МУИС-ийн Инженер Технологийн сургуулийн “Хүрээлэн буй орчин ойн инжнерчлэлийн тэнхим”-ийн зөвлөх багш доктор, дэд профессор Б.Цэнгэлтэй ярилцлаа. Амьдралынхаа ихэнх жилүүдийг модтой харьцаж өнгөрөөсөн тэрээр ногоон байгууламж гэж юу вэ гэх асуултад хариулахаас гадна мод тарина гэдэг өөрийн гэсэн стандарттай, мөн хүн бүрт экологийн анхан шатны боловсрол дутагдаж буйг илүүтэй онцоллоо. 

-Оюутнууд таныг “ой судлал”-ын хичээл ордог Б.Цэнгэл багш гэдгээр андахгүй таньж байна билээ. Та их алдартай багш уу?

-Би өдөр бүр зурагтаар гардаг, дуучин, жүжигчин биш юуных нь алдартай хүн байх вэ дээ. \Инээв\  Багш гэдэг нэр өөрөө их буянтай алдар хүнд л дээ. Хүссэн хүн бүр хүртээд байдаггүй юм. Оюутнууд “багш аа” гээд араас дуудан гүйсээр ирэхэд сэтгэл их дүүрэн болдог. Амьдрах гээд, амьдралын амтыг мэдрэхийн төлөө яваа энэ хүүхдүүдэд миний заах хичээл хэрэгтэй гэж бодохоор ямар сайхан байдаг гэж санана. Би өнөөдрийг хүртэл нийтдээ 36 жил МУИС-ийн “Ой судлалын тэнхим”-д багшаар ажиллаж байна. Цаг хугацаа их хурдан юм. Яг одоогоор бол зөвлөх багшаар ажиллаж байгаа. Оюутнуудаасаа холдох цаг ойртоод л байна. Энэ сайхан “багш” гэдэг нэрээр дуудуулж явсан болохоор харамсах юм алга аа. Мөн би МУИС гэсэн энэ том ордон, сайхан мэргэжлийнхээ хүчээр магистр, доктор, дэд профессор хамгааллаа. Энэ хугацаандаа Герман, Солонгос, Финланд, БНХАУ, Япон орнуудад судалгааны ажил хийгээд явж байлаа. Мэдээж гадаад улс оронд би Батхишигийн Цэнгэл гэхгүй шүү дээ. Эхлээд “МУИС-ийг төлөөлж явна аа” хэмээн хэлж өөрийгөө танилцуулдаг. Нэг ёсондоо энэ сайхан сургуулийнхаа нэрээр овоглож явлаа. Үүндээ ч гэсэн баярлаж, талархаж явдаг даа.

-Та энэ урт хугацаанд их олон зүйлийг хийж бүтээсэн...

-Хүн өөрийгөө үнэлж, дүгнэнэ гэдэг харьцангуй ойлголт шүү дээ. Гэхдээ асуултад хариулъя. Би 89 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, оюутнуудад зориулсан таван сурах бичиг бүтээсэн байна. 29 магистр, хоёр доктор, 30 бакалаврын ажлыг удирдсан. Хүн ер нь амьдралынхаа хугацаанд гурван буян үйлдэх ёстой байдаг гэдэг шүү дээ. Үр хүүхэд төрүүлж өсгөх, ном бичих, мод тарих гурав биз дээ. Өөрийгөө бол энэ гурван үйлийг гүйцэтгэчихсэн хүн л гэж бодож явдаг даа.

-Мод тарих бол агаарын бохирдлын эсрэг хагийн дорвитой арга хэмжээнүүдийн нэг мөн үү?

-Яах вэ, тэгж хэлж болно л доо. Агаарын бохирдлыг бий болгодог маш олон хүчин зүйлс бий. Манай орны хувьд аваад үзэх юм бол тоос шороо, чимээ, шуугиан, авто машины утаа, үйлдвэр, станцуудын утаа, гэр хорооллын галлагаатай холбоотой агаарын бохирдлуудыг нэрлэж болно. Эдгээр бохирдлыг багасгах хамгийн гол арга замуудын нэг нь мод тарих  юм шүү дээ. Бид л ойшоодоггүй болохоос мод хүний амьдралын маш чухал хэрэгцээнүүдийн нэгийг хангадаг. Мод гэдэг чинь дотроо маш олон янз байдаг. Шилмүүст, навчит, олон төрлийн сөөг.

-Ногоон байгууламж гэдэг хэдэн ширхэг мод тариад л бий болчих зүйл биш гэдгийг бүгд мэднэ. Үүнийг бий болгоход хамгийн чухал зүйл нь юу вэ?

-Хотын ногоон байгууламжид ямар мод тарих вэ гэдэг өөрөө их чухал асуудал л даа. Мод бүхэн өөрийн экологи, биологийн онцлогтой. Ногоон байгууламжийн стандарт гэж нэг зүйл бий. Хотын гудамжинд зүгээр л эгнүүлээд мод тарихыг бол хэлээгүй юм шүү. Ногоон байгууламжийн газрыг гурав ангилна. Нийтийн эзэмшлийн газар, хязгаарлагдмал газар, тусгай зориулалтын газар. Нийтийн эзэмшлийн газарт яаж ногоон байгууламжийг бий болгох вэ гэдэг чинь өөрөө тодорхой стандарттай. Үүний дагуу л явах ёстой. Ямар хэмжээ, өндөртэй, ямар зүйлийн модыг авчрах вэ гэдгээс л эхэлнэ дээ. Эхний ээлжид бол навчит, шилмүүст мод тарих нь зөв юм. Үүнд ямар модод орох вэ гэвэл улиас, улиангар, шинэс, гацуур, нарс зэрэг орно. Уулнаас авчраад  тарихаас  илүүтэй мод үржүүлгийн газарт үрээр тарьж ургуулсан стандартын модыг авчирч тарих ёстой. Ингэж байж л зөв гольдиролд орно. Мөн ямар байгууллага, цэцэрлэгийн үүдийг тохижуулах гэж байгаа вэ гэдгээсээ хамаараад бүгд өөр өөрийн гэсэн шийдэлтэй байдаг. Хамгийн наад зах нь гэхэд сургууль, цэцэрлэгийн гадаа бол өргөстэй мод тарьж болохгүй. Эндээс эхлээд л яагаад бид стандарт мөрдөх ёстой вэ гэдэг асуултын хариулт гараад ирж байгаа биз. 

-Ногоон байгууламжийн орчныг бүтээхэд ганцхан мод орохгүй. Үүнээс гадна өөр, өөр хүчин байдаг. Энэ тухай яривал?

-Мэдээж. Мод тарихаас гадна зүлэгжүүлнэ, цэцэрлэгжүүлнэ, дизайн, ландшафтын хэлбэрт оруулах, усан оргилуур, амрах сандал гэх мэт хүний алжаалыг тайлж, таашаал өгөх цогц орчныг бий болгож байж л ногоон байгууламжийн төгс төгөлдөр хэлбэр гарч ирнэ. Түүнээс биш мод бүхэн сайн, маш их хүчилтөрөгчийг ялгаруулж, нүүрсхүчлийн хийг шингээдэг  гэнэ ээ гээд л янз бүрийн мод авчраад тарих нь чухал биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Эхлээд шилмүүст модоо тарилаа. Дараагаар нь навчист, сөөг модоо тарьж өгнө. Сөөг тарихдаа зүгээр л нэг шар хуайс, хайлаас тарих нь чухал биш. Гоё цэцэглэдэг, үнэртэй, хүмүүст таашаал өгөх моддыг сонгох хэрэгтэй. Гэхдээ замын хашлага маягаар хайлаас, шар хуайсыг тарьж болно. Хамгийн гол нь эдгээр моддыг ямар хэлбэртэй тарих вэ гэдэг нь бас нэг асуудал.

Модыг суулгачих л юм бол өөрөө ургачихна гэвэл эндүүрэл шүү. Хамгийн чухал нь арчилгаа. Нэгдүгээрт услах, хоёрдугаарт модоо хэлбэржүүлэх, гуравдугаарт модондоо шуулт хийж өгөх хэрэгтэй. 

-Ийм цогц арчилгааг хийж байж эрүүл, зөв хэлбэртэй ургана гэсэн үг үү?

-Тэгэлгүй яах вэ. Яг л жаахан хүүхэд шиг асарч, халамжлах хэрэг гарч ирж байгаа биз. Тарьсан модоо өөрийн хүүхдээ гэж бодож, арчилж байгаарай гэж би оюутнууддаа хэлдэг юм. Хүн хүүхдээ хайрлаж өсгөдөг шиг яагаад модыг хайрлаж ургуулж болохгүй гэж, тэ. Мод амьтай. Биднийг ямар хандлага гаргаж байгааг шууд мэдэрнэ. Би насаараа модтой харьцаж явсан хүн учраас мэдэж байгаа юм. Модыг хайрлах тусам сайхан ургадаг.

-Ер нь монголчуудын экологийн боловсрол хэр вэ. Та багш хүний хувьд энэ талаар судалж байсан болов уу?

-Хүмүүсийг хашаандаа мод тариач ээ гээд л байдаг. Яг үнэндээ ногоон байгууламжийн тухай анхан шатны мэдлэггүй хүмүүс хаанаас нь яаж эхлэхээ мэдэхгүй байгаа шүү дээ.  Тиймээс эхлээд хүмүүст ногоон байгууламжийн тухай анхан шатны ойлголт өгөх хэрэгтэй.  Бүр багаас  нь өгвөл их зүгээр. Цэцэрлэгийн наснаас нь л мод гэдэг зүйл ийм ач тустай гэдэг талаар жаахан, жаахан мэдлэг өгөөд явахад болох шүү дээ. Энэ тийм хүнд ажил биш л дээ. Хүүхэд бол их сийрэг, ойлгоё, мэдье гэсэн сэтгэлтэй байдаг. Ердөө л навчит, шилмүүст модод нь навч, шилмүүснийхээ амсраар хотын утааг шүүж байдаг юм аа гэдэг бяцхан ойлголтыг өгчих хэрэгтэй. Энэ чинь л мод, сөөг, цэцэг навч тарих хүслийг нь бадраагаад өгнө л дөө. Тийм хэцүү ажил биш байгаа биз. Хүүхдүүд их адтай болохоор уралдаад л тарина даа.

-Ногоон байгууламжийн тухай мэдлэг олгох үйл ажиллагаа явагдаж байгаа юу?

-Тэгэлгүй яах вэ. Саяхан 1000 сургагч багш бэлтгэх үйл ажиллагаа болсон. Бид очоод хичээл заагаад явж байхдаа мод гэдэг чинь ийм учиртай, модыг ингэж тарьж ургуулна аа гээд л яг стандартынх нь дагуу сургалт явуулаад ирсэн. Энгийн хүмүүс бол мод гэж юу юм, үрээ хаанаас түүх, яаж үрлэдгийг нь мэдэхгүй байгаа шүү дээ. Тиймээс анхан шатных нь ойлголтыг өгөхөд л аягүй хөөрхөн болоод ирдэг байхгүй юу. Мэргэжлийн хүнээс заавар, зөвлөгөө аваагүй хүмүүсийг шууд мод тарь гэдэг чинь буруу л даа. Нүдээ боож байгаад нум сум харвахаас ялгаа юу байна. Тэр хүн онох уу, онохгүй шүү дээ. Тэгэхээр бодох л хэрэгтэй.

-Мод тарьж, ургуулж, арчлахаас илүү хогны асуудал дээрээ төвлөрөөд байдаг...

-Тиймэрхүү зүйл бол анзаарагддаг. Дээхэн үед янз бүрийн хурал цуглаанд сууж байхад ерөөсөө ногоон байгууламжийн асуудлыг биш хогны асуудлыг ярьсаар байгаад дуусдаг байлаа. Арга ч үгүй биз дээ. Гэхдээ бид хогоо цэвэрлэсээр байгаад дэргэдэх мод, сөөгөө услах, арчлах, бордох ажлуудыг орхиж болохгүй. Үүнийгээ л зөв гольдролд нь оруулахгүй бол манай хотын ногоон байгууламжийн өнгө үзэмж цаашдаа сайжрахгүй ээ. Манай хотын ногоон байгууламж харахад их бараан өнгөтэй байгаа биз. Тарьсан модоо ерөөсөө арчилж, сайхан ургаж, цэцэглэх боломжийг бий болгодоггүй учраас л тэр.

-Мод тарихдаа анхаарах чухал зүйлсийн нэг бол хөрс байдаг. Манай хот хөрсний бохирдол ихтэй юу?

-Улаанбаатар хот маш их хөрсний бохирдолтой. Жил бүр мод тариад үхүүлчхээр шимт хөрсүүд нь алга болчихдог юм л даа. Тиймээс шинээр хөрс бий болгож байж тарих хэрэгтэй байхгүй юу. Зүлэгжүүлэхдээ талбайгаа сайхан гишгэж хагалаад шинээр хөрс бэлдэж байж тарих хэрэгтэй. Гэтэл хотын гудамжинд мод тарихад гэр хорооллын бохирдол ямар байгаа билээ. Бороо орно, үер болно, тийм үү. Хөрсний доогуур ямар их бохирдолтой ус урсан орж байгаа билээ. Энэ бүхнээс үндэслээд хөрсийг маш сайн шинэчлэх хэрэгтэй. Ингэж байж л мод, сөөг ургана. Түүнээс биш хуучин нүхийг нь ухаад мод тариад байх юм бол тэр мод хэзээ ч сайхан ургахгүй. 

 -Ямар зүйлийн модыг хаана тарихаас шалтгаалж үр шим нь илүү өгөөжтэй байдаг уу?

-Хэрэв зам дагуу мод тарьж байгаа бол хоёр, гурван эгнээ тарих ёстой байдаг байхгүй юу. Нэг эгнээ мод тариад л боллоо гэж үзвэл тэр чинь дуу чимээ, тоос шороог багасгахгүй ээ. Ямар модыг сонгож хаана тарих уу, өндрийг нь хаана байрлуулах вэ гэдэгт хүртэл стандарт бий. Ер нь бол шатарчилсан маягаар нягт сийрэг тарьж өгөх ёстой. Энэ нь нэгт дуу чимээг багасгана, тоос шороог шингээнэ, дээр нь үзэмжит байдал нэмэгдэнэ. Хоёрдугаарт манайханд улирлаасаа хамаараад усалгааны асуудал их чухал байгаа юм л даа. Уг нь бол бохир усаа цэвэршүүлээд түүгээрээ модоо услаад, усан оргилуур бий болгоод хаа сайгүй чийг өгч байх юм бол зүгээр л дээ. Мод тарилаа усаллаа, орхилоо. Ерөөсөө шинэ мод авчраад тарьж байгаа тохиолдолд бол  эхний сард хангалттай услах хэрэгтэй. Тэгж байж сая үндэсний систем, хөрс хоёр нь бэхжиж үндсээрээ шим тэжээлийн бодисоо аваад ишээрээ титэм рүүгээ дамжуулж мод маань ургана аа. 

 -Манай хотын хүмүүсийн хамгийн дургуй мод улиас болоод байна...

-Тийм ээ. Сүүлийн үед улиас гэдэг модыг бага тарих асуудал гарч ирээд байгаа шүү дээ. Яагаад гэвэл социализмын үед тарьсан энэ мод чинь цагаан хөвөн хаяад л хүмүүсийн дургүйг жигтэйхэн хүргээд байхгүй юу. \Инээв\ Энэ нь үрээ хаяж байна гэсэн үг шүү дээ. Эм улиаснаас үр цацаад байгаа юм. Эр улиасыг нь тариад өгчих юм бол цагаан хөвөн хаяхгүй. Сүүлийн үед эр улиаснаас мөчир бэлдээд мод үржүүлгийн газарт тарьж ойжуулаад ногоон байгууламжид шилжүүлж байгаа. Тэгээд эр, эм дээр нь тэмдэглэгээ хийгээд судалгааны ажил явуулж байна. Тэр улиасыг 60, 70 нас хүрэхээс нь өмнө буюу залуу байхад нь хэлбэржүүлэлт болон тайралт, таналт хийгээд байх юм бол үр хаялт нь бага байдаг.

-Та уншигчдада хандаж юу гэж хэлмээр байна вэ. Төгсгөлийн асуултыг танд үлдээе...

-За тэгье. Би ер нь хичээл орохдоо лекцэн дээр ч оюутнууддаа залхтал нь хэлдэг л дээ. \Инээв\ Гэхдээ би 150 хүүхэд бүрт тулж ажиллана гэдэг худлаа. Их сургуулийн багш бол чиглүүлэгч хүн шүү дээ. Багш нь та нарт ямар байгааг сайн ойлгож байна аа. Юм бүхний эхлэл нь үргэлж хэцүү байдаг. Тэр үеийг л давчих юм бол болоод явчихна даа. Өглөө босох хэцүү. Лекц нойр хүрмээр уйтгартай нь ч үнэн шүү дээ. Гэхдээ бүх юм гоё, амархан байх аваас  үнэ цэнгүй болчихно. Үүнийг л миний хүүхдүүд ойлгох хэрэгтэй. Хүн болж төрсөн бол хүний дайтай сайхан амьдрах хэрэгтэй биз дээ. Сайхан амьдрал амар хялбараар хэзээ ч олдохгүй. Чиний ирээдүй чиний гарт л бий шүү. Ингэж л хэлье дээ.


Ярилцсан | Х.Наранжаргал

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
А.Даваадулам

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав