Д.Мөнхгэрэл: Хүний сэтгэлийг төрөлх хэлээр нь эмчилдэг

    -Танд зуны энэ сайхан нарлаг өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр ажлынхаа өрөөнд цаг гарган хүлээн авч байгаад баярлалаа. Таныг бизнесийн салбарт хүч үзэж яваа эмэгтэй хүний тань хувьд ажил үйлсийнхээ талаар ярина уу гэж урьж байна. 
    -Би яг бизнесийн салбарт хүч үзэх гэхээсээ илүү дуртай юмаа л хийж яваа нэгэн эмэгтэй. Тийм айхтар бизнесийн акул энэ тэр биш. Би ч өөрийгөө тэгж боддоггүй. Дурласан юмаа л хийдэг хүн. “Талст” худалдааны төвийг маань хүмүүс андахгүй байх. Европ болон өөр гадаад орнуудаар их явж үзсэний хувьд "яагаад дэлгүүр гадаадад байдаг шиг, хүмүүс нь кофе, цайгаа уугаад тухалж болдоггүй юм бол? Дэлгүүр гэхээр хүмүүс ядарч очдог биш харин эсэргээрээ очоод ямар нэг зүйл худалдаж авах авахгүйдээ биш, гол нь стрессээ тайлаад, нүд сэтгэлээ баясгаад, тайвшралыг мэдрээд гардаг тийм гоё газар байж болохгүй гэж" гэсэн бодолтойгоор яг л тийм сайхан газар байгуулъя гэж зориод Монголд анхны ийм моллыг эхлүүлж байсан. Гэхдээ анх 20 гаруй жилийн өмнө Эрдэнэт хотод моллоо нээж байсан. Хоёр давхар, цай кофе чанаж өгдөг, мини бартай дэлгүүр нээж байлаа. Тэр үед оросууд их байсан болохоор, ил зуухтай, тохьтой "boutique" нээсэн. Тэрийгээ Эрдэнэтдээ үлдээгээд, Улаанбаатарт “Талст” дэлгүүрээ нээгээд 10 гаран жил ажиллуулж байна. 
    -Talst Shop-оор үйлчлүүлэхэд үнэхээр л нэг амсхийх шиг, тухтай санагддаг юм. Та худалдаанаас өөр ямар салбарт үйл ажиллагаа явуулж байна вэ? 
    -Түрүүнд хэлсэнчлэн би бол бизнесмэн биш ээ. Би зүгээр л дуртай зүйлээ хийж, хобби, хүсэл мөрөөдлөө даган түүнээсээ амжилт гаргаж, түүгээрээ бахархаж, бүтээж байгаа л эмэгтэй хүн. Нэг талаараа хүний чиг хандлага, баримталдаг зарчим гэж байдаг даа. Миний зарчим бол "хүмүүнлэг" гэсэн үгэнд багтаж байгаа зүйлсийг л хийх. Дэлгүүр маань хэдийгээр бизнес гэж харагдаж байгаа ч түрүүн хэлсэнчлэн стресс тайлдаг, хүнийг гоё сайхан болгодог, бас хүний нүдийг баясгаж, элгийг баярлуулж, догдлол, мэдрэмж, баяр баяслыг зүрхэнд мэдрүүлэх гэж ажиллаж байна. Хүний сэтгэл санааг сайхан байлгах гэж гаднаа сонгодог маягийн хөшөө бариулсан байгаа. Гаднаа бас жил бүр хэдэн мянган цэцэг тарьсан байгаа гээд, эд нар маань бүгдээрээ л хүмүүнлэг гэдэг үгэнд багтана. Хүмүүнлэг гэхээрээ л хүмүүсийн боддог шиг "тэрэнд энэнд хандив өгөөрэй" гээд л гэнэт сэрсэн юм шиг үйлдэл хийхийг хэлэхгүй. Хүмүүнлэг байна гэдэг нь хүнд туслах тусламж юм бол цэцэг тарих ч бас хүмүүнлэгийн ажил шүү дээ. Хувиараа бизнес эрхлэх ёс зүй гэж зүйл олон улсад байдаг. Тэр нь тухайн үйл ажиллагаа явуулж буй орчноо гоё сайхан байлгах тохижуулах гээд. Нэг талаасаа энэ бол нийгмийн өмнө, улсынхаа өмнө хүлээж байгаа асар том хариуцлага, үүрэг, бүтээн байгуулалт гэж болно. Улсаас нэг ч төгрөг авахгүйгээр 100 гаран сая төгрөгний хөшөө бариулж байна гэдэг бол асар том байгууллагын ёс зүй юм. Нөгөө талаасаа хүний сэтгэлийг баясгаж, нүдийг нь нээж, үүгээр өнгөрч байгаа хүн бүр баясал мэдэрч, улсынхаа хот талбайг хайрлах, бусдын бүтээл, өмчийг хайрлах, хамгаалдаг болгох ёс зүйд сургаж байгаа. Бусад байгууллага ч бас үлгэр дуурайл аваасай гэж зорьж орчноо илүү сайхан болгож байна. Анх баруун дөрвөн замд дэлгүүрээ эхлүүлж байхад гаднах орчин харанхуй, шороо тоостой, гудамжны амьдралтай хүмүүс булан тохойд нь цуглардаг тийм л газар байсан. Энд бүтээн байгуулалт, ногоон байгууламж үүсгэснээр зөрж өнгөрөх эцэг эхчүүд халуун наранд сүүдэрлээд суудаг боллоо. Хүүхдийнхээ толгойг усан оргилуураас маань норгоод явж байгаа ч харагддаг. Хүмүүс цэцэглэж байгаа моддыг, тарьсан цэцэгсийн сонирхож, хөшөө, усан оргилуурны маань дэргэд амсхийж суугаа нь олон хүнд хэрэг болсон, тайвшрал, баясал мэдрүүлсэн бүтээн байгуулалт болжээ гэж боддог.  