Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар ISO/TC 114 Цаг судлалын стандартчиллын техникийн хорооны нарийн бичгийн дарга, цаг үйлдвэрлэлийн стандартчиллын тэргүүлэгч Патрик Лөтшер, хорооны менежер Рафаэль Жан-Кристоф болон “Монголын мэргэжлийн цаг засварчдын холбоо”-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтаар хоёр жил тутам зохион байгуулагддаг "ISO/TC 114 Цаг судлалын олон улсын конгрессын хурал”-ыг 2027 онд Монгол Улсад зохион байгуулахаар хоёр тал харилцан тохиролцлоо. Хурлыг эх орондоо зохион байгуулах нь Монголын цаг засварын салбарын хөгжилд чухал түлхэц өгч, олон улсын тэргүүн туршлагаас суралцах, мэргэжилтнүүд харилцан мэдээлэл солилцох өргөн боломжийг бүрдүүлэх юм.
Мөн энэ хүрээнд Стандарт, хэмжил зүйн газар, ISO/TC 114 техникийн хороотой хамтран олон улсын стандартуудыг үндэсний болгон нутагшуулах, Монголын цаг засварчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах санал, санаачилгыг харилцан солилцлоо.
Ташрамд сонирхуулахад Монгол Улс 1979 онд Олон улсын стандартчиллын байгууллага (ISO)-д 86 дахь гишүүн орноор нэгдсэнээс хойш олон улсын стандартын үйл хэрэгт идэвхтэй оролцож ирсэн билээ. Одоогийн байдлаар манай улс ISO-гийн 56 техникийн хороонд жинхэнэ гишүүн, 207 хороонд ажиглагч гишүүний хувиар оролцож, олон улсын стандарт боловсруулах, шинэчлэх үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна. Түүнчлэн үндэсний хэмжээнд 64 техникийн хороо үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд цагны стандарттай холбоотой асуудлыг ТХ/24 буюу “Нийтлэг үйлчилгээний техникийн хороо” хариуцан ажиллаж байгаа юм.








