Туркт Истанбул хотын амбан захирагч Экрем Имамоглуг хээл хахууль, авлига, алан хядагч бүлэглэл зохион байгуулсан, дэмжлэг үзүүлсэн хэргээр баривчиллаа. Тэрээр 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Режеп Тайип Эрдоаны хамгийн том өрсөлдөгчид тооцогдож байсан юм. Экремийг өглөөний 07:30 цагт гэрээс нь баривчилж, нэгжлэг явуулжээ.
Авлигын хэргээр Экремтэй цуг сэтгүүлч, бизнес эрхлэгч гэсэн 100 гаруй хүн баригдсан бөгөөд тэднийг тендерийн дүнд нөлөөлсөн, авлига өгсөн хэрэгт буруутгаж байна. Мөн “Курдистаны ажилчдын нам” гэдэг алан хядагч бүлэглэлтэй холбоотой гэж үзжээ.
Экрем Имамоглу сөрөг хүчний хамгийн том удирдагч бөгөөд өнөөдөр буюу 20-нд Ардын Бүгд Найрамдах Намаас Ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор нэр дэвших ёстой байлаа. Түүнийг баривчилсны дараа Истанбул болон бусад том хотуудад олон нийтийн жагсаал болж, цагдаа нартай мөргөлдсөн байна. Ардын Бүгд Найрамдах Намын удирдагч Озгюр Озель “Энэ явдал бол төрийн эргэлт. Энэ бол зөвхөн Экрем Имамоглугийн сонгуульд өрсөлдөх эрх чөлөөг булаасан хэрэг биш Туркийн ард түмний түүнийг сонгох эрхийг нь булаан авсан хэрэг” гэж мэдэгдлээ. Ирэх Ням гаригт улс орон даяар эсэргүүцлийн жагсаал болно.
М.Сугар-Эрдэнэ