Ганцэцэг хэмээх нэгэн сайхан монгол охин нутаг нэгт охиноо хамгаалж байгаад түүний нөхрийн гарт зэрлэгээр алтан амиа алдсан аймшигт хэргийн тухай мэдээллийг бид бүхэн цочирдон хүлээж авсан билээ. Ганцэцэг охин харийн балмад эрийн гарт есөн удаа хутгалуулсны улмаас хорвоог орхисоор хэдийнээ 49 хоног өнгөрчээ. Өнчирч хоцорсон ар гэрийнхэн, анд нөхдийнх нь нулимс хатаагүй эл өдрүүдэд Солонгост Ганцэцэг талийгаачийн 49хоногийг хүндэтгэсэн буяны цуглаан болох гэж байна. Энэхүү цуглаан нь Ганцэцэг талийгаачийн 49 хоногийг хүндэтгэх, Гадаад бүсгүйчүүдийн хүний эрхийг баталгаажуулахыг шаардах, Гадаад бүсгүйчүүдийн талаархи Солонгос нийгмийн үзэл бодол, ухамсрыг дээшлүүлэх гэсэн үндсэн зорилготойгоор зохион байгуулагдаж байгаа юм байна. Энэ буяны цуглаан нь гурван хэсэгтэй. Нэгдүгээр хэсэг нь “Талийгаач Ганцэцэгийн 49хоногийн буяны цуглаан” хоёрдугаар хэсэг нь “Тайван жагсаал” гуравдугаар хэсэг нь “Жинсаны дөрвөн замын цуглаан” гэсэн үндсэн хэсгүүдтэйгээр явагдах аж. 10 сарын 26-нд Жолла аймгийн Монгол Оюутны Холбоо, Нажү дахь Монгол Эмэгтэйчүүдийн Холбоо, Жоннам Их Сургуулийн Нийгэм судлалын төв гэх зэрэг иргэдийн сайн дурын байгууллагуудын хүсэлтээр Гуанжү хотын орон нутгийн цагдаагийн газраас Ганцэцэг талийгаачийн 49 хоногийг хүндэтгэсэн буяны цуглаан хийх зөвшөөрөл авсан юм байна. Гуанжү хотын Орон нутгийн цагдаагийн газар Ганцэцэг талийгаачийн 49 хоногт гүн эмгэнэл илэрхийлж, замын цагдаагийн хамгаалтан доор тус арга хэмжээг явуулах бололцоогоор хангаж өгсөн гэнэ.
Сүүлийн үед монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр уг хэрэгтэй холбоотой ташаа ойлголтууд өгөхүйц мэдээллүүд нэлээд гарч байна. Талийгаач охиныг зуучлалаар гэрлээд, нөхрийнхөө гарт амь насаа алдсан мэтээр ярьж, бичиж байгаа учраас энэ хэргийн талаар үнэн бодит мэдээлэл өгөх үүднээс энэхүү нийтлэлийг бичиж байгаа юм. Бид энэхүү хэргийн талаар нэхэн сурвалжилж, солонгост очиж оршуулгын ажиллагаанд оролцоод ирсэн ээж болон эгчтэй нь уулзаж, мөн солонгос руу холбогдож тодорхой мэдээллүүдийг цуглуулсан юм.
Энэ хэргийн улмаас амь насаа алдсан Ганцэцэг нь 2009 оны 3сард Жоннам мужын Нажү хотод иржээ. Түүний нөхөр хүн орхоодойн аж ахуй эрхлэдэг, түүгээрээ ар гэрээ тэжээж, бусдаас дутуугүй аз жаргалтай амьдралыг босгосон нэгэн байж. Ганцэцэг нөхөр болон хадам ээж, 4 сартай хүүгийн хамт амьдарч байсан юм байна.
Гай газар дороос гэгчээр нэгэн монгол охин түүнтэй холбогдсоноор энэхүү эмгэнэлт явдалд хүргэсэн байх юм. Ганцэцэгийн амь насыг зэрлэгээр хөнөөсөн Янсүён гэгч нь Эрдэнэцэцэг гэдэг нэртэй монгол охины нөхөр юм байна. Эрдэнэцэцэг 2009оны 10сард Жоннам мужын Нажү хотод анх ирсэн гэх. Хадам аав, ээж, нөхрийн хамт амьдардаг байсан мэдээлэл байна. Эрдэнэцэцэгийн нөхөр ажилгүй, архи байнга ууна, архи уухаараа Эрдэнэцэцэгийг зодож маш ихээр дарамталдаг байсан тухай нь тэндэхийн монголчууд ярьж байна. Мөн хадам аав, ээж нь түүнийг гадагш гаргах маш дургүй байдаг байж.
2010оны 9 сарын 10
Хадам эцэг эх нь хоорондоо хэрэлдэж, нөхөр нь (Янсүён) архи уун, Эрдэнэцэцэгт “Чамаас болж манай аав, ээж хоёр хоорондоо хэрэлдлээ, чи зайл. Өөрийнхөө орон руу яв” гэж учир зүггүй уурлаж эхлэв. Эрдэнэцэцэг очих газаргүй тул нөхрийн уурыг намжихыг хүлээжээ. Өглөө болсон ч нөхөр нь хөөж туун уурласан хэвээр. “Юу болов, яагаад ингээд байгаа юм бэ” хэмээн учирлаж аргадсаар ойртож очиход нь Эрдэнэцэцэгийг хүчтэй түлхэн гэрээсээ гаргаж. Байнга иймэрхүү байдалд амьдардаг тул тэсвэр тэвчээр нь барагдан Эрдэнэцэцэг гэрээсээ явахаар шийджээ. Монголд байгаа ээж, болон Солонгост хууль бусаар амьдарч байгаа эгч рүүгээ утасдав. Гэвч ээж нь хадмууд болон нөхөртэйгөө эвлэрээд тэсч амьдрахыг шаардаж, эгч нь өөрөө хууль бусаар амьдарч байгаа тул өөр дээрээ авч чадахгүй гэдгээ хэлж. Ийнхүү туслах хүнгүй болсон тул дахин Нажүд амьдардаг Монгол бүсгүйчүүдээс тусламж авахаас өөр аргагүй байдалд орсон байж таарна. Эрдэнэцэцэгт ойр зуур хэрэглэх мөнгө, очих газаргүй тул талийгаач Ганцэцэг болон түүний найзууд энэхүү байдлыг хоорондоо ярилцаж байгаад, ажил эрж хайн, ойролцоох галууны үйлдвэрт ажиллуулахаар болжээ. Эрдэнэцэцэг тэр үйлдвэрт 2 өдөр л ажилласан байна.
9 сарын 12
Эрдэнэцэцэг тэр үйлдвэрт ажиллаж байтал нөхрийнх нь таньдаг хүн тэнд ажилладаг байж таарсны улмаас нөхөрт нь хэлж, нөхөр нь хүрч ирэн үйлдвэрийн даргатай уулзжээ. Нөхрөө хармагц Эрдэнэцэцэг айн сандарч Ганцэцэгийн эгчийн хамт жорлонд нуугдсан байна. Ганцэцэгийн эгч дүү рүүгээ утасдаж энэ байдлынхаа тухай ярихад Ганцэцэг эгчдээ Эрдэнэцэцэгийг та битгий өгч явуулаарай алуулчихна шүү, байлгаж байгаарай гэж хэлээд даруй өөрийн нөхрийн хамт галууны үйлдвэр лүү хүрч ирсэн байна. Ганцэцэгийн нөхөр Янсүёнд “Юунд эхнэрээ хөөж туув? ” гэсэнд эхнэрээсээ болоод сэтгэлийн дарамт ихтэй, тэгээд хөөсөн гэж хариулж байж . Янсүёныг Ганцэцэг болон Ганцэцэгийн нөхөртэй юм ярьж байх хооронд Эрдэнэцэцэг үйлдвэр лүү орж өөрийнхөө хувцас хунарыг аваад гарч иртэл Эрдэнэцэцэгийн нөхрийнх нь дуудсан цагдаа нар гадна ирсэн байв. Цагдаа нар хүрч ирээд байдлыг сонсоод гэр орны хэрүүл учир өөрсдөө учраа ол гээд яваад өгч. Цагдаа нар явсны дараа Янсүён ганцаараа гэртээ харив. Эрдэнэцэцэг Ганцэцэг, түүний нөхрийн хамт оройн хоол идэнгээ хоорондоо ярилцаж учраа ол гэж Янсүёнг дуудсан боловч ирсэнгүй. Нөхөр нь ирээгүй тул Эрдэнэцэцэг Ганцэцэгийнд хамт хоносон байна.
9 сарын 13
Өглөө Янсүён нь Ганцэцэгийн гэрт ирж Эрдэнэцэцэгт хоёул салъя, 20сая(20.000.000) вонийн хохирол төл гэж шаардав(зуучлах товчооны гэрээнд зааснаар салах тохиолдолд 20сая вонийн хохирлыг төлөх ёстой гэнэ.) Мөн салвал 20 сая вон төлөх ёстой, юунд бэрийг өмгөөлж хамгаалаад байгаа юм гэж Эрдэнэцэцэгийн хадам ээж Ганцэцэг рүү утасдаж уурласан байна. Ганцэцэг хадам ээжтэй нь утсаар муудан, буруу зөв ойлголцсон зүйл байвал ярилцъя гээд найзууд болох Агий, Туяа, Чимгээ нарын хамт Эрдэнэцэцэгийг аван тэдний гэрт очиж.
Гэрт нь очтол хадам ээж нь нөхрийнх нь хөөснийг үл тооцон, Эрдэнэцэцэгийг өөрөө гэрээс гарч явсан, манай хүү ямар ч буруугүй гэж өндөр дуугаар хашгичин загнаж гарч. Монгол бүсгүйчүүд хадам ээжтэй нь ярилцаж, хадам ээж нь Эрдэнэцэцэгт манай хүүтэй хойшид амьдрах уу гэж асууж. Эрдэнэцэцэг “амьдарч чадахгүй” гэв. Ингээд бүгд хамтаар Мугпу гэр бүлийн шүүхийн газар луу явахаар болов.
Эрдэнэцэцэг нөхөртэйгээ хоёулхнаа явахаасаа айж, Монгол бүсгүйчүүдийг хамт явж өгөхийг гуйв. Мугпугийн гэр бүлийн шүүх рүү явж байтал хадам ээж нь хүү рүүгээ утасдаж дахин сайн бодож үз гэж ятгав. Янсүён нь машинаа түр зогсоон Эрдэнэцэцэгт дахин бодож үзье гэж ятгасан боловч Эрдэнэцэцэг татгалзсан аж. Нөхөр нь шүүх рүү явсангүй, буцаж гэр лүүгээ харих болжээ. Эрдэнэцэцэг дахин амьдарч чадахгүй гээд хувцас хунараа аван гарч ирсэнд нөхөр нь хүргэж өгнө гэж байснаа уурлаж больсон тул хадам эцэг нь Ганцэцэгийн гэр лүү хүргэж өгсөн гэнэ.
9 сарын 14
Өглөөнөөс хойш Эрдэнэцэцэгийн нөхөр түүн рүү утасдан ятгажээ. Гэвч Эрдэнэцэцэг хэдийнээ нөхрийнхөө үгэнд итгэхээ больж, эргээд очвол алуулж магадгүй гээд гэртээ очихгүй гэж татгалзсаар байсан гэнэ. Орой 19 цагийн үед Янсүён Ганцэцэгийн гэрт иржээ. Тэр архи ууж согтсон байв. Хонхыг нь дарж хаалга онгойлгож өгөхөд гэрт орж ирэн ус өгөөч гэж ус уугаад Эрдэнэцэцэгт гэр лүүгээ явья гэж гуйжээ. Ганцэцэг, “Өнөөдөр архи уусан согтуу юм чинь эрүүл болохоороо авгайгаа ирж ав” гэтэл гэнэт оймсондоо нуусан хутгаа гаргаж ирэн Ганцэцэгийг хутгалав. Ганцэцэг орь дуу тавин газар унасанд түүний дээрээс даран нэмж найман удаа хутгалжээ. Тухайн үед Ганцэцэгийн нөхөр 4 сартай хүүгээ тэврэн сууж байсан байна. Даруй босч хамгаалах гэсэн боловч хэдийнээ хоцорсон байв. Ганцэцэгийн нөхөр Янсүёнтой ноцолдон хүзүү болон нуруу, бас гартаа гэмтэл авчээ. Хажуу айлаасаа тусламж гуйсан боловч цус болсон хувцсыг нь хараад хаалгаа хаачихаж. Харин хог хаяхаар явж байсан нэг хүн тэр байдлыг нь хараад цагдаа руу утасдсан байна. Төд удалгүй 119 түргэн тусламжын машин иржээ. Харин тэр үед Янсүён юу ч болоогүй мэт гэрээс гарч явсан байна. Ганцэцэг эмнэлэгт хүргэгдсэн боловч нэг цагийн дараа нас барсан байна. Болсон хэрэг явдал энэ. Харь холын хүний газар жуучлалаар гэрлэсэн нөхөртөө зодуулж нүдүүлэн, хатуу хадмуудын гарт зовч зүдэрч явсан нутаг нэгт охиноо хамгаалсны улмаас нөхөрт нь ийнхүү есөн удаа хутгалуулж амь насаа алдсан Ганцэцэг бүсгүй даанч хөөрхийлөлтэй санагдана. Талийгаач Ганцэцэгийн төрсөн эгч Дэлгэрцэцэг манай редакцтай утсаар холбогдсон юм. Тэрбээр “харийн газар дарамтад зовж явсан нэгэн бүсгүйг хамгаалж яваад нөхрийнх нь гарч алтан амиа алдсан дүүгийнхээ тухай дэлгэрэнгүй ярьж, дүүгийнхээ богино боловч аз жаргалтай амьдралынх нь талаар гэрэл зургийн үзэсгэлэн гаргах гэж буйгаа дуулгасан юм. Талийгаач Ганцэцэгийг зуучлалаар гэрлээд, нөхрийнхөө гарт амиа алдсан мэтээр ташаа мэдээлэл монголд дэгдэж, тэр нь янз бүрийн хэлбэрээр үргэлжилсээр байгаад хариу өгөх зорилгоор ах дүү найз нөхөд нь энэ шийдвэрийг гаргажээ.
Хувь заяаны эрхээр харьд одсон монгол бүсгүйчүүд бүгдээрээ зовлонт амьдрал туулж яваа гэвэл хилсдүүлсэн хэрэг болно. Хайр сэтгэлээрээ учирч аз жаргалтай амьдарч, ар гэр эцэг ах дүүсдээ тусалж,дэмжиж хүний ёсоор аж төрж яваа нь олон ч , харийн газар дарамтад орон зовж яваа нь ч цөөнгүй байна. Тэрхүү зовж зольж яваа цөөнхийн зарим эх орноосоо ч, элгэн саднаасаа ч тусгаарлагдан сарниж, санаж сарвайх хүнгүй сөхрөн унаж, зарим нь хувь заяатайгаа эвлэрч, зарим нь тэмцэж, түүнийхээ улмаас өөрөө ч эрсдэж, өрөөлийг ч хөлдөө үрж байгаагийн тод томруун жишээ энэ эмгэнэлт хэрэг юм. Эрдэнэцэцэг гэгч тэр охин зуучлалаар гэрлэж Солонгост очоод, ханилсан эртэйгээ таарч нийцэлгүй элдэв үймээн тарьж, Ганцэцэг охинд хандаагүйсэн бол өнөөдөр нэгэн сайхан монгол бүсгүй амь насаа алдахгүй байв. Бидний авсан мэдээллээр бол Эрдэнэцэцэгийн нөхөр хүний амь егүтгэсэн хэргийнхээ улмаас хоригдон шалгагдаж, харин Эрдэнэцэцэг нэгэн сүмд нуугдаж байгаа гэх. Айж мэгдсэн Эрдэнэцэцэг цагдаагийнханд ямар мэдүүлгүүд өгч байгаа нь нууц байна. Түүний гадныхны дарамтын дор айж мэгдэж байгаа гэдэг хэнд ч ойлгомжтой юм. Ингээд талийгаачийн ар гэр, анд нөхдийн зүгээс Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд Г.Занданатарт хандан захидал илгээсэн захидлыг бүрэн эхээр нийтэллээ.
9 сарын 14ний өдрийн орой БНСУ-ын Жоннам мужын Нажү хотод Ганцэцэг асан нутаг нэгт Эрдэнэцэцэгийг хамгаалж байгаад нөхрийнх нь гарт онц зэрлэгээр амь үрэгдсэн тухай та бүхэн мэдэж байгаа. Энэ талаар бүхий л олон нийтийн хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр мэдээлэгдэж Солонгос, Монгол төдийгүй харь оронд суугаа бүхий л элэг нэгтний маань сэтгэлийг сэрдхийлгэж, алтан амиа харамсалтайгаар алдсан Ганцэцэгийн эр зоригийн өмнө бүгд толгой бөхийлгөн гашуудаж байна. Гэвч бас түүний энэ үхэл “нохойн үхэл” болох вий гэж үлдсэн ар гэр, найз нөхөд, Солонгост ажиллаж, амьдарч байгаа Монголчууд санаа зовж эхлээд байна. Энэ эмгэнэлт явдал бол зөвхөн гэр бүл, хувь хүний асуудал биш нийгэм, улс хоорондын асуудал юм. Ганцхан жишээ дурдая. Өнгөрсөн 7сард нэгэн Вьетнам бүсгүй Солонгост ирж 8 хоноод сэтгэл мэдрэлийн өвчтэй Солонгос нөхрийнхөө гарт амь үрэгдсэн билээ. Вьетнамын засгийн газар Элчин сайдын яамны ажилтан төдийгүй тусгай сурвалжлагч илгээж, Солонгосын ард түмэн энэ хэрэгт хэрхэн хандаж байгааг шууд нэвтрүүлсэн. Вьетнам бүсгүйчүүд өөрийг нь өмгөөлж, хамгаалах засаг төртэй гэдгийг харуулсан энэхүү байдал Солонгос ард түмнийг багагүй тэвдүүлж, Солонгосын Ерөнхийлөгч бас албан ёсоор гашуудал илэрхийлж, уучлал гуйсаныг телевизээр шууд нэвтрүүлж байсан. Үүнээс гадна Вьетнамын Эмэгтэйчүүдийн яамны сайд Солонгос хүнтэй гэрлэн амьдарч байгаа бүсгүйчүүдийн асуудлаар албан ёсны айлчлал хийж, тэдэнд байнгын анхаарал халамж тавихыг шаардаж байсан, мөн Вьетнамд хүн наймаалах шинжтэй гэрлэлтийг хуулиараа хориглосон юм. Монгол төр өнөөдөр ядаж Вьетнам улсын хэмжээнд иргэдээ хамгаалж чадаж байна уу гэсэн асуулт өөрийн эрхгүй гарч ирээд байна. 2008онд Жоннам мужын Кванжү хотод Ц гэдэг бүсгүй учир битүүлэг нас барсан, эх нь гомдолтой байсан боловч, эмнэлэгийн дүн шинжилгээг ар гэрийнхэнд нь үзүүлэлгүй, Солонгосын цагдаагийн газар амиа хорлосон нэртэйгээр хэргийг хаасан.
Монголын төр ард түмнийхээ алтан амийг яагаад нэхэхгүй байна? Солонгосын MBC телевизээс Монголчууд энэ хэрэгт хэрхэн хандаж байгааг сурвалжлахаар Монгол руу явах хүслээ илэрхийлсэн боловч Монголын тал таг чимээгүй байснаас тэгэсгээд л дуугүй өнгөрч байна. Монгол төрийг Солонгосод төлөөлж байгаа цорын ганц байгууллага болох Элчин сайдын яам Ганцэцэг талийгаачийн оршуулгын үйл явдал дуусангуут хэрэг дуусгавар боллоо гэсэн мэт таг чимээгүй. Элэг нэгт, нутаг амьтай хүмүүнээ хамгаалсны төлөө адгууснаас долоон доор хэрцгийгээр амиа алдсан энэ бүсгүйн хэргийн явц ямар байгаад анхаарал тавин ажиллах шаардлагатай байна. Энэ хэрэг зөвхөн Монголчууд бие биенийгээ өмөөрч байгаад дэгдсэн хэрэг мэтээр дуусаж болохгүй! Гадаад харилцааны яам, Монголын Элчин Сайдын яамнаас Солонгосын Хууль зүйн яам, бусад холбогдох байгууллагад албан ёсны байр сууриа илэрхийлж өгөхийг Монгол улсын иргэний хувьд талийгаачийн ар гэрийнхэн шаардаж байна.
Монголчууд бидний анхаарал мөрдөн байцаалтын үйл явц, шүүхээс гэмт хэрэгтэнд ямар шийтгэл оноох бол гэдэгт хандаж байна. Гэмт хэрэгтэн өөрийн амиа авч гарахын тулд худал мэдээлэл өгч байна гэсэн сураг талийгаачийн ар гэр, найз нөхөд, Монголчууд бидний сэтгэлийг түгшээж, хүний газар “дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” гэдгийг сэтгэл зүрхээрээ мэдэрч байна. Энд сурч, ажиллаж байгаа Монголчууд алтан амиа золиолсон энэ бүсгүйн баатарлаг үйлийг зүгээр хараад суухгүй, хүний тусч сайхан сэтгэл, хүнлэг чанараар жагсаал цуглаан зохион байгуулах зэрэг тэмцлийн бүхий л хэлбрийг дайчлан талийгаачийн амийг хөнөөсөн гэмт хэрэгтэнд ялыг үнэн зөв олгуулахын төлөө ажиллахаар болоод байна.
Эрдэнэцэцэгт нөхрийнх нь талаар худал мэдээлэл өгч суулгасан “Ханпид” зуучлах товчооны хохирогчид Солонгосод зөндөө байна. Гаднын хүнтэй гэрлэх явдал хүн наймааны шинжтэй байна. Ийм хэрэг дахин гаргахгүйн тулд Монголын төрөөс хууль зүйн хүрээнд дорвитой арга хэмжээ авах цаг болж. Төрсөн эх орон, төр нь хүнийхээ алтан амь, амьд үлдсэн хохирогчийнхоо амьдралыг эрж сурахгүй бол харийн нутагт тэднийг минь хэн өмгөөлөх вэ? Монголчууд бид өөрсдөө, “үхсэн хүн үг хэлдэггүй” гээд орхивол Солонгост амьдарч, сурч, ажиллаж байгаа Монголчуудын цаашдын хувь заяа бас хөөрхийлтэй биш үү! Бид энэ удаа Монгол төрдөө хандлаа, дараагийн удаа Монголын ард түмнийхээ мэргэн ухаанд хандах болно!
Талийгаачийн ар гэрийнхэн, найз нөхөд, БНСУ-ын Өмнөд бүсийн Монголын Оюутны Холбоо, Жоннам мужид ажиллаж, амьдарч байгаа Монголчуудаас