Нэргүйн Ууганбаяр гэх энэ хурандаа Эрүүгийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байгаад салбарын сайд Х.Тэмүүжиний эсрэг ажиллагааг зохион байгуулсан гэх хилс хэргээр албанаас чөлөөлөгдсөн хурандаа нарын нэг.Хилс хэмээн тодотгосон үг маань Монгол Улсын гурван шатны шүүхийн шийдвэр дээр суурилсан гэдгийг уншигчид маань ойлгож байгаа байх.Хэдийгээр хүчний бүх байгууллага, тусгай албадаар жил гаруй шалгуулж, Шүүхийн бүх шатаар хэлэлцэгдэж гэм буруугүй нь нотлогдсон ч ганц ч удаа ам нээгээгүй түүний яриа нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаалгана гэдэгт найдаж байна.Ингээд түүнийг уншигч тантай хамт үлдээе.
-Нэг хэсэг цагдаа нар ил гарч их ярьдаг байлаа.Бараг нэг хулгайн хэрэг илрүүлээд л сонинд ярилцлага өгдөг үе ч байсан.Тэр байдал алга болсныг би хувьдаа сайн өөрчлөлт гэж хардаг юм.Одоо бол цагдаа дуугаа хураажээ.Гэхдээ таныг олж уулзах гэж нэлээд эрж сурлаа.
-Тийм үү.
-Учир нь та бол сүүлийн хоёр жилийн турш цагдаагийн байгууллага тойрсон савалгаан дундаас хамгийн их нэр нь дуулдаж байсан хурандаа.Бас сүүлийн нэг жил онц аюултай хурандаа нарын бүлэглэл, түүний толгойлогч, гол зохион байгуулагч гэх нэрийг зүүлээ.
-Их л юм боллоо.
-Эхний асуулт.Та ингэхэд цагдаад хаанаас ирсэн, хэн бэ.Энэ асуултын хэлбэрт битгий эмзэглээрэй?
-Цагдаагийн дээд сургуулийг 1997 онд төгсөөд, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч, эрүүгийн цагдаагийн газарт төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст тасгийн дарга, Эрүүгийн цагдаагийн газарт тасаг, хэлтсийн дарга зэрэг албан тушаалыг хашиж байгаад 2012 онд тус газрын даргаар томилогдсон.
-Дандаа эрүүгийн албанд ажилласан юм байна.
-Тийм.
-Яг Эрүүгийн цагдаагийн газрын дарга болохоосоо өмнө ямар алба хашиж байсан бэ?
-Эрүүгийн цагдаагийн газарт хэлтсийн даргаар ажиллаж байсан.
-Ямар хэлтэс?
-Тусгай хэлтэс.
-Ойлголоо. Яагаад би таныг хаанаас ирсэн, хэн бэ гэж асуусан гэвэл ерөнхийдөө бидний ярианд Хууль зүйн сайд асан, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн талаар нэлээн хөндөгдөх байх.Миний хувьд Х.Тэмүүжинг ямар муу сайд байсныг баталгаажуулахыг зорьж байгаа юм биш.Чухам юу болоод өнгөрөв өө.Энэ их бужигнааны ард яг хэн хохиров гэдгийн араас л эрэлхийлж байна.
-Хариулж болох тэр хэм хэмжээнд л хариулъя.Хуульд заасан хязгаарыг давахгүй.
-Б.Билэгт гэдэг цагдаагийн дарга ирэхдээ баахан шинэ хүүхдийг удирдах төвшинд гаргаж ирсэн.Тэд нар нь Б.Билэгт даргын удирдлагаар Хууль зүйн сайд дээрээ гүйцэтгэх ажил явуулсан.Энэ бүхэн нь хууль зөрчсөн гэх нэг ойлголт явчихсан л даа.Тийм учраас би таниас хаанаас ирсэн, хэн бэ гэж асуусан юм.Бодвол хурандаа нар гэдэг битүү нэрийн дор жил гаруй хэвлэлээр балбуулчихсан учраас тодорхой төвшинд дотроо нээе гэж зөвшөөрөөд миний урилгыг хүлээж авсан гэж ойлгож байна.
-Зөвхөн хэвлэлээр балбуулаад зогсоогүй гэдгийг олон хүн сайн мэдэж байгаа.
-Хориод жил эрүүгийн албанд ажилласан.Тодорхой шалгуур хангасан гэдэг үүднээс энэ албанд томилогдсон байх.Гэхдээ таны ажил хэргийн зам өгсүүр зам байжээ?
-Миний хувьд Цагдаагийн, тэр тусмаа эрүүгийн албаны удирдлагад гэнэт үсрээд гараад ирсэн хүн бол биш юм.Цагдаад гэнэт үсэрч гарч ирэх асуудал чинь 2012 оноос л илт бий болсон үзэгдэл шүү дээ.Шат дарааллаар алхах, ахих боломж гэж байхаас шат алгасах, ямар нэгэн цахилгаан шатанд сууж гэнэт дээд давхарт очих явдал манай албанд байдаггүй байлаа.Цагдаагийн академид сурч байхад Ерөнхий газрын удирдлагууд, Эрүүгийн цагдаагийн газрын удирдлагууд судалсан юм билээ.Тэгээд татаж авчраад нэг жил дадлага хийлгэсэн.Тухайн үед хүн амины хэргийн хэлтэс гэж Эрүүгийн цагдаагийн газар хамгийн чухал алба байсан юм.Тэнд нэг жил дадлага хийлгэсэн. Үндсэндээ явах ёстой замыг нь туулж, замналаар нь гарч ирсэн. Цагдаагийнхны боловсон хүчнээ бэлддэг байсан хуучны уламжлалт тэр бодлогоор бэлтгэгдээд, тогтсон ёс жаягаар нь, цагдаагийн албанд үйлчилж байсан тогтолцоо, шалгуураар нь шат дараалан ажиллаж өдийг хүрсэн.
-Нутаг ус гэж сонирхвол та хаанахын хүн бэ?
-Өвөрхангай аймгийн харьяат, Арван жилийн сургуулиа аймагтаа төгссөн.
-Өөрийг тань АНУ-ын Холбооны мөрдөх товчооны академийг төгссөн гэж сонссон.Та яагаад энэ тухай ярьсангүй вэ.Гадаадад төгссөн ахлах офицеруудад харшилтай Х.Тэмүүжингээс болоод намтрынхаа энэ хэсгийг хасч байгаа юм уу?
-АНУ-ын Холбооны мөрдөх товчооны академийг 2008 онд төгссөн.Одоо Фениксийн их сургуулийн хуулийн магистрт суралцаж байгаа.Итали, Австрали зэрэг улсад мэргэжил дээшлүүлсэн.
-Б.Билэгт дарга өөрөө танд санал тавьсан юм уу.Эсвэл ЦЕГ-ын тухайн үеийн тэргүүн дэд дарга, хурандаа Ш.Ганболд тавьсан юм уу.Таныг түүний л “цэрэг” байсан байх гэж боддог?
-Ш.Ганболд хурандаатай Эрүүгийн цагдаагийн газарт хамт ажиллаж байсан.
2012 оны наймдугаар сард шинээр томилогдсон Хууль зүйн сайд Х.Тэмүүжин дуудаж уулзаад Цагдаагийн байгууллага дотор нэлээн сайн судалгаа хийсэн.Өөрөө тодорхой төвшинд үүрэг гүйцэтгэж чадах кандидат юм байна.Ямар нэгэн сөрөг тодорхойлолт алга.Эрүүгийн цагдаагийн газрын даргаар томилох бодолтой байна.Таны өөрийн бодол ямар байна вэ гэж хэлсэн.Би хариуд нь “Хэрэв энэ албанд томилогдвол ажиллаж чадна.Ажлын дадлага туршлага байгаа” гэж хэлсэн.
-Уучлаарай, хурандаа.Энд тодруулах зүйл байна.Гэхдээ би таныг хурандаа гэж дуудаж болж байна уу.Таны цол сэргэсэн үү?
-Улсын дээд шүүхээс миний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, үндэслэлгүй ажлаас халсан гэдгийг тогтоож, урьд хэрэглэж байсан хурандаа цолыг сэргээсэн.
-Тэгэхээр, нэг зүйлийг лавламаар байна.ЦЕГ-ын даргын шийдэх асуудал биш юм уу. Эрүүгийн цагдаагийн газрын даргын томилгоо чинь...
-Уг нь тийм, хуулиараа ЦЕГ-ын даргын шийдэх асуудал.
-Хууль зүйн сайд цагдаагийн байгууллагын газрын дарга нарыг томилоход хүртэл ингэж шууд оролцож, өөрөө сонголт хийж байсан гэхээр надад сонин л санагдаж байна?
-Б.Билэгт даргыг томилохоос өмнө Х.Тэмүүжин сайд хэнийг аль аль албанд томилох вэ гэдэг судалгаа явуулж байсан юм байна лээ.
-Энэ нь хэдийгээр Хууль зүйн сайдын санаа тавих асуудал байж болох боловч оролцох, судлах, шууд хэн нэгнийг сугалж сонгох ёсгүй л гэж бодож байна.
-Энэ асуудлуудыг зарчмын хувьд ЦЕГ-ын дарга л шийдэх ёстой.Хэнийг судлах, хэнийг багтаа авч ямар чиглэлээр ажиллуулах вэ гэдгээ өөрөө мэдэх ёстой л доо.
-За, яахав.Тэгэхээр Х.Тэмүүжин сайд таныг судалсан юм байна.Түүнд та таалагдсан юм байна.Тэр утгаараа сайд өөрөө шууд санал тавьсан юм байна.Тийм үү?
-Тэгсэн.
-Одоо бол Х.Тэмүүжин ба Н.Ууганбаяр болон бусад хэдэн хурандаа нар гэдэг сэдэв маш сонин сэдэв болсон.Би өөрийн чинь боловсролын түүхийг сонсоод бодож байна л даа. Х.Тэмүүжин анх сайд болж ирээд, Цагдаагийн байгууллагын тодорхой төвшний офицеруудтай уулзахдаа ялангуяа гадаадад, тэр дундаа ОХУ-д төгссөн боловсон хүчинд нэг их нүүр өгөхгүй шүү гэсэн мессеж өгсөн гэдэг. Энэ уулзалтан дээр та байсан уу?
-Би энэ уулзалт дээр байгаагүй.Гэхдээ ийм яриа явж байсан.Х.Тэмүүжин сайд өөрийнхөө бодлогыг ил тод зарлаж байна.Орост төгссөн офицеруудыг цаашид цагдаагийн байгууллагад ажиллуулахгүй гэдгээ шууд хэлж байна гэхийг бол сонсч байсан.Нэг биш удаа.Энэ гэхдээ үнэхээр хөгжилтэй явдал биш гэж үү.
-Зөвхөн цагдаа дотор ч биш бусад салбарт ажилладаг Орост төгссөн сэхээтнүүд л инээлдээд байсан.
-Инээх бол хамгийн том өгүүлэмж ч байж мэдэх юм.
-Та Эрүүгийн цагдаагийн газрын даргаар хоёр жил ажилласан.Энэ явцад салбарын сайдтайгаа үл ойлголцох болсон гол шалтгааныг бодлогын төвшинд гарч ирсэн зөрчил гэж би хувьдаа хардаг.Цагдаагийн байгууллагын тухай хууль боловсруулах ажил гэж нүсэр ажил явж байсан.Бүх юмны ээдрээ Х.Тэмүүжиний гэж нэрлэгдээд байгаа тэр хуулиудтай холбоотой биз дээ.Миний асууж байгаа зөв үү.Би буруу хараад байна уу.Тэр шинэ хууль гэдэг сэдэв та нарын зөрчлийн суурь мөн үү. Эсвэл өөр ёс суртахуунтай холбоотой юм уу, хууль бус гэмт хэргийн сүлжээ тойрсон асуудал байна уу?
-Цагдаагийн байгууллагад багагүй хугацаанд ажилласан хүний хувьд хэлэхэд цагдаагийн байгууллагад цаашлаад хууль зүйн салбарын хэмжээнд хуулийн шинэчлэлийг зайлшгүй хийх хэд хэдэн шаардлага бол байсан. Засч залруулах, сайжруулах,боловсронгуй болгох зүйлүүд байсан.Энэ үүднээсээ шинэчлэл хийх хэрэгтэй гэж бодож байсан. Анх түүний ярьж байсныг сонсоход зөв зүйтэй зүйл хийх юм болов уу гэж найдахаар байсан. Явцын дунд өөрчлөлт шинэчлэлийн үзэл баримтлал нь Монгол Улсын онцлогт тохирохгүй, уламжлалыг үгүйсгэсэн, хэт гаднаас хуулбарласан шинжтэй болж, эргэлзээ төрүүлж эхэлсэн. Тэгээд тухайн үед энэ болохгүй юм байна гэж санаагаа хэлж байсан.Гэсэн ч Цагдаагийн албаны тухай хуулийг зүтгүүлээд батлуулсан. Энэ нь эрх мэдлийг өөртөө их төвлөрүүлсэн хууль болсон. Энэ тухай УИХ-ын дарга ярьсан байна лээ.
-Гол нь салбарыг сандаачсан, сарниасан.Тэгээд “Та нар энэ өрөг дээр миний удирдлаган дор тогловол тогло, үгүй бол яв” гэсэн л гэж хардаг.
-Тэгсэн. Яг тийм юм болсон.Шинэчлэлийг хийхдээ байгаа зүйлийг сайнтай муутай бүгдийг нь үгүйсгээд, гаднын загварыг хуулж, түүнийгээ хүчээр тулган хийж эхэлсэн нь маш муу үр дагавартай, алдаатай алхам болсон. Уламжлалаа хадгалсан, манайд нутагших боломжтой, нийтийн эрх ашигт нийцэх тийм л шинэчлэлийг бид төсөөлж байсан.
-Цагдаагийн байгууллагын тухай хуулиа батлуулахаас өмнө цагдаагийнхантай ямар төвшинд холбоотой ажилласан юм бэ. Нойр хоолгүй сууж, боловсруулж сайд руу оруулсан ч батлахдаа шал өөр хувилбар баталчихсан. Хачирхалтай зүйл заалт ч шууд орж ирсэн гэх юм.Та нар яг тэр ажилд оролцсон уу?
-ЦЕГ-ын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг болон Хуулийн хэлтэс ажиллаж байсан. Хэлбэрийн хувьд өөрсдийнхөө боловсруулсан төслийг танилцуулж байсан хэдий ч харамсалтай нь мэргэжлийн болон онолын ач холбогдолтой саналуудыг аваагүй. Энэ нь судлаачид болон алба хаагчдын сэтгэлийг гонсойлгосон л доо.Өөрсдийн боловсруулсан, хайрцагласан хуулийн төслийг парламентаар шууд оруулаад л батлуулчихсан.Тухайн үед УИХ, иргэд, цагдаагийн алба хаагчид их л итгэж байсан.Даанч эсрэгээрээ болсон.
-Хэлбэрийн хувьд цагдаагийнхнаас санал авч, сонсож харагдаад л эцэстээ тэрийг нь үл хэрэгссэн, боловсруулж өгсөн төслийг нь танигдахын аргагүй угаагаад л өөрсдийн хувилбарыг явуулчихсан юм байна.
-Тэр үнэн.
-Нэг хэцүү тал нь та нарын амьдрал бол тушаалын дагуу явагддаг.Өөрсдийнхөө амьдрал, хувь тавиланг тодорхойлох хуулин дээрээ хэр үндсэн асуудлуудаа тусгуулж чадсан юм бол доо.Тушаалын дор жагсаж, шар нар бор хоногийг зөвхөн үүрэг гүйцэтгэж өнгөрөөдөг хүнд амьдрал шүү дээ гэж бодож байсан.
-Цагдаагийн байгууллага бол бодох биш бүр итгэж найдаж байсан.Асар их хүлээлт байсан.
-Шинэ, залуу сайд ирээд, илүү сайн хууль батлуулж, зөв эерэг өөрчлөлт хийх нь гэж л бүгд харж байсан.Тэр бол үндсэндээ “будаа” болсон юм байна, тийм үү?
-Тэр бүх итгэл найдвар, тэр их хүлээлт нурсан. Яг цагдаагийн алба хаагчдын өдөр тутмын ажилд тулгарч байгаа бэрхшээлүүдийг шийдвэрлэх, тэдний эрх ашгийг нь хамгаалсан механизм сууж өгөөгүй. Зөвхөн бүтцийн хувьд өөрсдийнхөө эрх мэдлийг баталгаажуулсан ийм хууль л гаргасан.
-Та нар өнөөдрийг хүртэл нэг ч яриагүй. Ш.Ганболд хурандаа л дуугарсан шүү дээ. Гэтэл хэдэн үл бүтэх хурандаа нар маш ноцтой гэмт хэрэг хийсэн гэх битүү пиар л явчихсан. Тийм учраас нөгөө талд дув дуугүй, албанаас чөлөөлөгдөөд хоцорсон хүмүүсийн үгийг нийгэм сонсохыг хүсч байгаа.Би энэ дагуу л үүргээ биелүүлж байна. Тийм учраас таныг болсон явдлын талаар сайн ярьж өгөөсэй гэж ахин гуймаар байна. Их товчхон, ерөнхий үг амнаас тань унаад байна л даа.
-Таны асуултад хуулиар зөвшөөрөгдсөн хүрээнд, мэргэжлийн ёс зүйг баримтлан хариулах ёстой. Эзэмшсэн мэргэжил, хашиж байсан алба маань өөрөө олон эрхийг маань хязгаарлаж, элдэв шоу тоглолтоос ангид байх төлөвшилтэй болгосон. Бид бол аливаа асуудлыг хуулийн хүрээнд шалгаж, нотлох үүрэгтэй. Баримт нотолгоогүй зүйл хашгирч, нийгмийн сэтгэл зүйг эргүүлж, тоглох эрхгүй хүмүүс. Тийм болохоор их ярьж,олны анхаарал татаж байхыг зохимжгүй гэж үздэг.
-Энэ хүртэл хэрчүүлчихээд сонин л хүн юм.Миний ажил бол асуудаг, аль болох олон түмэнд тэмтрэгдэхгүй, тодорхойгүй байгаа зүйлсийг ухаж төнхөж гаргаж ирэх, түүгээрээ дамжуулж иргэдэд мэдрэх, дүгнэлт хийх бололцоог олгох л шүү дээ.Тэгэхээр та энэ удаа ярих ёстой?
-Би таныг сайн ойлгож байна.(инээв) Би тодорхой хуульт дэг ёсны дор, тушаалын дор ажиллаж амьдарч хэвшсэн хүн. Бид бол шалгадаг, нотолдог ажил хийдэг хүмүүс.Нотлогдоогүй худал зүйл ярьж, нийгмийн сэтгэл зүйгээр тоглодог төрлийн ажил эрхэлдэг улсууд биш шүү дээ.
-Тэгэхээр сайд асан Х.Тэмүүжиний хэлж байгаа гол тайлбарыг сануулъя.Цагдаагийн шинэчлэл хүссэн хэмжээнд хүрээгүй гэх цагдаагийнхны яриа бол зүгээр л хэдэн эрх мэдлээ алдах гээд байгаа хурандаа нарын тайлбар.Яг үнэндээ цагдаагийнхан нэг юмыг хөндөхөд л уурласан.Энэ бол цолны л асуудал.Би бол цагдааг иргэдэд үйлчилдэг, иргэний нийгмийн нэг эд эс гэж ойлгодог.Дэлхийн жишгээр ч ийм л байдаг.Тэгж л хүссэн.Гэтэл Монголын цагдаа нар иргэдийнхээ ч, улс төрийнхөө ч дээр нь байдаг юм байна.Тэр эрх мэдлээ хамгаалах гэж л миний эсрэг сөрсөн юм гэдэг.Түүний төрийн хоймроос ярьж байгаа энэ зүйлс бараг нутагшчихаад байна.Яагаад гэвэл та нар ярьдаггүй.Дуугүй байсных нь л хохь болж байна гэх үү дээ.Үнэхээр тэр яриад байгаа шинэчлэлийнх нь цөм хөрсөн дээрээ буухаараа юу байсан юм бэ.Эсвэл үнэхээр цолны төлөөх та нарын уур хилэн энэ бүх нөхцөл байдлыг үүсгэчихэв үү?
-Энэ хүн цагдаад улс төр, эдийн засаг, эрүүгийн бүлэглэлээс ангид хүмүүсийг сонгож ажиллана гэж байсан.Бид энэ сайдтай хамтраад цагдаагийн үйл ажиллагааг боловсронгуй болгож болох юм байна гэсэн итгэл үнэмшилтэй хамтарч ажилласан юм. Тэгсэн тун удалгүй л хувираад эхэлсэн.Бүх юмыг би мэднэ болоод л явчихсан.Түрүүн та цагдаагийн шинэ хуулийн талаар хөндөж асуусан. Тэр үед цагдаа дотор ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар ахлуулсан хуулийн ажлын хэсэг ажиллаж байсан гэж хэлсэн. Энэ хууль чинь бүр өмнө эхэлсэн, хэдэн жилийн турш боловсрогдож байсан хууль юм шүү дээ. Энэ хуулийн гол агуулга нь юу байсан юм гэхээр, энэ гурван сая хүнд яаж цагдаагийн байгууллага аюулгүй байдлын тусламж үзүүлдэг байх вэ. Эмнэлэг бол эрүүл мэндийн тусламж үзүүлдэг.Бид бол аюулгүй байдлын тусламж үзүүлдэг.Энийг яаж амар хялбар, хөнгөн шуурхай, шинэ төвшинд гаргаж ирж шинэчлэх вэ.Өнөөдөр бол бид энэ байгаа хязгаарлагдмал нөхцөл байдал дээрээ түшиглэж л эвээ олж ажилладаг.Нөгөөтэйгүүр энэ байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн ажиллах орчин, товчхондоо нийгмийн баталгааг нь яаж найдвартай, тогтвортой болгох вэ.Тэр албаных нь бахархал, ажиллах урам зориг, сэтгэл зүйн гол хөшүүрэг нь болж байдаг цол, формынх нь асуудлыг яаж зүй зохистой байлгах вэ гэдэг асуудал байсан.Нэг улстөрч гарч ирж тоглочихоод л бүх муу юмаа цагдаа руу наагаад өнгөрдөг.Энэ байдлаас хэрхэн яаж цагдаагаа хамгаалах вэ гэдэг асуудал.Энэ байдлаас авч үлддэг хууль зүйн хамгаалалттай яаж болох вэ.Ердөө эдгээр тогтолцоонуудыг л зөв гольдиролд оруулахыг зорьж байсан.Урд нь явж байсан концепци ч адилхан.Үзэл санаа нь ийм. Бараг 2009 оноос эхлээд л явж байсан хуулийн төсөл л дөө. Ц.Нямдорж сайдын үеэс эхэлж явж байсан төсөл.Амьдралаас ургасан сайхан заалтууд явж байсан.Тэгсэн энэ хүн хаанаасаа ч юм бэ баахан гаднын юм хуулаад оруулаад ирсэн.Таны хайгаад байгаа эхлэл ердөө л энэ.Хуулин дээр зөрчилдсөн хэд хэдэн том үзэл санаанууд байгаа.Наад зах нь үйлчилгээ гэдэг үг оруулж ирсэн.Тангаргаасаа эхлээд л өөрчлөгдчихсөн.Өнөөдөр үйлчилж байгаа хуулиар бол цагдаа зүгээр л хамгаалалтын албаны төвшний үүрэг гүйцэтгэж байгаа.Одоо хүн болгон та нар хамгаалалтын албанаас ялгаагүй болчихсон шүү дээ л гэдэг болсон.Түүнээс гадна одоогийн Цагдаагийн байгууллагын тухай хуульд цагдаагийн төв байгууллагын бүтцийг бүр хуульчлаад, том том албатай болгоод өгчихсөн.Хуучин тийм байгаагүй. Амьдралтайгаа, энэ улс орны борог хөрстэй нийцүүлээд маневартай явж байсан юмыг байхгүй болгочихсон. Нөгөө Х.Тэмүүжин сайдын зураад байсан цагдаагийн байгууллагын бүтцийг тодорхойлсон гурвалжин нь мөөг хэлбэртэй болчихсон.Удирдах албан тушаалтны тоог хэд дахин нэмэгдүүлсэн. Дотоодын цэргийг татан буулгах, цол гэх зэрэг олон асуудал гарч ирсэн.Алба хаагчдын, итгэл үнэмшил, үнэт зүйл нь болж ирсэн албаны бахархлыг нь байхгүй болгочихсон.Ингээд албаны эрх ашгийн үүднээс тэр хүнтэй санал зөрөлдөөд, үл ойлголцоод эхэлсэн.
-Ер нь бол үе тэнгийн, 40 гарч нас бие жагссан, ачаа даах тэнхэл суусан, гадаад дотоодод боловсрол эзэмшсэн, дээр нь нэр цэвэр хүчирхэг залуустай ажиллая.Гэхдээ би өөрөө сонгож томилж байгаа юм чинь эд нар миний гарын доор явнаа гэсэн тэр хүний дотоод итгэл байсан байх.Гэтэл түүний ойлголтоор бол итгэлийг эвдэж урважээ.
-Яаж харах нь таны хэрэг. Бид Монгол үндэстний язгуур эрх ашиг, дотоодын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх зүйлийн эсрэг байр суурьтай байсан.
-Цагдаагийн байгууллагын тухай хуулин дээр яг цагдаагийн салбарын тоосон дунд явсан, тийм төвшний туршлагатай зөвлөх байсан уу.Мэдээж сайдын дэргэд шүү дээ?
-Чадаагүй байх аа.Гэхдээ мэдээж яг ажлын хэсэгт нь бүгдээрээ энийг ингэж муу хийгээд, цагдаагийн байгууллагыг хорлочихъё гэсэн санаа зорилготой хүн байгаагүй байх л даа.
-Х.Тэмүүжиний гарч ирэхэд нийгмийн зарим хэсэг улс төрд ч, хуулийн салбарт ч цоо шинэ гигант гарч ирлээ гэж харсан.Гэтэл явцын дунд зоригийг нь мохоож, замыг нь хугасаллаа.Үл бүтэх нөхдүүд нийлж байгаад нухчин дарах гэж байна гэх ойлголт явчихлаа.Би цол гэдэг юмтай холбоотой нэг асуулт асууя?
-За.
-Цалин бага, ажиллах нөхцөл хүнд ч зүтгэж зүтгэж цол зүүхдээ цагдаа хүн цээж дүүрэн баяртай байдаг. Гэвч тэрийгээ илэрхийлэх ч эрхгүй алхаж очиж, ёсолж аваад, эргэж хараад л нөгөө буулгандаа зүтгэдэг. Албандаа зүтгэж байгаад буухдаа тайлаад тавьдаг ийм л нэг зүйл шүү дээ.Цол гэдэг юм чинь.Тэтгэвэртээ гараад иргэдийн дунд ороход бараг хурандаа сайн уу гэж хэн ч хэлэхгүй дээ.Цагдаа байсан нөхөр л гэж хардаг юм билээ.Та миний үгийг яаж хүлээж авч байна.Эсвэл би сэтгэл хөдлөл суурьтай дүгнэлт хэлж байна уу?
-Их зөв ойлголт. Өмнө нь цагдаагийн алба хаагчид ажилласан жил, албан тушаал, ажлын үр дүн харгалзан Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан журмаар цол олгодог байсан. Түүнийг Хууль зүйн сайд эсвэл ЦЕГ-ын дарга зөвхөн албан тушаалыг харгалзаж олгодог болгосон. Дэслэгчээс ахлах дэслэгч гурван жил, ахлах дэслэгчээс ахмад гурван жил ч гэдэг юм уу.Зургаан жил ахмад цол зүүчихээд ахлах байцаагч, ахлах гэсэн албан тушаалд очоогүй бол хошууч цолыг авахгүй.20 жил ч, 25 жил ч болно. Энэ нь шударга ёсны зарчим байсан. Гэтэл энэ заалтуудыг авч хаяад ганцхан албан тушаалын цол гэдэг юм гаргаад ирсэн.Тэгэхээр урд нь байсан тогтолцооны сайн үзүүлэлтүүдийг алга болгоод зөвхөн албан тушаалаар цол олгоно гэдэг ганцхан юмыг нь сугалаад авчихсан гэсэн үг.Хорлож байгаа юм шиг.Энэ албанд байсан шударгаар өрсөлддөг шалгууруудыг үгүй хийсэн. Энэ мэт олон зүйлээс шалтгаалж цагдаад эсэргүүцэл хуралдаж эхэлсэн. Бид ч гэсэн эсрэг байхаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн.Ийм зүйл дээр эсрэг байр суурьтай зогсоод эхлэхээр “Өө, энэ нөхөр шинэчлэлийг эсэргүүцэж байна.Эд нар албан тушаал, цолтойгоо зууралдаж байна” гээд мушгиад яриад эхэлсэн.Ийм л зүйл шүү дээ.Өдөр шөнөгүй зүтгэж, халуунд халж, хүйтэнд хөрч яваа, амьдралын бүх муу, таагүй зүйлтэй хутгалдаж явдаг мянга мянган алба хаагчдадаа ингэж хандахад хэцүү байсан.Бид сайдын талд зогсох сонголтыг хийх үү.Сайн хэлүүлж үзээгүй ч саар болгоны үзүүр дээр зүтгэж явдаг цагдаа нарынхаа талд үлдэх замыг сонгох уу.Ийм хоёр өөр зарчим дээр ямар ч эргэлзээ байхгүйгээр алба хаагчдынхаа талд зогсоно.Өөр юм байхгүй.
-Та нарын яг дээд үе болох нэг эгнээ байдаг. Тэдний үед “Хайран ч хурандаа нар минь”, “Ланд крузер, хаш хөөрөгний эзэн хурандаа нар”, “Тан луугийн 50 хуурцаг” гээд л бичдэг байлаа.
-Санаж байна.
-Тэр үе бол 10 гаруй жил орчим цагдааг эзэрхийлсэн байх аа.Ер нь бол нэлээн л таллаж, балласан гэж хардаг юм.Х.Тэмүүжин эхлээд тэднээс цагдааг салгах гэж үзсэн.Энэ тэмцлийн золиос нь эсрэгээрээ мэргэжлийн албанд мэргэжлийн төвшинд зүтгэсэн та нар болчих шиг боллоо.Өнөө ланжгарууд маань харин энд тэнд тархаж байршсан төдийгүй эргэн гарч ирцгээсэн.
-Цэрэг, цагдаа хоёр юугаараа ялгаатай юм бэ.Цэрэг тушаалаар явдаг.Цагдаа хууль хэрэгжүүлдэг. Энэ ялгаа нь маш тодорхой, хүн болгон нь үүнийгээ мэддэг тогтолцоонд энэ хүн орж ирсэн. Ийм тогтолцоонд орж ирчихээд энэ хүний хийх гэсэн ганц оролдлого нь өмнөхөөсөө ялгарах гэсэн эрмэлзэл дээр суурилсан. Тэр нь хэт их хэнээрхэл болж хувирсан. Буурал түүхтэй салбарын бүх юмыг нураагаад тэгээс эхлэх гэсэн. Хувцас нь эндээс, цол нь эндээс, бүтэц нь эндээс гээд тэгээс эхлүүлэх гэж зүтгэсэн.
-Өмнөх сайдынхаа хуулийн салбарт босгосон нэр хүндийн пирамидыг унагах гэсэн улс төрийн эрмэлзэл байсан юм шиг байгаа юм.
-Улс төрийн эрмэлзэл гэхээсээ илүү шинэчлэл хийх гэсэн зөв чиг хандлага тээж ирсэн. Учир нь тэрийг хүлээж байсан хүлээлт нь байсан. Гэвч хачирхалтай нь тэрийгээ хийх гэж жинхэнэ самарч орхисон. Бүх юмыг хэтрүүлж хийгээд унагаж хаясан.Цагдаагийн бага бүрэлдэхүүн дээр ярья л даа.Тэр бие бүрэлдэхүүний мөрөн дээр байгаа зураас бол тэдний эрэмбэ, тэдний бахархал. Ахлагч нар дотор нэг 45-50 настай ахлах ахлагч байхад тэр 20-той залуусын дунд аав нь, ах нь, дарга нь, ноён нуруу нь, нөмөр нөөлөг нь байхгүй юу. Цагдаад нэг өдрийн өмнө, гурван өдрийн өмнө ажилд орсон бол тэр хүн дараагийн хүндээ багш, халамжлагч нь.Ингэж хойч үеэ дааж, сургаж явдаг тэр тогтолцоог нь байхгүй болгочихоор өчигдөр өнөөдрийн ялгаа алга болчихож байгаа юм.Ингээд 25 нас, 45 нас хоёрыг адилхан болгочихож байгаа юм. Нөгөө албаны дотоод эрэмбэ, дэг ёс байхгүй. Ингээд цагдааг хаос болгочихож байгаа юм. Ажиллах нөхцөл хаос, үзэл бодол нь хаос. Ингээд хаос болчихсон хүмүүс ямар ч итгэлгүй болчихдог юм байна. Энэ үзэгдлийн ард үндсэндээ төрийн амьдрах чадвар сульдчихаж байгаа юм билээ.Цагдаа суларчихаж байгаа юм биш шүү.Монгол төрийн дархлааг нурааж байгаа юм. Тэгээд энэ хийсэн бүх юмаа тайлбарлаж байгаа яриа нь ямар хүмүүст таарсан юм яриад байна вэ гэхээр бичиг үсэг мэддэг, хууль зүйн мэдлэг дулимаг хүмүүст таалагдсан юм билээ. Чамд үйлчлэх ёстой, чамайг торгохгүй байх ёстой, чамд очоод ёсолж байх ёстой гэхчилэн яриад байгаа нь.Ер нь тэр сайд яг өөрөө цагдаагийн хувцас өмсөөд, хүнд үйлчлээд үзвэл их л марзан юм болно доо.
-Хотын цагдаагийн даргыг хотын дарга сонгоно гэсэн нэг заалт маргаан дагуулж байгаа.Энэ зөв юм уу.Манайх шиг дотооддоо олон үндэстэн ястантай, мөн геополитекийн хувьд өвөрмөц байршилтай ийм улсын хувьд энийг хэр бодож хийсэн юм бол.Энэ өгүүлбэрээр яг юуг зааж хэлж байгааг та сайн ойлгож байгаа байх.Хуулийн төсөлд энэ заалт анхнаасаа байсан юм уу?
-Хууль батлагдаад гараад ирэхэд, тэр заалтыг хараад олон хүн гайхсан. Хуулийн төсөлд энэ заалт огт байгаагүй. Хууль нэгэнт батлагдчихсан юм чинь хэрэгжүүлэхээс өөр арга байхгүй.Тэгээд Нийслэлийн цагдаагийн газрын даргыг анх удаагаа нийслэлийн Засаг дарга томилдог болсон.Холбооны улсад л хэрэглэдэг зарчим. Манайх шиг нэгдсэн улсад энийг хийж ерөөсөө болохгүй. Улс орны аюулгүй байдал, үндэстний нэгдмэл байдалд хожим сөргөөр нөлөөлөх хэмжээнд хор уршиг нь хүрэхийг үгүйсгэхгүй.
-Одоо тахарын алба гэж шуугиад л байна.Тахарын албан дээр чинь гүйцэтгэх ажил явуулах эрх болон зарим нэг чиг үүрэг оччихсон юм байна лээ л дээ.Тэрэн дээр гол гогцоо яваад байгаа юм биш үү.Тэрнээс болоод тахарын албыг нэлээн шөрмөстэй байгууллага болчихно гэж айгаад шүүхийн шийдвэр рүү нэгтгэж байгаа юм биш үү гэж асуувал та юу гэж хариулах вэ?
-Аливаа нэг шийдвэр, эсвэл хууль бол бодит байдлыг нарийн судалсны үндсэн дээр гарах ёстой.Тахарын албыг заавал тэр олон тэрбумын хөрөнгө таслан байж байгуулах хэмжээнд хүртлээ нийгэм дэх хохирогч, гэрчийн асуудлууд ноцтой байдалд очсон уу гэх асуулт эндээс гарна. Зохион байгуулалттай гэмт хэрэг их үйлдэгддэг, хүн ам олонтой тийм улс оронд л гэрчийг илүү хамгаалдаг юм шүү дээ. Гэрчийнхээ овог нэрийг солих, өөр газар амьдруулах мэт олон чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг.
-Манай хууль зүйн салбарыг бүрдүүлж байгаа, эд эрхтэн нь болсон байгууллагууд байна.Цагдаа, прокурор, шүүх, АТГ гээд.Бүгд л нэлэнхүйдээ яллах чиг үүрэгтэй байгууллагууд харагддаг юм.Гэтэл энэ дээр нэмэх нь ШШГЕГ болчихлоо. Ийм нөхцөлд Тахарын алба арай өөр өнгө төрхтэй байгууллага болж гарч ирэх бололцоо байсан юм биш үү. Энэ бололцоог л хаах гээд байгаа юм биш үү.Ингэж харж байгаа хэсэг байгаа учраас хөндөж асуух нь миний үүрэг гэж бодож байна.
-Тахарын албаны хууль батлагдаад хэрэгжээд явж эхлэхэд бас гүйцэтгэх албаны хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад Тахарын алба гүйцэтгэх ажил явуулна гэсэн заалт оруулсан байгаа.Ингээд хууль батлагдсан л юм чинь Тахарын алба гүйцэтгэх ажил хэрэгжүүлнэ гэсэн үг.
-Өнөө гүйцэтгэх ажил улам л тархана гэсэн үг үү?
-Тархана гэсэн үг. Гүйцэтгэх ажил явуулдаг байгууллагуудын тоог олон болгох шаардлага ер нь байхгүй юм ш дээ. Ялангуяа манайх шиг улсын хувьд.Тахарын албаны гүйцэтгэж байгаа үүргийг өмнө нь манай цагдаагийн байгууллага хэрэгжүүлээд л явдаг байсан.Тухайн үед дутагдалтай юм ч байсан л байх.Одоо бол ШШГЕГ-ын нэг алба хэлтсийн хэмжээнд зохион байгуулаад энэ ажлыг аваад явчих бололцоо байгаа.Заавал тусгай агентлаг байгуулаад, хүн хүч, орон тоо, цалин мөнгө дээрээс нь гүйцэтгэх ажил явуулах эрх олгож байгаа нь шууд хэлэхэд алдаатай бодлого.
-Эдийн засгийн хямралтай байхад уу?
-Хямралгүй байсан ч буруу.Гэхдээ манайх ер нь хямраагүй юм биш үү. Цагдаагийн байгууллагын нэг алба нь зүгээр аваад явж байсан чиг үүргийг улсын 10 гаруй тэрбум төгрөг үрж агентлаг болгоод л...(инээв) Нөгөө талаас нэгэнт шийдэх гэж байгаа бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээрээ төвлөрөх нь илүү хүчтэй байхгүй юу. Яаж ч бодсон тийм шүү дээ.
-Цагдаа дээр энэ чиг үүрэг байхдаа төрөөс ийм хэмжээний төсөв хангамж авч байгаагүй л дээ, би мэднэ.Өөрөөс чинь хаа хамаагүй Тахарын алба асууж байгаагийн учир Хууль зүйн шинэ хуучин сайд нарын дунд тэмцэл өрнөж байна.Д.Дорлигжав гарч ирээд Х.Тэмүүжиний хийсэн бүхнийг нураах ажлыг хийж байна гэх шүүмжлэл хүчтэй өрнөж байна.Үүний цаана нөгөө л аюултай хурандаа нар хонзонгоо тавьж өгөхгүй байна.Д.Дорлигжавын цаана нөгөө хурандаа нар байна гэх аман пиар явагдаад байна.Та энэ сэдэвт ямар хариу өгөх вэ?
-Ийм гүжирдлэг, хар пиарыг сүүлийн үед нэлээн явуулж байна.Д.Дорлигжав сайдын ард хурандаа нар биш, шинэчлэл нэрийн дор явагдсан завхралыг засах, энэ салбарт хийх гэсэн шинэчлэлийг хэрэгжүүлэх гэсэн хоёр том зорилго л байгаа байх.
-Тахарын албанд 500 гаруй залуу шилжиж ирсэн.Шинэ нэртэй, шинэ мөр эхэлж байгаа газар хүчээ өгье гээд.Энэ залуусын хувь заяаг одоо яах юм бол.Би энэ шийдвэр дээр үнэхээр эсрэг байр суурьтай байна.Улстөрчдийн сөргөлдөөн дунд яагаад улсын өдий төдий тэрбум төгрөг, төрийн албанд зүтгэж буй мянга мянган хүмүүс үрэгдэж байх ёстой юм.
-Ер нь энэ шинэтгэл нэртэй ”самрааны” хөлд улсад хэдий хэмжээний хохирол гарсныг тооцож гаргах биз дээ. Бас Төр тэр залуусыг хөсөр хаяхгүй байх.Хаях ч ёсгүй.Энэ миний эрх үүрэгт хамаарч байсан асуудал биш учраас би энэ яриаг хаахыг хүсч байна.
-Дараагийн том сэдэв бол Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудал байсан.Цагдаа тэр үед зодуурын хүүхэд шиг л болсон.Сайд нь ч муулаад л, энгийн иргэн, захын согтуу ч барьж авч зодоод л эхэлсэн.Таны хувьд цагдаагийн албандаа үнэнч үлдэх сонголтыг хийжээ.Өөрт чинь итгэл үзүүлээд сонгосон хүнтэй зөрчилдсөн байна.Энэ бол том хагарал.Тэгэнгүүт эргээд сайдаа өөрийг нь огцруулах ажиллагааг зохион байгуулсан юм биш үү.Бүгд зохиомол хэрэг гэж сайд асан Х.Тэмүүжин мэдэгддэг.Үнэхээр Эрүүгийн цагдаагийн газрын дарга тэргүүтэй цагдаагийн өндөр зэрэглэлийн офицерууд нийлээд салбарынхаа сайд дээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан хэрэг үү.Ийм хуулийн эрх, бололцоо байдаг юм уу.Энд та нарын хэн ч хариулаагүй байгаа.Таныг энэ асуудал дээр үнэхээр уушгиа нээж яриач гэж хүсч байна.
-Бодит байдлыг тайлбарлаж,болсон процессыг ярьж болох хэмжээнд нь ярья гэж би бодож байна. Таны асуух нь ч тодорхой байсан.Бас энэ хэргийн эргэн тойронд хэтэрхий их гүтгэлэг, бодит байдлаас огт худлаа зүйлс байнга зохиож олон нийтэд тарааж байна.
-Сэтгэл зүйн хувьд таныг сайн ойлгож байна.Гэхдээ УИХ-ын индэр буюу ард түмний сонгож байгуулсан төрийн индрээс төрийн хүн “Намайг унагахын тулд хар тамхины хэрэг гэгчийг зохион байгуулсан. Нэг тоглоомын хүүхэн гаргаж ирж ашигласан” гэх мэт мэдээллийг хийж байгаа учраас, уг дуулиан дунд тоглосон, ашиг олсон, тодорсон зарим нэг этгээдүүд ч хэвлэлээр ярьсаар байгаа учраас асуух шаардлага байна.
-Сүүлийн жил гаруйн хугацаанд яг энэ асуудлаар гүтгүүлж, ажил албанаасаа халагдаж, шалгууллаа. Одоо бодит байдал болсон явдлыг ярих цаг нь болсон. Гэхдээ мөн л хуулийн хүрээнд, зарим зүйлийг нийтэд хэлэх боломжгүй. Хэдийгээр би өнөөдөр албаа хашаагүй ч Эрүүгийн албыг удирдаж байсны хувьд, маш нууц бичиг баримттай харьцаж байсны хувьд,тангараг өргөсөн алба хаагчийн хувьд ярих ярихгүй юм гэж бас байна. Эрүүгийн цагдаагийн алба бол 80 жилийн түүхтэй, бүх аймаг сумд төлөөлөлтэй гэдэг утгаараа үндэсний болон дотоодын аюулгүй байдлын өмнө тодорхой утгаар үүрэг гүйцэтгэдэг байгууллага.Энэ чиг үүргээ ч нийгэмд ил болгож цацаагүй, цацах ч эрхгүй нэг онцлогтой.2014 оны гуравдугаар сарын 2-нд илэрдэг л нэг хар тамхины хэрэг илэрсэн.Илрүүлэхдээ бид яг өнөөдөр хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд л ажилласан.Энэ ажил маань нийгэмд цацаад байгаа энэ буруу мэдээлэл шиг хэн нэгэн даргын захиалга, үзэмжээр, хэн нэгэн дээр зориуд хийгдсэн юм бишээ.Ер нь хэн дээр ч хууль бус ажиллагаа явуулдаггүй.Үүнийг би баталгаатай хэлж чадна.Энэ бүхэн прокурорын хяналтан дор явагддаг ажил, арга хэмжээ.Үүнийг кинон дээр гардаг шиг дуртайгаа тагнадаг байгууллага мэтээр нийгэмд буруу ойлголт өгөөд байна.Дахин хэлье, бид ямар ч хууль бус ажиллагаа явуулаагүй.
-Хар тамхины нэг хэрэг илэрчээ.Энэ нь зохион байгуулалттай хэн нэгэнд тавьсан урхи мэтээр урласан хэрэг биш юм байна, тийм үү?
-Хэрэг илэрсэн.Сэжигтнүүдийг саатуулж, шалгалтын ажиллагаа явагдаж байсан. Гэтэл энэ хэрэгт холбогдсон эмэгтэйчүүд Х.Тэмүүжин сайдын талаар байцаалтад мэдүүлэг өгч эхэлсэн. Энэ үед гэнэт сайд өөрөө “ЦЕГ-ын дарга Б.Билэгт үл бүтэх хүн учраас дор нь байгаа хүмүүс над дээр гүйцэтгэх ажил явуулж байна”, “Цагдаагийн байгууллага сайд дээрээ гүйцэтгэх ажил явууллаа” гэх утга бүхий ярилцлагуудыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр өгч эхэлсэн. Баригдсан хүмүүс ч ямар ямар бодис хэрэглэсэн гэдгээс эхлээд бас бус зүйлс нь тогтоогдож байсан.Хууль зүйн сайд хар тамхитай холбоотой асуудалд холбогдсон тухайд ч биш бүр хувийн харилцааныхаа тухай асуудлуудыг мэдүүлж эхэлсэн. Асуудал ердөө л энэ хүрээнд байсан. Сайдын мэдээлэл гомдлоор,цагдаагийн байгууллага түүнийг мөрдөж мөшгөсөн эсэхийг нягтлахаар Тагнуулын ерөнхий газар, Прокурорын байгууллага тус тусын чиглэлээр шалгаж, хууль бус ажиллагаа явуулаагүй болохыг тогтоосон.
-Дараа нь Эрүүгийн цагдаагийн газрыг шалгасан биз дээ?
-Энэ үед сүүлийн гурван жил хийсэн, гүйцэтгэсэн, нууцын зэрэглэлтэй бүх ажлуудаа шалгуулах төвшинд нь шалгуулсан. Шалгалтын дүнгээ УИХ-ын холбогдох байнгын хороодод танилцуулсан.Энэ хэрэгт шалгагдсан хүмүүс шүүхээр гэм буруутай нь тогтоогдож ял шийтгэгдсэн. Ер нь хар тамхины хэргийг илрүүлж шалгахад мэргэжлийн нарийн ур чадвар шаарддаг. Нийлүүлэгч, тээвэрлэгч хэрэглэгч, борлуулагч гээд том сүлжээгээр яригддаг.Энэ асуудлыг нарийн судлахгүй бол болдоггүй юм.Бүх сүлжээгээр нь хамарч ажиллах шаардлага гардаг.
-Х.Тэмүүжин өөрөө надад цагдаа нар хар тамхины хэрэг тохох гэж оролдсон гэж чуулганы индрээс л хэлдэг.Тэгэхээр Х.Тэмүүжин хэрэглэгч юм уу, эсвэл энэ сүлжээний аль нэг субьект байх үндэслэл байсан юм уу?
-Үүнд хариулмааргүй байна. Харин энд нэг зүйлийг хэлмээр байна. Сайд өөрөө хэрэглэсэн байна гэж нэг ч үг, өгүүлбэр цагдаагийн байгууллагаас мэдээлээгүй.
-Г.Сарангэрэл гэх эмэгтэй бүх мэдүүлгийг цагдаа нар хийсэн.Хар тамхи хэрэглэж үзээгүй, сайдтай ч дотно холбоогүй гэж хэлсэн.Хэрэгт холбогдсон хүн мэдээж тал талын айдастай.Холбогдсон сайд ч янз бүрээр нөлөөлөх том бололцоотой, шалгаж байгаа цагдаа нар ч нөлөөлөх бололцоотой.
-Тэгэхээр тэр хүний хийсэн бүх мэдэгдэлд би хувьдаа ач холбогдол өгөхгүй байна.Харин тэр хүний өмгөөлөгчийн гаргаж ирж нийгэмд цацсан бичлэг байгаа.Би одоо танд сонсгож болно.Тэр юу вэ?
-Тэр бичлэгээс та миний дуу хоолойг сонссон уу.Та одоо надтай ярилцаж байна.Миний дуу хоолойг сонсож байна шүү дээ.
-Байхгүй. Гэхдээ таны нэрээр цаашаа дуудаж асуулт асуугаад байдаг.
-Тэгдэг. Тэгэхээр тэр бичлэгийг хаана ч хэн ч хийж болох байгаа биз.Харин энэ бичлэгийг хэн, ямар зорилгоор, хаана яах гэж хийв, яагаад тэгээд олон нийтэд цацав гэдгийг шалгах ёстой.
-Шалгаач. Гэвч та нар шалгаа биз, тогтоогоо ч биз дээ?
-(инээв) Шалгаж, тогтоож, нотолж болно. Чадна. Гэвч бидэнд энэ ажиллагааг хийх боломж олголгүй албанаас халсан.
-За, ингээд нэг баг болоод ажиллаж байжээ.Баг дотор Ариунболд гэж хурандаа байсан.Энэ бичлэг дотор Б.Ариунболд гэж хүн ярьж байгаа биз?
-Тийм.
-Би жишээ нь, баг дотор тавиул байсан юм байна гэж хардаг.Анхнаасаа тусгай үүрэгтэй байсан тавиул.Эсвэл багийн нэг нөхөр явцын дунд урвасан байх?
-Мэдэхгүй.
-Албаны тусгай чиг үүрэг гүйцэтгэж байсан баг задарсан байх бололцоотой юу.Эсвэл анхнаасаа тавиул байх боломжтой юу.Би баримт гэдэг зүйлтэй ажилладаг хүний хувьд энэ бичлэгний цаана Н.Ууганбаяр гэдэг хурандаа байсан гэж шууд хэлэхгүй.Учир нь тэнд таны дуу хоолой байхгүй учраас.Гэхдээ иймэрхүү зүйлийг зохион байгуулах боломжтойг мэднэ.Зохион байгуулаагүй ч байж болно гэдгийг гадарлана.Тийм болохоор миний энэ асуултад таныг хариулах ёстой гэж би үзэж байна.
-Итгэж, найдаж, хамтарч ажиллаж байсан. Тэр хүнийг тагнуул туршуул нь байж гэж шууд хэлж чадахгүй.
-Б.Ариунболд албанаас халагдаад шүүхэд хандсан уу?
-Шүүхэд хандсан гэж сонсоогүй.
-Яагаад ?
-Мэдэхгүй юм даа.
-Б.Ариунболд хурандаа Г.Сарангэрэл охины өмгөөлөгч Г.Батбаяр хоёр олон жил нөхөрлөсөн найзууд гэх мэдээлэл байдаг.Энэ юу байж болох вэ.Г.Батбаяр нь Б.Ариунболдоо золиослосон.Б.Ариунболд албанаас чөлөөлөгдсөн.Гэхдээ харагдах, хэлбэр талаасаа шүү дээ?
-Тэгсэн.
-Б.Ариунболд гэх тэр хурандаа одоо албанаас чөлөөлөгдсөн ч нэлээд боломжийн төвшинд амьдарч байгааг судалсан.Би таныг хариуцлагатай байгаасай гэж бодож байна.Энэ бол миний хувьд чухал ярилцлага.Гэхдээ эрчүүдийн нөхөрлөл, мөр зэрэгцэн алба хааж явсан албаны түүхийг тань хагалан бутаргах гээгүй шүү.Энэ бол ажил.
-Би ойлгож байна. Таны асуусан зүйлийг шалгаж нотлоогүй болохоор бүрэн дүүрэн хариулж чадахгүй нь. Эргэлзээтэй нөхцөл байдал бий болсон тохиолдолд түүний үнэн худлыг заавал шалгаж тогтоодог. Ийм боломж, хугацаа олголгүй албанаас халчихсан.
-Таны удирдлагад ажиллаж байсан, тодорхой нууцын зэрэглэлд хамаарах алба хашиж байсан олон залууусыг ажлаас чөлөөлсөн гэж сонссон.Энэ үнэн үү.Үнэн бол энэ явдал танд ямар бодол үлдээсэн бэ?
-Эрүүгийн цагдаагийн газар, Мөрдөн байцаах газарт хэлтэс,тасгийн дарга, ахлах ажилтнууд гээд 40 гаруй алба хаагчийг үндэслэлгүйгээр албан тушаал бууруулсан, чөлөөлсөн, халсан шийдвэрүүд гаргаж, хүлээсэн үүргээ хууль ёсны дагуу биелүүлж байсан мэргэшсэн алба хаагчдыг хохироосон. Орчин цагийн томоохон ”хэлмэгдүүлэлт” л болсон доо. Тэд бол улсынхаа тусгай албанд зүтгэж байсан алба хаагчид.Цагдаа бол сүүлийн жилүүдэд салбарын сайдынхаа гараар самруулсан.Тэвчдэг, үүрэг хүлээдэг, тушаалаар амьдардаг төлөвшил нь л барьж байсан.УИХ-ын дарга нэг удаа хэлсэн дээ, нэг дур зоргоороо тонгочиж тоглосон сайдаар төрийнхөө мянга мянган алба хаагчийг солих уу гэж.Энэ үг алба хаагчдын урмыг ямар их сэргээсэн гэж санана.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийг ч гэсэн том шийдвэр гаргалаа гэж харсан.Түүний хэлсэн үгийг санаж байна уу?
-Саналгүй яахав.Төрийн зүтгэлтэн хүмүүс бол төрийн л зүтгэлтэн байдаг юм байна.Эцсийн эцэст Төрийн зүтгэлтний л алхмыг хийдэг юм байна гэдгийг харсан.Цагдаа бол үүлэн сиймхийний цаанаас цухуйх нар шиг хэм хэмжээтэй тиймхэн гэгээнд л итгэж найддаг, сэтгэлээ тэжээж Төрдөө зүтгэх урмаа авдаг байгууллага.Хэзээ ч бусад салбарынхан шиг шаардах, нэхэх, туних эрхгүй амьдралтай.Тийм учраас энэ албаныхаа төлөө, энэ эрчүүдийнхээ төлөө хатуу зогсож чадсанаараа бид бахархдаг.
-Та хэдийг гайхмаар өндөр төвшинд шалгуулсан гэсэн.Тийм үед ямар бодол төрөх юм бэ?
-Шалгуулсан. Гайхмаар нарийн төвшинд шалгуулсан.Ичсэн хүн, хүн ална гэгчээр Эрүүгийн цагдаагийн газрын даргын эрхлэх ажлын хүрээнд гаргасан шийдвэр, тушаал, өгсөн үүрэг даалгавар, зарцуулсан төсөв хөрөнгө, мөнгөн гүйлгээ, явуулсан үйл ажиллагаа зэргийг нэг бүрчлэн шалгасан.Мэргэжлийн шалгалт гэхээсээ төсөөлсөн ямар нэг зүйлээ хайсан, албаны бус зорилго, сэдэлттэй хийгдсэн.Ямар нэг алдаатай зүйл хийсэн байсан бол эрүүгийн хэрэг үүсгэгдээд, өдийд өөртэй чинь ингэээд ярилцаад сууж байхгүй байсан байх.
-Хурандаа нарын хэрэг гэж нэг нэршил яваад байна, энэ ямар учиртай юм бэ.Өөр хамааралтэй гэх юу байгаа юм.Ийм битүү нэршилтэй цуврал л явж байгаа харагдах юм?
-Х.Тэмүүжин үнэхээр мэдэхгүй байгаа юм уу, эсвэл бас л санаатай олон нийтийг төөрөгдүүлж тоглож байгаа юм уу, бүү мэд.Ийм хэрэг байхгүй. Дээр миний ярьсан, УИХ-д танилцуулсан шалгалтын дүнг хэрэг гэж байгаа бол бишээ. Мөн өндөр төвшний албан шалгалтын материалыг эрүүгийн хэрэг гэх нь ташаа ойлголт юм ш дээ.
-Уучлаарай, хурандаа.Таныг их хэмжээний мөнгө идэж шамшигдуулсан гэх юм гарсан байсан.Энэ талаар ямар тайлбар өгөх вэ?
-Ээлжит гүтгэлэг.Энд анхаарах хоёр зүйл байна.Нэгд маш нууц мэдээлэл задруулж байна.Хоёрт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүнд гэмт хэрэгт хүнийг гүтгэж байна.
-Ний нуугүй хэлэхэд маш аюултай, ямар ч баталгаагүй болчихлоо.Та миний юу хэлж байгааг ойлгож байгаа байх.Та бүхний аюулгүй байдлыг хэн яаж хамгаалах юм бэ?
-Үнэн зөвийг ялгаж таньж байгаа олон нийт, хэвлэл мэдээллийн зарчимтай ажилтнуудад, хуулийн салбарын ажилтнууддаа итгэж байна. Ер нь юу ч тохиолдож болох эрсдэлтэй хувь тавиланг туулж байгаагаа мэдэж байгаа.
-Бидний яриа өндөрлөж байна.Танд нэмж хэлэх үг байна уу?
-Одоо хэлж ярьж болохгүй байгаа бүх зүйлүүд тодорхой цаг хугацааны дараа нууцын зэрэглэлээс гарч, олон нийтэд түгээх, хуулийн салбарын тусгай чиг үүргээр мэргэшиж буй оуютан залуус, шинэ залуу алба хаагчдад уншиж судлаж, танилцах нөхцөл бололцоо бий болох цаг ирж л таарна. Тэр цагт шударга ёс,шинэчлэл гэж яригч Х.Тэмүүжиний зөв байж уу, гүтггэгдэж муу хэлүүлж ажил алба, амьдралаараа хохирч яваа цагдаагийн алба ажилтны буруу байж уу гэдгийг ялган салгах боломж бүрдэнэ. Цаг хугацаа, түүх биднийг цагаатгана.
Тэр бол дотроо зангирсан ч гадагшаа ямар ч эмоци үзүүлдэггүй, чанд хатуу цагдаагийн хүн.Тэр бас өөрт нь юу ч тулгарсан өөрөө л давж гардаг цэх бардам цагдаагийн хүн.Түүний бүхий л төлөвшлөөс хэт гэмээр стандарт харагдана.Тэгсэн хэрнээ дотор луу нь өнгийвөл хориод жил зүтгэсэн албандаа, мөр зэрэгцсэн нөхдөдөө, Цагдаадаа, тэр дундаа Эрүүгийн албандаа хайртай, халуу оргисон үнэн чанар ханхална.Өнөөдөр тэр зүтгэсэн Төрийнхөө халыг амсаж яваа ч өнө хожим цагаадна.Магадгүй ажил албандаа эргэн орсон ч тэр ганцхан хожмын тэр Цагаатгалыг хатаагдан байж хүлээх хүн юм билээ.Тэр тэгж чадна.