Хууль гэж юу юм бэ. Мэдээж энэ асуултад албан ёсны категороор өгөгдөх өөрийн хариулт гэж бий. Албан ёсны гэх тэрхүү цаасан дээрх тодорхойлолтыг махчлан буулгавал  ерөөсөө амьдралын зүй зохистой хэм хэмжээний л томъёолол юм. Тэр зүй зохистой хэм хэмжээнээс хальсан, хэтийдсэн болгон хууль бус болж харагддаг. Нөгөө талаас хууль өөрөө хүний бүтээл учраас төгс төгөлдөр зүйл биш. Төгс төгөлдөр биш учраас хуулийн цоорхой хэмээх гажиг ойлголт бий болж, хуульд оруулах нэмэлт өөрчлөлт, хуульд дахин засвар хийх тухай яриа хөөрөө асуудал болон гарч ирдэг билээ. Үүнээс үүдсэн хямрал эдүгээ манай оронд жинхэнэ  үргэлжилж байна. Маш олон жишээ иш татаж болно. Тэдгээр жишээнүүдээс зөвхөн олон түмний анхаарлыг хамгийн их татаж байгааг нь иш татаж уншигчидтайгаа санал бодлоо хуваалцъя. Тэр бол ашигт малтмалын  болон гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиудыг тойрсон одоогийн дуулиан юм. Энэ талаар өвөл хаврын зургаан сар лав бид ухаан бодлоо уралдуулан мэтгэлцэв. Мэтгэлцэх ч гэж дээ эрх ашгийн зөрчилдөөн ил цагаандаа гаран гаарч, нам бүлэг, манай танай гэлтгүй улайрцгаан цусгүй дайн дэгдэхийг үзэв.

Монголыг минь үнэхээр баян гэж хэлэх ч багадмаар ажээ. Таван толгой, Оюу толгой…гээд эх орны минь дов сондуул бүхэн дороо алттай. Алтгүй газар гэж манайд үгүй. Эх орон минь алтан эрдэнийн орон…Ингэж  агуу их найрагч зүгээр ч нэг дуу алдсангүй.

Хүний шүлс асгарахаас ч аргагүй баялаг хөрсөн дор минь бий. Хоёр сая хүнээ үртэй ачтай нь хэдэн үеэр нь өлхөн хооллох бодит боломжин дээр сандайлчихаад түүндээ гар ч хүрэх эрхгүй хөөгдөн туугдан сууж буй номхон дорой ард түмнээ бодохоор сэтгэл өвдөнө. Харийнхантай үгсэн газрын хэвлийг хуу татан сэндийлж хахаж цацталаа баяжиж байгаа хэдэн монголоо бодож гол горойно. Магадгүй монгол шунал дэлхийн шуналаас тэс өөр байж ч мэдэх юм гэж гайхширан харна.  Жорж Сорос гэх Амеркийн тэрбумтныг бид мэднэ. Дэлхийгээр дүүрэн тарьсан сайн санааны үртэй сангуудаар нь мэднэ. Америк эх орныхоо эрх ашгийн төлөө өөрийн зөв гэж үзсэн үзэл бодлынхоо төлөө хэдийг ч цацахаас сийхгүй барууны хөгшин тэрбумтан. Хэлж байгаад цацдаг дэлхийд цуутай ил тод хөрөнгөтөн. Тэдний амьдралын зорилго харж ядах юмгүй ийм тодорхой. Гэтэл манай баячуудаас утаан дунд бүрэлзэх ядруухан  нийслэлдээ ганц хүүхдийн парк бариад бэлэглэчихсэн хүн төрөөгүй. Тийм ээ. Тэдний шунал дэлхийнхээс тэс ондоо. Хариугүй үхлийн ирмэгт тулаад амьдрал гуйн сарвалзаж байгаа нэгэндээ 10 мянган доллар гаргаад өгчих хүнэнцэр байхгүй. Хорвоогийн шуналаас биднийх хосгүй өөр болохоор энэ. 

Хэвлэлүүдийн хуудаснаа дурайх тоо баримтуудыг хараад дургүй хүрнэ. Ямар ч танил тал, ямар ч эрх мэдэлтэн байлаа сонсохоос ой гутна. Бороогийн ордын ашиглах лицензийг  Сү.Батболд 20-35 сая доллараар зарсан гэх мэдээллийг та сонсоод анх яаж хүлээж авсан бэ. Энэ бол яах аргагүй мөнөөх хуулийн цоорхойгоор гоожуулж авсан аймшигт бохир мөнгө. Одоо ашгийн таван хувийг эзэмшдэг гэх мэдээллийг ч тэр эрхэм өнгөрсөн хугацаанд үгүйсгээгүй. Манайхан яасан сүртэй юм бэ дээ, тавхан хувь гэхээр юу л шалиа аж гээд сууж байж өлхөн чадах цүлх, хэнэггүй улс. Жилдээ дөрвөн сая ам. доллар олдог тавхан хувь гэдгийг нь хэмжиж мэдэхийг ч улайрахгүй. Ийм гэнэн цайлган байх тусам эх орныг минь элэг барих явдал хэрээс хэтэрсэн байна. Давраад Их Даширын алтны шороон ордны ашгаас 50 хувийг нь эзэмших гэрээ өвөртөлчихсөн тууж явааг эх орноо элэг буруутнууднуудтай нийлээд эрээ цээргүй элэг барьж байна гэж хэлэхээс би хувьдаа айхгүй.

Манай улс Бороогоос юу авав. Юу ч авсангүй. Харин Бороо гоулд манайхаас 800 гаруй тэрбум төгрөгийн алтыг минь авчээ. Ямар ч татваргүйгээр шүү дээ. Гадаадын хөрөнгө оруулагчдыг татвараас тавын таван жил чөлөөлөөд хаячихдаг дүүрчихсэн хуулийнх нь цоорхойгоор хүний өөрийн нийлсэн хэдэн цөөврүүд хуулийн хүрээнд нэрийн дор ингэж ичиж айхаа мэдэхгүй идэж ууж байна. Болоогүй ээ, бас дахиад хуулийн хүрээнд, хуульд заасны дагуу Бороо гоулд манай төрөөс 2,7 тэрбум төгрөг авах ёстой тооцоо гарч байгаа гэнээ.  

Энэ үнэхээр юу болж байна вэ. Бид гэнэн, тэнэг байж ханаагүй хэрэг үү. Дотоодын бизнесменүүдээ үргэлжийн хааж хавчиж, хатуу чанд хуулиар дарамталж байдаг төр маань биш билүү. Миний нэг танил зургаан сая төгрөгийн тооцоог балансад дутуу тусгасан гэх нэрээр цагдаад дуудагдан тамлагдаж, 3-5 жил хорих ялын заалт сануулуулж үйлээ үзэж байсныг мэдэх юм. Өр тавин үйлдвэр барьж ядарсан хэдэн хүнээ ажилтай болгосныхоо төлөө яллуулж яваа монгол бизнесменийг мэдэх юм. Татварт өгч, үлдсэнээр нь ажлын байр бариад түүнийгээ гамшигт алдчихаад барьж идүүлэх шахаад зогсч буй монгол бизнесменийг харсан юм. Өөрийнхнийгөө болохоор өр лүү нь өшиглөдөг төр, харийнхнийг харахаар хормойгоо дэвсээд унаад өгдөг засаг...Өөрийн эрхгүй ийм засаглалын чадамжийн тухай хөндөж, иргэний нийгмийн сайн сайхны төлөө тэмцэх болсон ядруу даруу явж ханасан ард түмнээ  өрөвдөөд болохгүй нь. Гадаадын хөрөнгө оруулагчдад олгосон төрийн ивээл дор хамтдаа шургалаад эх орноо энэ мэтээр цөлмөж буй хөрөнгөтнүүдтэй, эрх мэдэл, бүлэг фракц дагаж тогтсон элдвийн бусармаг сүлжээтнүүдтэй, гараа цусанд дүрэх нь халаг улайрсан луйварчидтай  байгаль эхээ хамгаалан, эх орноо  өмгөөлөн тэмцэж буй энгийн даруу түмнийхээ  талд зогсмоор бодогдоод болохгүй нь

 Учир нь надад алтны тухай, эд баялгийн тухай, амар амгалангийн тухай, аз жаргалын тухай огт өөр ойлголт байдаг болохоор тэр биз ээ

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав