Л.Гэрэл: Манай хоёр иргэн тэндээ байгаа

    “Ярилцъя” энэ удаа зочноо Сөүлээс урьлаа. Манай энэ удаагийн зочин БНСУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд, ноён Л.Гэрэл. 


    -Солонгосын хойг дээр болж буй үйл явдал дэлхий дахины анхааралд байна. Хэдийгээр монголын төвийн хэвлэлүүд тантай утсаар холбогдож тодруулгууд нийтэлсэн ч биечлэн уулзаж байгаагийнх давуу мэдээлэл өгөх байх гэж найдаж байна. Яриагаа эндэхийн цаг үеийн байдлын талаарх сэдвээр эхлэх үү?

    -Анх өнгөрсөн сарын 24-ний өдөр БНСУ-ын Гадаад харилцаа, худалдааны яамны дэд сайд албан ёсны мэдэгдэл хийсэн л дээ. 

    -Дэд сайд нь уу?

    -Тийм дэд сайд. 

    -Тэр болтол ямар нэгэн мэдэгдэл гараагүй юм уу ?

    -Байдлыг шинжилж, судалж байсан байх. Гэхдээ яг буудалцаан болсноос хойш хэдэн цагийн дараа Засгийн газрын зүгээс нөхцөл байдлыг хяналтандаа байлгаж байгаа гэдгээ ард иргэддээ мэдэгдсэн л дээ. 

    -Мөргөлдөөн эхлэхээс өмнө ямар нэгэн ажиг сэжиг тээсэн мэдээллүүд огт байгаагүй юу ?

    -Ямар ч юм байгаагүй. 

    -Дараа нь мэдээж төрийн бүх төвшинд дүгнэлтүүдээ гаргасан байх. Дотоодын шүүмжлэлүүд бол нэлээд их байгаа юм шиг байна ?

    -Ерөнхийлөгчийн болоод Засгийн газрын дэргэдэх аюулгүйн зөвлөл гэж байдаг. Тэр нь хуралдаад ерөнхий дүгнэлтүүдээ гаргасан. Мөн парламент, намуудын байр суурь цувраад гарцгаасан л даа. Мэдээж ихэнх нь шүүмжилсэн. Шүүмжлэх шүүмжлэхдээ дорвитой арга хэмжээ авахгүй байна гэсэн хатуу байр сууриудыг илэрхийлж байсан л даа. Хамгийн сүүлд Ерөнхийлөгч ард иргэддээ хандаж үгээ хэлсэн. Дайны үед ч энгийн иргэд рүү гал нээх нь хүмүүнлэг бус явдал. Гэвч энэ удаа Хойд Солонгосын зүгээс манай улс руу халдаж, энгийн иргэдийн амь насыг хохироолоо. Ахин ийм алхам давтагдах юм бол бид хатуу цохилт өгөх болно гэсэн нэлээн хатуу мэдэгдэл хийсэн.  

    -Батлан хамгаалах сайд нь огцорсон байгаа. Энэ талаар та ямар мэдээлэлтэй байна. Зэвсэгт хүчний бодлогыг барьж байсан сайдын хувьд урьдчилж ямар нэгэн байдлаар төрийг мэдээллээр хангаагүй, болзошгүй халдлагын үед бэлэн бус байсан гэх үндэслэл давамгайлж байна уу. Мөргөлдөөний үед алдаа гаргасан гэх дүгнэлт зонхилж байх юм уу?

    -Аль аль нь. Жишээ нь мөргөлдөөний үед буудах ёстой 10 бууны хоёр нь буудаагүй ч гэдэг юм уу.  Ядаж байхад хоёр цэргээ алуулчихсан. Дээр нь ямар ч нэмэлт хүч байгаагүй. Цөөн тооны бие бүрэлдэхүүн байж байсан гэх мэт олон алдаа дутагдлууд яригдсан л даа. Хамгийн том асуудал нь ард иргэдээ хамгаалж чадаагүй, хоёр иргэнээ алдсан явдал байсан. Урьдчилж арга хэмжээ авч чадаагүй, дараа нь зэвсэгт мөргөлдөөний үед алдаанууд гаргасан гэсэн хоёр зүйлээр буруутгасан гэсэн үг. 

    -Огцрох үедээ батлан хамгаалахын сайд ямар нэг мэдэгдэл хийсэн үү. Ард түмнээс уучлал гуйх ч юм уу ?

    -Огцорч байна гэдэг нь өөрөө уучлал гуйж байна гэсэн үг л дээ. Өөрийнхөө бурууг хүлээгээд, би огцрох ёстой гээд өргөдлөө өгсөн. Ерөнхийлөгч өргөдлийг нь хүлээж авсан. 

    -Шинэ Батлан хамгаалахын сайд нь аюулгүйн зөвлөлд ажиллаж байсан хүн гэсэн үү?

    -Тийм. 

    -Дотооддоо бол өөрсдийн гаргасан алдаа, хийсэн алхмуудынхаа талаар ямар ч мэдээлэл цацахгүй байна. Зөвхөн Хойд Солонгосын талыг буруутгасан мэдээллүүд л хавтгай байх шив дээ?

    -Ер нь бол хэвлэл мэдээлэл эрх баригч намдаа, засаг төрдөө л үйлчилдэг ш дээ. Ялангуяа ийм онцгой үед бол. Би нэг их шинэ юм хэлж байгаа юм биш. Ер нь бол улс оронд онцгой байдал үүссэн үед сэтгүүлчид төрийн бодлогоо түшиж ажиллах нь л зүйтэй шүү дээ. 

    -Дайн байлдаан, томоохон хэмжээний гамшгийн үед мэдээж тэгэх ёстой байх л даа. Дур дураараа цацаад  эхлэвэл нийгэмд савалгаа үүсч, тэрийг дагасан хүндрэлүүд гарна. Энгийн үед бол төрийн найз нь сэтгүүлчид байж болохгүй шүү дээ?

    -Тийм л дээ. 

    -Гэхдээ энд мэдээллийн хэрэгслүүд  төрийн мэдлээс гарчихсан биз дээ?

    -Эрт гарсан л даа. 

    -Яг одоо мөргөлдөөн болсон газар дэлхийн олон орны сэтгүүлчид ажиллаж байгаа байх. Хэр олон сэтгүүлчид ирсэн бол?

    -Тэрийг бол би ёстой хэлж мэдэхгүй юм байна. Телевизээр харж байхад бол гадны сэтгүүлчид яваад байгаа юм. Цэргийнхэн, энхийнхэн гээд гаднаасаа танигдах улсууд олон байна. Зарим сэтгүүлчдийг бол оруулахгүй хаалтын бүс дээр зогсцгоож байгаа нь гарч л байна лээ. Гадны агентлагуудаас нэлээн хэд орчихсон байх шиг байна. Мэдээж энэ бүхэн төсөвтэй л холбоотой. Манайханд мөнгө төгрөг нь байсан бол тэдэнтэй адилхан л орчихсон мэдээллээ цацаж байх байсан байх. 

    -Надад бол тийм боломж олдохгүй юу?

    -Олдохгүй яах юм. Чөлөөтэй ш дээ. Гол нь эрхээ олж авах нь асуудалтай. 

    -Тийм үү. Та Хойд Солонгост очиж байсан уу?

    -Үгүй. 

    -Мөргөлдөөний үед Монголын олон нийтийн дунд ялимгүй түгшүүр үүсэх шиг болсон. Учир нь манай олон мянган иргэн энд байгаа. Хоёр хоногийн дараа Гадаад хэргийн яамнаас мэдэгдэл хийсэн. Тайван бай. Хэрэв байдал хурцадвал бид тэнд байгаа иргэдээ хамгаалнаа гэсэн утгатай. Ерөнхийдөө бол иргэдийнхээ төлөө үйл ажиллагаа явуулна гэсэн л дээ. Энэ нь чухам яана гэсэн үг вэ?

    -Чонан хөлгийг сүйрсний дараа бид тодорхой бодлого тавьж ажилласан л даа. Онцгой байдлын үед мөрдөх хуулиудыг иргэддээ таниулах ажлаас эхлээд нэлээд юм хийсэн. Жишээ нь нүүлгэн шилжүүлэлтэд яаж оролцох талаарх зөвлөмжүүдээс эхлээд бүгдийг гаргаж өөрийнхөө вэйб сайтад тавьсан. Та одоо ороод үзвэл бүх мэдээллүүд тавигдсан байгаа. Иргэд эдгээр мэдээллүүдтэй нэлээн сайн танилцсан байх. Мэдээж байдал хурцадвал төрийн зүгээс иргэдээ хамгаалах, татах арга хэмжээнүүдийг авна шүү дээ. Хоёр талын Гадаад яамдад онцгой үед баримтлах бодлогууд гэж байгаа. Бүгдийг л төлөвлөсөн байж таарна шүү дээ.    

    -Сөүлд ирээд энгийн иргэдтэй нэлээд уулзлаа. Сүүлийн үед хууль бусаар оршин сууж байгаа иргэдийг баривчилж гаргах ажиллагаа нэлээд явагдаж байгаа гэж ярих юм. Энэ үнэн үү?

    -Тийм юм байхгүй. Энэ чинь бас өөрийн төсөвтэй улс шүү дээ. Төрийн үйл ажиллагаагаа явуулдаг.  Тэрийгээ ийм онцгой үе үүсчихээд байхад хүн баривчлах ажиллагаанд зарцуулаад явж байна гэж юу байхав дээ. Хамгийн энгийн утгаар хариулахад ийм л байна. Хичнээн чадалтай орон ч гэсэн бас нэг хязгаар байна биз дээ. Байдал ийм байхад төсвөө ийм юманд үрээд л хүн барьж авч ачаад явж байна гэж яаж байхав.  Хоёрдугаарт, баривчилгааны үеийг манай эндэхийн монголчууд бүгдээрээ мэднэ. Жил болгон наймдугаар сарын 15 –нд эхлээд, есдүгээр сарын 15-нд дуусдаг гэдгийг.  

    -Саяхан хүн амын тооллого явагдаж дууслаа. Яг албан ёсны тоогоор энд ажиллаж амьдарч байгаа монголчудын тоо хэд байна вэ?

    -34 мянга 800 хүн байгаа. 

    -50 мянга гэж хамаагүй даваадуулсан тоо цацагджээ дээ?

    -Ирж очиж байдагтайгаа нийлээд л 40 орчим мянга байгаа. Эмчилгээнд ирсэн, амрахаар ирсэн, ах дүү амраг садан дээрээ ирсэн, бизнес эрхэлдэг гээд манайхан чинь наашаа олон янзын зорилготой ирж очиж байна шүү дээ.  

    -Тооллогодоо хэр хамрагдсан бэ?

    -Хүмүүс сайн дураараа л тооллогод хамрагдах ёстой. Албадлагаар биш. Энд бол нэлээн сайн хувиар хамрагдсан. 

    -Элчин сайдууд дотор хүнээ нэлээн амжилттай тоолчихсон гээд сууж байгаа нь олон биш байгаа байх. Ихэвчлэн хууль бусаар оршин суудаг иргэдтэй газар гэхэд том л хариулт байна?

    -Албан ёсоор 14 мянган хүн хамрагдсан.  Өндөр хувь шүү дээ. 

    -Яагаад?

    -10 жилийн өмнө л анх манайх солонгост хүнээ онлайнаар тоолж эхэлсэн байдаг. Тэгэхэд анх 0,009 хувь нь л оролцсон байсан.  Сая бол бид сурталчилгаа нэлээд хийсэн. Зарим хүн ихтэй газар нь ухуулах хуудас наасан. Сайтаараа зарласан. Гэх мэтээр нэлээд ажиллаж байж тооллогоо явууллаа. 

    -Энд шоронд ял эдэлж байгаа монголын иргэн хэд байдаг вэ?

    -Шоронд байгаа иргэдээ бид бүгдийг нь тоолсон. Олон жилийн ялтай 34 хүн байгаа. Далимдуулаад тэднийгээ эргэж тойрсон.  

    -Ямар хэрэг хийсэн улсууд байдаг юм бол?

    -Тэрийг хэлэх боломжгүй. 

    -Солонгосчууд бид бол зовлон үзэж хатуужсан ард түмэн. Зовлон туулсан түүхээ мартах ёсгүй гэж их ярих юм. Үнэхээр ч их юм үзэж туулсан ард түмэн өөр байдаг бололтой. Енпенд дайны үеийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлачихаад байхад энд гудамжаараа амар тайван л алхцгааж байна ?

    -Эд зовлон үзсэн болохоороо ийм хүчирхэг байна. Бид зовлон үзээгүй болохоороо бүх юманд тааруу гэсэн утгаар хэлж байгаа юм уу. Хэрэв тийм бол би эсрэг л хариулт өгөх нь. Манай монголчууд зовлон үзэх шаардлагагүй шүү дээ. 

    -Би тийм утгаар хэлээгүй?

    -Тийм үү.

    -Та бол Өмнөд Солонгосын нийгмийг бас нэлээн сонин үед нь дотроос нь ажиглаж байгаа хүн байх. Энэ ард түмний сэтгэл зүйн онцлогуудыг илүү сайн мэдэрч байгаа болов уу гэсэн үүднээс л сонирхож байгаа юм?

    -Эдэнд хүнд үеүд бол үнэхээр их байсан л даа. Нэг гол онцлог нь үнэхээр хөдөлмөрч ард түмэн. Хоёрдугаарт, маш их сахилгатай. Хүнд үеүдээ давж гарч чадсан түүх нь бол үнэхээр гайхалтай л даа. Тийм түүхээр бахархалгүй яахав. 

    -Нийгмийнх нь гоо сайхныг бүрдүүлж байгаа өөр хүчин зүйлсүүд юу байна ?

    -Солонгосчуудыг харж байхад суурь хүмүүжил бол үнэхээр сайтай хүмүүс байдаг. Ниймийнх нь зөв төлөвшилд бас шашин нь их өндөр нөлөө үзүүлдэг. Христийн шашин голчлон шүтдэг. Хажуугаар нь буддын шашин байна. Харицлага, сахилга гэдэг ойлголт бол үнэхээр өндөр төвшинд тогтсон. Эрчүүд нь гэхэд бүгд заавал цэргийн алба хаадаг гэдгээсээ эхлээд задлаад яривал их юм бий л дээ. Ерөнхийдөө босоо удирдлагын системтэй. 

    -Мөргөлдөөний дараа эдний эдийн засагт өөрчлөлт орно гэсэн таамгууд нэлээн явагдсан. Бодит байдал дээр бол үнийн огцом өсөлт явагдахгүй байх шиг байна. Энэ талаарх мэдээллүүдийг манай иргэд сонирхох байх?

    -Засаг төр нь хэрэв ийм цуурхалд нийгмээ автуулахгүй байх талаар анхаарал тавихгүй бол эгзэгтэй байдлууд бол үүснэ ш дээ. Гэвч засаг төр нь тогтвортой байдлыг хангаж өгч чадаж байгаа болохоор тийм янз бүрийн савалгаа үүсэхгүй байна л даа. Гэлээ гэхдээ л индекс нь унаад байгаа. Нэг их огцом биш юм гэхэд хэлбэлзлүүд явагдаж байгаа. Хоёр өдөр жаахан унаж байснаа эргээд тогтох жишээтэй. Долларын ханш гэхэд нэлээн унаж байснаа одоо эргээд хуучин хэвэндээ ороод ирж байх жишээтэй. 

    -Мөргөлдөөн болсон газар манай хоёр иргэн байсан гэх мэдээ цацагдсан. Хоёр гэдэг энэ тоо бодитой тоо мөн юм уу. Тэднийг өөр газар шилжүүлсэн үү?

    -Элчин сайдын яам хоёр иргэнээ тэнд байгаа гэдгийг хамгийн түрүүнд мэдсэн. Мэдээд холбоо барих гэж оролдсон боловч нэг хэсэгтээ бол холбоо барьж чадаагүй. Гэхдээ оройдоо холбоо барьж чадсан. 

    -Загасачид юм билээ. Гэрээт ажилчид юм уу?

    -Гэрээтэй. 

    -Тэр хоёрыг одоо шилжүүлчихсэн үү?

    -Сөүлд ирчихсэн байна. Элчин сайдын яам худлаа мэдээлэл өгөөд байна гээд л интернэтээр шүүмжилсэн байсан. Түр ирээд явсан бол бид тэр бүр яаж мэдэх юм бэ. Тэр хүмүүсийн хувийн эрхийн асуудал шүү дээ. Мэдээж бид иргэдийнхээ тухай бодит мэдээлэлтэй байгаа. Дундуур нь ингэж үймүүлэх юм их гарах юм. Тэр улсууд чинь оршин суух статустай иргэд шүү дээ. Тэндээ бүртгэлтэй. Тэндээ л байгаа. Шилжүүлэг хийлгэх хүсэлт тавьбал бид шийдвэрлэж өгнө. 

    -Солонгос эрчүүдтэй гэрлэсэн эмэгтэйчүүдийн асуудал их анхаарал татдаг. Саяхан нутаг нэгтнээ хамгаалж байгаад нэг монгол охин амь насаа алдсан хэрэг гарлаа. Эрх нь зөрчигдөж байгаа эмэгтэйчүүд танай яаманд ер нь хэр их ханддаг юм бол?

    -Судлаад үзэхэд зуучлалын шугамаар солонгос иргэнтэй гэр бүл болсон эмэгтэйчүүдийн хувьд хохирох, эрх нь зөрчигдөх явдал бол гардаг. Мэр сэр. Бүгд биш шүү дээ. Зуучлалаар гэж яагаад онцолж байна гэхээр ихэнхдээ хань болох хүмүүсээ танихгүй ороод ирдэг. Хэдийгээр тодорхой танилцах хугацааг гаргаж өгдөг боловч тэр нь хангалтгүй л байдаг. Цаад хүнээ таньж мэдрээгүй ханилчихсан. Тэгээд сүүлд нь таарч тохирохгүй асуудал гардаг. Гэхдээ бүгд тийм биш. Зарим эрчүүд нь бол үнэхээр дутагдалтай л даа. Зодож танхайрдаг. Дарамталдаг. Ийм тохиолдолд бол бид хатуу ярьдаг. Хатуу ярихаас өөр арга байдаггүй. Бусад тохиолдолд бол бидний хамаарал хязгаарлагдмал шүү дээ. Хадмууд нь мөнгө өгөхгүй байна. Ажил хийлгэхгүй дарамтлаад байна энэ тэр гэхэд бид оролцох нь хэцүү. Яагаад ингэж байгаа юм бэ гээд ярихаар бараг бид эргээд буруудах гээд байдаг. Ер нь та нар яагаад манай асуудалд оролцоод байгаа юм гэх маягийн яриа хөөрөө үүснэ. (инээв) 

    - Амиа алдсан охины оршуулгын ёслолд таныг оролцож байна гэж сонссон ?

    -Үнэхээр харамсалтай явдал болсон. Нутаг нэгт монгол охиноо нөхрөөс нь өмгөөлж байгаад амь насаа алдсан. Удахгүй шүүх хурал нь болно. Гэр орныхныг нь оролцуулахаар хөөцөлдөж байгаа. 

    -Гэмт хэрэгтэнтэй нь амьдарч байсан монгол охины тухай мэдээлэл байхгүй байна. Сүмд нуугдан амьдарч байгаа гэсэн, үнэн үү?

    -Би хувь хүний талаар мэдээлэл өгөх эрх байхгүй. Бид нар мэдэж байгаа. холбоотой байгаа. Нууж хааж байгаа юм биш шүү. Өөрөө хүсээгүй тохиолдолд мэдээлэл өгөх боломжгүй юм. 

    -Таныг өмнө нь японд ажиллаж байсныг мэднэ. Дипломат албатай хувь заяагаа холбоод хэдэн жил болж байна. Хаана боловсрол эзэмшсэн, хаана хаана ажиллаж байсан намтартай хүн бэ гээд нэлээн дэлгэрэнгүй сонирхвол болох уу?

    -Боловсролын тухайд гэвэл Москвагийн Их сургууль төгссөн. Сургууль төгссөнөөсөө хойш  төрийн албанд ажиллаж байгаа. Дунд нь нэг хэсэг хугацаанд хувийн секторт ажилласан. Яг гадаадад алба хашч эхэлсэн гэвэл 1981 оноос хойш л доо. 29 жил ажиллаж байна. Энэ хугацаанд голчлон иргэдийн асуудлыг л хариуцаж ажилласан. Тэгэхээр иргэдийн асуудал бол миний амьдралын нэг хэсэг болсон гэсэн үг юм даа. Би их дэлгэрэнгүй хариулчих шиг боллоо. 

    -Солонгос хэл хэр сурч байна ?  

    -Ойр зуураа аргална. (инээв)

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан