Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн (ҮТХН) зорилтыг ахиулан шинэчлэх NDC 3.0 баримт бичгийг боловсруулах ажлын хэсгийн зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдлаа.
Үйл ажиллагааг БОУАӨ-ийн сайдын зөвлөх, уур амьсгалын тусгай элч П.Батхишиг нээж, БОУАӨЯ-ын Уур амьсгалын хэлтсийн шинжээч Ц.Мөнхбат Монгол Улсын ҮТХН 3.0 баримт бичгийг боловсруулах ажлын явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг, НҮБХХ-ийн зөвлөх ШУ-ы доктор, академич Д.Дагвадорж ҮТХН 2.0 баримт бичгийн үнэлгээний тайланг тус тус танилцууллаа.
Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтын хүрээнд Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (ГОУХАН) эрчим хүч, барилга, зам тээвэр, аж үйлдвэр, хог хаягдал болон ойн салбарын шинэчилсэн зорилтуудыг танилцуулж, Азийн Хөгжлийн Банк (АХБ) хөдөө аж ахуй болон газар ашиглалт, газар ашиглалтын өөрчлөлтийн зорилтуудыг танилцуулав. Мөн түүнчлэн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон НҮБ-ын Хүүхдийн Сан байгууллагууд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох шинэчилсэн зорилт, арга хэмжээг тус тус танилцууллаа.
Тус зөвлөлдөх уулзалтад яамд, агентлагууд, судалгааны байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөллүүдээс бүрдсэн ҮТХН-ийн зорилтыг ахиулан шинэчлэх үүрэг бүхийн ажлын дэд хэсгийн гишүүд болон олон улсын байгууллагын төлөөллүүд оролцов.
Энэхүү үйл ажиллагааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, ГОУХАН болон ҮТХН-ийн түншлэл байгууллага хамтран зохион байгууллаа.