НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаанаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд 2025 он болон 2026 оны эхний хагас жилд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлан мэдээллийг сонслоо.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва иргэдийн санал хүсэлтийг шуурхай хүлээн авч, шийдвэрлэлтийг сайжруулах зорилгоор “Хотын дарга сонсож байна” платформыг наймдугаар сарын 14-нөөс нэвтрүүлэх талаар мэдээлэв.
Тус платформоор иргэд 150150 тусгай дугаар, нийслэлийн “Call Center”, “Хотула” аппликейшн болон биеэр, бичгээр дамжуулан санал хүсэлтээ хүргүүлэх боломжтой. Иргэдээс ирсэн хүсэлтийг нийслэлийн эрх бүхий 23 албан тушаалтанд шууд хуваарилж, шийдвэрлэлтийн явцыг нээлттэй хянах боломж бүрдэнэ.
Нийслэлийн Засаг даргын хэлснээр уг платформ нь иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан төр, иргэдийн хамтын ажиллагааг сайжруулах зорилготой бөгөөд ирэх жилийн төсөвт нэг цэгийн үйлчилгээний төвүүдийн орчин нөхцөлийг сайжруулахад анхаарч ажиллана.








