Орфей театрын ээлжит тэсрэлт, "Амьдрахуй" драмын жүжиг нээлтээ хийхэд нэг хоног үлдлээ.
Энгийн болоод жаргалтай амьдрал үргэлжид зөв үйлдлээр хязгаарлагддаг уу? Ерөөс хүний оршихуйн үр үндэс, гол мөн чанар нь юу вэ? Аж төрөхүй хялбархан байгаа нь чи аз жаргалтай оршиж байна гэсэн утга огт биш гэсэн санаа Үй Хуагийн “Амьдрахуй” туужийн өгүүлбэр бүрт агуулагддаг. Энэ бол хувь тавилан бидэнд аз жаргал, зовлон зүдгүүрийн аль алийг нь өгдөг гэх санаа юм. Харин түүн дотроос бид өөрсдийн оршихуйн үнэт чанар, тулах цэгээ олж авах нь юу юунаас эрхэм болохыг Үй Хуа тус зохиолоор харуулжээ.
Орфей театрын хамт олон хүний амьдралын тухай олон эргэцүүлэлд хөтөлдөг намрын өдрүүдэд уг бүтээлээс сэдэвлэсэн “Амьдрахуй” драмын жүжгийг үзэгдэдээ хүргэхээр боллоо. Тус жүжгийн найруулагчаар Мягмарнарангийн Батболд, продюсераар Төмөрсүхийн Ариунчимэг ажиллах юм. Харин жүжгийн зохиолчоор “Тагтаа” хэвлэлийн газрын орчуулагч, яруу найрагч Мөнхцолын Батбаяр ажиллажээ. Тэрээр Үй Хуагийн “Амьдрахуй”, “Цусаа худалдсан тэмдэглэл”, “Вэн хот” зэрэг зохиолуудыг монгол хэлнээ яруу сайхнаар хөрвүүлэн уншигчдад хүргэсэн билээ.
Жүжгийн гол дүрүүдэд МУГЖ Д.Баттөмөр, Д.Ганцэцэг, залуу жүжигчин Г.Отгонбат, Б.Должинсүрэн, дүрүүдэд , АЖ Г.Мягмарнаран, МУГЖ Ц.Төмөрбаатар, Б.Нармандах, мөн М.Мөнхбат, Б.Оюунбаатар, Б.Одгэрэл, Ө.Мөнгөнтулга, Д.Мөнхтөмөр, Ц.Төгсбилэгт нарын шилдгүүд тоглох юм.
Оршихуйн мөн чанар нь “Хүлцэхүй”. Хүлцэнэ гэдэг тэвчих, уучлахын нэр. Уучлана гэдэг хайрлахтай агаар нэг.
"Амьдрахуй" драмын жүжиг ийнхүү ирэх сарын 1-ээс өдөр бүр Соёлын Төв өргөөний тайзнаа үзэгчдийн хүртээл болно.
Жүжгийн тасалбарыг Portal.mn -ээс дараах линкээр орж худалдан авах боломжтой.