Дараа нь миний зориглосон салбар бол тэс өөр салбар байсан. Би өөрөө бараа судлаач мэргэжилтэй хүн. Гэсэн ч хүүхдийн цэцэрлэг бүтээн байгуулахаар эхлүүлж чадсан. "Талст-21" цэцэрлэгээ ажиллуулаад таван жил болж байна. Энэ жил 187 хүүхэд явж байгаа. Ер нь 200 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг байгуулсан. Анхны дэлхийн стандартыг хангасан орчин, тохижилт, үйл ажиллагаатай дээр нь заавал гадны гэлгүйгээр Монголынхоо хүүхэд хүмүүжүүлэх уламжлалт өв соёл, арга ухааныг хослуулсан ийм гоё цэцэрлэг бий болсон. Миний аавын надад өгсөн гэрийн хүмүүжил маш сайн байсан учраас л цэцэрлэгээрээ дамжуулж хүүхдүүдэд зөв суурь, зөв хүмүүжил, ухаан хайрласан ажил хийе гэж бодсны маань үр дүн. Ер нь хүнийг хүн болгох л чухал юм. Хүн болчихсон, юм бүхнийг гоё сайхнаар хардаг хүүхэд дээр юу л бол юуг сийлж болно. Тийм хүүхэд нийгмийн ямар ч гоё хандлагыг хүлээж авах чадалтай болдог. Ямар ч зүйлийг сурах эрмэлзлийг багад нь хүүхдэд суулгаж өгдөг. Цэцэрлэгээ байгуулахдаа хамгийн чухал нь орчин гэж бодсон. Тиймдээ ч манай цэцэрлэгт явж байгаа нэг хүүхдэд 150 м3 талбай ноогдож байгаа. Гэтэл улсын цэцэрлэг бол 150 м3 талбайд бараг 100 хүүхэд байгаа шүү дээ. Таазыг яагаад өндөр хийж байгаа нь их учиртай. Ерөнхийдөө эко цэцэрлэг маягаар хийсэн. Манай цэцэрлэгт очоод үзвэл мэдэгдэнэ дээ, шатнаас эхлээд бүх л зүйлийг хүүхдэд зориулж хийсэн байгаа. Хүмүүс баар савыг аймаар гял цал болгоод л байдаг юм чинь яагаад бидний хамгийн хайртай, юугаар ч сольшгүй хүүхдүүдийн байдаг газарт мөнгө зориулж болдоггүй юм бэ гэж бодоод зээл аван барин энэ төслөө хийсэн. Бүр зээл авч байж барьсан цэцэрлэг шүү. Монголд бизнес эхлүүлнэ гэдэг маш хэцүү. Нэг талаасаа төрийн дэмжлэг, жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан хөтөлбөр зээл гэж зүйл олддоггүй. Тэр зээлийг хөөцөлдөөд явахад асар их цаг хугацаа, арын хаалга, танил тал, хахууль хэрэгтэй болдог юм билээ. Тиймээс л банкны өндөр хүүтэй бизнесийн эргэлтийн зээл авсан. Гадны олон оронд тэр тусмаа АНУ-д бизнесийн эхлэлээ тавьж байгаа иргэддээ урт хугацааны бага хүүтэй зээл олгох, дээр нь тухайн бизнест нь зориулсан мэргэжлийн зөвлөх, туслах үйлчилгээ, сургалт зэргийг санал болгож тусалж дэмждэг. Тухайн бизнесийг амжилттай байлгахын төлөө анхаарч зөвлөж өгдөг гэсэн үг. Анх цэцэрлэгээ ажиллуулаад эхлэхээр хоол хүнсний асуудал маш чухлыг ойлгосон. Өөрөөрөө жишээ авахад би нутгаасаа сайхан монгол махаа аваад хэрэглэчихдэг. Бусад хүнсний бүтээгдэхүүнийг Америкаас татаад авчихдаг. Тэгээд л цэцэрлэгт явж байгаа хүүхдүүдийн хүнс үнэхээр сэтгэлд нийцэхгүй байсан учраас 100 үнээний ферм нээсэн. 

    -Шууд хэрэгцээндээ тулгуурлаад л шинэ салбар луу оржээ? 
    -Тийм ээ. Дахиад л зээл аваад эхэлсэн. “Ийм л юм хийж байж хүүхдүүдийг цэвэр органик бүтээгдэхүүнээр хангах ёстой. Таргийг нь хүртэл өөрсдөө бүрэх хэрэгтэй юм байна. Өдөр болгон шинэ сүү өгөхгүй бол болохгүй юм байна. Өгч байгаа боорцогныхоо гурилыг хүртэл өрөм, сүү хольж зуурах юм байна" гэх мэтээр алхам алхмаар урагшилсаар анхны транс тосгүй цэцэрлэг болсон. Би өөрөө идэхгүй байгаа хүнсээ яагаад цэцэрлэгийнхээ хүүхдүүдэд идүүлэх ёстой гэж? Би өөрөө идэж байгаа хүнсээ л хүүхдүүддээ өгөх ёстой юм байна" гэж бодсон доо. Хүний хамгийн хайртай эрдэнэсийг өсгөж, хүмүүжүүлнэ гэж авчихаад хүн чинь бас их сэтгэл гаргах ёстой юм билээ. Банк бол мөнгө хадгалаад өсгөөд байдаг бол цэцэрлэг хүний хамгийн хайртай юмыг нь хадгална, харж хандана гээд авч байгаагаас ялгаагүй шүү дээ, тийм ээ? 
    -Тэгэлгүй яахав. Хүүхэд өөрийнхөө сэрүүн байх цагийнхаа бараг 10-12 цагийг цэцэрлэг дээрээ өнгөрөөж байна шүү дээ. 
    -Тийм шүү дээ. Цэцэрлэг ч гэлтгүй дэлгүүрийнхээ ажилчдын хоол хүнсийг ч бас дандаа органик хүнсээр хангадаг. Яг өөрийнхөө иддэг хоолыг л идүүлдэг. Би ажилчдынхаа эрүүл мэндийг хамгаалах ёстой. Ажилчид маань эрүүл байвал ажлаа сайн явуулна. 

    -Хүний биеийн эрүүл мэндээс гадна сэтгэл санаа тайван байх, сэтгэл санааны хувьд эрүүл байх, ажил олгогчдоо сэтгэл хангалуун байж ажиллах нь бас л "кайф"-тай байдаг байх?
    -Тэгэлгүй яахав. Худалдан авагч нартаа ч Америкаас Starbucks-ын кофе авчирч чанаж үйлчилж байна. Аливаа юмыг хийхдээ худлаа биш, хуурсан биш, сэтгэлээсээ хийдэг байх хэрэгтэй. Би нэг л юмыг сайн хийж чаддаг. Бүх юмыг хийж чадахгүй. Миний хийж чаддаг тэр зүйл бол аливааг сэтгэлээ гаргаж хийх. Тэгээд л бусдыг нь мэргэжлийн, мэддэг чаддаг хүмүүст нь даатгана шүү дээ. Жишээ нь, цэцэрлэг нээлээ гэхэд би бүх юмыг нь мэдэхгүй учраас мэргэжлийн хүмүүст нь өгчихдөг. Үнээний фермээ нээлээ гэхэд бас л тухайн мэргэжлийн улсуудад нь өгчихдөг. Тэгээд өөрөө үүсгэн байгуулагч гэдгээрээ үлдэнэ. Хөрөнгө оруулалтыг нь шийдээд, хэрэгтэй зүйлсийг нь бэлдэж өгөөд "итгэ, шалга" гэдэг хуулиар л ажиллана даа. Ажилчдадаа ч би тэгж хэлдэг. "Би маш их итгэж байгаа учраас шалгаж байгаа" гэж. Хардсандаа биш, тэр хүн миний итгэлийг биелүүлж яваад алдаа гаргасныг нь сүүлд мэдвэл хэцүү шүү дээ. Хүн л юм чинь алдана. Мэдэхгүй чадахгүй юм таарна. Тийм учраас бид итгэдэг ч эргээд ажлаа шалгадаг байх ёстой. Алдаа гарвал хамтдаа тэр доор нь залруулдаг засдаг байх ёстой гэж үздэг. Тэгээд энэ сэтгэл гэдэг юман дээр тулгуурлаад бодоход, би ямар нэг юмыг хийхдээ "энийг л хийх юмсан" гэж чин сэтгэлээсээ хүссэн учраас хийсэн байдаг. Цэцэрлэг хийхдээ ч гэсэн одооны цэцэрлэгүүд бараг л бидний бага байх үеийн цэцэрлэгээс долоон дор болчихжээ гэж их харамсдаг байсан учраас хийсэн. Яг цэцэрлэг байгуулах үед буюу таван жилийн өмнө цэцэрлэгийн хүрэлцээ маш бага болоод улсын цэцэрлэгт хүүхдүүд нь багтахгүй, хувийн цэцэрлэгүүд цөөн байсан. Улсын цэцэрлэгт хүүхдээ өгөх гэж эцэг эхчүүд өдөржин шөнөжин гадаа хонож байлаа. Тэгээд "би энийг л хийх ёстой юм байна" гэж бодож, том тоглоомын төвтэй, хүүхдүүд зүгээр л цэцэрлэг дээрээ тоглочихдог, ёстой хүссэн болгон нь байдаг тийм л цэцэрлэгхийе гээд урлагийн заалтай, бүх л юмтай цэцэрлэгийг хийсэн. Бас хүүхдүүдийн, эцэг эхчүүдийн байгаа байдал, тэдний хоорондын харилцааг ажаад байхад "хүмүүсийн сэтгэл их чухал юм байна даа" гэж бодогдож байлаа. Ялангуяа ээж аавуудын хүүхэдтэйгээ харьцаж байгаа байдал. Жишээлбэл, хүүхэд цэцэрлэгтээ яваад харихдаа уйлахад нь "яасан цэцэрлэг нь таалагдаагүй юу?" гэж асуудаг. Гэтэл би Дэйл Карнегийн сургалтанд хамрагдаж байхад энэ тухай юу гэж зөвлөсөн гэхээр "миний хүү, эсвэл охин цэцэрлэгтээ маш сайн байлаа. Өнөөдөр чамайг шагнаад хэдүүлээ ийм гоё газар хоол идье. Ийм сайхан тоглоомоор тоглуулъя" гэж хэлэх хэрэгтэй юм байна. Энд сэтгэлзүйн асуудал яваад байгаа биз? Өөр нэг жишээнд хүүхэд нь цэцэрлэгээсээ ирчихээд уйлаад зогсохгүй байж л дээ. Гэтэл аав нь "энэ яагаад уйлаад байгаа юм бэ" гээд ээжээс нь асуутал "маргааш цэцэрлэгтээ явмааргүй байна гээд уйлаад байгаа юм аа" гэж л дээ. Ер нь цэцэрлэгийн эхний өдрүүдэд айлуудад ийм асуудал үүсдэг. Тэгээд тэр хоёр хүүхдэдээ юу ч хэлээгүй зүгээр л хоёулаа зураг зураад суугаад байсан гэж байгаа. Сүүлдээ хүүхэд нь уйлахаа болиод "би бас зураг зуръя л даа" гэсэн чинь "чи одоохондоо чадахгүй. Яагаад гэвэл бид хоёр үүнийг чам шиг бага байхдаа цэцэрлэгтээ сурсан юм" гэж хариулж л дээ. Гэтэл маргааш өглөө хүүхэд нь "аав аа, хурдан цэцэрлэгтээ явъя" гээд бэлэн болчихсон, сандал дээрээ сууж байсан гэж байгаа. 
