Далайд гарсан хөлгийн дарвуул

    Сэтгүүлч хүнд ховор зочинтой уулзаж ярилцлага авах шиг сайхан тохиол үгүй. Тэгвэл би өнөөдөр нэгэн ховор эрхмийг та бүхэнтэй уулзуулахаар урьсан юм. Зочин маань ийм олон цагаар сэтгүүлчийн өмнө сууж санаа сэтгэлээ дэлгэх нь бүү хэл нэг ч удаа дэлгэрэнгүй ярилцлага хэвлэлд өгч байгаагүй билээ. Монголын олон нийт “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын талд байсан 49 хувийг монголд авчирч чадсан, “Монголын зэс” корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшинг хаанаас ирсэн, хэн болохыг мэдэхгүй. Мэдэхгүй учраас түүний тухай аль хэдийнэ баахан домог үйлдвэрлэгдсэн.
    Ингээд та бүхнийг түүний ертөнцөөр аялахыг урьж байна. Тэр бол ажил хэрэгч, залуу бизнесмен. Цоо шинэ монголчуудын төлөөлөл. Тийм болохоор уламжлалт, тогтсон хэв шинжүүд бараг үнэртэхгүй. Гэхдээ уншигч тадараагийн үе дандаа биднээс илүү гэдэгт улам итгэх болно гэдэгт эргэлзэхгүй.

    Юуны өмнө урилга хүлээж авсан танд баярлалаа. Мэдээж би сэтгүүлч хүний хувьд монголын олон нийтийн ихэд сонирхож байгаа, ховор зочин олж уулзаж байгаадаа тун их олзуурхаж байна. Таны хувьд учирсан эрсдэл, туулж байгаасүүлийн жилүүдийн ажил хэргийн амьдрал тань төвөгтэй байгаа. Гэтэл би ийм үед уулзаж байгаагааолз гэж хараад баярлаад байдаг. Хоёулаа нэлээн удаан ярилцах байх. Бас хариулмааргүй асуултаас татгалзах эрхийг танд олгож байна. Ингээд эхлэх үү?

    -За,танд ч гэсэн баярлалаа. Үнэнийг хэлэхэд би ч бас танд анхныхаа ярилцлагыг өгч байгаадаа маш их олзуурхаж байгаа. 

    Олон нийтэд байгаа таны тухай хамгийн тодорхой болсон мэдээлэл гэвэл "Монголын зэс" корпорацийн гүйцэтгэх захирал, 30 настай. Илүү мэдээлэл алга. Харин цаасан дээр бол Ц.Пүрэвтүвшин гэдэг домог хэдийнэ олон төрлийн зохиомжтойгоор өрөгдөж эхэлсэн.

    -Тэгж байгаа байх аа. (инээв) 

    Ц.Пүрэвтүвшин хаана төрж өссөн, нийгмийн гарал нь ямар болох, ямар мэргэжил боловсролыг хаана эзэмшсэн, өнөөдөрт иртэл ямар зам туулсан хүн бэ гэдгийгманай уншигчид ихэд сонирхож байгаа. Та Улаанбаатарын уугуул уу?

    -Үгүй,үгүй. Би чинь Ховд аймгийн уугуул.Ховд аймгийн Жаргалант сумын хүн. Тэнд л төрж өссөн. 

    Ховд аймгийн төвд гэсэн үг байх нь?

    -Тийм, яг тэнд. (инээв) Ховдын төвийг Жаргалант сум гэж нэрлэдэг юм. Манай аав Ховд аймгийн Дарви сумын харьяат хүн. Харин ээж Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумынх. Аав маань насаараа барилгын компанид жолооч хийсэн, тээврийн жолооч хүн бий. Одоо тэтгэвэртээ гарсан.

    Та айлын том хүү юм уу?

    -Айлын том, дороо хоёр дүүтэй. Ээж маань насаараа багшилсан багш хүн. Бараг 1997 он хүртэл дунд сургуулийн багш хийж байгаад 1998 оноос хойш төрийн албанд ажиллаж байгаа. Удахгүй тэтгэвэртээ гарах гэж байна.

    Одоо ч гэсэн тэд Ховд аймагтаа амьдарч байгаа юу?

    -Тийм. 

    Та яг Ховдод төрсөн юм уу?

    -Тэгсэн. Яасан? 

    Яг таг л баталгаажуулж авах гээд?

    -Яг аа, яг. (инээв) 

    Арван жилийн сургуулиа хаана сурч төгсөв?

    -Арван жилийн сургуулиа 2005 онд Ховдод төгссөн. Уг нь бол 2006 онд төгсөх ёстой байсан юм. Нэг жил алгасаад 2005 онд төгсөөд, тэрнээс хойш Улаанбаатархотод амьдарч байна. Их сургуульд орж суралцаж төгсөөд дараа нь Америкт сурсан. Тэгээд буцаж ирээд ажилласан. Ажиллаж байхдаа Санхүү эдийн засгийн дээд сургуульд суралцаж төгссөн. Хуульч, санхүүч мэргэжилтэй. 2017 оны 1 сараас Английн Оксфордод сургуулиа эхлүүлчихээд явж байна.Бизнесийн урирдлагын магистрт.

    Тийм үү. Яг 10 дугаар анги төгсөөд конкурст орж сонгосон мэргэжил тань?

    -Тэр үе маань бас миний амьдралын их сонирхолтой үе байдаг юм. Яагаад гэвэл би өөрөө нэг тийм хүмүүсийн ярьдгаар хөдөлгөөнтэй хүүхэд байсан л даа. Ээж мааньтүүх, газарзүйн багш байсан болохоор унших , ярих чиглэлийн юманд илүүсонирхолтой. Өөрийгөөилэрхийлэх байр байдал маань тухайн үедээ бас арай өөр байсан. Эрэл хайгуул хийх дуртай, олон зүйлд хүчээ сорих сонирхолтой. Тавдугаар ангид байхдаа Баян-Өлгийн Турк коллеж гээд байдаг даа.Турк сургууль гээд.

    Тийм. Хэд хэдэн газар байдаг байсан санагдаж байна?

    -Тийм. Баян-Өлгий, Дарханд, Улаанбаатар хотод гээд гурван сургууль байдаг байсан. Одоо байгаа эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Тэр үед би өөрөө шийдвэр гаргаад л Баян-Өлгийд очиж хоёр жил сурч байсан юм. Жоохон хүүхэд байлаа. 12-13-тай л байсан.

    Бүр Баян-Өлгийд очиж суралцсан хэрэг үү?

    -Тийм. Бүр очиж амьдарсан. Яг Баян-Өлгийд нь сурч байгаа ш дээ. Жаахан хүүхэд гэрээсээ хол, анх удаа тэгж эрсдэл хийж явж байсан. Ер нь тэрнээс хойш би дандаа л ингэж бие дааж амьдарч ирсэн. 

    Дотуур байранд л амьдарна биз дээ. Эсвэл айлд суудаг байв уу?

    -Дотуур байранд амьдардаг. Ховдоос их цөөхөн хүүхэд байдаг байсан. 

    Турк сургууль юм чинь бусад энгийн сургуулиудаас хамаагүй өөр нөхцөл байдлын дунд орно гэсэн үг биз дээ?

    -Нэлээн чанга л даа. Яахав Турк сургуулийн хоёр давуу тал байсан. Нэгдүгээрт, хүүхдүүд их багаасаа биеэ дааж сурдаг. Тэнд чинь гадаад хэлний хичээл нэлээн гүнзгий ордог.

    Турк хэл үзэх үү?

    -Турк хэл, англи хэл үзнэ. Хоёр дахь давуу тал нь энэ. Дунд сургууль төгсөөд конкурс өгөхөд хэлний чадавх маань надад маш том давуу тал болж байсан. Тухайн үед чинь Ховд аймгаас 130-140 хүүхэд конкурст нийгмийн шинжлэх ухаанаар өгсөн. МУИС-ийн Хууль зүйн сургуулиас таван хуваарь ирсэн байсан. Тэгээд тэрний нэг нь л олон улсын эрхзүй. Бусад дөрөв нь болохоор энгийн эрх зүй. Нэгт орсон хүн нь л тэр олон улсын эрхзүйг авах ёстой байсан юм байна лээ. Тэр нэгийг нь би авсан. 

    Баян-Өлгийд сурч байгаад Ховдод эргэж ирсэн юм байна, тийм үү?

    -Баян-Өлгийд яг хоёр жил сураад эргэж Ховддоо ирсэн. Конкурст ороод хуваарь авч байхад аав, ээж хоёр маань бас их баярлаж байсан. Өмнө нь боловсролынхоо хувьд айхтар гавьяа байгуулж байгаагүй болохоор(инээв). Тэр явдал миний хувьд бас онцгой үйл явдал байсан л даа. Гэр бүлийнхэн маань ч их баярлаж байсан. Бодох хугацаа нэг хоног. Тэгээд лэнэ мэргэжлийг сонгож байсан.

    Гоё мэргэжил л дээ...

    -Олон улсын эрх зүй гэдгээ ч сайн мэдэхгүй. Манайхан дотор тухайн үедээ олон улсын харилцаагаар ажилладаг хүн байгаагүй л дээ. Нэг садангийн хуульч ах маань л зөвлөсөн. Олон улсын эрхзүй ирээдүйтэй шүү гээд.

    Ингээд оюутны амьдрал эхэлж. Дөрвөн жил?

    -МУИС-ийн Хуулийн сургууль таван жил. 

    Тэр үед хууль, эдийн засаг хамгийн өрсөлдөөнтэй хуваариуд байсан болов уу ?

    -Тийм нэг давалгаа байсан байх. Тэр давалгаа бараг арваад жил үргэлжилсэн болов уу. Харин 2005 оноос хойш Монгол Улсын эдийн засаг ер нь нийгмийн амьдрал бас хүний ажил, мэргэжлээ сонгох нөхцөл байдал өөрчлөгдсөн. Олон талаас нь харгалзаж үздэг боллоо л доо. Өнөөдөр жишээ нь, уул уурхайн мэргэжлийг хуйларч сонгодог тэр давалгаа бол саарсан. Зах зээл дээр ажлын байргүй хуульч, эдийн засагчид хэт ихэсчихээд байна. Нөгөө талд нь боловсон хүчинчанаргүйдэж байна гэх асуудал их хурц тавигдаж байгаа.

    Хуульч хүн бизнесийн салбар луу ороход бол бас том шийдвэр гаргаж хөдлөх байх л даа. Гэхдээ таны эзэмшсэн хуульч & эдийн засагч гэдэг хос мэргэжил их зөв хослол байж мэдэх юм. Эдийн засгийн чиглэлээр суралцах шийдвэрээ та юунаас болж гаргасан юм бэ?

    -Эдийн засаг гэхээсээ илүү Санхүү менежмент миний сонирхлыг илүү татаж байсан. Эдийн засаг, Санхүү менежмент хоёрын гол ялгаа нь гэвэл эдийн засаг нь илүү макро түвшний асуудал руу орж байгаа юм. Одоо Монголбанк ч гэдэг юм уу, Сангийн яам ч гэдэг юм уу... Тэнд ажиллаж байгаа залуучуудын ихэнх нь эдийн засагчид. Санхүүгийн менежмент гэдэг нь болохоор компанид байгаа хязгаарлагдмал нөөцийг хэрхэн зөв зарцуулах вэ? Компанид хэрэглэгдэж байгаа санхүүгийн эх үүсвэр өртөг зардал нь хэр байх вэ ? Хэр үр өгөөжтэй байх вэ гэдэг талаасаа илүү компани, корпораци тал руугаа чиглэсэн санхүүгийн мэргэжил гэж би хувьдаа ойлгодог. Ер нь бол улс гэдэг чинь өөрөө бас тодорхой хэмжээний санхүүгийн эх үүсвэртэй, санхүүгийн эх үүсвэрээ хэрхэн зөв зүйл дээр зарцуулах вэ гэдэг юман дээр л бүх проблем нь яригдаж байдаг шүү дээ. Тэгэхээр эх үүсвэр, түүнийг зарцуулж байгаа үйл явц хоёрын хоорондын уялдаа, үр шим, үр өгөөжтэй байдлыг л хянаж байгаа санхүүгийн ажиллагаа гэсэн үг. 

    Компанийн чадавхыг хамгийн өндөр түвшинд авч явахын тулд тухайн байгууллагын санхүүтэй холбоотой бүх асуудлыг зөв шийдвэрлэх, компанийн ирээдүйн хөгжлийнх нь стратеги чиг хандлагыг урьдчилан тодорхойлж, санхүүгийн төлөвлөлт хийдэг хүмүүс гэж ойлгодог?

    -Маш сонирхолтой, олон талтай мэргэжил. Энэ тухай олон зүйлийг, олон гоё жишээтэй ярьж болно.

    Ховд бол их алдартай нутаг. Олон үндэстэн ястан, олон өөр соёл, ёс заншил дээр суурилж боссон сонирхолтой үүх түүхтэй газар. Монголын нийгэмд, монголын улс төрд, спорт, урлагт олон “баатрууд” бэлэглэсэн аймаг. Тэгэхээр хүмүүсийн намтар түүхийг асуухаар танай үеийнхнээс гэхэд манай удамд шинэ үеийн ийм том сэхээтэн, тийм алдартай хүмүүс бий гээд ярьж эхэлж байгаа. Тэрнээс өмнөх үеийнхэн нь бол тийм том лам, ийм мундаг хувилгаан, алдарт бөх манай удамд байсан гэх баримтууд түгээмэл таардаг. Тэгэхээр танай удам судар дотор чинь монголчуудын сайн мэддэг улстөрч, төр нийгмийн зүтгэлтэн хүмүүс байдаг уу?

    -Хүний гарал угсаа, төрж өссөн нутаг ус гэдэг ойлголт өөрөө бас их ач холбогдолтой ойлголт юм билээ л дээ. Тэр ач холдогдол нь хэзээ гардаг вэ гэдэг асуудал л ярихаас биш хүн тухайн үедээ нарийн тодорхой мэдэхгүй явж байж болно. Хожим хойно мэдэж, ухаарч болно. Би Ховдын талаар, Ховдынхныхоо талаар сонирхож судалдаг. Олон ястны өлгий нутаг гэдэг утгаараа Ховдоос анхдагчид их төрдөг. Бас тэрслүү хүмүүс ч их төрдөг. (инээв)Би энэ талаар манай Ховдоос төрсөн, өнөөгийн нийгэм улс төрийн тодорхой хүрээнд байр сууриа олсон хүмүүсээс асууж сонирхож үзэж байсан л даа. Яагаад ийм өвөрмөц хүмүүс төрдөг юм бол гэж. Хүмүүс чинь их гоё гоё хариулт хэлнэ. Тэрийгээ бүр үнэн голоосоо хэлж байгаа юм л даа. Би хоёр хүнээс асуусан юм. Тэгсэн чинь хоёр өөр хариулт хэлсэн. Эхний хүн маань болохоор төрийн хүн. Тэр юу гэж хэлсэн бэ гэхээр “Манай Ховд чинь олон ястны өлгий нутаг . Тэгээд тэр утгаараа олон янзын цус холилдох, цус сэлбэх тохиолдол их байдаг учраас тийм содон, сайн хүмүүс их тодорч гардаг юм аа” гэсэн. Хоёр дахь хүнийх нь хариулт болохоор надад маш их таалагдсан. Яагаад гэхээр тэр их үнэн байх магадлалтай юм шиг байна лээ. Тэр хүн ингэж ярьсан.“Монголын түүхэнд бодоод үзэхээр хамгийн эсэргүү, тэрслүү тийм хүмүүс нь Алтайн хязгаар луу цөлөгддөг байсан гэж тэр хүн надад хэлсэн. Жишээ нь, Галдан бошигт халх руу дайлаар мордоод буцаж орж ирж байгаад бут цохигдоод Алтайн баруун хязгаар луу явж байгаа юм. Ер нь тэгээд Чингисийн үеэс ч бас тэрслүү хүмүүс нь тийшээ хол нутаг руу цөлөгдөж байсан гэх баримтууд яригддаг. Бас баруун хязгаараас Манжийн үед хил дээр маргаан, зөрчил их өрнөдөг байсан гэдэг утгаар хил рүү торгуулийн суман гэдэг шиг хүмүүсийг их явуулж байсан. Мэдээж сайн, хүчирхэг хүмүүсийг ч тэр дотор их явуулж байсан гэдэг утгаараа Ховдын өөрийнх нь бас онцлог үүссэн юм болов уу” гэж тэр хүн ярьдаг юм л даа. Би энэ өнцгийг их сонирхож судалдаг. Өөрөөр хэлбэл магадлалтай юм шиг санагддаг. Нөгөө талаас хүн бас өөрийн удам судраа сайжруулах гэж ингэж ярьж байхыг үгүйсгэхгүй л дээ. (инээв) Хүмүүс өөр өөрсдийнхөөрөө л дүгнэх байх. Таны чиглэж асуугаад байгаа зүйлд хариулахад үнэндээ манай аавын бас ээжийн талын ах дүүс дотор маань төр нийгмийн зүтгэлтэн эсвэл олон нийтэд танигдсан хүн бол байхгүй ээ. Манай авга, нагацын талынхан зүгээр л Ховд аймагтаа эгэл жирийн амьдарч, үе удмаараа тэндээ л төрж өссөн, тэндээ амьдарсан хүмүүс байдаг. Бусдын жишгээр сүүлийн үед хот газар бараадсан хүмүүс цөөн бий. Ер нь бол эгэл жирийн байдал, эгэл жирийн гарал угсаа, эгэл жирийн ахан дүүс бол миний нэг тал. Миний бахархал гэж хэлж болно. Нээрээ би чинь өнгөрсөн жил Ховд аймгийн нутгийн зөвлөлөөс эдийн засаг бизнесийн оны шилдэг залуу гээд “Мөнгөн арслан” шагналаар шагнуулсан юм байна. 

    Яагаад ийм асуулт ирж байгааг мэдээж та гадарлаж байгаа биз. Манай нийгэмд сүүлийн үед нэг хаос үүссэн нь юу вэ гэхээр нутаг ус дагасан хардлага. Мэдээж нэг талаас ийм сүлжээ үүссэн учраас дагаад ойлголт бий болсон гэсэн үг. Нөгөө талаас маш утгагүй гэж хэлж болох үйл явц.

    -Утгагүй зүйл гэдэгтэй нь санал нэг байна.

    Жишээ нь, Ховд л гэвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой болгодог жишиг бараг тогтсон. Хаа хамаагүй байсан ч холбогддог. Бидний ярилцлага гарахаар “Өө, энэ чинь мань Ц.Элбэгдоржийн л хүүхэд байна ш дээ” гээд явчихаж мэдэхээр. Тийм болохоор би нэгэнт л энэ нийгэмд байгаа парадокс учраас зориуд ингэж асууж байгаа юм. Та жишээ нь, Ц.Элбэгдоржийг таних уу?

    -Шууд утгаараа бол үгүй. Нөгөө утгаар төрийн тэргүүн байсан хүнийг танихгүй байна гэж юу байхав. Бид бүгд л мэднэ. Би тэр утгаар танина. Гэхдээ Ховдоос гарсан төрийн хүн гэвэл ганц Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч гэлтгүй манай Д.Дэмбэрэл гишүүн гээд байна ш дээ. (инээв) Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн гэж байгаа юм, Д.Дэмбэрэл гуай байна. Өөр алдартай хүмүүс зөндөө л байгаа шүү дээ. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчтэй бол би амьдралдаа ганц ч удаа уулзаж байгаагүй. 

    Их тод гялбаа болохоор түүн рүү л ингэж толийг тусгана л даа. За, хоёулаа цаашаа явъя. Их сургуулиа төгсөөд хаана ажиллав. Хүний дипломоо аваад анх очсон газар гоё шүү дээ. Би бол анх төрийн төв мэдээлэл “Ардын эрх сонин”-д хоёрдугаар курсээсээ эхэлж ажилласан. Түүгээрээ бахархдаг л юм?

    -Их сургуулиа би 2010 онд төгссөн. Төгсөхөөсөө өмнө хуулийн компанид дадлага хийж байсан юм л даа. Тухайн үедээ би чинь зүгээр л оюутан, цалингүй дадлага хийж байгаа ш дээ. Тэгэхэд тэд намайг урамшуулж, их дэмжиж байсан.Ингэж албан ёсны мэргэжлээрээ ажиллах ажлын гараагаа тухайн үед их сайхан эхэлж байсан санагддаг. Тэр чинь 2009 он. Дэлхийн эдийн засгийн хямрал эхэлж байсан ч гэсэн Монгол руу хараахан орж ирээгүй байсан. 2010, 2011, 2012 гээд энэ гурван он бол манайд бүр онцгой сайхан байсан. Би төгсөөд хаана ажиллах вэ гэж их бодсон. Хуулийн компанид ажилд орох юм уу. Эсвэл тогтсон аж ахуйн нэгжид орох юм уу гээд.

    Төрийн байгууллагад орох тухай бодол байсан уу?

    -Төрд бол угаасаа ажиллахгүй гээд би анхнаасаа шийдчихсэн байсан.

    Яагаад? Ялангуяа хөдөөнөөс гаралтай залуучууд төрийн байгууллага сонгох нь илүү байдаг юм шиг санагддаг.

    -Тийм үү? Ёстой сонин юм. Би ёстой сонсож байгаагүй юм байна. Миний хувьд бол би төрийн байгууллага биш илүү хувийн хэвшилд амжилттай ажиллана л гэсэн зорилготой байсан. Манай гэр бүлийнхэн ч дэмжиж байсан. Ер нь би Баян-Өлгийд Турк сургуульд сурснаасаа хойш биеэ даагаад эхэлчихсэн, шийдвэрээ яг өөрөө гаргадаг байсан л даа. Одоо ч гэсэн миний тэр төлөвшил хэвээрээ. Өнөөдрийн миний явж байгаа замын тухайд манай аав, ээж, ах дүүс, хамаатан садангууд надад юу ч хэлдэггүй. Чи одоо яг юу хийгээд явнач гэх юм уу, надад эргэлзсэн асуулт огт тавьдаггүй. Мэдээж хэвлэл мэдээлэл нээлттэй болчихсон. Янз бүрийн л юм сонсдог байх. Гэхдээ л тэд миний үзэл санаа, миний сонголт, миний зарчим, миний мөрөөдөл, миний өгөгдөлд итгэдэг. Би бэрхшээлд сөхрөхгүй. Сөхрөх байсан бол би эхлэхгүй. Би ямар замаар явж байгаагаа маш сайн мэдэж байгаа. Жишээ нь, би одоо ингээд тантай ярилцлага хийгээд сууж байгаа чинь өөрөө маш гоё аз завшаан байхгүй юу. Таны ярилцлагын зочдыг бүгд л мэддэг шүү дээ. Улс орны Ерөнхийлөгч, Ерөнхий Сайд, салбар салбарын лидерүүд, энэ цаг үеийн хүчирхэг хүмүүстэй та ярилцдаг.Магадгүй би өнөөдөр таны хамгийн залуу зочин болж байгаа ч байж мэдэх юм.

    Нэн шинэ монголын, нэн шинэ үеийн төлөөлөл болсон сэхээтэнтэй би уулзаж байна. Сая та надад төрд ажиллах тухай бодол ой тойнд маань ч байгаагүй гэж хэллээ. Үнэндээ танай үеийнхэн л ийм өөр. Тэрнээс өмнөх үе бол ерөөсөө л төрд алба хаших мөрөөдөлтэй. Тийшээ л зүтгэдэг. Аргагүй өөр үеийн залуус иржээ гэх бодол эрхгүй төрдөг юм?

    -Төрийн минь сүлд өршөө гэж бүх л монгол хүмүүс бодож, залбирдаг. Энэ бол шинэ хуучин үе гэлтгүй бүгдийн маань зүрхний хавьцаа явдаг зүйл. Нөгөө талаас нь бол бид хэн хүнгүй ярих ёстой. Бодит байдал дээр төр үнэхээр удаан байна л даа. Зүгээр л товчхон хэлэхэд шүү дээ. Үнэхээр энэ их амбиц, залуучуудын хийж бүтээх гэсэн зорилго, хүсэл тэмүүллийг гүйцэхгүй байна шүү дээ. Цаг хугацаа жирэлзээд байна. Дэлхий ертөнц минут секундээр урагшилж байна. Хувийн хэвшлийн нэг жил хийж байгаа юмыг төр 10 жил ярьж байна. Зүгээр л ярьж байгаа байхгүй юу. Бодит үр дүн гарахгүй байна. Залуучууд нь задраад, шал өөр сэтгэдэг, хийдэг, чаддаг болчихсон байхад төр нь зүгээр л хойшоо байж бай, бид ярьж байна гэж байгаа байхгүй юу. Маш том тээг нь төр засаг өөрөө болчихоод байгаад манай эмгэнэл оршиж байна. Хүн өөрөө задрах ёстой гэж би боддог. Манай байгууллагын үндсэн соёл бол ерөөсөө л энэ. Хүн өөрөө задрах ёстой. Тэр боломжийг нь дэмжих ёстой. Тэгж байж хөгжинө.

    Таны анх дадлага хийсэн кампани тань Улаанбаатар банк биш байсан юм байна, тийм үү ?

    -Хуулийн компани байсан. Тэр үед би багш нартайгаа хаана ажиллавал зүгээр вэ гэж их зөвлөсөн. Тэд ч тогтвор суурьшилтай, илүү их амжилт гаргаад явах боломж нь нээлттэй байдгаар нь ер нь хувийн хэвшилд ажиллавал сайн гэж зөвлөсөн. Тэгээд би хамгийн анх Худалдаа Хөгжлийн банкинд ярилцлага өгч байсан. Анкетаа бариад би эхлээд дэд захирлуудтай нь уулзсан. Товлосон өдөр шалгалт өгөхөөр болж, очиж эхний шалгалтыг өгсөн. Дараагийн шатны шалгалт ярилцлага. Эхний асуулт нь “Та англи хэл мэдэх үү” гэдэг асуулт байж билээ. Тэр чинь 2010 он байхгүй юу. 2009 онд би Тайландад гурван сар ажиллаж байсан. Би чинь бас сонин сонин газар ажиллаж байсан шүү. (инээв)Маха-Сарахам гээд муж байдаг юм. Манайхаар бол хойд бүс нутаг гэх юм уу даа. Уулан дунд байдаг жижигхэн хот. Тэнд ажиллангаа хэлээ сайжруулъя, бас ажил төрөл хийе гээд явж байсан. Үр ашигтай өнгөрөөж, хэлээ ч сайжруулж тэр хөтөлбөрийг амжилттай дуусгасан байсан л даа. 

    Нөгөө хуулийн компанийн шугамаар явж байсан юм уу?

    -Үгүй. Тэр бас их хөндлөн шийдвэр байсан. (инээв) Зүгээр Маха- Сарахам их сургуулийнЭдийн засгийн их сургуульд нь би очоод ажил хийчихэж байгаа байхгүй юу. Энэ ШУТИС-ийн нэг хөтөлбөр байсан юм аа. Оюутнуудыг солилцоонд явуулдаг. Очоод шалгалт өгөөд тэнцчихвэл тэндээ бас 600 долларын цалинтай ажилладаг. Тэнд ажиллаад хэл сайжраад, хөөрхөн туршлага хуримтлуулаад ирсэн. Тэгээд л ирээд ажлын ярилцлагад орсон. Ерөнхийдөө банкинд ажиллах сонирхолтой байна. Тогтчихсон, том байгууллагад ажиллаж, цаашдаа тэр том юмны хэсэг болох, том үйлсийн хэсэг нь болохыг мөрөөдөж байгаагаа ярьсан. Мэдээж тухайн үеийн төсөөлөл яг таг ийм байгаагүй л дээ. Ерөнхий мөрөөдлөө ярьсан хэрэг. Тухайн үед дөнгөж их сургууль төгсөж байгаа болохоор хамгийн нэгдүгээрт, ажилтай болох тухай л бодож байсан. Тэгээд тавдугаар сард би ажилдаа орж байсан. Энэ бол миний амьдралын хоёр дахь зөв шийдвэр. Эхнийх нь би Хуулийн сургуульд орж, Олон улсын эрхзүйн мэргэжил сонгосон минь байсан. Баян-Өлгий рүү явсан нь маш зөв шийдвэр байсан. Тэнд очиж суралцсан, бие дааж амьдарч сурах эхлэлээ тавьсан явдал өөрөө миний амьдралын чухал хэсэг болж үлдсэн.

    Өөрийнхөө хүсэл тэмүүлэл, зориг зүрхээр олж сонгосон ажил. Энэ ч бас үнэхээр зүй зохистой эхлэл шүү. Гэтэл таныг монголд огт сурч байгаагүй, гадаадад дунд сургуулиа дүүргэсэн гэж уншиж байсан. Ер нь таны тухай баримт байхгүй. Юун электрон жаал гэнэт гараад ирэв ээ гэж бие бие рүүгээ нүдээ томруулан харцгааж байгаа?

    -Юм болгон тийм аймаар түүхтэй, өөрөөр хэлбэл төвөгтэй байх албагүй шүү дээ. Би бол маш энгийн хүн. Хүмүүжил, соёл, амьдралын хэв маяг бүх зүйлээрээ энгийн. Бараг хэт гэж хэлж болох энгийн.

    Тухайн үедээ TDB банк боловсон хүчний бодлого, PR сурталчилгаа гээд бүх юм нь шинэ тутам, уламжлалт банкнуудаас өөр байсан байх л даа. Ярилцлага авч байгаа хэлбэр, боловсон хүчин сонгохдоо баримтлах зарчим гэх мэтээр эрс ялгарч байсан байх.Манайхан чинь хэн нэгэн том даргаар яриулж юм уу, нэр нөлөөтэй хүнээр хөтлүүлж ирж ажилд ордог.Тэр хуучин соёлуудыг нь халаад, зүгээр өрсөлдөөд орж ирж байна шүү дээ. Энэ бол гайхалтай явдал биз дээ?

    -Мөнчгөрөөрөө гэдэг шиг үү? (инээв) Гэхдээ санхүүгийн байгууллага ер нь хувийн хэвшил, тэр дундаа аль ч банкинд бусдаар дэмнүүлж, татуулж ажилд орох тухай ойлголт байхгүй дээ. Тухайлбал, олон улсын стандарт мөрддөг аль ч хувийн хэвшлийн компаниуд дээр тэгж хүн амьтан дагуулж, ярьж хөөрч оруулдаг юм байхгүй болов уу.

    Тийм ч байх аа даа. Хэрэв тэр арга замаар боловсон хүчнээ бүрдүүлбэл хувийн хэвшлийн хөгжил ч төр шиг бүтэхгүй замаар бөмбөрөх биз?

    -Хувийн хэвшилд ажлын байр, хүний орон тоо гэдэг нэг номерын асуудал. Одоо аль ч компани дээр очсон гүйцэтгэх, удирдах түвшний хүмүүс юу хардаг вэ гэхээр оронтоо маань бүтээмжтэйгээ дүйцэж байна уу гэдгийг л харна. Засгийн Газрын түвшинд ч, ер нь улсын бүх шатны түвшинд мөн л ингэж харах ёстой. 

    Та тэгээд анх хуулийн хэлтэст нь л орж ажилласан уу?

    -Тийм. Хуулийн газар гэж байсан. Би хуулийн зөвлөх гэж ажиллаж байсан. Гэхдээ эрхлэх ажил маань гадаад харилцаа, олон улсын эрхзүйгээр ажилладаг байсан. Яг тухайн үед Худалдаа Хөгжлийн Банк чинь гадагшаа Сингапурын хөрөнгийн бирж дээр бонд гаргаж байлаа. Би ажилд ороод л тэр төсөл дээр амжилттай ажилласан гээд эхний зургаан сардаа шилдэг ажилтан болж шагнуулж байсан. Үнэхээр мундаг хамт олон байдаг л даа. Мэргэжлийн өндөр түвшинд ажилладаг. Монголчууд дотооддоо стандарт нэвтрүүлэхээсээ илүү гадаад улсын стандартыг нэвтрүүлье, дэлхийн жишигт хөл нийлүүлж алхая гэж аль найман жилийн өмнө ярьдаг л байсан. Өнөөдөр л энийг яриад байгаа юм биш. MCS компани гэхэд 2009 онд IPO хийж байсан. Чингис гэдэг бонд бол аль 2012 онд гарсан. Тэрнээс хойш өнөөдөр бонд гаргахгүй гээд яриад л байна. Худалдаа Хөгжлийн Банкинд ажиллаж байхдаа би маш их зүйлийг сурсан. Ахин нэг сургууль төгссөн гэж хэлж болно. Тэр үед улс орны хэмжээнд ч их олон төсөл хөтөлбөр явж байсан. Нүүрс, зэс, алт, төмрийн хүдэр бүгд ид оргил үе дээрээ байсан байхгүй юу. Хүмүүс тухайн үеийг сайн санаж байгаа байх. Гадны банкууд их ирдэг, хөрөнгө оруулагч нар их ирдэг, өдөр болгон хурал зөвлөгөөн болж байдаг. Өнөөдрийнх шиг ийм хоосон, хий эргэсэн үе байгаагүй. Засгийн Газрын гишүүд нь, төрийн том албан тушаалтнууд нь гарч ирж хоосон уриа лоозон ярихаасаа илүү бодитой үр дүнтэй ажлуудыг их явуулж байсан. Тэгээд тэр үед Худалдаа Хөгжлийн Банкинд ажилд орсноор тэр эрчилсэн ажлын орчинд орж ажиллах, хүчээ сорих, хөгжих боломж надад олдсон юм л даа. Гэхдээ хуулийн компанид ажилласан бол чухам яах байсан бол би сайн мэдэхгүй л байна.

    Сонголтоо хийчихээд явж байх замдаа эргэлзэж байгаагүй юу. Харамсаж байсан үе байхгүй юу?

    -Харамссан зүйл байхгүй. Харин одоо бол бүр эцсийг нь хүртэл явах ёстой л гэж бодож байна. Хэзээ нэгэн цагт энэ төөрөлдөж эргэлзсэн, хардаж сэрдсэн хүмүүс ойлгож л таарна.

    Би танаас нэг хүний тухай асуухгүй бол ерөөсөө болохгүй нь. Монголчуудад огт харагдаж, үзэгддэггүй яваад байгаа нэг дүр бий. Тэр хүн бол Д.Эрдэнэбилэг захирал. Та Д.Эрдэнэбилэг захиралтай хэзээ танилцсан бэ?

    -Худалдаа Хөгжилд байхдаа анх танилцаж байсан. Эрч хүчтэй, гайхмаар хөдөлмөрч хүн. Би чинь тэр үед гадаад харилцаа хариуцдаг байсан шүү дээ. Өдөр болгон шинэ тутам зүйлсэд өөрийгөө дайчилж суралцаж байсан. Тэр үед гадаад зах зээл дээр бонд гаргах ажил дээр ажиллаж эхэлж байлаа. Дөнгөж төгссөн залуу хүнд ийм төсөл дээр ажиллах нь өөрөө сурч, хөгжихмаш их боломж байсан. Нөгөө талаас маш их итгэл юм. Ер нь хөрөнгийн зах зээл дээр бонд гаргана гэдэг маань урьдчилж маш их бэлтгэл хангадаг, бэлтгэж бэлтгэж байгаад долоохон хоногийн дотор шийддэг ажил байхгүй юу. Яг долоо хоногийн дотор гараад зах зээлээ тойроод хүмүүсийн байр байдал ямар байна. боломжийн байвал шууд тухайн үедээ гүйцэтгэлээ хийдэг ийм л ажил. Тухайн баг хамт олноос маш их чадавх, итгэлцэл, хурд хүч шаарддаг том төсөл л дөө. Дан залуучууд ажиллаж байсан. Тэр үед л анх Д.Эрдэнэбилэг захиралтайтанилцаж байсан.

    Таныг түүний хамаатан гэх мэдээлэл явдаг. Энэ худлаа бололтой?

    -Худалдаа Хөгжлийн Банкны хэдэн мянган ажилтан байна. Тэрэн дунд түүний хамаатан садан хүн байдаггүй байх аа. Байдаг л гэж би сонсоогүй. Тийм байдал байгууллагыг хариуцлагагүй болчихдог юм л даа. Ажил явахгүй байхгүй юу.

    Манай байгууллагуудад энэ байдал хурц сэдэв хэвээрээ л байна. Мөд арилахгүй биз. Нэг юм байгуулаад хамтраад ажиллах гэхээр бид бие биедээ итгэж чаддаггүй. Байнга хардаж сэрдсээр байгаад хамтрах тухай ойлголт үгүй болдог?

    -Өнөөдөр төрийн албанд энэ сэдэв байж л байна. Хамаатан садан гэдэг юмыг ингэхэд бид хэдий болтолярих юм бүү мэд. Энэ чинь ингээд ярианы сэдэв болж байна гэдэгөөрөө их харамсалтай явдал байхгүй юу. (инээв)Одоо яах вэ дээ, ганцхан монголд ч байгаа асуудал биш юм билээ гээд тайвшрахаас ...(инээв)Америкт ч гэсэн ярьж байна. Трампын Засгийн Газрыг чинь хамаатнуудаараа гараад суучихлаа гээд яриад байгаа биз дээ. Тэгэхээр бид нар ч бас ганцаараа биш л юм шиг байгаа юм. Олон улсад ч гэсэн яригддаг л сэдэв. Сингапурын Засгийн Газарт ах дүү, эхнэр нөхөр бүгдээрээ яваад л байна. Сингапурын Ерөнхий Сайдынэхнэр нь тэр Темасек ХолдингийнТУЗ-ийн дарга ш дээ.

    Дүү нар нь эсэргүүцээд бөөн асуудал үүссэн?

    -Тэгээд хоорондоо маргаантай л байна. Ингээд харахаар ганц манайд ч байгаа асуудал биш юм шиг байгаа юм. 

    Та гэрлэсэн үү?

    -Би яг албан ёсоор бол гэрлээгүй. Найз бүсгүйтэй. Хамт амьдраад гурван жил болж байна. Бага дүү, оюутан үеэл дүүтэйгээ хамт дөрвүүлээ амьдардаг.

    Та энэ компанитай хувь заяагаа холбоод чамгүй олон жил болжээ. Өнгөрсөн хугацаанд олон амжилттай төслүүдийн ард гарцгаасан байна. “Эрдэнэтийн 49%” бол ээлжит нэг төсөл тань. Яагаад ийм том дуулиан босч ирэв гэхээр бүтэн нэгүеийг нь, нэмээд 21-р зууны эхэн үеийг нь нуруун дээрээ үүрч ирсэн үйлдвэр учраас монголчууд илүү анхаарал тавьж байгаа юм. Юутай ч таныг монголын нийгмийн өмнө гэнэт гаргаж ирлээ. Бидний ярианы нэг хэсэг энэ сэдэв болох нь тодорхой. Та зөвшөөрч байна уу ?

    -Зөвшөөрч байна. 

    Орос- Монгол хоёр улсын харилцаа, үүх түүх гээд ярих юм бол хэтэрхий урт яриа болно. Харин өмчийн хувьд хоёр хамтарсан газар бий. Нэг нь “Эрдэнэт”. (51:49) Нөгөө нь “Төмөр зам”.(50:50) “Эрдэнэт” дээр оросын талын 49% бол хэзээ ч манай өмч байгаагүй. Өмнө нь оросууд энэ 49 % -аа нэг удаа бас зарж байсан. Орос дотроо. Гэтэл хамтарсан үйлдвэрүүдтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ хоёр улсын Засгийн Газар хооронд хийгдсэн олон улсын гэрээг мөрдөнө гэсэн заалт зөрчигдсөн. 1991 оны гэрээ шиг санаж байна. Ингэхэд гэрээ гэж би зөв томъёолж байна уу?

    -Гэрээ, 2003 онд сүүлд батлагдсан. 

    Утга нь хамтарсан үйлдвэрийн дүрмийн сан дахь хөрөнгийн өөрт ногдох хэсгийг нөгөө талтай тохиролцож зөвшөөрөлцсөнөөр худалдах эрхтэй гэх утга. Тэгэхээр тэргүүн ээлжинд Монголын Засгийн Газарт санал тавих ёстой. Энэ гэрээ л тэр үед ч, одоо ч мөрдөгдсөнгүй тухай асуудал босч ирэх юм?

    -Би бүр бүгдийг нь үзсэн. 1973,1978, 1991, 2003, 2015 гэсэн онд өөрчлөлт орж байсан юм билээ. 

    Гэрээнд шинэчлэлт орж байсан онууд...?

    -Тийм. 

    Тэр үед хамтарсан үйлдвэрийн өөрсдийн эзэмших хувь, дүрмийн сан дахь ногдох хэсгээ ОХУ төрийн мэдлээсээ гаргачихсан. Энэ үед олон асуудал өрнөсөн. Тухайн үеийн ТӨХ-ны дарга З.Энхболд маш их эсэргүүцэж, хамтарсан үйлдвэрийн асуудлаар хуралдах гээд ирсэн оросын талын нөхдүүдийг хүлээж авахгүй гаргах мэтийн акцууд хийж, улмаар дараахан нь ЕрөнхийСайд Засгийн Газартайгаа огцорч байсан. Тэр үед тэргүүн ээлжинд та нар хувиа зарахдаа бидэндээ хэлсэнгүй ээ гэдэг юм яригдсан. Та нарын нэгдүгээрт санал тавих субъектчинь Монголын Засгийн Газар шүү дээ л гэдэг асуудал. Хоёр жилийн өмнө оросын талын 49 %-ийг эзэмшиж байсан хувийн компани, монголын хувийн компани хоёрын хооронд наймаа болсон. Дахиад л нөгөө асуудал яригдаж байна?

    -Эхлээд бүр 50:50 байж байгаад 49:51 болсон шүү дээ. Анх барихдаа ягөнөөдрийн “Оюутолгой”-н схемээр барьсан юм билээ. Оросын талаас зээл аваад, өөрөөр хэлбэл монголд ногдох хувийг оросууд зээлээр өгөөд, 2000 он хүртэл тэр зээлээ төлөх байдлаар явж ирсэн. Давуу тал нь юу байсан бэ гэхээр татвараас чөлөөлөгддөг. Ажлын байрны гадаадын ажиллах хүчний татварөөс чөлөөлөгддөг. Гадагшаа экспортын татвараас чөлөөлөгдөж байгаа. Импортын гаалийн татвараас чөлөөлөгдөж байгаа. Тоног төхөөрөмж импортлоход чөлөөлөгдөж байгаа. НӨАТ, гаалиас чөлөөлөгдөж байгаа. “Монголросцветмет” ч өнөөдөр тийм юм байна лээ. Импортын татвараас чөлөөлөгддөг. Тухайн үедээ “Эрдэнэт”-ийг гаргаад “Монголросцветмет”- ийг үлдээсэн. Сүүлд би “Монголросцветмет”-ийн удирдлагуудтай уулзаж байхад энэ асуудлыг яах вэ, татварынхан татвараа авна гээд байна гэж ярьж байсан. Тэр ерэн хэдэн онд болсон процессыг бол би хэвлэл мэдээллээс уншиж танилцсан. Баримтат кинонууд ч байдаг юм байна лээ.Үндэсний телевизийн захирал байсан Ц.Оюундарийн хийж байсан.

    “Зууны луйвар” гээд үү?

    -Тийм. Дөрвөн бүлэгтэй кино үзсэн. Тэндээс харахад бол Оросын тал тухайн үедээ Монголд огт мэдэгдэлгүй л худалдсан юм байна гэж ойлгосон. Худалдах худалдахдаа тэр эзэмшиж байсан компанитай нь давхар хувьчилчихсан. Харинманай компанийн хийсэн хэлцлийн хувьд гэх юм бол олон улсынхаа стандартын дагуу болсон, ном журмаараа явагдсан гээд үнэхээр олон талаар ахисан түвшинд болсон л доо. 

    Хоёр улсын хувийн компаниудын хооронд явагдсан наймаа. Энд нөгөө олон улсын гэрээ үйлчлэх ёстой юм уу, ёсгүй юм уу? Эхлээд Засгийн Газарт санал тавьсан байж таарна. Харин тэд УИХ-даа ч хэлэхгүй “Монголын зэс”-тэй хуйвалдаж зарлаа гэдэг зүйл л эхний хардлага шүү дээ?

    -Олон улсын гэрээ нь үйлчилж байгаа. Тэрнийхээ дагуу Засгийн Газарт бол саналаа өгсөн. 2016 оны 6-р сарын 1-д Засгийн Газарт тэдний тал саналаа өгсөн байхгүй юу. 

    Гэтэл мөнгө байдаггүй юу?

    -Тэрэн дээр бол ийм хоёр асуудал яригдаж байгаа юм. Санал ирээд, Засгийн Газар шийдэхээс өмнө хэлцэл хийсэн байна гэдэг асуудлыг яриад байгаа юм. 6-р сарын 13-д тогтоол гарсан шүү дээ, тэрнээс өмнө та нар тохиролцсон байна гэж яриад байгаа юм л даа. Тэд Монголын Засгийн Газарт хүсэлт илгээсэн. Бид нар ингээд ийм нөхцлөөр хувиа зарлаа. Та нарт худалдаж авах боломж бий юу гээд асууж байна гэсэн үг. Тухайн үед нь Засгийн Газар хуралдаад ярилцсан байдаг. 

    Оросууд эхлээд манай Засгийн Газарт санал тавьсан. Засгийн Газар яах вэ, ийх вэ гэж хуралдсан байна?

    -Засгийн Газар хоёр удаа хуралдсан шүү, бүр. Зарим хүний яриад байгаа шиг пад гээд алх цохиод л шийдчихсэнюм биш. 6-р сарын 10-ны өдөр баасан гариг байсан. Би сайн санаж байна. Тэр өдөр хуралдаад, тэгээд дахиад даваа гаригт хуралдъя гэж хойшлуулаад, ингээд хоёр удаа хуралдаад давуу эрхээсээ татгалзлаа л гэдэг шийдвэр гаргаж байгаа юм. Одоо энэ дээр ямар маргаан өрнөөд байгаа вэ гэхээр УИХ-тай ярих байсан гэж байгаа байхгүй юу. Гэхдээ Засгийн Газрын давуу эрхээсээ татгалзсан шийдвэрийн хамтаар Засгийн Газраас чуулган эхлэнгүүт УИХ-д танилцуулахыг Аж Үйлдвэрийн Яаманд даалгасан. Сонгуулийн дараа засаг солигдож, асуудал хэт улс төржсөн учраас хуучин засгийн тэр үүрэг биелэхгүйгээс гадна огт ийм шийдвэрүүд байхгүй байсан юм шиг өөрсдөдөө ашигтайгаар тайлбарлаж яриад байгаа юм л даа. 

    “Эрдэнэт”-ийн 49 %-ийг эзэмшиж байсан Оросын хувийн компани манай Засгийн Газарт хандаж өөрсдийн өмчөө зарах болсноо хэлжээ. Засгийн Газар маань өөрөө дотооддоо энэ асуудлыг нээлттэй ярьсангүй. Энгийн үгээр бол “Ийм санал ирлээ шүү, хөөе. Нөгөө алдарт 49 %-ийг чинь монголчууд бид өөрсдөө авах бололцоо ирлээ шүү” гэж нээлттэй хэлэх байтугай төрийн эрх барих дээд байгууллагадаа ч дуулгаагүй гэж буруутгагдаж байгаа шүү дээ. Тэгэхээр хардлага нь зөвхөн Худалдаа Хөгжлийн банкинд хэлээд хамтраад явчихсанд л байгаа.“За та нар юмаа бэлд” гээд л төрийн оролцоотойгоор юмыг нь бэлдэлцээд явсан гээд балбадаг. Яг юу болсон юм бэ гэдгийг та энгийн уншигчийн ойлгох түвшинд тайлбарлаж өгвөл сайн байна?

    -Нэгдүгээрт, зах зээлийнхээ зарчмаар л асуудал явна. Зарж байгаа тал мэдээжхамгийн өндөр үнээр зарна гэдэг зарчим баримтална. Хоёрдугаарт, “ Ростех”нь стратегийн болоод цэрэг батлан хамгаалахын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ТӨК. Энэ утгаараа аливаа арилжааны хэлцэл нээлттэй биш хязгаарлагдмал хүрээнд байна гэдэг шаардлага тавьсан. Засгийн Газар болоод “Монголын зэс” компанийн зүгээс нээлттэй зарлаж оролцох санал тавьсан ч өмчийн эзний тавьсан нөхцөл учраас түүнийгхангахаас өөр арга байгаагүй. Бас нэг зүйл нь үнэн хэрэгтээ оросын талаас үнэ зодож авах хүмүүс нь монголчууд биш. Хятадууд эсвэл казакстанууд. Тэгсэн ч бид олоод ирсэн. Тэр 49 % хувь манайд уг нь ямар ч хүртээлгүй байсан хувь. ОХУ-ын “Ростех” компанийн өмч байсныг“Монголын зэс” гэдэг Монгол Улсын компанимөнгө гаргаадхудалдаж авсан асуудал. Үүний үр дүндУулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр маань100 хувь Монголын өмч болж байгаа юм. Харамсалтай нь манайханэндээ асуудал үүсгээд байж байна. Оросууд бол гайхаж барахгүй байгаа л даа. Баярлах ёстой атал яагаад монгол компани авчихав гээд байдаг. “Монголын зэс” компани оросуудаас стандартын дагуу авдаг номоор нь л худалдажавсан.

    Шүүхээр явж байгаа маргааны гол утга худалдаж авсан Монголын компани бүх зүйлийг хууль ёсны дагуу хийж чадсан уу, үгүй юу гэдэг л асуудал?

    -Бид олон улсын хэмжээний хэлцэл хийсэн. Энэ нь мөнгөн дүнгийн хувьд ч тэр, оролцогч талуудын хувьд ч тэр. Олон улсын хэлцлийг хууль ёсны бус хийнэ гэдэг өнөөгийн нөхцөлд ямар ч боломжгүй зүйл гэдгийг олон улсын эрх зүйчийн хувьд би сайн мэдэж байна. Бүх юм хууль ёсны дагуу явагдсан. Энэ нь ч олон удаагийн шүүх ажиллагаагаар нотлогдоод байгаа.

    Нэг талаас Оросын төр хамтарсан үйлдвэрийн 49 хувийг эзэмшиж байхдаа ч, "Ростех" дээр ирсэн хойно ч “Эрдэнэт” дээр манайхантай ажиллах гэж тэд туйлдсан байх гэж би хувьдаа хардаг. Үнэндээ бол залхсан. Дөрвөн жилээр нэг засаг нь ирж, нөгөө нь явж байдаг. Ээлжилж ирээд л баахан самардаг. Дүрэм байхгүй. Залхаад за, энэ цадиггүй, ёс зүйгүй монголчуудаас салъя гэсэн байх?

    -Ер нь бол шалтгаан бас байсан байх. Яагаад зарах болсон бэ гэдэг шалтгаан байж таарна.Оросуудад яг таны хөндөж байгаа зүйл эхний асуудал нь байсан болов уу гэж бодож байна. Залхана шүү дээ, 40 жил энэ үйлдвэр чинь ажиллачихлаа. Бараг бүтэн хагас зуун жил монголын төрийнхөн нь энэ үйлдвэрийг шахааныхаа газар байлгалаа. Одоо боллоо, болъё гэж байгаа байхгүй юу. 

    Үнэндээ энэ 49 хувь оросуудын хувьд юу ч биш шүү дээ. Дээрээс нь монголын улстөрчид нь саалийн үнээгээ болгочихсон. Хөрөнгө оруулалт ч хийдэггүй, дэндүү хүйтэн сэтгэлээр хандаж ирсэн нь үнэн л дээ?

    -Тийм. Бөөн хуйвалдааны онол зохиогоод л хөөсрүүлж цацаад байгаа болохоос оросуудын хувьд энэ бол жижигхэн юм. Тэдний хувьд тийм ач холбогдолтой бизнес ч бас биш байхгүй юу. Дээр нь энэ ганц үйлдвэр лүүгээ төр засгийнхан нь ичгүүр сонжуургүй шахаа хийдэг. Үйлдвэр нь эдийн засгийн үр өгөөж нь муудсан.Олигтойхон техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл ч хийчихээгүй. Ийм байдалтай 40 жил явчихлаа шүү дээ. Энийг чинь засмаар байна. Шинэ үүд хаалга нээмээр байна. Одоо энэ Улаанбаатар Төмөр Зам ийм хэрүүл хийгээд л явж байгаа. Парк шинэчлэлт хийе гээд байдаггүй ээ. Монголчууд очоод сайхан ярьдаг. Парк шинэчлэл хийе, зээл авъя гээд л. Өнөөдөр авсан уу. Парк шинэчлэл хийсэн үү. Байхгүй шүү дээ. Өнөөдөр энэ төмөр зам чинь ачаагаа ачиж дийлэхгүй байна. Гэтэл энэ салбарт зөндөө олон шинэ технологиуд гараад ирсэн. Цахилгаанжуулъя, төмөр замыг нь цахилгаан болгоё, хямд төсөр явъя. Бид яагаад болдоггүй юм. Нефтийн үнэ өсөөд байна. Төмөр замаа засъя. Төмөр замын шугамыг сайжруулъя гээд зөндөө ярьлаа ш дээ. Гэвч ажил явдаггүй. Тогтсон бодлогогүй, хоосон ярьдаг, ажил хийж сураагүй ийм улстай хамтрагчид нь ингэж л харьцдаг юм байна. 

    Та “Монголын зэс” корпорацийн гүйцэтгэх захирал. Танайхыг тоглоомын компани гэх нь бий. Та үүн дээр ямар тайлбар хийх вэ?

    -Манай компани 2014 онд үүсгэн байгуулагдсан. 100 хувь монголын хөрөнгө оруулалттай, монгол компани. Оросуудтай наймаа хийгээд тэдний талд байсан 49 хувь -ийг монголдоо аваад л ирлээ. Үнэндээ бол Монгол улсад, монголчуудад огт ашиггүй хэрүүл маргаан хийж хайран цаг хугацаа, хөрөнгө мөнгө урсгаж байна. Бизнесийн соёл, бизнесийн хэвийн харилцаа гэх мэт ойлголтуудаас бүр гажчихсан дотоодын хэрүүл хэлцэл хийж Монголын нэр хүндийг унагаж байна. Юу ч гэмээр юм бэ дээ. Ер нь үндсэн шаардлага бол өмчийн эзнээс л тавигдаж таарна. Би ярианы дунд танд хэлсэн. Тэд бас үнэ зодож зарах уу, аль эсвэл бас монголчууд өнөөдөр энийгаваад явчих түвшинд хүрлээ гэж хүлээн зөвшөөрсөн үү.Дээр нь улс хоорондын найрсаг харилцааг ч бодсон байх. Юутай ч улс төрийн шийдвэрээ гаргахдаа монголчуудад зарвал арай дээр гээд гаргажээ. Мэдээж тэдний зүгээсэнэ тал дээр анхааралтай дүн шинжилгээ хийгээд шийдвэрээ гаргасан байж таарна.

    Улс төрийн шийдвэрийнх нь нөлөөлөл гэж харах бас нэг цонх бий гэж та хэлж байна. Хэдийгээр тийм ч, төр нь шууд энэ хоёр хувийн компанийн наймаанд оролцохгүй биз дээ?

    -ОХУ-ын Засгийн Газрын шийдвэр гарсан. Тэдний зүгээс үндсэндээ ийм ийм шаардлагууд тавьсан. Нэгдүгээрт, та нар аваад явж чадах уу. Зарж болохгүй шүү. Бүр тодруулбал, та нар ингээд худлаа, үнэн авсан болоод цаашаа зарчихаж болохгүй шүү. Бид нар монголчуудад зарлаа гэсэн чинь та нөхдүүд минь өөр гадны оронд зарчихав гэсэн шулуухан яриа. Америк руу оёмол бүтээгдэхүүн экспортолно гээд танайхан хэдэн жилийн өмнө шуугисан. Тэгсэн чинь Хятадын баахан компаниуд орж ирж монголд компани байгуулаад, экспортлоод эхэлсэн. монголчууд өөрсдөө ганц юм үйлдвэрлэж чадаагүй. Тэрэн шиг юм болов. Та нар авчихаад дараа нь нөгөө компаниа зараад алга болчихов гэдэг асуудлыг маш нухацтай ярьж байгаа юм. Хоёрдугаарт нь, та нарт санхүүгийн хувьд чадамж байна уу гэж байгаа юм. Худалдаа Хөгжлийн Банкны оролцоо бол санхүүгийн эх үүсвэр дээр нь дэмжлэг үзүүлж хамтран ажиллана гэдэг хүрээнд л яваад байгаа ш дээ. Түүнээс биш Худалдаа Хөгжлийн Банк өөрөө авчихаад байгааюм биш. Манайд зээл өгсөн. Энэ мэт олон талын асуудлуудыг судалж үзэж байгаад ер нь монголын компанид худалдъя гэдэг асуудлыг оросын талаас тавьсан юм л даа. Ийм олон талын зүйлийг бодолцсон хэлцэл дээр 30 жил болсон, 100 жил болсон компани авах ёстой байсан гэх мэт өрөөсгөл яриа болдоггүй. Яг тэр эдийн засгийн эрчимтэй үед, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр байх үед лиценз аваад том орд илрүүлсэн компани жилийн дараа IPO хийж байсан шүү дээ. MCS-ийн "Mongolia Mining Corporation" гэдэг компани IPO хийхдээ үүсгэн байгуулагдаад жил ч болоогүй байсан. Яагаад гэвэл энэ чинь уул уурхайн бүтээгдэхүүний үнэ цэнийг дэлхий нийтээр ойлгож байсанд л байгаа байхгүй юу. Тухайн үедээ эдийн засгийн үр өгөөж байна уу гэдэг асуулт л үйлчилнэ. Богино хугацаанд хийх боломж байна, богино хугацаанд санхүүгийн эх үүсвэрээ олох боломж байна. Түргэн хөдлөх нь чухал. Тэгээд амжилтаа цаашдаа урт хугацаанд аваад явчих. Ийм л яриа болно. Зарчим их тодорхой шүү дээ.

    “Эрдэнэт”-ийн 49 % монголд ирлээ гэдэг мэдээг тухайн үеийн Засгийн Газрын тэргүүн баяр ёслолын байдалтайгаар зарласан. Мэдээж тооцсон байх л даа. Монголчуудын хувьд бол энэ үйл явдал баяр байх ёстой гэж. Гэвч тэд маш том хохирол амссан. Сонгуульд ялагдсан. Энэ бол тэдний үүрсэн эрсдэл. Та нарыг юу чиглэсэн бэ гэхээр 49 % -ийг худалдаж авсан энэ мөнгө чинь хаанаас ороод ирсэн, юун мөнгө юм бэ. Хятадуудаас авчихав уу. Хаанаас авчихав, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг эрсдэлд оруулав уу гэдэг асуулт... 

    -Бүр төрөөс авсан гэсэн. Монголбанк, Хөгжлийн банкнаас авсан гэсэн шүү дээ.

    Ц.Пүрэвтүвшин 112 тэрбум төгрөг өөрийнхөө хадгаламжнаас авсан байна. Нэмээд 75 сая долларыг Худалдаа Хөгжлийн банкнаас зээлжээ. Энэ мөнгө хаанаас орж ирсэн мөнгө вэ. Энэ юун залуу гараад ирэв ээ. Ард нь юу байнагээд л шуугичихсан. Энэ дээр та юу гэж хэлмээр санагддаг вэ. Эсвэл та бүхнийхувьд тайлбарласаар байгаад бүр дургүй хүрмээр сэдэв болчихсон уу? 

    -Үгүй дээ. Ямар нэгэн цөхрөлт байх ёсгүй. Тайлбарлах үедээ тайлбарлаад л явах ёстой. Би тэгэхээр таны асуултад хоёр хувааж хариулъя гэж бодож байна.

    Нэгдүгээрт нь, тухайн үеийн эрх баригчдыг улс төрийн хувьд их хохирол амслаа гэж та хэллээ. Би бол их өөрөөр харж байгаа. Тэр мэдэгдлийг тухайн үеийн Засгийн Газар сонгуулийг харж, өөрсдөдөө эерэг оноо авах зорилгоор огт хийгээгүй гэж боддог. Нөхцөл байдал өөр байсан. Яагаад гэвэл Засгийн Газрын хуралдаан дээр сонгуулийн дараа албан ёсоор зарлана гэдэг зарчмын шийдэлд хүрч байсан юм. Би тэр шийдлийг нь зөв, буруу байсныг бол мэдэхгүй. Тэгсэн чинь тухайн үед Засгийн Газарт хамтарч байсан МАХН анх задалсан. Ардчилсан нам ингээд “Эрдэнэт”-ийгзарчихлаа гэж. (инээв) Яг юу болсон, бизнесийн хамтрагч нь хэн билээ. Оросууд нэгэнт зарах шийдвэрээ гаргаж байж дараагийн асуудлууд өрнөнө гэх зэрэг энгийн үйл явдлуудыг мэдсээр байж шууд тэгж зарладаг л юм билээ.Жинхэнэ улс төрийн оноо авах том шалтаг гарч ирлээ гэж харсан нь тэд байхгүй юу. Тэгээд л тухайн үеийн Ерөнхий Сайд Ч.Сайханбилэг энэ асуудалд дээр тайлбар хийхээс өөр аргагүй болсон байх. Мэдээж тайлбарыг бол “Энэ тийм биш ээ, эд мушгин гуйвуулж байна аа”гэж хийх нь утгагүй учраас “Сайн мэдээ” гэдэг талаас нь мэдэгдлээ хийсэн болов уу. Үнэн хэрэгтээ энэ үйл явдал өөрөө тэр үеийн улс төрийн цаг хугацаа, түүнийг дагаж хөөрсөн нөхцөл байдлыг бүгдийг нь авч хаяад нүцгэнээр нь зөвхөн болсон процессыг харах юм бол “Сайн мэдээ” мөн үү гэвэл мөн шүү дээ. Монголчууд авсан нь үнэн юм чинь, монголын талд бүр шилжсэн нь үнэн юм чинь тийм биз дээ. Бид хэдийн байгуулсан энэ гавьяа бөгөөд одоо балбуулж хараалгаж байгаа“ял”-ыг бид хэдээс өөр хэн ч авч чадахгүй. “Монголын зэс” корпораци авсан уу, авсан. Би энэ гэрээн дээр гарын үсэг зурсан уу, зурсан. Өнөөдрийн энэ самарч байгаа мундаг улстөрчид, энэ сэдвийг буруугаар мушгиж олон түмний тархийг угааж явсан хүмүүс энэ гавьяаг надаас хэзээ ч авч чадахгүй. Зүгээр хүчээр зохиомол ял тулгана уу л гэхээс энэ болсон процессыг бол түүхээс арчиж, өөрчилж чадахгүй шүү дээ.

    Түүхийн хүрд нь эргээд явчихсан гэж үү?

    -Тийм. Хүрд нь эргэчихсэн байхгүй юу. Тэгэхээр энэ түүх надтай хамт, намайг үхэн үхтэл хамт явах түүхэн үе юм даа. Би үүгээр бахархдаг. 1957 онд билүү хоёр Солонгос байлдаж, өмнөд Солонгос эдийн засгийн хувьд асар их хохирол амсчээ. Тэгэхэд өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хегийн аав Пак Чон Хе генерал хэлсэн байдаг. Бид бүхэн энэ их уй гашуу, ялагдлын хохирлыг өөртөөашигтайгаар эргүүлэхийн тулднасан туршдаа ажиллана аа гэж. Тэгээд 16 жил Солонгосын төрийг барихдаа эдийн засгаа бараг 100 дахин өсгөсөн. Тэр хүн тухайн хүнд нөхцөл байдлыг ашигтай байдал руу нь эргүүлж чадсан. Өнөөдрийн өмнөд солонгосчуудын ярьдаг юм бол хойд Солонгос байгаа учраас бид ингэж хөгжлөө л гэж ярьдаг. Үүн шиг би өнөөдрийн амсаж байгаа бүхнээ хохирол гэж хэзээ ч харахгүй байгаа, ялагдал гэж хэзээ ч харахгүй байгаа. Та мэдэж байгаа. Энэ дээр ялж байгаа хүн ганц ч байхгүй байгаа.

    Монголчууд бид өөрсдөө хохирч байна. Наймаа хийсэн цаад талынхан цаашаа ажлаа хийгээд л явчихсан. Бид эндээ бүгдийг гацааж, царцааж байх шив дээ?

    -Тийм. Энэ дээр хэн ч ялаагүй. Гэхдээ энэ бол нэгэн сайн юмны, нэгэн сайн үеийн эхлэл гэж би харж байгаа.

    Мэдээж зээлийн тоолуур эргэж байгаа. Эдийн засгийн хохирол амсаж байгаа нь ойлгомжтой?

    -Харамсалтай боловч дотоодын улс төрийн ашиг хонжоо болгосон энэ дажин биднийг хатуужуулж байгаа байхгүй юу. Биднийг, манай компанийг хатуужуулж байгаа. Энэ сэдвийг тойрч олон хүн амьдарч байна ш дээ. (инээв)Тэгэхээр энэ чинь сайн өнцгөөрөө сайн л гэсэн үг. За, тэр эх үүсвэр мөнгө төгрөгний асуудал дээр бол бид их олон тайлбар хийсэн. Би түрүүн танд онцолж нэг зүйлийг хэлсэн. Төрд ажиллах сонирхол надад, миний үеийнхэнд байдаггүй гэж. Тийм ч учраас би тэр төрийн мөнгө төгрөг гэдэг юмыг ойлгохгүй. Төрд би нэг ч удаа ажиллаж байгаагүй. Төртэй холбоотой ганц ч бизнес хийж байгаагүй. Яахав энэ их гүжирдлэг дээр бидний өгсөн хариултууд хаданд хийсэх цуурай мэт сарниад, сонсогдохгүй байгаа бол тэр Монголбанк, Хөгжлийн банкнаас нь албан ёсоор өгсөн тайлбар байдаг юм л даа. Мөнгө төгрөг аваагүй шүү гэсэн. 400 сая долларыг Ц.Пүрэвтүвшин гэдэг хүн хаанаас олчихов гээд их тийм егөөдөх байдлаар ярьж байгаа юм. (инээв)

    Монголбанк Засгийн газрынхаа шийдвэргүйгээр 360 тэрбумын зээл Худалдаа Хөгжлийн Банкинд өгсөн гэх нэг мэдээлэл бий. Тэгэхээр төв банк ЗГ-ын зөвшөөрөлгүйгээр аж ахуйн нэгжид зээл олгох эрхгүй. Мөн ХХБ-ны 93 %, Улаанбаатар банкны 99.1 %-ийг ноён Д.Эрдэнэбилэг эзэмшдэг гэх. Тэгвэл зохиомол зээлийн хэлбэрээр Улаанбаатар банк 56 сая, ХХБ 354 сая долларыг шилжүүлсэн байна. Үүний учрыг олъё. Түүнээс биш “Эрдэнэт”-ийн 49%-ийг монголдоо олоод ирсэнд нь дургүйцээд байгаа хэн ч байхгүй гэж энэ сэдвээр мэтгэлцэж байгаа зарим улстөрч хэлээд байгаа. Та үүнд хариулт өгөхгүй юу?

    -За, гурван банкны нэр та хэллээ. Монголбанк, Улаанбаатар, Худалдаа хөгжил гээд. Улаанбаатар банкин дээр миний хадгаламжийн данс байсан. Тэрэн дээр гүйлгээ хийсэн болохоор Улаанбаатар банк гээд татаж яриад байгаа юм. Улаанбаатар банк бол тэрнээс өөрөөр энэ процесст ямар ч хамаа байхгүй. Миний хувийн данс байсан. Би жишээ нь, Төрийн банкин дээр хадгаламжтай байсан бол гай болох байсан юм болов уу (инээв)Эсвэл Голомт, Хаан банк дээр данстай байх ёстой байсан юм болов уу. Энэ дээр миний алдаа ч байхыг үгүйсгэхгүй. За, Худалдаа хөгжлийн банк нэгдүгээрт манайд зээл өгсөн, хоёрдугаарт “TDB capital” гээд компани байгаа. Олон улсын түвшинд санхүүгийн зөвлөгөө өгдөг компани юм.Тэр манайд зөвлөгөө өгсөн байхгүй юу. Тэрүүгээр ингээд холбогдож байгаа юм. Та хоёр зүйлийг ярьж байна. Монголбанк аж ахуй нэгжид зээл өгөх ёсгүй гэж. Хоёрдугаарт, Засгийн Газрын зөвшөөрөлгүйгээр гэдэг зүйлийг та ярьж байна. Аж ахуй нэгжид зээл өгөхгүй гэдэг нь үнэн. Засгийн газрын зөвшөөрөл гэдэг бол худлаа. Яагаад гэвэл хуулиараа Монголбанк Засгийн Газраас хараат бус байдаг. Гэхдээ энэ бүхэн миний хариулах ёстой, надад хамааралтай асуултууд биш байна. Маш товчхондоо бол Монголбанкнаас огт зээл аваагүй. Энэ бол боломжгүй. Маш олон тайлбарлаж байна даа. Ер нь манай хувийн хэвшлийнхэн улстөрчид шиг худлаа, бас уран ярьж чаддаггүй. Өмнөх ажлаа л хийж явдаг хүмүүсболохоосулстөрчид шиг хий хоосон ярьдаг, нийгмээ албаар худлаа яриагаар үймүүлж тоглодог, хуурч мэхэлдэг хүмүүс биш шүү дээ. Заримдаа хэцүү санагддаг нь үнэн. Олон мянган хүмүүсийн амь амьдралыг авч явдаг. Цалин хөлсийг нь олгох, улсдаа татвараа төлөх гээд улстөрчдийнхөөс тэс өөр бодит үүрэг хувийн хэвшлийн бидний нуруун дээр байдаг. Бид нар байнга улстөрчид шиг зурагтаар гараад л, энд тэнд үр ашигггүй хурал хийгээд явж чадах ч үгүй. Дээрээс нь тийм сонирхол байхгүй.

    Би таныг сайн ойлгож байна. Бизнест цаг минут бүхэн чухал. Гэтэл ийм байдалтай байж байдаг. 49 %-ийг аваад “Эрдэнэт” рүү орж ажиллахад яг ямар нөхцөл байдал угтсан бэ. Бэлгэвч, вандуй хүртэл шахчихсан байна гээд л цуурч байдаг шүү дээ. Энэ бол сонирхолтой сэдэв шүү?

    -Үйлдвэрийн өөрийнх нь тухай яръя л даа. Үйлдвэрийнх нь өнөөгийн нөхцөл байдал хэр байна, үйлдвэр нь бусад өрсөлдөлдөхүйц уурхайтай харьцуулахад хэр байна. Энийг бас яримаар санагдаад байгаа юм. Сонирхох ёстой юм шүү дээ. Үйлдвэрийн 40 жилийн ой энэ жил болж байгаа. Үйлдвэрийн гаргаж байгаа бүтээгдэхүүн нь 125 мянган тонн цэвэр зэс буюу 500 орчим мянган тонн концентраци. Зэсийн баяжмал гээд байгаа юм. Баяжмал чинь өөрөө 23%-ийн агуулгатай байхгүй юу. Яг зэс биш шүү дээ. Энэ үйлдвэрийн хүчин чадал нь одоо бараг анхныхаараа л байгаа. Гэтэл“Оюутолгой” гэдэг үйлдвэр өнөөдөр хүчин чадлаараа Эрдэнэтээс давчихсан. Яахав шүүмжлэлтэй юм байгаа л даа. Угаасаа гадны хөрөнгө оруулагч гэдэг бас нэг тусдаа сэдэв. Зөвхөн энэ уурхайг хэрхэн авч явж байна вэ гэдэг өөрөө бас нэг тусдаа сэдэв. Эндээс бид нар анхаарах, авах юмыг нь авах ёстой. Энэ компани үйлдвэрээ таванжилийн дотор барьсан. Удахгүй 2021 оноос 600-700 мянган тонн цэвэр зэс гаргадаг болно. 10- хан жилийн дотор бүтээн байгуулалтыг нь хийж байгаа гэсэн үг. “Эрдэнэт” үйлдвэр болсүүлийн 20 жил бахь байдгаараа л байгаа. Шалтгаан нь бол менежментийн алдаа. Яг 40 жилийн өмнө суурилуулсан тоног төхөөрөмжтэй хэвээр өнөөдөр ажиллаж байгаа. Уурхай дээр ажиллаж байгаа ажилчдын үйлдвэрээ гэсэн сэтгэл дээр л явж байгаа. Тэр уурхайг унагаахгүй аваад явъя гэсэн монгол хүний сэтгэл л гол хөдөлгөгч хүч нь болж байгаа юм л даа. Гэвч өнөөдөр өрсөлдөхүйц түвшинд байгаа юу гэвэл хэцүү. Яг зөв засаглалаараа явсан бол гэдэг өнцгөөсхэн ч ярихгүй байгаа юм. Энийг бол эдийн засагчид, санхүүч нар төсөөлж чадна. Хэрвээ шахаа хийдэггүй байсан бол өнөөдөр үйлдвэр ямар байх байсан бол. Та ч гэсэн ингэж бодож л байгаа. 

    Төр бол үнэхээр загнаж занчиж байгаад л татвараа аваад явдаг. Гэтэл үйлдвэрийн биологийнх нь нас ямар болсон байгаа билээ дээ. Тордолт биш тонуул л явагдсан?

    -Яг үнэн. Энэ бол маш чухал сэдэв болж байгаа байхгүй юу. Цаашид геологийн нөөц нь хэр байна, өрсөлдөхүйц чадвар хэр байна. Гол нь шахаа гэдэг зүйл байна. Энэ арилахгүй л байгаа байхгүй юу. Эцсийн дүндээ өнөөдөр улс төржүүлээд өрнүүлж байгаамаргааны асуудал чинь эндээс л эхэлсэн. Аймаар энгийн юмнаас үүссэн тэмцэл байхгүй юу. Эрдэнэт тойрсон асуудал дээр хоёр энгийн юм байгаа. Нэгдүгээрт, энийг авчихсан энэ “Монголын зэс” корпораци гэдэг чинь үлгэр домог биш юм байна. Энэ Ц.Пүрэвтүвшин гэдэгзалуу үлгэр домог биш юм байна . Зүгээр энгийн л монгол компани. Бизнесийн боломж гарсан уу гарсан, ашигласан уу ашигласан. Энэ бол зүгээр л энгийн юм. Хоёр дахь нь, “Эрдэнэт”-ийг хууль бусаар авчихаж гээд өрнүүлж байгаа улс төржсөн зохиомж нь өөрөө бас аймаар энгийн эрх ашгийн зөрчилдөөнөөс л үүсээд байгаа байхгүй юу даа. Жишээ нь, энэ "Жаст" гээд группийнхэрэг чинь хэзээ ил гарч ирсэн бэ гэвэл сүүлийн хоёр жилийн хугацаанд л гарч байгаа биз дээ. Бид очоод л үзсэн. Ийм зүйлс гарч ирсэн. “Эрдэнэт” үйлдвэр өнгөрсөн 20-30 жилийн хугацаанд сайн менежментээр явсан бол гэж төсөөлж чадахгүй байгаа бол “Монголын зэс” компани орж ирээгүй байсан бол "Жаст"-ын асуудал ил гарах байсан уу гэсэн энгийн төсөөлөл хийж чадна биз дээ. Энэ бол маш энгийн юм байхгүй юу. Энэ асуудал ил гарах байсан уу. Үгүй байхгүй юу. Хувийн хэвшил орж ирээгүй бол улстөрчдийн шахаа, тэдний оролцоотой дээрэм, тонуул ингэж илчлэгдэхгүй байсан.

    Цаашид ч юу гарч ирэхийг мэдэхгүй. Хэцүү асуудал л даа?

    -2005 оноос л эхэлсэн байдаг юм байна лээ. Эрдэнэт үйлдвэрийг тойрсон янз бүрийн арбитртай холбоотой маргаан энэ тэр. Шахаа гэдэг юм яагаад үүссэн бэ гэхээр “Эрдэнэт” үйлдвэр чинь өөрөө эзэнгүй байгаа байхгүй юу. Оросууд нь тоохгүй, монголын улстөрчид нь эрх барьж байх үедээ ээлжлээд шахаа хийгээд явахаар яах юм. Тэр үйлдвэрийн эрх ашгийг хамгаалдаг хүн байхгүй болсон байхгүй юу. Ажилтнууд өнөөдөр уурхайгаа ажиллуулж байгаа болохоос манай үйлдвэрт хэн юу шахаж байна гэдгийг хэн ч ярьж чадахгүй шүү дээ. Үйлдвэрийн тэр эзэнгүй байдлыг эрх барьж байгаахүмүүс л өнгөрсөн 20- 30 жилийн хугацаанд ашиглаж ирсэн. “Монголын зэс” гэж хувийн хөрөнгө оруулагч орж ирсэн цаг үеэс тэр шахаа гэдэг нь бүр 100% зогсдоггүй юм аа гэхэд тодорхой хэмжээнд тэдний хийсэн хэргүүд задарч эхэлж байгаа байхгүй юу. Идээ бээрийг нь шахаад эхлэнгүүт амь нь тэмцээд хувийн хэвшилдээ халдаад, хийж болох болохгүйн хязгаарыг давсан үйлдлүүд хийгээд уналаа шүү дээ. Хүмүүс гайхаад байдаг юм. Энэ үйлдвэрт чинь өмнө нь ерөөсөө тендер байдаггүй байсан ш дээ. Одоо тендерийн зарчим нэвтрээд явж байгаа. Яалт ч үгүй шахаанд ороод тендер явж байгаа. Олон хүнээс хариуцлага нэхдэг болсон. Одоо энэ "Жаст"-ыг тойрсон асуудлуудыг сүүлийн хагас жилийн хугацаанд эрчимтэй шалгаж эхэллээ шүү дээ. Гэтэл энэ маргаан чинь 2007 оноос эхэлсэн маргаан гээд бод. Яагаад 2017 онд 10 жилийн дараа ярьж эхэлж байгаа юм. Яагаад “Монголын зэс” компани орсноос жилийн дараа ярьж эхэлж байгаа юм. Энийг хүмүүс ойлгохгүй байгаа байхгүй юу.Тэгэхээр чинь эрх ашиг нь хөндөгдөөд байгаа бүлэглэлүүд галзуурах гээд дайраад эхэлдэг юм байна. Энэ үйлдвэрийн менежментийг сайжруулбал Монгол улсад илүү үр өгөөжтэй гэдгийг яагаад ярихгүй байгаа юм. “Оюутолгой” компани 10 хүрэхгүй жилийн дотор монголын ¹1 татвар төлөгч боллоо шүү дээ. Энэ чинь юундаа байгаа юм бэ. Ерөөсөө л сайн менежмент байхгүй юу. “Оюутолгой” руу өнөөдөр хэн шахаа хийж байгаа юм. Хэн ч чадахгүй байна. Тэгэхэд “Эрдэнэт” үйлдвэр, “Таван толгой”, “Төрийн банк” өөр юу байдаг юм, өнгөтэй өөдтэй юман дээр шахаа гэдэг юмгүй байсан цаг хугацаа байна уу, байхгүй. Бидний тухай буруу ташаа ойлголт өгөх гэж өдөр шөнөгүй ажиллаж байхын оронд “Эрдэнэт”үйлдвэрийн шим шүүсийг өнгөрсөн 20 жилийн хугацаанд сорсон түүхээ яагаад ярихгүй байгаа юм. Бизнесийн эрүүл засаглал ярьж байгаа хүнийг яагаад ад үзэж байгаа юм. Энэ үйлдвэрийг би эсвэл манай компанийн ажилтнууд халаасалж аваад Хятад руу гарах юм уу. Эсвэл Америк гараад зугтах юм уу. Монголчууд болохоор л бид нар өнөөдөр ингээд муухай царайлаад төрдөө дээрэлхүүлээд сууж байгаа шүү дээ. Монголчууд монголчуудаа дээрэлхэж болно oo. Гэхдээ бас нэг бодох хэрэгтэй байхгүй юу. Үндэснийхээ эрх ашгийг бодож байгаа юм бол зарчимтай байгаач ээ л гэж хэлмээр санагддаг. 

    Ингэж хэмлэлдсэнээр Монгол өөрөө л хохироод байна л даа. Бушуухан цэгцрээд, энэ үйлдвэрийг хэрүүлийн “бай” болгох явдал зогсоосой л гэж хүсч байна?

    -Өөрсдөө мэдэлгүй хохироод л өнгөрч байгаа шүү дээ. Төсөөлөөд үзэх хэрэгтэй. “Оюутолгой” шиг зарчмаар таван жил ажиллавал яах бол, улсад триллион төгрөгийн татвар төлөхийг үгүйсгэхгүй байхгүй юу.Энийг дагаж хувийн хэвшлийн бизнесүүд чинь бүгд л эрүүл журмаараа явна. Өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийн тендерийг ил тод интернэтээр “Оюутолгой” шиг явуулдаг болгоё гээд чадахгүй байна. Тэрийг ярьсан хүнийг өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэр дээр улс төрөөс шахаа хийж янз бүрээр дарамталж байна. Яагаад болохгүй байгаа юм. “Оюутолгой” шиг болчихож яагаад болдоггүй юм. “Оюутолгой”-руу өнөөдөр хүссэн хүн болгон стандартыг хангаж л байгаа бол сайт руу нь ороод л бараа бүтээгдэхүүнээ нийлүүлж болно. “Оюутолгой”-н ханган нийлүүлэгч компани болсон бол өөрийнхөө танилцуулган дээр ганц өгүүлбэр бичихэд бүх газар хүлээн зөвшөөрөгдөж байна. Яагаад гэвэл тэр чинь өөрөө энэ компани стандарт хангагч юм байна гэж хүлээн зөвшөөрч байгаа юм. “Эрдэнэт”- рүү бүтээгдэхүүн нийлүүлдэг гэвэл харин юу гэж бодох бол. Хэнтэй ямар холбоотой юм бол гэж л бодно. Ерөөсөө л энэ улс төрийн юм чинь эрх ашгийн зөрчилдөөн юм байна. Хувийн хяналтыг оруулахгүй гэсэн, өнгөрсөн хугацаанд болсон бүх хууль бус юм, идээ бээрээ шахуулахгүй ил гаргахгүй л гээд байгаа юм. Тэдний зорилго нь энэ. Харин бидэнд энэ үл бүтэх хүмүүсийн өнгөрсөнтэй зууралдаад явах хүсэл байхгүй. Бидэнд цаашаа явах, илүү хол явах, дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэх л хүсэл мөрөөдөл байна. 

    За, ингээд Оросуудаас 49%-ийг нь олоод ирлээ. Ороод ажиллаж байтал УИХ хуралдаад 100 хувь төрийн мэдэлд авах шийдвэр гаргачихсан. Тэрнээс хойшхи танай компанийн “Эрдэнэт” дэх үйл ажиллагаа гэж юм байгаа юу?

    -Зарчмын хувьд хувьцаа эзэмшигч нь компанийн үйл ажиллагаанд яаж оролцох вэ.Хувьцаа эзэмшигч нь компанийн үйл ажиллагаанд төлөөлөн удирдах зөвлөлөөр дамжуулан оролцож байгаа. ТУЗ чинь бас нэлээд ажил хийсэн л дээ. Үндсэн зарчмуудыг тодорхойлсон. Захирлуудын зөвлөлтэй болсон. Хуучин ерөнхий захирал гэдэг хүн хаан байлаа. Ерөнхий захирал хүн ганцаараа 10 сая долларын эрхийг шийддэг байлаа шүү дээ. 24 тэрбум төгрөгний асуудлыгганцаархнаа шийдвэрлэнэ гээд бод. Энэ одоо юу гэсэн үг юм бэ. Одоо 24 тэрбум төгрөгөөр чинь юу хийж болох юм. Миний мэдэхийн намайг жоохон байхад Ховд аймгийн төсөв чинь хоёр тэрбум төгрөг байлаа ш дээ. (инээв)

    УИХ “Эрдэнэт” үйлдвэрийг 100%төрийн мэдэлд авлаа гээд шийдвэр гаргалаа. Таны хувьд тэр үед тийм шийдвэр гаргах гэж байна гэсэн зохих түвшний мэдээлэлтэй байсан уу. Тэрийг хүлээж авахад ямар байсан бэ?

    -Нэг зүйлийг л их гайхаад байгаа юм. Төрийн шийдвэр чинь өөрөө үнэн бодитой мэдээлэлд суурилсан байх ёстой. Тэгэхэд манай УИХ-ын тогтоол зүгээр сэтгэлийн хөдлөлөөр гардаг юм билээ. Тухайн үедээ бол гайхаж л байлаа. Яаж ч бодсон тийм шийдвэр гаргах ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй. Одоо би хуульч хүний хувьд ярьж байна шүү дээ. (инээв)Зүгээр хүчиндээд л тийм шийдвэр гаргачихсан. Эрүүл ухаанаар төсөөлөхийн арга байхгүй. Улс төрийн том алдаа байсан болов уу. Манайхаас өөр ямар ч улсад ийм үйл явдал болохгүй. 

    Өнгөрсөн хугацаанд янз бүрийн түвшний хэдэн удаагийн шүүх хурлаар оров. Ямар ямар шийдвэрүүд гарав?

    -Зургаан удаагийн шүүх хуралд манайх ялсан байна. 

    Дотоодын шүүх дээр биз дээ?

    -Дотоодын шүүх. Процессийгтайлбарлая л даа. Их хурлын шийдвэрийг чинь Засгийн Газар биелүүлэх гэж нэг юм байна. Их Хурал нь бол сэтгэл хөдлөлөөр ингээд ав ав гэчихэж байгаа юм. Энэ чинь бас их сонин юм байхгүй юу. Нэг талдаа бол та нар буруу зүйл хийсэн байна гээд байгаа юм. Тэгсэн мөртлөө нөгөө талдаа буруу зүйл хийсэн ч тэрийг нь ав гээд байгаа юм. Хэрэв буруу юм бол буцаад оросын өмч болж таарна аа даа. Жинхэнэ нөгөө нэг хуулийн мухардал гэдэг шиг юманд оруулаад хаячихаж байгаа байхгүй юу. Засгийн Газраа ийм хүнд байдалд оруулаад хаячихаж байгаа юм. Тэгээд Засгийн Газраа“Та нар Эрдэнэт үйлдвэрийг авсангүй, юу хийгээд байгаа юм” гээд загнаад байдаг. Энэ асуудал ингээд л хөвөөд явж байх ёстой юм шиг. Тэгэхгүй бол улстөрчид сэдэвгүй болчихно. “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүл гээд шийдвэр гарчихаж байгаа юм. Энэ чинь болохгүй ээ. Энэ хүмүүстэй уулзах хэрэгтэй гээд бас нэг нормаль юм ярьдаг хүмүүс байна шүү дээ. Тэд нь хэлж байгаа юм. Үл тоогоод л бүрдүүлээд хаячихаж байгаа юм. Тэгээд улсын бүртгэлд аваачаад өгч байгаа юм. Улсын бүртгэлийн ерөнхий газар гэдэг чинь одоо хүн болгоны өмчлөх эрхийг баталгаажуулж байгаа газар. Таны нэр ус, төрсөн он, өмч хөрөнгө гээд бүгдийг. Гэхдээ Засгийн Газрын агентлаг. Тэгэхээр энэ чинь бүр нэг тэнцвэргүй юм болж байгаа байхгүй юу. Засгийн Газартай манай компани шүүхдэлцэнэ гэдэг чинь өөрөө Засгийн Газрын үндсэн системийн байгууллагуудтай үзэлцэнэ гэсэн үг. Улсын бүртгэл хийхдээ Засгийн Газраас хараат бус байх ёстой. Цагдаа хэрэг мөрдөн шалгахдаа Засгийн Газраас хараат бус байх ёстой. Тийм юм байхгүй, хүчиндээд хүчиндээд явчихаж байгаа юм. Тэрийгээ дараа нь олон нийт рүү нөгөө телевизүүддээ сууж байгаад сайхан ярина. Бид нар бүгдийг нь ном журмаар нь сайхан хийчихлээ, одоо ингээд асуудал байхгүй гээд. Тэгээд шүүх дээр очихоороо тэрийгээ тайлбарлаж чадахгүй.

    Арбитрт хандаагүй юу?

    -Арбитрт хандахад асуудал тулж ирсэн байгаа. 

    Арбитр бол хохирлыг мөнгөн дүнгээр л авч хэлэлцдэг. Хэцүү л асуудал үүснэ дээ?

    -Монгол хүний нэг тийм сэтгэл зулгаагаад л тэсч байгаа. Өнгөрсөн хугацаанд болсон бүх Арбитрт очсон тохиолдол чинь гадаад хүн монголчуудын хооронд л болсон процессууд. Энэ тохиолдолд бол анх удаагаа монголчуудын хооронд болох гээд байгаа.

    Монголын компани Засгийн Газартайгаа...

    -Тийм. Засгийн Газар их хэмжээний өрөнд орлоо гэхэд энэ хариуцлагыг хэн хүлээх юм. Өнөөдөр тодорхой гэм буруугаа хүлээчихээд байгаа хүний төлбөрийг“Эрдэнэт” үйлдвэр төлөх гээд л байж байна ш дээ. 

    Асуудал явсаар тэнд очлоо гэж бодоход бас энэ сэдвийг барьж гүйж байсан тухайн үеийн улс төрийн тоглогчид тараад байхгүй болчихно шүү дээ?

    -Байхгүй болчихно. Тэгэхээр хэн хохирох юм. Татвар төлөгчид ш дээ. Хоёр сарын өмнө тодруулсан 100 шилдэг татвар төлөгчдийг харсан биз дээ. 100 топ аж ахуйн нэгж гээд. 70 хувийн татварыг 20-хонкомпани бүрдүүлсэн байгаа байхгүй юу. Энэ чинь ямар сонин тоо гарч байна вэ. Эцсийн дүндээ хариуцлагагүй улстөрчдийн үйлдлээс болсон хохирлыг тэр хэдэн татвар төлөгч л төлнө. 

    Урам хугарч энэ бүхнийг орхих тухай бодол орж ирдэг үү. Манай зарим залуус бухимдаад гараад явцгааж байна. Танай компани дээр, тань дээр ирсэнэнэ цохилтууд бол бас элбэг тохиолддог зүйл биш л дээ?

    -Би Америкт очиж суралцсан. Программаа дуусгаад л шууд монгол руу ирж байгаа юм. Гадаадад амьдарч болно. Боломж мэдээж байгаа. Ямар ч чиглэлээр ажиллаж болно, хуулиараа ч ажиллаж болно эсвэл өөр бизнесийн салбарт ч ажиллаж болно. Миний төгссөн сургууль Мичиганы Их Сургууль. Америкдаа нэр хүндтэй хуулийн сургууль л даа. Мичиганы Их Сургуулийг төгсөхөөр Нью-Иорк, Калифорниа хоёрт ажиллаж болдог байхгүй юу. Би тухайн үедээ нэлээн бодож байсан юм. Ингээд ажиллах уу, яах уу гээд. Тэгээд яагаад ч юм хүрээд ирсэн. Монголд тухайн үед чинь их гоё байлаа ш дээ. Эдийн засаг маш сайхан байлаа. Гадаадын хөрөнгө оруулагч нар монгол монгол гээд ирдэг байлаа. Тухайн үед гадаадаас олон монгол залуучууд эргэж ирж байсан. Үнэндээ бид өөрсдөө л Монгол орноо өөрчилнө. Сүүлийн хоёр жилийн хугацаанд болж буй үйл явдлууд, нөхцөл байдлыг бодохоор улам л энэ бугширмал асуудлуудыг нэг талдаа зөв гаргахгүй бол болохгүй юм байна гэж боддог болсон. Энэ янзаараа явбал цаашдаа манай нийгэм улам л хариуцлагагүй нийгэм болох гээд байна шүү дээ. Залуучууд бид шантрах юм бол хэн ирээдүйд энэ улс орныг авч явах юм. Хэн одоо зүтгэх юм бэ гэсэн хатуу бодол сууж байна. Хэрвээ ингэж буруу хэлбийж байгаа улс орноо залуус нь хаяад зугтвал Монгол бахь байдгаараа л байна. 10 жилийн дараа ч энэ юмаа л яриад гуниглаад сууж байна байх. Тиймээс би ухрахгүй. 2016 онд зөвхөн утсан дээр 50,000 төгрөгийн зээл өгдөг байсан компани өнгөрсөн 2017 оны 12 сард “Forbes” сэтгүүл дээр 30 сая доллар буюу тухайн үеийн ханшаар 60 тэрбум төгрөгийн үнэлгээтэй болчихлоо гээд гарч байна шүү дээ. “Forbes Asia” гээд дэлхийн хэмжээний сэтгүүл дээр. Тэнд монголын хэдэн залуу л байна ш дээ. IT-ийн хэдэн залуучууд. Тав, зургаан залуу маань гараад ирчихсэн дэлхийн хэмжээнд үнэлэгдчихсэн явж байна. Тэр залуучууд Өмнөд Ази руу, Малайз руу, Индонези руу бизнес хийнэ гээд яриад явж байгаа. Тэгэхэд өнөөдөр ингээд л тулга тойрсон юмаа яриад л байх юм уу. Хувийн хэвшил, бизнесийн хөгжил, монголын үндэсний эрх ашиг гээд яриад байдаг мөртлөө ажил хийх гээд байгаа нэгнээ ингээд нухчаад байх юм уу. Яахав өнгөрсөн хугацаанд нухчиж ирсэн байж магадгүй л дээ. Гэхдээ одоо залуучууд чинь шал ондоо болж байна шүү дээ. Юмандаа тууштай болж байна. Улс эх орноо өөрсдөө авч явна, үүнийхээ төлөө зүтгэнэ гэж байна.

    Залуучуудын маань нэг хэсэг нь хатуужиж байгаа байх?

    -Улам хатуужиж байгаа. Юм хийх гээд явж байхад нь нэг улстөрч гарч ирээд гараа өргөөд далайх болгонд дальдчаад зугтаах юм уу. Үгүй байхгүй юу. Энэ бүх хүнд хэцүү зүйл бизнесийн нэг л мөчлөг болохоос насан туршийн хөл тушсан дөнгө тушаа биш.Биднийг хэзээ нэгэн цагтойлгоно л гэж бодож байгаа. Тэгэхдээ Х.Баттулга Ерөнхийлөгчийн таны ярилцлагад орохдоо хэлсэн “Үнэлэгдэх цаг ирнэ, гэхдээ Бодоо шиг 100 жилийн дараа биш” гэдэг шиг биш байх. Их богино хугацааны дараа л байх. Аяндаа хүмүүс ойлгоно. Буруу зөрүү юм байхыг үгүйсгэхгүй. Бид гаднаас ирээд монголын баялаг дээр сандайлчихаад, аваад зугатах гээд байгаа доншуур наймаачид биш. Манай компанид ажиллаж байгаа ганц ч гадаад хүн байхгүй. Дандаа л монгол залуучууд байна. Бид 2017 оны 12 сард л Засгийн Газарт уулзах хүсэлт удаа дараа тавиад албан тушаалтнууд нь хүлээж авдаггүй. Биднийг яг харийнхан шиг үзэж байгаа мэт хааяа санагддаг. Тэгэхэд "Рио тинто" компанийн захирал ирээд манай төр засгийн хүмүүстэй уулзаад зураг хөргөө татуулаад л явж байгаа байхгүй юу. Монголчуудынхаа төлөө эцсийн дүндээ монгол хүмүүс л зүтгэнэ ш дээ.Монголчууд бид өөрсдөө л монгол хүнийхээ үнэлэмжийг дандаа дарж ирлээ.

    “Монголын зэс” компани байгуулагдаад 4-5 жил болж байгаа юм байна. Арван жилийн дараа ямар компани байна гэж төсөөлж байна?

    -Их олон өнцгөөс харж болно. Хувь хүн, баг хамт олон, байгууллагын соёл, нийгэмд эзлэх байр суурь гээд их олон үзүүлэлт байна л даа. “Эрдэнэт”үйлдвэрээ бид нар бас юу гэж харж байна гэдэг асуудал байна. Байгууллагын бизнест баг хамт олны ойлголцол, уур амьсгал нэг номерын асуудал. Дээр нь удирдлагын чадвар, ухаан гэж чухал зүйл бий.Менежер хүний ёстой жинхэнэ мэргэн ухаан шаардлагатай. Манай баг хамт олон өнгөрсөн хугацаанд энэ жижиг боловч хүнд үеийг бол амжилттай туулж байна. Тиймдээ ч цаашдаа бид нар энэ асуудал зөв талдаа гараад явна гэж найдаж байгаа. Ийм үед баг хамт олны нөмөр нөөлөг гэдэг өөрөө маш чухал байхгүй юу. Энэ их дарамтыг туулах бас амаргүй шүү дээ. Өөрсдийн хувь хүний талаас ч гэсэн бид хэдийн давуу тал бол энэ баг хамт олны эрсдлийг хуваарилах чадвар мундаг. Эдийн засгийн онол талаасаа эрсдэл дарамт гэж хуваарилагдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг зөв туулна гэдэг маш сайн чанар. Манай компанийн өөрийн үндсэн зорилго бол эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоо чухал, залуучуудын нийгэмд эзлэх байр суурь чухал, тууштай байдал чухал гэдгийг харуулахыг зорьж байгаа. “Эрдэнэт” үйлдвэр өнөөдөр 125 мянган тонн зэс гаргаж байгаа. Тэгэхэд дэлхийн хамгийн том компани "Кодейлко" гээд компани 1,8 сая тонн зэс гаргадаг. “Эрдэнэт” үйлдвэрээс бүр 12-13 дахин их. “Эрдэнэт” үйлдвэр өнөөдөр өнгөрсөн хугацаанд төв азийн ¹1 компани гэж ярьдаг байсан нь ард хоцорсон. “Оюутолгой” гэдэг компани энэ хажууд нь байж байна.Хятад улс өнгөрсөн 10 жилийн хугацаанд дагаадзэсийн нөөц бололцоог тэлэх үүднээс асар их хөрөнгө зарцуулсан. Улсынх нь бодлогоор явж байгаа асуудал. Орост өнөөдөр 125 тоннын зэс үйлдвэрлэдэг үйлдвэр бол жижигхэн үйлдвэр. Орост хамгийн бага нь 300 мянган тонн зэс үйлдвэрлэдэг үйлдвэр байна. Өнөөдөр зэс үйлдвэрлэдэг 100 гаруй компани байна л даа. “Эрдэнэт” үйлдвэр тэрний 70-80-д л явж байгаа. Бид нар яагаад нэгдүгээрт орж болдоггүй юм. Потенциал байгаа байхгүй юу. “Оюутолгой” гээд бид нарт бэлээхэн жишээ байж байна. Бид нар энийг ролл модел болгоод л явчих хэрэгтэй. Тэгэхэд бид нар төв азидаа өрсөлдөхүйц компани болно. Хажууд нь сайн засаглалаартөдийгүй бүр есөн ид шид нь бүрдсэн ийм том жишээ байж байхад. Зүгээр л бэлэн менежментийн модель л байхгүй юу. Энийг ингэж хий, тэрийг тэгж хий, тендерээ ингэж онлайнаар худалдаж ав гээд үлгэр жишээ үзүүлээд явж байна. “Эрдэнэт” үйлдвэр сүүлийн хэдэн жил яалтч үгүй л зэсийн эдийн засаг гайгүй байгаад байгаа болохоор л ашигтай ажиллаад байна. Гэхдээ бүх шахаа элдэв бусармаг юмнаас нь салгаад шинэ менежментээр явахад улсад өгөх татвар триллион болохыг үгүйсгэхгүй.2017 онд улсад төлсөн татвар 500 тэрбумд хүрсэн шүү дээ. Татвар буурсан гэдэг мэдээлэл ор үндэсгүй худлаа мэдээлэл. УИХ-ын шийдвэр гарахад би хэлж байсан. Худлаа мэдээлэл гарлаа даа гэж. Худлаа мэдээллээр шийдвэр гарсан.

    Төр хувийн хэвшлээсээ тодорхой зайтай байгаад өгмөөр байна. Татвараар дарамтлахаас гадна ирээд ажилд нь хутгалдчихдаг. Төр хувийн хэвшил хоёрын жишгийн дагуух харилцаа гэдэг юмыг яаж төлөвшүүлэх вэ?

    -Өнөөдөр өмнөд Солонгос улс чинь ялалтын эдийн засаг гээд мундаг хөгжөөд л байна. Өмнөд Солонгос ч гэлтгүй дээ аль ч өндөр хөгжилтэй улс дээр ярьж болно. Америк, Англи ч гэсэн. Солонгос улс 1973 онд нөгөө нефтийн хямрал болоод Иран, Афганистанд дайн гараад бүр ямар ч валютгүй болчихсон. 100 -хан сая доллар дансанд нь байсан байгаа юм. Тэгэхэд мөнгө олох байсан арга нь юу байсан гээч ердөө хувийн хэвшлийг гадагшаа гаргах. Одоо энэ Дэйвү Корпорацигэдэг компанийн ул суурь нь тэгж тавигдсан. Тэр үед Саудын араб чинь их мөнгөтэй болоод, газрын тосны ханш өсөөд баллаж өгсөн. Тэгээд Саудын арабт очоод солонгосын компаниуд барилга барьсан байгаа юмл даа. Тэгээд явуулж байхдаа Ерөнхийлөгч нь өөрөө нэг бүрчлэн гаргаж өгдөг байсан байгаа юм. Хувийн хэвшлийнхээ удирдлагыг цуглуулаад бид та нарыг гадаадад ажиллуулъя, дэмжье. Гэхдээ та нар нэг юмыг хатуу санаж яв. Та бүхэн зөвхөн энэ компанийг төлөөлөөгүй шүү. Та нар Солонгос улсыг төлөөлж байгаа шүү. Та нарын хэлсэн ярьсан үг, барьсан байшин чинь Солонгосын ард түмний нүүр царай болно шүү гэж. Тухайн үеийн компанийн удирдлагууд нь тийм үүрэг даалгавар аваад бид явж байлаа гээд ярьж байгаа юм. Төр бид нарыг ингэж дэмжсэн. Солонгосын Засгийн Газар байгаагүй бол бид өнөөдрийн түвшинд хүрэхгүй ээ гэж ярьж байгаа байхгүй юу. Тэгээд тэр хүмүүс тэнд очиж ажилласан байгаа юм л даа. Солонгос хүмүүс чинь ажилсаг. Тэдний жинхэнэ зан чанар нь гарсан байдаг. Шөнө бамбар барьж гэрэлтүүлж байгаад гүүр барьж байсан байгаа юм. Тэгсэн чинь Саудын арабын хаан нь тэрүүгээр явж таараад, гал асаад байгаа ч юм шиг, галт луу шиг харагдсан гэсэн. Тэгээд очиж үзээд энэ чинь ёстой мундаг хүмүүс байна шүү. Шөнө ч гэсэн барьж байна. Энэ хүмүүст ажил өг гээд илүү ажил өгч байсан байдаг. Энэ дээр юу харагдаж байна вэ. Төр, хувийн хэвшил хоёрын түншлэл харагдаж байгаа юм. Төр хувийн хэвшлийн түншлэл гэдэг маань байшин бариад тэрийгээ улсдаа өгөх ч биш яг мөн чанараасаа хамтарч, харилцан нэг нэгэндээ итгэх ёстой байхгүй юу. Одоо ингээд гадны орнуудын олон улсын зах зээл дээр гарч байгаа энэ олон амжилт чинь бүгд төрийнх нь дэмжлэгтэй явж байгаа шүү дээ. Хятадын компаниуд өнөөдөр монголд ирээд байшин барьж байна. Хятадын Засгийн Газрын дэмжлэгтэй л явж байгаа. Хөнгөлөлттэй зээл цаанаасаа авч байна. Тийм учраас тэд энд ирээд үндэсний компаниудтай өрсөлдөж байгаа байхгүй юу. Тэгэхэд монголын компани гадагшаа гаръя гэхээр ямар ч боломж алга байна. Өрсөлдөж чадахгүй байна. Монгол улс гэдэг энэ улсын чинь нэр өөрөө энэ хувийн хэвшлийн компаниудыг чинь доош татаж байна шүү дээ. Олон улсын зах зээл рүү гаръя гэхэд улсын үнэлгээтэй уячихаж байгаа үнэлгээний агентлагийн бодлого өөрөө хувийн хэвшлийг татаж байгаа байхгүй юу. Энэ чинь одоо нөгөө танай аав чинь насаараа муу хүн байсан чи ч гэсэн адилхан л гэсэн үг ш дээ. Төрийн бодлого нь өөрөө улсаа тааруу нэр хүндтэй болгоод байна.

    Манай хувийн хэвшлийг зохицуулдаг хууль тогтоомж бол маш муу. Хууль тогтоомжуудаа өөрчлөхгүй бол явахгүй нь. Монгол мөрөөдлүүд хилийн дээснээсээ гарч чадахгүй унаад байна. Хүчтэй залуучууд нам хүчинд хуваагдаад тал талд л яваад байгаа харагдах...

    -Залуу үе гэхээр ер нь 30-40 орчим насны залуучууд юм уу даа. Миний бодлоор залуучууд асуудлыг илүү өөр өнцгөөр хардаг болсон гэж бодож байна. Хувийн хэвшилд явж байгаа залуучуудын давуу тал юу байна вэ гэхээр улстөрчдөд найдахаасаа илүүтэйгээр өөрсдөдөө найддаг. Өөрсдөө л энэ бүхнийг давж гарах ёстой гэдэг үзэл санаа нь бэхэжсэн нь юм.

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан