“Атар” хэвийн боовны нэрэмжит аймаг, цэргийн цолтнуудын уламжлалт барилдаан нэгдүгээр сарын 26-ны өдөр Бөхийн өргөөнд болж өндөрлөв.
Хүчит 256 бөх зодоглосон эл наадамд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр найм давж түрүүллээ. Тэрбээр аймаг, цэргийн цолтнуудын барилдаанд гурав дахь түрүүгээ дархалсан нь энэ.
Н.Өсөхбаяр зааланд гарцаагүй л дийлж барилдаад байгаа бөх юм. Түүний хувьд, заалны барилдааны долоон түрүүтэй боллоо.
Энэхүү барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат аймгийн хурц арслан Даваасүрэнгийн Алтанцоож үзүүрлэв.
Их шөвөгт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат аймгийн хурц арслан О.Наранбаатар нар шалгарлаа.