Сэрсэн тал ба Атрын III аян

    Аяны зам Баруун хараагаас хальж, цаашаа Номгоны сангийн аж ахуй руу хөлгийн жолоо заллаа. Номгон бол тариалангийн жишиг бүсэд тооцогддог газар юм байна. Бүх юм нь ном журмын дагуу хийгддэг, түүнийхээ үр шимийг ч хангалттай хүртдэг гэж товчхон дүгнэж болно. Номгончууд мөнөөх налсан тариа өргөдөг иш төмөр, морозовын хошуу гээч хоёр матигар төмрийг үйлдвэрлээд эхлэжээ. Гар аргаар урласан тэрхүү „зэвсгээр” хүч нэмсэн комбайнаар анхны туршилтын хураалт хийхийг ХХААХҮЯ-ны сайд очиж үзээд тоос манарсан тариан талбайд комбайн дагаж өөрийн эрхгүй гүйсэн тухай нь тариаланчид  сэтгэл догдлон ярьж байна. Ширдэг шиг зулчихсан тариаг сэв хийтэл өргөж ирэн хурааж байхыг харах үнэхээр бахархалтай байсан байх. Жунай сайд сэтгэлийн хөдлөлөө баргийн юманд тавьж туухгүй, дуу цөөтэй, үг цөөтэй, доторх нь барагтай харагддаггүй хүн. Тэр өдөр тариан талбайд бараа бологчдоо хаячихаад комбайн дагаад гүйчихсэн нь хүмүүст сонирхолтой харагдсан хэрэг. Надад ч гэсэн энэ явдал „хөөрхөн” санагдсан. Баргар царайлан санааширч зогссон сайдыг бас Хөтөлийн цементийн үйлдвэрт иш өргөгч үйлдвэрлэж эхэлсэн тухай мэдээ инээлгэсэн гэсэн.   
    Хэдийгээр саяын гамшгаар 160 гаруй мянган га үр тариа, хүнсний ногооны 50 орчим хувь цасанд даруулсан ч тариаланчид энэ зэргийн дайрлаганд ганхаагүй байна. Болгоно, бүтээнэ, бидэнд үүнээс ч илүү хүнд хэцүү он жилүүд байсан. Хамаг талбай эзгүйрч, газар тариалан нэлэнхүйдээ зогсч байсан цаг саяхан шүү дээ гэж тэд ярьцгааж байна. 
    МҮОНРТ-ын сэтгүүлч Эрдэнэбулган, зураглаач Өлзийбаяр, яамны мэргэжилтэн Одонхүү нарын хамт зам нэгтгэн сайдын араас гарлаа. Учир нь гамшгийн дараа тодорхой бүс нутгуудаар орж тариаланчдаа эргэж газар дээр нь бодит байдалтай танилцах, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, өвөлжилтийн бэлтгэл ажил ямар шатандаа явааг судлах зорилгоор сайд Т.Бадамжунай засгийн газрыг төлөөлөн хөдөө ажиллаж яваа юм. 
    Сайдын машиныг бид Эрдэнэтэд гүйцэж очлоо. Жингэсэн жихүүн өглөө хар куртка өмсөж, саравчтай малгай тавьсан сайд яаруухан мэнд мэдээд аян замдаа гарлаа. Булганы Хөдөө аж ахуйн газар шинэ байранд төвхнөжээ. Газрын дарга Гантулга сайдад ажил байдлаа танилцуулж байгаагаас үзэхүйд Булган саяны гамшгаас холуур өнгөрсөн бололтой. Ажил нь сайн байгаа газрын ам нь бардам байдаг гэдгийг тэднийхэн харуулж байна. Булганы Хутаг-Өндөр, Тэшиг, Сэлэнгэ сумдаар орж тариаланчидтай уулзлаа. Тэнд ёстой тариан талбай шаргиж, тариаланч олон шуугилдаж, машин техник давхилдаж, товчхондоо амьдрал буцалж байна. Манай амнаасаа үг унагадаггүй сайд буцахдаа  „Булганыхан ч бужигнаж байнаа” гэж дуу алдаад авсан. Магтаж байгаа нь бололтой. 
    Зуны ган, өвлийн зуднаар хэдэн жил дараалан нэрвэгдсэн хөдөө нутгаар зургийн аппарат, дуу хураагуур хоёроо цүнхэлж үүрчихээд бишгүй л явж байлаа. Хүмүүсийнх нь зовхи буучихсан, малаа алдаж модоо барьчихсан мөн ч бэрх нөхцөл байдалтай нүүр тулдагсан. Малаа барж хотоо харлуулчихаад хар цайтай хэнгэнэтэл уйлж байсан малчин айлаар ороод буцахдаа таг дуугүй зам ширтэн явж байсан хөгийн үе санаанд орж ирнэ. Монгол саяхан тийм байсан. Өнөөдөр тэр  байдал эрс өөрчлөгджээ. Бид болохгүй бүтэхгүй юмны тухай дуу дуугаа аван хашгирдаг. Бараг л амны билгээ бартал муу мэдээ цацаж, муу үг дуулдаг атлаа сайн сайхан юмны талаар дугарахдаа хойрго ч юм шиг санагдана. 
    Манай Булганыхныг „Булганыхан будлиантай, будаан дээрээ зодоонтой” гэж шоглодог. Одоо бол Булганд  будлиан ч алга, зодоон ч алга. Будаа бол харин байна аа. 
    Албаны хэлээр бол Булган ургацын балансаар үр тариа 25047 га талбайгаас 40795.6 тн буюу нэгжээс 16 цн, төмс 875.5 га талбайгаас 8764.4 тн буюу нэгжээс 100.7 цн, хүнсний ногоо га-аас 2743 тн ургац авах баланстай байна. Балансаар тогтоогдсон ургацаас үрэнд 5100 тн, улсын үрийн нөөцөнд 3500 тн, дотоодын гурилын үйлдвэрүүдэд 7000 гаруй тн-ыг тушаахаар урьдчилсан тооцоо хийжээ. Аймгийн хэмжээгээр нийтдээ 874 га талбайн ургац мөндөрт нэрвэгдсэнийг эс тооцвол ажил амьдрал нь өөдрөг сайхан байна. 
    Хутаг-Өндөр сумын Хонгор толгой багийн нутаг дэвсгэр дээр „А жет” ХХК өөрийн хөрөнгөөр хоногт 45 тн гурил үйлдвэрлэх хүчин чадалтай орчин үеийн гурилын үйлдвэр байгуулжээ. 400 гаруй сая төгрөгийн өртгөөр боссон уг үйлдвэр бүс нутгаа гурилаар хангахаар ажиллаж байна. Тус компанийн захирал Н.Батсуурь тэндэхийн хамгийн том тариалангийн талбайг эзэмшдэг. Газар тариалангийн бизнесээс гадна аялал жуулчлалын томоохон баазуудыг байгуулсан, бараг бүтэн багаар нь ажлын байр олгож нутгийн иргэдийнхээ амьдрал ахуйд бодьтой хувь нэмрээ оруулж явааг нь иргэд бахархан ярьж байна. 
    Тэшигийн тариаланчидтай уулзахаар сайд тэндэхийнхний шүтээн Буурал аав хэмээх газар луу зорьсон юм. Тариаланчид сайдаа элдэв гомдол, гуйлтаар булсангүй. Тэд шатахууны нөат-ын албан татвар Сэлэнгэ зэрэг зарим аймагт хөнгөлөлттэй зохицуулалт үйлчлээд бидэнд болохоор хэт хатуу байр суурьтай байна. Үүнийг төр засгийн зүгээс харж хандаж өгөх боломж юу байна вэ гэж асууснаас гадна тариалангаа малаас хамгаалах гэж хэрхэн зүдэрдгээ ярьж, хуулийн зохицуулалт хүсч байв.
    Ингээд Тэшиг сумын „Шинэ амжилт” ХХК”ны захирал П.Цэрэнбатын ярианд анхаарлыг тань хандуулъя.
    П.Цэрэнбат: Газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжсэн төрийн бодлого  үр өгөөжөө өгч байна
    -Монгол орон даяар ургац хураалтын ажил ид явагдаж байна. Тариалангийн бүс нутгуудаар явж байхад атрын III аяныг зарласнаар үнэхээр тал нутгийг сэрээсэн нь мэдрэгдэж байна. Азаар саяны гамшиг танайхнаас холуур өнгөрчээ. Мэдээж амжилт арвин, сэтгэл өндөр байгаа байх?
    -Атрын III аян эхэлснээр газар тариалангийн үйлдвэрлэл үнэхээр сэргэсэн. Урьдийн хүнд үеүд ямар байлаа даа. Бас хангай дэлхий ч хураа хайрлаж сайхан жил болж байна. Бид өнгөрсөн жил чамгүй сайхан ургац авсан. Энэ жил өнгөрсөн жилийнхээсээ ч ургац сайн байна. Манай компанийн хэмжээнд 1931 га эргэлтийн талбайтай. 1000 га газар тариалсан боловч 100 гаруй га газар мөндөрт нүдэгдсэн. Тэгээд яахав, 890 га-гаас энэ жил ургацаа хураана даа. Одоогийн байдлаар хураалтаа эхлээд явж байна. 17 га-гаас дунджаар 26 цн байх шиг байна. Энэ төвшнөөс цаашдаа ч гэсэн нэг их буухгүй байх гэж бодож байна. Техникийн шинэчлэл, газрын боловсруулалт урьд үеэ бодоход сайжирч байна. ХХААХҮЯ-наас атрын III аяны хүрээнд өгсөн 150 трактор нэгийг авсан. Бас 12-21 гэдэг трактор бас нэгийг авсан. Бас боловсруулалтын техникүүд авсан.Техникийн хүчин чадал нэмэгдсэнтэй холбоотойгоор ажлын чанар ч сайжирч байна, авах ургацын хэмжээ ч нэмэгдэж байна. Газар тариалангийн үйлдвэрлэлд төр засгаас анхаарал тавьж, бодлогоор дэмжиж байгаа нь ил мэдэг бидний амьдралд үр дүнгээ өгч байна.  
    -Гамшиг гайгүй өнгөрсөн ч тогоруутай байлдах шинэ ажил гарч ирлээ гэж тариаланчид ярьж байсан. Танай энэ хавиар шувуудын дайрлага хэр байна?
    -Манай энд шувуудын гамшиг гайгүй. Харин малтай л хөөцөлдөх ажил зовоож байна даа. Өдрийн ихэнх цагийг малтай л хөөцөлдөж авч байгаа.  
    Зарим нь хашаа барьж үзсэн ч үр дүнгээ өгөхгүй байна. Хуулийн тодорхой зохицуулалт шаардлагатай болов уу. Өөр нэг хэлэх зүйл байна. Газар тариалангийн үйлдвэрлэл дээр нэмэгдсэн өртгийн албан татвар тооцож байгаа. Та мэдэж байгаа байх. Гэвч манай Булганы хувьд нөат тооцогдоод, Сэлэнгэ, Төв аймгууд дээр болохоор тооцогдохгүй байгаа. 
    -Яагаад тийм ялгавартай бодлого үйлчилж байгаа юм бол?
    -Тэрийг нь харин сайн мэдэхгүй байна. Сэлэнгэ, Төв аймгийн аж ахуйнууд одоогоор НӨАТ төлөхгүй байгаа. Бид бол төлж эхлээд хоёр жил болж байна. Энэ жилийн хувьд төлнө гэхэд НӨАТ-аас хасагдах зардал газар тариалан дээр голчлон шатахуун байдаг байсан. Энэ жил улсаас шатахуун өгчихсөн учраас улсын шатахуунд НӨАТ-ын падаан өгөхгүй гэж НИК-ээс  асуудал тавьж байгаа. Энд жаахан хүндрэл байна. Уг нь тариаланчдын зөвөлгөөн дээр санал тавигдахад асуудал нь яригдаж байгаа гэж байсан. Одоо болтол шийдэгдээгүй байна. Энэ талаар хэвлэлийнхэн та нар маань хөндөж тавьж өгөөч ээ гэж хүсмээр байна. 
    -Тариаланч хүний жаргал гэж яг хэзээ илэрдэг, ямар мэдрэмж өгдөг зүйл юм бол?
    -Яг одоо ингээд хурааж байгаа ургацаа хараад тариан талбайд зогсч байх юм болов уу. Би тэгж л бодож байна. 25 цн ургац авч байна гэдэг өөрөө том үзүүлэлт. Энэ л таны асууж байгаа жаргалын маань нэг илэрхийлэл шүү дээ.   

    Тариаланчид иймэрхүү товчхон, цэгцтэй хүсэлт тавьж байна. Өөр гомдоллож, төрөөс хошуу цорвойх юм алга. Угаас тэдний зан чанар малчдынхаас тэс ондоо аж. Энэ ялгааны талаар „Малчид байнга л хэл ам таталж, элдэв юм шаардаж байдаг. Тариаланчид тэднээс өөр юм аа” гэсэн саваагүй асуулт сайдад тавьсан ч „Тийм биш. Малчдыг дандаа гонгинож байдаг улс гэж харж болохгүй” гэж манжилсан. Салбарын сайд хүн нэгийг нь нөгөөгөөс илүүд үзэж, ямар нэгэн ялгаа заагтай дүгнэлт унагаж нээрээ болохгүй байх л даа. 
    Булганы Сэлэнгэ сумынхан мөн л өнгөтэй, өөдрөг байна. Багийн төв дээр нь өглөө эртлэн алдарт „Ургацын далай” дуу хангинаж сэрээгээд л... Яг л социализм шиг байгаа биз. Тэр бригад тийм үзүүлэлттэй байна, энэ салааныхан ийм амжилттай байна гэх зэргээр өдрийн ажлын тайлан мэдээг сумын төвийн чанга яригчаар хангинуулаад л....Хамгийн гол нь хүмүүсийн сэтгэл зүйд энэ бүхэн гайхалтай нөлөөлж байгаа талаар засаг дарга Насандулам өгүүлсэн. Тэд хуучнаа санагалзах гэсэнгүй. Харин атар газар эзэмших анхны хөдөлгөөний үеэс хүмүүсийн сэтгэлийн галыг асаасан тэр үеийн дуу хуур, дурсамжыг нь л сэргээх гэсэн бололтой. 
    Атрын III аян монголын тал нутгийг сэрээжээ. Хатаж хагасран унтаж байсан тариан талбай амь орж, амьдрал ханхлуулж эхэлсэн байна. Тариаланчид төрөөс ахиад жаахан л дэмжлэг авчихвал цаашид алзахгүй гэцгээж байна. Энэ үгнээс нь ч итгэл найдварын гал улалзаж байна. 
    Тариан талбай дундуур зурайж гарсан комбайны мөрөөр алхаж явна. Яг шав шар тэнгисийн дунд хөвж явах шиг. Амьдрал үнэхээр сайхан юм аа...Амуу тарианы шаргиа яг найрал хөгжим шиг....Ийм тансаг мэдрэмжийн хаагуур нь би явсан юм бол оо....

Сэтгэгдэлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан