Аргентины ерөнхийлөгч Хавьер Милейн Британийн “The Economist” сэтгүүлд өгсөн ярилцлага олны анхаарлыг ихэд татаж байна. “Галзуу”, “Хиймэл үст”, “Цахилгаан гинжин хөрөөтэй ерөнхийлөгч”, “Бага Трамп” зэрэг олон нэр хоч зүүсэн тэрээр энэ удаа либертари үзлийнхээ талаар, анархо-капитализм, хэн инфляци, дэлхийн байдал, улс орныхоо гадаад бодлогын тухай ярьсны зэрэгцээ “Аргентины шинэ үеийг эхлүүлэх болно” гэж мэдэгджээ.Түүний бараг 60 -аад хуудас орчим энэ ярилцлаганы хэсгээс “Free Europeрадиогоор нэвтрүүлсэн байна.

-Таныг залуу бага байхаасаа л эдийн засаг сонирхсон гэдэг...

-Үнэн. Арав гаруйхан настай хүүхэд байхдаа л эдийн засаг судлахаар шийдсэн юм. 

-Үүнд гэрийнхэн чинь нөлөөлсөн үү? 

-Үгүй. Зүгээр энгийн хүмүүс эдийн засгийн талаар ярихыг сонсоод эдийн засаг, хямрал гэсэн үгийг ойлгохгүй, ямар учиртай болохыг нь мэдэх гэж сонирхож эхэлсэн. Миний төрөл төрөгсөд итали гаралтай хүмүүс. Манай аав автобусны жолооч, ээж жирийн нэг гэрийн эзэгтэй байсан. Миний эмээ намайг хайрлан өсгөсөн гол хүн. Би түүнийг хэзээ ч мартаж байгаагүй. Үнэнийг хэлэхэд би асуудлыг цаг ямагт “суран тэлээ”-ний аргаар шийддэг аавтайгаа таарамжгүй байсан тул бүр эрт төрсөн гэрийнхэнтэйгээ холбоогүй болсон. Харин охин дүүтэйгээ холбоогоо таслаагүй. Дүү минь миний ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын гол зохион байгуулагч. Би түүнийг итгэж болох ухаалаг хүн гэж үзэж ирсэн тул одоо ч гэсэн хамаг чухал ажлаа, ялангуяа санхүүгийн бүх асуудлаа түүнд даатгадаг. 

-Эдийн засаг судлахаар шийдсэнээ үеийнхээ хүүхдүүдэд хэлж байсан уу? 

-Сайн санахгүй байна. Бараг үгүй байх. Ер нь тэд надаас айдаг байсан болов уу гэж боддог. 

-Яагаад?

-Би багадаа хөлбөмбөгийн хаалгач хийдэг хүүхэд байсан. Хөлбөмбөг их тоглоно. Тэгээд хүүхдүүд юм чинь зөрөлдөх, муудалцах хэрэг зөндөө гарна шүү дээ. Энэ үеэр би уурладаг, заримдаа бүр өөрийгөө хянах чадваргүй болтлоо уурладаг байлаа. Тэгээд ч тэр үү хүүхдүүд намайг “галзуу” гэдэг болсон. Сүүлдээ энэ нь миний хоч нэр болж насан туршид минь намайг дагаж байна. Хүүхдүүд ер нь намайг уурлачихвий гэж болгоомжилдог байсныг хожим мэдсэн. 

-Хамтлагт дуулж байхдаа л ингэж уурладаг байсан уу? 

-Үгүй дээ. Тэр үед чинь би насанд хүрчихсэн, өөрийгөө хянах чадвартай болчихсон байсан. Залуудаа Британийн домогт “Роллинг Стоунз”-ийн хит дуунуудыг голдуу сэргээж дуулдаг хөгжмийн “Эверест” хамтлагийн дуучин байлаа. Үүний зэрэгцээ Их сургуульд сурсан. 

-Их сургуулиа төгссөнөөсөө хойш эдийн засаг санхүүгийн чиглэлээр маш олон ажил хийсэн байдаг...

-Тийм шүү. Намайг Их сургуульд ордог жил Аргентинд хэт инфляци болж эдийн засгийн хямрал үүссэн. Үүнээс болж хөлбөмбөг тоглохоо больж, эрчимтэй суралцаж, эдийн засгийг мэргэжлийн үүднээс судалж эхэлсэн. Хамтлагт дуулахаа ч аажмаар больсон Ингээд Буэнос-Айресын Бельграногийн Их сургуульд суралцан төгсөж эдийн засагч болсон. Макро, микро эдийн засаг, инфляци, дефляци гээд бүгдийг ул суурьтай судалж 50 гаруй нийтлэл бичлээ. Олон ч ном бичиж, радио телевизээр их ярьдаг байсан. Мөн өнөөдрийн өндөрлөгт хүртлээ багш, эрдэм шинэжилгээний ажилтан, ерөнхий эдийн засагч, засгийн газрын зөвлөх гээд янз бүрийн ажил хийж ирсэн.

-Одоо та ерөнхийлөгчийн өндөр албыг хашиж байна. Эхний 100 өдөр хийх ажлын чинь төлөвлөгөө хэрэгжиж эхэллээ.

-100 өдөр болох яагаа ч үгүй байна. Гэхдээ Аргентины шинэ үеийг одоо эхлүүлэх болно. Яамдын тоог найм болтол цөөрүүлнэ. Тэрчлэн, нийтийн тээвэр, эрчим хүчний салбарт олгодог татаасны хэмжээг бууруулж, дэд бүтцийн санхүүжилтыг зогсоож, төрийн аппаратыг цомхотгоно.

-Яг л цахилгаан гинжин хөрөөгөөр тасдаж байгаа юм шиг үү. Ингэхэд үр хөндөлтийн талаар баримталж буй бодлого чинь иргэдийн анхаарлыг татаж байна. Үүнийг эсэргүүцсэнээр та “Төр хүний хувийн амьдралын хүрээнд орох ёсгүй” гэсэн либертари үзэл санааг зөрчиж байгаа юм биш үү...

-Энэ асуудлыг хэд хэдэн байдлаар авч үзэж байгаа юм. Нэгд либертари үзэлтнүүдийн дунд үр хөндөлтийг зөв гэж нэг хэсэг нь харж байхад нөгөө нь буруу гэж үзэж байна. Энэ чинь либертари нарын чөлөөтэй, нээлттэй маргаан шүү дээ. Бид эрх чөлөөтэй ярьж, хэлж байх ёстой. Би хувьдаа үр хөндөлтийг эсэргүүцдэг. Яагаад гээч... Энэ нь амьдрах эрхтэй холбоотой философийн асуудал. Үр тогтох мөчөөс нэгэн шинэ хүний амьдрал эхэлдэг. Энэ нь үр тогтсоноос хойшхи хувьслын явцад хүн төрөлхтөн бий болдог гэсэн биологийн ойлголтод үндэслэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хүний амьдрал үр тогтох үед эхэлж байхад тэр амьдралыг завсраас нь хүчээр зогсооно гэсэн чинь юу гэсэн үг вэ? Амьдрах эрхтэй хэн нэгнийг амьдрах хугацаанаас нь өмнө үхүүлж байна гэсэн үг. Эх хүн өөрийнхөө махбодийг захирах эрхтэй. Гэхдээ өөр ДНК, өөр махбодийг чи амьдар, эсвэл битгий амьдар гэж захирах эрхгүй. Энэ бол миний бодол. Би бусдын үзэл санаа бодлыг хүндэтгэнэ. Хэрэв ирээдүйн ээж бие муутай, хүүхэд төрүүлж чадахгүй бол түүнд үр хөндөлт хийхийг зөвшөөрнө. 

-Та иймэрхүү маргаан дэгдээсэн асуудлыг “ноход”-тойгоо зөвлөдөг гэж ярьж байсан удаатай. Тийм олон ноходтой юм уу...

-Олон ч гэж дээ. Английн мастиф үүлдрийн таван нохойтой. 

-Яагаад заавал мастиф гэж...

-Британид эртний Перс, Вавилоноос мастиф үүлдрийн нохойг авчирсан гэсэн яриа байдаг. Зарим нь түүнийг Төвөдөөс гаралтай ч гэдэг. Юутай ч, том биетэй, түрэмгий зантай, их ухаантай ноход байдаг. Би нохойнуудаа миний дөрвөн хөлт “хүүхдүүд” гэж хэлдэг. Энэ “хүүхдүүддээ” алдартай эдийн засагчдийн нэр өгсөн. Тэдэнтэйгээ заримдаа улс төрийн амьдралын талаар ярилцаж зөвлөлддөг.

-Бидэнд бие биеэ ойлгоход далд мэдрэхүй тусладаг. Бас малын эмчээр дамжуулан харилцдаг.

-2017 онд миний Конан гэдэг нохой нурууны хавдраас болж үхсэн. Гэхдээ түүнд америкийн эмнэлэгт клончлол хийлгэсэн. Клончлол гэдэг нь генетикийн анхны материалаас авсан төстэй эсвэл бараг ижил хуулбарыг бий болгох үйл явц юм. Анхны клончлогдсон хөхтөн амьтан болох алдарт Долли хонийг хүмүүс мэднэ дээ. Яг л тэрүүн шиг миний Конан клончлогдсон. Би Конаныг үхсэн гэж боддоггүй. Зүгээр л бурхны даалгавраар Конан хаашаа ч юм бэ, нэг газар руу явж тусгай үүрэг биелүүлж байгаа гэж үздэг. Би "анх Конантай хоёр мянган жилийн өмнө эртний Ромын Колизейн цэнгэлдэх хүрээлэнд тулааны үеэр тааралдсан. Тэгэхэд Конан зэрлэг араатан харин би гладиатор байсан. Гэхдээ бид хоёр тулалдаагүй. Тулалдахын оронд ах дүү шиг нөхөрлөсөн. Одоо ч гэсэн түүний клонтой найзалж байгаа" гэж ярьдаг. 

ХАВЬЕР МИЛЕЙН ТУХАЙ ХЭДХЭН ҮГ

Free Europe” радиогийн сурвалжлагч ийн өгүүлжээ. 

Түүнийг үсний засалтаас нь болоод “Хиймэл үст” гэж дэмжигчид нь тоглоом шоглоомоор нэрлэдэг. Харин ерөнхийлөгч маань өөрийгөө арслан, чухал шийдвэр гаргахынхаа өмнө тэжээвэр нохойтойгоо зөвлөлддөг гэж хэлдэг. Тэрээр сонгуулийн кампанит ажлынхаа үеэр гэнэт цахилгаан гинжин хөрөөтэй гарч ирээд “Төрийн угжирсан хямралыг тас хөрөөднө” гэж мэдэгдсэнээс хойш түүнийг “Бага Трамп” гэх болсон 

Өмнөд Америкийн хоёр дахь том орны ерөнхийлөгч Хавьер Милей өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 10-нд ерөнхийлөгчийн тангараг өргөснөөсөө хойш төрийн зардлыг танаж, Аргентины төв банкыг хааж, песогийн ханшийг унагаад буй. Бас төрийн 5000 орчим ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргасан. 100 хоногийн дараа өөр ямар өөрчлөлт хийхийг одоогоор хэлэхэд төвөгтэй байна. 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
П.Соёлдэлгэр

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав