Улаанбаатар хот болон бусад суурин газрын өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээг урт хугацаанд найдвартай хангах зорилготой “Туул усан цогцолбор” төслийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна.
Төслийн ТЭЗҮ-ийг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын KPIL (Kalpataru Projects International Limited) компани боловсруулж байгаа бөгөөд одоогоор усны нөөцийн судалгаа, тооцоо, инженерийн шийдлүүдийг нарийвчлан боловсруулж байна.
Тус цогцолбор нь 50-100 сая шоо метр ус хуримтлуулах хүчин чадалтай байхаар төлөвлөгдсөн бөгөөд 685.15 метр урт, 35.8 метр өндөр далан, 19.84 метр гүн усан сантай байна. Төслийн ус хурах нийт талбай 5,569 км² байх юм.
“Туул усан цогцолбор” ашиглалтад орсноор Улаанбаатар хотын ус хангамжийн найдвартай эх үүсвэр нэмэгдэхээс гадна Туул голын экологийн урсацыг хадгалах, үерийн эрсдэлийг бууруулах, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх боломж бүрдэх юм.








