Могойд барьдаг мод нь байсан Монголбанк мугуйд улстөрчдийн нүдүүр нь болжээ

    Монгол­банк гэж айл манай биш хүний юм шиг нүдний үзүүрт байх болжээ. Амтай болгон загнан зангаж, аль таарснаа самарч явдаг аман популистууд ч чичилж байх болов. Үнэн хэрэгтээ хэн хүнгүй л санхүүгийн бэрхшээл дунд тэлчилж байна. Гэхдээ энэ зүдгүүр маань ганцхан төв банкнаас болоод байгаа хэрэг үү. 

     Тэр дундаа Монголбанк эдийн засгийн асар хүнд­рэл­тэй орчинд ажиллаж буйг эрхбиш аливааг эргэцүүлдэг хэсгийнхэн харж л байгаа. Тэд өөрсдийн хэлээр нөхцөл байдлыг хичнээн тайлбарлавч сонсох чих нэгэнт үгүй бололтой.  

    Уул уурхай зэрэг зарим салбарын эрхзүйн орчин тодорхойгүй, хөдөлгөөн ихтэй  байсан учраас га­даадын хөрөнгө оруулагчид бол­гоомжилж эхэлсэн нь нууц биш. Мэдээж дотоодын популистуудын ойворгон аяг ааш, улс төрийн тогтворгүй байдлаас болж  хөрөнгө оруу­­лалт багассан. Одоо харин үүний бурууг зөвхөн Засгийн газарт тохоод үймээн дэгдээж, үгэн сум шүршиж явдаг чалчигчид чимээгүй өнгөрч байх шиг байна.  

    Мэдээж бид Оюутолгойн далд уурхайн ажлыг гра­фикийн дагуу яваад,  ол­борлолт  нь эхэлж, дараагийн ээлжийн хөрөнгө оруу­лалт орж ирнэ гэж харж байсан  маань үнэн. Харамсалтай нь санаснаар болохгүй байна.  Дээр нь уул уур­хайн өндөр өртөг шаарддаг нөр их бизнесийг дэмжиж санхүүжүүлдэг банк­­ны салбар маань  өнгөрсөн оноос эхлэн бэрх ачааг үүрч, хүндхэн мөчүүдийг давж байна. Ер нь бол манай хямрал Хятадын эдийн засгийн эрчимтэй өсөлт буурсантай холбоотойг шинжээчид хэлж байгаа. Манай ДНБ-ийн өсөлт  20 хувь болж өсөхөд голлох нөлөө үзүүлсэн нүүрсний салбар маань Хятадаас хамааралтай гэдгийг эрхбиш бид мэдэж ярьж байх ёстой.  

    Монголбанкнаас 2014 онд инфляцийг нэг оронтой тоонд барих зорилго тавьж байсан. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд мөнгөний бодлогын уламжлалт аргуудаас гадна уламжлалт бус макро эдийн засагт шууд нөлөөлдөг арга хүртэл хэрэглэснийг судлаачид онцолж байна. Гэсэн ч байдал хүндэрсээр байгаа нь мөнгөний бодлого ямар хэцүү дээсэн дээр явж буйг илтгэж байгаа юм. Хэдийгээр тэд нийгэмд чангаар хашгиран юуг ч хэлэхгүй байгаа ч 2012 оноос эхлэн Засгийн газартай хамтран эдийн засгийг тогтворжуулахаар  хүчин чармайлт гарган дөрөв орчим их наяд төгрөг гаргаж бидний үндсэн хэрэглээ болох мах, буудай, шатахууны үнийг тогтворжуулахад зарцуулсан шүү дээ. Өнөөдөр бид энэ тухай харин эргэцүүлэхийг хүсэхгүй л байна. Чингээд зогсохгүй хоёр гурван ч удаа бодлогын хүүгээ бууруулж, хөрөнгө оруулалтын нөхцөлийг сайжруулахаар хичээн ажилласан. 

    Юун дөрвөн их наяд вэ гэж арай одоо асуухгүй биз. Засгийн газар төсвийн алдагдлаа  ДНБ-ий хоёр хувиас хэтрүүлэхгүй байсан ч бонд гаргаж, Хөгжлийн банкаар дамжуулан  2,6  их наяд төгрөгийг эдийн засагт зарцуулсан. Үүн дээр үнэ тогтворжуулах хөтөлбөрийг оролцуулаад нийт хүндрэлийн эсрэг бодлогуудад зориулж дөрвөн их наяд зарцуулсан. 

    Нийгмийн амьдралын нүсэр даац руу нэгэнт шингэн орсон энэ мөнгийг одоо хэн ч үнэлэхгүй, хэн ч санахгүй. Амьдралын жам, нийгмийн араншин ийм л байдаг. Ийм байдаг учраас инфляцийг нэг оронтой тоонд оруул гэсэн шаардлага тасралтгүй л цуурайтах байх. Цуурайтах ч учиртай. Гэвч ямар ч цуурхал, цуурай улсынхаа санхүү, банкны системийн тогтвортой байдлын эсрэг хангинаж болохгүй билээ. 

    Өнөөдрийн бидний зовлон улс төрөөс л үүдэж байна. Иргэдийн нүдэнд пургисан шороог улс төр л үсэргэж байна. Одоо болтол УИХ төсвөө баталж амжаагүй байгаа нь мөнөөх улс төрийн орчны л асуудал. Батлагдах төсөв маань ч бөөн шүүмжлэл араасаа чирч яваа. Тооцоолол дутуу, хийгдэх ажлуудын уялдаа холбоо муу тусгагдсан гээд өдий төдий юм бий. Төсвийн орлогоо нэмэгдүүлэх чиглэлээр найрсаг, ухаалаг бодлого үйлдвэрлэж байх ёстой парламентын маань үндсэн ажил улс төр хийх болчихоод байна шүү дээ. Төсвийн орлого нэмэгдэхгүй бол ахиад л  гаднаас өр зээл тавина шүү гэдгийг эдийн засагчид анхааруулаад л байна. Тэд бол бодлоготнууд. Тэдний ам улстөрчдийнхтэй адилгүй. Гэвч тэднийг улс төр нь сонсдоггүй. Ийм л урвуу уур амьсгал, буруу эргүүлэгтэй орон болчихоод байна. 
     
    Гадаадын шууд хөрөнгө оруулалт зогссон гэж амтай болгон чичлэх атлаа хийж буй үйлдэл, явуулж буй бодлогын алдаануудаа эргэж хардаггүй. Гадны хөрөнгө оруулалт өмнөх онтой харьцуулахад 65 хувиар буурсныг бараг зогссон гэж дүгнэж болно. Гэхдээ үүний буруутан дотоодын ойлгомжгүй улс төр, улс төр тойрч популизм хийж амь зогоодог хөлсний этгээдүүд шүү дээ. Одоо манайд орж ирж байгаа мөнгө гэж байхгүйтэй адил болчихоод байна. Бид гадна дотны хөрөнгө оруулагчидтай завсар зайгүй “ажиллах” шаардлагатай болчихоод байна. Энэ ганцхан Н.Золжаргалын хийх ажил биш. Бутрааж бусниулах болохоороо амаа мэдэж чаддаггүй, хоосон цэцэрхэгч бүх нөхдүүдийн үүрэг.  Улстөрчид одоо Монголбанкийг шүршиж байна. Үнэндээ тэдэнд тэгэх эрх байхгүй.  

    Хөрөнгө оруулалтын урсгалыг зогсоосон нэг том хүчин зүйл бол лиценз цуцлалт байлаа. Гэхдээ эргэж сэргээсэн. Одоо энэ сэдвүүдээ гангалж гоёод ярьцгаая. Сэтгүүл зүй нь ч хариуцлагатай байя. Бидний үндсэн сэдэв улс төр биш шүү. Бидний үндсэн сэдэв Монгол орны ирээдүй, Монголын нийгмийн сайн сайхны төлөөх зүтгэл. Бид “зодох”-доо улам л эрэмшиж байна. Юм болгоныг л олон нийтийг урвуулан татаж байгаад л хавсайдан нүдэж байдаг. Хамаагүй дур зоргоороо хөндөж болдоггүй салбар гэж бас бий. Бусад улс орнууд жишээлбэл, батлан хамгаалах салбар ч юм уу, банкны салбараараа барагтай оролддоггүй. Банкны салбараа шаварт унагачихвал балрахын л цондон байдаг учраас тэд болгоомжтой ханддаг. 

    Үнэн хэрэгтээ эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээг өнгөрсөн онд аваагүй байсан бол 2012-2013 оны төлбөрийн тэнцлийн хямрал нь 2013-2014 онд эдийн засгийн хямрал болох байсан гэж шинжээчид хэлж байгаа.  Ирэх онд манай макро эдийн засагт тулгарч байгаа гол асуудал  яаж төлбөрийн тэнцлийн хямралыг эдийн засгийн хямрал болгохгүй байх вэ гэдэг л асуудал байх болно гэдэг тодорхой. Тэгэхээр бид төв банкний үйл ажиллагааг дэмнэдэггүй юм гэхэд гайтуулж, донсолгохгүй байх ёстой. 
     
    Сүүлийн хоёр жилийн турш хөрөнгө оруулалт тасралтгүй буурсаар одоо гамшгийн хэмжээнд хүрээд байна.  Манай гадаад худалдааны нөхцөл муудсан, эдийн засагт томоохон түлхэц өгч явдаг төслүүдийн хэрэгжилт тухайлбал “Оюутолгой”-н хоёр дахь ээлжийн хөрөнгө оруулалт зогсож, үл ойлголцол үүссэн. Дээрээс нь манай улсын зээлжих зэрэглэл буурсан. Энэ бүх амаргүй орчинд ажил байгаа банк, санхүүгийн системийнхээ зовлонг ойлгож явах цаг бидэнд ирээд байна. 

    2015 оны мөнгөний бодлогын үндсэн зорилт нь эдийн засгийн гадаад тэнцвэрийг хангах, инфляцийг  тогтвортой төвшинд байлгах, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, эдийн засгаа тэнцвэртэй, тогтвортой өсгөх орчныг л аль болох бүрдүүлэхийн төлөө  Төв банк, Засгийн газар ажиллана. 

    Санхүүгийн тогтвортой байдал гэдэг бол Монголын тогтвортой байдал юм. Тийм учраас  бид хаа хаанаа хариуцлагатай байх ёстой билээ. Бид хүнд хэцүүг туулах чадвараа өсгөх хэрэгтэй байна. Туулах чадвартай улс орон л хүчирхэгждэг. 

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан