “Түүхэн уран зохиолын ай сав”-д хамаарна. Учир нь “Түүхэн уран зохиол”-д аливаа улс орон, үндэстэн ястны оршин тогтнох үйлийн төлөөх тэмцэл, эсвэл тусгаар орны түүхийн баримтат тулгуурласан зохиогчийн баялаг төсөөлөл, уран сэтгэмж дээр суурилан бүтээгдсэн бүтээлүүд зүй ёсоор багтдаг билээ.
“Цагаан бороо” романд ХХ дугаар зууны монголчууд, тэр дундаа баруун хязгаарын ард түмний туулсан цус, нулимс холилдсон амьдрал, эрх чөлөөний төлөөх баатар эрсийн тэмцэл, өш хонзон, ам дамжин хуучлах боловч цаасанд баримт болгон тэмдэглэж үлдээгээгүй эрсийн хатуу ширүүн тэмцлийн тухай өгүүлнэ. Гол нь зохиолч хүн өөрийн олж мэдсэн, цуглуулсан асар их баримтыг хэрхэн уран сайханжуулж, монгол хэлний баялаг үгсийн шидээр сүлжиж, хөнгөн бийрийг нулимстай хуучаар зуурч бичихдээ аль хэсэгт нь нар тусгаж, “Цагаан бороо” шиврүүлж асан болохыг уншигч бүр өөр, өөрөөр тунгаах болов уу. Ямартаа ч энэ зөвхөн баруун хязгаар бус тухайн үеийн монгол нутагт аж төрж байсан хүн бүрийн түүх. Омгорхож, бахархах бус үнэн түүх. Тиймдээ ч, үнэн учраас л цус нулимс, хахир хашхираан, зовлон зүдгүүрийн ясанд тулам чимээ хуудас бүрээс нь сонстож буй юм. Ийм л түүхийг бийрлэхийн тулд зохиогчийн хийсвэрлэлийн эсрэг Засагт ханы долоон хөх чонын тухай ам дамжсан яриа, он цагтай холбогдох тодорхой бие хүмүүс нь цул үнэнийг гэрчлэх баримт болон хувирсан нь “Цагаан бороо” романы эхлэлээс өгсүүлээд тодорхой харагдана. Эхлээд Халзан Дамбын түүхийг Цоохор Ананд хүртэл хүүрнэх тэр л чөлөөнд өнгөрсөн он жилүүдийн түүхийн оршил хөврөх шиг сэтгэгдэл төрүүлнэ. Ерөөс эхний хэсг тэр чигтээ баримтыг уран сайхны аргаар нарийн боловсруулж, түүхэн дүрүүдийг биежүүлэх, тэдгээрийн өнгөрүүлсэн сэтгэл уярам дурсамж, заримынх нь хатуу ширүүн түүх дээр л бүрэлдэн үүсжээ. Харин хоёрдугаар хэсгээс л зохиолын үйл явдал, хурцадмал шинж, уран сайхны боловсруулалт нь роман доторх өөрийн байр суурийг жинхэнэ ёсоор эзлэнэ.
Өш хонзон, заль мэх, аллага, ууч сэтгэл дөрөв тус романыг яг л аалзны тор мэт урнаар нэхэн хэрж, хуудас дамжин хүрээлсэн байв. Гэвч тэрхүү тор заримдаа мөнгөлөг торгон, эсхүүл бүр цусан улаан, өтгөн хар өнгөөр ээлжилнэ. Харин нар ялгалгүй гийгүүлэх авай. Гагцхүү төсгөлд нь үйлийн үр ирэхэд л модод түмэн алгаа дэлгэж, салхинд навчис сэрчигнэхгүй, зөөлөн цасан ширхэг илбэж унахгүй, түнэрлэсэн хөх үүлсийн чинадаас нарны ширхэг цацраг хоосонг нэвтэлж тусахгүй ажгуу. Засагт хан Цэрэнгомбожав, Мухан Маран хоёрын дүр л үүний хамгийн тод жишээ. Харин дүрүүдийн үхлийг зарим үед тухайн үйлд явдал, цаг хугацааны яг голд зурж орхих ч дээрх хүмүүсийнхийг хэзээ хойно болох үйлийн шигтгээ мэт урлан, заримыг нь нууцлаг байдлаар үлдээжээ. Энэ нь зохиогч Б.Номинчимэд ёс суртахуун, итгэл үнэмшлийн тухай номлолоос илүүтэй уран бүтээлч чанараа хадгалсан болохыг нь илтгэнэ. Засагт ханы долоон хөх чонын түүх ч мөн тийм. Тэдний туулсан замналд Цоохор Анандынх шиг хатуу ширүүн, цус урсгасан, Занаг Базарынх шиг уярам нь үгүй. Харин бусдынх нь өөрсдийн үйл хөдлөл, зан араншинд яв цав нийцсэн өгүүлэмжтэй, дүрслэлийн уран хэрэглүүртэй билээ. Тиймдээ ч зохиолд гарах хан ноёд, сайн эрс, хятад пүүсийн эзэд, тэдгээрийн хамжлага, туслах зэрэг нь “баримтат үнэн”, “түүхэн үнэн”, “уран сайхны үнэн” гэсэн дүрүүдэд хуваагдана. Мэдээж эдгээрийн суурь нь нэг л хөрс шороонд буй аврага үндэс боловч онолын хүрээнд өөр, өөр задлал болж хуваагддаг. Тийм л баримтат уран сайхны харьцаанд тулгуурласан дүрүүдтэй зохиолыг тэр болгон бийрлэж, уншигчид ч өдөр бүр хүртэх аргагүй. Учир нь дахин нэг зүйлийг тодруулъя.
“Цагаан бороо” роман бол баримтат, түүхэн уран зохиолын ай савд хамаарна. Гол нь баримтыг хэтрүүлэн өгүүлэх юм уу, зохиолд дэгсдүүлж ашиглавал уран сайхны хэлбэрт сөрөг нөлөө үзүүлнэ. Харин энэ бүдрэлт зохиолчийг их холуур тойрон гарчээ. Жишээ нь үйл явдлын дэс дарааллыг он цагийн хувьд нягт хүүрнэснээс гадна, цаг төрийн хугацаа хамаарлыг нарийн тодотгож, зарим ойлгомжгүй хэсэгт нэр томьёо, цаг үеийн түүхэн тодотголыг тайлбар болгон оруулсан зэргээс илэрхий үзэгдэнэ. Мөн Цоохор Ананд есөн эрүү давдаг үйл явдлын өгүүлэмж дотор тухайн хэрцгий аргуудыг нэг бүрчлэн |мэдээллийн шинж чанартай| тайлбарлах зэрэг олон арван жишээнүүд нь баримт, уран сайхны тэнцүү хамааралтай тул өнгөрсөн зууны үүх түүхийг хүүрнэхдээ баримтыг шинээр олж ашиглахад ч харш нөлөө үзүүлэхгүй буй юм. Мэдээж баримтат уран зохиолын энэхүү хосолмол аргуудыг нэгтгэсэн нь Б.Номинчимэд зохиолчийн ур чадвар, мэдлэгийн цар хүрээг илтгэн харуулна.
II.
Түүхэн үнэн гэдэг талаасаа баримтат бүтээл уран зохиолын шинэ хэмжүүр болон хөгжсөн. Гэтэл нөгөө зүгээс туурвилзүйн уран сайхны хувьд бол баримтыг боловсруулах үйл явцын үр дүнг илүү чухалчилсан байдаг. Нэгэнтээ алдарт зохиолч А.Дюма “Түүх бол миний өөрийн санааг өлгөдөг хадаас төдий зүйл” хэмээсэн нь бий. Үүнд түүхэн үнэн гэхээс илүүтэй уран сайхны үнэн давамгайлна гэсэн үг юм. Тиймээс ч “Цагаан бороо” романы эхний хэсгийн үйл явдалд түүхэн үнэн илүүтэй давамгайлах бол хоёр дахь хэсгээс уран сайхны үнэн нь тод ялгарч гардаг. Засагт ханы долоон хөх чононоос амьд үлдсэн сүүлчийн эрс болох Халзан Дамба, Гоорин Даш, Хялуу сүх гурвын үйл хэрэг нь түүхэн цаг үетэй яв цав нийцэх боловч зохиолч тэдгээр дүрүүдийн эрх чөлөөний төлөөх тэмцэл, өшөө авах үйл явдлыг өөрийнхөөрөө зохиомжлон хүргэсэн гэсэн үг. Харин үүн дотроо баримтыг яг таг хадгална. Жишээ нь Анандбаяр хиа, Хүрэн Намжил хоёрыг Өндөр Цахирт болсон хэргийг шинжлүүлэхээр Эрэгдэл гэгээнтэн өөрсдийн итгэмжит хүмүүс рүү явуулдаг. Тэдэнд Шар Түнтүү үзмэрч ийн хэлнэ “... зам зуурын элдэв буман сэвд дарагдчихгүй бол Халх монголын заяаг хагас зуунд нуруундаа үүрэх хувьтай хүү хөхөгчин туулай жил (1915 он) бутачлан төрсөн байна. Цусан балчиг далай, мунхаг балчигт идэгдэж муудахгүйн тул умардын давсан ертөнцийн сэрвээнд оноожээ...” /“Цагаан бороо” 307-р тал/ хэмээдэг. Энэ нь 48 жил монголын төрийг удирдаж асан Ю.Цэдэнбалыг зөгнөсөн хэрэг. Тэрээр Увс аймгийн Давст суманд төрсөн билээ. Ийнхүү хятад наймаачдын данс тооцоо, монголчуудыг өрөнд оруулж, ашиг хонжоо олох талаар “Данжаадуудын сэм яриа” гэх бүхэл бүтэн бүлэг ч мөн бий. Түүн дотор нь Орос консул Шишмаревийн багцаагаар хятадууд Хүрээ орчмоос л гэхэд 250 000 хонь Бээжин рүү туулгаж байсан судалгааны баримтууд ч нэмэгдэнэ.
Энэ бүгдээс үзэхэд зөвхөн баримтад уран зохиол гэлтгүй, сэтгүүл зүйн бичлэгийн хэлбэрүүд ч зохиолоос цөөнгүй анзаарагдах билээ. Энэ нь мэдээж зохиолчийн түүхэн үнэнг уран сайханжуулах явцад хэтийдсэн алдаа гаргахаар сэргийлсэн арга байж ч мэдэх юм.
III.
Романы төрөл зүйлийн тухай яриагаа орхиод зохиол руугаа ороё. Уг бүтээлд гарч буй жирийн ардын эмгэнэлт хувь заяа, туслах дүрүүд болон харийн түрэмгийлэгчдийн дээрэм тонуул, хүнийг хамгийн хорон аргаар яргалж тамлан зовоох, дүр дүрслэлийн бараан метафизик маягийн хэрэглүүр нь уншигчдад мэдээж хүнд тусна. Магадгүй энд өгүүлэгдэх түүхийг, үүнтэй холбогдох хууч яриа зэргийг тэмдэглэсэн ном, сэтгүүлээс нэгээхэн бээрийг ч уншаагүй аваас “Цагаан бороо”-ноос цутгах хар мөндөрт нэвширтлээ нүдүүлж, шалба норох нь ойлгомжтой. Гэвч энэ бол бидний зуугаадхан жилийн өмнөх түүх билээ. Ямартаа ч тэгвэл тэр бүхнийг хойш тавиад зохиолын нарийн холбоосуудыг ажиглах гээд үзье л дээ.
Зохиолын эхэнд Халзан Дамба өөрт нь хулхи сувдан даруулга өндөр үнээр зарсан Лоосуутай луухааны пүүсийг сандаан түйвээдэг. Тэр үед “.., хавь ойрыг тараагаад хаячихсан хачин сонин явдал болсон нь хожмоо Засагт хан Цэрэнгомбажавыг хачирхалтай үүл хардагаас тав зургаан жилийн өмнөх юм” /“Цагаан бороо” 15-р тал/ хэмээсэн нь бий. Яг Маркесийн “Зуун жилийн ганцаардал”-д хэзээ хойно болох үйлийг урьдачлан хэлээд орхичихдог шиг бичлэгийн өнгө аяс харагдана. Энэхүү өгүүлбэрийг Халзан Дамбын үйл хэрэгтэй уялдуулж романы эхэнд өгүүлснээр хойшид холбогдох үйл явдлын нарийн холбоосыг бий болгосон хэрэг.
IV.
Учир нь зохиолын хоёрдугаар хэсэг уг үйл явдлын тухай дахин өгүүлснээр эхлэх бөгөөд Цэрэнгомбожав хан лусын хүйс гэгддэг Өндөр Цахирын оройд үүл мэт бөөн шувуу нүүгэлтэн байхыг үздэг. Яг тэр үед Халзан Дамба тус газарт зогсож байдаг. Энэ нь дүрүүд хоорондын хамаарлыг зохиолын эхнээс авахуулаад тун чадамгай бүрэлдүүлсэн бөгөөд хойшид болох үйлийн дунд дүрүүд хоорондоо хэчнээн эсрэг, тэсрэг зан араншинтай болохыг нь улам тодосгож өгнө. Энэ мэтчилэн жишээнүүд олон. Эхний бүлэгт тодорхойгүй өгүүлээд орхичихсон, дутуу хаячихсан мэт мэдрэмж төрүүлэх үйл явдлуудыг хоёр дахь бүлэгт илүү тодорхой, дэлгэрэнгүй болгож төгсгөдөг. Энэ нь мөн зохиолын эхлэлд гарах Лоосуутайн “монгол хүний цусанд байдаг тосонд учиргүй дуртай сампин”, шуналын Ойх дарсан Гүдэн гэсгүйн үйлээс эхлэн төгсгөл хүртэл романы турш нэгэн том мөрөн мэт цутган урсах шашны итгэл үнэмшил, хараал жатга, номын уншлагад нэвтэрхий хувилгаад, тэдгээрийн харгис үйл хэрэг, шидийн хүчээр хараалыг зайлуулах зэрэг дом, шившлэгийн зан үйлээс ажиглагдах дүрслэлийн уран аргууд дээр мөн анзаарагдана.
Ер нь шашин номтой холбоотой өгүүлэмж дэх домог мэт хууч яриа, хутагт хувилгаадын уншлага, элдэв зэтгэрийг зайлуулах арга зэрэг нь романд “ид шидийн хольц” нэмсэн шиг сэтгэгдэл төрүүлнэ. Гэвч аль ч улс орны уран зохиолд шашин гэх ойлголт шидлэг өнгө аястай нөлөөлөн хүчтэй оршсоор ирсэн. Уншигчдын хамгийн сайн мэдэх нь л гэхэд “Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл” билээ. Манай оронд л автономит засгийн үед бурхан шашны холбоотой бүтээлийг хориглож, үл бичихийг тушаан зөвлөж, нам засаг, аж хөдөлмөрийн үйл давамгайлсан хэдэн арван хоосон цэцэрхэл дүүрэн, адилхан романуудыг хувилснаас бус шашин нь бидний үүх түүхтэй салшгүй холбоотой. Тэгээд ч уг үндсийг нь бус мухар сохроор шүтсэн зуун жилийн өмнөх түүх ямар байсныг романд илүү дутуугүй харуулсан нь Харлаг Сожидийн зарц, ганц бие Дулам бүсгүйгээс төрсөн Гүрвэлэн хүүгийн тухай түүх юм.
Тэрхүү ад чөтгөрийн хүүг дарах гэсэн зоч ламтан Дарам-Очирын үйлдэл нь буруугаар эргэдэг. Гүрвэлэн хүүг амьдаар нь дарсан чулуун дотроос улаан цус булаг шиг оргилно. Харин Дулам бүсгүй овооны дэргэд алга тосон суусан чигтээ бурхан болсны хойно бие нь шил шиг тунгалаг болоод доор нь хөхөртөх чулууд биеийг нь нэвт гэрэлтэж үзэгддэг. Тэгвэл ад тийрэн дарах гэж элдвийг хийсэн зоч ламтан, ад зэтгэр төрүүлсэн гэх Дулам бүсгүй хоёрын хэн нь бурханд дөтөлсөн байж таарах вэ гэдэг асуултыг хариуг зохиолч хэдийн тайлбарласан боловч зөнд нь орхижээ. Энэ л бичлэгийн хэлбэр нь бэлгэдэлт дүрүүдэд чадамгайгаар оноосон уран дүрслэлийн цогц шинж чанар юм шүү дээ.
Үүнээс гадна романд Дамбийжанцан буюу Жа ламын дүр гарна. Хатуу ширүүн тэр ламтан хүний зүрхийг амьдаар нь сугалж тахил өргөх, өөрсдийнх нь эсрэг хуйвалдагсдыг улайдмал лантуугаар цээжийг нь шарж алах, нүдийг нь амьдаар нь ухах зэрэг хэрцгий үйлдлүүдээ “Нүгэл хилэнцийг нь ариулж байна” хэмээн зөвтгөж олныг мунхруулна. Гэвч үүнд анзаарах нэг зүйл бий. Тэрээр өөрийнх нь төлөө хуйвалдсан Цагаан, Ногоон хоёр Жамцыг нойтон бургасаар хонгоны махыг нь салбарч, ясыг нь гартал ороолгодог. Цагаан нь шархаа даалгүй өнгөрдөг ч бие дээрээ босож чадсан Ногоон Жамц хожмоо улсын сайн малчин болж, Маршалаас хүртэл шагнал гардана. Нөгөө Жа ламын өгүүлсэн нүгэл хилэнц нь харгис шийтгэлийн хойно устсан мэт сэтгэгдлийг уншигчдад өгөхөөр үйл явдал гарч байна. Мөн Жа лам энэхүү хэрцгий авирынх нь төлөө зоригтойгоор дуугарч, үхтэл амь гуйгаагүй Цоохор Анандыг өршөөн, тавьж явуулдаг. Сүүлд Цоохор Анандын эсрэг хуйвалдсан Мухар Маранг Засагт ханы долоон хөх чонын гуравт нь үг сүггүй тушаадаг. Ерөөс бүтээл доторх дүрүүд нь өөр бусадтай тэмцэлдэхээс гадна дотроо сэтгэл зүйн асар зөрчилдөөнт талбарт оршихуйгаа дэнсэлж суух шиг болно.
Нөгөөтээгүүр “Тамын чимээ” бүлэгт Лоосуутай луухааны монгол хүний цусанд байдаг тосонд дуртай сампинг Гоорин Даш, Халзан Дамба, Хялуу Сүх гурав Нанзад Гүртэнд хүргэж амилчихсан хараалыг даруулдаг хэсэг бий. Гүртэн гурав хоног юм идэж, ус уулгүй бясалгасны хойно манцайж томрон хөөгөөд амьсгалах бүрт нь утаа савсах ам руугаа сампингийн эрхийг хийж шидэлсээр амилсан хараалыг үгүй хийдэг. Түүний хойно “Бидний үйл үртсийн тоос ямар айхтар зузаарч хураа вэ дээ, барагтайд ховхрох аргагүй хатуурч дагтаршчихсан байжив дээ. Бурхад, тэнгэрсүүд хилэгнэн угтай үндэстэй нь хуу татахаар галзуу хар, улаан шуургаа зэрэг зэрэг босгож сүйдлэхээ шахаж байгаа нь энэ мэт юм байна. Бид тэр шуурганд нүд аниастай уруудаад харанхуйн хар хонгил руу чиглэчихсэн явжээ. Тэгээд л энэ мэт нэг муу хар тангад хараал, шар хятадын шид жатга мэтэд дарлуулж, тэд хүчээ авч, дарж дийлэхэд хэцүү болчхоод байгаа аж. Гэтэл эрт цагийн үлдээсэн буян заяаны үлдэл хэдэн цагаан довны орой шуурганд ил гарахад, сая тэр шуурганы хүч саарав” /“Цагаан бороо” 403, 404-р тал/ хэмээн өгүүлнэ. Магад үүнийг л Жа ламтан мэддэг тул хараалын шидийг харгис үйлийн эрхэнд нөхөн төлж байсан ч болох талтайг зохиолын туршид үл үзэгдэхүйц мөнгөн утсаар холбосон мэт сэтгэгдэл өөрийн эрхгүй төрнө. Гэвч баримт нь тодорхой орон зай, түүхэн үйл явдлын дунд хязгааргүй өрнөлттэй байсан ч уран сайханжуулах үйл явц нь тодорхой хүрээнд хашигдаагүй тул энэхүү сэтгэгдэл ч өрөөсгөл байх талтай.
VI.
Зохиолч Б.Номинчимэдийн тус роман шуналын Ойхын дүрээр эхэлж цагаан Маралын увидаст домгоор төгсжээ. Үйл явдал нь мэдээж тун хангалттай дүрслэгдсэн боловч дүрүүдийн сэтгэл хөдлөл нь заримдаа дутаад байх шиг, тэдний дотоод илэрхийллийг аль нэг өгүүлэмж дотор гээчихээд тарамдаад орхичих шиг бодлууд ч хааяахан төрж байв. Анх уг бүтээлийн нэрийг үзчхээд “Цагаан бороо гэж юу байхав дээ” хэмээн дотроо тоомжиргүйхэн хэлээд өнгөрсөн сөн. Харин нэрийн эл учрыг романы уярам сайхан төгсгөлд олж нээсэн юм. Эртний Грек болон ард түмний зохиол бүтээлүүд баатрууд болон бурхдын тухай домог түүхээс үүдэн бий болдог. Тэдний сүр жавхлан, өш хонзон, хоорондын тэмцлийг харуулдаг. Гэвч тэр л олон хядлага, хатуу ширүүн тэмцэл, цус өрнөсөн тулааны дараа энхтайван тогтдог. Шинэ зуун ингэж л бий болдог билээ.
Гэвч “Цагаан бороо” романд өгүүлэгдэх түүх ижил мэт боловч цаад агуулга нь тэс өөр. Бурхад, баатрууд гэхээс илүүтэй тэднийг биежүүлэн авч үзээд үүнээс дээгүүрт байгаль эхийн дүрийг домогжуулан гаргасан нь монголын уран зохиолын шинэлэг нэгэн үзэгдэл болов. Романд гарах ямар ч хутагт хувилгаад шидийн үүл хөглөглөж салхийг хааж, цас бороог урхидан оруулж ган ганчигийг тайлж дөнгөсөнгүй. Харин тэд муу бүхнээс аврах, өөрсдийн номын хүчээр ирээдүйг тандах аж. Домог цаг хугацааны хувьд хүмүүс хоорондоо ярилцаж эхлэхээс өмнө байсан хэмээгддэг. Тэгвэл домог байгальтай чацуу настай байх сан болов уу гэх бодол романы төсгөл дэх цагаан бороон дунд нэг хөлөө өргөн зогсож буй Марал бугын тухай уншихад дотор минь сэрсэн юм. Гэвч энэ хамгийн чухал нь бус.
“Аллага хядлага, өшил занал, тамлал тарчлаан, хагацал зовлон, өлсгөлөн гуйланчлал бүхэнд гундаж сөхрөхгүйгээр өөдрөг бадрангуйн хана хэрмийг босгож чадсан үеийнхэн үзсэн туулсан, зовсон бүхнийхээ эцэст өр нимгэн хүнлэг болсон байдаг нь гайхам” /“Цагаан бороо” 422-р тал/ гэжээ. Зохиолын ихэнх дүрүүд зовлонгийнхоо эцэст буй үерлэсэн улаан цусан голыг туулан гарсны дараа ч бусдыг хайрлах сэтгэлтэйгээ үлддэг. Яг л Дулам бүсгүй Гүрвэлэн хүүгийнхээ араас амь тэмцэн зүтгэж бусдыг байгаагаар нь хүлээн зөвшөөрөхийн утгыг таньчихаад огт дуугүй, хөдөлгөөнгүй болчихдогтой адил. Бусдыг болоод өөрийгөө тийнхүү байгаагаар нь хүлээн зөвшөөрөх нь угтаа хайрлахын нэр билээ. Энэ роман ч мөн чанартаа тийм утгатай юм. Тэгээд ч зохиогч нь цаашид үргэлжлэх, үргэлжлэхдээ мөнхөд өөрчлөгдөх зүй тогтолтой хэв загварыг бий болгожээ.