Улаанбаатар хотын дэд бүтцийг хөгжүүлэх зорилгоор нийслэл 2027 онд 300 тэрбум төгрөгийн дотоод үнэт цаас /бонд/ гаргаж, Дулааны V цахилгаан станц болон УБ-Трамвай төслүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөж байгааг НЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Эрдэнэбадрах танилцууллаа.
Төлөвлөсөн санхүүжилтийн 250 тэрбум төгрөгийг Дулааны V цахилгаан станцад, 50 тэрбум төгрөгийг УБ-Трамвай төсөлд зарцуулах юм. Дулааны V цахилгаан станц ашиглалтад орсноор эрчим хүчний хэрэгцээг хангаж, 100 мянган айлыг цахилгаан, 40 мянган айлыг дулаанаар хангах боломж бүрдэхээс гадна агаарын бохирдлыг бууруулах ач холбогдолтой.
Харин УБ-Трамвай төсөл хэрэгжсэнээр нийтийн тээврийн хүртээмж сайжирч, замын түгжрэл болон агаарын бохирдлыг бууруулахад чухал хувь нэмэр оруулах юм.
Эдгээр төслүүдийг хэрэгжүүлэх санхүүжилтийн асуудлыг НИТХ-ын Ээлжит VII хуралдаанаар хэлэлцүүлэхээр дэмжээд байна.









