Улс төр орчмоор сүүлийн үед онцгой сонин сонин үйл явдлууд өрнөж байна.
Улс төрийн хүрээнд болдог ийм байлдаанууд гаднаасаа их том харагддаг. Том шалтгаантай юм шиг, том зодоон юм шиг, том үр дагавартай юм шиг үзэгддэг. Гэвч жинхэнэдээ тэдний дайтах шалтгаан нэн өрөвдмөөр өчүүхэн зүйлээс үүдэлтэй байх нь элбэг тохиолддог. Энэ удаагийнх ч мөн дээрх жишээг нотолж байна.
Эх орон- МАШСН-ын дарга Б.Эрдэнэбат арванхоёрдугаар сарын 30-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр эвслийг татан буулгах тухай нэгэн шийдвэрийг уншиж олны чихийг дэлдийлгэн,оны сүүлчийн сенсаацийг тарив. Үүнээс болоод парламент дахь “Эх орон –Ардчилал” эвслийн үйл ажиллагаа зогсчихож ч байгаа юм шиг хачин тодорхойгүй харагдана.
Хэдийгээр дээрх ойлгомжгүй явдлаас болоод парламент доторх хүчний харьцаа дахин хувиарлалтад ороход бэлэн харагдаж байгаа ч утасны үзүүр тийм амархан хөвөрчихгүй нь бас тодорхой үзэгдэнэ.
“Эх орон –Ардчилал” эвслийн удирдах дээд байгууллагын хурал болж эвслийг татан буулгах шийдвэр гаргасан гэх боловч дээрх шийдвэрийг гаргасан нь ердөө эвслийн нэг л субъект байв. Тодруулбал Эх орон МАШСН-ын Бага чуулганы гишүүд байв. Эвслийн удирдах дээд байгууллагын хуралдаан Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны 200, Эх орон –МАШСН-ын Бага чуулганы 200 гишүүнээс бүрдэх ёстой. Гэтэл эвслийг тараах тухай санал хураалтад оролцсон 119 гишүүний дөнгөж 20-иодхон нь Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн байсан байна. Тэд эвслийг тараах шийдвэрийн эсрэг хичнээн зогсоод дуу нь хүрэлгүй хүчин мөхөсдсөн гэнэ. Энэ хурлынхаа зарыг тараахдаа ч Эрдэнэбат дарга жаахан хуудуутай ажилласан бололтой юм. Эхлээд хуралтай дараа нь ёлктой гэсэн энэ зарын дагуу “Эрэл”-ийн баахан охидууд гүйлдэн иржээ.