С.АМАРСАЙХАН: БИД 51 ХУВИЙН ХУУЛЬ ЁСНЫ ЭЗЭМШИГЧИД АТАЛ БҮТЭН ЖИЛ БАНКНЫХАА ГАДАА СУУЖ БАЙНА

    “Ярилцъя” та бүхэнтэй шинэ зочныхоо хамт мэндчилж байна. Монгол улс  зах зээлийн нийгэмд шилжсэн нэн шинэ түүхтэй хамт өрхөө татаж, хориод жил шилжилтийн хатуу бэрх цагийн салхинд тэсч, хөл дээрээ бат зогсож чадсан үндэсний  группуудын нэг “Оюуны ундраа”-г та бүхэн мэднэ. Зочин маань “Оюуны ундраа” группын захирал С.Амарсайхан. Тэрбээр урьд өмнө нь хэвлэлд тэр бүр ам нээж байгаагүй бөгөөд сонин сэтгүүлийн хуудсуудыг элтэл хэл ам хийж, дуртай үедээ шоу хийж бужигнаж  явдаг нөхдүүдээс эрс өөр зан төлөвтэй хүн юм. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагаа дэлгэе.

    -“Оюуны ундраа” гэх нэртэй хамт нэг гэр бүлийн ах дүү хэдэн залуус харагддаг.  Танай компани манай үндэсний анхны компаниудын нэг.  Байгуулагдаад яг хэдэн жил болж байна вэ?

    -Манай компани анх 1992 онд байгуулагдсан. Монголын анхны л хувийн компаниудын нэг. Байгуулагдсан цагаасаа хойш олон салбарт үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Одоо ч тэр хэмнэлээрээ л ажиллацгааж байна. Анх бол ажлаа нефтийн бүтээгдэхүүн оруулж ирэх бизнесээр эхэлж байсан. Анхны хувийн шатахуун түгээх станцуудыг байгуулсан. Мэдээж тэр үеэс хойш зах зээлийн хуулийн дагуу олон бизнест хөл тавьж, үйл ажиллагаагаа тэлсэн. Тэр дотор нь амжилттай ч явсан юмнууд олон бий. Тухайн цаг үеийн улс төр, санхүүгийн ертөнцийн савалгаа давалгаануудаас хамаарч урагш муутай ч явсан төслүүд зөндөө байгаа. Ерээд оноос хойш 2004,2005 он хүртэл нийтдээ бол монголын компаниуд ижил л дүр төрхтэй байцгаасан шүү дээ. Тийм айхтар тасарчихсан, хөрөнгө мөнгө цуглуулж хураачихсан компаниуд  ховор байсан болов уу. Зах зээл нь ч өөрөө хүнд байсан. Шилжилтийн гэх тэр хүнд үеүд бүгдийн маань л ажил амьдралд нөлөөлж байсны тусгал байх. Тэр л урсгал дунд оршин тогтнож, бусдын туулдаг болгоныг туулж ирсэн. Өнөөдрийн байдлаар бол уул уурхай, барилга , үл хөдлөх хөрөнгө, банк санхүү, дээрээс нь мэдээлэл технологийн чиглэл гэсэн дөрөв таван чиглэлд нийтдээ 10 орчим охин компанитайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.    

    -Та бол өнөөдөр энд ерөнхий захирал уу?

    -Би компанийн ТУЗ-ийн дарга, ерөнхий захирлын ажлыг хийж байна. 

    -Таны ах сайд асан С.Отгонбаяр одоо хаана юу хийж байна вэ. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар эрүүл мэндийн хувьд нэлээд асуудалтай гадаадад эмчлүүлж байгаа гэх юм. Энэ талаар мэдээлэл өгч болох уу?

    -Эрүүл мэнд нь одоо бол сайжирсан. Гадаадад урт удаан хугацааны эмчилгээ хийлгэж байгаад ирсэн. 2004 онд УИХ гишүүн болсноосоо хойш улс төр, бизнесс хоёрыг бүрэн тусгаарласан.

    -Та нар ах дүү хэдүүлээ юм бэ?

    -Бид эцэг эхээс есүүлээ шүү дээ. Найман хүү, нэг охин. Би бол дороосоо хоёр дахь нь. 

    -Бүгдээрээ компанидаа ажиллах уу?

    -Юу гэж бүгд ажиллахав дээ. Бүгд тус тусдаа, өөр өөрсдийн ажил амьдралтай хүмүүс. Мэдээж төрсөн ах дүүс юм чинь хоорондоо ярилцах, шийдвэр гаргахдаа асууж зөвлөлдөх юм байлгүй яахав. 

    -Тэр мэдээж. Ингэхэд нефтийн чиглэлийн бизнесээ бүр орхичихсон юм уу?

    -Үндсэндээ орхисон. Орхиод олон жил ч болж байгаа. Ер нь бол тийм ч амар бизнес биш. 100  хувь, заримдаа бүр түүнээс ч илүү хувь гаднаас хараат байна гэдэг бол их хэцүү зүйл. Тэр хараат байдлаас шалтгаалсан хүндрэл чирэгдлүүдээс болж энд дандаа хурц асуудлууд дэгдэж байдаг. Та өөрөө юу эс андах билээ. 

    -Гэхдээ танайхыг нефт боловсруулах үйлдвэр барих төсөл хэрэгжүүлж байсныг санах юм. Тэгээд л энэ бизнесээс бүр гарчихсан гэхээр лавлаж асуугаад байгаа юм?

    -Тийм. 1995 онд анх нефт боловсруулах үйлдвэр барих санаачлага гаргаад их хэмжээний хөрөнгө оруулалт хийн ажиллаж, 2000 онд үйл ажиллагааг нь эхлүүлсэн болов ч тухайн үеийн улс төр, янз янзын хөндлөнгийн нөхцөл байдлаас болоод хэрэгжилгүй зогссон. Түүнээс хойш нефтийн чиглэлд бизнес эрхлэхээ больсон доо. 

    -Танай нэг ШТС хадлагад өртөж байсныг санаж байна. Тэр хэдэн он билээ?

    -Өө, янз бүрийн л юм тохиолдож байсан. Бизнесийн амьдрал бол өөрөө хүнд орчинд тэсвэрээ шалгуулж байдаг өвөрмөц амьдрал шүү дээ. 1997 орчим оны үе байх аа. Тийм явдал болж байсан.  

    -Өөрийг тань Бээжингийн элчин сайдын яаманд ажиллаж байхыг мэдэх юм. Түүнээс хойш төрд ер нь ажилласангүй юу даа ?

    -Тэрнээс хойш ажиллаагүй дээ. 

    -Та хаана сургууль төгссөн юм бэ?

    -Америкт Бизнесийн удирдлага, эрх зүйч мэргэжлээр сургууль төгссөн. Дараа нь Бээжинд ажилласан. Консулын ажилтан хийж байлаа. Дараа нь атташегаар томилогдож ажиллаж байсан. Төрийн албанд бас ажиллаж байсаан. Тэгээд төрийн алба гэдэг бол ажил хийе гэсэн залуу хүмүүст бол нэг их хүсээд байхаар таатай орчин бас биш санагдсан. Хууль дүрэм, ном журмын дагуу гэхээсээ илүү дээр байгаа даргын таалалд нийцэж ажиллах шаардлага илүү тавигддаг. Хичнээн хичээж,  эзэмшсэн, сурсан мэдлэг боловсролоо зориулж ажиллаад  дэмжиж хөгжүүлэх талын бодлого дутмаг санагддаг. Уг нь бол гадна дотно сурч,зохих боловсрол чадварыг эзэмшээд, төрийнхөө төлөө зүтгэх бөөн хүсэл тэмүүлэлтэй залуус орж ирдэг. Тэгээд л нэг тийм урам нь хугарсан байдалтайгаар өөр зам сонгодог юм шиг бодогддог юм. 

    -Таны гэргий Ичинхорлоо бол манай үеийн алдартай сайхан бүсгүйчүүдийн нэг. Тийм болоод тэр үү танай гэр бүлийг хэвлэл мэдээллийнхэн их сонирхож бичицгээдэг юм шиг ээ?

    -Мэдэхгүй юм даа. Ажил амьдрал нь болох болохгүй олон асуудлаар хүрээлэгдсэн энэ нийгэмд бид бусдын л нэгэн адил дор бүрнээ  хийх ажлаа хийгээд л явж байгаа хүмүүс. Юу нь тийм их сонин санагддаг юм бол. Янз бүрийн л юм бичдэг.  

    -Хамгийн сүүлд таныг эхнэрээ хардаад хоёр залууг цагдаатай нийлж зодлоо гэсэн мэдээлэл цацагдсан байсан?

    -Цагдаагаар бариулж байгаад хоёр залууг ухаан алдтал зодсон гээд үү. (инээв) Мэдэхгүй, ийм зүйлд яаж хандах ёстой юм. Ерөөсөө нэг иймэрхүү сонин сонин мэдээллүүдийг тасралтгүй л нийтэлж байдаг. Зохиомж нь хэвийн ухамсраар хүлээж авах аргагүй үнэмшил их муутай тавигддаг ч бичээд л байдаг нь ойлгомжгүй санагддаг. Эхнэрийг үйлчилгээний газраас  гараад явж байхад нь хоёр халамцуу залуу айлгаж, цүнх мүнхийг нь булаах, биед нь хүрч түлхэж барьсан нэг явдал болсон. Би мэдээж эр хүний хувьд эхнэрээ дээрэлхүүлэхийг хараад зогсох эсвэл баярлалаа гээд зугатаад явахгүй нь мэдээж. Тэр хоёр залууг цагдаа дуудаад  өгсөн. Цагдаа дээр очиход тэд надад та гомдлоо татаж авчих гэсэн тэгэхэд нь би хуулийн дагуу шийдэг ээ л гэсэн. Гэтэл гомдлоо татаж авахгүй бол бид нэр хүндэд чинь халдаж, сонин хэвлэлээр бичүүлнэ гэх утгатай юм хэлж байсан. Тэрийгээ л хэрэгжүүлсэн нь тэр юм байлгүй. Ингээд шууд болсон явдлыг өөрчлөөд эхнэрээ хардаж зүгээр явсан хоёр залууг цагдаагаар бариулж байгаад ухаан алдтал нь зодсон гэсэн гүтгэлэг гаргаж, хажуугаар нь ажлаа хийж явсан төрийн цагдааг хүртэл гүтгээд явчих жишээтэй.

    -Ийм явдал түгээмэл шүү дээ. Цагдаад өгөөд ч нэмэргүй. Ёс зүйгүй л сонсогдох байх. Бараг газар дээр нь сайн хашраачихаад явчихсан нь шулуун. Гүтгэхээс л хойш энэ нь илүү хувилбар байгаа биз дээ?

    -Заргалдаад яваад байх хэцүү. Би тэгээгүй гээд сонин хэвлэлээр хашгираад яваад байх нь утгагүй. Зүв зүгээр явж багаад доромжлуулаад өнгөрөх хэцүү. Ерөөсөө нийт нийгмийн маань суурь ёс зүй хэцүү болчихоод байна шүү дээ. Гүжир гүтгэлэг бол арай хэтэрлээ шүү дээ. Бизнест ч ялгаагүй. Луйвар, гүтгэлэг, гүжирдлэг дээр суурилсан янз бүрийн дарамт дэндүү газар авсан. Ер нь тэгээд аливаа болох болохгүйг харсан ч хараагүй, сонссон ч сонсоогүй юм шиг буруутай эвлэрч, зөвтэй зөрөлдөж явбал зүгээр ч юм уу даа. Буруу ч бай, зөв ч бай өөрөө л эсэн мэнд, эд хөрөнгөтэйгээ  л байж байвал бусад нь хамаагүй гэсэн өөрийн үзэл бодолгүй, бусдыг аялдан дагалддаг эсвэл болсон ч болоогүй ч чимээгүй явдаг хүмүүс их сайн хүн болж харагддаг болсон нийгэм юм шиг байгаа юм. 

    -Бизнесийнхний дунд  хууль хүчнийхэнд, тодруулбал цагдаа прокурорынхонд захиалж байгаад хэрэг үүсгүүлдэг, ийм дарамтаар сульдааж байгаад урьдийн өр зээлийн асуудлаа шийдэх гэдэг шинэ хэлбэрийн ажиллагаа их гарч байгаа юм билээ?

    -Ер нь бол бизнесийн орчин тунгалагших болоогүй байна. Гэхдээ арай энэ хэвээрээ яваад байхгүй болов уу гэж бид найддаг. Найдахгүй бол бидний ирээдүй юу болох юм бэ. 

    -Сүүлийн жилүүдэд монголын төр засаг бизнесийн салбар луу чиглэсэн том том бодлогын шинэтгэлүүд хийж эхэлж байгаа. Татвараа авахаас өөрөөр бараг харьцдаггүй байсан бол өнөөдөр Засгийн газар дуудаад юмаа ярьдаг болсон. Санаа оноог нь авдаг, сонсдог болж байна гэж би хувьдаа харж байгаа. Уул уурхай дээр түшиглэсэн эдийн засгийн бодлогууд хүчтэй явагдаж байна. Танайх энэ чиглэлд бизнес эрхэлдгийн хувьд ийшээ хэр гар бие оролцож байна ?

    -Тийм ээ. Засгийн газрын зүгээс эдийн засгийн том том бодлогуудыг гаргаж тавьж байна. Заримыг нь хэрэгжүүлж эхэлж байна. Заримыг нь хэрэгжүүлэхээр боловсруулаад явж байна. Мэдээж уул уурхайн төдийгүй өөр  олон  том төслүүдийг хэрэгжүүлэхэд гадны дэвшилтэт техник, технологиудаас оруулж ирэхгүйгээр явуулахад хэцүү. Энэ тал дээр төрийн баримталж байгаа бодлого, чиглэлүүдийг бид дэмжиж байгаа. Яагаад дэмжиж байна вэ гэхээр төр хувийн хэвшил гэдэг хоёр том хүчин зүйл хоорондоо хамтарч ажиллаж байж энэ улс орон чинь урагшаа явна. Хоёр тийшээ харж суучихаад, тэр нь ч болохгүй байна, энэ нь ч буруу байна гээд шүүмжлээд  байвал юу ч бүтэхгүй. Дотооддоо тогтворгүй байдал үүсгэснээр хэн хожих юм. Үндсэндээ ерэн оноос 2005 он хүртэл манай амьдрал аягүй хүнд байлаа шүү дээ. Бүх салбар хүнд байсан. Тэгээд 2005 оноос хойш өнхөрч явсаар жаахан өндийх гээд иртэл дэлхийн эдийн засгийн хямрал гэдэг юм болоод бүх юыг дахиад байхгүй болгочихсон. Уул уурхай нь тэр, барилгын салбар нь ч тэр овоо өндийх гээд иртэл ийм үзэгдэл босч ирээд эргээд татаад унагасан. Одоо арай жаахан сэргэх хандлага гарч ирлээ. Энэ дээр нь тал талаасаа дэмнэж оролцож байж нөгөө хүсээд байгаа хөгжлөө бий болгох, эдийн засгаа сайжруулахын төлөө ажиллах ёстой. Өнгөрсөн жил анх удаа Монголын эдийн засгийн форум гэж зохион байгууллаа. Энэ үйл ажиллагаанд манай компани бас зохих ёсоор оролцсон. Монголын гүйцэтгэх Захирлуудын клуб гэж байгууллага байдаг юм. Монголын тодорхой төвшинд хүрсэн компаниудын захирлууд багтдаг. Анх бол худалдаа аж үйлдвэрийн  танхимын санаачлагаар байгуулагдсан. Энэ зөвлөлөөрөө дамжуулж бид нар үйл ажиллагаа явуулдаг. Хоорондоо уулзалт зохион байгуулж санаа оноогоо солилцдог. Төр засгийн шийдвэр гаргах төвшний хүмүүсийг урьж санал бодлоо солилцдог. Энэ уулзалтуудаараа анх Монголын эдийн засгийн форум гэж зохион байгуулах тухай ярилцаж байсан. Үүний үр дүнд анхны форумыг зохион байгуулж явуулсан. Энэ жил хоёр дахь удаагаа явагдлаа. Манай компани бол анхнаасаа зохион байгуулалцаж, дэмжиж, ивээн тэтгэгч компаниудын нэгээр ажиллаж, идэвхтэй оролцсон. Энэ нь юуг хэлээд байна гэхээр бид юм болохгүй байна гэж хий гаднаас шүүмжлээд орилоод байх биш, эсвэл би л болж байвал бусад нь хамаа байхгүй гэсэн байдлаар хандах биш өөрсдөө оролцох нь чухал гэдгийг хаа хаанаа ойлгосон гэсэн үг. Өөрөөр хэлбэл авилга юмыг нь өгөөд урдах ажлаа өнөө маргаашдаа болоод яваад байвал энэ бизнесийн орчин гэдэг юмны суурь фундам нь яаж тавигдаж, ямар ялзарсан модоор зангидагдаж байх нь хамаагүй гэсэн байдлаар асуудалд хандах биш болох болох хэмжээнд нь хамтаараа хөдлөх гэж үзье, чадах ядахаараа дэмжье, тэгж байж энэ орчноо элдэв буруу жишгээс салгая гэсэн зорилгоор ажиллаж эхэлж байна л даа. Тийм учраас бид идэвхтэй оролцож байгаа. Үүнийгээ манай компанийн нийгмийн хариуцлагын нэг хэсэг гэж үзэж байгаа. Хийх ёстой зүйлээ хийж байна гэж үзэж байгаа гэсэн үг. 

    -Манай хувийн хэвшлийнхэн 20 жилийн унаж боссон түүхтэй. Энэ түүхэндээ нэр хүндийн хувьд бол маш их хохирол амссан. Одоо болтол ард түмэндээ ойлгогдож чадаагүй юм шиг харагддаг. Яагаад гэвэл манайхан илүү яваадаа дургүй. Баян хүндээ таагүй. Тэр утгаараа муусайн бизнесийнхэн…гэсэн нэг л бараандуу хандлагатай. Их хуралд ороод ирчихсэн хэдийгээ ч олигархиуд л гэдэг. Төр бороохойдож байгаад л татвараа авчихдаг. Тэр татвар нь элдэв халамжийн бодлогуудад тархаад л алга болдог. Харин нөгөө нэр хүндэд өөрчлөлт гардаггүй. Энэ талаар та юу гэж боддог вэ. Эндээс эхлээд засах юм зөндөө байгаа юм биш үү?

    -Наадах чинь үнэхээр чухал асуудал. Аль аль талаасаа ярьж хэлэлцэж, ойлголцож байж нэг нэгдсэн зөв ойлголтыг бий болгохгүй бол нийтдээ улсыг маань бараан харагдуулаад байгаа  нэг гол хүчин зүйл ш дээ. Улс төрийн төвшиндөө ч тэр, бизнесийн салбартаа ч тэр, хэвлэл мэдээллийн салбартаа ч хаа хаанаа ярилцаж зөв нэр нүүрээ бүтээж авах ёстой. Ер нь монголд бол бүтэн нэртэй, бүлээн зүстэй хүн байхгүй болчихоод байна шүү дээ. Улстөрчид нь бол авилгачид, бизнесменүүд нь бол луйварчид, эрэгтэйчүүд нь архичин, эмэгтэйчүүдээ болохоор  биеэ үнэлэгчид гэх маягаар доромжилдог болчихсон. Нэг ч гэгээлэг хүн байхгүй. Бүгдийг нь харлуулж авсан. Энэ нэг надаас илүү юм хийх гээд байна шүү гээд атаархаж гүйнэ. Болж өгвөл дэгээдэж унагаана. Бүр болохгүй бол чадал муутайхан нэгнээ аваачаад шоронд хийлгэчихнэ. Хэвлэлээр тасралтгүй бие биенээ гүжирдэж бичүүлнэ. Ийм нэг сонин завсрын үе болоод байна. Яг энэ үе дээр нь улс төрийн энэ амьдралыг нь улс төр гэдгээр нь ойлгодог. Бизнесийг нь бас бизнес гэдэг өөрийнх нь хуулиар хүлээж авдаг. Нийгмийн салбарыг нь мөн адил. Ингээд ангилж өгч, дараагийн шинэ үеийнхний амьдрах орчинг гэгээсгэж бэлдэж өгөхгүй бол хэдэн үеэрээ, хэдий болтол ийм муухай амьдарцгаах юм бэ. Өнгөрсөн 20 жил бид аягүй их туйлширсан. Нам дагаж талцаж нэг туйлширлаа. Намгүй нь будилж үймэрч бас нэг туйлширлаа. Тэр дунд нь ядуурал тэлж авлаа. Гэр хорооллоор явахад, хотын захаар очиж үзэхэд амьдрал бол үнэхээр нүд хальтирмаар болчихсон байна шүү дээ. Бие биенээ гутааж, хоорондоо хэмлэлдсээр 20 жилийг өнгөрөөлөө. Хожсон юм бол тун бага л байна. Мэдээж улс орны түүхийн хувьд 20 жил бага хугацаа байж болох ч хүний амьдралын хувьд бага биш хугацаа шүү дээ. Дотооддоо бид бүх идеалаа салбар салбараар нь босгож ирэхгүй бол гадагшаа олигтой харагдахгүй. Ялангуяа бизнесийн нэр хүндийг энэ байдлаар байлгаад байж болохгүй. Бусад улс орнуудын босч ирсэн түүхийг судлаад үз л дээ. Бүгд хувийн хэвшлийнхээ нуруун дээр боссон байдаг. Тэгэхээр энэ ажлыг хийх ёстой л гэж би боддог. 

    -Та улс төрийн аль нэг хүчинд харъяалагддаг уу. Улс төр сонирхдог биз дээ?

    -Би МАН-ын гишүүн, бага хурлын гишүүн,  нийслэлийн намын хорооны гишүүн. Улс төрч болох, улс төрийг сонирхоно гэхээсээ илүү энэ улс орны нийгмийн хөгжил нь зөв бодлого, замаар урагшлаасай, зах зээлийн хөгжил нь зөв яваасай гэсэн хүсэл мөрөөдлөө түшиглэж улс төрийн амьдралд идэвхитэй биш ч зохих ёсоор оролцдог. Би улс төржин туйлширах гэж намд элсээгүй.  Төр нь төлөвшсөн, эрх зүйн зохицуулалтын зөв стандардтай мөн хууль эрх зүйн тогтвортой орчинтой, иргэд нь оюунлаг иргэншсэн нийгмийг л мөрөөддөг. Би л болж байвал боллоо гээд тэр нийгмийн төлөө ажиллахгүй гараа хумхиад суух бодолгүй, нийгмийн идэвхитэй амьдралаар амьдрах хүсэлтэй хүмүүсийн л нэг. Хэнээс ч хамааралгүйгээр зөвхөн өөрийн итгэл үнэмшлээрээ зөв бодлоготой, зөв улс төрийн хүчин гэж МАН ыг сонгосон.

    -“Оюуны ундраа” групп одоогоор яг хэдэн хүний ажил амьдралыг авч явж байна вэ?

    -Байгуулагдсан цагаасаа хойш бол олон мянган ажлын байрыг бий болгосон. Өнөөдрийн байдлаар 1000 гаруй ажилтан “Оюуны ундраа” компанийн бизнесийн үйл ажиллагаанд оролцоод, ажил амьдралаа залгуулаад явж байна. Нийгмийн чиглэлээр бол тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн. Олон зуун оюутан энэ компанийн сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан байх жишээтэй. Хамгийн сүүлд бид Налайх хотод буддын шашны нэлээн том бясалгалын төвийг өөрсдийн хөрөнгө оруулалтаар барьсан. Хоёр тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Одоо удахгүй ашиглалтад өгөх гэж байна. Энийг мэдээж бид мөнгө олох зорилгоор хийж байгаа ажил биш гэдэг нь ойлгогдож байгаа байх. Сүүлийн үед манайд хүмүүсийн хоорондын харилцаа их сонин болчихоод байгаа нь анзаарагдаж байгаа биз дээ. Бүх юмыг өнгө мөнгө, ашиг сонирхлоор хардаг болчихсон ч юм шиг. Тэр хэмжээгээр нь хүмүүсийн бие биедээ хандах хандлага сэвтчихсэн. Амьдралын ухаанд суралцах, түүх уламжлал, соёл зан заншлаа тээж явах талын юмнууд нь орхигдоод илүү тийм материаллаг, илүү эдийн засгийн талын сонирхол нь давамгайлаад явчихсан нь мэдрэгддэг. Тййм сонин уур амьсгал хүчтэй тархаад ирсэн энэ үед уламжлалт шашин соёлоо дагасан ном  бясалгалын төв байгуулбал хэрэгтэй гэдэг үүднээс байгуулсан. Хүмүүс тэнд орж өөрөө өөртэйгөө ажилдаг, санаа сэтгэлээ ариусгадаг, гэрэл гэгээг мдэрдэг, амар амгалан, тайтгаралыг олдог байгаасай гэсэн маш олон талын юмыг бодож төлөвлөж байж ийм хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж байгаа. Ирэх зургаан сард нээлтийг нь хийнэ.    

    -Налайх та нарын төрсөн газар биз дээ?

    -Тийм. Ээж маань одоо 80 дөхсөн хөгшин байдаг. Бид олуулаа л бужигнаж өссөн. Олон дунд хүн болцгоосон. Тийм болохоор олон түмэнд зориулсан нэг ийм сайхан юм хийе гэж төлөвлөсөн. 

    -Маш гоё, их шинэ төсөл байна. Хүмүүс гэр орон шигээ зорьж тэмүүлдэг, ариун гэгээн газар бий болох байх ?

    -Тэгж л зорьж хийж байгаа. Баярлалаа. 

    -Сүүлийн үед мэдээллийн хэрэгслээр нэг юм яваад байна. Тээвэр хөгжлийн банктай л  танай нэр хавчуулагдаад явчихлаа. Танайхыг банкны салбарт бизнес эрхэлдэг гэж мэдээгүй байсан юм байна ?

    -Энэ зүгээр ч нэг хавчуулаад байгаа юм биш л дээ. Би ярилцлагын эхэнд хэлсэн. Манайх олон салбарт үйл ажиллагаа явуулдаг гэж. Тэрний нэг чиглэл нь банк санхүүгийн чиглэл. Гэхдээ энэ сонин хэвлэлд гараад байгаа шиг хууль бусаар юм уу, эсвэл хэн нэгнийг залилаад энэ банкны 51 хувийг авчихсан зүйл байхгүй. 

    -Энэ банкны 51 хувийг хуучин бол нэг гадны иргэн эзэмшдэг байсан биз дээ?

    -Тийм. 

    -Тэр хүний эзэмшлийн 51 хувийг танайх худалдаж авсан юм байна, тийм үү?

    -Бас тийм. 

    -Армин хэн билээ. Тэр хүний тухай мэдээллүүдийг хүлээж авч байсан юм байна?

    -Швейцарийн хөрөнгө оруулагч л даа. Энэ хүн Тээвэр хөгжлийн банкны 51 хувийг эзэмшдэг байсан юм билээ. Тэгээд өөрөө монголд үйл ажиллагаа явуулах боломж нөхцөл алгаа. Би хувьцаагаа зармаар байнаа гээд манайд санал тавьсан. Зөвхөн манайд ч биш урьд нь монголын хэд хэдэн компанид хандаж байсан юм байна лээ. Мэдээж тэгж гадагшаа өөр компаниудад санал болгохоосоо өмнө бизнесийн зарчмын дагуу хамтрагчдаа эхэлж санал болгосон юм билээ. Үүний дагуу банкны 49 хувийн хувьцаа эзэмшигчдэд хэд хэдэн удаа санал тавьсан байдаг. Тэгээд тохиролцоонд хүрээгүй, худалдаж авах саналаа өгөхгүй байсаар хуульд заасан хугацаа нь өнгөрч, худалдахаар шийдээд манайд хандсан. Бид бизнесийн зарчмаар судалж үзээд авах шийдвэр гаргасан. Ингээд эрх мэдэл бүхий хүнээс нь хууль журмын дагуу хувьцааг нь худалдаж авсан.

    -Энэ тэгээд хэзээ болсон явдал юм бэ?

    -2010 оны дөрөвдүгээр сард. 

    -Нэг жил болж байгаа юм байна. Тэгээд тэндэхийн үйл ажиллагаа тань явагдаж байна уу?

    -Өнөөдрийг хүртэл банкны үйл ажиллагаанд оролцож чадахгүй сууж байна. Мэдээж оролцохын тулд, цааш нь энэ бизнесийг өгөжүүлэх, хөгжүүлэхийн тулд л хөрөнгө оруулалт хийж 51 хувийг худалдаж авсан байж таарна. 

    -51 хувь өөрөө эрх мэдлийн хувь биз дээ ?

    -Уг нь бизнесийн өөрийнх нь хуулиар бол тийм. Өөрөө хяналтын багц. Үйл ажиллагааг бүрэн хэмжээнд удирдан зохион байгуулах, эрсдлээс хамгаалах, үйл ажиллагааг хэвийн явуулах үүрэг хүлээдэг. 

    -Үнэхээр ойлгохгүй байна. 51 хувийн хувьцааг худалдаж авчихаад бүтэн жил тэр газар луу хөл ч тавьж чадахгүй байлаа гэж үү. Ийм юм байж болдог юм уу?

    -Ер нь бол байх ёсгүй л дээ. Эрх мэдэл бүхий эзнээс нь 51 хувийг нь худалдаж авсан. Хэн нэгэн бусдын хувьцаанаас хууль бусаар аваагүй. Тэр хүн нь өөрөө өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд,хуулийн дагуу өөрийн эзэмшиж байсан өмчөө бидэнд худалдсан.  Гэвч манай 49 хувийн хувьцаа эзэмшигчид янз янзын шалтаг шалтгаан тавиад хамтарч ажиллаж чадахгүй гээд байгаа. Тэр элдэв үйлдлээс нь болоод бид өнөөдрийг хүртэл ингээд байж байна. 

    -Тэд бол 49 хувийг төлөөлөгчид. Тэдэнд хаалга барих бүтэн буюу бүрэн хэмжээний эрх байхгүй. Гэтэл та нар асар их хөрөнгөөр 51 хувийг авчихсан байдаг. Тэр өмчийн өөрийнх нь төлөөлөх эрх хэрэгжиж өгдөггүй. Үнэхээр сонин юм болж байгаа юм байна?

    -Тэгэлгүй яахав дээ. Их хэмжээний хөрөнгө зарж авсан байдаг. Дээр нь олон мянган үйлчлүүлэгчдийн эрх ашиг гэж юм цаана нь байж байдаг. 

    -Монголын шүүх юу гэж үздэг юм?

    -Шүүх шийдвэрүүдээ гаргасан. Хуучин ажиллаж байсан ТУЗ-ийн даргын ажиллах хуулийн хугацаа дуусгавар болсон байна.  Монголбанк нь болохоор та нар хоорондоо учраа ол гэдэг. Хувь нийлэгчдийн хурлын шийдвэрээ аваад ир гэдэг. Хувь нийлүүлэгчдийн хурал болох ямар ч нөхцөл байдаггүй. Учир нь өмнө нь ч яг ийм байдалтай байгаагаад байсан юм билээ. Одоо бид арбитрын шүүхэд хандаад явж байна. 

    -ТУЗ угаасаа 51 хувийн эзэмшигчид орж ирснээр шинэчлэгдэх ёстой биз дээ?

    -Тийм. 

    -Тэр Швейцарийн иргэн Армин гэдэг тэр хүн үнэхээр зовсон юм билээ. Банкныхан энэ хүний тухай мэдээлэл өгч байсан. Дарамтын улмаас арга буюу 51 хувиа зараад явах шийдвэрт хүрсэн гэсэн ?

    -Мэдээж тэр хүн гараад явахын төлөө монголд хөрөнгө оруулалт хийж орж ирээгүй байх л даа. 

    -ТУЗ-ийн дарга гээд хэвлэлийн хурал хийлгээд байгаа Энхтайван энэ хүнийг одоо интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа гэх юм. Тийм юм байна уу?

    -Тийм юм байхгүй. Бид холбогдсон. Өөрөө хүсэлт гаргаад интерполд хандсан байна лээ. Тэндээс зохих ёсны албан бичиг нь ирсэн. Мөнгө угаасан, юу юу гэнэ. Бид албан ёсоор монголын цагдаад хандсан . Шалгагдаж байгаагүй гэдэг хариу ирүүлсэн. 

    -Новожилов гэгч нэг этгээдийн тухай их бичих юм. Тэр юун хүн бэ?

    -Биднийг хувьцаа худалдаж авахаас өмнө ажлаасаа халагдаад явчихсан хүн юм билээ. Бид нэг ч удаа хараагүй. Банкны засвар хийх мөнгөнөөс 200 гаруй сая төгрөг идчихсэн гэж энэ хэд нь  шүүх цагдаад өгдөг юм гэсэн. Тэр тухай мэдээлэл алга. 

    -Тэд танайхыг Анод банкинд өртэй гэж мэдээллийн хэрэгслээр цацаад байгаа. Энэ тухай тодруулахгүй юу?

    -Зээлгүй, өглөггүй бизнесс гэж хаана ч байхгүй. Гэхдээ манай компани одоогоор  ямар ч банк санхүүгийн байгууллагад ямар нэгэн өр зээл байхгүй. Харин хуучин Анод банкинд зээлтэй байсан компаний лицензийг өртэй нь хамт худалдаж аваад түүнээс хойш зээлийг нь хувиарийн дагуу төлөөд одоо дуусч байгаа. Энэ бол зах зээл, бизнесийн харилцаанд байдаг л асуудал.

    -Гадны хөрөнгө оруулагчаа элдэвлэсээр байгаад залхаагаад гаргачихсан. Одоо худалдаад авсан монголчуудыгаа бас оруулдаггүй. Ийм хууль ёсноос гадуур, хэт даварсан, дур зорго нь дэндсэн үйл ажиллагаа гэж байж болдог юм уу?

    -Бид бол маш хүлээцтэй хандсан, хуулийн дагуу асуудлыг тавьж ирсэн.. Яагаад гэвэл банкны нэр хүнд гэдэг бол маш эмзэг зүйл байдаг. Олон мянган үйлчлүүлэгч харилцагчдын эрх ашиг байдаг. Хамтарч ажиллах санал олон удаа тавьсан. За тэгье, ингэе гээд л гардаг. Гарч ирээд л өөр юм яриад унадаг. Алга болчихдог. Тэгснээ хэвлэлээр янз бүрийн, бизнесийн ёс зүйд байж боломгүй юм яриад явчихдаг. Сүүлдээ бидний нэр хүндэд халдаж эхэлж байна. Дуугүй явахаар донгио гэнэ, дуутай явхаар онгироо гэнэ гэдэг шиг хууль журмын дагуу асуудлыг зохицуулъя гээд хүлээцтэй хандахаар элдвээр хэлүүлж, байх байхгүй нэр зүүх юм. Дуугараад зарчим ярихаар дарамталсан болчих юм. Үнэхээр хэцүү юм даа.

    -Угаасаа тэд өөрсдөө банкийг дампууруулах сонирхолтой байгаа юм биш үү?

    -Ойлгоход хэцүү л байна

    -Одоо тэгээд энэ асуудлыг яах ёстой юм бэ?

    -Монголбанк хууль журамд зааснаар тодорхой алхам хийж шийдвэрлэх л ёстой.  

Сэтгэгдэлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан