Энэ удаад номын буландаа “Тагтаа Review” утга зохиолын сэтгүүлийг онцолж байна. Учир нь 200 гаруй хуудас бүхий тус сэтгүүлийн агуулга, бүтэц нь ярилцлага, дурсамж тэмдэглэл, өгүүллэг зэргээс бүрдсэн, өргөн хүрээг хамрах антолог уншиж буй мэт мэдрэмжийг төрүүлнэ.
Мөн дээр дурдсан бүхнийг нэгтгэн “хайр болоод хаврын өнгө” гэх нэгэн сэдэвт зангидаж цул бүхэллэг чанарыг бий болгосныг онцлууштай. Манайд “Цог”, “Үндэсний уран зохиол”, “Улирал ба зохиолч” зэрэг нэрлэх сэтгүүл бий. Цөөхөн ч гэсэн утга зохиолын сэтгүүлтэй улс шүү, бид. Гол нь өнгөрөгч оны намар утга зохиолын нэгэн шинэ сэтгүүл бий болж уншигчдын талархлыг хүлээгээд буй нь “Тагтаа Review” юм. Харин бид тус дугаарын №02 буюу “Хаврын дугаар”-ыг онцлон хүргэж байна.
ОНЦЛОХЫН ӨМНӨ
Утга зохиолын “Everywriter” сайт дээр “literary magazine listing” гэж булан бий. Үүнд дэлхийн алдартай утга зохиолын топ 50 сэтгүүлийн жагсаалтыг гаргасан байдаг. Мэдээж хамгийн өндөр үнэлгээг “The New Yorker”, “Paris Review”, “New England Review”, “Tin House” зэрэг хүртжээ. Энэ жагсаалт 2003 оноос эхлэн дэлхийн сонгодог яруу найргийг хэвлүүлж, задлан шинжлэл хийж, найрагчдын дотоод дуу хоолой болсон гэх тодотголтой “Narrative” болон 1987 онд анх хэвлэгдсэн цагаасаа хойш өдгөө хүртэл гарч буй, утга зохиолын сэтгүүлийн сүүлийн үеийн олон нэр хүндтэй шагналыг хүртсэн “Witness” хүртэл үргэлжилдэг.

Уг цувааг харахад нэг зүйл тун тодорхой. Хүн төрөлхтөн утга зохиол, урлагийг үргэлжид хэлэлцэж, цаг ямагт хэрэглэж ирсэн бөгөөд цаашид ч хөсөр хаячихгүй гэдэг нь ойлгомжтой. Хамгийн гол нь ямар нэгэн шинэ содон зүйлээр үргэлж баяжиж, өргөжин тэлж байдаг утга зохиолын асар том хүрээнд хөл тавихдаа аль номыг дэлгэхээ мэдэхгүй зогсож буй уншигч эдгээр сэтгүүлтэй танилцаад авахад харамсах зүйл үгүй. Мэдээж дотоод агууламж, ном шиг хэлбэртэй форматаараа загварын болон бизнес сэтгүүлээс эрс ялгарна. Нэг ёсондоо бичвэрийн олон төрлийн багтаасан “антолог ном” хэмээн тодорхойлж болох юм.

Редакцын зурваст “Тагтаа паблишинг” хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч, ерөнхий эрхлэгч Б.Баясгалан ийн дурджээ.

“Хүмүүс уран зохиолыг хэтэрхий бодит бус, абсурд гэдэг. Гэтэл үнэндээ жинхэнэ амьдрал, бодит ертөнц шиг абсурд, учир нь үл олдох хаос үгүй билээ. Уран зохиол бол бодит ертөнцийн энэ хаосыг текстээр эмхэлж цэглэх гэсэн оролдлогуудын л нэг юм. Ертөнцийн утга учиргүйг текстээр эмхлэн утга оноох гэсэн хүн төрөлхтний хэдэн мянганы эл хүчин зүтгэлд Монголын авьяас билигт охид, хөвүүдийн оюун тархи нэгэн жигүүрээр хүч хавсарч яваасай гэж чин сэтгэлээсээ хүсэж итгэдгийн минь үр болж сэтгүүлийн минь бас нэгэн шинэ дугаар мэндэлж байна”.

Хавар бидэнд шинэ сэргэг бүхнийг хөтлөөд ирж байх шиг санагддаг. Хавар шиг шинэхэн улирал, хаврын анхны бороог шиг тунгалаг нь үгүй шиг бодогдоно. Тэр л цаг дор нэгэн шинэхэн бүтээлийг хуудсыг нээв.