    -Тэгвэл манай аав ээж ч бас над дээр тиймэрхүү арга хэрэглэсэн юм биш үү. "Цэцэрлэгт ороод найз нартай болж, олон гоё дуу шүлэг сурна шүү" гээд дандаа "рекламддаг" байсан.  Хүмүүсийн ихэнх нь тэгдэг шдээ, "чамайг одоо цэцэрлэгт очиж тушаана аа", эсвэл "одоо албандаа явах цаг болсоон" ч гэдэг юм уу, анхнаасаа айлгах байдлаар цэцэрлэгийн тухай ойлголт өгөөд байдаг юм уу даа. 
    -Тэгээд хүүхдийнхээ дэргэд болж бүтэхгүй юм их ярьж байна л даа. "Яасан миний охинд цэцэрлэг нь таалагдахгүй байна уу? Миний охинд цэцэрлэг нь гологдоод байгаа юм" гэх мэтээр, тийм ээ? 

    -Аан тэгвэл "асуудал нь надад биш, цэцэрлэгт л байгаа юм байна" гэсэн ойлголт авдаг байж болох юм? 
    -Анхнаасаа хүүхдэдээ юмыг голох сэтгэхүйг суулгаж байна шүү дээ. Бас нэг жишээ татахад, манай нэг найз Францад айлын хүүхдийн гэрийн даалгавар хийлгэдэг ажил хийж л дээ. Тэр гэр бүл өглөө, өдрийн хоолоо ресторанд иддэг гэнэ. Тэгэхэд нь хамт хооллодог байж. Тэр гэрийн аав нь хүүхдэдээ "миний хүүгийн багш дэлхийн хамгийн мундаг багш" гэж хэлээд унтуулдаг гэж байгаа юм. Хамт хооллохдоо багшийг нь заавал түрүүлж хоолоо идэхийг урьдаг гэнэ л дээ. Гэтэл тэр хүн чинь хүүхдэд нь нэг ёсондоо үйлчилж байгаа хүн шүү дээ. Дараа нь Монгол айлд ажилласан чинь тэс өөр байна гэнэ шүү. "Чи яагаад энэ ширээнд сууж хоол идэх гээд байгаа юм? Энэ хүүхдийг чинь хэн хооллох юм?" гээд уурлаж байна гэнэ. Хүүхдийнхээ дэргэд тэгж загнасан гэж байгаа. Тэр монгол аав ээж нарын сэтгэхүй өөр байгаа биз? Тэр Франц эцэг эх хэдийгээр багшийг л хүндлээд "түрүүлээд хоолоо ид" гэж байгаа юм шиг боловч яг үнэндээ хүүхдээ хайрлах урлагт сургаж байгаа. Ямар ч хүнийг хайрлах урлагт сургачихаар тэр хүүхэд аав ээжийгээ тэр байтугай хайрлана шүү дээ. Гэтэл манайхан дунд хүүхдээсээ ачлал нэхдэг "чи ээжийгээ л хайрлах ёстой" ч гэдэг юм уу, ялангуяа салсан гэр бүлүүдэд "чи тэр аавтайгаа харьцаж болохгүй шүү. Аав чинь олиггүй хүн" гэдэг ойлголтыг өгөөд байдаг. Гэтэл эцэст нь тэр хүн хүүхдийнхээ зүрх сэтгэлийг "хөнөөгөөд" дуусч байгаа байхгүй юу. Хамгийн эрхэм тэр аав гэдэг хүнийг хайрлаж чадахгүй болгоод хүмүүжүүлчихээр дараа нь тэр хүн ямар хүнийг хайрлах билээ? Ямар аав болох билээ? Ажигласаар байгаад би хүний сэтгэлзүй гэдэг зүйлийг их сонирхдог болсон юм. Манай Монголын сэтгэл судлалын салбарын нэр хүндтэй доктор (АУ-ы доктор, Кл.Профессор, эмч, эрдэмтэн /сурв./) Н.Дэмидмаа гэдэг эрхэм хүнтэйгээ уулзаад "хоёулаа хамтарч сэтгэл заслын эмнэлэг нээе" гээд нэг шинэ бизнес рүү орчихсон байгаа. 
    -Сэтгэл заслын эмнэлэг нь хаана нээгдэх вэ? 
    -Эмнэлэгтээ зориулаад Зайсан орчимд тохижилт, заслын ажил эхлүүлээд явж байгаа. Гэхдээ бид хоёрын бодож байгаагаар хүнд ердөө эмнэлэг гэж харагдахгүй. Учир нь өнөөдөр бид сэтгэл гэдэг зүйл өвддөг юм байна гэдгийг мэддэг болоод байгаа. "Өө, манай ээжийн зүрх нь өвдчихсөн, аавын элэг нь өвдчихсөн, эсвэл даралт ихсээд байгаа” гэх боловч тэр хүний сэтгэл өвддөг гэдгийг ерөөсөө хүмүүс мэддэггүй юм байна л даа. Миний нөхрийн, миний хүүхдийн сэтгэл нь өвдөөд байна, эсвэл сэтгэл нь хөөрчихөөд байгаа, энэ үед нь би юу хийвэл дээр вэ гэдгийг мэддэг байх нь "сэтгэлийн боловсрол" юм даа. Үүнийг л бие биедээ суулгахын төлөө байгууллага болох юм. Сэтгэл засал гэдэг бол дэлхийн бусад орнуудад аль эрт хөгжчихсөн салбар. Манайд бол үүнийг тэгж хардаггүй юм байна. "За юун сүртэй юм" гэх аястай. Эхнэр, нөхөр, хүүхэд нь бүр болохоо байвал бөөлүүлнэ, лам дээр очиж ном уншуулна гээд явчихдаг. Эдгээрнь Монголын нэг төрлийн сэтгэл засаж байгаа салбар мөн боловч нөгөө хүнд амьд харилцаа чухлыг илэрхийлж байна. Миний яг бодож олж харснаар бол хүн зүрх, элэг, бусад эрхтнээ өвдөхөөр гадагшаа яваад эмчлүүлчихдэг. Эсвэл бүр сольчихсон ч болж байна. Гэтэл сэтгэл гэдэг зүйлийг сольж огт болдоггүй. Бүх өвчний үндэс, амьдралын аз жаргал, гэр бүл салалт гээд бүх юмны үндэс болдог. Дээр нь сэтгэл гэдэг юм ерөөсөө төрөлх хэл дээрээ л эмчлэгддэг. Гадаадууд эм тариа хийгээд өвчнийг нь намдааж, ядаргааг нь тайлдаг л байх. Гэхдээ л сэтгэлийг нь эмчилж чадахгүй. Хүний сэтгэлийг төрөлх хэл дээр нь л эмчилдэг юм байна. Ганц аппаратаар оношилж болдоггүй, рентгенээр илэрдэггүй, сольж болдоггүй, гадаадад очоод эмчлүүлж болдоггүй том эд бол сэтгэл юм. 
    -Сэтгэцийн биш сэтгэл заслын эмнэлэг гээд байгаа. Хүмүүс энэ тал дээр ямар нэг асуудал гарахаар очиж эмчлүүлэхээсээ эмээгээд байдаг л даа. Өнөөх чинь сэтгэлзүйн эмчилгээнд явж байгаа гэнэ гэхээр галзуу, солио тусчихсан мэтээр хүлээж авах гээд байдаг үзэгдэл бий... 
    -Яг үнэн. Хүн зүрх өвдөөд зүрхээ эмчлүүлж байгаа гэвэл "өө, тэгэлгүй яахав ээ.Өвдөөд байгаа юмыг эмчлүүлэлгүй яахав" гэдэг мөртлөө сэтгэл заслын эмчилгээнд явж байгаа гэхээр "хүүе, энэ яачихсан юм бол оо?" гээд гайхаад байна. Гэтэл хүн болгон сэтгэлээр өвдөж байдаг шүү дээ. Нулимс гэдэг зүйл чинь сэтгэлээс гардаг. Тэгэхэд хүн тоохгүй. "Энэ уйлаад байна лээ" гэдэг. Гэтэл тэр хүний сэтгэл нь өвдөөд уйлж байгаа шүү дээ. Сэтгэл нулимстай, сэтгэл амьтай, сэтгэл янз бүрийн өвчин авдаг. Тэгээд сэтгэл маш их баярладаг, гуньдаг, зовдог. Сэтгэл нь хүчтэй хүн гэж бас байдаг. Хүүхдэд анхнаас нь сэтгэлийн хүчийг өгчих юм бол ургамал шиг уславал ургаад, услахгүй бол үхчихдэг байдалтай биш, ямар ч зүйлд хугарч няцахгүй хүн болдог юмсанжээ. Монголчууд сэтгэлийн хат гэж ярьдаг. Энэ бол агуу том боловсрол юм. Сүүлийн үед энэ тухай их уншиж сонирхож байгаа. Ер нь сэтгэлзүйн эмч, сувилагч гэдэг ажлыг маш хүнлэг хүн л хийдэг юм билээ. Дэлхийн хамгийн хүнлэг хүн л энэ ажлыг хийнэ. Бүр дэлхийн шүү! Хүний нууцыг чанд хадгалах, хүнийг ойлгох гэдэг үүднээсээ. Хүнлэг биш хүнд үүнийг атгуулж болохгүй салбар юм. Эмнэлгээ мэдээж би мэргэжлийн хүмүүст нь хариуцуулна. Тэгээд энд эмчлүүлж байгаа хүмүүст эмнэлэгт хэвтэж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэхгүй, гэртээ байгаа юм шиг, эсвэл бүр гоё сайхан орчинд орж ирж сэтгэлээ анагаах боломжтой болох юм. 
    -Хэзээ ашиглалтанд орох билээ? 
    -Энэ найман сарын сүүлээр ашиглалтад орно гэж төлөвлөж байгаа. Ханан дээрээ гоё уран зураг зуруулахаас эхлээд жижиг сажиг ажлууд байгаа. 
    -Ямар зураг?
    -Хүн хараад тухайн үеийнхээ сэтгэл санааны байдлаас болоод ямар ч бодолд автаж болохоор тийм зургууд байдаг шдээ.  Канадын Монтреал хотын сэтгэл заслын эмч нар эмчилгээнд урлагыг тэр тусмаа уран зургийг ашиглах нь үр дүнтэй сэтгэл заслын эмчилгээ гэдгийг гаргаж ирж эмчилгээнд ашигладаг болоод байгаа.
    -Танай эмнэлэг маш олон хүний хэрэгцээ шаардлагад нийцсэн байх болов уу гэж итгэж байна. Нууц биш бол эмнэлэг ямар нэртэй байх вэ? 
    -Нэрээ өгөхдөө бид хоёр нэрнийхээ эхний үсэгнүүдийг нийлүүлээд "MD" буюу “MD NEW MIND” сэтгэц, нарколог, дотор, уламжлалын клиник гэж байгаа. Нөгөө талаас энэ нь англиар "medical doctor" буюу "анагаах ухааны доктор" гэсэн үгний товчлол болдог. 
    -Сэтгэл засал гэхээр юугаараа онцлог байх юм бол? Хүн нойргүйдэж ядарснаасаа болоод сэтгэлийн хямралд орсон, эсвэл ойр дотны хүнээ алдаад шаналж яваа гээд бүх л хүн энэ эмнэлэгт хандаж болох уу? 
    -Тийм ээ. Мах цусанд төрсөн хүн бүхний сэтгэл өвдөж зовдог. Тиймээс ямар ч тохиолдолд манайд хандаж эмчилгээ авч болно. Хэн нэгэн хайртай хүн тань архины хамааралтай болсон бол тэр хүнээ авчирч үзүүлнэ. Архины асуудалдээр маш мундаг эмнэлэг болно. Энэ тухай манай Н.Дэмидмаа доктор бүр илүү ярина. Би бол одоогоор өөрийн мэдэж байгаа зүйлүүдээ л ярьж байгаа. Өнөөгийн маш их уур уцаартай, бухимдалтай цаг үед сэтгэл заслын эмнэлэг маш чухал юм байна гэж харж байгаа. Хоёрдугаарт гэвэл би өөрөө залуудаа Мерлин Монрогийн номыг уншиж байхад дандаа л ажлаа тараад сэтгэл заслын эмч дээрээ очоод 6-7 цаг болдог, тэр нь маш өндөр үнэтэй байдаг гээд л уншиж байхдаа ерөөсөө ойлгодоггүй байсан. Бүр гайхаж байлаа. Гэтэл энэ нь тэр хүний амьдралд маш чухал зүйл байжээ. Сэтгэл заслын эмнэлгээр явж байгаа хүмүүсийг заавал гажигтай, галзуу гэж харах хэрэггүй. Энэ бол ердөө гоо сайхны эмнэлэг, эсвэл зүгээр нэг сувиллаар явж байгаатай яг адилхан гэж ойлгох хэрэгтэй юм билээ. Сэтгэл гэдэг зүйлийг бол яах аргагүй л эх оронд нь эмчилнэ. Би Н.Дэмидмаа доктортойгоо хамтраад ийм гэгээлэг ажил эхлүүлж байгаадаа маш их баяртай байгаа. Маш олон гэр бүл салалтаас аврагдах байх. Яагаад гэвэл сэтгэл нь эмчлэгдчихсэн байгаа учраас. Маш олон хүмүүс ах дүү, хамаатан садантайгаа эв түнжинтэй, урт удаан амьдрах байх. Яагаад гэвэл сэтгэл нь сайхан, уур уцааргүй, архи дарсгүй, сайн сайхан үзэл бодолтой байна гэдэг чинь тэр гэр бүлийг амгалан болгоно. Цаашлаад нийгмийн уур амьсгалыг гоё болгоно. Тэгэхээр энэ бол алсуураа маш их буянтай, миний ярьдгаар өнөөх "хүмүүнлэг" гэдэг үгэнд багтсан бизнес хийнэ гэдэгминий бизнесийн зорилгод маш их таарч байгаа ажил юм. 

    -Буян гэдгийг орчин үед бараг "нийгмийн хариуцлага" гэдэг үгээр тодорхойлоод байгаа юм уу даа?
    -Ер нь бол дэлхийн том том улсууд бизнесийг хэр их орлого олдог, хэр их татвар төлдөг гэхээсээ илүү нийгмийн хариуцлагаар нь дүгнэдэг. Тухайн бизнесмэн нийгэмдээ яаж үйлчилснээр нь жинхэнэ хариуцлагатай бизнесмэн мөн үү биш үү гэдгийг нь тодорхойлж байна. Одоо бизнес хийж байгаа болон бизнес хийх гэж байгаа хүмүүст хандаж хэлэхэд нийгмийн хариуцлагаар бүх юм тодорхойлогддог болсон. 
    -Таны яриаг сонсоод байхад маш их урам авч байна. Шууд маргааш гараад бизнес хиймээр ч юм шиг санагдаж байна шүү. Гэтэл яг бодит байдалд Монголд бизнес хийхэд хэр вэ? 
    -Монголд бизнес хийнэ гэдэг нь маш хэцүү л дээ. Бараг л урлаг. Английн лордууд гэдэг шиг бид чинь цаанаасаа бизнес сэтгэлгээний суурьтай хүмүүс биш шүү дээ. Нүүдэлчид. Ер нь суурин соёл иргэншилтэй газар бизнес маш амжилттай байдаг. Жишээ татахад нэг кофе шопыг дөрвөн үе дамжин эзэмшсэн байдаг. Өөрөөр хэлбэл өвөөгийнхөө эхлүүлсэн бизнесийг ач нь хүүхдэдээөвлүүлээд явж байдаг. Би залуучуудад юу захих вэ гэвэл нэг л зүйлээ сайн хийхэд хангалттай. Нэг зүйлдээ л сэтгэлээ өгөөд явж байхад тэр чинь чиний бизнес. Тэр кофе шоп томрохгүй байсан ч болно. Хамгийн чухал нь тэр сайхан үйлчилгээ, тэр сайхан сэтгэл он удаан жил, үе удам дамжин өвлөгдөөд явж байгаа нь буюу өөрөөр хэлбэл тухайн зүйлээсээ тодорхой ашиг олдог, түүнийгээ хийх дуртай, түүнээсээ таашаал авч байгааг л бизнес гэдэг ухагдахуун гэж ойлгоно. Бизнес гэхээсээ илүү миний сайхан ажил, миний гайхалтай хобби гэж харах сайхан юм даа. Жишээлбэл, би эмэгтэй хүнийхээ хувьд дэлгүүртээ сайхан орчин бүрдүүлээд, гоё хувцсаа өмсөөд хүмүүсийг гоё сайхан хувцсаар хувцаслаад байж байгаа нь таашаал юм. Миний бизнес бол урлаг миний ажил, дэлгүүр маань миний урлан. Би өөрөө гоё сайхан орчинг бүтээж, гоёмсог загварлаг хувцас авчирч, алдартай дизайнеруудын бүтээлийг таниулж, стиль бүтээж, түүгээрээ дамжуулан хүний сэтгэлд засал хийж, аз жаргал, баяр баясал мэдрүүлдэг. Тиймээс л би уран бүтээлч гэж өөрийгөө үзэж өөрийн урлангаа бүтээж байгаа хүн юм. 
    Өөрийнхөө үзсэн юмыг бусдад харуулчих юмсан, өөрийнхөө мэдэж ухаарсан зүйлийг бусдад бас мэдүүлчих юмсан, өөртөө төрсөн сайхан мэдрэмжийг бусадтай ч гэсэн хуваалцах юмсан гэж бүр байж ядаж байдаг минь надад бурхнаас өгсөн бэлэг юм болов уу.  Бид нарын үеийн 50 орчим насны хүмүүс ер нь ямар ч насны хүмүүс сурах үйл ажиллагааг хэзээ ч зогсоож болохгүй. Ихэнх хүмүүс дөрөв юм уу зургаан жилд их сургуульд сурсан боловсролоороо насан туршдаа амьдрах гээд зүтгээд байдаг. Тэр бол боловсрол мөн боловч хангалтгүй юм шүү. Хүн ойр зуурын бүх л зүйлийг сурч байх ёстой. Миний бодлоор хүн коллежид хоёр жил сурчихаад ажил хийх ёстой байхгүй юу. Ажил хийж байхдаа "за би нягтлан бодогчоор сурах хэрэгтэй юм байна. Миний бизнест нягтлан хэрэгтэй юм байна" гэсэн хүсэл мөрөөдлөөр сурч байгаа хүний сурах, зүгээр л аав ээжийнхээ мөнгийг үрээд нягтлангаар дуртай дургүй сурч байгаа хүний сурах хоёрын хооронд чанарын асар том ялгаа бий. Ээж аавуудад гэж хэлэхэд, хүүхдээ 18 хүрэнгүүт л юу юугүй "одоо их сургуульд яв" гээд шахаад байх нь хамгийн зөв сонголт биш ээ. Коллежид сургаж болно, ажил хийлгэж болно. Тэртэй тэргүй хүмүүсийн наслалт уртсаж байгаа үе. Урьд нь бол хүн богинохон насалдаг байлаа, тавь жар хүрээд л болчихдог байлаа. Миний үеийн 50 настай хүмүүс ч сурахаа зогсоогоогүй байна. Бие бялдраа хөгжүүлж байна. Би өөрөө 2 жилийн өмнө АНУ-д боксын дугуйланд яваад төгсчихсөн. Энэ жил гар бууны буудлагаар хичээллэж сурч байна. Энэ нь миний тархинд маш сайхан амралт болоод зогсоогүй тэвчээр, анхаарал төвлөрөлтийг маань сайжрууллаа. Бас маш их хариуцлага юм байна. Би жаахан л алдахад өөр тийшээ буудах эрсдэлтэй учраас маш их анхааралтай болох юм байна лээ. Энэ мэтээр хүний сурах юм ер дуусахгүй байна. Бүр өглөөний цай бэлдэх сургалтанд хүртэл суулаа. Байнга л суралцаж байх чухал юм байна. Сүүлийн үед бүх юм хөгжөөд хүн интернетээр сурч болж байна, подкаст сонсож болж байна. Бичлэг үзээд хоол хийж сурч болж байна. За яахав, залуучууд бол угаасаа л сурч хөгжих нь ойлгомжтой. Ялангуяа миний насны хүмүүс сурахаа битгий зогсоогоосой. Би сурч явж байгаад л энэ сэтгэл заслын эмнэлгийн санаагаа олсон. Дөрөв таван жилийн сургуульд дөнгөлүүлчихээд цагаа үрэх би дургүй. Өөртөө яг хэрэгцээтэй байгаа зүйлээ олж шунаж ухаалгаар суралцах их чухал шүү. 
    -Надад нэг юм их сонирхолтой санагдаж байна л даа. Таны ажлын ширээг харахад янз бүрийн л юм байна. Аяга шаазан, давс, оливын тос, тэгснээ ном, тогосны өд гээд л. Байнга хөгжиж явдаг хүний хувьд таны яг одоо уншиж байгаа ном? 
    -Машбатын орчуулсан АНУ-ын Ерөнхийлөгч асан Рузвельтийн эхнэрийн номыг уншиж эхэлж байгаа. Тэр бол маш гайхалтай эмэгтэй байсан юм билээ. Би бүр олзуурхаад 40-өөдшихэгийг худалдаад авчихсан. Зургаан сарын нэгэнд найз хүүхнүүддээ заавал уншаарай гэж өгсөн. Би их гоё номыг хүнд бэлэглэх дуртай. Миний уншаад мэдээд авсан юмыг нэг ч гэсэн хүн уншаад үр хүүхдээ хүмүүжүүлэхдээ хэрэглээсэй гэж боддог. Энэ номон дээр их гоё үг байсан. Хүн ээж болох их амархан. Харин хүүхдүүдээ шилдэг, мэдрэмжтэй, бүтээлч, манлайлагч хүн болгох нь шал өөр хэрэг юм. Хүүхэд гаргаад л ээж болчихлоо биш, ээж болуутаа л ээжийн боловсролд суралцах ёстойгоо хүмүүс ихэнхдээ мартчихдаг. Аав болчихсон хүн тэрийгээ тэмдэглээд хаях биш, аавын боловсролд суралцах ёстой. Үнэтэй цэцэрлэг, үнэтэй багшид даатгаад л болчихдог юм биш. Гэр бүлийн нандин амьд харилцаанд сургах ёстой. Нандин хүүхдээ нандин л харьцаагаар хүмүүжүүлэх хэрэгтэй. 
    Хүүхэд сургуульд явах хэрэгтэй ч гэсэн үүний зэрэгцээгээр бас хүүхэд болгон кэйк хийж, зураг зурж сурах хэрэгтэй. Заавал дүрслэх урлагийн сургуульд сурахдаа биш, заавал диплом авахдаа биш юм. Үүнийг л толгойноосоо авч хаяасай гэж боддог. Зургийг хүн чөлөөт цагаараа өдөрт 30 минут зурдаг байхад гоё зурдаг болно. Яагаад зураг гээд байгаа юм бэ гэхээр зураг зурсан хүүхэд маш сайхан сэтгэн бодох чадалтай, маш гоё баялгийг бүтээдэг, сэтгэдэг хүүхдүүд болно. 

    -Зураг гэснээс, би нэг юмыг анзаарахгүй байж чадсангүй. Таны ажлын өрөөний хананд их сонирхолтой зураг байна. Отгонтэнгэр хайрханд сувдан зүүлт зүүлгэчихсэн юм шиг зураг байх юм? Энэ хэн гэдэг зураачийн зураг вэ?
    - Миний төрсөн ах зурсан юм. 
    -Тэгвэл та бас зурах авьяастай юу? 
    -Миний хувьд бол зурах гэхээсээ илүү сэтгэх авьяастай юм болов уу. Гэхдээ юмыг чадахгүй гэдэггүй л хүн. Сагс, волейбол тогловол тоглочихно. Би өөрөө уран гимнастикч байсан хүн. Циркт нугардаг байсан. Энэ бол заавал мэргэжил болгож эзэмших биш өөрөө хүсвэл өөрөө сурчихдаг байх нь чухал гэж боддог доо.  Манай аавын бидэнд өгсөн хүмүүжил бол, хаа байсан Завханы Тосонцэнгэлд уран зургийн урлан нэг амбаарт нээчихсэн байсан. Тэгээд тэнд л манай ах зурж сурсан. Манай хоёр ах хоёулаа зурдаг. Манай том ах нас барсан хүмүүсийн хөрөг зураг зурдаг байсан. АНУ-д би дүү охиныхоо 5-6 настай хүүхдийг дугуйланд элсүүлж төлбөрийг нь төлж хүргэж өгч байсан. Тэгэхэд тийм насны хүүхдэд оёдол эсгүүр хийхийг заадаг юм билээ. Ээж аав нь яг охинтойгоо адилхан эсгээд цүнх хүртэл оёж байна билээ. Ингээд бодоход бүх л жижиг зүйлс боловсрол байдаг юм байна. Тэрийг хийх явцдаа өөрийнхөө авьяасыг таниад маш мундаг дизайнер болж болно шүү дээ. Үгүй юм аа гэхэд ямар ч л байсан хувцсаа засаад өмсчихдөг, гар хөлийн хөдөлгөөн нь эвсэлтэй болж байгаа юм. Иймэрхүү гоё дугуйлан, сургалтаар хүн их явах ёстой юм байна лээ. 
    -Та бараа судлаач мэргэжлээ хаана эзэмшсэн бэ? 
    -Би анх Завханы техникумын Бараа судлалын ангийг онц төгссөн. Тэр жил ээж маань нас бараад би улаан дипломтой төгссөн учраас эргээд Завханы мах боловсруулах үйлдвэрт мастер болж очиж байсан. Тэр үед улаан дипломтой хүүхдүүдийг шууд намын шугамаар мастер болгодог байлаа шүү дээ. Тэгж суралцаж байсан. Тэгээд сүүлд МУИС-д Бараа судлалын анги нээгдээд онц төгссөн хүүхдүүдийг урьж суралцуулж байсан. Тэгээд нэг жил эчнээгээр сураад зэргээ авсан. 
    -Таны ярьж байгаагаар заавал сургууль гээд байлгүй байнга суралцаж байх хэрэгтэй гэж байна. Таны хүүхдүүд хаана ямар сургуульд сурч байна вэ? 
    -Сургууль хэрэггүй биш л дээ. Сургуулийнхаа хажуугаар сонирхдог зүйлсээ сурч, давхар чадвар эзэмших хэрэгтэй гэдгийг л хэлэх гээд байгаа юм. Манай хүү гэхэд АНУ-д бизнесийн чиглэлээр сургуульд сурч байгаа ч анагаахын талын бүх л зүйлийг өөрөө судлаад явж байна. Монгол оюутан монгол махны гайхамшгийн талаар ярьж байна гээд бичлэг сошиалаар яваад байгаа шүү дээ. Тэр чинь миний хүү байгаа юм. Монгол махыг ямар гайхамшигтай юм бэ гэдгийг судлаад гаргачихсан байгаа. 
    Зөвхөн анагаах ухаан, бизнес гэлтгүй, фитнес, биеийн тамирын тухай ч хичээлийнхээ хажуугаар судлаад явж байна. Эцэг эхчүүд ч гэсэн хүүхэдтэйгээ зэрэгцээд хөгжөөд явах ёстой гэж би боддог. Сэтгэл заслын тухайд ч гэсэн, гэр бүлийн нэг гишүүн сэтгэлзүйн эмчилгээнд яваад эрүүл саруул болоод гараад ирсэн ч гэр бүлийнх нь гишүүд хамтдаа хөгжөөгүй, тэр хүнийг ойлгодог болоогүй цагт тэдний харилцаа бас буруу эвлүүлсэн шоо шиг эвээ олохгүй дахиад л тэр зовлон шаналалтай байдал давтагдана гэсэн үг. Тийм болохоор бие махбод, тархиа цэнэглэхээс гадна сэтгэл заслын эмнэлгээр үйлчлүүлж сураарай гэж захих байна.
    -Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа. 
    -Баярлалаа. 

Сэтгэгдлүүд : 2

  • Draisaw

    <a href=https://cialiswwshop.com/>buy cialis canada pharmacy</a>

  • Draisaw

    <a href=https://cialiswwshop.com/>cialis generic</a>

Сэтгэгдэл оруулах

урлан