“Хүүхэлдэй” монодрамын жүжиг тун удахгүй хөшгөө нээх гэж байна. Тус жүжгийн гол дүрийн жүжигчин Ч.Сэлэнгэтэй ярилцлаа. Түүнийг уншигчид дэлгэцийн олон уран бүтээлд гол болон туслах дүрүүдийг бүтээсэн залуу үеийн төлөөлөл болсон жүжигчин гэдгээр нь сайн танина. Харин “Хүүхэлдэй” монодрам бол түүний анхны тайз билээ.
- Ээлжит уран бүтээлээрээ үзэгчидтэйгээ уулзах гэж байна. Таныг ихэнх хүмүүс дэлгэцийн бүтээлээр мэднэ. Харин энэ удаад “Хүүхэлдэй” моно драмын жүжгээр буюу театрын тайзнаа өөрийгөө харуулах гэж байна. Эндээс хоёулаа яриагаа эхлэх үү?
- Баярлалаа. Театрын тайз бол миний хувьд шинэ мөрөөдөл гэхээсээ илүү хуучны мөрөөдөл байсан. Дэлгэц миний уран бүтээлийн гараа болсон ч тайз бол яг л одоо би өөрийгөө сорьж, дахин нээж буй талбар гэж харж байна. 2
- Та “Girls” цувралын гол дүрд тоглохоос гадна зохиолчоор ажилласан. Анх “Хүүхэлдэй” жүжгийн зохиолыг уншихад танд ямар мэдрэмж төрөв?
- Жүжгийн зохиолоо уншихад яг л дотоод хүнтэйгээ уулзаж байгаа юм шиг санагдсан. Маш нам гүм, эмзэг хэр нь хүчтэй. Зохиолчоор ажиллаж байсан туршлага маань дүрийн сэтгэлзүйг илүү нарийн мэдрэхэд тус болсон.
- Дэлгэц, тайз хоёр уран бүтээлч хүний хувьд хэр ялгаатай вэ?
- Тайз бол яг тэр мөчид амьдрах, дэлгэц бол тухайн агшинг олон талаас харах боломж. Кино бол дүрийг “бүтээх”, театр бол дүрийг “амьдруулах” урлаг.
- Та тун удахгүй “Хүүхэлдэй” жүжгийн дүрд хувирах гэж байна. Миний өмнө ярилцлага өгөөд сууж байгаа Сэлэнгэ тайзан дээр байхгүй байх нь мэдээж. Тэгэхээр та тус дүрээсээ юуг нь онцгойлон өөртөө оршоосон бэ?
- Зарим өгүүлбэрийг хэлэх бүрт өөрийнхөө аль нэг дурсамжтай уулзаж байгаа юм шиг санагдсан. Дүрийн эмзэглэл, дотоод шаналал миний эргэн тойрны хүмүүсийн амьдралтай ойр байсан. Тэгэхээр эмэгтэй хүний жүжиг учраас надаас нэг их хол зөрөхгүй байх болов уу.
- Моно жүжигт ганц л дүр байдаг. Ерөөс тус жүжгийг жүжигчин л авч явна гэсэн үг. Өөр ямар нэгэн харилцан тоглолт байхгүй. Энэ утгаараа жүжигчдийн чансааг илүүтэй сорьдог. Энэ талаар...
- Энэ бол жүжигчний хувьд хамгийн бодитой хийгээд хамгийн үнэн шалгуур. Бүхнийг би ганцаараа авч явна гэдэг энэ мэдрэмж айдас төрүүлж дарамттай байсан ч, яг л тайзны “амьд” хэмнэл тэндээс эхэлдэг болохоор миний хувьд мэргэжлийн хувьд ахих боломж гэж харж байгаа.
- Найруулагч Я.Билгүүнсар, эсвэл жүжгийн баг хамт олон уг бүтээлд яагаад таныг сонгосон юм бол…?
- Яг энэ асуултыг өөртөө тавьж үзсэн. Мөн найруулагчаасаа асуусан. Я.Билгүүнсар найруулагч маань миний гол дүрд нь тоглосон О.Цэгмид найруулагчийн “366 дахь өдөр” киног үзээд уг намайг олж харсан гэсэн. Тиймээс уг жүжгийн дүрд тоглуулахаар болсон юм билээ.
- Жүжгийн бэлтгэлийн үеэр үргэлж тоглож буй дүрийнхээ талаар боддог уу, та дүрийнхээ оронд өөрийгөө тавьж үзсэн үү?
- Би дүрээ судалж түүнтэй ярилцдаг. Тэгэхээр би тухайн дүрийг өөрөөрөө дамжуулахыг хүсэж байна гэсэн үг. Би ганцаараа тэр тайзан дээр биш дүртэйгээ хамт байгаа гэж бодохоор илүү тайван байх биз. Дүрээ гадаад байдлаас илүү дотроос нь ойлгож ажиллахыг хичээж байна.
- Мэдээж зохиол бүр өөрийн гэсэн мөн чанартай, дүр бүхэн онцлогтой байдаг. Уг жүжгийн дүрийн онцлог юу вэ?
- Хамгийн гол онцлог нь энэ дүр маш чимээгүй боловч дотроо хашхирч байдаг. Тэр нь өнөөгийн нийгмийн эмэгтэйчүүдийн үнэн дүр төрх. Гадаад биш, дотоод үйл явдал давамгайлсан дүр. Тэр бол бидний хэлдэггүй, зүгээр л мэдэрдэг бүх зүйлийг төлөөлж байгаа хүний дүр юм.
- “Хүүхэлдэй” жүжгийн бэлтгэл хэр явж байна вэ? Танд энэ хугацаанд өөрийгөө уран бүтээлчийн хувьд шинээр харах боломж гарч байна уу?
- Бэлтгэл нягт, нарийн явагдаж байгаа. Энэ хугацаанд би жүжигчнээс илүү хүн талаасаа өсөж, дотоод сэтгэлээ илүү анзаарч сурч байгаа.
- Өөрт оногдсон дүр дээрээ хэр их судалгаа хийдэг вэ?
- Би дүрээ судлахдаа хэзээ ч “зөв” эсвэл “буруу” гэх өнцгөөс хардаггүй. Харин тухайн дүрийг ойлгох, түүний нүдээр амьдралыг харахыг хичээдэг. Судалгаа гэдэг бол миний хувьд “түүнд хүндэтгэл үзүүлэх” нэг хэлбэр.
- Цаашид таныг үзэгчид тайзан дээрээс илүүтэй харах уу, эсвээс дэлгэцийн урлагт түлхүү дүр бүтээх зорилготой юу?
- Одоогоор яг нэг тал руугаа хэлбэлзэхгүй гэж бодож байна. Хэрвээ надад дүр ирэх аваас тайз ч бай, дэлгэц ч бай тухайн дүрийг бүтээхэд би зүрх сэтгэлээрээ бэлэн.