Мэдээж сэтгүүл бүтээхэд сонголт хамгийн чухал. Дэлхийн томоохон хэвлэлийн газар, сэтгүүлийн редакциуд өөрсдийн орны ид бичиж, бүтээн туурвиж буй эрхмүүд, номын томоохон редакторууд нийлж үнэлгээ гарган, сонголт хийснээр сэтгүүлийн ерөнхий бүтцийг гаргадаг. Мөнхүү улс оронд нь болон дэлхий нийтэд тухайн цаг мөчид болж буй онцлууштай үйл явдлыг онцгойлон дурдаж сэтгүүлийн цул бүхэллэг чанарыг зангиддаг билээ.

Ер нь сэтгүүл бүтэээх ажил хялбар биш. Тэр дундаа утга зохиолын сэтгүүл олон арван сонголттой тулгарахын зэрэгцээ адаглаад л урт удаан хугацаанд цаас ширтэж суух тэвчээр заах хэрэгтэй болно. Асар их уншиж, судласны үндсэн дээр хэм хэмжүүр, цар хүрээ ч бас тодорхойлогдоно. Тиймээс олон “автор”-ын бичсэн юмсыг базаж өрөөд л хэвлэчихдэг үйл явц ерөөсөө биш юм.

СҮНСНИЙ МИНЬ ХЭРЭГЦЭЭ 

Эл сэтгүүлээс нэн түрүүнд орчуулагч Б.Баясгалангийн Олон Улсын Зохиолчдын хөтөлбөрт шалгаран АНУ-ын Айово мужийн Айово хотыг зорьсон дурсамж, тэмдэглэлийг онцолж болох юм. Уг дурсамж нь Туркийн зохиолч Бежан Матурын тухай өгүүлэгдэх юм. Зөвхөн түүний тухай бус, тэднийг холбосон нүүдэлчдийн амьдрал, түүний ондоошил, сэтгэлд тодоор сийлж үлдээсэн жаахан гуниг төрүүлэх ч, хачин их баяр хөөрийг амтлуулах тийм л дурсамжууд. Хэзээ нэгтээ бийрлэгдэх үгүй нь тодорхойгүй явсан ч хэзээд л бичигдэх байсан учиртай гурван тод дурсамж уг тэмдэглэлд бий.

Тэмдэглэлийг сийрүүлэгч Б.Баясгалан, дурсамжийн гол дүр болох Бежан ч ялгаагүй алл аль нь нүүдэлчид. Гэхдээ уг сэдвийн дунд асар том ялгаа бийг гаргаж ирсэн ч эцэстээ тэд нэг л сүнс, бие махбодтой бөгөөд түүнийхээ хэрэгцээгээр л хэн хэнийхээ зүрхийг уудалж, хорвоогийн нэг өнцөг учирсан нь дурсамжийн гол хүүрнэлийг бүрдүүлнэ. Тэрхүү сүнсний хэрэгцээ гагцхүү яруу найраг гэж сэтгэгдэнэ. Мэдээж үгүй ч байж болох талтай. Гэвч Бежан Матурын өнөөх л эхэнд дурдагдсан нүүдэлчин, хэрэн хэсэх араншин нь эцэстээ яруу найргийн төлөөх л эрэл хайгуул байдаг. Тиймдээ ч тэр ийн өгүүлсэн нь дурсамж доторх түлхүүр ч байж мэднэ.

ДУРСАМЖ ҮРГЭЛЖ АМЬД БАЙДАГГҮЙ

Сэтгүүлийн голлох агуулгыг Монголын уран зохиолд орчуулга, яруу найргийн төрөлд өөрсдийгөө тодорхойлж, өөр олон чиглэлд эрчтэй бүтээн туурвиж яваа бичээчдийн өгүүллэгүүд эзэлжээ. Үүнд: Яруу найрагч Б.Батзаяагийн “Санахгүй байна, гэхдээ сайхан байна”, орчуулагч Б.Баясгалангийн “Загас усандаа”, редактор, яруу найрагч Ц.Дэлгэрмаагийн “Сарны нөгөө тал”, зохиолч Ш.Бадамрагчаагийн “Сараана”, орчуулагч, яруу найрагч Мө.Батбаярын “Баярын бялуу”, зохиолч, орчуулагч Б.Дүүрэнжаргалын “Дуудлага” зэрэг орно.

Мэдээж сэтгүүлийн нэг зорилго нь “Уран бүтээлчдэд бүтээл туурвилаа уншигч олон нийтэд хүргэх томоохон талбар бий болгож өгөх” билээ. Гэхдээ хэвлэн нийтлэхэд сонголтын зарчимтай заавал тулгарна. Харин тэрхүү сонголт хэр зэрэг итгэл найдвар бидэнд төрүүлж байгааг “Тагтаа Review” сэтгүүлийн шинэхэн дугаараар шинэхэн зохиолтойгоо уншигчдын өмнө зогсож буй хүүрнэл зохиолчдын бүтээлээс харж болно. Нөгөөтэйгүүр тэд хэрхэн бичиж, шинэ үеийн уран зохиолын хүүрнэгч хэл, сэдвийг тодорхойлж, өөрсдийн дотоод мэдрэмж, улс орныхоо гүн шаналлыг ямархан өнгөөр зүрхэндээ тээж явдагыг дээр нэр дурдсан бүтээлүүдээс унших боломжтой юм. Харин “Тагтаа Review” - ийн хамт олон, хаврын дугаартаа Б.Батзаяагийн “Санахгүй байна, гэхдээ сайхан байна” өгүүллэгийн нэрийг өгчээ.

Тус өгүүллэг дөрвөн хэсэгтэй. Аав, ээж, би, Муся. Гэхдээ үүнийг ардаас нь дугаарлаж уншина. Магадгүй өгүүллэгийн хэсгүүдийг дотор нь хойноос дугаарласан шиг төгсгөлөөс нь уншсан ч утга алдагдахгүй байж мэдэх юм. Хүмүүс Т.Х.Ш буюу “Тэжээмлийн Хам Шинж” өвчинд нэрвэгдэж ой санамж нь алгуурхан устдаг тухай өгүүлнэ. Дүрүүд нь нэгэн гэр бүлийн тойрогт хязгаарлагдаж байна. Бид үнэхээр тийм өвчин тусаж, өглөөхөн ажилдаа явсан ээжийгээ үдэш ирэхэд нь танихаа байчихвал яах вэ? Ой дурсамжууд сарниж, тухайн цаг үедээ л өнгөрснөөс тэмтрэх төдий дурсамжтай л аж төрнө. Тэрхүү дурсамжууд бүдэгхэн тодроод л арилах ба огтоос дүрсжин биелэхгүй. Гэтэл хүмүүс дурсамжийн тухайд өөр бодолтой байдаг. Түүгээрээ тэтгэгдэж аж төрөх, өөртөө амь нэхэх хүмүүс ч бий. Харин уран зохиолд бүх зүйл өөр зүй тогтолтойгоос гадна цоо шинэ ертөнц дэх хүмүүсийн үзэл бодлоос уншигчдад хуваалцаж болдог байна. Тиймдээ ч тус өгүүллэгийн гол санааг төгсгөлийн цогцолборын эхлэлд ганц өгүүлбэрээр зангиджээ.

Дараагийн онцлох зохиол бол Мө.Батбаярын “Баярын бялуу” өгүүллэг. Хөдөө буйд дахь малчны хотонд шинэ жилийн баярын өмнөхөн ээж нь “бялуу” хэмээх амттан авчрав. Уг бялуун дээр өвлийн өвгөнийг дүрсэлснийг тэд “Чингис хаантай” зүйрлэн бодно. Үүнээс гадна өгүүллэгийн баатар болох Чимгээ охины дурсамжууд гол өгүүлэгдэхүүн хэсэгт тулах хүртэл цаг хугацааны эсрэгцэл болон хөврөх бөгөөд уншигчдыг зохиолын чинад руу аажимхнаар татан оруулна.

Эцэстээ өгүүллэгийн гол дүр нь нэгдүгээр биеэс хүүрнэж буй Чимгээ охин бус сумын төвөөс ээжийнх нь авчирсан, өнөөх баярын бялуу болж хувирав. Ерөөсөө л цас хамах, ортууз түүхээр ээлжлэн өнгөрдөг өвлийн урт сарууд, нүүдэлчдийн ялгагдах зүйлгүй хөврөх өдөр хоногуудын дунд шинэ иргэншлийн соёл агшин зуурт бууж ирэх нь тэр.

“Дүнбэн цагаан бялуу надад урчны хойморт туссан нар шиг л харагдав. Бялууны дээр сахалтай өвгөн хүнийг дүрсэлжээ”.

“Баярын бялуу”


Ганцхан бялуу л дүрүүдийн зан араншин, хэл яриа, үйлдэл зэргийг өгүүллэгт тодорхой харуулна. Ерөөс Мө.Батбаярын өмнө бичиж байсан, өгүүллэгүүдийн дурсамж, сэтгүүл зүйн эсээ маягийн мөчлөг бүхий зурвас хэсгүүдтэй туурвилзүйн нийлэгжилт “Баярын бялуу” өгүүллэгээс огт мэдрэгдсэнгүй. Нэг ёсондоо нэгдүгээр биеийн хүүрнэгчийн цогц дурсамж, бүтээл доторх туслах дүрүүдтэй бялуугаар холбогдож суурин иргэншил, соёлын цуваанд нүүдэлчид хэрхэн уусан нэгдэж, басхүү түүнийг харь өнцөгөөс ямархан сэтгэгдлээр хүлээн авсныг шинэ жилийн “Баярын бялуу”-гаар тод дүрслэн үзүүлсэн нь олзуурхууштай.

ХАЙРЫН ДҮР


Эр хүний дотроо дүрсэлсэн эмэгтэй
Ээж шиг нь дүртэй
Энэ бол хайрын дүр

Эмэгтэй минь
Ээж шиг минь байгаач
Эхийнхээ хайраас би чам руу ирлээ.


Б.Батрэгзэдмаа “Дуугүй үг” шүлгээс хэсэглэн авав.


“Тагтаа Review” сэтгүүл өнгөрсөн оны намрын дугаартаа зохиолч Д.Энхболдыг онцолсон. Харин энэ удаад яруу найрагч, зохиолч Б.Батрэгзэдмаагийн ярилцлага, шүлгүүдийг уншигчдадаа хүргэжээ. Уг ярилцлага нь “Хайр дүр” нэртэй.

Хайр мэдээж олон дүртэй. Гагцхүү хэрхэн сэрж, мэдэрч, ойлгож, өөртөө нутагшуулах вэ гэдэг нь чухал санагддаг. Зохиолч Б.Батрэгзэдмаа хайрыг олон талаас нь бичиж, шүлгийн бадаглал зүйн хувьд хүн төрөлхтний мөнхийн сэдвүүдийн нэгийг өргөн хүрээтэй, дуусаж дундаршгүй болгосон. Та оршиж байх аваас ямагт хажууд, дотор, сэтгэлийн аль нэгтээ ивээс болон хадгалагдсан, мэдрэмжээс тань шалтгаалан өндийх мөнхийн сэдвүүдийн нэг нь хайр. Үүнийг харин зохиолч ийн тодорхойлсон байна.

“Тийм ээ, би. Би бол хайр. Би өөрөө хайр. Би өөрөө хайрын биелэл. Тэгэхээр хайр гэдэг би өөрөө. Ижий, аав хоёрын биелэл учраас би өөрөө хайр байхгүй юу”.

"Хайрын дүр" ярилцлага


Мөн уран бүтээлчийн бүтээн туурвих үзэл санааны хувьд “Үгүй. “Амьдрал ийм байна шүү дээ” гэхэд “Үгүй ийм байх ёстой” гэж уран бүтээлч нээж өгч байх ёстой. Тэр хайрын замыг, тэр гэрэл гэгээний замыг цэлийлгэн харуулж байх ёстой” хэмээжээ. Мэдээж энэ мэт түүний хайрын биелэл нь өөрөө болсон ярилцлага, хайрын шүлгүүдийг уг сэтгүүлээс унших боломжтой.

Үүнээс гадна Владимир Набоковын “Шидэт үлгэр минь чи надад хэрэгтэй” хайрын захидал /Б.Дэлгэрмаагийн орчуулга/, Пабло Нерудагийн “Хайрын шүлгүүд” /Н.Энхбаярын орчуулга/, яруу найрагч А.Урантогос, “Алтан өд”-ийн шагналт, яруу найрагч Ц.Дэлгэрмаа нарын хайрын шүлгүүд ч тус сэтгүүлд багтжээ.

ШИНЭ ҮҮД 

Сайн зохиолыг юу агуу болгож байдаг вэ? Яг одоо хэн бичиж, хэн нь судлаж, зурж, бүтээж байна вэ? Хэн тэгээд агуу ихийн тодорхойлолтыг олгож, бусадтай жишин харьцуулдаг вэ? Мэдээж сайн уншигчид л болов уу. Өөр олон хүчин зүйлс нэмэгдэж магадгүй.

Дээр нь нэмээд бид гаднаас бус дотроо байгаа гоо сайхныг нээх, өөрсдийгөө уудлаад үзэх, эх орныхоо энгүүн сайхантай нүүр тулахын учгийг “Тагтаа Review” сэтгүүлийн “Санахгүй байна, гэхдээ сайхан байна” дугаараас уншчхаад сүүлийн хуудсыг хаахдаа мэдрэв. Уншиж дууссан хойно яг л хаалга хаах шиг мэдрэмж төрсөн юм. Гэтэл эсрэгээрээ нэгэн үүд өмнө минь цэлсхийн нээгдсэн байв.


Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав